Categories
мэдээ улс-төр

Ирэх онд хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд 6.9 их наяд төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д  өргөн мэдүүллээ.

2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэжээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буй аж. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.

Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзэж байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Маргааш буюу энэ сарын 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 2, 3-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мягмар гараг буюу энэ сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, энэ сарын 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

1.06 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолоод байна DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний найман сард 28 сая ам долларын үнийн дүнтэй 1.06 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолжээ. Үүний 50.3 хувийг БНХАУ, 34.3 хувийг нь Малайз улсаас тус тус импортолсон байна. Тухайлбал

– БНХАУ 533.4 мянга буюу 50.3%

– Малайз 364.0 мянга буюу 34.3%

– ОХУ 91.6 мянга буюу 8.6%

– Польш 47.0 мянга буюу 4.4%

– БНСУ 13.9 мянга буюу 1.3%

– Бусад улс 10.6 мянга буюу 1.0% хувийг нь импортоор авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн орон нутгийн автомашин нийслэлд 48 цагаас хэтэрвэл хоногт 5000 төгрөг төлнө DNN.mn

Есдүгээр сараас 1-нээс буюу өнөөдрөөс орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Дараах замуудыг хааж засварлаж байна DNN.mn

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн  есдүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчлэх аж. Мөн Хан-Уул дүүрэгт, Богд уулын арын авто зам буюу Буган халиуны уулзвараас, Маршлын гүүр хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас, есдүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлах юм байна.
Сүхбаатар дүүрэгт, 16 дугаар сургууль орчмын авто замын ус тогтдог байршилд борооны ус зайлуулах шугамын ажлыг  наймдугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас есдүгээр сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх ажээ. Тиймээс дээрх хугацаанд автомашинаар замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг, бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.
Categories
мэдээ цаг-үе

Он дуусахаас өмнө 29 цэцэрлэг, 25 сургууль ашиглалтад орно DNN.mn

Боловсролын салбарт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба долдугаар сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан байна. Улмаар цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдээд байна.

Цаашид 2024 оны наймдугаар сард 5, есдүгээр сард 15, аравдугаар сард 5, арванхоёрдугаар сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.

Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас сургуулийн бүх автобус үйлчилгээнд гарна DNN.mn

Хичээлийн жил эхэлж, сурагчид сургуульдаа явж эхэлсэн ч жил бүрийн намар сургуулийн автобусны засвар дуусаагүй, эвдрэлтэй байгаа шалтгаанаар тал нь л үйлчилгээнд гардаг. Тэгвэл энэ жил ийм асуудал үүсэхгүй гэлээ. Тодруулбал, ирэх Даваа гаригаас сургуулийн бүх автобус бүгд үйлчилгээнд гарна гэв.

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Ирэх жилээс сургуулийн автобусны тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор шийдвэр албажаагүй байна. Энэ хичээлийн жилд улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Сургуулийн автобусны чиглэл болоод дэлгэрэнгүй мэдээллийг Нийтийн тээврийн газар болон харьяа сургуулиасаа авах боломжтой.
Categories
мэдээ цаг-үе

Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнахыг зөвшөөрчээ DNN.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2021 онд, Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон байдаг. Тэгвэл уг хориг энэ онд дуусаж буй. Хорионы хугацаа  дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан, тарваганы агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар  сард баталсан байна.

 Уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрчээ.

 Тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой болох юм байна. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлэх юм.
Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнахыг зөвшөөрдөг байна. Тэгвэл агнасан тарваганы түүхий мах, нойтон арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.
Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийснээс 443,3 км2 буюу 28,3% нь тахлын голомттой нь тогтоогджээ. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78 суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 21 хувьд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс, нийт нутгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ. Ингэхдээ, тухайн нутгийн тус жилд ургасан бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэргийг үндэслэн гаргадаг аж. 2024-2025 оны хувьд, бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй гэж гарчээ. Тодруулбал, нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 21 хувь нь бэлчээрийн даац гурав дахин нэмэгдсэн гэж гарсан бол нийт нутгийн 4 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин нэмэгдсэн байгаа ажээ. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар даац хэтэрч гарчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч /улаан/ гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байгаа аж.
Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч /улбар шар/ гарсан байна.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэдэг. Энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог тул,
ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан дээрх аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгон шинэчилнэ DNN.mn

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг.

Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлээд байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж авто замыг өргөтгөх нөхцөлөөр хангаж өгсөн. Газар чөлөөлөлт энэ сарын 22-ний өдөр эхэлсэн бөгөөд одоогоор шугам сүлжээг шилжүүлж байна” гэлээ.

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 байршилд авто замыг 18.2 км авто замыг шинэчлээд байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС