Монголын
үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтарч оны шилдэг
тамирчдыг тодруулах “Бөртэ чоно” наадмыг зохион явуулдаг уламжлалтай. 2002 оноос
“Бөртэ чоно” нэртэйгээр анх зохион байгуулсан санагдана. Өмнө нь оны шилдэг арван
тамирчныг тодруулж ирсэн байдаг. Яг хэдэн оноос эхэлж спортын шилдгүүдийг шалгаруулах
болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Наяад
оны эхээр лав тодруулж байсан гэх. Дам сонсох нь ээ, “Социалист уралдааны тэргүүний
аварга”, “Улаан туузат тамирчин” ч гэнэ үү, нэг л сүрхий нэр томьёотой байж. Монголын
үндэсний олимпийн хорооныхон болоод хуучин “Спортын мэдээ” сониныхноос
тодруулахад, 1988 онд шилдэг тамирчдыг шалгаруулж байсан юм байна.
Тэр
жил Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртсэн Н.Энхбат, улсын наадмын түрүү бөхөөр
тодорч, арслан цолны болзол шинээр хангасан
Б.Бат-Эрдэнэ, үндэсний шигшээ багийн тамирчин Ло.Энхбаяр нарын хэд хэдэн
хүн шилдгээр тодорч байжээ. Харин тоо зааж арван тамирчин тодруулдаг болсон нь
1990-ээд оны эхэн үе юм байна. Шилдэг аравт улсын наадмын түрүү бөх автоматаар
ордог бичигдээгүй хуультай.
Уг
жишгийн дагуу Их хурлын эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн удаа
шалгарсан нь мэдээж. Бөхөөс гадна тухайн жилийн наадмын сур харваанд түрүүлсэн
тамирчин мөн л топ аравт багтдаг байлаа. Чойжилсүрэнгийн Мөнхцэцэг гэж бүсгүй
нэг хэсэг мандаж байсныг манайхан мэднэ дээ. Сурын тамирчин ч гэлтгүй тэр жилдээ
багахан л амжилт үзүүлэх аваас шилдэгт багтах найдлага их байлаа даа, цагийн сайханд.
Одоо бол цаг хэцүү болжээ. Зүгээр нэг харваач багтах нь байтугай, тив, дэлхийн
аваргаас медаль хүртсэн тамирчин аравт ороход төвөгтэй болсон.
За
тэгээд шилдгийн шилдэг хэн бэ гэдэг бүр асуудалтай. 2008 оны Бээжингийн олимпоос
хойш ийм болсон. Уг олимпод манайхан чинь алт, мөнгөн медалиудыг нь ихэрлүүлж аваад
сүйд хийгээ биз дээ. Тэр жил л “Өнөө жилийн “Бөртэ чоно”-оор хэн шилдэг болох вэ”
гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч, спортын сэтгүүлчид болоод олимпийн хорооныхныг
бажга авахуулсан гэж байгаа. Нээрээ хэн нь юм бэ, мэдээж олимпийн аваргатай болсон
юм чинь аварга маань байж таараа. Гэтэл манайх чинь хоёр аваргатай болчихсон шүү
дээ. Хоёуланд нь өгөх хэрэг үү, түрүүлж аварга болсноор нь Н.Түвшинбаяртаа өгөх
үү гээд юм юм л болсон санагдана.
Түүний эцэст 2008 оны “Бөртэ чоно”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар
Найдангийн Түвшинбаяр, Энхбатын Бадар-Ууган нар цугтаа тодорч байв. Уг наадмын дараа
янз бүрийн яриа хөөрөө гарч байв. Тухайлбал, О.Гүндэгмаа шилдгийн шилдэг болох
байсан. Түүнд төр засаг хөдөлмөрийн баатар цолоо өгчихөөд байхад яагаад ийм шийдвэр
гарах болов, буу баарсан нь түүний буруу байсан уу ч гэж байх шиг. Мөн Монголоос
олимпийн алт, мөнгөн медальтнуудыг төрүүлсэн байтал Д.Банди дасгалжуулагч яагаад
шилдгийн шилдэг болсонгүй вэ. Ийм л яриа олны дунд хөвөрч байлаа. Үүнийг юуны учир
өгүүлэв гэхээр өнөө жил бас л төвөгтэй болоод байгаа юм.
Энэ
онд олимп, дэлхийн аварга болж Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн
тамирчдынхаа амжилтаар бахархахын сацуу 2008 оноос өмнө “Бөртэ чоно”-ын эздээр
хэн хэн тодров гэдгийг эргэж харъя.
2002
онд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатар
анхны наадмын шилдгийн шилдгээр тодорч байжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос хүрэл медаль авсан амжилтаараа гран-при
шагналыг хүртэж байв.
Түүнд
шилжин явах цомыг нь О.Гүндэгмаа өгч байсан юм. О.Гүндэгмаа өмнөх жил нь шилдгээр
шалгарсан болохоор тэр. 2006 онд Х.Цагаанбаатар дахин шилдгийн шилдгээр тодорсон
байдаг. Харин 2005 онд гавьяат тамирчин Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од нар шилдэг
болж байв. 2007 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
хүртсэн Э.Бадар-Ууган “Бөртэ чоно” гардсан түүхтэй.
2010
онд Монголын тамирчдын үзүүлсэн амжилтыг эргэн нэг харъя. Олимп, дэлхийн аваргуудын
дараалсан буухиаг харж, бахархан суусан хэнд ч болов спортын шинэ эрин үе эхэлж
байна уу хэмээн бодогдсон биз ээ. Үнэхээр ч тэгж бодогдохоор байлаа. Ингэхэд энэ
бар жилд монголчууд олимп, дэлхийн хичнээн аваргатай болчихов оо. Бараг л тоогоо
алдахад хүрсэн байх шүү.
Мэдэж
байгаагаар “Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас манайх мөн л
хос алтан медаль хүртэж, олимпийн залуухан хоёр аваргатай болсон.
Чөлөөт
бөхийн эмэгтэйчүүдийн 60 килограммын жинд зодоглосон, Налайх дүүргийн уугуул
Баатарзоригийн Батцэцэг олимпийн аварга болоод удаагүй байтал гимнастикийн тамирчин
Ганбатын Эрдэнэболд харайлтын төрөлд бүхнээс илүү байж төрийн дууллаа Сингапурын
тэнгэрт эгшиглүүлсэн. Тэрээр хоёр үзүүлбэрийн нийлбэрээр 15.662 оноо авч, арын
тамирчнаасаа 0.12 оноогоор илүү гарч чадсан байдаг. Ийнхүү хэний ч санаанд ороогүй
байсан гимнастикийн төрөлд олимпийн аварга төрсөн билээ. Одоо дэлхийн аваргуудаа
жагсааж үзье.
Москвад
зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аваргад 59 килограммын жинд зодоглосон Соронзонболдын
Батцэцэг бахдам ялалт байгуулсан. 1990 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт
төрсөн тэрээр чөлөөт бөхийн төрлөөр эмэгтэйчүүдээс анх удаагаа аваргын алтан медалийг
хүртэж, нэгэн шинэ хуудсыг нээсэн. “Замчин” клубийн тамирчин гэгдэх жаалхан охин
Хятад, Японы тамирчдыг илт давуугаар ялаад аварга болчихож байгаа юм.
Хорьхон
настай С.Батцэцэг ийнхүү эмэгтэйчүүдээс анхны дэлхийн аварга болсон бол мөн
л хорин настай Ц.Хонгорзул охин Герман улсын Мюнхен хотноо болсон буудлагын спортын
дэлхийн аваргаас алтан медалийг эх орондоо авчирсан.
Хийн
гар бууны арван метрийн дасгалд 78 тамирчин онч мэргээ сорьсон юм. Тэднээс Ц.Хонгорзул
383 оноогоор түрүүлж, Монгол Улсын түүхэнд дэлхийн залуучуудын анхны аварга болов.
Бас л нэгэн шинэ хуудас.
Туркийн
Кайсери хотноо зохиогдсон шатрын дэлхийн өсвөрийн сурагчдын аваргаас олон улсын
хэмжээний мастер А.Энхтуул мөн л алтан медаль хүртэж монголчуудын магнайг тэнийлгээд
авсан билээ. Охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорьсон тэрээр сүүлийн өргийн
тоглолтоо Туркменстаны шатарчин Жораева Говхертэй хийж хожсоноор дэлхийн
аварга болсон.
Тамирчдын
маань үзүүлсэн амжилт, дэлхийн аваргын буухиа үргэлжилсээр л байна. Хэдхэн хоногийн
өмнө манай эх оронд зохиогдсон оюутны боксын дэлхийн аваргаас П.Сэрдамба, Н.Төгсцогт,
Б.Түвшинбат нар алтан медаль хүртэж, багаараа тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн
билээ.
Тэгэхээр
энэ олон олимп, дэлхийн аваргуудаас чухам хэн нь өнөө жилийн “Бөртэ чоно”-ын шилдгийн
шилдгээр тодрох нь үнэн асуудал байгаа биз.
Аваргуудынхаа
тоог барагцаалахад арав хүрчихээд байна. Дээр нь жүдогийн дэлхийн аваргаас хүрэл
медаль хүртсэн Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар амжилтаараа яалт ч үгүй шилдэгт
орж ирэх нь дамжиггүй.
Жилийн
жилд улсын наадмын түрүү бөх ордог байсан бол энэ удаа хасагдаж таарах биз. Уул
нь Б.Ганбат шинээр арслан цол хүртэж, олныг баясгасан юмсан. Мөн л сумогийн тамирчдаас
бас ордог. Өнгөрсөн жил Хакухо М.Даваажаргал амжилтаараа долоод бичигдэж байсан.
Энэ онд хасагдах бололтой. За тэр сумо мумо нь дүүрч. Ер нь эндээс харахад Монголын
тамирчдын амжилт дэлхийд ямар байгаа нь тодорхой.