Categories
редакцийн-нийтлэл

Дэм болохгүй Засгийн газар дээс бариад ирлээ

Улс төрийн амлалт ихээхэн хүчтэй байдаг ажээ. Сонгууль дөхөөд ирсэн үед арьсаа хам­гаалж үлдэхийн тулд болж байгаа­гаа нураах, цаашид элдэв эрсдэлт асуудал үүсэх нь хэнд ч падлийгүй байх юм. Саяхан баталсан шинэ оны төсвөөр 805 тэрбумыг ичсэн нүүрээ хийх газар болгон тараах болсон билээ. Энэ мөнгөөр “2000 хүүхдийн суудалтай 80 дунд сур­гууль, аймаг бүрт олон улсын стандарт хангасан орчин үеийн эмнэлэг барьж, 20 мянган өрхийг орон сууцаар хангаж, “Говь” комби­нат шиг 40 үйлдвэр барьж, эсвэл Улаанбаатарын замыг бүхэлд нь шинэчлэн тавьж чадах байсан” хэмээн хэвлэлүүд эмгэнэн бичиж байна. Уг мөнгөний 700 гаруй тэрбум төгрөг нь бэлнээр тарааг­даж үлдэх 80 гаруй тэрбум төгрөг нь Хүний хөгжил сангаар дамжиж бүхий л их дээд сургуулиудад сургалтын төлбөр болж очно гэж байгаа. Өнгөрсөн намар их дээд сургуулиудыг оюут­нуудаас авах 500 мянган төгрөгөө авсанд тооцож хасаад үлдэх мөнгийг нь ав гэж дээд газраас нь үүрэгдсэн билээ. Энэ мигуйд даал­гавар нь боловс­ролын салбарын­ханд тун хатуу дөнгө болсон юм. Тэр үед төсөвт уг мөнгийг суулгаа ч уу, үгүй ч үү мэдэгдэхгүй байсан болохоор байдал бүр ч хэцүү байв. Одоо уг хөрөнгө төсөвт хүчээр хийгдсэн ч үүнийг дагаад боловсро­лын сал­бар нурахад улам ойртов. Их дээд сургуулиудад хүүхэд нь суралцаж байгаа малчинд тэнгэ­рээс хагас сая төгрөг унаж ирээд, төлбөрийг нь төлж амьдралыг нь дэмнэсэн мэт байгаа ч эргээд хамгийн аюултай галаар монгол­чууд бид тоглож байна. Улс оронд хамгийн чухал амин сүнс нь байх ёстой боловс­ро­лын салбар амлал­тын энэ шуурганд өртлөө.

Хүний хөгжил сангаас сурч боловсроход нь дэм болгож хагас саяыг өгнө гэсэн шийдвэр гарснаас хойш их дээд сургуулиудын хэвийн байдалд чичиргээ гарч эхэлсэн билээ. Төрийн албан хаагчид цалин­гаа 30 хувь нэмээд байдаг, харин энэ дайрлагад дайруулсан сургуулиуд цалин нэмэх тухай бодох ч хэрэггүй болсон. Дээрээс нь өрсөлдөөнөөр чанартай сур­галт, чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлого уг 500 мянгын дайрлагаар бүрмөсөн булшлагд­сан гэж болно. Одоо материаллаг баазаа нэмэгдүүлж, чанартай сургалтыг олгоно гэж дүвчигнэх ч хэрэггүй болж байна. Хагас жи­лийн хугацаанд багш нарынхаа цалинг арай хийн тавьж дэнжигнэж ирсэн сургуулиуд үлдэх хугацаандаа мөнгөө яаж ийгээд олоод авбал чанартай мэргэжилтэн бэлтгэнэ энэ тэр гэж сүржигнэх ч шаард­лагагүй. Зүгээр хүүхэд бүрээс ирэх 500 мянган төгрөгийн татаасыг нь аваад сууж байхад л болж байгаа юм. Бас тэр мөнгөө зовлон багатай олоод авбал шүү. Тэрхүү мөнгөө авах гэж төрийн түшмэлийн царайг харж багагүй зовно. Хэрэв хэн нэгэн албан тушаалтны ая эвийг олоогүй бол сургуулийн дансанд мөнгө орж иртлээ удна даа. Аягүй бол хэдэн цаас хариу атгуулах ч хэрэг гарч магадгүй. Уг нь хуучин хэдэн хүүхдээсээ төлбөрөө аваад явдаг байсан бол одоо төрийн гар энэ салбар руу орсноор асуудлыг бас л хүндрүүлчихэж байгаа юм.

Улс төрийн энэ шийдвэр шинэ Монголын боловсон хүчин бэлтгэх зорилготой сургуулиуддаа халтай, харин хүний бөглөөсөөр улсаас татаас аваад суух сонирхолтой диплом тараадаг жижиг сургуулиу­дад нэг талаас таатай боломж олгож байгаа юм. Одоо хэн ч өрсөл­дөөнөөр боловсролыг олгох гэж мэрийх хэрэггүй боллоо. Ийм гачлант үе Ерөнхий сайд болсон анхны уулзалтаа боловсролын салбараас эхэлж байсан С.Бат­бол­дын үед тохиодог байна шүү.  Уг нь түүнийг боловсролын салба­рынхантай анхны уулзалтаа хий­хэд нь Монголын боловсролыг шинэ шатанд гаргах боломж ирлээ гэж ирээд л өвгөн эрдэмтэд хөөрч байсан гэдэг. Гэвч сонгуулийн амлалтыг биелүүлэх болчимгүй энэ шийдвэр нь боловсролын салба­рыг моринд нь мордуулчихлаа. Энд тэндгүй “Ардын нам мандту­гай” гэж туг дэрвүүлэн давхицгаа­саар байгаад энэ Засгийн газар юу ч хийсэнгүй. Хамгийн их дэмжих ёстой боловсролын салбараа боомилоод хаячихлаа. Уг нь Төр засаг нь дэм болохгүй бол гай болохгүй байх алтан дүрмийг барьж явсан улс орон хөгжөөд байх шиг байдаг юм. Харин Монголд дэм болохгүй мөртлөө дээс бариад боомилох Засаг байх юм даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд ядуу хоосон амьдрах нь ичгүүртэй хэрэг

“Амьдрал
гэдэг энэ бурхны найран дээр турж үхэх ухаангүй­чүүд дэндүү хайран” гэж эртний нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал бол зүгээр л хүмүүн төрөлхтөнд зориулж бурх­наас дэглэж байгаа найр шиг санаг­дах удаа олон бий. Тэгвэл  найран дээр зочноор ирчихээд турж үхэх нь бас ч гэж дэндүү харамсмаар хэрэг буюу.

Амьдрал ядуу байна гэж  бид сүүлийн хорин жил ярилаа. Ингэж харам­сан ярихаар баян болдог­сон  бол өдийд монголчууд дэлхий даахгүй баячууд болохсон.  Даанч эвэр хошуулан ядуу хоосноо гайхах тусам бурхны дэглэсэн найран дээр турж үхэх гэгч нь тулаад байна. Өвөг дээдсээс үеийн үед хадгалан харамлаж бидэнд үлдээ­сэн энэ сайхан оронд  ядуу зүдүү­гээ гайхахаа одоо болимоор юм.

Арчаагүй ядуу зүдүү байгаагаа хөөрөлхөхөөсөө өмнө ямар оронд амьдарч байгаагаа эргээд нэг санах хэрэгтэй байна. За яахав цаг агаар хүйтэн л юм биз. Ганц улавч ганц агтавчтай амьдраад байж болох­гүй хэцүү байна гэж гомдоллож болох л юм. Гэвч дулаан байсан ч, хүйтэн байсан ч өөрөө хоол олж идэхгүй бол адилхан л турж үхэх биз ээ. Тэгэхээр хүйтэн гэдэг бол заавал ядуу байх  хүчин зүйл биш юм. Улаанбаатарын хонхорт утаа­тай нь үнэн. Гэхдээ хотоос гадагш ганц км явахад л тал нутгийн цэнгэг  агаар сэнгэнэж агь гангийн анхи­лам үнэр таныг угтах болно. Энэ хязгаар хярхаггүй цэнхэр талд тавиад сая мал бэлчээрлэж байна.  Тэгвэл бид дөнгөж гурван сая хүн амь хүрэхтэй үгүйтэй билээ. Ийм байж ядуу хоосноо гайхах хэрэг байна уу.  Гэхдээ би энд заавал мал маллаж амьдар гэх гээгүй байна.

Хүн бүр мал маллаж амьдардаг байсан бол одоо хүн бүр уурхай­чин болж амьдрах бүрэн боломж  байгаа.  Манай орон шиг ийм ашигт малтмалаар баялаг орон ер нь  энэ дэлхийд өөр байна уу. Монгол орны газар нутгийн гучаад хувийг судалсан, далаад хувийг судалж амжаагүй байна. Тэгвэл тэр суд­лагд­сан гучаад хувь нь манай орныг  дэлхийн ашигт малтмалаар баялаг орнуудын эхний 15-д оруулж байна. Тэгэхээр үлдсэн далан хувиас юу гарах вэ. Юу ч үгүй хоосон байхгүй нь л мэдээж. Юм бүхэн байна гэсэн үг. Ийм оронд амьдарч байж ядуу хоосноо гайхац­гаавал ёстой заяа нь гомдох байлгүй. Ямар ч байсан ойрын тавиад жил бид газар шороогоороо амьдрах ирээдүй байна.

Тэгэхээр бид уул уурхай гэдэг юмыг мэддэг болох хэрэгтэй. Мөн түүгээр амьдарч, дээр нь хөдөл­мөрлөж  сурах ёстой. Хүрз бариад амьдарч болж байна. Энэ нь уур­хайчин болох гэсэн санаа л даа. Хөдөө сумуудаар дүүрэн нинжа язганаж байгаа нь үүний л нэг хэлбэр юм шүү дээ. Гэхдээ уурхайд ажиллана гэдэг нь юу гэж түүнтэй адил байх вэ. Нийгмийн даатгал төлж, цалин нь өндөр байх биз.

Мөн уурхай эзэмшиж  болно. Энэ нь уурхайн эзэн байж босс болж амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Яагаад хаа дуртай газартаа хүрзээр гишгэхэд чулуун нүүрс гарч байдаг орны иргэд уурхайн эзэн болж болохгүй гэж. Бараг худалч хүнд сохор таамгаар хөр­сийг нь хуулахад л дээд зэргийн илчлэгтэй нүүрс сул хэвтэж байгаа юм биш үү. Тэгвэл хэдүүлээ ний­лээд нэг нь ахлаад л ухаж эхлээч дээ. Уурхай хийх нь бараг төмс тари­хаас хялбар болчихсон гэдэг яриа үнэний ортой. Эзэн байх хүсэл зоригийг нь бид өөрсдөө дэмжиж сурах ёстой.

Уул уурхайгаар амьдрах хам­гийн түгээмэл арга зам нь хувьцаа эзэмшиж, түүгээр арилжаа хийж амьдарч сурах хэрэгтэй болжээ. Үүнийг мал малладаг шигээ, хөг­шин морины наймаа хийдэг шигээ сурч дадах хэрэгтэй байна.   Бидний ярианы сэдэв уул уурхайн хувьцаа болж  айлд ороод гарахдаа  “Таван толгойн хувьцаа өсөх шинжтэй байна. Панз Лувсан ойрдоо энэ хувьцааг хамаад байдаг боллоо. Тэр мэдэж байгаа” хэмээн ярьц­гаадаг болбол бид жинхэнэ ёсоор нь сурч зах зээлд орж байгаа нь тэр юм. 

Мөн уурхай дагасан дагалдах ажил хийж барахааргүй их юм. Адаглаад л ажилчдын бээлий оёод зараад байхад л болоод явчих биш үү. Хоол хош унаа тээвэр, үйл­чилгээ цэвэрлэгээ гэх зэрэг ажил мундахгүй их гарна. Үгүй ядахдаа л уул уурхайн чиглэ­лийн хэвлэл мэдээлэл  хэд хэд байх шаардлага  бий боллоо. Хийх гэвэл бараг­дахгүй их ажил биднийг хү­лээж байна. Хуучин бол мал мал­лах, тариа тарих, төсвийн ажил хийхээс өөр юм олдохгүй байсан. Тэгвэл газрын диваажин болсон манай орны үүц задарч  хаашаа л харна ажил хөдөлмөр биднийг хүлээж байна. Ийм их баялаг ийм их боломжтой оронд амьдарч байж ядуу хоосон, гутрал гунигийн та­лаар ярих нь өөрсдийгөө ичгүүрэй байдалд оруулж байна.

Одоо зүгээр хэн хаана ямар ажил хийж болохоор байна түүн рүү дайрцгаая. Өөрөө өөрсдөдөө боломж гаргаж өгцгөөе. Бид өөрс­дийнхөө төлөө санаа тавихгүй бол өөр хэн бидний төлөө санаа тави­на гэж.

Таван толгойн тийшээ нүүцгээе.  Оюу толгойд бууж хашаа хатгая. Ухаа худагт дөхөж очъё. Олон овоотод нутаглая. Тавих гэж байгаа төмөр зам, тавьж байгаа засмал замыг нь бараадъя. Одоохондоо хүрз бариад зүтгэе ээ, хүмүүс ээ. Удаж төдөлгүй л техник бариад хөдөлмөрлөх болно.

Уул уурхайн гадна дотны эздэд захих ганц л юм энд бий. Монгол­чууд бид эх орондоо байгаа эрх чөлөөтэй хөдөлмөрчин ард түмэн шүү гэдгийг л хатуу санаж байх ёстой. Хаана дуртай газраа ажилд орох эрхтэй, эрхээ хамгаалуулах төртэй  ийм л ард түмэн бид. Түү­нээс энд тэндээс цагаачилж, оргож босож  ирсэн, иргэний эрхгүй,  идэх хоолоор ажилладаг хүмүүс бид биш билээ. Ийм ялгаа заагийг харж мэдэрч сурах нь хаа хаанаа хэ­рэгтэй. Бид ямар гадаадад хөлсөөр ажил хийж байгаа биш. Эхлээд монголчууд, дараа нь гадаадын хөлсний ажилчид.

За тэгээд “нөхдөө” бурхны дэглэн тавьж байгаа найр
ямар байна. Танд зөвхөн гараа хөдөл­гөөд
л найрын тавагнаас идээ авч идэх л дутуу байгаа бус уу.

Categories
редакцийн-нийтлэл

Толгойгүй МАХН, бөгсгүй МАН

МАХН МАН болсон гэсэн чинь үгүй бололтой юм. МАХН-аас МАН гэдэг толгой нь тасарч, МАХН хэмээх бөгсөн бие нь үлдчихээд ана мана үзэл­­цэж байна. Ингээд их биегүй толгой, толгойгүй бие хоёрын ширүүн тэм­цэл лавтай дараагийн сонгууль хүргэх нь. Ер нь тэгээд их бие, толгой хоёр салчихсан байхад бүтэн гэсэн ойлголт үгүй болно. МАХН-д үлдэгсэд бөгсөн биений толгой болооч хэмээн Н.Энхбаярыг ха­даг барин гуйж, Н.Энх­­баярт толгойгүй ч гэсэн хүйтэн бөгс тэврэх хувь заяа ногдож байх шиг. Ингээд Н.Энхбаяр морь унасан толгойгүй хүн болж МАХН-аа ма­наж, У.Хүрэлсүх Сү.Бат­болд тэргүүтэй биегүй тол­гой­нууд МАН-аа салгаж ав­лаа. Ингэснээр тэд сон­гуу­лиас өмнө хуваагд­лаас болж сон­гуульдах янзтай.   

Шарын шашин Мон­гол нэвтэрч байх үед Гом­богүр бурхныг залж ав­чирч явсан нөхөр халам­цуу явсан уу яасан ха­галж унагахад бөгсөн бие нь үлдэж, цээжин биеийг нь авчирч залсан  гэдэг. Бас болоогүй ээ, “Дуртай толгойг нь аваад явъя, дургүй бөгс нь эндээ үл­дэнэ биз гэж хэлж байсан гэдэг. Өөр нэг хувилбар нь бурхан залж явсан хэдэн хүн зам зуур амраад хөд­лөхдөө залж яваа Гомбо­гүр бурхнаа тавьсан газ­раасаа авах гэтэл наалд­чихсан мэт газраас хөн­дий­рөхгүй байж гэнэ.  Тэгэ­хээр нь “Дургүй бөгс нь эндээ үлдэнэ биз, дур­тай толгойг нь аваад явъя” гээд сэлмээр цав­чиж аваад цээжин биеийг нь авчирч залсан” гэдэг. Одоо энэ МАХН, МАН-ын хуваагдал тэр  бурхныг залж ирсэн дом­гийг санагдуулаад байгаа юм. У.Хүрэлсүх тэр сэ­лэмддэг нөхөртэй ч адил юм уу гэж бодогдохоор. 

Дуртай толгой нь МАН болж, дургүй бөгс нь МАХН-аараа ингээд үл­дэв. Хувь тавилангийн шоглоом гэж үүнийг хэл­дэг байх. Хэдэн дарга нар нь дагалдагсдын хамт МАН болж, анхан, дунд шатныхны ихэнх нь МАХН-аараа үлдсэн энэ түүх хол замыг туулж ир­сэн Гомбогүр бурхны хувь заяатай их төстэй юм.  Бурхан ч яахав бөгсгүй толгойтой залагдаж бол­дог юм байна. Харин нам яадаг бол доо.

ГЭДСЭНДЭЭ ЖИЙЛЦСЭН АН

АН-ын хувьд толгой бөгсөөрөө хуваагдчихаа­гүй ч гэдсэндээ бол хөлөө жийлцээд эхэлсэн. Н.Ал­тан­хуягийн эсрэг Ард­чилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболд тэр­гүүтэй нөхөд, дээр нь сүүлийн үед намын дар­гынхаа заналт дайснаар тодорсон С.Эрдэнэ нар  нэг талд зогсож байгаа.  З.Энхболдын талд за­луус жагссан гэдэг нь ч анхаарал татаж байна. Намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ээл­жит бүх их хур­лыг хурал­дуулах санал­тай намын нөхдийн сана­лыг хүлээж ч авч буйгаа илэрхийл­сэн. Магадгүй намын дар­га нь ээлжит бус их хур­лыг хуралдуу­лах тал дээр өмнөхөөсөө арай нааш­тай байр суурь­тай болсон юм байл­гүй. Намын ээл­жит бус хурлын төлөөх энэ байдал намын ши­нэч­лэл яригсдыг эв нэг­дэлтэй байхыг са­нуулж байна. Хамтарсан Зас­гаас гарах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлц­сэнээр  намын ши­нэчлэ­лийн тө­лөөх нэг том ал­хам болох биз. 

Ээлжит бус хурал ху­ралдуулах тал руугаа ч Ардчилсан нам явчих­лаа. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лын уйтгарт хурал дахин болохгүй байх. Өрсөл­дөгч гол нам болох МАН залуусыг хайр найргүй элсүүлж ирэх сонгуульд залуусын саналыг авах гэж буй үед залуустай нэгдсэн З.Энхболдын бод­лого ч бас зөв юм.  Гэдсэндээ хөлөө жийл­цэх яах вэ.  Гол нь гэдсээ өвтгөхгүй байх хэрэгтэй.

Categories
редакцийн-нийтлэл

Баян хүнийг балаг тойроосой

Бид социализмд хүрэхээр мө­рөөдөж  явсан тэр сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна л даа. Зах зээлийн нийгэмд идээшиж өгөхгүй,  гайгүй яваа нэгнээ  үзэн ядаж, ядуу хүнийг бол өөгшүүлээд л. Баян хүнд  болж өгвөл дарамт нэмж, ядуу хүнийг хайр найргүй халамжаар хангах тухай ярих юм. Америкт Билл Гейтс шиг болохыг хүсэгчид, Дональд Трамп шиг болохыг мө­рөөддөг. Тэд баян байлаа гээд ард түмэн нь ад  үздэггүй юм байна. Төр засаг нь түлхэхгүй байна. Тэднээр бахархаж, үлгэр дуурайлал болгож байна.

Ядуу хүн өнөөдрийн талхаа бодож байхад баян хүн илүү ихийг бүтээхийг хүсч байдаг.   

Монгол Улс ядуусаа  тэжээвэр сүрэг болгож байгаа. Тэглээ гээд тэжээврүүд ханадаг билүү. Мар­гааш нь илүү ихийг л хүсч эхэлнэ. “Ам руу орох хоол өг” гэнэ, хоолыг нь өгвөл “Халбагадаад өг” гэнэ. Халбагадаад  өгвөл “Зажлаад өг” гэх биз. Д.Пүрэвдорж гуайн хэлс­нээр ийм “дээлтэй сүрэг”-нүүд нь  шударга хөдөлмөрөөрөө өндийж боссон, ганзаганаас эхэлж, өв­лийн хүйтэнд даарч, зуны халуунд хөлсөө дуслуулан, олсон хэдээ чулуу болгож, томоохон компанийн эзэн, боломжийн сайхан амьдрал­тай бусдад ажил олгоод яваагаа  даанч нэг үзэн ядах юм. Тархиа ажиллуулж,  гараа хөдөлгөж, хөл­сөө дуслуулж байж  олсон мөнгө илүү амттай. Ингэж өндийсөн сайхан амьдралтай хүмүүс байна. Баян байлаа гээд тэд буруутай юм уу. 

Ядуу байх гэдэг өөрөө шагнал биш. Дээр нь манайхан ядуугаасаа ичихээ байж. Бах таваа хангаж ирээд л гомдол хэлж ядуугаараа түрий барихыг нь яана. Орой зурагтаар иргэд болж бүтэж бай­гаа юм ярихаасаа илүү болохгүй, бүтэхгүй байна гээд хөмсөг ати­руулан, духаа үрчийлгэн зовлон тоочдог. Хэрэв хэн нэгэн болоод бүтээд байгаа гэж яривал үзэн ядаж, тэнэг мангараар нь дуудна. Ядуу хүнийг халамжлаад дэмжээд байгаа хэрнээ баян, хөрөнгөтэй мөнгөтэйг нь дэмжиж яагаад бо­лохгүй гэж. Тэгвэл тэд олон ядуусыг хоолонд нь хүргэнэ.  Ер нь тэгээд энэрэнгүй их Далай лам хүртэл  “Ядуу хүн хөөрхий. Гэхдээ арчаа­гүй” гэж хэлсэн байна лээ. 

Зах зээлийн нийгэмд орсны буя­наар өнөөдөр хорин жилийн өмнө мөрөөдөж ч байгаагүй баян иргэд­тэй болж. Дэлхийн баячууд­тай эн зэрэгцэх долларын саятан,  долла­рын тэрбумтантай болжээ. Тэднийг Монголын төр юугаар харж үздэг юм. Улс орон тэднийг дэмжээд  өгвөл ядуусаа тэд харин чирээд явчих байх. Гэтэл харин эсрэгээр татвар татаас, зээл гээд болж л өгвөл дарамт нэмнэ. Гадаа­дын хөрөнгө оруулагчийг дэмжих хэр­нээ дотоодынхонд хатуу харгис хандах хэрэг юу билээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компа­нийг гаднаас оруулж ирээд  дотоо­дын компаниудаа тамирдуулж, дампуурлын замд нь хөтөлдөг улс орон гэж манайхаас өөр хаана байнаа. За тэгээд аль нэг намын харьяатай бол өнөө нам нь ханди­ваар дарамтална. Монополын эсрэг хууль энэ тэр гээд хүртэл хөөрхийсийг боож болох бүх л хүлээсээр баглаж хүлээд байхад  Монголын бизнесменүүд мөрөө­рөө яаж ажиллах юм.  Чадаж бай­гаа нь монополдоно л биз. Угаас тийм  утоп ойлголтоор хол явахгүй. Үн­дэсний томоохон компаниуд нь Япон, Солонгосын эдийн засгийг авч явж байна. Японы Тоёота, Солонгосын Самсунг нь хэдэн мянгаар нь  жижиг, дунд үйлдвэрээ аваад явж байна. Монголын үндэс­ний томоохон компаниуд ч өлмий дээрээ босоод ирлээ. Гагцхүү төрийн урамшуулал хэрэгтэй юм. 

Саяхан сайхан мэдээ сонстож байна.  Үүрэн холбооны “Юнител” компани 100 хувь Монголынх болж гэнэ. Хамгийн өндөрт тооцогдох сэлмэн барилгыг “Чоно” групп Н.Энхбаярт газрынх нь хөлсийг өгөөд өөрийн болгож чадаж.  МСS-ын Ж.Оджаргал бүх салбарт  бүтээн байгуулалт хийж чадаж байна. Монголоос Ж.Оджаргал гэдэг тэр­бумтан төрж чадаж байна. Женко хэмээх Х.Баттулга хүүхэд  байхаа­саа самар зарж бизнесээ эхэлж. Өнөөдөр бүрэн дунд боловс­рол­тойгоосоо ичихгүйгээр тол­гойгоо ажиллуулж чадаж байгаа. “МАКС”-ын Д.Ганбаатар юм оёж бизнесээ эхэлж байж. Өнөөдөр толгой бая­чуудын тоонд цохиж явна. “Буян”-гийн Б.Жаргалсайхан ганзагаар эхэлсэн гэдэг. Одоо ямар байна. “Монголын алт” компани өөрсдөө алт олборлоод болоод байна.  Ядуу хүнийхээс илүү баян хүний асуудал олон. Төр тэдэнд ха­лам­жийн бус боломжийн гар сунгая.

Гэтэл баялаг бүтээдэггүй алгаа тоссон нэг хэсэг нь болохоор бусдын өмч хөрөнгийг хайрлахгүй.   Тэд аль болохоор амар хялбар мөнгөөр амьдрахыг хүсдэг. Тэгээд бурхан намайг баян болгоосой хэмээн гараа хумхичихаад тэнгэрт залбираад л явдаг. Даанч ядуус бурхны сунгасан гарыг олж харах гэж хөдөлдөг ч үгүй. Тиймээс  өн­дийж боссоныг нь өөд нь татаж улсаа хөгжүүлэх болохоос ядуусаа  халамжаар өлгийдөөд нэмэр бо­лох нь юу л бол.

Баян хүнийг
балаг тойрдоггүй  гэдэг ч баян хүнийг
балаг тойроо­сой гэмээр байгаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам МАН болж, Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал болжээ

Саяхан болсон Ард­чил­сан намын Үндэсний зөв­лөлдөх хорооны хур­лыг ард­чилалтай болох нь гэж олон нийт хүлээ­сэн. Гэвч бүх зүйл бахь байдгаараа. Хурлаас өм­нө ямар байсан яг тэр чи­гээрээ үлдлээ. Хү­лээлт нэгэнт талаар болов. Шинэч­лэл ярьсан залуус гарч ирж, шинэ намын даргын асуудал сөхөг­дөөд, хэвлэлээр энэ са­наа­гаа илэрхийлж бие биедээ чам­гүй хорон үг шидлээд нэлээд удсан байв. Гэвч АН МАН бол­сон намаас  ялгагда­хаар­гүй гэдгээ энэ удаагийн хур­лаараа харууллаа. 

Бүгд нэг багцанд орж  “Алтан гадас” дээр МоАХ фракц энэ удаа хэвтчи­хэв. Шинэчлэл яриад бай­сан нөхдүүд уг нь дуугар­сан л даа. Гэвч бүтэлгүйт­сэн.      

Хурлын эхэн үед  на­мын даргын гомдол тээ­сэн, ууртай илтгэлээс төд удалгүй  Н.Бат­баяр,  С.Баяр­цогт хоёрын хэн нь илүү худалч вэ гэсэн эрээ­гүй хэрүүлээс өөр  олигтойхон шударга үг ховор байсан. Намын гэхээсээ илүүтэй Оюу тол­гой дээр түшиглэсэн яриа нь хувь хүнийхээ мөн ча­на­рыг харуулсан инээд­тэй юм бол­сон л доо. Гэхдээ хурлын дэглэг­дээгүй ганц үйл явдал нь энэ байсан биз. Эр улс гэхэд охид шиг хов зөөж ирээд хэрэлдсэн нь аль али­ныг нь хэн бэ гэдгийг хэлээд өгсөн.  

Намын ээлжит бус их хурал, хамтарсан Зас­гийн газарт үнэлэлт дүг­нэлт өгөх, цаашлаад на­мын даргын асуудал  яриг­дана гэж байсан ч бүгд талаар болжээ.

Хамтарсан Засгийн газар­таа үнэлэлт дүгнэлт өгье гэсэн ч бүтэмжгүй болоод өнгөрөв. Заал­наас нэг нь “Засгийн га­зарт үнэлэлт өгье гэхээр үр дүн нь эвгүй гарчих гээд байна. Сайн гээд  олонхи нь дэмжчихвэл эрх баригчдыг хамт магт­чих гээд, муулах гэхээр өөрсдөө хамтдаа уна­чих  гээд байна. Ер нь тэгээд   АН-ын ҮЗХ-ны хурлын тог­тоо­лоор Сү.Батбол­дод  дүн тавьж болохгүй ээ” гэжээ. Заалны уур амьсгалыг энэ үг нэлээд өөрчилсөн юм байх.

Хурлаас өмнөхөн Ард­чил­сан хүчний
хол­боо, МоАХ-той тохирсон байж. Тэдний тохироо нь хамтарсан зас­гаас га­рах­гүйгээр харин на­мын ээлжит бус их
хурлыг хуралдуулах дээр санаа нэгтэй байя гэж. Гэвч МоАХ-ны удирд­лага дав­хар мэх
хэрэглэж “Алтан гадас”-тай хавсарсан то­хи­роо хийчихэж. 

Тиймээс ээлжит бус хурлын асуу­дал бүтэлгүйтэв. Ингээд  энэ удаа Н.Алтанхуяг суу­далдаа үл­дэж, хурлаас хамгийн том ялагчаар   МоАХ фракцийн тэргүүн тодорчээ. Намын дарга ч нэг хэсэгтээ л ээлжит бус их хурал болохгүй, суу­дал суудалдаа санаа зовохгүй байх болсон­доо   маадгар байсан нь тодор­хой. 

МАН-ын Бага хурал, Намын их хурлын сцена­ритай тун төстэй бол­сон. Магадгүй намууд ингэж өвөр түрийдээ орохоороо ижилсдэг байж болох юм. Эсвэл элдвийн муухай халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

Хурал эхэлж яваад гэнэт хаалт­тай хуралдав. Ихэнхдээ нээлттэй байдаг АН энэ удаа МАН-аас ялгагдах юмгүй байв.  Нэг ёсондоо Лоохууз, Сур­маа­жав, Нямбуу на­рын  намын эсрэг бүлэг гэдэг шиг намын шинэчлэл ярьсан С.Эрдэнэ Ж.Бат­зандан, Лу.Гантөмөр, Н.Бат­баяр, Г.Баярсайхан  З.Энхболд нар босч үг хэлээд эсэргүү мэт үзэг­дэж,  Н.Алтанхуягт цавчуу­лаад л дуусав. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны гишүүд  хоороор дуулж байхад солгой өнгөөр дуулсан тэднийг хараад удир­даа­чийн уур ч их хүрч байжээ. 

Хурлаас хойш С.Эр­дэнэ тэргүү­тэй эсрэг тэс­рэг байр суурьтай шинэч­лэл ярьсан нөхдүүдийг өрөө­сөн нүдээрээ ха­рах­гүй болсноо Н.Алтанхуяг илэрхийлж, бүлгийн ху­рал дээрээ С.Эрдэнийг элдэвлэ­сэн гэсэн. МАН МАХН-аас гарахгүй гэсэн Ц.Шинэбаяртаа гаргасан хандлагыг С.Эрдэнэ мэ­тийн нөхөд Н.Алтанхуя­гаас амсаад эхэлж. АН, МАН хоёрын ах дүү шиг ижилсэл уг нь намын дар­га, хамтарсан Засгийн газартай салшгүй хол­боотой байлтай. Гэвч ҮЗХ-ны ги­шүүд Н.Алтан­хуяг­таа ингэж ёсолс­ныг бодоход АН МАН болж,     Н.Ал­танхуяг  Ю.Цэдэнбал бол­жээ гэж хэлэхэд хүргэлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Монгол фашист намтай болоод долоо хонолоо, дуугүй байгаад байх уу?

МАН хэмээх шинэ үеийн фашист нам төр­чих­лөө. МАН МАХН хэ­мээх эхээс мэндлээд до­лоо хонож байна. Эхий­гээ залгидаг үр могой мэт МАХН-ыг залгиад төр­лөө.

Гитлер фашист намаа хэрхэн удирдаж, түүний дур зоргоороо ааш хүн төрөлхтөнд ямар их гай тарилаа. МАН-ын төрсөн түүх
иймэрхүү л эхэлж байна. Цэргийн
дикта­тураар шинэ нам мэнд­лэх үйл
явц өрнөсөн.   Эгнээ­гээрээ
ярайтал суу­гаад хатуу дэгээр хурлаа явуулсан тэд хуралд ир­сэн төлөөлөгч
нөхдөө ёстой нэг “амьтан” болгож байна
лээ. Ярсхийтэл мандат өргүүлж, буулга гэхээр буулгаад л.  Нөгөө­дүүл нь яг нэг дохиогоор зөрөхгүй хөдөлж
байна лээ. Бос  гэхээр нь босч, суу гэхээр
нь суух юм.  Төлөөлөгчид нь харц дальд­чин хэлэх үгээ цэ­нэж, цаанаа дургүй бай­сан ч наанаа магтаал урсгах
юм. Хуучин цагт  Н.Энхбаярт энэ намын­хан
яаж долигонож, дол­дой­дож байлаа даа. Тө­лөө­лөгчид нь ичмээр аядаад мэндлэх гэхээр дарга хараад
байдаг. Тэ­гээд л тойрч давхиад байх юм. Даалгавар ёсоор Н.Энхбаярт муу бай гэ­хээр
бүгд муу болох юм. Энэ бүхнээс харахад Гитлерийн фашист
нам ХХI зуунд Монголд мэн­дэл­­жээ. Бүгдийг
устга гэвэл устгах нь ээ, энэ янзаараа. Амьгүй
албат болгодог энэ үйлдлээ
ард түмэн дээр ч гаргах нь
тодорхой.

Монгол Улсын төрийг  барьж буй  нам дарангуйллыг  дахин бий болгохоор өндийж байгаа нь хур­лаа яаж хийснээс нь л харагдаж байна лээ. 

Дараа нь эрх бариад Монголд тэр чигээр нь диктатур тогтоохыг тэд мөрөөдөж байна. Өөрөөсөө өөр хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй ийм нэгэн нам бий бол­чих­лоо. Хувийн хөрөнгөтнийг зөвшөөрдөг ч өөрийн бүлгийнхнээс   бусдыг  зөвшөөрнө гэж үгүй. Монго­лын бүх баячууд сая мэндэлсэн фашист намд орсон. Нөгөө талд Х.Баттулга, Лу.Болд хоёр л үлдэх шив. Үүнийг гадаадынхны   гар хөл болсон олигархиуд бүгд мөрөөдөж байсан биз.  Гадныхан ч яг энэ үед алгаа үрчин баярлаж суугаа.

Казахстанд Назарбаевыг дохи­ход бүх юм түүний хэлсэн ёсоор болдог. Одоо МАН-ын даргыг  дохиход л Монголын бүх асуудлыг яаж л бол яаж  шийдүүлж болох боллоо. Энэ нам томоохон мэ­дээл­лийн хэрэгслүүдийг өөрийн дохио зангаагаар удирдаж өөрсдөдөө төвлөрүүлэн намынхаа баячуудын аль хүссэнийг гүйцэлдүүлнэ.  Ганц сөрөг хүчин АН нь сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахаа байсан. АН  МАХН-ын тэвэрт хага тэврүүлээд үг дуу ч байхгүй болж  амь тавих нь. Тэд сөрөг хүчнийг ч  байхгүй болтол хага тэвэрч байна. МАН хэмээх Ардын намаас яаж салах вэ. Сон­гуу­лиар л тэдэнд мад тавьж мэд­рүүлэхгүй аваас бид хаашаа явах билээ. Урагшлах биш ухарч таар­на. Нэг л мэдэхэд биднийг өөрийн намын гишүүд шиг амьгүй албат болгож орхих нь. Хэвлэл мэдээл­лийнхэн бид ч тэдэнд долигонон магтагч биш, ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэмээр байгаа юм.

Тэдэнд  бүлгийн хэмжээнд хү­рэх­гүй шахам санал өгч, унагаж аваад санаа амарч болох л юм.  Тэгээд социализмаараа  явах нь явж, социал демократ болох нь болж, фашизмтайгаа үлдэх нь үлдэнэ биз. Олон түмэн сонор сэрэмжтэй байх цаг болжээ. Эвгүйт­вэл сэлэм гялс, толгой бөндгөс хийлгэх эрх мэдэлтэй ноёд МАН гэдэг намд тэр чигээрээ байна. 

Сонгуулиас сонгуульд чадуулж 
ирчихээд одоо шинэ нам төрлөө гээд хулхидуулаад суух уу.  АН-ыг амь оруулж,  МАН хэмээх мангасыг дарах ганц боломж бол сонгууль.

Categories
редакцийн-нийтлэл

АН-д залуу үеийн салаа цэрэг ч алга, МАН-д бүтэн арми жагсаж байна

МАН татна, АН түлхэ­нэ. Залуустаа хандах ханд­лагаар нь энэ хоёр намыг ингэж л тодор­хойлж байна. Саяхан МАН болж дүрээ хувир­гасан МАХН өргөгч кра­наар өчнөөн залуусыг улс төрийн тавцанд өргөж тавьж чаддаг. Энэ нам дараа үеийнхээ бүхэл бүтэн армийг бэлдчихсэн бэлэн байдалд жагсаа­жээ. Бүр хэд хэдэн үеэр нь шүү. Тэд ах нарынхаа улс төрд оролцож, тэдэнд үүд хаалгаа өмнөх үеийнхэн дэлгээтэй байл­гадаг.

Шинэ цагийн баячуу­дын үр сад, аав ээжийн­хээ буянаар гадаадад гайгүй сургуульд болов­сорсон, алдар  өөд мацах ашдын их хүсэлтэй, ху­вийн бизнестэй за­луус   намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, УИХ-ын дар­га, сайд, ядаж л гай­гүй­хэн газрын дарга бо­лох тэмүүлэл дүүрэн.   Улстөрч болохоор за­луус эгнээгээрээ   жагсаж байна. НАМЗХ-ны нэрээ сольсон залуу­чуудын байгууллагыг нь хар. Цээж дүүрэн амбиц болсон тэр залууст ямар ч албан тушаалд очоод юу ч хийж чадах ааг омог байна. 

Л.Энэбиш, П.Жасрай бүгд дараа үеийнхэндээ боломж олгосон. Л.Энэ­биш Н.Энхбаярыг улс төрд оруулсан. Зүгээр нэг орчуулагч залууг төрийн бүх өндөр албан ту­шаалд очих замыг тавьж өгч байлаа. Н.Энхбаяр ч залуучуудын бүхэл бүтэн нэг үеийг бэлдэж байсан. Ч.Хүрэлбаатар, Су.Бат­болд, Я.Содбаатар, У.Хү­рэл­сүх, У.Барсболд, Б.Чой­жилсүрэн, Г.Ший­лэг­­дамба, Ц.Түмэнгэрэл,   Ц.Чимэдцэрэн, Т.Ган­тулга, Д.Одбаяр,  Ё.Отгон­баяр, Д.Загджав  гээд хэ­дэн арваар нь бэлдсэн.

Даанч  хувь хүнийхээ увайгүй зангаар залуусыг гомдоож өөрөө­сөө
алдсан. Залуус ч түүнээс эвтэйхэн
зайгаа авч дараагийн боломжийг хайсан даа.

С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэл­сүх нар өөрсдийгөө залуусаар хүрээлүүлж чадаж байна.  Удирдах зөвлөл, Бага хуралд шинэ залуу үеийг түрж оруулж ирлээ. Эцэст нь тэд эзэддээ ихэнхдээ үнэнч зүтгэдэг.

МАХН МАН болж нэрээ өөр­чилж, залуу үеэр имижээ хийлээ. Тэд хөгшин гэдэг ойлголтоос  салахыг хүсч байна. МАН-ын өнөө­гийн удирдлагууд өөрсдөө дандаа өргөгч кранаар өндөрт татуулж гарч ирсэн байдаг болохоор одоо  дараа үеэ бэлдэж байна. Тэд бялууны амтыг АН-аас илүү сайн мэднэ. АН бялуун дээрх кремтэй   цэцгийг л ховдоглон үмхэж байсан болохоос бялууны жинхэнэ амт ямар байдгийг сайн мэдэхгүй. 

АН-ынхан залуу үедээ дэндүү халтай, халгаатай. Тэд өмнө нь бал­буулж, зодуулж, нүдүүлсээр ингэж л өсч өндийдөг гэсэн үзэл  тархинд нь суучихсан. Хуучны  хүмүүс үр хүүхдээ хатуу гарын хүмүүжлээр өсгөвөл дэгтэй сайн болно гээд балбаж нүддэг байсан. Гэтэл үр хүүхэд нь дараа үедээ ч мөн л өөрийн явж ирсэн зодуурын ар­гаар ханддаг. Тэд зайгаа тавьж өгөх дургүй. Хөгширснөө хүлээн зөв­шөө­рөх дургүй. Намаа биш, хар амиа хичээдэг. Яагаад гэвэл тэдэнд  төрийн өндөр албан ту­шаалд суух хувь тавилан бага байлаа. Дандаа цөөнхийн хувь тавилан тэднийг угтсан. Тэд өлсгө­лөн бар шиг өлөн зэлмэн явдаг. Дараа үеийнхэндээ хоолоо олж идэх аргаа өөрсдөө мэд гээд хэрхэн хоол олж идэх аргыг нь  зааж өгдөггүй. Одоо АН-ын далаад оныхон дунд нь хаягдлаа. 50, 60-аад оныхон зайгаа тавихгүй бай­саар далаад оныхон дэмий л үрэгдэж байна. Гэтэл 80-аад оны­хон тэднийг шахаж орж ирлээ. Гэвч тэдэнд бас боломж бага харагдаж байна.

Хийж чадах юман дээр нь залуусыг тавьж байна, энэ МАН. Гэвч нэг аюул нь алдах үед нь ашиглаж байсан шигээ авардаггүй зантай. Тэр дундаас У.Хүрэлсүх шиг тэмцэж алалцаж,  гартаа сэлэм эргүүлж, баруун солгойгүй цавчиж байж гарч ирсэн хүмүүс байна.

Д.Зоригтыг хамгийн чухал местэн дээр аваачаад тавьж байна. Тэр ч бас ажлыг нь хийж чадаж байгаа. Хөрөнгийн биржийн орлог­чоор хорин хэдтэй жаахан залууг тавьсан. Төрийн өмчийн хороонд ч тэр жаахан залуу дэд даргаар нь ажиллаж байна. Олон залуу төрийн том албыг хашиж байна. 

МАН Л.Оюун-Эрдэнэ гэдэг 80-аад оны жаалд итгэл үзүүлж чад­лаа. “Хас-ын Ч.Ганхуягийг ИТХ-д унахад нь Ерөнхий сайд хажуудаа аваад эдийн засгийн чадварыг ашиглаж болж байна. Гэтэл АН  Х.Тэмүүжинг ҮЗХ-д зориуд  унагаж байх жишээтэй.

Н.Энхбаярын гаргаж ирсэн хүчтэй залуусыг дараа үеийн лидер болгохоор шилж сонгон Сү.Батболд өөрийн болгож авлаа.

С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Бал­дан-Очир, Э.Мөнх-Очир  на­рын залуус харин хар толгойгоо­роо өөрсдийн хүчээрээ гарч ирсэн. Кранаар татуулаагүй ч нам нь тэдэнд боломж олгож, өшиглөж хөөж туусангүй. Сундуйн Бат­болдыг малын эмчээр нь дуудаад байсан. Одоо ямар улстөрч болс­ныг хар. Ямар ч албыг хашиж чадах дайны зангарагтай болжээ. 

Эднээс АН-ын залуус  дутахгүй. Гэвч ах нар нь тэдэнд хаалга өшиглөж орж ирэхийг хэзээ ч зөв­шөөрөхгүй.

АН арга барилаа өөрчлөх хэ­рэгтэй болж. Улс төрд МАН-ын залуус өн­гөлж байхад АН залуусаа зориуд уяа сойлгыг нь тааруу­лахгүй хэт өлсгөж сульдааж байна. 

Ирэх сонгуульд ардчиллын өвөгцүүлтэй өрсөлдөх НАМЗХ-ны шижиг­нэсэн залуусыг халаасандаа мөнгөтэй, ардаа том арын хаалга дэвшүүлэх намтай ирээдүй угтаж байна.

МАН-ын  залуустай тэгээд АН-ын өвөө нар ирэх сонгуульд үзэх юм гэнэ. АН-ыг залуу үедээ хахир хатуу хүйтэн сэтгэлээр ханддагийг нь мэдээд залуучууд МАН-д элссээр. 

АН-ын залуус ардчилалдаа үнэнч байгаа болохоос ах нартаа гомдолтой. Х.Тэмүүжин, Лу.Ган­төмөр, Б.Батбаатар, Г.Баярсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар  хөр­сөн доороос өөрсдөө босч, соёолж гарч ирсэн залуус. Харин тэдэнд арчилгаа тордолгоо дутаад бай­гаа. Хөгшчүүд нь байнга ад үзэж, нүд үзүүрлэсээр зориг зүр­хийг нь мохоолоо. 

Хувийн шинж чанараараа ялж гарч ирсэн шижгэр залуусыг ит­гэлээ гээтэл нь балбасаар ирлээ.

90-ээд
онд хориод настай бай­сан, өнөө үед өвөө болсон хэд­хэн хүнээр ардчиллыг төсөөлөхөө больё.

Ирэх сонгуулиар шижигнэсэн сайхан залуусыг гаргаж ирье. Сайд дарга юу байдаг юм тэрийг нь хийлгэе. Нөгөө Ж.Батзандан, О.Магнай хоёр яасан. Үзэл бодлоо дагаад ирлээ гэсэн өөд гаргах янз алга. Тэднийг лидер болно гэж харж байсан. Гэвч гөлөөг ч гэх хүн алга. Тэдний зориг зүрх, МАН-ын залуусынхаас сул дорой биш. Тэднийг АН-ын шинэ үеийн лидерүүд болгоё.

Г.Баярсайхан байна. С.Ламбаа гэж хиймор нь хаясан өвгөнөөс Эрүүл мэндийн сайдын албыг дутуу хашив гэж. Хийж чадаж л таараа. Х.Тэмүүжин байна. Ц.Ням­доржид гөлөг нохойгоороо дуу­дуулж суухын оронд Хууль зүй, дотоод хэргийн сайд элбэгхэн хийнэ. Лу.Гантөмөр С.Баярцогтоос муу байв гэж. Улсын сан хөмрөг гартаа бариад сууж чадаж л таа­раа. Б.Батбаатар байна. Хэнээр ч татуулахгүй гарч ирээд төр тү­шилцэж явсан тэр залуу  одоо нэг дүүргийн намын даргын ажил хийгээд,  тэр албыг нь Н.Алтанхуяг мэтийн өвөө нар булааж авахдаа тулаад байгаа. “Алтан гадас”-ынхаа хүнийг тавих юм гэнэ.  Генсек Д.Эрдэнэбат, Нийслэлийн намын хорооны дарга Ш.Түвдэндоржийн оронд Б.Батбаатар сууж чадахгүй гэж үү. Цаашлаад бүхэл бүтэн намаа авч явж чадаж л таараа. Нөгөө муу Р.Эрдэнэбүрэнг нэг удаа намдаа элсүүлж авч ашиглаад л хаялаа. “Лектор”-ын Ц.Баатархүү Т.Гандигийн ажлыг яагаад хийж болохгүй гэж. Ховдын Н.Пунцагийг Зам тээврийн сайд болчихлоо гэхэд хэн гайхах юм. Чингэлтэйн Ардчилсан намын Да.Алтанхуя­гийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд болчихлоо гэхэд үгүйсгэх арга алга. 

Яадаг юм энэ залуус Ерөнхий­лөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, салбарын сайд болохыг мөрөөд л дөө. Яагаад болохгүй  гэж. Социа­лизмын үеийн өвөө нар зах зээ­лийн нийгэмтэй зохицоод төр улс бариад явж л байна. Шинэ цагийн ардчилсан үзэлтэй залуус яагаад төр барьж болохгүй юм.

Дээр дурдсан залуус дээр Төв аймгийн Доржпүрэв, Ховдын Ард­чилсан намын Б.Пүрэвдорж , Дунд­говийн Данзанноров, Чингэлтэйн Б.Батхуяг, Болор гээд олон залуу­сыг хэн ч анзаарахгүй үнсэнд хаясан шалз шиг болголоо. АН-ын залуусаас арай дөнгүүр нь энэ хэд. Цаана нь өч төчнөөн залуус өн­дийж байгаа ч боломж тун бага, найдвар бараг байхгүй. Өвөө нар нь хийж үзээгүй юмаа хийж үзэх гээд өөд уруугүй тэднийг хавчиж гадуур­хаастай. Одоо энэ залуус нэг цул болох хэрэгтэй. Тэд өөр өөр  фрак­цад дөрлүүлж, өвөгцүүлийн хо­ронд хордоод, бие биенээ үзэн ядаж хүмүүжиж байгаа. АН-ын залуус хонгилын үзүүрт гэрэл байгаа гэдэгт итгэж улс төрд зүтгэ­дэг бол МАН-ын залуус хонгил гэрэлтэй гэж итгэдэг.

УИХ-д МАН-ын хэдэн залуу байна. АН-ын хэд байгаа билээ. Хэдүүлхнээ байж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л байцгаадаг.  УИХ дахь АН-ын залуусыг тоолъё гэхэд таван хуруунд ч багтахгүй. АН хаалга өшиглөөд чадлаараа ороод ирсэн залуугийн өөдөөс нулимж орхидог.

Одоо МАН-ын дараа үеийн бүхэл бүтэн арми бэлтгэгдэж, бэлэн байдалд жагслаа. АН-ын дараа үеийнхнийг нэрлэе гэхэд ч салаа цэрэг ч хүрэхээргүй байна.

Сүүлийн үед намын даргын марафонд хэдэн залуусыг ашиг­лаж эхэллээ. Өөрсдөд чинь бо­ломж олгохгүй байгаа өвөгцүүлийг  юунд дөгөөнө вэ. Залуус та нарыг хага­ралдуулаад дундаас нь өөрөө ашиг харж үлдэж байгаа ах нарын­хаа муухай занг мэдмээр юм даа. Яадаг юм. Нэгэнт улс төрд орж ирсэн л бол хамтдаа ардчиллыг аврахын төлөө, хөгшрүүлэхгүй байхын төлөө өвөө нарыг өөрсдөө шахах цаг болсон.

Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвөгцүүл
намтайгаа хамт мөхлийн ирмэг
дээр ирээд байна. Залуу үедээ
боломж олгоё. Идэр залуу хорин настай АН өвөө нараар биш залуусаар чимэх цаг
болсон шүү.

Categories
редакцийн-нийтлэл

С.Баяр бичиж, У.Хүрэлсүх найруулж, Сү.Батболд захиалж, утсан хүүхэлдэйнүүд тоглосон эмгэнэлт жүжиг

Оролцон тоглогч 800-гаад утсан хүүхэлдэй. Энэ жүжгийн эсрэг дү­рийн баатар нь Н.Энх­баяр. Жүжигт тусгагдаа­гүй ганц дүр нь Ө.Энхтүвшин. Жүж­гийн нэр “МАХН биш   МАН”. Гол дүрд найруу­лагч,  зохиогч,  захиалаг­чид тоглоно. 

Жүжиг ингэж эхлэв. Тайзан дээр цэмцгэр кос­тюмтай намын удирдагч хэдэн хүн  зэрэгцэн сууна. Оролцон тоглогч 801 тө­лөө­лөгчөө өөрсдөө ч мэ­дээ­гүй байхад нь аль хэдийнэ гар хөлд нь утас уяж, гав гинжтэй юм шиг болгожээ.

Тайз чимэглэл нь Ара­бын шахын ордны хур­лын танхим мэт. Оролцон тоглогчдын урамшуулал, байр хоолны мөнгө хан­галттай.  Найруулагч  У.Хүрэл­сүх жүжгийн өгүү­лэг­чээр томилогдон үйл явдлыг самууруулах гэсэн өөр зүйл рүү чангаах оролд­логыг няцаах үүрэг­тэй сууна. Нэг үгээр хэл­бэл жүжигт тусгагдаагүй дүр, үйл явдал орж ирж самууруулахаас хам­гаалж суугаа нь тэр.

Намын даргын уйтгарт оршлын дараа “Их тавилттай жүжгийг сам­раад өгье” хэмээн ирсэн аймгийн төлөөлөгчид санасандаа хүрч чадаагүй учраас зохиолд дур­гүйцсэн 800 төлөөлөгч.  Тэдний хувьд бодож санаснаа хэлэх гэж хэл амаа билүүдсэн бүх зүйл талаар болов. Жүжиг тоглогдохын өмнөх орой зохиогч, найруулагч, захиалагчид аймгийн намын хо­рооны дарга нарыг дуудан  дагал­дан ирэгсдийг албан ёсоор утсан хүүхэлдэй болгох үүрэг өгчээ. Зохиолоос гажвал хариуцлага тооцно гэсэн болохоор үүрэг хүлээ­сэн нөхдүүд үлдсэн төлөөлөгч хүүхэлдэйнүүдэд очиж сценарийн дагуу бүх зүйл явагдахыг сануул­сан байж. Ингээд жүжиг эхлэх өглөө бэлтгэгдсэн хүмүүс буюу аймаг бүрээс хоёр төлөөлөгч л үг хэлэх боломж олгов. Тэд магтаал сайшаалыг харамгүй урсгаж, өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүү­лэв. Төд удалгүй санал хураалт явагдлаа. Бэлгэнд умбаж, хоолон­доо цадсан, утсан хүүхэлдэйнүүд даалгавраа биелүүлснээ харуулж  мандатаа ярайтал өргөлөө.  Зургаа нь л эсрэг санал өгөв. Дураараа тэд нар дарга нарын зуултад орсон нь ойлгомжтой. Гэвч олонхи нь утсаа тастаагүй учраас саналаа өгч  МАН болох дээр нэгдэв. Бүгд алга та­шина. Манай дарга шиг сайн хүн энэ ертөнцөд байхгүй, манай нам шиг агуу нам энэ Монголд байхгүй, ганцхан нэрээ л солих хэрэгтэй байсан. Нэр солих асуудал ийнхүү  саналын дагуу,  захиалгын дагуу үр дүнтэй боллоо.   Хөгжим эгшиг­лэж, Ардын журамт цэргийн дуу уянгалахад шинээр сольсон дал­баа, лого,  бэлэн болчихсон  тайзан дээр хуучны нэр хаягаа хуу татан  гарч ирнэ. Тамга солилцож, нэр өөрчлөгдлөө. Тэд толгой дээрээ МАХН-ыг биш МАН-ыг залав. Энэ хооронд эсрэг дүрийн  баатар Н.Энхбаяр сценари үймүү­лэх гэж элдэв асуултаар зовоов. Гэвч хариулт нэгэнт бэлэн байсан. Эсрэг дүрийн баатартай хэн ч ярихгүй, гар барьж болохгүй. Ха­жууд нь суухдаа ч хамаагүй үг алдаж болохгүй. Жүжгийн гол шу­гам хазайлгачихна.

Даалгавар ёсоор бүгд болов.

Ардын нам,  ардын засаг мандтугай. Ард нь дэлгэцэн дээр жанжин Д.Сүхбаатар “Бидний улс эв саналаа нэгтгэвэл….” гээд л эр хонгор дуугаар үг хэлэх аж. Ура ура /хурай хурай гэсэн байх аа/ хэмээн  нийтээр алга ташив.

Дараа нь  одоо байгаа даргаа үлдээх үү,  үгүй юу гэсэн үзэгдэл эхлэв. Тайзан дээр өнөө л яравгар царайтай, хээнцэр хувцастай дарга нар.  Жүжигт төлөвлөөгүй байсан нэг нөхөр төлөвлөгөө бусниулчих  юм болов. Бусниулна гэдгээ өмнө нь хэлчихсэн болохоор бас л хариуг нь барих тухай зохиолд тусгагдсан байв. Гэвч энэ уйтгарт  жүжгийг арай амь оруулсан нь жүжигт тусгагдаагүй  нөхөр болох Ө.Энхтүвшин байв. Бусниулагчийг эртнээс дарах төлөвлөгөөтэй бай­гаагүй бол зохиолын гол шугамыг өөрчлөөд  балрах байсан нь санал хураалтын дүнгээс харагдав. Бэлд­сэн тулдаа л зохиол цааш жам ёсоороо үргэлжлэв. Тэгээгүй бол зохиолоос гажсан өөр үйл явдал өрнөх байсан юм. МАН-ын дар­гаар Ө.Энхтүвшин гарч ирж МАХН-ын удирдлагууд асан хүмүүсийн  уурыг барах байлаа.

Увс аймгийн төлөөлөгч утсан хүүхэлдэй босч ирлээ. Тэрээр хаа байсан С.Баяраас “С.Батболд, Ө.Энхтүвшин хоёрын аль нь дээр вэ?” гэж асуув. Мэдээж хариулт тодорхой. С.Баяр угаас өөрөө намын дарга байхдаа Ө.Энхтүв­шинг дээр гэж бодоогүй, Сү.Бат­болдыг дээр гээд албаа өгсөн юм чинь. Юу боллоо гэж өөр юм ярихав. Андуурчих вий гэлтэй С.Бат­болд хэмээн яаран хэлэв. Алга  нижигнээд явчихлаа. Ингээд л дүн С.Батболдын талд 80 гаруй хувьтай гарлаа. Ө.Энхтүвшин жү­жигт тоглосон бол ялах байлаа.

Дараагийн үзэгдэл. Дарга нар байдагтаа л сууна. Хүүхэлдэйнүүд ч өмнүүр нь эгнээстэй. Бас ядарчээ. Өдрийн цагаар биш, шөнийн цагаар гар хөлийг нь савчаад,  гарын үсэг зуруулж, мандат өр­гүүлээд байхаар ядарсан байсан биз.

Уг нь нутгаасаа гарахдаа жүжигт тоглох биш хуралд оролцоно гэж гарсан тэд  өөрсдийн бодсон санасан юмтай ирж. Хэнийг Бага хуралд оруулахаа хүртэл яриад тохирсон  атал байдал ингэж эргэж,  жүжгийн  утсан хүүхэлдэйн дүрд өөрийн мэдэлгүй тогложээ.   Санал оруулсан хүмүүсийг нь танхимаас гарсан санал гээд тээр доор жаг­сааж. Яг энэ үед зарим утсан хүүхэлдэйнүүд зохиолын дагуу огт танихгүй хүмүүсийн нэрийг ярай­тал оруулаад ирж.  М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарын гарын хүмүүсийг Бага ху­ралд зүтгүүлэв. Нэг аймгийн дэв­шүүлсэн хүнийг нөгөө аймаг нь танихгүй болохоор шууд л дугуйлж орхино. Нэг нь хүсээгүй байлаа гэхэд бүх юм санаснаар болж бай­лаа. Хамгийн хачирхалтай нь яаж яваад ч тэр юм эсрэг дүрийн баатар Н.Энхбаяр  Бага  хурлын  гишүүн болохоор  шургачихсан байгаа юм. Ингээд аймгаас ирсэн төлөөлөгчид хэнийг нь мэдэхгүй баахан хүнийг аймгийнхаа нэр дээр дэвшүүлээд учраа олохгүй өнгөрөв. Өглөө сэрэхэд л өөр хүн сонгочихсон байсан нь тэр. Бүгд уйтгарлаж, нойр хүрсэн ч эздийн зарлигийг ийнхүү өөрийн мэдэлгүй дагажээ.  У.Хү­рэл­сүх, М.Энхболд, Сү.Батболд нарын дохио зангааны хүмүүсийн нэрс жирийтэл  жагсчээ.  Гэвч нэгэнт дүн гарч ирсэн нөхдөөс нь нэг хүн ч байхгүй, харин өөр хүмүүс Бага хуралд аймгийг нь төлөөлж суухаар болчихсон байх жишээтэй. Утсан хүүхэлдэйнүүд “Одоо бид аймагтаа очоод намын гишүүддээ юу гэж хэлнэ ээ” гэсээр амаа бариад  үлдсэн гэж байгаа.

Удирдах зөвлөл ч гэсэн сце­нарийн дагуу явж ирж. Дээрээс өгсөн даалгаврын дагуу үйл явдал өрнөлөө. Харахад залуучуудыг түлхүү оруулсан байна лээ.  Шө­нөөр явуулсан сонгуулийн дүн өглөө  ёсоороо  болов.

Жүжиг амжилттай
боллоо. Бүх зүйл зохион байгуулагчдын хүссэ­нээр. Тэд жүжиг гэдгийг тас нуусан. Даанч тэр
нь хөндлөнгөөс харсан бидэнд жүжиг
гэдэг нь тодорхой байсан  юм шүү. МАН мандтугай, ардын засаг мандтугай
гэсэн үг чихэнд сонсогдсоор.
Яг л өнгөрсөн зууны кино шиг…

Categories
редакцийн-нийтлэл

Лам Д.Баасангийн байгуулсан Ардын намд МАХН Ууслаа

Х.Чойбалсан нэг удаа мэргэн хүнээс хувь заяаныхаа төөргийг асуухдаа энхрий хайрт намынхаа ирээдүйг ч бас сонирхсон гэдэг.   Өнөө хүн 
“Энэ нам чинь 90 настай л 
юм 
байна” 
гэж хэлж байсан гэнэ лээ. Үнэн хэлсэн байжээ. Ер  хү­рээд л яваад өглөө. Ингээд МАХН үүрд баяртай болох шиг боллоо.  Тэгэхдээ тэрнээс ч зэвүүн нам гарч ирж байж магадгүй нь. Юу нь мэдэгдэхгүй эрээвэр хураавар энэ нам юу хийж түйвээх бол гэхээс 20-иод онд хэлмэгдэж явсан нөхдийн айдас хүйдэс дахин босч ирэх мэт. МАХН-ын нэрийг бузарлахад жинтэй хувь нэмэр оруулж байсан нөхдүүд багаараа Ардын намд дагаар орлоо.

Амьд явахад хүн элдвийн л сонин юм үзэх юм. Насаараа ард түмнийхээ толгой дээр байсан МАХН нь лам Баасангийн нам дээр ирж нийлчих юм. Ардчилсан хол­бооны анхны 13-ын нэг Д.Баасан лам МАХН-ын 26 дугаар их хурлын төлөөлөгч болчихсон,  Гандангийн дэнж уруудан улаан, шарыг хос­луулан намирч явах болно гэж жилийн өмнө хэн нэгэн ярьсан бол тэр хүнийг МАХН-ын захын нэг үнэнч гишүүн “Солиордог, со­лиор­дог гэхэд арай дэндэнэ ээ” гээд цохиод унагачих байсан даа. Гэвч Д.Баасан лам МАХН хоёрын хувь заяа Ардын намын өлгийд ирж нэгддэг байна шүү. Угаас Ардын нам болохоор нь элсэж орно гэж мөрөөдөж байсан ту­хайгаа ч өнөө ламтан өөрөө ярьсан нь хачин гээч. 
Ардчиллыг 
баастсан Баасан   лам чой(номоо)-гоо мартаж, Ар­дын намын журамт цэргийг дуу­лаад, орхимжоо дэр­вүү­лэн, сэлэм эргүүлж МАХН-тай хувь заяагаа холбодог л юм байна. Лам нарыг хэдэн зуун мянгаар нь устгаж байсан угшилтай нам ардчилал гэж дөвчигнөж бай­сан ганц нэг ламыг бол төвөггүй “яачих” байл­гүй дээ. Өөрт нь биш, өөрийнх нь гарт байсан Ардын намын тамганд л учир нь байсан байх аа даа. Хөөрхийг сайнаар бодъё гэвэл олон ламын өшөөг авах гэж дотор нь орсон юм байлгүй гэж цайруулж ойлгож болох талтай юм.

МАХН угшилтай Ардын нам төрөх үед байдал өөрөөр эргэжээ.   Д.Баасан лам хаданд авирч, намд элсч байх зуур МАХН-ын “баастай бурхан” байсан, Үндэсний их удир­дагч нь үүдэнд ад үзэгдэн, 
хатавч­наас нааш гишгэх эрхгүй өнчин хүү шиг суух чинээ хэн ч бодож байгаагүй. Ингэж Д.Баасан лам, их удирдагч хоёрын байр нүд ирмэх зуур л солигддог байжээ.

Үндэсний их удирдагч явсан нөгөө хүн харин “Би бурхан биш нь биш, тэгэхдээ бас босоо ороо­лон биш юм шүү дээ” гээд орилж байх юм гэж ядахдаа зүү­дэлсэн хүн олдоно гэж үү. Тэр хүний амнаас гарсан авиа бүгдийн төлөө уухайлан, алга ташин дэвх­цэж, уйлалдан шүтэж, дохио зангаа­гаар нь хөдөлдөг байсан цаг үе бий.  Өөрийнх нь 
элдвээр хэлүүлэн байж улс төрд чирч оруулж, 
бас ч гэж албан тушаалын 
амт шимтээс амсуулсан дол­­­­­­дой­чууд нь (М.Энх­болд, Сү.Бат­болд, У.Хүрэлсүх) Н.Энх­бая­рыг үг хэлэх гэж индэр лүү авирч явахад нь “Өвчит үймүүлэх гэж байгаа юм. Үгийг нь олон түмэнд хүргэхгүй” гэсэн аятай 
хэвлэлийнхнийг хөөж гарган, хаал­га үүдээ дангинатал түгждэг бол­чихно гэж мэргэлж байсан үзмэрч, таамаглагч лав энэ дэлхийгээс олдохгүй болов уу. Хувь тавиланг таашгүй, хэцүү. Н.Энхбаярын заяа төөрөг бусдад дав­­­­­­­­таг­дахгүй бай­хын аргагүй. Алга ташин индэр дээр суугаа тэднийг ч юу хүлээж байгааг хэн мэдлээ. Үүрдийн албан тушаал гэж бай­даггүйг үзэн ядаад байгаа Н.Энх­баярынхаа байдлаас эрх­биш хараа байлгүй.

“МАХН  гэдэг нэрийг солих гэнэ үү. Энэ намын нэр хэнд гай болоод байгаа юм” гэж загнаж суусан Н.Багабанди хэдхэн жилийн дараа “МАХН-ын нэрийг солихгүй гэнэ үү.   Энэ намын нэр хэнд хэрэг болох гээд байгаа юм” гэж уурлаж 
суух юм гэж ч бас хэн бодож бай­сангүй. Алив юм цаг цагтаа л хүчинтэй байдаг аж. 
Цагтаа Н.Энх­баярын өмнө уйлагнан “Шоронд битгий явуулаач” хэмээн гуйж явсан У.Хүрэлсүхийг МАХН-ын амыг барьж, Н.Энхбаярын өөдөөс даажинтай инээгээд суух юм чинээ төсөөлж байсан нь үгүй.   Булайгаа нуух гэж нэрээ хүртэл сольсон ч булхай нь бол шороонд булаад ч  гараад ирдэг юм билээ. Яагаав нөгөө баахан ламын гавлын яс гарч ирээд МАХН-ыг барьж өгч байсан биз дээ.  

 Их хурлын сценарийг С.Баяр боловсруулсан гэсэн. Тэрээр өстө­нөө дарж, алдраа мандуулах “сайн” зохион байгуулсан хурал хийлгэлээ. Яг л ерэн жил явж ирсэн жамаараа. МАХН Ардын нам бол­сон ч зүсээ хувиргасан чоно ма­ханд дуртай хэвээрээ л байх болно. 

Лам Д.Бодоогийн 1920 оны гурав­дугаар сарын нэгэнд онд байгуулсан Ардын намыг лам 
Д.Баасан 1997 онд байгуулсан юм шүү дээ. Эхнийх нь ламыг яалаа даа. Дараагийн лам бодох л хэрэг­тэй. 
Түүх давтагддаг гэх юм билээ. Ер нь Д.Бодоогийн байгуулсан Ар­дын нам МАХН болтлоо хэдэн жилийн настай байсан билээ дээ.

Их хурлын төлөөлөгчид дот­роо Ардчилсан холбооны буруу номтон лам Д.Баасан Ардын на­мын анхны гишүүн нь гээд Н.Энх­бая­раас том амьтан явж харагдана лээ.

Хулгайн тамгатай Ху намын суурьтай Ардын намын хөлд ор­он анхны түүх ингэж л эхэлж байна. Ямар ч байсан лам Д.Баа­сангийн байгуулсан Ардын намд МАХН ууслаа.

Ардын нам одоо хэдэн настай гэж өөрсдийгөө хэлэх нь бас л эргэлзээтэй боллоо. Хэдхэн хо­ногтой хэнз хүүхэд төрлөө гэх үү, эртээ 1920 онд төрсөн юм аа 
гэх үү. МАХН байхгүй болсон бол дөнгөж төрсөн байлтай. Байгаа бол ерэн настай нь баараггүй. Ингэхэд сая төрсөн гэх Ардын нам хэдэн настай юм бол. Яаж ч бултах гээд үнэнээс зугтах аргагүй. 

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмэн хорин настай ардчиллыг ерэн настай эмгэний өврөөс гаргаж, аврах цаг болжээ

“Сэтгэл нь сайхан юм,  даанч бүтэлгүйтээд  байх юм” гэж тэнгэр нь хая­чихсан бүтэлгүй хүнийг  хэлдэг дээ. Үүнтэй адил ардчиллыг хаа холоос авч ирэхдээ өлсөж цан­гаж,  хөлдөж үхэхдээ тулж  бай­сан сайхан сэтгэлийг нь бодох гэхээр даанч бүтэлгүй нь дэндсэн, тол­гой нь эргэсэн Ардчилсан намыг тэнгэр нь хаясан гэлтэй байх юм. Өнөөд­рийн энэ маягаараа бол  АН устах өнгөндөө орлоо. “Хорь хү­рэлгүй замдаа үрэгдсэн ч хотол олон Ардчилсан нам  гэдэг  юм” гэж манай сонин бичиж хүртэл үзлээ. “Сант ма­рал” судалгааны төвийн  дүн саяхан гарч Ардчил­сан намын нэр хүнд хотод 15 хувьтай гарчээ.    Ингэж газардаж байсан түүх энэ намд байхгүй ээ. Энэ бол хорьтой идэр залуу нам ерэн настай эмгэн намын өвөрт орсны харгай гэхээс өөр хэлэх үг  алга.  Эмгэн хичнээн мэс ажиллагаанд орж нүүрээ та­тууллаа ч орчлонгийн жамаар ойчих цаг нь ирж яваа биз. Айм­шигтай нь цэл залуухан хорин наст­ныг аваад цуг ойчих юм гэнээ. АН арай ч МАХН-ын зиндаанд очтолоо тамд унах нүгэл хийгээгүй л байлтай.

Орох орон болсон
на­мын байрыг нь шатаалаа гээд иргэдээ хорьж, цаг­даж, өшөө авч зөнөг­лө­сөн 
эмгэн нам цэл залуу­хан АН-ыгаа өвөртөө хийгээд “Орох орон минь ордон, оочдог
аяга минь  Засгийн газар, уудаг цай минь нь
татварын мөнгө шүү” гэж уруу татаад амар сайхандаа жаргах
юм гэнэ. Ертэй эмээд толгой­гоо мэдүүлдэг идэр залуу хорь настныг ор хөнж­лөөс нь суга татаж гар­гаад аврах цаг бол­жээ.
Дулаан хөнжилд дугж­раад ардчиллаа алдах­даа тулсан
Ард­чилсан намыг ард түмэн л аварч чадна. Тэгэхгүй бол энэ нам ард­чилалтайгаа хамт олон
ялагдлын ая даахгүй сийчүүлж дуусах нь. Ардчилсан нам бол анх удаа Мон­голын түү­хэнд ард түмнээс төрсөн нам юм. Яалт ч үгүй ард­чиллыг хамгаалж, ма­наач нь байх
ёстой. Энэ нам байхгүй болбол Мон­го­лын ардчилалд, тус­гаар тогтнолд аюул  нүүрлэхдээ тулах вий.

Ардчилсан нам үгүй бол аюул өөрөө салхин хамхуул шиг ирээд наалдаж л таарна. Тулхтай улс төрийн хүчин байхгүй болсон тохиолдолд  олигархиуд, гадныхны тог­лоо­мын хүүхэлдэйнүүд Мон­го­лын төр болон тоглож, манай тус­гаар тогтнол ганхаж мэдэх аюул байна. Нөгөө харийн дарлал гэдэг чинь өнгөрсөн үед төдийгүй өнөө үед ч өнгөлзөж л байгаа. 

Ашигт малтмалаасаа хувь мувь хүртэх ч бүр лөөлөө боллоо. Хоёр нам нэг хөн­жилд жаргаад, гэрийн гадаа торойгоод үлдсэн ард түмнээ хохироогоод байхаар, цөөнх нь олонхио хянах нь үгүй болчихоор төрөө хэнээр ба­риулах вэ, хэндээ итгэж найдах вэ гэж цөхрөхдөө дэмий л хувь заяандаа най­даад суух уу. Тэгээд гарц нь гуравдагч хүчин гэж үү?

Сая гаруйхан сонгуулийн үнэм­лэх хэвлэгддэг ард түм­нээс  хэн нь  тэр гуравдагч энэ тэр лүү очих вэ дээ. Насаараа дарлуулсан хэрнээ саналаа өгөөд салж чадахгүй сэтгэл­гээтэй улс юун өөр хүчинг хүлээн зөвшөөрөх. Сүүлийн хорин жилд хоёр намтай байх гээд барах­гүй байхад элэнцэг баланцгийн гуравдагч байх вэ дээ. Тэгээд ч гуравдагч хүчинг дэмжих, элсэх хүн хүрэл­цэх­гүй. Бид ийм цөөхүүлээ гэдгээ бас үргэлж санаж байгууш­тай юм.

Муусайн наманцрууд бол зөндөө бий. Тэд Ардчил­сан намын саналаас зулгааж ардчилалд гай тарьсан уу гэхээс гавьяа байгуул­даггүй. С.Оюуны залуу насаа үрж байж зүтгүүлээд явдаггүй  Иргэний зориг нам гэж бий. Буянгийн Жар­галсайханы өөрөө өөрийгөө дэв­шүүлдэг “нам” байна. “Эрэл”-ийн гэх Б.Эрдэнэбатын эзэнтэйгээ  хамт бүгсэн хувийн компа­нийн нам байна. Сонгуулиар эзнээ даллахаар ил гарч, бусад үед нуувчинд орчихоод бас болоогүй улс төрийн ашиг хонжоонд нугасгүй гээч. Дээрх наманцрууд улс төрийн шимэгчийн үүргийг сайн гүйцэтгэж ирлээ. Тэд бас бусадтай хамтарч хамгийн их сайд хийсэн гэж байгаа. Яаж ийгээд наман­цруудаас ганц нэг нь улс төрд шургалаад,  бас төр барьж байгаа­тай  нь сүжирч, ардчиллын буя­наар гарч ирснээ мартчихдаг. Сон­гууль болохоор Ардчилсан намын сана­лаас хумсалж, хамгийн их хорло­сон “гавьяа”-тай. Дээр нь нэмэр хачир болж ивж өгсөн наманцраас дор зиндааныхан нь олон бий. Ард түмний өмнө зогсо­хоороо ардчиллыг бамбай болгох хэрнээ ачир дээрээ МАХН-ын улаан сарнайн дэл­бээн дор нуугдаж амьдар­саар ирлээ. Тийм л сүрхий юм бол АН-д дагаар ороод ард­чиллын төлөө нэг зүгт явахгүй яагаав.

Төр нь төр шиг байхгүй боло­хоор ард түмэн нь итгэл алдрах нь яалт ч үгүй. Өөрс­дөө хулхидуулж сонгочихоод араас нь амаа барьж, өвд­гөө тэврэхээ больж, ардчил­лын энэ хэдэд боломж олгоё. 

Энэ дэлхий дээр намууд л төр засгийн эрх барьж бай­на. Иймээс төрөө хэнээр ба­риулахав, толгой­доо хэнийг залахав гэдгээ ард түмэн анхаарах хэрэгтэй болжээ. Ялангуяа яс махны тасархай Ард­чилсан намыгаа эмгэний өврөөс салгахад бидний са­нал л хэрэгтэй байна. Алийн болгон ардчиллыг авдар ма­насан эмгэний өвөрт хийх вэ дээ.

Тэгэхгүй бол өвөрт нь дагаар ордог хувь тави­лан­тайгаа АН бүр эвлэрч дуус­лаа. Сэтгэлийг нь бо­доод  энэ удаа ялуулж, тэр эмгэний өврөөс суга татаад гаргахсан. 

Чоно “махн”-аас гарч өвс иддэг­гүй л юм бол алийн болгон эмгэнд  хууртаж, гэнэн ишиг шиг  амьдрах ёстой гэж. МАХН-ын гоё үг хэлсэн кос­тюмтай чоно л биш бол АН-ын бор халзан хонь ч байсан яахав гэж аргаа барахдаа хэлмээр болох юм.