Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн: Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм DNN.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Монголын Үндэсний Радиогийн 90 жилийн ой тохиож байна. Та анх Монголын радиод орж ажилласан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний Монголын үндэсний радиод орсон шалтгаан бол би цаг уурын мэргэжлийн хүн байсантай холбоотой. Цаг уур дотроо олон янз. Сенотикч буюу цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаад үйлдвэрлэлд явуулдаг мэргэжил юм. Нийтлэг ард түмэн цаг агаарын прогноз гаргадаг гээд ойлгочихдог. Би яг энэ чиглэлийн инженер.

Их сургууль төгсөөд цаг агаарын прогноз гаргадаг байхдаа аав, ээж хоёрыгоо боддог байсан. Үүнийг яаж тэдэнд ойлгомжтой хүргэх вэ. Тэр үед Гончигжавын Чулуунбат, Батмөнхийн Чулуунбат, Доржийн Билгээ гээд Монголын үндэсний радиогийн аварга нэвтрүүлэгчид байлаа.

Тэдэнд бид цаг уурын прогнозоо бичээд өгчихдөг. Тэд Улаанбаатараас ярьж байна гэдэг шиг тийм гоё хоолойгоор уншдаг. Тэр гоё хоолойгоор ярих нь чухал биш. Зүгээр хүн хоорондоо ярьж байгаа юм шиг байвал аав, ээж минь илүү ойлгоно доо гэсэн бодол төрсөөр энэ тухайгаа 1985 онд ХАА-н редакцийн дарга байсан Мятавын Цагаан ахад ярьсан юм. М.Цагаан гуай намайг гурван ч удаагийн радиогийн томилолтоор нөгөө алдарт бүдүүн хоолойт сэтгүүлч Базарын Цэдэндамба, Дүгэрийн Амбасэлмаа, мал аж ахуйн чиглэлээр хамгийн олон жил ажилласан сэтгүүлч П.Галсан нартай хамт явуулсан.

Аав, ээждээ ойлгомжтойхон шиг цаг агаарын прогнозоо хүргэх юм сан гэсэн бодол, мэргэжлийн сэтгүүлчдийг дагаж гурван хавар хөдөө томилолтоор явахад л аяндаа радиод татагдсан. Тэр гуравтай явсан нэвтрүүлгүүдийг редакторлосон М.Цагаан гуай “Наашаа хүрээд ир” гэсэн. Би 1990 оны аравдугаар сарын 1нд Цаг уурын хүрээлэнгээс гарч, радиод орсон. Хоёр дахь нь амьдралын шалтгаантай. Гэр бүлийн хүн бид хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг байлаа. Тэр үед орон сууцтай болох УИХ-ын гишүүн болохоос хэцүү ажил байсан. Байгууллага бүрт орон сууцны оочерт нэр бичээстэй. Мөнгөөр худалдаж авдаггүй. Тухайн байгууллагад төрөөс орон сууцыг хуваарилдаг байв. Тэр үед МУСГЗ Мөнхийн Шийрэв гэж радиогийн захирал байсан хүн надад хоёр жилийн дараа байртай болгож өгнө гэж амласан юм. Гэхдээ би байрныхаа мөнгийг олж өгөөд байртай болсон. Яг тэр үед зах зээлд шилжсэнээр орон сууцыг хуваарилах бус мөнгөөр худалдаж авдаг зарчимд шилжсэн. М.Шийрэв дарга би чамд байр авч өгнө гээд авчирсан. Яаж мөнгө олох вэ гэлээ. Хамгийн мөнгөтэй газар нь Эрдэнэтийн “ГОК” байлаа. Миний дотны найз Ш.Отгонбилэг Эрдэнэтийн ГОКын захирлаар очсон байв. Эрхүүгийн Их сургуульд сурч байхдаа захидлаар танилцсан. Унаган багын найз маань танилцуулж байсан юм. Тэр найз дээрээ очиж үнэн учраа хэлсэн. Найз маань нэвтрүүлэг хийгээд өгчих, байр авч өгье гэсэн. “Эрдэнэтийн эрдэнэ” гэсэн цуврал 20 нэвтрүүлэг хийж өгөөд хоёр өрөө байртай болж байлаа. Би 2011 онд Монголын радиогоосоо тэтгэвэртээ гарсан. Одоо “Малчин” телевиздээ мөн 10 гаруй жил ажиллаж байна.

-Тантай хамт ажиллаж байсан эрхэм хүмүүсээ дурсвал?

-Мятавын Цагаан нь Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Аав нь улсын аварга малчин хүн байсан юм билээ. Үндсэн мэргэжил нь малын бага эмч. Радиод ХАА-н редакц гэж байсан. Түүний даргаар бурхан болтлоо ажилласан сэтгүүлчийн авьяастай хүн байлаа. Манай редакцид. алдарт Базарын Цэдэндамба, Д.Галсан, Дэлгэрийн Пэлдэн гээд домог болсон улсууд байлаа. Д.Пэлдэн гуай Хүүхэд залуучуудын редакцид байсан. Бямбажавын Хүрэлбаатар яруу найрагч, ЦэрэнжамцынДашдамба, Цэндийн Чимэддорж гээд бий. Манай Л.Мөнхтөр, Дан.Нямаа, санхүүч Д.Энхболд бид дөрөв үлдсэн байна. Жигжидийн Навч сүүлд орж ирсэн. Өндөр Баяраа гэгч нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан нь Завхан аймгийн Идэр сумын хүн. Үндсэн мэргэжил нь инженер. ХААн редакцид яг мэргэжлийн сэтгүүлч хүн бараг байгаагүй. Бүгд өөрийнхөө авьяасаар радиогийн сэтгүүлчийн хөдөлмөрт шамдсан. Тэр ч утгаараа амжилт бүтээл гаргасан хүмүүс юм.

-Зундуйн Дорж гуайтай таныг ойр дотно байсан гэж сонссон?

-З.Дорж ахтай би хамт ажиллаж байгаагүй. Ах уран зохиолын редакцид байсан. Бид ойр дотно байсан. Агуу авьяастай гайхамшигтай хүн байв. 1990 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмаар Сүрэнхорын хээр гэдэг гайхалтай хурдан азарга тасархай түрүүлсэн юм. Тэр орой нь автын осолд орж өнгөрсөн. Маргааш өглөө нь ажил цуглахад Ц.Дашдамба, би, Ц.Чимидорж бид гурав уйлалдан, бичгийн машин дээр нулимсаа гоожуулаад сууж байхад З.Дорж ах орж ирээд гараад явсан. Бид нэвтрүүлгээ хийгээд орой гартал З.Дорж ах тааралдаад ах нь юм хийнэ гээд л явсан. Маргааш нь мундаг том найраглал бичсэн байсан. Зөндөө ойр дотно хамт явсан. З.Дорж ахын “Нас тогтох сайхан” гээд шүлэг бий.

-Та түүнтэй нь адилханаар шүлэг бичсэн байдаг даа. Уран бүтээлийнх нь тоглолт дээр уншсан байдаг юм билээ?

-Уран бүтээлийн тоглолт дээрээ намайг дуудаж шүлгийг маань уншуулж байсан.Ш.Сүрэнжав ах бид ойрхон сууж байлаа. Намайг “Нас өтлөх сайхан”аа уншиж өг гэлээ. “Нас тогтох сайхан нь” өөрийнх нь шүлэг.

“Айлд уригдсан ч суудал доошлохгүй

Ах захын хүндлэлд өргөгдөөд

Агсам тавьсан ч хүн үнэмшихгүй

Алдар хүндийн мананд бүрхэгдээд нас ахих сайхан гэж” би “Нас өтлөх сайхан аа” адилхнаар бичиж байсан. Үеийнхнээсээ миний хамгийн ойр дотно явсан хүн бол Ч.Чимэддорж. Бид хоёулаа хүний ганц хүү. Сэтгэл их эмзэг. Байнга л хамт явдаг байлаа. Цэрэнжамын Дашдамба гэж гайхалтай сайхан авьяаслаг дэндүү сайхан сэтгэлтэй хүн байв. “Сумын заан” гээд шүлгээрээ алдаршсан Чимэдравдангийн Мягмарсүрэн гэж манай өрөөнд суудаг. Доржийн Гомбожовын шавь байлаа. Гайхамшигтай.

-Танд олон л хөгжилтэй зүйл тохиолдож байсан байх. Сүхбаатарын улсын аварга адуучныд очиж байсан түүхээ дурсвал?

-Базарын Цэдэндамба гуайтай хамт Дарьгангын алдарт адуучин шар Банди гэдэг айлд очсон юм. Хаврын хуйсагнуур дөрөвдүгээр сард л байсан. Б.Цэдэндамба, Шарбанди ах хоёр хуучин танил, найзууд тул дундаа нэг шил юм тавиад хуучиллаа. Тэр үед “R7” гэж байгаагүй. Том дөрвөлжин магнитофон буюу радиогийн дуу хураагч үүрч явдаг байсан. Түүнийгээ асаачихаад тэр хоёр хуучилж, шар Банди гуайн эхнэр ууцны тарган мах тогоон дээр үйсэн юм. Б.Цэдэндамба ах намайг “Шаагаа, миний хүү наадахаа унтраачих. Дараа нь матдаг золиг байгаа юм” гэсэн нь хамгийн инээдтэй нь. Яагаад гэхээр Б.Цэдэндамба ах өмнө нь хөдөө явж байгаад айлд буугаад, дуу хураагчаа асаагаад яриагаа аваад, нөгөө айл нь хүндэтгээд нэг шил юм гаргаад ууж суухдаа дуу хураагчаа унтраахаа мартсан байна лээ. Бүх яриа нь сайнтай муутайгаа хураагдчихсан. Томилолтоос ирээд монтажчинд хальсаа өгдөг байлаа. Монтажны хүн онцгүй байсан юм шиг байгаа юм. Б.Цэдэндамба гуай ингэж ярьсан гээд удирдлагад матчихсан. Тэгээд Радиогоос хөөгдөөд дараа нь буцаж орсон юм билээ. Энэ нь надад сануулга, сургамж болж, би ярилцлага аваад дуусахаараа шууд унтраадаг болсон.

Радиогийн хүн болоход гурван том хүн нөлөөлсөн. Галсан ах бол дэндүү хашир, хашрын хашир хүн. Айлд ороод ярилцлага аваад төгсгөлд нь за болно, та маш зөв ярилаа гэж хэлдэг, үүнийгээ нэвтрүүлгээсээ хасдаггүй байсан. Д.Амбасэлмаа эгч алдаа гаргана гэж байхгүй дээ. Би Д.Амбасэлмаа эгчид ганцхан удаа магтуулсан байдаг юм. Тэр жил Монголын зүүн хагаст нь их зудтай жил байсан. Төв аймгийн урд талаар явж байгаад Хэрлэн баян улаан ордог юм. Социализмын үед отрын бүс байлаа. “Хөх ам” гэдэг газар Төв аймгийн Баянцагааны нэг малчных байгаа гэж сонсоод очсон юм. Бүрэнхий болохоос өмнөхөн Д.Амбасэлмаа гуайг сугадаж аваад хамт явъя, хүйдсэн дээр хальтраад уначихна гэсэн чинь “Овоо ш дээ. Хүйдэс гэдэг нь тэс хөлдүү болсон үхрийн баасыг хэлдэг. Би чамайг чинь хүйдэс гэж мэддэггүй байх гэж бодсон” гэж намайг тоосон юм. Түүнээс хойш эгч, дүү шиг нөхөрлөж ирсэн дээ.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.09.08 / Ням гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 06.20-19.19
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 9 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:20-19:19. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр  Франц улсын “ПОМА” групп ажиллаж буй. Тодруулбал, Яармагийн Арцатын амнаас Сонгино хайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулан 98 кабин бүхий дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Эхлэл төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж, нарийвчилсан зураг дизайныг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч Пома групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлээд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим  автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэд тэр дундаа Баянгол дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэнэ. Тиймээс “Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгой дугаараар зорчуулах санал хураалт маргааш хаагдана DNN.mn

Автомашины тэгш, сондгой улсын дугаараар замын хөдөлгөөнд ангилж оролцуулах эсэхийг Улаанбаатар хотын иргэдийн саналд үндэслэнэ.

Энэ дагуу өнгөрч буй долоо хоногийн турш санал асуулгыг Ulaanbaatar.mn сайтаар явуулж байгаа.

Санал асуулгыг маргаашийн ням гарагийг дуустал авч, хаах юм.

Одоогийн байдлаар иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Өчигдөр буюу баасан гарагийн байдлаар 59 хувь нь дэмжихгүй 51 хувь нь дэмжинэ гэж саналаа өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 10-нд болно DNN.mn

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 9 дүгээр сарын 09:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын вальют илэрчээ DNN.mn

Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын валют илэрсэн байна.

Тодруулбал энэ оны есдүгээр сарын 2, 3-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас “БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт хоёр дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Иргэн О, Д нар нь тус банкаар үйлчлүүлэх үед дээрх ****** серийн дугаартай 100 юанийн хуурамч мөнгөн тэмдэгт нийт 10 ширхэг илэрсэн үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах:

  • Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
  • Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны эхний найман сард 81.700 автомашин импортолжээ DNN.mn

Манай улс энэ оны эхний найман сард импортоор нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.

Энэ нь 2023 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.1 хувиар өссөн дүн болж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Гадаад улсаас нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.5 тэрбум ам.доллар буюу 20.5 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.6 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.4 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 776.1 сая ам.доллар буюу 12.1 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.6 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 661 сая ам.доллар буюу 8.8 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 400.7 сая ам.доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 154 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.9 хувь; ОХУ-д 25.2 хувь; Япон-д 10.0 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 4.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ DNN.mn

Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан Рагчаагийн Ганбаатар,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛЫГ:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зөвлөх инженер Чулууны Цагаан нарт хүртээв.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн Товуучийн Бямбадорж,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан Рэгзэнгийн Чулуунцэцэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Пүрэвдоржийн Золзаяа,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Балдоржийн Мөнхтуяа,

Монголын олон нийтийн радиогийн ахлах редактор Шагжжавын Одончимэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Алтан сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуул,

“Монголын дуу хоолой” радиогийн редактор Ням-Очирын Баасанжав,

“Монголын дуу хоолой” радиогийн Орос хэлний редакцын ахлах редактор Доржийн Эрдэнэбат,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Дэмбэрэлийн Оюунтунгалаг,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний редакцын орчуулагч, редактор Гүнрэгжавын Цэнд-Аюуш,

Монголын олон нийтийн радиогийн редактор Намхайн Хоролсүрэн нарыг шагналаа.