Categories
редакцийн-нийтлэл

Дэмбэрэл дарга өөрийгөө л дэгээдчих шиг боллоо

Авлигатай тэмцэх газ­рын дарга,орлогч хоёр ний­гэмд шуугиан дэгдээж бай­на. Түүнийг Ерөнхий про­курор хууль зөрчсө­нийг тогтоож  огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч УИХ эдгээр дарга нарыг  огц­руулбал дэлхий сөнө­чих гэж байгаа аятай аягалц­гааж  огцруулахгүй хэмээн дээр доргүй гү­рийцгээж байна.

Огцруулахгүйн тул янз бүрийн шалтаг шалт­гаан олж  ирж байгаагийн дот­роос хамгийн гол нь улс төржсөн шийдвэр гар­га­лаа гэцгээж байгаа. Тийм болохоор түүнийг огц­руулж болохгүй юм гэнэ. Яагаад тэр дээд түвшний дарга нарыг шалгадаг хүнийг огцруу­лах нь улс төржсөн увай­гүй үйлдэл болоод бай­гааг мэдэх хүн байна уу ингэхэд. Түүнийг өмөөрч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мэдэгдэл хүртэл гаргав.

Уг мэдэгдэл болон энэ байнгын хороон дар­гын ярилцлагад нэг юм л байнга дурдагдаад бай­гааг ард түмэн анзаарч байгаа. Байнгын хо­роо­ны дарга Б.Бат-Эрдэнэ “Харь­цан­гуй тайван бай­сан хуулийн салбарыг улс төржүүлж байж бужиг­нуулчих вий дээ” гээд л хэлээд байна.

Хуулийн байгуул­лагад ардчилал, хүний эрхийн талаар юу ч хийг­дээгүй тэр талаар огтхон ч салхи ороогүй, яг социализмын үе шигээ хуучин арга барилаараа ажилладаг. Энэ салба­рынхан ерээд оны өмнөх шигээ  МАХН-ын хуулийн хэлтэс мэт ажилладаг гэсэн яриаг дээрх ги­шүүний халаглал бат­лаад байна.

МАХН-аас өөр намын угшилтай, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс хуулийн салбарт олноо­роо шургалчих вий гэхээс дээрх байнгын хороон даргын  үнхэлцэг нь ха­гар­чих гэж  байгаа бо­лолтой. Хуулийнхан ард түмнээ бодоод эхэлбэл хүссэн ч эс хүссэн ч МАХН-ыг бодохтой ман­тай юм болно.

Хуулийн байгуулла­гад итгэх ард түмний  ит­гэл түүхэнд байгаагүй доод хэмжээндээ хүрчи­хээд байгаа энэ үед тус байгууллага шинэчлэл хийхгүй гээд яах билээ.  Олон түмний дунд явуул­сан сүүлийн судалгаа­гаар хүмүүсийн 70-аас дээш хувь нь хуулийн байгууллагад итгэдэггүй хэмээн хэлсэн байдаг. Харин үүнд сэтгэл нь зовж  байгаа ажилтан хуулийн салбарт байдаг болов уу.

Эргээд гол асуудал­даа ороход Монгол Ул­сын Ерөнхий прокурор өөрийн биеэр АТГ-ын дарга, дэд дарга хоёрыг хууль зөрчсөн гэж зарла­сан. Бүүр үүнийг гурван­таа давтаж хэллээ. Ин­гээд байхад УИХ-ын Хууль зүйн байнгын хо­роо­ны МАХН-ын гишүүд тэдгээр хууль зөрчигч­дийг улаан цагаан хаа­цайлан авч үлдэх юм. Нөгөө хуучин байнга хэл­дэг байсан “Хуулийхныг ажлыг нь хийлгэ” гэц­гээдэг нь ч яасан юм бүү мэд. Хуулийхан яг ажлаа хийх гэхээр нь хориглоод байдаг болчихлоо. Одоо л ёстой хуулийхан ажлаа хийж эхэлмээр байна.

Хувьсгалт намыхны хэлдгээр “үнэн мөнөө шалгуулахчихаад” ирэх хэрэгтэй. Хэрэг хийгээгүй юм бол юундаа айж ичих билээ. Нэр цэвэр ажил албандаа зүтгэж байх шиг зөв юм өөр хаана байна даа, ингэхэд.

Хууль зөрчсөн асуу­далд орооцолдсон энэ дарга нар цаашид тэгээд ажлаа хийж чадах уу. Ямар итгэл үнэмшлээр үйл ажиллагаагаа явуу­лах вэ. Хүн гэдэг амьтан сэтгэл нь сэвтэй л бол юу ч бүтээж чаддаггүй.

Тэгэхэд УИХ цээжээ­рээ хамгаалан авч үлдэж байгаа нь цаг хожсон л асуудал. Одоохондоо энэ нь тэдэнд хэрэгтэй мэт боловч үүнээс үүдэн гарах хор уршиг нь төрд хүндээр тусна.

 Эрхэм түшээдэд АТГ-ын дарга, орлогчийг  шал­гуулахгүй байх  шалтаг­тай юм байна  гэж үүнийг харсан хүн болгон хардах бол­лоо. Тэгээд ч хуу­лиа­раа АТГ-ын даргын асууд­лыг хоёр долоо хоно­гийн дотор шийдэх ёстой гэж байгаа. Хуу­лийн энэ заал­тыг УИХ уландаа гишгэсэн үйл явдал болж өнгөрөв.

Тэгээд араас нь АТГ-ын даргыг огцруулах гэж байгаа нь өөрөө  хууль зөрчиж байгаа гэх тархи угаасан нийтлэлүүд за­хиалгаар бичүүлж байна. Ингээд болчихдог бол ч сайхан л юм. Хэн олон хэвлэлтэй нь, хэн түрүүлж дуугарсан нь хождог тухай манайх­ны нэг удирдаг­чийн сур­гаал байдаг. Түүгээр л бүх юм явагдаж байх шив дээ.

 Дээр дурдсан, ингэж хууль зөрчих нь УИХ-д хүндээр тусна гэж. Үйл­дэл эс үйлдлээр хуулийг зөрчих нь яг адилхан ял зэмтэй байдаг. Тэгвэл хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн заалтыг уландаа гишгэснээрээ УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэл огцрох нь бололтой.

Хувь хүн болон бай­гууллага хэн ч энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхтэй  гэдгийг прокурор өөрөө сануул­сан. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж яг ингэж Үнд­сэн хуулийн хууль дээд­лэх гэсэн зарчмыг зөрч­сөнөөсөө болж огцорч байсан гашуун туршлага бий.

Тэгвэл өвгөн дарга хэн нэгэн авлигач гишүүдийн­хээ эрх ашгаас болж огцорч мэдэх эгзэгтэй мөчид тулж ирээд байна. Д.Дэмбэрэл дарга Ерөн­хий прокурорт дэгээ тавьсан биш өөрийгөө л дэгээдчихэв  бололтой.

Яагаад хэн нэгний эрх ашгаас болж гээд байна гэвэл Д.Дэмбэрэл дарга л өдий болсон хойноо ав­лига авч, өгөв гэж. Ёстой падлий ч байхгүй зүйл байсан байж таарна. Харин авлигын асуудал­тай гишүүд л Авлигатай тэмцэх газрын дарга нарыг өмөө­рөөд байгаа биз. Тэдний л ятгалгаар  УИХ-ын дарга ийм хууль зөрч­сөн шийдвэр гарга­чихав бололтой. Хууль зөрчсөн спикер ч удаан тэсдэггүй юм байх чинь  лээ.

Categories
редакцийн-нийтлэл

Б.Ганбат улсын наадамд анх удаа түрүүллээ

Өнөө
жилийн наа­дамд шинэ бөх түрүүлнэ гэсэн ард түмний таамаг үнэн болов. Гэхдээ Б.Ган­бат
зааныг гарьд цолыг алгасч шууд арслан цолд хүрнэ хэмээн тийм ч олон хүн тааварлаагүй
байх. Бөх сонирхогч олны дийлэнх нь даян аварга Г.Өсөхбаяр, цэргийн хурц арслан
Ч.Санжаадамба нарын нэг түрүүлнэ гэц­гээж байсан. Сар шинийн барилдаанаас хойш л
Санжаадамбын тухай яриа гарч, наадмаар яа­даг бол, цаад чинь наа­дамд ч сааралтдаг
нөхөр шүү, гэхдээ л тун чиг задгай барилдах юм, ер нь түүнийг тогтоох хүн ховор
л харагдаад байх шиг хэмээн хот хөдөөгүй л цуурч байлаа. Сан­жаа­дамба уг яриа хөөрөөг
нь бат­лах гэсэн мэт заал танхимын хэд хэдэн ба­рилдаанд хэнд ч тахимаа өгсөнгүй.
Тэгсгээд л наа­дамтай золгосон доо. Гэ­тэл наадмын түрүү, бө­хийн өнгө гэж томтой
жи­жигтэйгээ хэлцэж бай­сан залуу бөх дөрвийн да­ваанд яваад өгөв. Говь-Ал­тай аймгийн
Чандмань су­мын харьяат, улсын заан Р.Да­вааням агсны хүү Лхагва­доржид элэг бүсээ
тайлах нь тэр ээ.
Их
ярих, их магтах ийм л хортой байдаг даа гэж учир мэдэх хүмүүс халаг­лаж харагдсан.
Үнэн­дээ олон түмний эрт­нээс хэт их итгэл найдвар хүлээл­гэсэн явдал нь залуу бөхийн
бяр тэнхээг нь бус сэтгэл зүрхний нь угт орших тийм нэг нан­дин зүйлийг нь мохоосон
бололтой. Мөн гурвын даваанд “Бөх билэгт” дэв­жээнийх нь багш, Архан­гай аймгийн
Батцэнгэл сумын харьяат заан Д.Хи­шигдорж түүнийг амлаж аваад бараг л барил­дал­гүй
тахимаа өгчихсөн. Нутгийн хүүгээ дэмжиж, гар амар даваа ахиулсан нь Санжаадамбад
муу­гаар нөлөөлчих шиг са­нагдсан. Учир нь түүнийг гар хөнгөн давуу­лалгүй гурвын
давааны төгсгөлд үе тэнгийн залуучуудтай нь тунаж үлдээх байлаа. Тэгж барилдааныг
нь задгайлж өгөх байлаа. Хэрвээ гурвын даваанд жаахан барил­даан хий­сэн бол яалаа
ч гэж дөр­вийн даваанд биеэ барьж бээ­вэгнэн Д.Лхагвадор­жид шороодохов дээ.

Өөр
нэг бөхийг бас онцолмоор байгаа юм. Тэр бол Төв аймгийн Баянцогт сумын харьяат,
улсын залуу харцага Ө.Даваабаатар. Жинхэнэ торгон ирэн дээрээ яваа хүчтэн өнөө жилийн
наа­дамд зодоглосонгүй. Мон­гол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат аваргыг
зодог тайлсны дараа жилийн наадмуудад сэтгэл дагаад ч тэр үү, уран хурц барил­даан  огт гарахгүй байгаа юм шиг нэг л уйтгартай болчихсон
санагддаг.

Харин
түүний гарын шавь Ө.Даваабаатар баг­шийнхаа уран сүлжээ мэ­хийг уралдуулан хийж,
ёстой нэг бужигнуулж эхэл­сэн юм. Одоогоос хоёр жилийн өмнөх наа­дамд тэрээр шинэхэн
арс­лан Д.Азжаргалыг дөр­вийн даваанд, залуу начин Т.Өсөх-Ирээдүйг тавын даваанд,
хүчтэй заан Д.Раг­чааг зургаа­гийн даваанд өвдөг­лүүлж хар­цага цолны болзол ханга­сан
билээ. Өнгөр­сөн жил тавын даваанд Баянхон­го­рын Д.Батболд харца­гад тахимаа өг­сөн.
Яа­гаав, усан бороонд баа­хан бөхчүүд хальтирч унаад амаа бариад бай­гаагүй юу.
Тийм л юм бол­сон. Дараа нь өнөө Бат­болд­тойгоо Ламын гэгээ­ний ойд, үнд­сэндээ
нутагт нь очиж барил­даад давж түрүүлснийг манайхан мэднэ. Ийм л иртэй залуу харцага
маань бэртлийн улмаас барилдсангүй. Аварга Д.Сумьяабазар, гарьд Б.Гантогтох нар
зодог­лохгүй гэдгээ наад­мын өмнө мэдэгдэж байсан билээ.

Наадамд уламжлал
ёсоор 512 бөх зодог­ло­сон. Хэн хэн улсын цолонд хүрсэн, бөхийн барил­даан хэрхэн
өр­нөс­нийг олон түмэн бүгд үзсэн учир тэр бүгдийг дурдахаас татгалзав. Гэх­дээ
уншигч олонд сонир­хуулалгүй орхиж болом­гүй зүйлс багагүй байна аа. Нэгийн даваанд
ул­сын заан Ч.Бям­бадорж, улсын на­чин Д.Доржбат нар цэр­гийн хүүд тахи­маа өглөө.
1964 оны алдарт луу жилт­нүүдийн нэг Бям­ба­дорж заан ийнхүү нэгийн даваанд элэг
бүсээ тайлж байхад төрсөн хүү нь төрийн наадамд тав давж байх жишээний. Өнгөр­сөн
жилийнхийг бодоход цэрэг харьцангуй цөөхөн зодоглосон юм уу даа.

90
гаруй улсын цолтон, тийм хэмжээний цэрэг барилд­сан гэсэн. Хоёрын даваа эхлэхийн
өмнө цэнгэл­дэхэд усархаг бороо ороод товлосон цаг мину­таасаа багагүй хойшил­лоо.
Үзэгчид хоёрын да­ваанд ч яахав, маргааш тавын даваанаас л битгий бороо ороосой
гэж залбирч байлаа. Л.Цэвээн, “дүүгүүр” М.Болдбаатар, Говь-Алтайн Д.Бадрах гээд
ахмад начингууд зодог­лодгоороо зодог­лож, нэг даваад хоёрын даваанд аймгийн начингуудад
тахимаа өгсөн.

Залуу
начингуудаас Дорнодын Д.Цогзолдорж, Увсын Б.Насандэл­гэр нар аймгийн харцага Буянжар­гал,
аймгийн начин Элбэгбаяр нарт өвдөглөв.

Гурвын
даваанд улсын цолтнууд нутгийн залуусаа гарыг нь амраадаг жишиг бий. Уг жиш­гийн
дагуу заан Ч.Батзориг өөрийн­хөө багшийн хүү Б.Заяа­ман­дахыг, харцага Ц.Магалжав
Ч.Булганхүүг, начин М.Жамьян­пүрэв Т.Санчирыг, Б.Адьяахүү Ш.Жаргалсайханг, Ц.Цогтжаргал
А.Отгонбаатарыг амласан. Ч.Бат­зориг заан, Ц.Магалжав харцага хоёрын хувьд арай
л эрт тахимаа өгчихсөн санагдсан. Гурвын давааны төгс­гөлд Өвөрхангайн Б.Сангисүрэн
Увсын П.Бүрэн­төгстэй, Архангайн Р.Пүрэвдагва Говь-Алтайн Л.Цэ­рэнтогтохтой учраа
таарсан. “Дээрээ татаасгүй хэд нь ингээд л үлддэг юм даа” гэх яриа чих дэлсч байлаа.

Үндэсний
бөхийн шинэчилсэн дүрмийн дагуу дөрвийн даваа оноолтоор барилддаг. Энэ да­ваанд
Б.Сангисүрэн, А.Отгон­баа­тар, Ш.Жаргалсайхан нарын шилдэг залуу аймгийн арслангууд
харцага Д.Баасандорж, Ө.Бат-Орших, начин Г.Эрхэмбаяр нарт өвдөг шороодож дараа жилийн
наадмыг хүлээхээс аргагүйд хүрэв. Гунаажавын Эрхэмбаяр начин Ш.Жаргалсайханыг улсын
наа­дамд хоёр удаа ийнхүү өвдөг­лүүлж, Завхан нутгийнхныг гом­доож байгаа юм.
2006 онд тэрээр начны даваанд унагаж уйлуулж байсан. Нутгийн бөхөө улсын цолонд
хүргэх гэж Завханыхан мөн ч олуулаа хэлхэлдэж харагдсан. Бөхчүүд нь, нэртэй бизнесменүүд
нь бүгд л байсан. Гэвч Жаргалсайхан Эрхэмбаярыг бараагүй ээ. Дөр­вийн давааны оноолт
зарим бөх­чүүдэд нь ийн хатуурхаж байхад, зарим нэгэнд нь азтай ч гэдэг юм уу, арай
ч гэмээр юм уу, их л зөөлөн байсан. Тухайлбал, Б.Заяамандах нутгийн ах Ц.Мягмарсүрэнтэйгээ
таардаг байгаа. Юу юугүй л гуяа алгадаад туг тойроод гүйчихэв. Заан аавынхаа шавь
болох Ч.Бат­зориг, Ц.Мягмар­сүрэн нараар гурав, дөрөв давж санасандаа хүрсэн тэрээр
Д.Азжаргал арс­лангаар тав давж, ногоон гэрлээр л начин болж байгаа юм. Түүний хувьд
улсын наадамд хоёр, гурав л зодоглож байгаа болов уу. Азтай байгаа хэрэг шүү.

Харин
сүүлийн арваад жил начны тааварт орж, дөрөв, тавын даваанд л дандаа луугаруудын
гарт “шархдаж” нүдэндээ нулимс­тай дараа жилийн наадмыг хүлээж явсан Увс аймгийн
Сагил сумын харьяат, цэргийн хурц арслан А.Бямбажав, Өвөрхангай аймгийн Хархорин
сумын харьяат аймгийн арслан Т.Санчир нар улсын цолонд хүрэхэд наадамчин олон уухайлан
баяр хүргэж байлаа. Олон жил хүлээсэн цол гэдэг авч байгаа эзэндээ ч тэр, өөрөө
хүртэж буй мэт баярлах наадамчин олонд ч тэр үнэхээр үнэтэй байдаг юм билээ. Наадмын
өмнө найраанд орлоо хэмээн барилдах эрхээ хасуулж явсан А.Бямбажав начнаар тогтолгүй
харцага цолны болзлыг шууд хангасан.

Ер
нь өнөө жил Увсынханд ээлтэй сайхан наадам болов уу даа. 1991 оноос хойш Увсын цэн­хэр
хязгаараас улсын наадмын түрүү бөх тодроогүй юм. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн
ойгоор О.Балжинням аварга П.Сүх­бат гарьдаар ес даван түрүүлж, тугийн мандал руу
эрчээрээ гүйж ирээд, уулын оройгоос нисэх бүргэд адил дээш хөөрөн дэвхэрч баярлаж
байв. Тэгтэл өнөө жил Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын заан
Батжаргалын Ганбат ес даван түрүүлж, наадамчин олноо баяс­галаа. Түүнийг төрийн
наадамдаа түрүүлээсэй хэмээн ард түмэн олон жил хүлээсэн дээ.

“Залуу
зургаан заан” хэмээн монгол бөхийн нэгэн өнгө, үзэгдэл болж явсан хүчтэнүүдээс заан
цолтойгоо үлдсэн нь ганцхан Б.Ганбат байлаа.

Сүүлийн
хоёр, гурван жилийн наадмыг түүнийх гэсэн яриа байдаг байв. Гэвч тэрээр дандаа л
азгүйт­дэг байсан. 2008 онд До.Ганхуя­гийг түрүүлдэг жил шөвгийн дөрөвт гурван залуу
бөхтэй Ганбатыг үлдэж, наймын даваанд ам авахаар явахад наа­дамчин олон Ганбатын
наадам болчихлоо шүү гэж байтал тэр Нямдоржийн Ганбаатар гарьдад хийн дээрээ ганц
хүчтэй татуулаад л унаж бай­сан. Өнгөрсөн жил тавын даваанд Ц.Сумъяабэйс начинд
унаад олны урмыг бүр нэг хугалж орхисон билээ. Тэгтэл өнөө жил залуу заан М.Өсөхбаяр,
арс­лан Х.Мөнхбаа­тар, даян аварга Г.Өсөхбаяр нарыг цувуулан орхиж, гарьд цолыг
алга­сан шууд арслан цолонд хүрлээ. Жилийн жилд дунд шөвөгт үлдээд, заримдаа шөвгөрч
ч чадалгүй унаж түмэн олныхоо гомдож, гуньсан сэтгэлийг нь тэр хаврын бороо шиг
сэлбэлээ. Даанчиг сайхан.

Шинэхэн
цолтнууд төрийн тэргүүнээс цол тэмдгээ гардаж аваад индэрт суух нутгийнхандаа арай
л элгэмсүү хандах ажээ. Ухаандаа, шинээр харцага цол хүртсэн Увс нутгийн хөвгүүд
болох С.Мөнхбат, А.Бямбажав нар Б.Бат-Эрдэнэ аваргын өмнүүр зүтгэж байгаад Монгол
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт үнсүүлж байгаа нь харагдсан. Б.Ганбат заан ч
ялгаагүй, бас л аваргын өмнүүр зүтгээд Дорлигоо даргадаа хацраа өгөв.

Д.Дэмбэрэл
дарга болохоор Ховдоос төрсөн начныхаа хоёр хацрыг үнсээд, бусадтай нь зүгээр гар
барьж ч байх шиг. Үүний цаана нутаг ус гэх торгон утас хөврөөд байгаа юм л даа.

Булганы
Бүрэгхангайн Д.Баа­сандорж харцага төрсөн эгчийнхээ хүү болох М.Өсөхбаяр заантай
зургаагийн даваанд тунасан, Сэ­лэн­гийн өндөр Ч.Баянмөнх арслан Л.Пүрэвжав харцагаар
тав давж хүчээрээ начин болсон, Дундговь аймгийн харьяат, “Хур харцага” дэвжээний
бөх А.Алтанхуягийг М.Баяржавхлан заан Пүрэвжаваас харцагаас нь урьтаж амлаж унагасан
гээд наадмын сонин дуусахгүй ээ. Ингээд уншигч олондоо бөхийн барилдааны дүй­зийг
гурвын даваанаас толилуулж байна.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Тавын таван хүний халуун амиар хэр удаан “наадах” вэ?

Монголын ардчилал
дөнгөж 20 шүргэж яваа идэр насандаа тулж бай­на гэх тодорхойлолтыг олон хүн хэлдэг.  Үнэндээ бол нийгмийн хөгжил да­гасан “хар масс”
ардчи­лал гэх энэ нэр томьёог өөрийн эрх тааваар байх явдал гэж ойлгодог нь нууц
биш юм. Өөртэй нь санаа нийлэхгүй хэн нэг­нийг үг хэлэх эрхээ эдлэн буруушаах, бүр
боломж олдвол газар дор ортол нь муулах бол энүүхэнд. Түүгээр зог­сохгүй хүний энэ
хорвоод түр буудал­лас­наа умар­таад үүр­дийн залуу үлдэж хоцрох мэт аашлах нь дэндүү.
Цор ганцаар бүх юмны эзэн суух сонирхол зөв­хөн хүнд л байдаг байх. Тэр нь албан
ту­шаалтай холилдвол бүр чиг “ца­гаандаа гарна”. Ёстой л нөгөө  “Би үхэхээр чи үх” гэгч болно доо. Ер нь явж явж
ямар ухаантан нь монголчуу­дын “Тамын тогооны үл­гэр” гээчийг зохиочихов оо гэж
гайхдаг юм.

Бид­ний
араншин үнэ­хээр их өвөрмөц шүү. Илүү яваа нэгэндээ үхт­лээ атаарха­на. Тэгсэн атлаа
өөрөөс нь дор яв­бал өрөвдөнө гэж жиг­тэйхэн. Адил тэн­цүү амь­дарвал унагах гэж
орол­доно. Ийм л далд тэмц­лийн дунд монгол­чууд бидний дундаж 60 нас гэрлийн хурдаар
өн­гөр­нө. Тэгээд арай гэж ухаан суугаад “харахад” тэтгэ­вэртээ гарах нас хаал­га
тогшоод, тэр хэмээрээ гэмээ цайруу­лах гэж орол­доод эрхи шүүрэх хооронд эрлэ­гийн
эл­чийн “томилолт” гардана. Үнэндээ бидэн шиг ийм бие биендээ хайр­­гүй ард түмэн
дэл­хийн бөөрөнд хэр олон байдаг юм бол. Бас яда­хад дэндүү улс төрждөг даварсан
зан­тай. Түү­нийгээ бас л нө­гөөх 1990 оны цагаан морин жи­лээр олгогдсон ардчи­лалтай
холбодог. Яг үнэндээ бид хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголт хэртэй билээ. Энэ
ойлголт маань амьд­рал дээр бодит биеллээ олж чаддаг болов уу гээд мянга мянган
асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрнө. Илүү олныг нур­шилгүй  хоёрхон жилийн өмнөх үйл явдлыг сөхье.

 

ӨНӨӨДӨР ДОЛДУГААР САРЫН 5.

Хоёр
жилийн өмнөх энэ өдөр ямар бай­­сан бэ? Гэнэтийн цоч­ролд орсон монголчууд яахаа
мэдэхгүй балмаг­даж бай­сан. Тэд улс төрийн зо­лиос болсноо гадарлах ч үгүй мэгдсэн
байсан.  Төр нь ард түм­нийхээ эсрэг арга
хэмжээ зохион бай­гуулсныг, түүний гайгаар тавын таван хүний халуун амь, идэрхэн
нас, ихийг хийж бүтээх оргилуун сэт­гэл таслагдсаныг ойлгож ч амжаагүй байлаа. Тийм
л гэнэтийн “шок”-нд орсон цаг үе байв. Өөрөөр хэлбэл, урьд байгаагүй үйл явц, хойшид
давтаг­дахгүй байгаасай гэж хүн бүр ханцуй дотроо зал­бирах эмгэнэл байлаа.  Үүнийг Монголын түүхнээ “Долдугаар сарын 1-ний
хар мягмар гариг” гэж нэрлэсэн юм.  Үүний
гол буруутан нь  мэдээж, ард түмэн биш. Харин
эрх ямба, албан тушаалд шу­нан дурласан улстөрчид байсан. Ямар ч аргаар хамаагүй
төрийн түшээ гэх нэрийг зүүж, өндөр сэнтийд залраад өөрийн бүрэн эрхээ тө­рийн нэ­рээр
хамгаа­луу­лах со­нир­холтой хэсэг бүлэг хүмүүсийн амбиц бай­сан. Шуудхан хэлэхэд
Монгол Улсыг хоёр ху­ваасан  нүүрэн дээрээ
өрсөлдөгч гэх атлаа нүд­нээс далд хоорондоо “дай­сагнагч” хоёр намын шургуу ажиллагааны
үр дүн нийгэмд, жирийн ард олонд нөлөөлсөн нь тэр байлаа. Юугаа ч ойл­гоо­гүй залуучууд
хөөрөн хөгжиж, олныг хамарсан үймээн самуун нийслэлд дэгдэж, адилхан хүмүүн заяанд
төрсөн ээж, аавын үрс цэрэг цагдаа, ард иргэд гэдгээрээ талцан үндэсний хэмжээний
“дайн” дэгдээд амжсан. Үүний эцэст тавын таван халуун амь зуурдаар эр­сэдсэн.  Горыг нь амссан хүн гэвэл 800-гаад. Ол­ныг хамарсан
үймээн са­муун хэрээс хэтэрч ца­дигаа алдангуут тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарли­гаар
Онц бай­дал зар­лаж, үйл явцыг хазаарлаж авсан. Үүний дараа нийг­мийн хэв журам
зөрчсөн хүмүүсийг хоморголон баривчилж, байцааж эхэл­сэн байдаг. Ер нь тухайн өдөр
юу болсныг Онц байдал зарлах хүртэл орон даяа­раа хэв­лэл мэдээллийн хэрэгс­лээр
тэр тусмаа телеви­зийн сувгаар Мон­гол даяа­раа ямар нэг тайлбар­гүйгээр харсан
даа.

 

ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БАЙ­ДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Тухайн
үед ямар нэгэн улс төрийн тайлбар хий­хээс эмээж байсан бүхэн одоо гараа өргөөд
дуу­гарч байна. Сайн дураа­раа шүү дээ. Дуугарсан бүх­ний үгийг сонсч дүгнэлт хийж
бодоход долдугаар сарын 1-ний тэр хар өд­рийн үйл явдал “бороо урьсан салхи” шиг
сэвэл­зээд байгаагаас ха­ра­хад ирэх 2012 оны сон­гуу­лийн идэвхтэй ПИАР болох нь
нэгэнт тодорхой болоод байгаа нь ажиг­лагдана. 
Уучлаарай. Гэхдээ тэд буруу дуугарч байна. Бид юмыг ямар ч амархан мартдаг
юм бэ дээ. Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг хорин жилийн өмнө болсон гэж арай бодоогүй
биз дээ. Аль эсвэл бидний нөгөө улстөрждөг араншин маань өнөөдөр худлаа хэлэхэд
хүргээд байна уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр дөрөв хоногийн өмнө тохиосон долдугаар
сарын 1-ний өдөр ямар олон улстөрчид, хууль хяналтынхан сайн ду­раар үзэл бодлоо
илэр­хийлэн үгээ хэлж, ард түмэндээ “хайртайгаа” нотлов доо. “Хэн буруу­тай байна,
түүнд хариуц­лага тооцох ёстой” гэсэн тэдний хуурай хоосон, манж үгнээс жавар хан­хийж
байсныг анзаарсан нь хэд бол. Магад, үхтэл үр харам гэгчээр цаг бу­саар үрээ алдсан
эцэг эхийн шаналсан сэтгэл л хэн юу гэж худлаа яриад байгааг гадарласан байх. Монголын
төр тэднээс уучлал гуйхыг олон хүн хүлээсэн бол бас л та­лаар өнгөрлөө. Харин уучлалын
оронд өөрс­дийнхөө арьсыг хамгаал­сан мэдэгдлүүд ар араа­саа хөвөрсөөр.

Хүний
амины буруу­тан хэн бэ гэхээсээ өмнө хүний эрх, эрх чөлөө зөр­чигдсөн эсэх тухай
эц­сийн дүгнэлтгүй бөөрөн­хийлсөн зүйлс бөөлжис цутгам урссан нь харам­салтай. Хамгийн
гол нь хоёр жилийн өмнө ёстой нөгөө халуун цэг дээр нь ярихдаа хэлж байсан үгнээсээ
зарим нь эрс татгалзаж, хэлсэн үгнийх нь шүлс хатаагүй шахам байхад 180 хэм эргэсэн
яриа өгч өөрөөсөө урва­сан нь ичмээр. Чухамдаа энэ нь Монголд улс төр­жих гэдэг
нэгэн ноцтой эмгэг бий болсныг тайл­баргүйгээр хэлээд өгч байна. Баримт сөхье. Одоогоос
хоёр жилийн өмнө 2008 оны долду­гаар сарын 4-ний өдрийн  “Өдрийн сонин”-ы ¹160 (2924) дугаарт өгсөн ярилц­лагадаа
Хүний эрхийн Үндэсний комис­сын гишүүн, эрүүдэн шүүлт хариуцсан мэр­гэжилтэн П.Оюунчимэг
“Бие махбодийн хувьд эрүүдэн шүүх явдал илт ажиглагдаж харагд­сан­гүй. Учиргүй эрүүдэн
шүүж, уйлуулж, ори­луулж, бороохойдоод бай­гаа зүйл харагд­сан­гүй.  Тийм болохоор ми­ний хувьд тэнд бие мах­бодийн
эрүүдэн шүүлт алга байнаа л гэж байгаа юм” хэмээн мэдэгдэж бай­сан нь цагаан цаасан
дээр хараар бичигдэн ёстой нөгөө нотлох баримт болж үлдсэн байх юм. Тэгтэл саяхан
“Зууны мэдээ” сонин дээр өгсөн ярилцлагадаа тухайн хэл­сэн үгнээсээ 180 хэм эргээд
“Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор олон хүнийг хоморголон эрүүдэн шүүсэн” гэж
хэ­лээд сууж байх жишээтэй. Үнэхээр тэгж эрүүдэн шүүс­нийг нь харсан ат­лаа тэр
үед нь өнгөлөн далдалж, худлаа хэлэ­хээс аргагүй байдалд хүрэх шалтгаан хатагтай
П.Оюунчимэгт байсан бол түүнийгээ илчлээд, өөрт нь дарамт үзүүлсэн хүмүүсийг нэрлээд
албан тушаалаа өгөх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл энэ эмэгтэй чинь ХЭҮК-ын гишүүн
төдийгүй өөрөө Эрүүдэн шүүх процессыг хянах үүрэгтэй дагнасан ганц мэргэжилтэн нь
биз дээ. Түүгээр зогсохгүй эрүүдэн шүүлт гэх хэлэхэд хэл халтирам нэр то­мьёогоор
докторын зэрэг хамгаалсан хүн гэдэг. Тэгэхээр олныг хоморгол­сон эрүүдэн шүүлт үнэ­хээр
тэнд байж, түүнийг та мэдсэн юм бол ажлаа хэр гүйцэтгэсэн нь то­дорхой юм биш үү.
Жи­рийн сэтгүүлчийн бод­лоор бол ингэх нь зөв юм шиг санагдаад байна.  Тухайн цаг үед таныг зорьж ярилцлага авах­даа
бодит байдлыг олон нийтэд мэдээлэх гэсэн зорилгоо л сэтгүүлч бүсгүй урьтал болгосон
нь мэдээж. Харин хожмоо урьсан зочны хэлсэн үг эсрэг баримт болно гэж төсөөлөө ч
үгүй биз. Хэр­вээ телевиз, радио бай­гаад фондондоо хад­галаагүй цалгардуулсан бол
өнгөрөө. Иймдээ л сонин гэдэг  аугаа, цаасан
дээр хараар дурайтал үлдэж,  баримт болдог
юм.

Үүнээс
гадна 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотойгоор Мон­гол Улсын байнгын ажил­лагаатай
парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл зохих хууль хяналтын байгуул­лага
болон хүний эрхийн байгууллагын удирдла­гууд оролцсон нээлттэй сонсголыг хийсэн
билээ. Тэр үеэр  нөгөөх “хар мягмар гаригтай
“холбоо­той өчнөөн зүйлийг ярь­сан.

Бас
шүүх хуралтай төстэй мэтгэлцээн ч гэ­мээр, маргаан ч гэмээр сөргөсөн үг хоорондоо
хаяцалцаж, бараг хэрэл­дэх дөхсөн дөө. Энэ нээлт­­тэй хэлэлцүүлэг хэ­мээх үр өгөөж
нь тун яд­маг хэрүүл гэмээр хурал­дааны үеэр УИХ-ын ги­шүүн Х.Тэмүүжин  жинхэ­нэ “од”-оор тодор­сон гэ­хэд хилсдэхгүй.
Түү­ний хэлж ярьж бай­гаагаас харахад ирэх 2012 оны сонгуульд дол­дугаар сарын
1-нээр “овоглох” юм байна гэдэг нь ан­заарагдана лээ. Тэр үеэр  өмгөөлөгч Пүрэв­баатар “Улсын Дээд шүү­хийн Эрүүгийн
хэргийн танхи­мын тэргүүн Д.Бат­сайхан “Манай намын байрыг шатаасан нөх­дүү­дийг
өр­шөөж болох­гүй” хэмээн улс төрийн байр суури­наас хохи­рогч­дод ханд­сан” хэмээн
гомдоллож байсныг уншиг­чид санаж байгаа байх. Тэгээд зог­сох­гүй  хэд хэдэн удаа хэлсэн тэр үгнээс нь бо­лоод “Би
энэ хүнийг МАХН-ы гишүүнээ орхио­гүй яваа хүн гэж үзсэн”  гэж өмгөөлөгч хэлж бай­сан. Яахав, тухайн үед
өмгөөлөгч,  шүүгч хоёрын хоорондын маргаан
га­зар авчээ гэж бодоод л өнгөрсөн хүн олон болов уу. Гэтэл энэ оргүй үг биш байсан
нь саяхан тодор­хой болох шиг. Учир юу гэхээр УДШ-ийн Эрүү­гийн танхимын тэргүүн
Д.Батсайхан ойр­могхон нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилц­ла­гадаа “Нээлт­тэй
хэлэл­цүүлгийн үеэр өмгөөлөгч Цэнд-Аюушийн “ХЭҮК-ын дар­га Д.Солонгын  баривч­лагд­сан хү­мүү­сийн эрх зөрчигдөөгүй”
гэсэн мэ­дэг­дэл үндсэндээ шүүгч­дийн гарын авлага болж үүнээс болж шүүг­дэгч­дийн
ял хүндэрч байсан” гэх мэдээллийг” хүлээн зөвшөөрсөн тө­дийгүй “Бид тухайн үед бүх
теле­визийн мэдээ, барим­туудыг нотлох баримт болгож хэргийг шийдвэр­лэсэн шүү дээ.
Прокуро­рын байгуул­ла­гын­хан ч мэдэж байгаа байх. Тэр баримтыг л түшиглэж шүүх
хэргийг шийдвэрлэ­сэн. Нотлох баримтуудыг гүй­цэтгэх албаны шуга­маар олсон гэж
худлаа яриад яах вэ” гэсэн байх юм.

Үнэндээ
ХЭҮК-ын дар­га Д.Солонго нь ба­ривчлах байранд иргэ­дийг зодсон цохисон зүйл алга
байна гэж мэдэгдэж байсныг санаж байнаа. Түүнтэй хамт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо­ны
дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүнда­лай, Б.Батбаатар нар хүний эрх зөрчигдөж
байгаа эсэхийг  биеэр очиж үзэж байсан билээ.  

Хүний
хэлсэн үгээр гол нотлох баримтаа бол­гон хэрэг шийдвэрлэдэг бол­сон бол хяналт тавих
шат­ны шүүхийн Эрүү­гийн танхимын тэргүүн өөрийн харьяанд байдаг доод шатны шүүхийн
ал­дааг засах үүрэгтэйн хувьд, мөн ЭБШХ-ийг ноцтой зөрчсөнөө хүлээн зөв­шөөрсний
хувьд сайн ду­раараа ажлаа өгсөн нь өлзийтэй биз.  Хүний хувь заяаг шийдэх нотлох ба­римтыг хэн нэгэн
дарга эмэгтэйн амнаас гарсан үгэн дээр тулгуурлан шийд­­сэн гэж хэлж чадаж байгаа
нь чухамдаа юуг илэрхийлээд байгааг хэлж таашгүй. Үүнийг шу­дарга хэмээх тодотголтой
ард­чилсан Ерөнхийлөгч ан­заарч байгаа гэдэгт найдна.

Энэ мэтчилэн 2008 оны долдугаар сарын 1-ний хийрхэл улс төр,
хуулийн хүрээнийхнийг нэгэнт ховсдож эхэллээ гэдэг нь л хамгийн тодор­хой болоод
байна даа. Цаашдын үргэлжлэлийг л харж байя.

Categories
редакцийн-нийтлэл

АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБОО АРД ТҮМНЭЭ ӨМӨӨРЛӨӨ

Өчигдөр
Монголын нэн шинэ түүхэн дэх “Цуст долдугаар сарын 1” хэмээн нэрлэгдсэн их хэлмэгдүүлэлтийн
өд­рийг хоёр дахь удаагаа  тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнгөрдөг жилийнхийг бод­вол уг үйл явдлын та­лаар  улс төрийн хөдөл­гөөн болох Ардчилсан хүчний холбоо
улс тө­рийн дүг­нэлт мэдэгдэл гарга­сан нь улс төрийн амьд­ралд чу­хал үйл явдал
болж бай­на.

Монголын улс төрийн
хүчнүүдээс дээрх Ард­чилсан хүчний холбоо (АХХ) л ард түмнээ өмөөрч мэдэгдэл гаргав.
Энэ холбоо нь Ардчил­сан нам дахь олонхи бол­дог томоохон улс төрийн бүлэг  хүчин  юм.  Монгол Улсад элдэв мэ­дэгдэл шаардлагууд үй олноо­роо
гарч байдгийг бид мэднэ. Хэн дуртай нь юу бодсоноо мэдэгдэл хэ­мээн нэрлээд хэвлэл
мэдээллийн байгуул­ла­гаар цацаж суудаг. Харин ард түмэн мэдэгдэл гар­гагчдын ард
хэн байгааг ихэд анхааралтай харж суудаг нь нууц биш юм.

Цөөхөн
хүн амтай ор­ны нэг зовлон нь хө­дөл­гөөн, намуудын ард хэн бай­гааг, юу хүсээд
буйг тэр дор нь мэдэрч чаддаг.

Тэгвэл
АХХ-ны ард УИХ-ын гишүүн З.Энх­болд байдаг билээ. Энэ гишүүн шударга ёсны төлөө
тэмцдэгээрээ ард түмний дунд зартай нэгэн юм. Тэрбээр  хэлсэн л бол хийж чаддаг гэдгийг монголчууд одоо
мэддэг болсон. Тэгэхээр энэ мэдэгдэлд дурдагдсан зүйлс бодит зүйл болно гэдэгт эргэлзэх
хэрэг юун.

Ардчилсан
хүчний хол­бооны мэдэгдэлд “…Ир­гэдийн тайван жаг­саал цуглааныг Засгийн газар хүч
хэрэглэн дарж, хэлмэгдүүлсэн…” гэжээ. Мөн цааш нь “…иргэ­дийн тайван жагсаал цуглааныг
хэрхэн цуст аллага болгон хувир­гас­ны учрыг олж тогтоон  буруутай этгээдүүдэд ха­риуцлага тооцох ёстой  хэмээн үзсэн байна. Уг мэдэгдэлд 700 гаруй хү­нийг
хоморголон барив­чилж 300-гаад хүнийг яллагдагчаар татаж, 270 орчим иргэнийг зургаан
сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Сүү­лийн хоёр жилд
шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн дунджаар 49-50.6 хувьд  нь хорих ял оноож ирсэн бол “Дол­дугаар сарын
1”-ний гэх хэрэгт холбогдогсдын 96 хувьд нь хорих ял оноо­сон хэмээн бичжээ.

Мөн  уг мэдэгдэлд …УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны
ажлын хэс­гийн 2010 оны зургаду­гаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар прокурор шүүхийнхэн
нэг талыг ба­рьж тайван жагсаал, цуг­лаанд оролцсон иргэ­дийг хоморголон барив­чилж
улмаар шүүхээр шийтгэсэн нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш
байх Үндсэн хуулийн зарч­мыг зөрчсөн гэж үз­сэн УИХ-ын Хүний эр­хийн дэд хорооны
дүг­нэлтийг Ардчилсан хүч­ний холбоо талархан дэмжиж байна…” гэжээ.  АХХ нь ямар ч нам, хүч­ний хэлж чадаагүй зүй­лийг
зоригтойгоор хэлж Ард­чилсан нам болон МАХН-ын удирдлагад  да­раахь шаардлагыг тавьсан бай­на.

Үүнд
“…тайван жаг­саал, цуглааны өөдөөс цагдаагийн байгууллагыг турхирч, улмаар тэднээр
уг тайван жагсаалыг нух­чин даруулах хууль бус ажиллагааг манлайлсан тэр үеийн МАХН-ын
удирд­лага, тухайлбал Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил,
УИХ-ын дарга Д.Лүндээ­жан­цан  болон тэдний
шахалт шаардлагаар онц бай­дал тогтоосон гэх Ерөн­хийлөгч асан Н.Энх­баяр, Хүн буудах
тушаал өгсөн гэх ЦЕГ-ын дарга асан генерал Ч.Амар­болд тэр­гүүтэй этгээдэд эрүүгийн  хэрэг үүсгэн шалгаж, гэм бу­руутай этгээдэд нь
зо­хих ял оногдуулж ха­риуцлага тооцохыг, мөн ард иргэдийг болохоор хоморголон шийтгэсэн
байж таван иргэнийг бууд­сан, буудах тушаал өгсөн албан ту­шаалтнуудыг хаацайл­саар
байгаа хууль хя­налтын байгуул­лагуудын удирд­лагыг нэн даруй огцруу­лахыг.

Эцэст
нь яллагдаж, хоригдож, буудуулж, хэл­мэгдсэн иргэдээсээ УИХ, Засгийн газар уучлалт
гуйхыг тус тус шаардаж байна” гэжээ.

Мөн
мэдэгдлийн төгс­гөлд долдугаар сарын 1-ныг “Шударга ёсны тэмц­лийн өдөр” болгохыг
нийт ард түмэндээ  уриалсан байна.

Ардчилсан
хүчний хол­бооноос гадна  Мон­голын улс төрийн
хэл­мэгдэгсдийн холбоо, Нийслэлийн Ардчилсан нам зэрэг улс төрийн байгууллагууд
мэдэгдэл  гаргасан. Уг мэдэгд­лүү­дэд Ерөнхийлөгч
асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Ор­гил, ЦЕГ-ын
дарга асан Ч.Амарболд нарт эрүү­гийн хариуцлага хү­лээл­гэхийг хатуу шаард­сан байна.

Монголын
улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо­ны мэдэгдэлд “Эрх ба­ригчид долдугаар сарын 1-ний
өдөр болсон үйл явд­лын эзэн холбогдог­чийг тогтоохгүй байгаа нь Д.Төмөр-Очир, С.Зориг
нарын хэрэг шиг зөнд нь орхиж аажмаар мартуу­лах гэж оролдож байна. Онцгой байдал
зарлах замаар олон хүний амь нас эрүүл мэндийг хө­нөө­сөн энэхүү бусармаг үйлдэл
нь тэр үеийн Мон­голын төрөөс бод­лого төлөвлөгөөтэй хэ­рэг­­жүүл­сэн зэвсэгт хү­чир­хий­лэл
(террор) байжээ” гэсэн байна.

Мөн Нийслэлийн Ард­­чилсан
намын мэдэг­дэлд  МАХН-ын даргын “Моло­товын
коктейль” гэж  тэ­сэрч дэлбэлэх зүй­лээр галдан
шатааснаа нэр­лэ­сэн нь одоо хүртэл ойл­гомжгүй байна” гэжээ. Ийнхүү  хэзээ хүн бууд­сан хэрэг минь сөхөгдөх бол гэж
шөнө нойртой хонож чадахгүй байгаа гэмт­нүү­дийн хэрэг сөхөгдөж шударга шүү­хийн
доор тооцоо бодог­дож магад­гүй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хонгорхон үрстээ хорьхон доллар өгчихөөч дээ

Хүүхдийн мөнгийг хэ­зээ
өгөх бол гэж нүдээ ширгэтэл царайчилсан хүүхдүүд, тэднээсээ ду­тах­гүй хүлээсэн
эцэг, эх­чүүд Монголоор дүүрэн байна. Хүүхдийн мөнгө гэж чухам юу байв аа. Сонгуулийн
амлалтаар хүүхдэд зориулж тэдэнд зориулж мөнгө өгөх тухай яриа гарсан нь улс төрийн
намуудын сонгуульд ялах гэсэн тактик байсныг үгүйс­гэхгүй. Гэхдээ цаг үеэ олсон
нийгэмд хүлээг­дэж байсан шийдвэр бай­сан нь амьдрал дээр тэр даруйдаа нотлогдож
байв. Бүр улстөрчдийн тооцож төсөөлж байс­наас илүү үр дүн гарсан. Гэр бүлд нь өөрийн
гэсэн нэртэйгээр орлого орж ирдэг болсонд бяцхан жаалууд ямар их омог бардам, итгэл
дүүрэн бай­сан гээч. Чөлөөт эдийн засагтай энэ нийгэмд эрх чөлөөний гол үндэс нь
хувийн өмч. Хүүхдүүд өөрт нь нэрлэсэн мөн­гөтэй болсон нь мөнгөө зөв зарцуулах,
мөнгөтэй харьцах, хувийн эрх чөлөөг мэдэрч эхлэх том алхам байсан юм.  Тэд “Би мөнгөөрөө ингэнэ. Би хүүхдийн мөнгөө авахаар
тэгнэ” гээд хүүхэд насных нь хязгааргүй мөрөөдлийн орон зайд нь өвөрмөц нэгэн орд
сүндэрлэж байлаа. Гэвч түүнийг нь биежиж бэхжиж амжаа­гүй байхад нь улстөр­жилтийн
үрээр зэрэглээт Гандирс болгож орхичихов. 
Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш багачуудын сургууль завсардалт эрс
багасч, цаг хугацаандаа вакцинд хамрагддаг болж, хам­гийн сонин нь цөөхөн хүнтэй
Монголд төрөлт эрс нэмэгдсэн сэн. Гурван жилийн өмнө төрөлт 56 мянга, дараа жил
нь 63 мянга байсан бол өнгөр­сөн жил 69 мянга болж нэмэгдэж байв. Бас энэ цаг дор
хүүхэд үнэтэй болж эхэлж байсан юм. Гажуудалт нийгмийнхээ тусгал болсон үүргээ мэдэрдэггүй
гажиг эцэг, эхчүүд хүртэл хаа байгаа асрамжийн төвүүдээс хүүхдээ эрж хайж олж эхэлсэн.
Жаалууд өнөө­дөр төрөөсөө мөнгө авч байгаа ч маргаашдаа өөрөө мөнгөө босгож ча­дах
арга ухаанд суралца­хын өдөөлт нь тэр хүүх­дийн мөнгө болж байв.

Гэвч энэ оны нэгдүгээр
сарын 1-нээс эхлэн хүүх­дийн гэх тодотголтой мөнгө алга болов. Уг нь нэг хүүхдэд
сарын 3000, улирал бүрийн 25 мянган төгрөг гээд жилд 136 мян­ган төгрөг л өгдөг
байсан юм. Гурван хүүхэдтэй айлын хувьд сар бүрийн 9000, улиралд 75 мянган төгрөг
гээд жилд 408 мян­ган төгрөг өгдөг байв. Энэ нь хүүхдээ, гэр бүлээ дэм­жиж өгч байгаа
төрийн хэмжээний том бодлого байлаа. Гэвч ирээдүйн том бодлогоо бус харин улс төрийн
намууд хүн бүрт өгнө гэж амласан мөнгөө өгөхийг урьтал болгосон. Томчууд ам­лас­ныг
нэхнэ, харин хүүх­дүүд тэгж чадахгүй. Тиймээс хэл ам гарга­даггүй, харин өөрсдөд
нь хүргэсэн тусыг уулсын оройгоос ч дээгүүрт боддог тэр амьтдын нэр дээрх мөнгийг
дээрэмд­чихсэн. Уг нь “Хүүхэд, нохойг баярлуулбал хам­гийн том буян” гэдэг дээ.
Бидний үргэлжлэл бол­сон хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд болохгүй юун
байх билээ. Хорин доллар бол хоол­ны ширээн дээр гарын мөнгө болгоод шиддэг тэр
л халтар цаас шүү дээ. Өнөөдөр мянган төгрөг ямар өнгө­тэй байдгийг мэдэхгүй олон
хүн байгаа. Тэгвэл хүүхдэд өгдөг тэр хөх алаг цаас  олон хүүхдийн ирээдүйг цэлмэг тэнгэр шиг болгож
байсан. Чадал­тайхан айлын муур нохойны хоолонд ч нэмэр болохгүй тэр мөнгө Монголын
ирээдүйг авч явах их хүмүүст үлэмж хөрөнгө оруулалт болох мөнгө юм. Хүүхдийн гэсэн
ангилалтай мөнгөний ба­рааг ард түмэн харахаа больсноос хойш олон л хүн байр сууриа
илэр­хийл­лээ. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээрээ хүүхдийн мөнгө хэрэгтэй
гэж, Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн санааг батжуулж, УИХ дахь
АН-ын бүлгийнхэн энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол завсар­лага авна гэж хүртэл
айл­гаж эхлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, Р.Гончигдорж,
Н.Бат­баяр нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн бариад байна.
0-18 нас­ны 932 мянган хүүхдэд сар бүр 20 
мянган төгрөг өгөх энэ хуулийг манай түшээд ойрын өдрүүдэд хэлэл­цэнэ. Батаа
хүү­гийн, Болормаа охины нэрээр айл гэрт орж ирдэг энэ мөнгөөр Монголын ард түмэн
чинь амьдарч байна шүү дээ. Хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд юу нь болохгүй
байна вэ. Хорин мянган төгрөг чинь хорин долларт ч хүрэхгүй. Бүр хорин мянга гээд
хорго­лоо тоолоод байвал алаг хөөрхөн үрстээ аравхан доллар өгчихөөч дээ. Хүн болж
төрлөө гээд хүнсээ чирээд ирд­гээрээ хүүхэд үнэтэй болж үлдэнэ.  Хүүх­дийн мөнгө хэрэгтэй, хэрэгтэй гэж хэн хүнгүй
хэлээд байгаа ч хэрэг дээрээ өгч байгаа нь алга байна. Улстөржилтөөс ангид байж
хонгор бяцхан үрсдээ хорьхон доллар өгцгөөе л дөө.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмэндээ худал амладаг ах дүү хоёр нам сөнөх цаг болжээ

Сэтгэгч Альбер Камю “Төөрөгдөл сайхаан, ха­рин үнэн л аймшигтай” гэжээ. 2008 оны сонгуу­лийн үеэр улс төрийн намуудын амлалтад ит­гэж саналаа өгсөн ард түмний төөрөгдөл жил өнгөрөх тусам арилж, бо­дит үнэн нь худал амлал­таар төрийн эрх мэдэл авсан намуудад аймшиг болон ирж байна. АН сонгогчдодоо хандан ир­гэн бүртээ нэг сая төгрөг өгнө хэмээн амлаж бай­лаа. Тухайн цагт МАХН-ын дарга С.Баяр энэ нь боломжгүй зүйл, худал амлалтаар ард түмнээ хуурах гэж байна хэмээж байсан боловч  удалгүй өөрсдөө 1,5 сая болгон нэмж сонгуулийн суртал­чилгаагаа өргөжүүлсэн билээ. Тухайн үед хоёр намын нэг нэгийнхээ мөн­гөн амлалтыг үнэгүй­дүүлэх тэмцэлдээн тун сүрхий байсан сан.

Өмнөх сонгуульд нь хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө
гэсэн АН-ын амлалт худлаа мэт са­нагдаж байсан ч хүүхдүүд
нэр дээрээ мөнгө авдаг болсон нь бас чиг итгэл
үнэмшил төрүүлчихсэн байлаа. Тиймээс ч иргэн бүртээ нэг сая төгрөг өгөх амлалт нь хүмүүсийн сэт­гэл зүйд
шууд хүрч бай­гаа нь тогтмол
хийгдэж байсан судалгаануудаас харагдсан тул МАХН сандран 1,5 сая гэх нь тэр.

Удалгүй МАХН хэвлэлийн бага хурал зарлаж, АН-ынхан  өөрс­дийнх нь 1,5 сая төгрөгийн амлал­тыг нь утгагүй болгохын тулд эсрэг арга хэмжээ хийж байна гэж гом­доллосон. Тухайн үедээ МАХН-ын нарийн бичгийн дарга нь хэв­лэлийн бага хурлыг хийлгэж бай­сан бөгөөд МАХН-ынхан 1,5 сая төгрөгийн батламжийг нь утга­гүйдуулахын тулд олноор хэвлээд гудамжинд хөсөр хаяж, хогийн савны дэргэд бөөнөөр нь шидэл­сэн байна гэж байсан билээ. Тэд чухам аль хэвлэх үйлдвэрт хэвлэс­нийг нь хэдэн төгрөгөөр хэвлүүлс­нийг нь ч мэдэж байна гэж ирээд ноцтой гэгчийн хурал хийж байсан юм. Ард түмэн МАХН-ын амлалтыг тоохгүй байна хэмээн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд АН-ынхан өөрсдийн сурталчилгааг хэвлүүлэхийн оронд өрөөлийн сурталчилгаанд мөнгө хаясан юм даг уу даа. Бас болоогүй ээ, их муу цаасан дээр хэвлэлтийн шаард­лага хангахгүй хэвлүүлсэн байна гэж МАХН-ынхан гомдож байсан билээ. Тэр цагт үйл явдал ингэж л өрнөж байлаа. МАХН-ын дарга С.Баяр хот, хөдөөд өрсөлдөж байгаа нэр дэвшигч нартайгаа нэг бүрчлэн уулзаж, 1,5 сая төгрөгийг л голчлон ярьж явахыг зааварчилж, эдийн засагч нэр дэвшигчдээ бүтэх­­гүй тухай ам дуугарахыг хорьж байлаа. Мэдээж, авна гэж тоо­цоолж байгаагаас нь гуравны нэгээр илүү хэлсэн санал хэнд ч сайхан байлгүй яахав дээ. Ингээд л үйл явдал өрнөсөөр сонгууль ч дуусч, өдгөө 2010 он гарчихлаа. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, Засгийн газрын ажиллах хугацааны тэн хагас нь дуусчихав. Гэвч улс төрийн намуудын амлаж байсан нэг сая төгрөг ч алга, 1,5 сая төгрөг ч алга. Нийлүүлээд өгөх ёстой гэж нэхэж байгаа иргэдийн шаардсан 2,5 сая төгрөг ч мөрөөдөл байна. Далан мянга гэж үлгэр домгийн хэдэн цаас авсан нь үргэлжлэх нь ч бүү мэд, үүгээр ам хаах гэж байгаа нь ч тодорхойгүй байна. Тэр цагт өөр хоорондоо өрсөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцэн байсан хоёр нам нэг Засагт орж ажиллаж байгаа. Тэд үүрэх ачаагаа ч, хүртэх бялуугаа ч нэгтгэн байж нэг засагт орсон болохоор нэг саяд нь бус 1,5 саяд нь саналаа өгсөн юм сан гэж ялгах аргагүй болчихоод байгаа билээ.

“Зарим санаа модноосоо түү­хийгээр уначихдаг” гэсэн үг бий. Иргэддээ өгөх 1,5 сая төгрөгийн санаа боловсорч амжихгүй уначих­лаа гэж үү. Хэрэв тийм тохиолдолд биелж амжихгүй амлалт өгсөн улс төрийн намууд шийтгэлээ хүлээх ёстой. Энэ цагт жигтэйхэн ах дүү болон сүжрээд байгаа ах нам МАХН, дүү нам АН-ынхан шийтгэ­лээ хамтдаа хүлээж таарна. Хэрэв амлалтаа биелүүлж чадахгүй бол хүний хорвоогийн хамгийн шудар­га шүүлтээр тэд сөнөж үгүй болох ёстой. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр нэг сая төгрөгийн амлалт нь яригдалгүй, 1,5 сая төгрөгийн давуулж хэлсэн амлал­таар нь өрсөлдөгч намаа хөрснөөс арчих боломж байсаар байтал АН-ынхан МАХН-ын урьсан урилгыг хөөр болон хүлээн авсан. Иймийн учир ах дүү хоёр нам амлалтаа биелүүлж чадахгүй бол хамтдаа дуусах цаг нь иржээ. Ер шүргэсэн ах нам  хорь хүрч байгаа дүүгээ дагуулаад улс төрийн тавцангаас зайлах цаг болж байна. Монголд МАХН, АН үгүй боллоо гээд амьд­рал зогсохгүй. Харин Монголын улс төрд эрүүл тогтолцоог бий болгоход түүхэн үүргийг гүйцэтгэж чадах юм. Худлаа амлалтаар ард түмнээ хуурдаг ах дүү намууд зүй ёсны шийтгэлээ хүлээгээд улс төрөөс холдвол дараа дараагийн намууд бүтэхгүйг нь мэдэж байж худлаа амладаг ийм алхмыг зориг­лож хийхгүй болно. Тэгээд ч нам гэдэг зохион байгуулалтын бүтцээс татгалзаж байгаа дэлхийн хэв маяг руу шилжихэд ч энэ алхам нь тусалж магад.

Яахаараа Японд сонгуулийн үеэр амласнаа биелүүлж чадсан­гүй гээд эрх баригч намын дарга нь Ерөнхий сайдын суудлаа өгч шийтгэл хүлээж болдог, яахаараа Монголд хуурч байгаа нь ч илт, хуурагдаж байгаа нь тодорхой байхад ард түмэн нь хөндий хонгио шиг суугаад байдаг юм бэ.

Өнгөрсөн сонгуулиар амлас­наа үлдэж байгаа хоёр жилдээ өгч дийлэхгүй бол ах, дүү хоёр намууд минь хөтлөлцөөд Монголын улс төрөөс арилаарай даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮМҮҮС

Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх  хар толбо болох “Цуст долдугаар сарын 1”  айсуй. Тийм ч учраас  нийгэмд  энэ өдрийг дурсах нь сүүлийн үед идэвхжиж байна.

Хохирогсод дахин ийм төрийн хүчирхийлэл гаргуулахгүйн тулд тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлж, хохирогчид  энэ үйл явдлыг мар­тагнуулахын төлөө чадлаараа зүтгэх нь мэдрэгдэнэ. Мартуулж чаддаг­гүй юм аа гэхэд  ядаж өөрийнхөө нэрийг цэвэрлэж авахыг бодож байна.

Сүүлийн үед улс төрийн хүрээ­нийхний дунд “нөгөө гуравдагч” гэсэн нэр зүүгээд байгаа Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд, намын дарга асан С.Баярт уг хэрэг явдлыг тохох оролдлого шургуу хийгдэх боллоо. Энэ цуст хэрэгт С.Баяр голлон тоглож бүх найруулгыг нь хийсэн нь  үнэн ч бусад  холбоотой хүмүүс бас бий.

Уг хэрэг явдлыг голлон дэглэсэн хүмүүс  бол яах арга байхгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод, хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Цагдаагийн ерөн­хий газрын дарга асан Ч.Амар­болд нар юм. Энэ хүмүүс засаг төрийг удирдаж байхдаа  эрх мэдэлдээ аархан ард олны жирийн эсэргүүцлийн жагсаалыг үймээн тэмцэл болгон хувиргасан. Ингэж даамжруулж байгаад  Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарласан. Түүнийг онц байдал зарлаж байхад жагсаал бараг тарж байсан. Онц байдал зарласнаа тэр талбай дээр байсан хүмүүст дуулгаагүй. Онц байдал зарлахад иргэд яах ёстой, цагдаа нар яах ёстойг хэн ч мэдэхгүй байсан. Ийм мэдээлэлгүй байлгах сонирхол дээрх эрх баригчдад байсан. Үүгээр далимдуулан эрх мэдлээ, сүр хүчээ гайхуулах юм бодоц­гоосон биз ээ. Ингэж бодсоноороо ч болсон. Тэр үеийн эрх барьж байсан эдгээр хүн бүхий л эрх мэдлийг эдэлж байсандаа эрдэж, мөн эрх мэдлийг минь булаачих вий гэж айсандаа зэвсэг хэрэглэсэн.

Тэр шөнө таван монгол хүний амь эрсдэж Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нар гэмгүй иргэдийнхээ цусаар гараа угаасан билээ. Цагдаа буудсан, буудаа­гүй, цагдаагийн дарга нар тушаал өгсөн, өгөөгүй хэмээн маргалдах бол ямар ч хамаагүй. Тэд хариуцлага хүлээх хүмүүс ч биш. Харин төр барьж байгаад иргэдийнхээ цусаар гараа угаасан дээрх дөрвөн этгээд хариуцлага хүлээх нь гарцаагүй. Тэд яаж ч худал суртал ухуулга хийгээд, одоо яаж ч худал матрын нулимс унагаад  иргэдээ буудсан хэргээс мултрахгүй.

Монгол Улс байсан цагт эдгээр хүмүүс түүхэнд өөрсдийнхөө эрх ямбыг хадгалж үлдэхийн тулд, МАХН-ын  эсрэг тэмцээд сайнаа үзэхгүй гэдгийг харуулахын тулд зугтаж яваа иргэдээ хөөж буудсан гэдгээр үлдэх болно. Монгол Улсын түүхэнд  дөрвөн иргэнээ нам буудаж, нэг иргэнээ боож алсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэмээн тэмдэглэгдэн үлдэх болно гэдгийг  тэд ухаарсан учир шинэ сэргэг дээр нь баллуурдан арчих бодлого баримталж байгаа бололтой. Тэд бараг гадаадын эзлэн түрэмгийлэг­чид долдугаар сарын 1-нд довтол­сон юм шиг үлгэр зохиоцгоодог  боллоо.

Үгүй дээ. Жирийн ард түмэн  байдаг л нэг жагсаал хийцгээсэн. Харин эдгээр эрхмүүд үүнийг нь анан хүлээж байгаад  ард түмнээ хядсан. Ард түмнийг шоронд хорьж цусанд нь хутгасан. Монгол төрийн ариун сэнтийд гэмгүй иргэ­дийн­хээ цусаар гараа будсан луйвар­чид байх ёсгүй. Үүнийг ч төрийн өндөр сүлд ялгаж өгч байх шив дээ.

Тухайлбал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ард түмэн яллалаа. Түүнд улс төрийн хариуцлага тооцож  төрийн сэнтийгээс нь буулгасан.  Харин С.Баярыг бурхан нь ч юм уу, буг нь юм уу нэг нь шийтгэж байх шив дээ. Ямар ч байсан тэр бас төрийн өндөр албан тушаалаасаа эрүүл мэндээ­сээ болж  буусан нь үнэн.  Одоо эдгээр хүмүүсийг төрд ойртуулах­гүй байх ёстой.  Нэгэнт улс төрийн хариуцлага хүлээсэн энэ хоёрт  одоо ард түмнээсээ уучлал гуйх л үлдээд байна.  Хэзээ уучлал гуйхыг буудуулж, боолгож үхсэн хүмүүсийн сүнс хүлээсээр, өдөр болгон өндөлзөн харж байгаа.

Харин одоо тэр үед Хууль зүйн сайд, онц байдлыг хэрэгжүүлэх комиссын дарга байсан  Ц.Мөнх-Оргил, мөн  тэр үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Ч.Амарболд нар шангаа хүртэх үлджээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрөө сайн дураараа гишүүнийхээ суудлаас татгалзан, дахиж улс төрийн алба хашихгүй хэмээн ард түмэндээ амлавал хувь заяаны шийтгэлээс мэнд мултарч магадгүй. Тэрбээр улс төрийн хариуцлага хүлээх  хүний нэг яах аргагүй мөн билээ.

Харин ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд одоохондоо ямар төрд алба хашиж байгаа биш, надад бүх юм хамаагүй хэмээн бодож яваа биз ээ. Тэрбээр хувийн хамгаа­лалтын алба байгуулсан нэр дор  хувийн тагнуулын байгууллага  босгон  ажиллаж байгаа билээ. Одоохондоо тэрбээр бүтэн нойртой хонож байгаа. Нас идэр, дарга даамлынхаа ивээлд юм бодохгүй яваа.

 Гэвч нас нь  ахих тусам  нохой шиг буудуулаад  цус сэвстэйгээ холилдон ойчиж байгаа залуу хүү зүүдэнд нь байнга ирэн зовоох биз ээ. Таны даргыг ажлаа  хийж чадахгүй байна, өөр чаддаг хүнд нь ажлаа өг гэсний төлөө та намайг яах гэж буудаж байгаа юм бэ” хэмээн тэр хүү түүнээс шөнө болгон асуух болно. Үүнээс илүү том шийтгэл гэж байхгүй.

Тэд ийм л юм хийцгээсэн хүмүүс. Төр засгийн өндөрлөгт үүрд байх юм шиг бодож, үүрд байхыг санаархаж  ард түмнийхээ өөдөөс буу тонгойлгосон нүгэлтэй хүмүүс ээ. Эдгээр хүмүүсийн нэрс  Монгол Улсын түүхэнд цусан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн.

Categories
редакцийн-нийтлэл

Үндэсний их наадамд эмэгтэйчүүдээ зодоглуулъя

Дэлхийн эн дээр ганц­хан Монголд дэнж хо­тойл­госон наадам эхэл­лээ гэж телевиз радио­гоор уянгалуулан ярих цаг ойртлоо. Сэтгэл хөв­сөлзүүлээд бас ч сайхан шүү. Тэгээд гурван үг хэ­лээд л эрийн гурван наа­дам гээд яриад эхэлнэ дээ. Байз, байз. Юун эрийн гурван наадам би­лээ. Бөх, сур, морь. Сур харваанд эмэгтэйчүүд сүү­лийн товхыг тав хий­тэл харваж түрүүлээд л, уяач хүүхнүүд ч олширсон цаг. Бас уралдаанч хүүх­дүү­дээс охид илүү ха­риуц­лагатай, тэвчээртэй. Энэ гурван төрлийг 100 хувь гэж үзвэл 66 хувьд нь эмэгтэйчүүд оролцдог, үлдэх хувьд нь дан эр­чүүдийн оролцоотой тэм­цэлддэг байхад юунд эрийн гурван наадам гэж онцолдог билээ. Энд чинь нөгөө Үндсэн хуулинд байдаг тэгш байдал, жен­дерийн асуудал зөрчил­дөж байна. Тэгээд ч гур­ван наадмын хоёрт нь эмэгтэй хүн хүч үздэг бай­хад эрийн гурван наадам гэж нэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хэн ч үнэм­шимгүй ийм нэрш­лийг цаашид халах нь зүйтэй юм аа. Зөвхөн Үндэсний их баяр наа­дам гэдгээрээ явна биз. Манжийн үеэс уламжлаг­даж ирсэн бү­дүүлэг ёсыг халж, даяар­шин буй энэ нийгэмтэйгээ хөл алхан явах нь ч зөв хэрэг болох буй.

Тэгээд ч өнөөдөр дэл­хийн их спортоос эмэгтэй хүн өрсөлддөггүй спор­тыг нэрлэ гэвэл бараг байхгүй дээ. Буудлага, морин спорт, чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийг өр­гөлт, бүр боксоор хүртэл хүүх­нүүд зодолдож бай­на. Харин манай үндэс­ний бөх, Японы сумо, Узбе­кийн кураш, америк хөл­бөмбөг гэх мэт үндэс­ний гэгддэг спортод л энэ ялгаварлалыг хатуу барь­саар иржээ. Ер нь бүсгүй­чүүд хүн биш юм уу. Наад­мын торгон ногоон дэв­жээн дээр эмэгтэй хүн гарахад бөхчүүд дургүй байдаг гээд бүсгүй зураг­лаач, зурагчин нарыг ойр­туулахгүй санаатай цаг­даа нар хажиглана. Мо­ри­ны уяа руу эмэгтэй хүн дөхүүлэлгүй, уул овоон дээр гаргахгүй гээд уламж­лал, наадам тэр чигээрээ шашинжжээ. Ша­шин шүт­­лэ­гийн эрх хэн хүнд нээлттэй боловч ша­шинжсан наадам олон эмэгтэйн эрхийг хаад­­гийг хэн ч дурдаж бай­сангүй. Ер нь Монго­лыг хяналт дарлалдаа үүрд байлгах гэсэн манж үн­дэст­ний няхуур бодло­гын дүнд бүхий л ахуй амьд­ралд маань шашны үр суулга­сан нь монгол наа­дамд ийн шингэжээ. Бас манай мал аж ахуйн дэг тэр чигээ­­рээ шашинжилт. Буянт малаа муулахдаа ч өөр арга барилаар муул­на гэдэг. Бид малаа биш өөрийгөө бодвол малыг буудаж махаа бэлдэж авах ёстой ч байж мэднэ. Манайхан сүрэг дундаас нь тоос манаруулан гүйж бариад, хүзүүгээр нь оосорлож авчраад л, гэ­рийн хаяандаа уяж бай­гаад л дээш нь харуулан өрцийг нь нээгээд гээд их л “энэрэнгүй” аллага үйлд­дэг нь өөрөө өөрий­гөө хордуулах алхам болдог. Хонь мал амьд л амьтан болохоор айдсын адре­налин хэмээх даавар ялгаруулдаг нь амь тэвчих хугацаанд  бүхий л биеэр нь тархаж орхидог. Харин дараа нь тэр махаа бүхэл бүхлээр нь чанаж иддэг монголчууд хамгийн хор­той бодис, муу мэдээлэл агуулсан хүнсээр биеэ бохирдуулж эхэлдэг би­лээ. Гэтэл баруунд мах бэлтгэхдээ малыг буудаж, эсвэл сонгодог хөгжмийн аянд маршлуулж бойны газар оруулж ирмэгц цахилгаан гүйдлээр цо­хиулан махаа бэлддэг болсон байна. Энэ нь буянт малаасаа илүү төрсөн биеэ хайр­лаж байгаа хэлбэр юм л даа. Шашинжилт бол ингэж л бидэнд нэвчиж, хордуулж байна. Одоо эмэгтэйчүүд эрийн гурван наадмаас бөхөөс бус­даар нь үзэж тарж байна. Харин үн­дэсний бөхөд нь тэднийг хавьтуулах ч үгүй юм.

Үндэсний бөхөөр эмэг­тэйчүүдийг барил­дуулдаг болцгооё. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг талд нь өсвөрийн бөхчүүд нөгөөхөнтэй нь эрчүүд, энүүхэнтэй нь эмэг­тэй­чүүд барилдаж байхад юу нь болохгүй билээ. Тэгээд ч бидэнд эмэгтэй хүн ба­рилдаж байсан түүх уламж­лал бий. Зодгоо хуучны адил битүү урла­чихаад л бүсгүйчүүдээ барилдуулахад болохгүй нь юу байна аа. Ер нь эмэгтэйчүүдийг бүгдээс дорд үздэг үзэл бага дорой үндэстэн ястанд их тод анзаарагддаг. Тунд­рын эксимосчууд, арлын малайчууд, тэгээд манайд байх шив дээ. Урьд хил хязгаараа манаж харуул зангиар захлан сууж бай­гаа гэр бүлийн хүмүүс ижил тэгш эрхтэй байс­ныг одоо хүмүүс онцол­дог. Тэднийг эр эм гэлгүй хил хязгаараа манадаг үүрэгтэй учраас хүйсээр ялгадаггүй байсан гэдэг билээ. Ер нь хүйсээр ял­гаж унагаж доройтуулах арга бол ард олныг хү­чээр эрхэндээ байлгах гэсэн сонгомол арга болж шигшигдэн иржээ. Эмэг­тэйчүүдийг үнэгүйдүүлэн хатавчинд суулгаж эхэл­сэн нь монгол үндэстнийг доройтон  буурах үетэй холбоотой. Мөн Афганис­танд ч гэсэн эм хүнийг нийтийн тээвэрт сууж ява­хыг хориглон, цагаан оймс өмсөх эрхгүй болгож байсан нь ч Талибаны засаглалын үед л өр­нөсөн. Тэгэхээр ардчил­сан Монгол Улс эмэгтэй хүн оролцдог наадмаа эрийн наадам хэмээн нэ­рийдэхээ байж, тэр ч бай­тугай зүлэг ногоон дэв­жээнээ бүсгүй хүн зодог­лохыг зөвшөөрөх цаг бол­жээ.

Бас шандаст сай­хан хүлгийнхээ хурдла­хыг харж, баясах гэж ир­дэг наадамчин олондоо хамгийн сайхан давхих тэр үеийг нь бус эцэж ядраад шогшоондоо ор­сон давхилыг нь харах боломж олгодог хурдан морины уралдаандаа ч өөрчлөлт оруулах цаг болж. Бид ердөө 30 км уралдаад эцсэн тэр үеийг нь л самсаагаа шархи­руулан харж зогсдог. Ба­раг нийт уралдсан за­мынх нь есний нэгийг гэсэн үг шүү дээ. Нэгэнт наадам хурсан олныг цэнгэн баясуулдаг боло­хоор наадамчин олноо баясгах боломжийг улам бүр хайх хэрэгтэй. Магад үүнийг уншсан олон хүн бухимдаж, сониноо ба­зан хаяж, бичигч намайг баалах биз. Гэхдээ дэл­хийн түүхэнд эмэгтэй хүн сонгуульд оролцох, сон­гог­дох эрхтэй болохын тулд олон жилийн тэмцэл өрнүүлж байсан ч шинэ зуунд эмэгтэйчүүд улс төрийг тодорхойлж эх­лээд байна. Скандина­вын орнууд, Германыг хар л даа. Өчигдөр л гэхэд Австралид эмэгтэй хүн Ерөн­хий сайд болсон бай­на даг. Хоёр гуравхан хоногийн дараа Монголд ирэх гэж байгаа Энэтхэ­гийн нэг танхимынх нь дарга бүсгүй хүн. Эдний Ерөнхийлөгч нь ч сайхан хатагтай бий. Аугаа их шашинжсан Энэтхэгийн шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

МАНАЙ ХУУЛЬ МАНИУСДАА ГОЛОГДООД БАЙХ ШИГ ЭЭ

Ерэн таван настай эмгэн 15 жилийн хорих ял авсан. Элдэв магадлан, найраа май­раа байх  биш, ялаа гүй­цээ­гээд гарахдаа  тэрбээр 110 настай байх болно. Гэвч энэ эмээ ялаа гүйцэд  эдэлж чадах болов уу. Хэр­вээ ирэх өвөл хори­хын байранд нь осгоод үхчих­вэл яах бол гэх зэрэг олон асуудал байна.

Бодвол   эмгэний  15 жилийг нь гүйцээлгүй авч явах гэсэн  эрлэгийн элч нар сайнаа үзэхгүй байл­гүй дээ. Манай шүүхий­хэн  нэгэнт   шийдчихсэн хойно ял завшуулахгүй гэдгээ  мэдэхтэйгээ бай­гаа биз. Монголын болд мэт хатуу,  дээр нь бүхий л төрлийн хууль номд нэв­тэрчихсэн шүүгч эрх­мүүд  энэ орчлонд хэнийг ч тэгж давраахгүй. Гэвч энд нэг юм байна. Хэдий­гээр ма­най шүүхийнхэн хичнээн хуулийн дагуу гэж зүт­гэсэн ч орчлон­гийн жам  тэдний үгээр явахгүй нь харамсалтай. Жам ёс манай хэдэн шүүгчидтэй шүүгчидгүй  авахыгаа авч, өгөхийгөө өгөн өчүүхэн ч тасалдал үл гарган эр­гэлдэнэ гэдгийг бид бүг­дээрээ мэдэж байгаа. Тэгээд хүний шүүхээс хэдийнээ холдон жам ёсны шүүхийн босгонд тулж очоод байгаа тэр хөгшинд 15 жилийн ял өгч байгаа нь хэн нэгнийг тохуурхаж байгаа то­хуур­­хал уу. Аль эсвэл ма­най шүүгчид ийм хөлдүү өчүүхэн ч сэтгэлийн хөдөлгөөнгүй  хуулийн “зомби” болчихсон юм уу. Эрхэм шүүгчид маань энэ эмгэнийг хэд насална гэж ял өгөөд байгаа юм бол.

 Ер нь тэгээд хаван нь тулчихсан, даралт нь хоёр зуу гарчихсан энэ хөгшин ямар хэрэг тарьчихсан хэрэг вэ. Тэжээмэл хүүгээ чаатаар захиалга өгч  хүмүүсээр алуулчихсан гэж байгаа. “Хашраа­гаад өг” гэж гуйсан ч цаад хэд нь хэтрүүлчихсэн  хэмээн өчдөг. Тэгээд одоо за­хиалгаар хүн алуулсан хэрэгт унасан. Манай шүүх ч ийм л филосо­фиор шүүгээд байгаа.

Нийгэмд чавганцыг шийтгэж харагдуулахгүй бол хүн болгон захиалга өгч, хэдэн халтар төгрө­гийн төлөө төрсөн эхээ ч нухчихаж чадах зэрлэгш­сэн залуучууд сүйд хийнэ гэж үзээ биз. Тэгвэл энэ хэрэг яг жинхэнэдээ юу болсон юм  бол.  Монгол­чуудын амьдралд ийм юм тохиолддог уу хэмээн жаа­хан л бодоход амьд­ралд хаа сайгүй байдаг зүйл л болоод өнгөрсөн биз хэмээн төсөөлөгдөж байна.

Хөгшний өвгөн нэг “золбин  юм”-ыг тэжээжээ. Өвгөнийг амьд байхад ч яахав бүх зүйл хэвийн л байж таарна. Өвгөний үгнээс гарахгүй, түлээг нь хөрөөдөж хагалаад л, усанд гүйгээд л. Өвгөн ч “төөрч төрсөн хүү минь” гэж хөөргөөд л. Харин өвгөн нь өнхрөөд өгсөн хойно л бүх юм номондоо орж эхэлсэн биз ээ. Нөгөө муу тэжээмэл нь архи­даад л тэнээд  арилаа  биз.

 Тэр чигтээ арилахгүй  ээ бас эргэн ирж   архины мөнгө нэхэж эмгэнийг  тамлахаа мэдэлгүй яахав.  Эмгэн ч бас зүгээр байх­гүй, мэргэлж түрэглээд хөөрхөн бизнес хийдэг нөгөө архичин шаарыг бодвол л мөнгө төгрөгтэй. Тийм болохоор түүнээс салахгүй эргэлддэг бай­гаа  л даа.

Сүүлдээ архинд дон­тоод эмгэнийг дээрэлхэх нь бүүр хэтрээд ирсэн л дээ, мэдээж. Тэгээд яваан­даа энэ тэнэгийн гарт үхэх нь гэж эмгэн мэдээ биз. Тэр тэнэг нь ч өдийд амьд байсан бол бараг алчих­сан  ч байж мэднэ.  Ийм л юм болоод  өдөр бүр залуу хүүгийн гарын шүүс болоод эхэлбэл амьд хүн байна даа, амьд мэнд дээрээ салахын түүс болдог юм байгаа биз дээ. Тэгээд л хэдэн хүүх­дийг гуйж байгаад эцээ­хэн шиг хашраагаад өгөө­рэй хэмээн захиа биз. Зүгээр ч үгүй эхлээд хөлсөөр хүн зодуулна гэж захиалга өгсөн гэдгийн. Өнгөцхөн  харахад яалт ч үгүй гэмт хэрэг үйлдсэн байна.

Үүнд таарсан шийтгэл ч бэлэн бичээтэй байгаа биз. Гэхдээ л ер гарчих­сан  чавганцад  хорь шахуу жилийн шийтгэл оноож суугаа шүүгчийг харахад нэг л ердийн биш юм шиг санагдаад байх юм. Хоёр жил болох­гүй шахуу настай шүү дээ гэж бодогддоггүй юм байх даа. 

Хууль ер нь амьдралд нийцэж байх ёстой юу. Аль эсвэл амьдрал нь хуулиндаа нийцэж байх ёстой юу. Хууль зохио­мол байх ёстой болов уу, амьдралаас ургуулж түүнийг бичих ёстой юм болов уу.

 Бас нэг жишээ байна. Нэг сартай нялх хүүхэд­тэй  хүүхнийг гурван жил гаруй хугацаагаар  хори­хоор бол­жээ.  Тэр ч уул нь хулгайч л хүүхэн юм билээ л дээ. Хулгай хий­гээд улаан гардуулсан. Мөн урьд өмнө нь хул­гайн хэргээр шийтгэгдэж байсан.  Нэг ёсондоо дав­тан хэрэгтэй шорон­гийнх­­ны хэлээр “на­хиур” хул­гайч юм билээ.

Ийм хүнийг шийтгэхэд мэдээж хуулийн заалт бэлэн байгаа. Эрүүгийн хуулийн төдийн төдөөр гурван жилээр хорьж ший­тгэсүгэй. Мэдээж хүүхдийг нь асран хам­гаалах хүнтэй бол түүнд нь өгөх. Тийм хүн байхгүй бол улсын асрамжинд өгөхөөр хууль ном бэ­лээхэн байж л байгаа.

Гэхдээ л хүн гэдэг амьт­­ныхаа хувьд нэг сар­тай нялх хүүхдийг харан­га­дуулаад эхийг нь шо­ронд ачих бас л ердийн биш болоод явчихаж бай­гаа биз. Энэ бүхнийг яг хуулийн дагуу л гүйцэтгэж байгаа. Хуульд  юу гэж заасан байна түүгээр шүүгчид шийдвэр гаргаж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.

Дахиад  хууль ер нь ямар байх ёстой юм бол гэсэн бодол өөрийн эрх­гүй төрнө. Манай хууль  бидний амьдралыг нэг л муухай харгис болгоод байх шиг санагдаад байх юм. Бид  хуулийнхаа үзэл баримтлалыг өөрчлөх хэ­рэг­тэй болсон бололтой. 

Бидний мөрддөг эх газрын хуулиас  англи саксоны хууль хамаагүй энэрэнгүй байдаг. Энэ хуулийг хар үгээр хэлэхэд  тухайн гарсан хэрэгтэй адил хэргийг  урьд өмнө нь яаж шийтгэж байсан байна. Тэр  жишгээр л шийдвэр гаргачихдаг гэ­сэн. Энэ бол арай л хүнлэг шийдвэр гаргахад бо­ломж олгодог. Шүүгч ту­хайн хэрэг дээр чөлөө­тэй сэтгэж, зөвтгөх бу­руут­гах гарцуудыг олж харахад ч амар байдаг болов уу.

Монголчуудын язгуу­рын зан чанар бол шу­дар­га шулууныг эрхэмлэ­дэг. Дээр нь хүнлэг байхыг шударгаас илүү үздэг ард түмэн. Төр засаг нийгэмд хэдий чинээ шударга хандана хүмүүс  төдий чинээ л шударга шулуун болж байдаг.

Төр засаг цаазаар авах ялыг түдгэлзүүлэхэд хувь хүмүүсийн сэтгэлийн мухарт байдаг төрөөс айх айдас байхгүй болж чөлөөтэй амьдарч эхлэх шиг болдог. Юунд ч юм зориг ороод амьдрах урам сэргээд ирдэг юм билээ. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэнд хонзон санаж байгаа хүнтэй би л лав тааралдаагүй байна. 

Явж явж цаазын ялыг байлгах гээд улайраад байгаа хэсэг бүлэг хүмүүс
төрийн хүн айлгах зэвсэг нь алга болчихлоо
хэмээн харууссандаа л тэгж бай­гаа хэрэг юм. Төр
айлгаж биш хүндлүүлж  удирддаг болох хэрэгтэй юм даа. Манай хууль маниусдаа
гологдоод байгааг та ан­заарч байна уу.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтраад диваажин байгуулах яалаа?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэд анх хамтрах­даа ди­ваа­жин байгуулна хэмээн амлаж байсан. Страте­гийн орд газруу­дыг ашиг­лал­тад оруул­на, хоёр сая та­ван зуун мянган төгрөг ол­го­но гэх зэргээр тэдний ам­ласан хэлсэн зүйлс маш их.

Гэвч хийсэн бүтээсэн
гэхээр зүйл энэ ажиллаж ирсэн
хугацаанд бараг байхгүй байна.
Ганц Оюу толгойн гэрээг баталж ажилд нь оруулснаас өөр зүйл
харагдахгүй аж. Харин МАХН
долдугаар сарын 1-ний хариуцла­гаас  л мултарч
гарч байх шив дээ. Одоо цаашид юм хийх  хугацаа
маш бага үлджээ. Сайндаа жил
зур­гаан сар байна. Сонгуу­лийн өмнөх хагас жилийг юун ажил хийх. Энэ
хоёр нам хоорондоо дайтахгүй
өнгөрүүлж чадвал их юм.

Нөгөө Таван толгой яасан. Хачин  сайхан юм хийнэ л  гэсэн. Страте­гийн хориод орд ашиг­лалтад оруулах яалаа.   Ер нь   яана,  яана ч гэлээ. Хамтарвал бид юүг ч хийж чадна, ард түмнийг хөл хөсөр гар амар жаргаана гээд л байв даа. Тэгвэл одоо юун жаргах хамаг тамыг нийлүүлсэн  шиг л амьдрах юм. Хэдэн цаас маань ханш нь улам унаад л. Хүмүүс улам л бухимдаад л Засгаас л юм нэхсэн, жигтэйхэн эрх хүмүүс л хөлхөлдөөд байх юм. Засаг ч гэж нуруугаа авчихсан морь шиг л хотолзож байх. Юун мөнгө, яасан мөнгө үүнээс хойш ажил хий­гээгүй байж мөнгө ав­дгийг зогсооно гээд л түс тас шийдвэр гаргачихвал цааш цаашдаа ч хэрэгтэй баймаар.  Дараагийн сонгууль эхлэх гэж байна. Юу бодож суудаг Засгийн газар, УИХ юм бол. Яваад л байна, яваад л байна дуусдаггүй ээ,  энэ  Мэнэн­гийн тал гэдэг шиг өдөр  хоног урссаар л байна, цаг хугацаа яваад л бай­на. Гараас нь юм гардаг­гүй ээ, энэ Засгийн газ­рын. Нөгөө л Оюу толгой­гоо   яриад байх юм. Тэгээд зуны хэдэн сар  амарна.  Айлчлал энэ тэр хийнэ.  Ингээд хэдий хугацаа үлдэхэв.

Хорин жил хэрэлдлээ. Одоо хамтарч авбал ер­төнцийг эргүүлж Монго­лыг босгоод ирэх юм ярь­сан яалаа. Саад болох юм алга. Жагсаж тэмцдэг Иргэний хөдөлгөөнүүд бараг байхгүйтэй адил байна. Хэдэн удирдагч  нь жагсахыг эс тооцвол шүү.  Сөрөг хүчин гээд сөрж адрах нам алга. АН, МАХН-аас өөр төр барих нам   угаас байхгүй нь тодорхой болсон.   Тэгээд юу хүлээсэн юм, юунаас айсан юм хэн мэдэхэв.

Хугацаа богиноссоор  байна. Аягүй бол Ардчил­сан нам сүүлийн хэдэн сард нь амиа бодох тактикаар засгаас гарна гээд сонгуулийн өмнө шилээ харуулна.

Таван толгойн асуу­дал нэг л урагш муутай. Хувь, хувьсгалын компа­ниуд, гадаад дотоодын улсууд нь нийлээд боо­мил­чихсон гэлтэй. Хө­дөлж өгөхгүй. Хоёр хөр­шөө гомдоохгүй,  холын гурав дахь хөршөө орхил­гүй, өөрсдөдөө ашигтай нэг тийм хувилбараар  шийдчихэж болмоор л юм.   С.Баярын хэлдгээр за-д нь “за”,  үгүйд нь “үгүй” гээд хэлчихвэл барав.

Оюу толгой С.Баярын  Засгийн газрын зорилго байсан байж. Яг үнэндээ С.Баярын зорилго ч  байсан биз. Тэр хүн ч зорилгоо биелүүлээд яв­сан. Одоо энэ С.Батболд сайдаас хүлээх юм их байна. 

С.Баяр таван төгөл­дөршил гээд бүтсэн,  бүтээгүй нэг юм яриад л байсан. Хүний юман дээр үлдсэн хойно шинэ Ерөн­хий сайд хэцүү  байгаа шиг байна. Засгийн газ­рын  гишүүд нь Ерөнхий сайдаа юман чинээ авч хэлэлцэхгүй. Энэ Засгийн үед  бензиний үнэ нэмэг­дээд, махны үнээ өсөөд, эрчим хүчний үнэ талий­лаа. Эрүүгийн нөхцөл хүндэрлээ. Хүүхэд хүчир­хийлэгчид олшров. Да­хиад л өнөө үнийн хөөрөгдөл.  Засгийн газар яах ч үгүй суугаад л бай­на. Удахгүй наадам бо­ло­хоор мах хямдард­гаараа хямдраад хотын эргэн тойронд битүү хонь майлна. Яг ноднингийнх шиг. Тэгэхээр Засгийн газар махны үнэ бууруул­сан гэнэ дээ.

Засгийн газрын тэр­гүүн бизнес ухаантай хүн. Нэг шинэ санаа сэдээд явуулбал болох л байсан.  Гэтэл хотын даргын ажил хийсэн  шүү л явах юм. Хөдөө рүү хөл ч тавихгүй гээч. Далан мянгаар шоу хийгээд л. Юунаас айгаад ингэтлээ хөдөлж чадахгүй суугаад байдаг юм.  Уг нь цаг хугацаа бага үлдсэ­нээс л айх хэрэгтэй бус уу. Хорвоо дэлхий  уужим, хийх ажил их гэдэг байх аа.