Categories
редакцийн-нийтлэл

С.Батболд Ардын намынхаа модон тамгыг сийлж барах болов уу даа

Ардын намын тамгыг
энэ намын анхны дарга С.Данзан ширээнийхээ хөлнөөс хөрөөдөж авсан модоор сийлсэн
юм гэнэ лээ. Үнэн байсан ч худал байсан ч ийм домог бол байдаг. Харин ямар ч эрсдэлтэй
юм хийдэггүй байрын ясны бизнесмэн, Монголын толгой баян С.Батболд эрсдэлтэй л зүйл
хийгээд эхлэх шиг байна. Тойрон хүрээ­лэг­сэд нь түүнийг хөөргөөд л, манай сэтгүүл
зүйн тойм бичдэг алдартай гурван авгайчуул дуу дуу­гаа аван дамжуулан он­ги­роогоод
л. Та яг С.Дан­зан шиг ганц баян нь, та түүн шиг бас баруунтан, танд  дахин Ардын намыг байгуулж түүхэнд нэрээ мөнхлөх
алтан боломж гарч ирлээ гэцгээгээд л. Сү.Батболд бол одоо харж байхад нээрээ яг
анхны дарга шиг  баян либерал, коммунист биш
хүн байна. Харвард төгс­сөн  Ц.Мөнх-Оргил,
Сү.Бат­­болд гэх залуучууд МАХН-д элсээд байхаар нь эхлээд гайхаад бай­сан. Одоо
л ойлгогдож байна. Ху намыг л ба­руунжуулж түүхэнд нэрээ мөнхлөх гэж байсан юм байна
ч гэх шиг. Мөн өөрөөсөө нэг л сонин гэрэл гэгээ гаргадаг, бас Ерөнхий сайд болсон
нь цагаа олсон аврал бай­лаа гэх зэргээр гүн хай­рын нүдээр харцгааж маг­­таал ерөөлийг
үг хайрлахгүй илгээж байна. Намын нэр үзэл бодлоо солих нь ийм амархан зүйл гэж
үү. Хэдэн юм бич­дэг авгайчуулаар магтуу­лаад л болдог зүйл үү.  Үнэхээр яг эдний хүсэж байгаагаар үгэнд нь орж
коммунистууд өөрсдийн гараар намаа устгах уу даа.

Хэтэрхий гэнэн юм мөрөөдөж
байгаа юм биш үү. Тэгээд яг сон­гуу­лийн өмнөхөн  барууны нам болоод гарч ирэх юм гэнэ. Нөгөө ху
гийхны яриад байдаг “Гарман дээр морио сольдоггүй” гэсэн алдарт афоризм л одоохон
хангинаад эхэл­нэ дээ. За яахав намын нэрээ солиод үзэл бод­лоо өөрчилье гэж саная.
Тэгвэл одоо авах гээд байгаа барууны үзэл са­нааны гол үндэс нь хүн өөрөө өөрийнхөө
амьд­ра­лыг  аваад явж чаддаг байх ёстой хэмээн
но­м­лодог. Энэ намд Сү.Бат­болдоос өөр хэдэн хүн өөрөө өөрийгөө аваад явж чадах
вэ гэдгийг бо­дож үзсэн хүн байгаа бо­лов уу. 
Амьдралаа аваад явчих хүн “Ху” намд бараг байхгүй гэхэд болно. Одоо болох
намын Их хуралд сонгогдох 800 төлөөлөгч ТҮЦ нурааж явсан хүмүүс ирэх бо­лохоос ТҮЦ-нд
сууж най­маа хийж үзсэн хүн ирэх­гүй гэдгийг бид бүгд мэд­нэ. “Ху”-гийхан хувийн
өмчийг устгаж хурааж явсан болохоос хувийн өмчтэй байж үзээгүй. Тэд Ху намаа төр
болгон ху­вир­гаж намын нэрээр төрд гаран, төрийн нэ­рээр өмч дээрэмдэж сур­сан
нөхдүүд л ирнэ шүү дээ. Үүний өмнөх МАХН-ын Их хурал хуралдаж байхад одоогийн Ерөн­хийлөгч
Ц.Элбэгдорж “800 авлигачид цугларч их хурлаа хийж байна” гэж хэлээд  хуралд ирсэн төлөөлөгчдөд “алуу­лах”-аа шахаж
билээ. Тэд­гээр нөхдүүд л одоо эргээд ирнэ биз дээ. Энэ хүмүүст “Та нар ТҮЦ ажил­луулж,
төмс тарьж намын нэрээр амьдрахаа боль” гээд хэлээд үз дээ. Ерөнхий сайдаасаа ава­хуу­лаад
багийн даргыг хүртэл намын нэрээр то­милогдож 
төрийн мөн­гийг зүгээр сууж байгаад хүртдэг хүмүүсийг ажил хийж өөрийгөө
тэжээ гэ­хэд дуртай байх уу. Зов­логоо зовоож байхаар зүгээр ороод ирдэг мөн­гөө
авч байх гэж л уурлах юм биш үү. Дарга хийгээд төрөөр тэжээлгээд бо­лоод байхад
нь өөрөө өөрийгөө авч яв гэдэг нь ер нь юу гэсэн үг вэ. Ямар ч бай бүр дурын нэгэн
засаг даргад одоо үүнээс хойш бүх юмаа өөрөө даагаад яваарай гэж хэл­бэл эрүүгээ
хуга цохиул­чихгүй салбал л их юм. Хэн ч ийм юм сонсохыг  хүсэхгүй. За яахав комму­нистууд даргынхаа үгэнд
ордог, сахилга баттай хүмүүс. Нам юу гэж шийд­нэв түүгээр л болдог. Тэ­гэх нь бүү
хэл намын шийдвэрийн төлөө амь насаа ч үл хайрладаг түүхтэй гэх зэргээр бодож болох
юм. Гэвч тэр ту­шаал өгч байгаа дарга нь өөрөө коммунист байх ёстой болно. Тэд комму­нист
даргынхаа л үгэнд орно уу гэхээс өөр даргын үгэнд тэр болгон ороод байдаггүй. Дээр
нь олуу­лаа цуглараад ирэх­лээ­рээ ямар аймшигтай хар­гис догшин хүмүүс болдог гэж
санана тэднийг. Нэг коммунист хийрхэл нь хөдөлчихвөл тэд юуг ч үл хайрлан “барьж
иднэ”. Н.Энхбаяр  намын дарга байхдаа анх
намын нэ­рийг  солих тухай ярьж эхэлсэн. Тэр
үеийн Их хурал дээр “Намын нэр солих гээд байгаа хулгайч хаана байна” хэмээн хур­лын
заалнаас төлөөлөгч ганц орилоод л  нөгөө нэр
солих  санаархлыг нам болгож билээ. Намын
нэр солих цаг нь хараахан болоогүй байна гэсэн шүү юм яриад өнгөрч байсан түүхтэй.
Ардын намын анхны дарга С.Данзан “Баруунтан болох хэрэг­тэй, бүгд баяжигтун, иргэн
баян бол улс баян” гэж хэлснийхээ төлөө на­мынхаа их хурал дээрээс шууд баривчлагдаад
Шар хаданд хүргүүлэн буу­дуулсан юм гэнэ лээ. Тэр­бээр шууд буудах гэж байгаад үнэмшихгүй
бай­саар сүүлдээ “Та нар бүүр иймдээ тулсан уу” хэмээн цөхрөн хашгирч байсан гэлцдэг.
Тэгвэл одоо на­мын нэр сольж барууны үзэл авах гэх санаарх­саных нь төлөө Сү.Бат­бол­дыг
намынхаа их ху­рал дээрээс шууд Шар ха­данд аваачаад хэв­түүл­чих байлгүй. Цаг өөр
бол­сон юм арай ч бууд­чихгүй байх. У.Хүрэлсүх­тэй ний­лээд хөөрч дав­хиад бай­гаа
юм. Мэдрэл нь мууд­чихсан юм шиг бай­гаа юм. Намын нэ­рээр сайн эмчлүүлээд авъя
байз гээд төлөө­лөг­чид түрхрэн хөдөлж мэ­дэх л байх даа. Мөн ч дэмий юм хийж байх
шиг л байна энэ Сү.Батболд. Ардын на­мын модон там­гыг ахин сийлэх хувь түүнд бий
юу, үгүй юу гэдгийг намын төлөөлөг­чид л мэднэ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

“Түүгээр явсан гайг…” буюу Алтанхуягийн уучлал гуйн нялуурах нь цагаа олсонгүй

Ардчилсан намын дар­­га, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны 20 жилийн ойн хуралд оролцож байхдаа  ард түмнээсээ уучлал гуй­лаа гэсэн мэдээлэл тарж олон түмний анхаарлын төвд оров. АН ард түм­нээсээ хоёр дахиа уучлал гуйлаа  ч гэх шиг. 37 оны хэлмэг­дүүлэлтэд юун ч олон удаа уучлал хүсдэг юм дээ. Ямар төр засаг барьж байгаа биш. Тэгээд ч АН ард түмнээ хэлмэг­дүүлсэн биш хэмээн ду­рамжхан бодож байсныг яана.

Гэтэл уг уучлал гуйсан мэдээллийг уншиж байх­наа 2008 оны дол­ду­гаар сарын 1-ний хэрэг явдалд уучлал гуйсан болоод явчихав. Бүүр засаг ба­рилцаж байгаа улс төрийн хүчний хувьд дахин дахин уучлал хүс­лээ гэнэ. Яа­хаа­раа АН долдугаар са­рын 1-ний үйл явдалд ууч­лалт гуй­даг билээ. Уг үйл яв­далд АН  ямар буруу зүйл хий­сэн болоод ууч­лал хүсээд далжга­наад  явчихваа гэсэн бодол хүн бүрт төрөх нь мэдээж. Тэгвэл ямар ч буруу зүйл тэр үед хийгээгүй гэдгийг Мон­голын ард түмэн бай­ту­гай дэлхий даяараа мэднэ.

АН хүн
буудах шийд­вэр гаргаж жирийн таван иргэнээ буудаж амь насыг нь хохироогоогүй. АН гэм зэмгүй энгийн  иргэдээ үзэл
бодлоо илэрхийлс­нийх нь төлөө хоморго­лон яллаж шоронд явуу­лаагүй.

Ийм учир хэн нэгнээс АН уучлал гуйх шаард­лага үгүй юм. Тэгээд ч 1996 онд АН намынхаа өмнөөс уучлал гуйгаагүй. Монголын төр засгийн нэрийн өмнөөс уучлал хүсэж байсныг түмэн ард мэдэх билээ.

Яагаад сүүлийн үед АН МАХН-д ирэх цохилт бүрийн өмнүүр хөндөл­сөн нийгмээс ирэх до­ромжлол шүүмжлэл бү­рийг ингэж өөртөө авдаг болоод байна вэ. Бууд­сан хүний өмнөөс буу­дуулсан нь уучлал гуйж байгааг ингэж ойлгохоос өөрөөр яаж ойлгох юм. Одоо хүн бүрт өгнө гэж МАХН-ын амласан сая таван зуун мянган төг­рө­гийг бас л АН-аас болоод өгөөгүй гэж хэлнэ. Тэгэх ч гэж Сангийн сайдаа АН-аас тавьсан. Байсхийгээд л С.Баяр­цогт гүйж гарч ирээд улс орны санхүү тааруу байгаа тухай улиг­лаад байгаа чинь цаагуу­раа ийм учиртай. Сон­гууль болоод ирэхлээр “Одоо бид ялж дангаараа засаг барьмагцаа нөгөө мөнгөө яг өгнө. Сая С.Баяр­цогтод мөнгөө мэдүүл­чих­сэн  чинь мөнгө дуу­счихсан гэж худлаа ярь­саар бай­гаад өгүүлээгүй. Байсан байна лээ. Бид ялж га­раад өөрийн хү­нээр сан­гийн сайд хийл­гэж  амла­сан мөнгөө бөө­нөөр бэл­нээр нь өгнө” гэж хэлээд л гараад ирнэ. Ингэж цохилт бүрийг нь хааж бүх л лайг нь үүрэн үүрэн хамтарсан засагт байх хэрэг юу байна вэ.

 Бүүр хөөгөөд байхад нь гарахгүй шүү. Чуулган дээр УИХ-ын МАХН-ын бүлгийн гишүүн С.Бямба­цогт “Та нар тэгээд сон­гууль дөхөхлөөр МАХН муухай гээд л зас­гаас гараад явчихна шүү дээ” хэмээн хэлж билээ. Үүнийг сонссон АН-ын гишүүд дургүйцэн тан­химд шуугиан үүсэхэд  АН-ын дарга Н.Алтанхуяг сандарсан байртай “Бид огт тэгж бодоогүй байна. Сонгууль хүртэл хамтар­сан Засгийн газарт байна гэж шийдсэн” хэмээн хэл­сэн. Тэгэхэд нь нөгөө ги­шүүн нь “Хөөсөн ч гарах­гүй юм байна л даа” хэ­мээн даапаалж байсан билээ. Тэгэхэд “Ингэж доромжилж байж хам­тар­сан засаг барьдаг юм уу” гэж хэлээд хурлаа хаяад гарчих  ганц ч гишүүн гараагүй юм. Бүүр гөлөг царайлан дуугаа хураацгааж байсан. Тэд­ний өмнөөс ардчиллыг амь насаараа дэмжиж явдаг олон түмэн гишүүд нь хүний нүүр харж ча­дахгүй болтлоо ичиж билээ. Бас нэг жишээ татъя. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр  АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө ажлыг тайлаг­наж байгаад “Олон до­лоон юм донгосмооргүй байна” гээд хэлчихсэн юм. Үүний түрүүхэн нь Шадар сайдын ажлыг шүүм­жилж байсан Д.Тэр­бишдагва гишүүн өөрий­гөө донгослоо гэж байна хэмээн ойлгож жиг­тэйхэн их уурлаж билээ. Тэгээд  “Хэн донгосдог гэж. Би юу” хэмээн орилоход АН-ын дарга өөдөөс нь дуугаа на­мсган байж “Би өөрий­­гөө дэмий юм дон­госож та бүхнийхээ уурыг хүр­гэчих вий гэж байна аа” хэмээн хэлж байж билээ.

Ингэн ингэн өөрс­дий­гөө доромжлуулан, мөн өрсөлдөгч намынхаа өм­нөөс зуйрганах хэрэг АН-д байгаа юм уу. Ер нь Н.Алтанхуягийг хэн дол­дугаар сарын нэгний өм­нөөс уучлал гуйн нялуур гэсэн юм бэ. Уучлал гуйх нь буруутай хүний үйлдэл билээ. Тэгвэл долдугаар сарын нэгний үйл явдалд АН буруутай болж байна уу. Тийм биш ээ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. АН энэ хэрэгт ямар ч буруу байхгүй. Харин энэ ууч­лал гуйсан үйл явдлыг намын даргын бодлого­гүй ч юм уу аль эсвэл зориуд бодлоготойгоор ард түм­ний өмнө АН-ыг буруутай мэт харагдуулах гэж хийсэн алхам  гэж үзэж байна.

Мөн л МАХН дээр ирэх ард түмний цохилтыг багасгаж, өөрсдийнхөө нэг муу албан тушаалыг хадгалж үлдэхийн тулд АН-ыг л золиосолж бай­гаа хэрэг юм.  Ингэж “хөнд­лөнгөөс хөлөө” гэг­чээр бусдын өмнөөс зуйр­­ганадаг долдой хүнийг Монголын ард түмэн үз­дэггүй юм.

Тэр тухай өчнөөн төч­нөөн зүйр цэцэн үг гаргаж үр хойчдоо ийм амьтныг  жигшүүлэхийг зорьж ир­сэн байдаг. Үүнээс ганц нэгийг нь  дурдвал “Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр энэ муу одоо юу юм” гэж хэлдэг. “Түүгээр явсан гайг үүгээр гэгчээр энэ одоо яаж тэнэгтэж байгаа юм” гэлцдэг. Дээр нь “зул­гуйч хүн зулгаа барна, зуудаг нохой шүдээ  барна гэдэг энэ дээ” хэмээн шоолдог.

 МАХН-д хүргэн орж хүчээ өгөөд зогсохгүй хаа хамаагүй юман дээр на­мынхаа нэрийг барьж хадмынхаа өмнөөс  ууч­лал гуйн саймширч бай­гаа ийм амьтдад зориул­сан доромж үг байдгийг Н.Ал­танхуяг дарга та мэ­дэх үү. Ийм хүнийг харсан Монголын ард түмэн  “Хазгар хүргэн хадамсаг” гэдэг юм шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хүүхнүүд улс төрд хүч түрэхээр бэлдэж байна

Саяхан
ардчилсан эмэгтэйчүүд даргаа сонгох гэж бөөн юм болов. Эмэгтэйчүүд гэхээсээ илүүтэй
эр­чүүд хор найруулж энэ сонголтод хичээнгүйлэн оролцсон гээч. Гэх­дээ тэр хурлын
үр дүнгийн талаар ярих гээгүй ээ. Үйл явц нь юу өгүүлэв гэдэг нь сонин байгаа юм.
Өмнө нь энэ албанд очих хүн олддоггүй байсан гэх юм билээ. Одоо харин эсрэгээр эмэгтэйчүү­дийн
улс төр нийгмийн оролцоо шаггүй болсныг, үүнийг нь эрчүүд гярхай мэдэрсэн нь харагдаж
байна л даа. Өмнөх сонгуулиар хүүхнүүд гучин хувийнхаа квотыг  эрчүүдэд зүгээр л дээрэмдүүлж парламентаас парламентын
хоо­ронд улс төр дэх хүүхнүүдийн тоо цөөрч чуулганы танхимд шингэн дуу сонсогдох
нь бүр багассан. Монголын парламентын түүхэнд өнгөрсөн сонгуулийнх шиг цөөхөн бүсгүй
сонгогдсон түүх байхгүй. Хуулиндаа гучин хувийн квотыг оруулах гэж 2007 оны арванхоёр­ду­гаар
сард ярьж байх үед хоёр намын эрчүүд хошуу холбон бөөрөөрөө нийлж суух нь ихэсч,
ширээ ширээ хэсч, хүүхнүүдийг “жийсэн”. Өөрөөр хэлбэл улстөрч эрчүүд бүсгүйчүүддээ
нуруугаа харуулж нүүрээ буруулсан  билээ.
Дараа нь сонгуулиар  өрсөлдөхөөр гарч ирсэн
цөөхөн хүүхнүүдээ элдвээр нь хэлж хар пиар явуул­саар өөрсдөө ялж санаа нь амарч
авсан даа. 

Харин
ирэх сонгуулийн өнгө арай өөр болох шинжтэй болчих­лоо. Хүүхнүүд улс төрд хүчтэй
оролцохоор ханцуй шамласан нь  саяхан болж
өнгөрсөн ардчилсан эмэгтэйчүүдийн хурлаас харагдав.  Ардчилсан намын фракцууд ч ёстой л нэг идэвхжих
шиг болсон. Эрчүүд бүр илүү идэвх гарган 
эрээ цээргүй хүүхнүүдийг  тал тал тийш
нь чангаалаа.  Хаа очиж тэр ятгал­гад хүүхнүүд
унаагүй,  аль нэг фракцаас зүтгүүлээгүй Ц.Оюунгэ­рэл
мөрийн хөтөлбөрийнхөө давуу­гаар  заалыг эргүүлж
чадсан юм. Тиймээс энэ удаа хүүхнүүд эрчүүдийн ятгалгаар биш өөрс­дийн сонголтоор
удирдлагаа сонголоо. 

Эрчүүдээс
ялгаатай нь бүсгүй­чүүд бид хор найруулахдаа муу ч хов ярихдаа гаргууд. Байгалийн
өгөгдөхүүн гэмээр хов ярих чанар нь бүсгүйчүүд биднийг сул дорой болгодог. Бас эрчүүд
шиг хор найруулахаар үдэш оройн цагаар хаа нэг газар биллиард цохин,  ширээний ард “зуун грамм”  татаад суух нь үгүй.  Бүсгүй хүн ар гэрийн­хээ ажлыг амжуулж суух зуур
эр­чүүд бүх тохироогоо хийчихсэн хүүхнүүд тоглоомын гадна үлдсэн байдаг.  

Энэ
удаа хүүхнүүд эрчүүдийн тоглоомын дүрмээр биш өөрсдийн дүрмээр тоглох нь бололтой.
Тийм­дээ ч саяхан ардчилсан эмэгтэй­чүүд ардчилалтай сонгууль явуулж чадсан бол
удахгүй МАХН-ын ардчилсан социалист эмэгтэйчүү­дийн холбоо хуралдахаар төлөв­лө­жээ.
Тэд мөн л удирдлагаа шинээр сонгох тухай 
ярих  гэнэ лээ. Одоогийн дарга Д.Алтай
Хүний эрхийн комиссын даргад нэр нь явж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Харин
Ардчилсан социа­лист эмэгтэйчүүдийн холбооны дараагийн даргаар Эрүүл мэндийн дэд
сайд Ж.Цолмон хүчтэй яригдаж байгаа сураг сонсогдоно лээ.

Энэ
бүхэн хүүхнүүд ирэх сон­гуу­лиас өмнө бэлтгэл ажилдаа хүчтэй орж байгаагийн илрэл
болов уу.  Байгууллагаа батжуулж аваад  улс төрд 
алхам хийхээр зэхэж буй нь илт. Зарим нам квотын асуудлыг намын дүрэмдээ
тусгана гэж бай­гаа ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэгээд ч өмнөх гашуун турш­лага
байгаа болохоор хүүхнүүд эрчүүдийн амыг харж суухгүй биз.

Одоо хүүхнүүд аль нэг нам гэлтгүй хөдлөх  цаг иржээ. 
Эрчүүдэд найдвал молигодоод өнгөрөх магадлал өндөр. Тиймээс хүүхнүүд минь
эр хүнд итгэхээр өөрсдөдөө л найдсан нь өлзийтэй юм шиг байна.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан намд шинэ фракц мэндэлж, хамтарсан Засгийн газар ганхана

Хамтарч
засаг барьж буй МАХН нь Бага хур­лаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ард­чилсан
намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэл­лээ. МАХН-ын хувьд  дүр­мээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй. Түүнийгээ
гарч ирсэн цагаас нь дагавар хүүхэд мэт ад шоо үзэж ирсэн. Харин Ардчилсан нам албан
ёсоор өөрс­дийгөө фракц хэмээн зар­лах нөхдийгөө хэрхэн хүлээж авах бол. Ард­чилсан
намын ҮЗХ-ны хурал намын дүрмийн дагуу удахгүй болно.  Үүнээс өмнө МоАХ өөрс­дийгөө албан ёсны фракц
болж буйгаа зар­лах аж.

Хэдийгээр
энэ нам  олон фракц бүлэглэлтэй  гэгддэг ч албан ёсоор зарласан анхны фракц нь
энэ болох юм.  Бидний сайн мэдэх  Ардчилсан хүчний холбоо, Алтан гадас хэмээх томоохон
фракц гэгддэг бүлэглэ­лүүд нь төрийн бус бай­гууллага гэдгээр өөрсдий­гөө зарлаж
гарч ирсэн байдаг. Алтан гадасын хувьд Монголын хөгж­лийн төлөө гэсэн уриатай гарч
ирж байсан. Ардчил­сан хүчний холбоо нь дан ганц Ардчилсан намынх гэхэд хэцүү бөгөөд
хол­боондоо аль ч намын гишүүнчлэлтэй хүн байж болно гэдгийг зарлаж нэгэнт олонд
ил болсон билээ. Гэвч Ардчилсан хүчний холбооны 70-80 хувь нь МоАХ-ны гишүү­дээс
бүрддэг. 

Албан
ёсоор зарлах МоАХ фракцид  С.Эрдэ­нэ, З.Энхболд
нар баг­таагүй юм байна. Мөн МоАХ-ны зарим хэсэг бо­лох Кроун мэтийн бүлэг­лэ­­лүүд
үүнээс үүдэлтэй  байхгүй болж магадгүй.

МоАХ-ныхны энэ алх­мыг
“Алтан гадас”-ыг шахаанд оруулах нэг томоохон алхам гэж ойл­гож болох талтай. Түүнч­лэн  АН  даргаа
солих нь, хамтарсан засгаас гарах нь гэсэн дуулиан нэг үе гал дээр тос нэмсэн мэт
газар аван дүрэлзэж байснаа  намжсан. Харин
одоо болох үйл явц  энэ бүхнийг оргүй биш
гэдгийг нотолж байна.

Categories
редакцийн-нийтлэл

АМАРЧ БАЙГАА БУУРЫН АЙЛДВАР

Улс төрийн хүрээнийхэн Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг улс төрөөс эгнэгт зайлсан хэмээн ярилцаж байв. Түүнийг намдаа нэр хүнд байхгүй болсон. Үүний ба­талгаа нь дүүргээс намын бага хуралд ч нэр дэвшиж чадаагүй, намын бага хурлын гишүүн болох гэж чадлаараа чардайгаад бараа­гүй гэлцэж байв.  Ингэж дүгнэгч улс төр ажиглагчид дүгнэлтдээ үнэм­шин одоогийн “ХУ” нам болон АН-уудын толгойд байгаа “тонгогор” Бэгбаатаруудыг “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчийн үлгэр болох нь уу. Юунаас нь айсан юм бэ. Н.Энхбаярыг шалгуулаач хэмээн шавдуулдаг байлаа. Түү­нийг шалгахад саад болоод байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, са­дангийнх нь банди Д.Сундуйсүрэн нарыг АТГ-аас авч хая гэлцэн шуугилдаж байв. Үүнд шүүгч нарыг дайчил. Түүний томил­сон шүүгч нар одоо Энхбаярынхаа эсрэг ажиллана. Яагаад гэвэл хүн юм чинь араа бодох байлгүй гэлцэн онолдож байсныг яана. Гэвч энэ бүхэн бүгд худал, улс төрийн сэрүүн зүүд байсан аж.

 Улс төрийн хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “үхсэн буур” биш байжээ. Юун үхэх, бүүр амьдаар барахгүй “амарч байгаа буур” байсныг баталсан үйл явдал бол­лоо. Саяхан өөрийн нь хувийн мэдээллийн хэрэгсэл  болох “Зууны мэдээ” сонин дээр намын шинэч­лэлийн тухай МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээс гаргасан тунхгийн талаар айлд­вараа хайрлаж улс төрийн хувьд үхсэн биш амьд буур гэдгээ зарлан тунхаглав. Нөгөө алдарт Бин Ладен Тора Борагийнхан хадан хавцлаас үе үе “Аль Жазейра” телевизээрээ мэдэгдэл хийн танга­раг нэгт лалын  шашинтнуудынхаа зүрхийг үхүүлдэг шиг дээрх мэ­дэгдэл “Ху” намын хулчгар хулгайчуудын өмдийг нойтогнуулж байна.

Уг мэдэгдэл бүхэлдээ  нэг на­мынх­ныгаа занаж  зүхсэн, ач тусыг мартаж  увайгүйгээр урваж шарвас­ныг нь сануулсан, өс санаж  дором­жилсон мөн басамжилж сүр­дүүлсэн өнгө аясаар дүүрэн байна.  Ерөнхийдөө намын дарга, Ерөн­хийлөгч асны мэдэгдэл намын үзэл баримтлалаа солиход айхтар эгдүү­цжээ. Тэрбээр намдаа бай­гуулсан өөрийн гавьяагаа дурдах­даа 1996 онд ялагдаж хэн ч тоохоо больчихоод байсан энэ намыг би босгож Ардчилсан социалист үзэл­тэй болгосноор ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үзэл ба­римт­лал намд ердөө ч гай болоогүй. Харин намыг толгойлж яваа та бүхний худал амлалт, бузар булай үйл ажиллагаа намын нэр хүндэд нөлөөлж байна гэсэн. Мөн цааш нь айлдахдаа “Ардчил­сан социалист үзэл нь залуучуудад таалагддаг үзэл” хэмээжээ. Залуу хүмүүс сур­галтын тэтгэлэг, орон сууц, ажлын байр зэргээр дутмаг байдгаас нийгмийн халамжийг түлхүү мө­рөөддөгийг энүүгээрээ хэлсэн бололтой.

Үндэсний ардчилсан үзэл баримт­лал авах талаар тэрбээр  “Ард иргэд ахуй амьдралаа өөрөө шийдэх болох нь. Энэ зорилт залхуу хүн ядуу байдаг гэсэн барууны үзэл баримтлал баримт­лагчдын хэлдэг үгтэй уялдан хол­богдож байна. Ард түмэн ахуй амьдралаа өөрөө дээшлүүлэх зорилго дэвшүүлж байгаа бол МАХН ард түмний өмнө хүлээх үүрэггүй болжээ” хэмээн халаг­лажээ. Энэ юу гэсэн үг вэ. Ард түмнийг үргэлж ядуу байлгах гэсэн энэ  намын үнэн нүүр царай хараг­даж байна. Мөн ядуу иргэдийг өөд нь татаж сонгуульд жижигхэн юмаар хууран амархан ялж байх тухай санаашрал юм. Дээр нь  ард түмэн өөрсдөө хөл дээрээ босвол тэдэнд нам гэдэг илүү ачаа  ямар ч хэрэг байхгүй гэдгийг ухаарах болно гэсэн айдас юм. Ард түмэнд хэрэг байхгүй болтлоо намаа ши­нэчлэх хэрэг байна уу хэмээн Ерөн­хийлөгч асан асуужээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энх­баярт МАХН чухал болохоос  Мон­голын ард түмэн чухал биш ажээ. Мөн ямар нэг шалгарсан манлай нам болон удирдагч улс орныг авч явдаг. Түүнээс ард түмэн өөрсдөө юу ч хийж чадахгүй гэсэн хуучин коммунист үхширсэн үзэл эндээс “ханх тавьж” байна. Мөн намаасаа гаргасан тунхаг бичгийг “Энэ тунхаг бол даажигнал, олон түмний ан­хаар­лыг төөрөгдүүлэх бодлого биш байгаасай” хэмээн найдаж байна гэжээ. Гэвч тэрбээр найдаж чадалгүй цааш нь үнэмшээд үр­гэлж­лүүлээд л явчихжээ. Тунхаг гаргасан хүмүүсийг ихэнх нь миний гараас нь хөтөлж улс төрд оруул­сан шавь нар минь байгаа тул будилснаа залруулах буй за гэж найдаж үүнийг айлдав. Мэдэхгүй чадахгүйгээсээ болж ийм бол­чимгүй юм ярьж байх шиг байна. Би эргээд улс төрд орж та нөх­дийгөө зөв зүйтэй замаар залж залруулахад бэлэн байна гэж аян­га буулгажээ. Хэрвээ хэлээд байхад санаатайгаар буруу замаар будаа тээх гэж мугуйдлан  зүтгээд байвал хохь чинь болно шүү гэдгийг мэ­дэгдэж надтай санал нийлэх хү­мүүс олон байгаа гэж сүрдүүлсэн байна. Ийнхүү амарч байгаа буур айлдвараа хайрлажээ. Байхгүй хойгуур нь зүүний үзэлтэй намыг нь хулгайлж аваад барууны үзэл­тэй нам болгох гэж санаархсан Сү.Батболд, С.Баяр гэсэн барууны оппортунистуудад байх газар байх­гүй болж балрах өнгөндөө орлоо.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН

-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТСАН МАХН-ЫНХАН НЭРЭЭ СОЛИОД АРИЛААД ӨГВӨЛ АН ГАНЦААРАА ҮЛДЭНЭ-

Монгол Улсын түү­хэнд хүссэн хүсээгүй гар­гасан амжилт, гарзадсан амь, их бүтээн байгуу­лалт бас будлиулж хэл­мэгдүүлж явсан түүхээрээ МАХН шиг жин дарж, зин­даа тогтоох улс төрийн нам үгүй. Гэтэл одоо энэ намынхан бараг нэгэн зууны түүхээсээ татгал­заж нэрээ солих гээд эхэл­лээ. Их хэлмэгдүү­лэлтийн үед үр хүүхэд нь хүртэл эх эцгээсээ тат­галзаж, овог нэрээ өөр­чилж байсан шиг тэртээ хориод онд өвгөдийнхөө байгуулсан МАХН-аас өнөө цагийн залгамж­лагчид нь татгалзаж эхэлж байна. Улс төрийн намуудын хувьд нэрээ сольж, нэгдэж хувьсч бо­лох ч тодорхой шалтгаан цаг үеийн өөрчлөлт байн­га нөлөөлж байдаг. Со­циалист тогтолцоо зад­ран унаж, монголчууд замнах замаа өөрөөр тогтоож байх түүхэн цаг үед МАХН нэрээ өөр­чилж, хувьсгалт гэсэн үгнээсээ татгалзаж бай­сан бол ойлгож болох байлаа. Харин одоо нү­дэнд ил харагдах тухайл­сан нөхцөлгүй атлаа МАХН нэрээ өөрчлөхөөр илт яарч байна. Хамтар­сан Засгийн газрын ав­тор нь болсон тэд  МАХН нэрээсээ хуйлран зугтаж байхад АН-ынхан л ган­цаараа юуг ч мэдрэхгүй, юуг ч ойлгохгүй эзэнгүй арал дээр суугаа мэт авирлах нь сонин. Улс төрийн намуудын үйл ажиллагааны хамгийн том шалгалт бол сон­гууль байдаг. Ард түм­нийг нүдгүй чихгүй мэт бодож, эрх мэдлээ хэт­рүү­лэн  нэгэнт саналаа өгсөн бол бандан тас гэж аашилж байх үед хэн ч юу ч хэлэхгүй байх ч сон­гуулийн маргааш өдөр л газар хатуу байдгийг дэн­дүү сайн ойлгуулчихдаг билээ. Одоо тэрхүү шал­галтын өдөр дөхөж бай­гааг арай олон оймс элээж, унаж, босч үзсэн ах намынхан анзаараад нүхээ малтаж байна. Ха­рин хүний барьсан гэрт орж суучихаад учраа мэдэхгүй байгаа хүргэн мэт АН-ынхан алмайтсан хэвээрээ л. Аягүй бол хоосон буурин дээр үл­дэж цэвэрлэгээ хийсээр хоцрох дог оо. Ард түмэн дөрвөн жилийн өмнө өг­сөн саналынхаа үр дүнг харж, дүнгээ тавихад бэлд­сээр сууна. Хэрэв сонгуулийн үйл явцад булхай ороогүй л юм бол хүмүүс МАХН-д дийлэнх саналаа өгсөн байгаа. Тиймээс МАХН-ын ам­лаж байсан амлалт, хэлж байсан зүйлс хэрхэн бие­лэгдсэнийг шалгаж таа­рах байх. Бас хариуцлага тооцох ч байх. Нөгөө талаас стандарт бусаар байгуулагдсан ч гэсэн цаасан дээр албан болго­сон Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбө­рийн биелэлтийг харна гэх хүмүүс ч байх биз. Гэвч нөгөөх амлаад бай­сан, Хамтарсан Засгийн газрын голлох хүч болсон МАХН нь нэрээ солиод алга болчихвол нэр нь хэвээрээ үлдсэн АН дээр ял нь бууж таарна. Харин үүнийг АН-ынхан мэдэрч ча­дахгүй байгаа юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм уу 20 жилийн ойгоо тэм­дэглэхэд л анхаараад гүйгээд байх юм.

Ямар ч улс төрийн намын гол зорилго нь төрийн эрх мэдлийг авах явдал байдаг. Төрийн эрх мэдлээ дангаараа авч чадвал бүх тоглоом тэд­ний дүрмээр явна. Эрх мэдэл нь ч тэдэнд, бас хариуцлагаа ч тэд үүрнэ. Бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Гэвч АН 2008 оны мажоритар тогтол­цооны сонгуулиар дээрх боломжийг авч чадаагүй. Тэгсэн атлаа сонгуулийн булхай, долдугаар сарын 1-нд ардчилсан гэгдэх Монгол оронд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр буудуулан нас барсан хүмүүсийн хэргийг бос­голгүй дарах хуйвал­даа­ны төлөөсөнд Хамтар­сан Засгийн газарт багт­сан түүхтэй. Алдаа гар­гасан ч алдаагаа засч чаддаг байх нь хамгийн чухал чанар гэгддэг. Тэг­вэл АН-ынханд гаргасан алдаагаа засах боломж байна. Засгийн газрыг хянах хэмжээнд тэнцүү нөхцөлөөр Засгийн газ­раа байгуулж чадаагүй­гээс хойш хариуцлагаа хамтдаа хүлээнэ гээд байх нь ч утгагүй. Тэгээд ч хамтарсан Засгийн газ­рыг байгуулсан МАХН, АН хоёрын МАХН гэдэг нам нь нэрээ солиод алга болчихвол АН л хамаг ял дээр нь үлдэнэ.

АН-ынхаан,  үүнээс нь өрсч та бүхэн Засгийн газраасаа гарвал яасан юм бэ. Сонгогчдынхоо хүссэнчлэн сөрөг хүчнээр ажиллах ёстой гэсэн даалгавраа гүйцэтгэж эхэлбэл ямар вэ. Хэзээ ч үгүй байснаас хоцорсон нь дээр гэсэн утгатай зүйр үг англи хэлэнд бий. Түүн шиг хоцорсон ч гэсэн сөрөг хүчний ажлаа хийж эхлээч ээ. Түүнээс сон­гогчдын даалгавар, на­мынхаа жирийн гишүү­дийн итгэл үнэмшил, да­раа дараагийн сонгуу­лийн үр дүнг золиослоод жонон царайлаад яваад баймааргүй байна. Ба­руун түмэн, Зүүн түмэн гэж нэрлэгддэг ч зүүн гараас л хаан ши­рээнд эзэн суу­даг, баруунаас зүүн рүү л абшиг татвар урсдаг бай­сан билээ. Хамтар­сан Засгийн газар нэртэй ч өнгөрсөн жилүү­дэд МАХН зүүн гарынхан байж, та бүхэн ганц жононтой дагаж хошгирч ирлээ. Тиймээс АН-ын­хан Хамтарсан Засгийн газар гээд эн тэнцүү эрх, эн тэнцүү хариуцлага гэсээр хоосон буурин дээрээ хоцорч үлдэхээ­сээ өмнө сэрэх хэрэгтэй.

Монголчууд хэзээнээс хээрийн боохой дагаад явчихсан гэрийн нохойд дургүй байдаг. Хээрийн амьтнаасаа түрүүлж, гэ­рийн нохойг хороох ёстой ч гэлцдэг. Тиймээс АН-ынхан хамтарсан Зас­гийн газар гэж хөлөө хугалах гээд гүйсээр байх юм бол ирэх 2012 оны сонгуулиар хамгийн тү­рүүнд булшлагдах аюул­тай юм. Энэ тоглоомд оролцсоноороо АН-ын гишүүд Засгийн газарт багтсан ба багтаагүй  гэд­гээрээ хагаралдаж эхэл­лээ. Ирэх сонгуульд улс төрийн намынхаа хувьд амжилт гаргах итгэл үнэм­шил намын гишүүдийн хувьд ч ардчиллыг дэмж­дэг олон мянган хүмүү­сийн хувьд ч алга бол­чихлоо. Хүний буурин дээр хоцорч үлдэхээсээ өмнө сэрээч ээ, АН-ын­хаан…

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хэн ч “БУРУУГҮЙ”

Талд дураараа бэлч­дэг малаасаа нэг их ялгагдахааргүй болчихож дээ,  бид. Хууль хэрэгжих энэ тэр тухайд бол ярих ч юм байхгүй.   Ялангуяа албан тушаал, мөнгө хоёрт Монголын хууль үйлчилнэ гэж үгүй. Говь-Алтай, Увс, Дорно­говьд монголчууд хоо­рондоо эсвэл хятадууд­тай буу­далцаж гэнэ. Өвөрхан­гайд   бүсгүй хү­нээр архи авчруулж ирээд хамт наргисан цаг­даа шөнө дунд уур нь хүрээд хаяад явчихсан гэх. Тэгээд үлдээд хоцор­сон өнөөх эмэгтэй хувц­саа тайчаад нүцгэн нас барчихсан байдаг. Аягүй бол амь алдсан бүсгүй буруут­наар тодроод өн­гөрнө биз. Зам  тавина гэж тендерт ялсан компаниуд нь хугацаандаа ажлаа дуусгахгүй гэрээгээ зөр­чөөд араас нь баахан гомдол ярилаа.   Гурилын наймаачид санаан зор­гоор үнэ өсгөөд “хохь нь” гэнэ. Харийн гийчид ду­раараа газар нутгийг минь сэндийчээд хэн дур­тай нь монгол хүнийг нохой мэт алж л байдаг. 

Шүүхийн шинэтгэл явуулна гэхээр ямар нэг байдлаар хуучнаар нь байлгах гэж үзэж тарна.  Асуудал шийдүүлэх гэ­хээр УИХ дээрээ очоод гацчихна. Үйлдэл дээрээ баригдсан баримттай асуудлыг ч шалгаж байна гээд чимээ алдруулна.

Хонгор сум хордохоор буруутай эзэн нь яаж байгаад ч юм Их хуралд сонгогдчихно. Долдугаар сарын нэгэнд хүн буу­дуулж үхвэл  хэн буудсан нь олддоггүй. Түмний  өм­нө болсон мөртлөө шүү. Монголын хууль гурав хоногт гэдэг байсан бол одоо ганц ч өдөр хэрэг­жихгүй.  Бүх юм буруугаар  яваад байхад буруутан эзэн хэзээ ч олдохгүй. Төр засаг ч “буруугүй”, түмэн олон ч “буруугүй”.  Буруу бүхэн бусдын буруу. Бу­руутан тодорхой атлаа хэзээ ч тодорхой бус болж үлддэг.

Улстөрчид нь сонгуу­лиас сонгуулийн хооронд шоу хийж, сонгогчдыг уя­раан, солиором амлалт өгч ард түмний нэрийн өмнөөс баахан “ажил хийсэн” гэж тунхаглаад явж байгаа.        

УИХ завсарлаж, улс­төрч гэх нөхөд нийтээрээ амралтаа авчихсан яваа ч  улс төрийг унтчихсан гэж бодож болохгүй нь. Хөдөөг голдуу зүглэсэн улстөрчдийн ар худар­гаар нь экс хүн х /икс/  ажиллагаа явуулж мес­сэж шидээд орон зайг нь эвтэйхэн ашиглаж байна. Хамтарсан нэртэй Зас­гийн газрыг өнөө мөдгүй  унах нь гэж зарлан,  Ардчилсан нам даргаа сольж, гарман дээрээ морио  юүлэх талаар ч чих дэлсэх болов. Харин энэ талаар хариулт өгөх ёстой нөхдүүд үүнийг үгүйсгэж буй. Гэвч хам­тарсан Засгийн газар Таван толгой, Оюу толгой дээр хамтарсан шигээ ураны асуудалд   ямар байр суурьтай байгаагаас шалтгаалан улс төр нэлээд өөр болох тухай яригдаж эхэлсэн.  Энэ бүхэн яаж шийдэгдэж, хаашаа ч эргэлээ  гэсэн  улс орон эзэнгүй мэт цаг хугацааг элээж байна. Хөл толгойгүй энэ үйл явдалд  эзэнгүй Мон­голын хэн ч “буруугүй” бололтой.

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн дүрмээр л тоглоё

Хөрш   зэргэлдээ бо­лоод ч тэр үү, хоног хү­рэхгүй ойрхон газар бай­даг урд хөршийгөө бид  гадаад улс гэж тооцохоо  больчихсон бололтой юм.  Байсхийгээд  л  манайд үйл ажиллагаа явуулж байгаа өмнөд хөршийн иргэдтэй нэгийгээ үзэлц­дэг болж. 

Хамгийн сүүлийн жи­шээ хэлэхэд Дорноговь аймгийн Айраг суманд өн­гөрсөн 
хавар хята­дууд­тай байлдаантай
кинонд тог­лож байгаа мэт үйл явдал болсон 
талаар ма­най сурвалжлагч очиж газар дээрээс нь мэдээлж бай­сан. Энэ үеэр хятад ком­панийн нэг нөхөр мон­гол залууг машинаар
дайрч амь насыг нь хо­хироосон харамсалтай
явдал бол­сон.  Гэтэл хэд хоногийн
өмнө
Увс айм­гийн Өм­нөговь суманд Хятадын хөрөнгө
оруу­лалттай ком­панийг 
ашиг их олж байна гэж манай нинжа нар дай­раад хоёр дахь долдугаар сарын нэгэн болох шахсан юм байх.

Чухам яагаад гадны олон компаниуд  үйл ажил­лагаа явуулж бай­хад манайхан дандаа хятадуудтай “дайтаад” байна. Нөгөөдүүл нь ч бүдүүлэг юм, манайхан ч дутах юм алга. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийг нь дагаж,   усыг нь уувал ёсыг нь дагах нь зүйн хэрэг. Тийм атал  тэд бас тэгж чадахгүй бү­дүүлэг­тээд монголчуудын цө­сийг хөөргөж  зодолдож нүдэлдэхдээ хүрнэ. Нөгөө талаас  муу л бол урд талын хар овоохой гэг­чээр манайхан ч гэсэн чаддагаараа хөршийн­хөө хэдийг ноолж  үзэж тараад байдаг.  

Манайд хөрөнгө оруу­лагчид гээд хуучин цагт бол нэрийг нь ч сонсч байгаагүй улс орнууд гар сунгах болсон.  Тэд ма­найд хөрөнгө оруулж бай­гаа нь гээд зүгээр нэг бэлэг өгөөд явахгүй нь ойлгомжтой юм. Зах зээ­лийн хуулиар хэн хэний­гээ гомдоохгүй, авсан өг­сөндөө өлзийтэй байх зарчмаар  л байвал хө­рөнгө оруулагч нөхөдтэй ойлголцоход асуудал алга. 

Герман, Канад, Япон, Америкийн  компаниудыг хөрөнгө оруулагч. Хаяа нийлүүлдэг Хятадыг хө­рөнгө оруулагч биш гэвэл бас л эндүүрэл болно. БНХАУ-ын хувьд ч манай томоохон хөрөнгө оруу­лагчийн нэг. Хятадтай манай бизнесийн салбар олон талаараа уялдаа­тай байдаг. Манай томоо­хон хөрөнгө оруулагч. Харин тэд Монголын хуу­лийг сахиж байна уу, ма­найхан хуулиа мөрдүүлж чадаж байна уу гэдэг бол өөр асуудал.

Харамсалтай нь ха­рийн хүнээр хууль сахиу­лах тухай ярих нь бай­тугай өөрсдөө бид хуулиа  уландаа дэвсдэг боло­хоор хүний хүн хүрэн бөөртэй байх нь аргагүй ч юм шиг. 

Тиймээс  урд хөрштэй дэлхийн дүрмээр л тоглох нь аль ч талдаа аюулгүй. Ганцхан Монголд гадаа­дын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуул­даггүй. Дэлхийн олон улс орон уул уурхайн хөрөнгө оруулагчидтай ямар дү­рэм, ямар стандартаар ажил­лаж, хууль журмаа хэрхэн сахиулж, ямар шаардлага тавьж ажил­лаж, тэр улсын хуулийг  хөрөнгө оруулагч бай­гуул­лагууд яаж хэрэг­жүүлж буй туршлагыг бас судалж үзэх хэрэгтэй юм.  Дэлхийн зарчмаар л хө­рөнгө оруу­лагчидтай ха­рил­цах хэрэгтэй. Хята­дуудыг ч бас тэр зарч­маас хазайхгүй байхыг шаардъя. Тэдэнтэй ч хө­рөнгө оруулагчидтайгаа харьцдаг дэлхийн дүр­мээр тоглоё. Ингэж байж л хөршүүдийн  бүдүүлэг байрыг нь болиулъя.  Ин­гэ­вэл монголчууд бид ч Хятадыг түнш юм уу, хө­рөнгө оруулагч гэдгээр нь шаардлага тавина уу гэ­хээс  сэтгэлийн хөөр­лөөр зодоон нүдээн хийж, хэн нэгэн гэмгүй монгол залуу үүний золиосонд амь насаа алдахгүй, амьд­ралынхаа төлөө зүт­гэж яваа хэдэн арван за­луу баривчлагдаж хориг­дох хэрэг гарахгүй л болов уу.

Categories
редакцийн-нийтлэл

Мартаж болдог, донгодож шийтгэдэг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Эхнэрийнхээ унадаг
машин, хүүгийнхээ ху­вийн компани, өөрийнхөө зар­сан машины орлого, байр, байшингаа
хүртэл    мартчихдаг хүмүүсийг юу гэж нэрлэх
ёстой юм бол.  Эндээс харвал Монголын төрд
баахан уймраа, мар­тамхайчууд ажилладаг  бололтой
юм. Төрийн албанд ажиллаж байгаа л бол хариуцлагаа мэдэж орсон орлого, үл хөдлөх
хөрөнгө, хадгаламж дахь хэдийгээ бүгдийг 
үнэнээр нь олон нийтэд мэдүү­лэхээр хуульчил­сан. Энэ нь авлигаас ан­гид
байх чухал алхам. Эрх мэдэл авлига руу хөтөлдөг бо­лохоор л төрийн албанд ажиллаж
буй эрх мэдэлт­нүүдээс ийм баримт шаарддаг. Харин манай  төрийн ал­бан хаагчид  хөрөнгө ор­ло­гоо мэдүү­лэхдээ март­чихдаг, эсвэл
мэдээгүй­гээсээ гэж тайл­барладаг. Мартамхай биш гэж мар­гах дээрээ тулбал  нуун дарагдуул­сан байж таар­на. Чухам яагаад
нуув гэдэг л нөгөө авлигаас эхтэй бус уу. Аль ч талаа­раа төрийн ал­банд тэн­цэхгүй
нь тодор­хой бай­на. Нуусан ч бай, мартсан ч бай хууль зөрч­сөн гэмт үйлдэл.
Нуун
дарагдуул­сан тэр хөрөн­гө нь   улсад хэдий
хэм­жээний хохи­рол учруулд­гийг тооцож гаргах юм бол овоо дориун юм болно. Ер нь
өөрт байгаа юмаа март­чихдаг нөхөр чинь улсын ажил хийхдээ юу ч март­даг юм хэн
мэдлээ. Тө­рийн албанд тэнцэхгүй нь шууд л нотлогдох ийм үйлдлийг тухайн үеийн дуулиан,
хэвлэлийн мэ­дээлэл төдийхөн бол­гоод өнгөрөөд байх уу гэдэгт л асуудлын гол байна.
ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц,  ШШГЕГ-ын
дэд дарга Т.Батболд, Баянгол дүүр­гийн Засаг дарга Л.Амга­лан, Сан­гийн яамны газ­рын
дарга нар, МИАТ-ийн дэд дарга Д.Эрдэ­нэ­би­лэг гээд нэ­лээдгүй хүний нэрс мар­тагсдын
энэ дараалалд жагсана.

Авлигатай
тэмцэх бай­гууллага бий болсон цагаас хойш 
л бүгдийн  мэдэх томоохон  авлигач­дыг 
илрүүлж чадаагүй ч хаа очиж хамгийн сайн хийсэн ажил нь   хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн “жижигхэн” дарга
нарыг бол хагас дутуу ч гэсэн барьчихаад байгаа юм. Ерөнхийдөө нэг яамны газрын
дарга,  түүнээс арай бага албан тушаал­тан,
дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шидсэн торонд торж үлддэг гэх үү
дээ. Эднээс дээш албан ту­шаалтны авлигын хэрэг сөхөгдвөл шууд улс төржөөд явчихна.   Аль нэг намын харьяалалтай томоохон албан тушаал­тан
бол    УИХ дахь бүхэл бүтэн бүлэг хөдөлгөөнд
орж намын нэрээ сэв­тээх­гүйн төлөө хамгаа­лалт хийнэ. Эсвэл нөгөөх нь  яг шийтгэгддэгийн даваан дээр өршөөлд хамрагдчихна.
Ийнхүү өнөөдрийг хүртэл томоо­хон албан тушаалтны авлигын хэрэг санаатай аз тааруулснаар  юм уу, сайн улс төржсөний ачаар чимээ алдардаг.
Ингээд жижигхэн дарга нарыг авлах ажил Ав­ли­гатай тэмцэх газрын амт­тай өгөөш болж
үлддэг. 

Хууль
зөрчсөн ийм нөхдүүдийг Авлигатай тэмцэх газар шүүхгүйгээс хойш   зохих ёсны газарт нь албан бичиг явуулна. Бичиг
хүлээж авсан нөгөө байгууллага нь харин даажинтайгаар хариуг нь  барина. Хууль зөрчсөн албан хаагчаа  сахилга­гүйтээд  аяга  хагалчихсан  хүүхэд мэт толгойг нь илж, сахилгын шийтгэл гээ­чээр
аргалаад  өнгөрдөг болжээ. Эсвэл орлогоо мартсан
болохоос нуу­гаагүй гэж ийм шийтгэл оноодог юм болов уу. Авлигатай тэмцэх газрын  хийсэн “том” ажлыг  ингэж л үгүйсгээд байгаа юм.

Энэ
байдлаараа Мон­гол Улс авлигаасаа ангижрах биш улам ав­лигажих нь тодорхой.  Хэрэв улс төрждөггүй, том, багаар нь ангилдаг­гүй,
хийсэн ажлаа дор­витойхон шиг гүйцэтгэдэг, хууль нь хэрэгждэг бол    Авлигатай тэмцэх газар шиг ажилтай байгууллага  Монголд лав байхгүй байх­сан. Дээр нь сахил­гын
шийтгэлээр л арга­лаад байх юм бол авлига авах, хөрөнгө орлогоо нуух гэдэг чинь
дэггүй жаалын үйлдэлтэй л адил юм байна. Ийм шийт­гэлтэй юм бол ор­логоо нуусан
ч яадаг юм гэж зарим нь барьцаж л таараа.

Мартаж болдог, дон­го­дож
шийтгэдэг хөрөнгө орлогын мэдүүлэг хэрэг­тэй ч юм уу.  Иймхэн шийтгэл оногдуулахын төлөө баахан мэдүүлэг
авдаг нүсэр том бүтэцтэй, Авлигатай тэмцэх бай­гууллагын хэрэг байдаг ч юм уу. Үгүй
ч юм уу.

Categories
редакцийн-нийтлэл

Тэд харлах тухай бодож эхэлжээ

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДУГААРЫГ НЬ ХУДАЛДАЖ АВЪЯ, ВИЗИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ
ӨГНӨ ГЭСЭН БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЭРГЭЛДЭХ БОЛСОН ГЭНЭ-

АНУ-д
аялангаа ажил­­лах хөтөлбөр буюу “Summer Work and travel”-ийн хүрээнд АНУ руу зорчсон
оюутан за­лууст ажил олдохгүйн улмаас хэзээ ч хийж үзээ­гүй хар ажлаа хийж, хэд
хэдээрээ гудас хаясан өрөөнд хо­ног төөрүүлж байгаа та­лаар манай сонин мэ­дээлж
байсан. Манайд суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Мон­голын хүүхэд залууст эрх чөлөөний
орныг үзэж, нүд тайлах болом­жийг олгосонд олон хү­мүүс баярлаж байгаа. Харин энэхүү
ажлыг ха­риуцан гаргасан компа­ниуд гэрээ хэлцлээ на­рийн хийгээ­гүй­гээс, ашиг
хонжоо харж хариуцла­гагүй ханд­санаас, манай залуус ч АНУ явж ажил хийж мөнгө олно
гэсэн бодит амьд­ралаас та­сар­сан гэгээн мөрөөдөл­тэйгээр тэнд очсоноос үйл явдал
таагүйгээр эргэчихээд байгаа. Эхний нэг сард хэрхэхээ мэдэх­гүй барьц алдаж байсан
хүүхдүүдэд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс тусалж, онлайнаар зар тарааснаар өөр
өөрийн байгаа газар­таа ганц нэгээр нь татаж авч бай­гаа талаар тэнд бай­гаа эх
сурвалж ярьж бай­сан. Бас хоноглох га­зартаа төлөх мөнгө­гүйгээс барьц алдаж буй
хүүхдүүдийг ч хоёр, гур­ваар нь гэртээ амьдруулж байгаа хү­мүүс цөөнгүй байгаа юм.

Оюу­тан залуусыг
газар үзүүлж, зуны хэдэн сард ажлын амтыг мэд­рүүлэх тө­лөвлөгөөтэй ажлаа эхэл­сэн
ч бүгдийг нарийн тооцолгүй, хэдэн төгрө­гийн илүү харснаар үүс­сэн энэ таагүй байдал
сүүлийн үед өнөө бай­гаа­гаасаа ч илүү ноцтой болж магадгүй болоод байна. Учир нь
АНУ-д очиж газар үзэх, нутаг оронтой танилцана гэд­гээсээ илүү мөнгө олж ирэх мөрөөдөлд
автсан хүүхдүүд газар дээрээ байдал өөр байгааг мэд­сэн. Харин тэд үлдсэн сар­­даа
боломжийн ажил­­лаж, газар үзээд ирэхийн оронд тэнэг алхам хийх гэж байгаа тухай
сонстох болсон нь харамсалтай. Сүүлийн үед дээрх хөтөл­бөрөөр очсон залуус ту­хайлсан
цагтаа нутаг бу­цахгүй, харлахаар шийд­сэнээ өөр хоорондоо ярих болжээ. Энэ нь тэнд
байгаа монголчуудын  эрх­лэн явуулдаг вэб
сай­туу­дад байгаа материал түүний дор бичигдсэн санал сэтгэгдлээс ч ха­рагдаж байгаа
юм. Эцэг, эхчүүд нь хүүх­дүүддээ газар үзүүлж, ажлын зах зухаас амсуу­лахаар явж
байгаа гэд­гийг нь хэлэ­хийн оронд чухам л гадны оронд очиж, мөнгө цаас олж ирнэ
гэсэн мөрөөд­лийг нь хөөрөгдөөд явуул­чихсан бололтой.

Нөгөө талаас хөдөөд амьдар­даг эжий, ааваа­саа өн­гөрсөн хав­рын
ноолуу­рын хөлс, хо­тод амь­дар­даг бол толгой хорогдох байрных нь гэр­чилгээг барьцаанд
тавь­чихсан хүүхдүүдийн ху­вьд гэр бүлдээ том “шатаалт” хийсэн. Харин тэд үүндээ
шаналан бу­руу алхам хийхээр ший­дэж эхэлжээ. Монгол хүүх­дүүдийн хувьд 18 нас хүрч,
нас бие гүйцсэн хүмүүс. Гэтэл АНУ-ын хуу­лиар бол бү­хий л бо­ломж нь хаалт­тай
хүүх­дүүд. Тэнд 21 нас хүрээ­гүй бол тодорхой хэм­жээнд хуу­лийн ха­риуц­­лага хүлээх
чад­вар­гүйд тооцож, архи тамхи хэрэглэх эрхгүй байдаг. Талын Монгол­доо таа­ваа­раа
байсан хүүхдүүд хууль чанга, бас өөрсдийг нь насанд хү­рээгүй хүүхдүүд гэж тооц­соор
байгаа тэр нийгэмд очоод барьц алдаж, ша­халт хавчилтад орсон мэт са­нагдсаныг үгүйсгэх
ар­га­гүй. Үнэндээ тэр насны­ханд жинхэнэ дураа­раа дургиж, томчуудаас ду­тахгүй
том авирладаг нөхөд байдгийг хатуу ч гэсэн хэлэх л хэрэгтэй.

Одоо ээж, ааваасаа хол, их мөнгөөр шатаж, түүнийгээ олж чадахгүй
нь гэсэн айдаст автсан, мөн хар бор ажил хийж, ходоодондоо хоол хий­хийн хэцүүг
мэдэрсэн хүүхдүүд алдаа эндэгдэл гаргаж, буруу алхам хийх вий гэдэг нь гол анхаарах
асуудал болчихоод байна. АНУ-д амьдарч байгаа монголчууд тэ­дэнд хоёргүй сэтгэлээр
тусалж байгаа ч олны олон дунд өөр сэтгэлээр яваа хүмүүс байгааг ч хэлэх хэрэгтэй.
Учир нь сүүлийн үед “Summer Work and travel” хөтөл­бөрийн хүрээнд АНУ-д очсон хүүхдүүдээс
нийг­мийн даатгалын дугаарыг нь буюу Social Security Number-г нь авъя гэсэн хүмүүс
вэб сайтуудад зар тавих болжээ. Нэг талаас харахад энэ нь гар дээрээ тавих мөнгөгүй
байгаа хүүхдүүдэд хял­бараар мөнгө олох бо­ломж гаргаж өгөөд зүгээр ч юм шиг. Гэвч
үүнийг дагалдах сөрөг тал нь дэндүү ихийг ан­хаарах хэрэгтэй. Улс төрийн амлалт
болсон хэдэн төгрөгөө тарааж өгөхийн далимд иргэний бүрт­гэлээ хийх гэж байгаа Монгол
Улстай маань алсын АНУ адилгүй. Тэн­дэхийн бүртгэлийн тог­тол­цоо нь маш нарийн,
энэ дугаарын бүртгэлээр л хүмүүсээ хянаж байдаг. Хэрэв уг дугаараа арил­жих юм бол
өөртөө маш том эрсдэл дагуулна гэсэн үг. Тухайлбал уг дугаарыг ашиглан нэ­рээр нь
ажилд орж, жолооны үнэмлэх авч, нийгмийн халамж болон эрүүл мэн­дийн үйлчил­гээнд
хам­рагдан бүр банкнаас ч зээл авч болдог ажээ. Америкчууд бол энэ ду­гаа­раа хүнд
зарах бүү хэл маш нарийн нууцалдаг гэх юм билээ. Мөн энэ дугаарыг хууль бусаар хэрэглэж
байгаа хүмүүст ч хатуу шийтгэл ногдуул­даг аж. Торгохоос гадна муж ул­суудын хуулиасаа
шалт­гаалаад 5-10 жи­лийн хорих ял сонсгодог гэсэн. Хариуцлагагүй компаниу­дын гайгаар
АНУ-д хаягдсан хүүхдүүд хөлөө олохгүй байгаатай зэрэг­цээд тэдэндээ таар­сан бизнес
ч  өргөжиж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын
нь дугаарыг нь худалдаж авъя, мөн визийг чинь өөрчлөөд өгье гээд дор бүртээ үнэ
ханш тогтоож байгаа су­рагтай. Гэвч энэ хөтөл­бөрийн хүрээнд ажилла­хаар явсан хүүх­дүүдийн
хувьд визний ангиллыг нь өөрчилж, тэнд суралца­хаар юм уу, ажиллахаар болгож болохгүй
гэдгийг мэдмээр байгаа юм. Хүүхдүүд яа­хав, хэн нэгний хэлсний зоргоор итгэж байж
хэдэн доллараа өгөөд явуулна, харин өнөөх хүмүүс нь хэдэн сарын дараа бол­сонгүй
гэх юм бол хууль ёсны хугацаа нь ч дуус­сан байж таарч, визийн зөрчилтэй харлагч
болж таарна. Эдгээр хөтөлбө­рөөр явсан залуусын хувьд ажиллах хугацааг нь зааж,
үүнээсээ гуч хоногийн хугацаанд АНУ-д үлдэж аялах боломж олгож байгаа нь ажил­лаад,
аялах гэсэн тэр хөтөлбөрийнх нь утгыг илэрхийлж байгаа хэрэг. Заасан хугацаа­наас
хэтрүүлж ажиллаж болохгүй бөгөөд энэ то­хиолдолд SEVIS-ийн мэ­дээллийн санд бүртгэг­дэж
визний заалтыг зөрч­сө­нөөр виз нь шууд хүчин­гүй болох юм билээ. Мөн J-1 буюу солилцооны
аялагч ангиллын визийг “Summer Work and travel” хөтөлбөрийн хү­рээнд авсан хүүхдүүд
тэндээ үлдэж суралцах боломж­гүй. Гэвч зарим хүүхдүүд сүүлийн үед тэн­дээ үлдэж
суралцана, ажиллана гэж ярих бол­сон нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй хэрэг.
Визийн ангиллыг солих боломж байдаг ч яг зун­даа ажиллаж аялахаар ирсэн оюутнуудын
хувьд тийм боломж байдаггүй юм билээ. Тиймээс мөн­гийг нь аваад визний ангилал сольж
өгнө гэсэн бизнес хийгчид олон хүүхдийн амьдралыг үрэх болно. Түүнч­лэн Монголд
суралцаж буй сургуулиа хаяад тэнд харлан үлдвэл өөрийн­хөө ирээдүйд маш том гай
тарьж бай­гаа хэрэг болно. Дахин АНУ-д хөл тавина гэдэг мөрөөдөл төдий зүйл болж
таарна.

Манай нэр бүхий гурван компанийн гэрээ­гээр албан бус тоогоор
1200 орчим хүүхэд АНУ-г зорьсон би­лээ. Тэдний дунд хэлний мэдлэгтэй, гэрээ­нийхээ
дагуу ажлаа олж чадсан гээд болом­жийн байгаа цөөн хүүх­дүүд бий. Гэх­дээ уг хө­төлбөрийн
мөн чанараа гүйцэд ойлгоо­гүйгээс, хариуцсан ком­панийн хариуцлагагүй­гээс олон
хүүхэд хөтүүхэн хэдэн сарыг туулж байгаа нь үнэн. Нөхцөл байдал төлөвлөснөөс нь
өөрөөр эргэснээс болж цааш­дын­хаа амьдралд том толбо суулгахгүй байхыг анхаарах
нь зүй. Энэ удаад жаахан хэцүүхэн зуныг өнгөрүүлээл биз. Харин цаашдын олон арван
зуныг харлуулах алхмыг бүү хийгээсэй. Үүнийг нутагтаа байгаа эцэг, эхчүүд нь ухаж,
хүүх­дүүддээ нарийн ширий­нийг нь ойлгуулан хэлээ­сэй билээ.

Э.ЭНЭРЭЛ