Categories
редакцийн-нийтлэл

Л.Отгонбаяр олимпийн эрх авлаа, дэлхийн аварга ч боллоо

Тавдугаар сарын 8-нд Чехийн Праг хотноо зохиогдсон Лондон­гийн
зуны олимпийн эрх олгох “Праг-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Л.Отгон­баяр амжилттай
оролцлоо. Тэрээр 2:39:40 секунд гүйж
наймдугаар байрт шалгарснаар олимпийн эрх авч, Монгол Улсын дээд амжилтыг
эвдлээ. Эл өдөр тус хотноо цаг­даагийн
марафоны ДАШТ зо­хиогд­сон бөгөөд Л.Отгонбаяр уг тэмцээнд
уралдаж алтан медаль хүртжээ.
ОУХМ Л.Отгонбаяр нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн
газрын цагдаа, “Ажнай” корпора­цийн тамирчин юм. Лондонгийн олимпийн анхны
эрхийг ОУХМ “гүйдэг”
Б.Сэр-Од хүртсэн бол хоёр
дахь эрхийг Л.Отгонбаяр ийн хүртэж
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Сумоч, үсчин, туслахууд ордны үүдэнд ирээд гар утсаа хураалгадаг болжээ

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар
сарын башё Токиогийн  “Рёогокү Кокүгикан”
ордонд зо­хиогдож байна. Тавдугаар сарын 8-нд эхэлсэн энэхүү башё юм, юмаараа өмнөх
барилдаануудаас өөр.

“Шинса-гүрёо” буюу зэрэглэл тогтоох
тэмцээн гэх нэртэй зо­хиогдож буй энэ удаагийн башёг зохион байгуулсан гол шалтгаан
нь долдугаар сарын башёд сумо­чид хэрхэн эрэмбэлэгдэх чансаа буюу банцүкэг гаргах
юм. Ердөө л энэ. Тийм болохоор түрүүлсэн бөхөд эзэн хааны цом олгохгүй, ямар ч шаг­нал,
бооцоо байхгүй­гээс гадна башёг “NHK” телевиз шууд дам­жуу­лахгүй байгаа. Сумо­гийн
холбооноос хэд хэдэн “болохгүй” гэх утгатай шаард­лага гар­­гасан бай­на. Тү­рүүл­сэн
сумо­чид зориул­сан баярын жагсаал хий­хийг хо­риг­лосон бөгөөд түрүү бөх бүхээг­гүй
машинд сууж, үзэгч, сумо сонир­хогчид руу гараа даллаж мэндчилэх төдийхнөөр л баяраа
тэмдэг­лэж болно гэжээ.

Алдагдсан нэр төрөө сэргээ­хийн тулд
Сумо­гийн холбоо төрөл бүрийн арга хэмжээ авч буй. Тэд­гээрийн нэг нь үзэгчдийг
ордонд үнэ төлбөр нэхэхгүй чөлөөтэй оруулж байгаа явдал юм.

Дээд зиндаанд манайхаас Ха­ку­хо М.Даваажаргал,
Асасэкирюү Б.Дашням, Какурюү М.Ананд, Ха­ру­мафүжи Д.Бямбадорж, Тамава­ши Б.Мөнх-Оргил,
Кёкүтэнхо Н.Цэвэгням, Шотэнро Д.Нямсүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар барилдаж байна.

Бейсболын шуугиан, даваа наймаалцсан
хэрэг, цунами, газар хөдлөлт гэхчилэн гадна дотны олон шалтгаанаар башё удаан завсарласан
нь сумочдын бэлт­гэлд их, бага хэмжээгээр ул мөрөө үлдээсэн бололтой. Ганц жишээ
дурдахад, дээд зиндааны 35 бө­хөөс 22 нь жингээ алдсаныг барил­дааны өмнөх эмчийн
үзлэгээр тогтоожээ. Хамгийн их турсан нь Точиношин, Аминишики нар гэнэ. Тэд 10 кг-аар
турсан байна. Озэки нараас Кайо ес, Котоошюү тав, Баруто хоёр кг-аар тус тус турсан
бол ёкозүна Хакухо нэг кг нэмж 154 кг жинтэй болсон гэнэ.

Харин даваа наймаалцсан хэр­гээр зиндааныхаа
ихэнх бөхийг алдсан жюүрёд 18 бөх барилдаж байгаа юм. Тэдэн дунд манай ганц ч бөх
байхгүй.

Хэдий түрүүлсэн бөхөд эзэн хааны цомыг
олгохгүй ч ялалт, ялагдлын тоо, рекорд амжилтуу­дыг тооцож, албан ёсоор бүртгэх
гэнэ. Хэрэв Хакухо энэ удаагийн башёд түрүүлбэл Асашёорюү Д.Дагвадоржийн үзүүлсэн
долоо дараалан түрүүлсэн амжилттай эн зэрэгцэх юм. Хакухо башёгийн өмнө “Асашёорюүгийн
амжилттай тэнцэх эсэх талаар огт бодохгүй байна. Найрааны асуудлаас үүдэн холдож
хөндийрсөн үзэгчид, сумо сонирхогчдоо дахин татахыг хамгаас их хүсч байна. Дэвжээн
дээр алдсан итгэл, үнэмшил, хүн­дэтгэлийг эргүүлэн авчрах болно” гэжээ.

Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой
холбогдуулан тус ул­сын цахилгаан, холбооны газраас цахилгааны хязгаарлалтыг үе,
үе хийж байгаа. Барилдааны үеэр дэвжээнээс бусад хэсэгт буюу үзэгчдийн суудал, танхимын
гэрэл­түүлгийг 40 хүртэл хувиар бууруул­сан гэнэ. Мөн газар хөдлөлтийн идэвхтэй
бүс нутагт байсан, сэтгэлзүйн дарамтад өртсөн 900 гаруй иргэнд хүндэтгэлийн суудалд
сууж бөх үзэх боломжийг сумогийн холбооноос олгосон байна.

Сумогийн холбоо сахилга алд­сан сумочдоосоо
болж башёгоо зохих түвшинд нь “бүтнээр” нь хийхгүй байгаа нь япончуудад “таалагдаж”
байгаа гэнэ. Бүхий л зүйл нь хязгаарлагдмал, даруухан болж байгаа ч нөгөө талаар
бөх­чүүд, холбоо нь гэмээ ухаарсан нь сайшаалтай гэж байгаа аж.

Өмнө нь башёгийн банцүкэг ёслол төгөлдөр
танилцуулж, муу­туу цаасан дээр тусгай журмын дагуу уран бийрээр бичин олон нийтэд
хүндэтгэлтэйгээр танил­цуул­даг байсан. Гэтэл эл башёгийн банцүкэг бичгийн цаасан
дээр шивээд дэвжээнүүдэд хүргүүлсэн байх юм. Энэ башёгоос эхлэн сумоч, тэдний туслах,
үсчид ордны үүдэнд ирээд гар утсаа хураал­гадаг болжээ. Энэ нь мэ­дээж мес­сежээр
найраа хийхээс урьд­чил­сан сэргийлсэн хэрэг.

Түүнчлэн хувцас солих өрөө, хүлээлгийн
танхим, дэвжээний ойролцоо “чих сайтай” туршуулууд тавьж хэн, юу ярив гэдгийг чагнаж
байхаар болжээ.

Өчигдөр башёгийн гурав дахь барилдаан
боллоо. Башёг гурван даваатайгаар Хакухо М.Даваа­жаргал, Асасэкирюү Б.Дашням, Кайсей
нарын таван бөх тэргүүлж байлаа. Харин Какурюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кёкү­тэнхо
Н.Цэвэгням, Шотэнро Д.Ням­сүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар тус бүр хоёр даваа,
нэг унаа­тай, Харумафүжи Д.Бямбадорж нэг даваа, хоёр унаатай болоод байлаа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сүхбаатар: АТГ-ыг татан буулгах, эсвэл даргыг нь яаралтай томилох хоёр зам байна

АТГ-ын Олон ний­тийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатартай
ярилцлаа.

-АТГ-ын дарга нар хоригдож байгаа.
Олон нийтийн зөвлөл юу гэж үзэж байгаа вэ?

-АТГ-ын удирдлагууд шүүхийн шийдвэрийн
дагуу хоригдсон. Энэ бол хууль ёсных. Шүүх хараат бус шийдвэрээ гаргасан гэж үзэж
байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллага эзэнгүй байна. АТГ-ын дарга
нар байхгүй ч гэлээ Авлигын эсрэг хуулийн 22.2 дугаар заалт хүчин төгөлдөр үйл­чилж
байх ёстой.

-Ямар заалт юм?

-АТГ-ын дарга, дэд дарга нь гэмт хэрэг
үйлд­сэн нь нотлогдож шүү­хийн шийтгэх тогтоол хү­чин төгөлдөр болсон бол тэр өдрөөс
нь албан ту­шаалаас нь огцорсонд тооцно гэсэн байна. Тийм учраас шүүхийн шийд­вэ­рийг
хүндэтгэн үзэж, Ав­ли­гын эсрэг хуулийн да­гуу АТГ-ын удирд­ла­гуу­дыг огцорсонд
тооцно. Гэтэл АТГ-ын дарга, дэд дарга нар үүрэгт ажил­даа хэвээрээ, ажлаа “Ганц
худаг”-аас удирдаж байна гэх мэт мэдээлэл тарааж орных нь даргыг томилохгүй байна.
Жи­рийн иргэн ял авсан бол шүүхийн шийдвэрийн да­гуу хэл амгүй хоригдоод явж байгаа.
Жирийн ал­бан тушаалтан буруутай нь нотлогдсон бол аль хэдийнэ ажлаасаа ха­лагд­чихна.
Өндөр албан тушаалтанд хууль өөрөөр үйлчилж болох­гүй шүү дээ. Тэд нэгэнт буруутай
нь нотлогдоод хоригдож байгаа. Хууль хэнд ч алагчлалгүй үйлч­лэх ёстой. Ийм тохиол­долд
АТГ-ыг татан буулгах асуудал хөндөгдөх ёстой.

-Авлигатай тэмцэх газаргүй болно
гэж үү?

-Татан буулгах тухай хуульд заасан  байгаа. Авлигын эсрэг хуулийн 15.3-т АТГ-ын бүтэц,
зо­хион байгуулалтыг өөрч­лөх асуудлыг хөндөхдөө Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн
зөвлөм­жийг үндэслэн АТГ-ыг татан буулгахыг УИХ шийд­вэрлэнэ гэсэн бай­гаа. Энэ
байгууллагыг эх­лээд татан буулгачихаад, Авлигын эсрэг хуулиа өөр­чилж, дараа нь
ши­нээр байгуулах асуудал яригдана гэсэн үг.

-Шинээр АТГ бай­гуу­лахаар бөөн
ажил юм биш үү. Тэр хооронд ав­лига газар авч дийл­дэхээ болино биз…

-Энэ асуудлыг бид ҮАБЗ-д бичгээр явуул­чихсан
байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. АТГ-ыг татан буулгаснаар энэ чиглэлийн үйл
ажил­лагаа зогсохгүй. Ийм чиг үүргийг биелүүлж байгаа тагнуул, цагдаа, эдийн засгийн
мөрдөн байцаах газар гээд тусгай бай­гууллагууд бий шүү дээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй
АТГ-ыг татан буулгах, эс­вэл даргыг нь яаралтай томилж эзэнтэй болгох хоёр зам байна.

-Ер нь АТГ-ын да­раа­гийн даргыг
томи­лох­гүй, энэ байгууллагыг эзэнгүй байлгаад бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-АТГ эзэнгүй байгаа нь үнэхээр ноцтой
хэрэг. АТГ-ыг удаан хугацаанд эзэнгүй байлгах нь цаа­наа улс төрийн ашиг со­нирхол
агуулж байна. Манай улс НҮБ-ын өмнө үүрэг хүлээж Авлигын эсрэг конвенцид нэгдэн
орсон. Уул уурхайгаа ашиглаад эхэлсэн энэ үед баялаг дагасан авлига, албан тушаалын
гэмт хэргийг таслан зог­соох нэр хүндтэй үүрэг биелүүлэх ёстой. Гэтэл энэ байгууллага
эзэнгүй болсноор үүргээ бие­лүүлж чадахгүйд хүрч бай­на. Дээрээс нь АТГ-ын одоогийн
нөхцөл бай­далд УИХ-ын дарга бу­руутай.

-Яагаад?

-АТГ-ын дарга нар хо­ригдсон учраас  тэднийг тус байгууллагын Тамгын газрын дарга Бадарч
орлох үүргийг УИХ-ын дарга өгсөн. Энэ бол түү­ний эрхийн хүрээнд ший­дэх асуудал
биш. Тийм учраас энэ үйлдлийг  хууль бус гэж
үзэж бай­гаа. Хэрэв энэ хугацаанд АТГ-т  олон
асуудал ноц­той зөрчигдвөл хэн ха­риуцлага хүлээх юм. УИХ-ын дарга уу эсвэл Бадарч
уу. Тэгээд ч Бадарч нь АТГ-ыг удирдах ёс зүйн эрхгүй. АТГ-ын дарга Ч.Сан­гарагчаа,
дэд дарга нартай хамт шалгагдаж явсан хүн гэдэг утгаараа шүү дээ.

-АТГ-ын дарга нарыг огцруулах асуудал
УИХ-аар шийдэгдээгүй гэдэг үүднээс томилгоо хийхгүй байгаа юм бо­лов уу?

-УИХ хараат бус шүү­хийн өмнө хөндлөн
хэвт­чихээд байна. Тэгээд ч өмнө нь Ерөнхий проку­ро­рын зүгээс АТГ-ын удирд­лагуудын
бүрэн эр­хийн асуудлыг УИХ-аар оруулсан. Гэвч тухайн үед Хууль зүйн байнгын хороо
саналыг хүлээж аваагүй. “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр тэд­нийг шалгах эрх
олголоо” гэсэн шүү дээ. Тэр дагуу нь АТГ-ын дарга нарыг шалгаад, буруутайг нь тогтоогоод
зохих ёстой арга хэмжээг нь авлаа. Өөр яах юм. Тэгэхээр энэ УИХ-ын гишүүд, байнгын
хорооны шийддэг асуу­дал биш юм аа.

-АТГ эзэнгүйгээс болж хичнээн хэрэг
ший­дэгдэлгүй гацаж бай­гаа бол. Та нарт су­далгаа байгаа юу?

-АТГ эзэнтэй байсан бол ямар ч байсан
одоо­гийнхоосоо үр дүнтэй ажиллана. Монгол Ул­сын төрд хууль үйлчилдэг бол УИХ энэ
байгуул­ла­гын удирдлагыг томи­ло­ход онцгой анхаарах хэ­рэгтэй. Ер нь АТГ-ын дарга
нар хуулийн дагуу шийтгүүлснээс хойш би­дэнтэй албан ёсоор ха­рилцах субьект  энэ бай­гууллагад үгүй болсон. Гэхдээ манай зөвлөлд
жирийн иргэд саналаа их ирүүлж байгаа. Гол нь тус байгууллагын удирд­ла­гыг томилохгүй,
үйл ажил­лагааг нь идэвхжүүлэхгүй байгааг шүүмжилж бай­на. Ард түмний баялгийг хулгайлж,
халаасалж бай­гаа авлигачидтай ха­туу тэмцэх ёстой энэ бай­гууллага эзэнгүй болсонд
иргэд бухимдаж байна. Уул уурхай ашиглалтад ороод түүнийг төрд шур­галсан луйварчид
хувааж халааслах гээд байна шүү дээ. Үүнийг таслан зогсоохын тулд АТГ-ыг яаралтай
эзэнтэй болгох хэрэгтэй.  Гэвч АТГ-ыг эзэнгүй
байлгах сонир­хол авлигачдад байна.

-Та тэр авлигачдыг нэрлээч?

-Бүгд мэднэ шүү дээ. Ард түмнийг ядууруулж
байгаа хүмүүсийг авлига­чид тооцох ёстой. Манай төсвийн мөнгө өмнөхөө бодвол өссөн.
Харам­салтай нь Монголын ард түмэн улам ядуураад бай­гаа нь Монголын төр өөрөө авлигад
идэгд­сэ­нийг гэрчлээд байна шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үүрэг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг “Петрочайна Дачин Тамсаг”-ийнханд анхааруулав

Зуншлага сайхан бо­лох нь ээ. Хотоос зүүн тийш  гарч явахад л 
хур дагалаа.  Ерөнхий сайд С.Батболд Хэнтий, Дор­нод,
Сүхбаатар аймагт хэд хоног
ажиллахаар яваа нь энэ. Гурван аймагт Ерөнхий
сайдыг яг нэг стандар­таар угтах аж.  Хүндэтгэ­лийн жаг­саал хийж, бүрээ бөмбөр
үлээн, улаан хив­сэн дээр
алхуулж хүлээн авлаа. Зарим  аймагт бороо оро­хын өмнө
сал­хи дэгдсэн нь өнөөх ган­ган хивсийг нь Ерөнхий сайдыг ирэ­хээс өмнө арай л хийсгэ­чих­сэнгүй.   Социализмын
үеийнх шиг ингэж угтах хэрэг
бай­на уу гэж ал­баны хү­мүүсээс асуу­хад  Засгийн газраас зөв­шөө­рөөгүй ч төрөө хүндэтгэж байгаа хэрэг гэж тайлбар­лав. Иргэд Ерөнхий сай­даа угтах гээд аймгийн
тө­вийн­хөө талбай дээр, эсвэл хурлын танхимд
дүүрэн цугласан байх аж. Настнууд
энгэр дүүрэн одон медалиа
гялал­зуулж, гоёлын дээлээ өмсчихөж. Хачирхалтай нь зүүн аймгийнхан бүгд л Ерөнхий сайд С.Бат­болдыг “манай нутгийн хүү” гэцгээх аж.

Сүхбаатар аймгийнхан  гэхэд л аавынх нь нутаг болохоор угшлаа дагавал
яалт ч үгүй манайх гэнэ, Дорнод аймагт төрж өссөн боло­хоор бас л манайх гэх юм.
Хэнтий­чүүд Цэцэн ханаас төрсөн манай сайд гэх юм. За ямар ч байсан Зүүн аймгийнхан
Ерөнхий сайдаа өөр өөрийнхөө­рөө өмчлөөд л суугаа юм байна.  Дээрх аймгуудад хийсэн ажлынх нь талаар дараагийн
дугаарт хүргэх учир энэ удаа Ерөн­хий сайдын Зүүн бүсэд ажилласан өдрүүдэд анхаарал
татсан нэг зүйлийг онцолъё. Энэ нь Дорнод Тамса­гийн сав газарт газрын тосны хайгуул,
олборлол­тын ажил хийж байгаа “Петро­чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай
танилц­сан явдал юм. Ирсэн зочдод тус компанийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн
дарга нар танилцуулга хийв. Мэдээж тэд их л сайхан юм хийж байгаа гэж хэлсэн. Сайхан
зүйл хийх гэхээр нь саад тотгор учруулаад байгаа нь Монго­лын тал гэх маягийн үгс
ч урсав. Мон­голын тал хөшүүн хойрго байхаар Хятадын талын хөрөнгө оруулалт цаанаа
л нэг болж бүтэхээ бай­чихаад байна гэж ирээд л учирлаж гуйхын зуур ярьж байх юм.
Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын 26 хууль тогтоомжийг зөрч­сөн гэж Мэргэжлийн хяналтынхан
тус ком­па­нийнхныг дүгнэсэн бай­гаа юм. Ингээд тэдний үнэнээс зөрсөн танилцуулгын
дараа Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс
асуулт асуулаа. Бас анхаа­руулга ч хэллээ. “Петро­чайна Дачин Тамсаг”-ийнхан үүнд
их дургүй бай­гаа бололтой.

Биднийг очихоос өмнө ажилч­дадаа хэвлэл
мэдээл­лийнхэнд янз бүрийн юм хэлж болохгүй гэж анхааруулсан байгаа юм. Өнөө­дүүл
нь элдэв юм асуух гэхээр дөлж зугтаад болдоггүй. Уг нь саяхан цалингийн доод хэмжээг
нь 300 ам.доллартай тэнцэхээр  болгосон гэж
байсан. Сумын иргэ­дийн хурал хуралдаад мон­гол ажилчдын цалинг нэмүүлэхээр шийдвэр
гар­гаж нөгөөдүүл ч үүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Дорнодчууд Ерөнхий сайдыг очиход
“Газрын тосны баялгаас орон нутгийн иргэд хүртэх ёстой” гэсэн утгатай уриа лоозон
барьж угтсан нь ч учиртай аж. Орон нутгийн иргэд эдний үйл ажил­лагаанд таагүй ханддаг
гэнэ. Үнэн хэрэгтээ Монгол Улсад асуудал нь байгаа юм биш. Нөгөө тал асуу­далтай
байгаа нь уулзалтын явцад тов тодорхой болов. Угаас гэрээ­ний олон заал­тыг зөрчиж
заримыг нь биелүү­лэхгүй байгаа юм байна. Сайд дарга нар юм асуухаар тоймтой юм
ч хэлэхгүй юм. Асуул­тад хариулж чадахгүй болох үедээ нүүрэнд нь илт уур хилэн тодроод
ирэх аж.   

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Та нар
ирэх болгонд л ийм юм ярьж суух юм. Нөөцийн гуравны хоёрыг нь Монголын Засгийн газар
баталж өгсөн атлаа үлдсэнийг нь баталж өгөхгүй байгаа нь байгаль орчны нөхөн сэргээлт
бусад асуу­далд нөлөөлөөд байна гэж ярих юм. Та нарын энэ барьсан юмнууд хэзээд
ачаад явахад бэлэн. Дээр нь хэт хямдхан материалаар хийгд­сэн байдаг. Монголд юу
үлдэх юм. Зам барина гэчихээд яагаад одоо бол­тол худлаа яриад байж байдаг юм” гэтэл
тус компанийн захиралд хэлэх үг олдсонгүй. Нөгөө л танил­цуулгад дурдсан зүйлийг
давтан “Манай илрүүлсэн нөөцийн гурав­ны хоёрыг Монголын Засгийн газар баталж гуравны
нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саад­тай
байгаа гэв. Нөөцийн асууд­лыг бүрэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажилла­гаанд
нөлөөлж байна гэлээ. Ч.Улаан гишүүн “Гэрээнд заасан үүргээ биелүү­лэхгүй байж хандив
тусламжаар ам хаах нь зохисгүй”-г дурдав. Д.Одбаяр гишүүн “Газрын тос олборло­­хоосоо
өмнө газрын тос боловс­руулах дунд оврын үйлдвэр барина гэсэн яасан” гээд мөн хатуу
хучилттай зам барих ажил одоо хүртэл хийг­дэх­гүй байгаа талаар асуухад Зам тээвэр,
барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг нь шийдэж өгөхгүйгээс
болсон гэв. Түүнээс болоод гэрээнд хатуу хучилттай зам барихаар тусга­чихаад одоо
хайрган хучилттай болгож өөрчилсөн төдийгүй 
хөрөнгө оруулалт нь ч шийдэг­дэхгүй байгаа тухай ярилаа. Гэтэл  Байгаль орчны дэд сайд Ч.Жаргал­сайхан Замын элэгдэл
маш их байгаа. Байгаль орчны яамнаас бүх замыг хатуу хучилттай байлга­хаар зорьж
байгаа. Гэтэл тус компанийн захирал газрын тосны хайгуулын онцлогоос шалтгаалж эхний
үед тодорхой хэм­жээгээр байгаль орчинд нөлөөлдөг гээд олигтой зүйл хэлсэнгүй. Гэсэн
атлаа гэрээнд заасан амласан зүйлээ огт хийхгүй байгаа нь энд ирсэн албаны хүмүү­сийн
дургүйц­лийг хүргэж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэ­рийн сайд Т.Бадам­­­жунай  монгол, хятад ажилчдын цалинг сонирхов.
500-1000 ам.долларын цалин авч байгаа гэж байна. Манай ажилчид цалиндаа сэтгэл хангалуун
байдаг хэмээн өнөөх эрхэм заллаа. 

Үнэн хэрэгтээ монгол ажилчдын цалинг
300 ам.доллар болгохыг Монголын тал сая л зөвшөөрүүлж талаар дээр мэдээлсэн. Дараа
нь Зам тээвэр, барилга, хот байгуулал­тын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
“Танай компани батлагдсан чиглэлд баталгаатай аюулгүй тээвэр хийх ёстой. Танайх
хайрган хучилт­тай замын төслөө маш нарийхан, хоёр машин зөрөх зайгүй, тийм санал
оруулж ирсэн. Бид та бүхэнд өргөн болгоод ир гэсэн даалгавар өгсөн” гэлээ. Ингээд
Монголын талаас л болохгүй байгаа юм шиг зүйл яриад байсан тус компанийн удирдлага  сүүлдээ хэлэх үггүй болов. Энэ бүхний эцэст Ерөн­хий
сайд үг хэллээ. Газрын тосны хуульд Засгийн газраас шинэчил­сэн найруулга хийх санал
оруулж байгаа. Газрын тосны нөөц ашиг­ласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээг нэмж
тусгах шаард­лага байна. Тэгэхгүй бол хуучин гэрээ­нээс болж Монгол Улс алдаг­­далтай
байгаа талаар хэлээд энэ онд багтааж цуглуу­лах, хадга­лах, цэвэршүүлэх олбор­­лолтын
бай­гууламж  бари­хыг үүрэг болгов. Хийж байгаа,
хийх гэж байгаа гэсэн шалтаг шалтгаан дахиж сонсох­гүй гэдгээ ч хэлсэн юм. Мөн тэрээр
нүүрс олборлож буй дотоодын компа­нийн­хаа тээвэр­лэл­тийн үйл ажил­лагааг зогсоож
болж байхад гадаадын компанид ч адилхан арга хэмжээ авч болохыг анхааруулав.

Ерөнхий сайд энэ уулзалтын дараа Байгаль
орчны дэд сайд Ч.Жаргалсайханыг тус ком­па­нийн удирдлагуудтай дахин уулза­хыг үүрэг
болгосон юм. Дэд сайд Ч.Жаргалсайхан тус компа­нийн удирдлагуудтай уулзахдаа хэд
хэдэн шаардлага хэлсэн юм. Тэрээр “2007 оны тавдугаар сард та нар Ерөнхий сайд С.Баяр­тай
намайг энд ирэхэд техник, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгосон. Нэг жилийн хугацаанд
хатуу хучилт­тай зам барина гэж байсныг чинь би санаж байна. Гурван жилийн дараа  ирлээ. Та нар ч юу хийгээ­гүй байна. Бүр ухраад
хайрган зам барих тухай ярьж байна. Энэ байдлыг бид хүлээж авах боломжгүй. Хатуу
хучилттай зам барихыг Байгаль орчны яам хатуу шаардана. Та нарт нэг сарын хугацаа
өгнө. Энэ хуга­цаанд багтааж хатуу хучилт­тай замын техник, эдийн засгийн үндэслэ­лийг
хийлгэж оруулж ирэх ёстой. Өөр тайлбар сонсох­гүй. Үгүй бол үйл ажиллагааг чинь
зогсооно. Нөгөө талаас техни­кийн болон биологийн нөхөн сэргээлт хийг­дэх­гүй байна.
Газрын хөрсний бохирдуулалтыг саармагжуулах ажил хангалтгүй. Ахуйн болон үйлдвэржилтийн
хогны асуудал одоо болтол хийгдээгүй. Хог хаягдлаа шууд газарт булж бай­гаа. Энэ
тухай нутгийн иргэдээс гомдол ирж байна. Байгаль орчныг хам­гаалах, нөхөн сэргээх
ажил хийгээ­­гүй. Энэ жилийн хөрөнгийн  фон­дод
байгаль орчинд зарцуу­лах мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бүх байдлыг чинь ойрын хуга­цаанд
газар дээр нь ирж шалгах ажлын хэсэг явуулна” гэлээ. Ямар ч байсан “Петрочайна дачин
Там­са­г”-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэ­хээс өмнө Ерөнхий сайд байдлыг газар
дээр нь очиж үзлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ингэхэд ер нь цаагуур чинь ЮУ БОЛООД БАЙНА АА?

ЗАСГИЙН ГАЗРЫН
ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ШИЙДВЭР

Засгийн газрын саяхны хурал­даан дээр
ийм юм болжээ. Сонин уншиж суусан Ц.Нямдорж сайд “Х.Баттулга сайд аа,   өмнөд хөрш рүү машинаар нүүрс экспортлохгүй  байгаа 
талаар тайлбар өгнө үү” гэтэл Х.Баттулга сайд “Мэдэхгүй” гэсэн  хариу өгчээ. Ц.Нямдорж “Та мэдэхгүй юм бол сонинд
өгсөн  ярилцлагадаа яагаад “Энэ шийд­вэрээсээ
яаж ч байсан буцахгүй” гэж хэлсэн байдаг юм” хэмээн  дахиад асууж. Гэлээ гээд тоймтой хариу сонсоогүй
байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Би ч энэ талаар мэдээгүй юм байна.
Засгийн газар мэдээгүй байхад яагаад ийм шийд гаргасан байдаг юм. Ядаж Засгийн газрын
хуралдаан дээр ярих ёстой байсан юм биш үү” гэж ирээд л цаагуураа манай намын бодлого
биш шүү гэсэн аястай бусдадаа тал зассан юм байх.  Ингээд эзэнгүй шийдвэ­рийн эзнийг нь хайцгаажээ.
Энэ талаар Өмнөговь аймгийнхныг хардтал үнэн хэрэгтээ тус аймгийн  ИТХ ч хуралдаж шийд гаргаагүй байж. Тэнд байгаа
Мэргэжлийн хяналтын байцаагч, Авто замын газрын байцаагч хоёр л том толгой гарган
ийм шийдвэр гаргасан болж таарчээ. Үүнээс үүдэлтэй Авто  замын  газрын  дарга,  
Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын тайлбарыг ч авсан байна. Засгийн газрын
хурал иймэрхүү маягтай болж байхад Төрийн ордны гадна нь “Гал үндэстэн” тэргүүтэй
иргэний хөдөлөөнүүд хуралдайгаа хурал­дуулж, шаардлагаа тавьсаар бай­на. Тэд хамтарсан
Засгийн газрыг  огцорч, УИХ-ыг тарахыг шаард­саар
байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ
ОГЦРОХЫГ ХЭН, ХЭН ШААРДАВ?

Энэ Засгийн газрыг бол өөрс­дөө “Хамтарсан”
гэж нэрлээд бай­гаа ч олон нийт нэгэнт МАНАН-гийн  Засгийн газар гэх болж. Хамтарч нийлж болсон юм
салж сарниж, бүр цаашлаад огцорч болох талаар Ардчилсан намын зарим фракц бүлэглэл
тэр дундаа эгэл жирийн гишүүд, иргэний хөдөлгөөнүүд, “Гал үндэстэн” холбоо, бүгд
л  сонирхлоо илэрхийлж байгаа.  Зарим нь Төрийн ордны гадаа гэр бариад суучихаад
нэлээд хэд хоног боллоо. Энэ тэмцэлд нь морьд хүртэл оролцлоо шүү дээ. Дээр нь Н.Энхбаяр
ч нэмэгдэнэ.   Тэд зөвхөн Засгийн газрыг огцруу­лахыг
шаардах төдийгүй УИХ-ыг ч тар гэв. Одоогоор их хуралдай­гаас гарсан  шийдвэрээ УИХ, Ерөнхий­лөгчид хүргүүлсэн. Сүүлийн
үед  МАН-ынхан ч хамтарсан засгаас Ардчилсан
намыг гаргах нь зүйтэй гэх болсон. Ингэж эрчимтэй ярих  болсныг Ардчилсан намаас  зохион байгуулалттайгаар МАН-ын гишүү­дийг шахаж
хэлүүлж байгаа гэх таамаг ч газар авчээ. Засгийн газрыг огцруулах гэсэн хэд хэдэн
сонирхлууд байна. Үүний дотор МАН-ынхан  ч
багтана.

С.БАТБОЛДООС НАМЫН ДАРГЫНХ
НЬ СУУДЛЫГ АВАХ ТУХАЙ ЯРИА БУЮУ “НАЙЗУУДЫН
БҮЛЭГ”-ИЙН ЭСРЭГ
ХЭРХЭН ХӨДЛӨХ БОЛ?

“Дараагийн ээлжийнхэн хоо­лондоо”
гэдэг шиг уул уурхайн  баялгаас бид ч  хүртэх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа
МАН-ын лидерүүд хамтарсан зас­гийг салгах нь бүү хэл огцруулах сонирхолтой. Ил л
хэлж чадахгүй байгаа болохоос цаагуураа юм явуулаад эхэлж. Мөн Засгийн га­зарт байгаа
хоёр талын хөдөлшгүй эрх ашигтай нөхдүүдийг “найзуу­дын бүлэг” гээд  нэрлэчихэж. Ма­гад­гүй засагт байгаа нөхдүүд өөрс­дөө
тэгж нэрлэснийг нь МАН-ынхан  дотор хэлж заншиж
байж ч болох юм.

МАН-ын ХХV их хурлын үеэр яригдаж
байсан нэг яриа дахиад сэдэрчээ. Тэр нь намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгах
сонир­хол. Гэтэл одоо С.Батболдод Ерөнхий сайдынх нь албыг үлдээ­гээд  намын даргаа өөр хүнд өгөх хэрэгтэй гэдэг юм яваад
эхэлжээ. Энерциэрээ яваад байгаа яриа гэнэ. Тэд намын даргаа зөөлдөөд байна гэж
шүүмжлээд сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм өөрч­лөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа
аж. Гэвч энэ нь намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсран гүйцэтгэдэг жаягаа дагахад
аяндаа хүргэх юм байх. Өөрөөр хэлбэл эхлээд намын даргын албыг нь аваад дараа нь
Ерөнхий сайдынх нь албыг ч авах санаархал гэнэ.  

Үүнтэй холбоотой МАН дотор дараагийн
намын дарга хэн байх талаар ч яригдаад эхэлж. Үүнд М.Энхболд, Н.Энхболд,  Х.Наран­хүү, Ө.Энхтүвшин нарын нэр хүчтэй яригдаж  байна.

АН-ЫНХАН УДИРДЛАГУУДДАА
ХАРШИЛТАЙ БАЙНА

АН дотор хамтарсан засгаас намаа  гарчихаасай гэсэн ил далд хүсэлтнүүд олон бий.
Мөн нэр дэвшигчдийн  мөнгөний хэмжээ 50 сая
гэж зарлагдсан ч тэр бүр ту­шаах гээд  барьж
гүйх хүмүүс алга   байгаа нь Сонгуулийн хуулийн
эцсийн шийдийг мэдэх гэсэн хү­лээлт нөгөө талаар юу юугүй  Н.Ал­танхуягийг мөнгөжүүлээд яахав гэсэн бодлоос
нь үүдэлтэй гэнэ.  Ямар ч АН-д байсан өвөрт
нь орсон МАН-ынхаа хажуу бөөрнөөс салах­гүй байгаа Н.Алтанхуяг даргадаа харшилтай,  түүнийг унагах сонир­холтой гишүүд өдөр ирэх бүр
нэмэгдэж байна.  

Цаашлаад  нийслэлийн намын
удирдлагыг ч өөрчлөх сонирхол бүхий  бүлэглэл
фракцуудын яриа хэлцэл нэгэнт явагдаад эхэлжээ. Учир нь Ш.Түвдэндоржийг нийслэ­лийн намын хорооны
даргаар нь байлгаж сонгуульд орвол хотын тойргуудаа алдах магадлал өн­дөрсөнө гэж тэд үзэж байгаа юм байна. Ганц хүнийг ажилтай байл­гахын төлөө бүхэл
бүтэн намаа ингэж баллаж болохгүй хэмээн тэд ярьж байгаа юм. Ийнхүү хамтарч  засаг барьж буй хоёр намд сон­гуулийн өмнөх хүчтэй
салхи сал­хилаад эхэлжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Социализм руу буцахгүйн төлөө АН-ААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ

Египетийн Дээд шүүхээс Үндэс­ний Ардчилсан нам буюу Ерөнхий­лөгч асан Хосни Мубаракийн на­мыг татан буулгаж буйгаа зарлав. Ингэснээр уг намын бүх өмч хө­рөнгө Засгийн газрынхаа мэдэлд шилжих юм. Төвийн үзэлтэй гэгдэх энэ намыг Хосни Мубаракийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Анвар Аль Садат 1978 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулжээ. Хэдийгээр олон намын тогтолцоотой ч өнгөрсөн он жилүү­дэд Нил мөрний хөвөөнөө Үндэс­ний ардчилсан нам гагцаар эрх мэдлийг эзэгнэж байсан гэдэг. Харин өнгөрсөн хавар болсон хувьсгалын дараа египетчүүд олон жилээр эрх барьж, бугшиж хөгцөр­сөн ийм нам бидэнд хэрэггүй хэ­мээн үзээд татан буулгах шийдвэ­рийг ийн гаргалаа.

Египетчүүд сүрхий улсууд юм. Хорин жилийн өмнө гаргасан мон­голчуудын алдааг давтахгүй байна шүү. Монголчууд Азид ардчилсан нийгмийг цогцлоосноороо анх­дагч­дын тоонд орно. Бас энэ бүс нутагт ардчиллын өлгий, түүчээ гэдгээрээ бид яах аргагүй ялгардаг. Гэхдээ бид шинэ нийгэмд шилжих­дээ, алдаж эндэж байсан зүйлийн нэг нь өнөөгийн египетчүүд шиг олон жилээр улирч ирсэн эрх ба­ригч намаа татан буулгаагүй явдал юм. Тухайн үедээ далан настай МАХН-ыг татан буулгаагүйн гор нь өнөө бүр тод мэдрэгдэж байна.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө ард түмнээ үзэл бодлын буулганд боолчилж, олон мянган сэхээтэн, лам хуврагуудаа хэл­мэгдүү­лэн хороосон ах намыг татан буулгачихсан байсан бол сүүлийн үед үүсээд буй хэрэг явдлууд өрнөхгүй байх байсан билээ. Бас коммунист хийгээд социалист нэрнээс жийрхдэг олон мянган залуус ийм нэртэй холбог­дож байгаадаа эмзэглэхгүй байсан юм. Хорин жилийн өмнө л энэ алхмыг хийчихсэн байсан бол тэр үед арав орчим л настай байсан хүүхдүүд өнөөдөр Хувьсгалт гэсэн үгийг “овоглолоосоо” авах гэж зүтгэж, ингэснээрээ өөрсдөдөө гал дуудахгүй байх байлаа. Тэд ер насалсан хөгшин намаа дахиад хэдэн жил авч үлдэх гэж л ингэж байгаа хэрэг л дээ. Гэвч одоо нас бий болов уу. Хосни Мубаракийн нам бол 1921 онд байгуулагдсан манай ах намын дэргэд нялх хүүхэд л гэсэн үг. Гэвч улс төрийн нам буг болтлоо удах хэрэггүй гэж үзээд татан буулгаад хаячихлаа. Уг намыг татан буулгахтай холбоотой яриа ид өрнөх үед буюу Дээд шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө намыг үндэслэгч Анвар Аль Садатын хамаатан Талаат Садат тус намын дарга болж байгаагаа мэдэгдэж байсан. Хэзээ ч уг намын гишүүн байгаагүй, харин ч сөрөг хүчний байр суурин дээрээс хандаж ирсэн энэ хүн авгынхаа байгуулсан намыг цэвэр­лэнэ гэв. Цаашид шинэ зарчмаар замнаж, “Үндэсний шинэ ардчил­сан нам” болгож нэрээ өөрчилнө хэмээв. Тийм хэдий ч Дээд шүүх татан буулгах шийдвэрээ гаргаж л орхисон. Уг нь Египетийн Үндэсний Ардчилсан шинэ нам манай ах намтай адил Соц-Интернийн ги­шүүн юм билээ. Бас үүх, түүхийг нь харвал адил төстэй зүйл их л үзэгдэх санж.

Урьд нь парламентын сон­гуульд 444 суудлын 39 хувийг нь л авч, дийлэнх олонх болж чадаагүй хэрнээ бие дааж гарч ирсэн 181 гишүүнийг талдаа татаж, олонхийг бүрдүүлж байсан нь 2004-2008 оны парламентад Симба Ц.Батааг намдаа урвуулж, олонхийг бүр­дүүлж байсан цаг үеийг сануулах мэт. Сүүлд гэхэд 2010 оны парла­ментын доод танхимын сонгуульд  508 суудлын 420-ийг авч, парла­мен­тын тавны нэгийг нь бүрдүүлж байсан сөрөг хүчний нам нэг ч суудалгүй хоцорч, таван суудалтай өөр нэг нам ердөө хоёрхонтой л үлдсэн сэлт нь танил технологийг өгүүлэх шиг. Бас уг сонгуулийг шударга бус болсон талаар олон улсын байгууллага, ажиглагч нар үгээ хэлж байсан нь нэгийг хэлнэ.

Хэрэв үнэхээр л ард түмний саналаар дийлэнх олонхи болж байсан бол хэдхэн сарын дараа хувьсгал өрнөхөд тулж, улмаар нам нь татан буугдахгүй байсан биз ээ.

Ямартай ч египетчүүд олон жил толгойд суусан намаа ийнхүү татан буулгачихлаа. Харин бид яах ёстой вэ. Татан буугдах ёстой байсан ах намыг татан буулгаагүйгээс яршиг түвэг нь улам бүр нэмэгдсээр бай­на. Насаа уртасгах гэж оролдож, нэрээ өөрчилсөн нь энэ нам дахь үзэл бодлын зөрүүтнүүдийг бүр ангилчихав. Одоо Н.Энхбаяр тэр­гүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг барьж, улс төрийн тоглолт хийж байна. Дээрээс нь олонх болсон нам сөрөг хүчин бай гэж ард түм­ний сонгосон Ардчилсан намыг өвөртөө хийж, стандарт бус Зас­гийн газар байгуулснаар байдал улам хэцүүдлээ.

Өөрсдийгөө сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллана хэмээн мэдэгдээд байгаа бүлэг хүмүүсийн гаргаж буй байдал, хийж буй мэдэг­дэл нь олон хүнийг  гайхшруулаад байна. Зарим хүн социалист үеэ санагалзан, бүгдийг хөдөлмөрч­дөд, бүгдийг нийгэмчлэх тухай яриад эхэлжээ. Гэтэл бид бүгд нэг өмч хөрөнгөтэй, нийгэмчлэгдсэн сэтгэлгээнээсээ дөнгөн данган салж ядаж буй бус уу. Ах намынхны социализмаасаа салах гэж орол­дож буйн тэмцэл  нөгөө талд эргэн тэр үедээ очих их хүслийг нь тө­рүүлж байх шиг. Уг нь монгол хүн хүссэн цагтаа тогоо тослох хувийн ганц хоёр толгой малтай болсон­доо баярлаж, хүссэн үедээ гадаа­дад зорчиж, хэрэгцээ гарвал орон суу­цаа барьцаалж мөнгөтэй бол­чих­дог болсондоо баярлаж явах бол­сон. Тэгвэл одоо монгол хүн хө­рөнгөтэй байгааг нь буруутгах хүчин гарч ирэх нь. Угаасаа байдал энэ мэт болтол явсныг хүмүүс ганц л зүйлтэй холбож байгаа нь МАН-д АН нэгдэн нэг засаг байгуулсных хэмээж байгаа юм. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, хүнийг эд хөрөнгөтэй байхыг өөгшүүлж, үзэл бодлын хувьд ташуурдаж өгдөг нам билээ. Гэтэл энэхүү нам нь хууч­наар МАХН-тай нэгдсэнээр өөх ч биш булчирхай ч биш болсон. Хувьдаа хөрөнгөтэй байхыг үздэг­гүй, хэсэг цагаан чулуу харсан ч нийгэмчлэх тухай боддог энэ на­мын хуучин үзэлтнүүд нөгөө хэдээ хөрөнгөтөн үзлийг дэвэргэдэг хү­мүүс­тэй нийлчихлээ гэж үзсэндээ соц цагийг санагалзаад ирэв бо­лолтой. Энэ бол тухайн цагт нь уг намыг татан буулгаагүйн гай.

Ингэж хуучнаа санагалзан, өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх нь асар хор холбогдолтой билээ. Нэгэнт тухайн цагт МАХН-ыг татан буулгаж, өнөөгийн их хагарлын үүдээс сэргийлж чадаагүйгээс хойш одоо үүссэн нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Энэ нь Хамтарсан Засгийн газраас АН гарах явдал юм. Баярлалаа гэж хэлнэ үү, болно оо гэнэ үү ямартай ч баяртай гэх цаг нь иржээ.

Энэ нь алдаа оноотой ч ард­чил­сан замналаараа урагшлах боломжийг нээж өгч таарна.

Египетэд Үндэсний
ардчилсан намаа татан буулгаж түүхэн
хэргийг хийж байгаа бол Монголд Хам­тарсан Засгаас АН-ыг салгаж, сөрөг хүчнийх
нь ажлыг хийлгэмээр байна.

Categories
редакцийн-нийтлэл

Цэг, таслалын АЛДАА

2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд өдөр тутмын сонинуудад гарсан алдаатай хэсгийг дугуйлав

Жижигхээн зүйл том юмны эхлэл болох нь бий. Энэ нь сай­наар ч, муугаар ч төгсч болно. Цэг, таслал, үг, үсгийн алдаа  хожим нь засч залруулж боломгүй алдаа болох нь байдаг. Саяхан Авлига­тай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүл­гийг олон нийтэд зарлалаа. Зар­лахдаа таслалын алдаа гаргажээ.  Өнгөц харахад алдаа гэж ойлгож болох юм. Алдсан гэж өөрсдөө залруулсан энэ тэрийг тооцвол шүү. Таслалын тэр алдааны хор уршиг их л дээ. Улс төржүүлэх дуртай хүмүүс бол тэр олон хүн дотроос яахаараа төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хэд дахин нэмсэн тоо бичиж алд, дэлмээр алддаг юм. Хөрөнгө орло­гоо мэ­дүүл­сэн бусад төрийн албан хааг­чид гомдол гаргаагүйг бодоход ганцхан Ерөнхийлөгчийнхийг алддаг нь гайхмаар. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангараг­чаа нь шоронд явснаас болж Ерөн­хий­лөгчид ингэж хандаж байгаа юм биш үү гээд л хардаж эхэлж байна. Эвгүй бодвол зориудаар ч юм шиг энэ алдаа эхний мэдээл­лийг үнэн гэж хүлээж авдаг хүмүүст бол шууд утгаараа хүрч байгаа юм. Мэдээл­лийг харсан хүмүүс бол Ерөнхий­лөгч ямар их орлого олоо вэ гэж шууд бодож байгаа. Дараа нь “Бид таслал алдаад мэдээлчихлээ” гэж  залруулга гаргалаа ч Авлигатай тэмцэх газрынхан Ерөнхийлөгчийн шахаанд ороод үнэнийг худал болгосон мэт ойлголтыг ард түмэнд  нэгэнт өгчихөж байгаа юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг биз дээ. Үгүй бол Ерөнхийлөгч Авлига­тай тэмцэх газрын хооронд далд тэмцэл яваад байгаа юм шиг ойл­голт төрж байна. Томоохон бизнес­тэй гэгдэх улстөрчдөөс ч орлого нь давсан тоог Ерөнхийлөгчийн хө­рөнгө орлогын мэдүүлэгт ийнхүү бичих нь юуны учир вэ. Сэтгүүлч бид ийм алдаа гаргавал цаад газар нь гомдол нэхээд салдаггүй. Тэгээд залруулга гаргасан ч санаа нь амрахгүй шүүхдэж байдаг.

Өдөр тутмын хэвлэлүүдээр нэ­гэн зэрэг гаргасан энэ мэдээллийг  ганц ажилтан нь бичээд гаргаагүй баймаар. Авлигатай тэмцэх газрын хийдэг ажлын хамгийн олон нийтэд ил хүргэдэг нь албан хаагчдын хөрөнгө орлогын л мэдүүлэг шүү дээ.  

Авлигатай тэмцэх газар ха­риуц­лагатай ажилдаа хариуцла­га­гүй хандсан албан хаагчдаа ямар арга хэмжээ авах бол. Улсынхаа Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм хайнга алдаатай хандаж байгаа хүмүүс өөр хэдэн хүнийг хэлмэгдүүлж алдаа гаргадаг бол. Авлигатай тэмцэх газар бол алдаа гаргах учиргүй газар. Энэ алдаа жижигхээн зүйл шиг хэрнээ томоос том утга агуулж байгаа юм. Таслалын цаана хүний хувь заяа, цаашлаад улс орны эрх ашиг ч явж байдаг. Тиймээс энэ удаагийн алдаа гээд байгаа зүйлийг нь зүгээр л нэг эндүүрэл, байдаг л юм гэж хүлээж авч боломгүй. Саяхан л гэхэд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл гишүүн нэг ноцтой алдааны тухай ярьж түүний дагуу холбогдох газар нь засч зал­руул­сан байх. Энэ нь Нийслэлийн чанарын албаныхан 50 гаруй тэрбум төгрөгийг алдаж тооцсон байсан гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай төрийн алба ямар налгар наазгай болсныг хэлээд өгч байна. Тавин тэрбум гэдэг бага тоо биш. Анзаарахгүй өнгөрвөл ямар их хохирол учрах нь тодорхой. Тэр алдаатай тоог нь УИХ-аар батал­чихсан бол яах болж байна. Эв­гүйт­вэл зориудаар ч юм шиг энэ алдаа цэг, таслалаасаа илүүтэй ажилдаа хариуцлагатай байхыг тус бай­гууллагынхан төдийгүй төрийн албаныханд сануулаад өгөх шиг боллоо.

Төрийн
албан хаагчид  хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг
уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр
үзлээ. Энэ хугацаанд хэдэн
хүний хө­рөнгө
орлогын мэдүүлгийг ийнхүү алдаатай мэдээлж байсныг хэн
мэдэхэв. Ямар ч байсан Авлигатай тэмцэх газар ажилдаа яаж хандда­гаа  яруу тодоор харуулаад авлаа. Санаатай, санамсаргүй нь тодор­хойгүй ч Ерөнхийлөгчөө чимхээд авсан хэрэг боллоо.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Нинж хэний хатгаасаар хөдөлгөөнүүдийн нэрийг хугалж, хувьсгал яриад явна вэ?

Сонины редакцийн утас дуу­гарч хэн нэгэн бухимдуу хоолой­гоор “Энэ хэдэн нөхдүүд ху­вьсгал яриад байх юм. Одоо л амар жимэр амьдаръя гэ­хээр айдас хүйдэс дагуулсан юм яриад эхэллээ. Та­най сонин үүний эсрэг байгаа биз дээ” хэмээн асуух, гуйхын хооронд үг хэлээд ууртай гэгч нь утсаа шидчихэв. Үнэхээр хүн төрөлхтний мөнхийн хү­сэл амар амгалан, аз жаргал­тай амьдрал. Аль за­маар,  аль жимээр тэр аз жаргалд хүрэх вэ гэж хүн төрөлхтөн хөгж­лийнхөө явцад бодож  боловсруул­саар ирсэн хам­гийн зөв зам нь энэ л юм гэж ардчиллыг сонгосон. Одоо­гоор үүнээс илүү төгөлд­рийг  нь олж хараахан чадаа­гүй байна. Ямар ч байсан өмнөх нийгмээс,  өмнө нь явж ирсэн замаас хавь илүү дээр байс­ныг нь 1990 оны ард­чилсан хувьсгалаас хойш бид мэдэр­сэн. Одоохондоо тэр аз жар­галд хүрэх зам нь үүнээс өөрөөр харагдахгүй байна. Диваа­жин гэдгийг заавал үхсэн хойноо очиж мэдэх алба байхгүй. Амьд байж аз жаргалыг мэдрэхээс үхсэн хойноо яахыг нь мэдэхгүй диваа­жинг мөрөөдөөд яахав.  

Одоо хувьсгал болоод байгаа улс орнуудын үйл явцыг давтах тухай яриад мөрөөдөөд хэрэгжүү­лэх гээд байгаа хүмүүс бий болсон нь тодорхой болжээ. Уг нь  хувьс­­­галыг манайхан аль хэдийнэ хий­чих­сэн. Бүр огот­нын хамраас цус гаргалгүй­гээр шүү. 

Ордон тойрч гороолоод байгаа Д.Нинж хэний захиал­гаар ардчил­лын нэрийг гутаа­гаад байна. Ирж яваа цагийг үгүй хийх гэж хувьсгал ярих нь юун нь сайн юм. Хүмүүс жаг­саж цуглаж, хувьсгал өрнө­хийг, цус гаргахыг хүсдэггүй. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа хувьсгалыг хүсэгчид мөнгөтэй хүмүүсийн дан­сан дахь мөнгийг хураагаад уст­гах тухай ярьж эхлэв.

Буцаад нөгөө 1937 оны хэл­мэгдүүлэлтээ хийж таарах нь. Тэр он жилүүд Монголын түүхэнд хараар бичигдэж, оюуны сор бол­сон  сэхээтнүү­дийг нь хоморголон алж, хэл­мэгдүүлж байсан. Д.Нин­жийн гэх тунхаг тэр хэлмэгдүүлэл­тээс ялгаа алга. Д.Нинж, Н.Энх­баяр, А.Баа­тархуяг, Г.Уянга, О.Магнай,  М.Энхсай­хан нар үүнийг л  суртал­даад байна. Нэгэнт бий болсон ардчиллыг хувьсгалаар алга бол­гох юм ярих нь ардчил­лаар бий болсон хөдөлгөө­нүү­дийн тэмцлийг ч угтаа үгүйсгэж буй хэрэг юм.  Тэд­ний тэмцэл хүчингүй мэт, 1990 оны ардчилсан хувьсгал бо­лоогүй мэт ойлгуулах гээд байгаагийн цаад санаа хэ­нийх вэ. Д.Нинжийн ард хэн байна вэ. Үүнийг бид Засгийн газар, Ерөнхий сайд захиа­лав уу гэж хардахад хүрч байна. Эрх баригчид л Ард­чил­сан намыг өвөр­төө хийн сул дорой болгож, ард­чил­лыг, ардчиллаар үг хэлэх тэм­цэх эрхтэй болсон хөдөлгөө­нүү­дийг саармагжуулах ажил­­ла­гаагаа Д.Нинжээр дам­­жуулан явуулж байх шиг.

Тэрэн дээрээ тулах юм бол аль ч нийгмийг хөрөнгө­тэй мөнгөтэй хүмүүс, тэр дун­даа боломжийн амьдарч буй олонхи буюу дунд­чууд авч явдаг. Өнөөдөр Монголыг ч тийм л хүмүүс авч явж байна.   Ядуу байна гэдэг арчаагүйн шинж. Дээд,  дунд хөрөнгөлөг хэсгийнхнээ устгачихаад үлд­сэн ядуу хэсгийг нь яаж амь­дар гэх гэсэн юм бол. Өөрийн­хөө өрх гэрийг авч явж чадахгүй байгаа тийм хүмүү­сийг улс орноо авч яв гэх хэрэг үү. Баян хүнийг үзэн ядах сэтгэл ядуу хүнд л байдаг. Тэр сэтгэлгээгээр нь тоглож хувьс­гал хийгддэг. Ингэж ад үзээд алах талах дээрээ тулах юм бол эх орондоо амьдрах аргагүй болох юм байна. Виз­гүй зорчдогоор нь өмнөд хөрш рүү л толгой хорго­дохоор явах болж таарах нь. Тэ­гээд тэдний хүслээр бол Эрээнд очиж амьдрах  юм байна.

1917 онд Ленин “Наад хө­рөнгөтнүүд   чинь та нарыг өлсгөөд байна” гэж суртал­даж байгаад л хөл нүцгэн пролетариудыг босго­сон.

Ш.Сайхансамууг баян бай­на гээд тэр устгах төлөв­лөгөөнд орж гэж бодъё. Түү­нийг дүүжлэх амар­хан байж. Тэрээр 10 мянган хүн  тэжээж байгаа. Түүнийг устгахаар  10 мянган хүн ажлын байргүй болж, 50 мянган хүн өлсөж, Монго­лын жижиг, дунд  аж ахуй болох 30-аад мянган хүн дампуурна. Дээр нь хорин мянган ганзагын наймаачин талбай дээр үр хүүхэдтэйгээ гарч ирнэ. Үүнийг л хүсээгүй бол проле­тариудын сэтгэхүй­тэй хувьсгалыг номлох нь Монголын тусгаар тогт­нолд аюул авчирна. Энэ нь Мон­голд хууль бусаар үйл ажил­лагаа явуулж их хэмжээний ашиг олдог хоёр хөршийн маань таалалд л нийцнэ.

Тэдний хүслээр бол баян хү­нийг буудах амархан юм байж. Тэгээд баяныг нь, өмч­тэй, хөрөн­гөтэйг нь буудаад арчаагүй хэд нь үлдэх юм уу. Баян хүнийг үр удмаар нь устгана гэнэ. Монголд баян хүн амьдарч болохоо байсан хэрэг болж. Баян хүний хүү­хэд болж төрсөн нь бас бу­руутай юм байна.  

Тэгэхээр Нинжтэнгүүдийн  хий­хийг хүсээд буй хувьсгал гээчийг нь ардчиллыг төгөл­дөржүүлэх биш бүр үгүй хий­хээр санаархаж байна гэж ойлгож байна.  

1990 оноос өмнө бид өмч­гүй байсан. Одоо нийгмийн ихэнх хэсэг нь өмчтэй болсон. Ядаж л амьдарч буй байраа, хэдэн малаа хувьч­лаад ав­лаа.

Үгээгүй ядуу хүн нь хэт баян, дундаж амьдралтай хүмүүсээс харьцангуй цөөн болсон. Өөрийн­хөө өмчийг Д.Нинж болон түүний нөхөд ард нь байгаа хүмүүст ху­раалгахыг хэн хүсэх юм.

Хэний даалгавраар Д.Нинж үүнийг хийгээд байна. Хувьсгал хийхийг хүсээд бай­гаа хүмүүс байгаа бол хувьс­гал гээчийг хийх­гүйн төлөөх ард түмэн бас байдаг юм шүү.

Categories
редакцийн-нийтлэл

М.ЧИМЭДЦЭЕЭ: Өнөөдөр хятад судлал шиг чухал зүйл алга байна

Монгол Улсын их сур­гуу­лийн багш, хятад суд­лаач доктор, профессор М.Чимэдцэеэтэй ярилц­лаа.

Өөрийг тань Күнзийн сур­гаалыг орчуулсан, хя­тад суд­лалын нэртэй эр­дэмт­дийн нэг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Гэхдээ дэндүү даруу байдаг шиг санагддаг. Танаас эхлээд Күнзийн сургаалын үндсэн философийг сонирх­моор байна?

-Хятадын
соёл, гүн ухаан хоёр том урсгал чиглэл, дэг сургуулиар явж ирсэн байдаг. Үүний нэг нь Күнзийн сургаал номлол, нөгөө нь Даогийн ёс. Эдгээр сургаал нь арга бэл­гийн  ёстой холбогддог. Үнд­сэндээ Күнзийн сургаалыг арга, Даогийн сургаалыг бэ­лэг гэж үздэг. Күнзийн сур­гаалд хүний нийгмийн бодит байдлыг номлосон. Хүн ний­гэмд хэрхэн оршин амьдрах, яаж хувь хүн болж төлөвших тухай сургасан бол Дао-д цэвэр оюун ухааны талаар өгүүлсэн байдаг. Бясалгал, хий хоосноос дэлхий ертөнц үүссэн гэж үздэг. Ялгаа нь ийм юм.

Хятадын бодлоготой Күн­зийн сургаал хэр нийц­дэг бол?

-Өнөөдрийн
байдлаас харахад Хятад улсын явуулж байгаа гадаад болон дотоод төрийн бодлого нь ерөн­хийдөө Күнзийн сургаал дээр үндэслэгдэж явдаг. Хятадын үе үеийн удирдагчид илэр­хийлж хэл­сэн баримтууд бий. Жишээлбэл 2000-гаад оны дундуур Хятадын Ерөнхий сайд АНУ-д айлчилж, Харвар­дын их сургуульд лекц ун­ших­даа “Манай улсын тө­рийн бодлого эртний их сэт­гэгч Күнзийн сургаал номлол дээр үндэслэж явдаг” хэмээн хэлсэн байдаг. Мөн НҮБ-ын жаран жилийн ойн нэгдсэн хуралдаан дээр Ху Жинтао илтгэл тавьж, үг хэлэхдээ “Манай улсын төрийн гадаад бодлого эрт­ний сэтгэгч Күн­зийн сургаал дээр үн­дэс­­лэж…” хэмээн бас мэдэгдсэн байдаг.

Күнз “Зохирол бол бүхнээс эрхэм” гэж сургасан. Энэ нь хүн төрөлхтөн тэрсэж биш зохирч амьдрах ёстой гэдгийг хэлсэн хэрэг. Хятадад өнөө­дөр зохирол гэдэг үгийг маш өргөн хэрэглэж байгаа. “Зохи­ролт дэлхий ертөнц”, “Зохи­ролт нийгэм”, “Зохиролт гэр бү­лийн­хэн” гэдэг ч юм уу.

Яриагаа энгийн болгох үүд­нээс наад захын асуул­тууд тавья л даа. Хятад хүн гэж яг ямар хүн бэ. Гол онцлог нь юу юм бол оо?

-Наад
чинь харин маш чухал асуулт байна шүү дээ. Учир нь манай хоёр улс хувь заяаны эрхээр айл хөрш оршиж байна. Мон­голчууд бид Хятадын тухай сайн мэд­дэг юм шиг хэрнээ төдийлөн сайн мэддэггүй байхгүй юу. Тэгэ­хээр эхлээд хятад хүн ямар хүн байдаг, бусдаас ямар онцлогтой байдгийг мэдээд авъя л даа. За тэгээд Хятадын бодлого, соёл, сэт­гэл­гээний онцлогийг мэдье гэвэл зайлшгүй судлах шаард­­­­лагатай. Хятадууд бус­даас их олон зүйлээр онц­гойрдог. Нэгдү­гээрт, аливаад цогцоор хандаж, сэтгэдэг. Хоёр­дугаарт ямар ч зүй­лийг бүр нарийн углуургаар нь ухаж ойлгодог. Юмыг боди­тойгоор харж тусгадаг. Хийс­вэрлэн сэтгэх сэтгэлгээ бага байдаг гэсэн үг. Дөрөвдүгээрт, дотоод сэтгэл, оюун бодол нь учир битүү­лэг, шууд хараад таньж мэдэхэд төвөгтэй бай­даг ч юм уу, ийм зүй­лүүд мэд­рэгддэг. Ер нь хятад хүний сэтгэл­гээг дотогшоо хандсан гэж үздэг. Өрнө дахины сэт­гэлгээ гадаг­шаа хандсан бай­даг. Хятадын соёл, сэт­гэл­гээнд дандаа төв рүүгээ тэ­мүүлэх хүч үйлчилдэг. Харин өрнө дахинд бол төвөөс зуг­тах хүч үйлчилдэг. Цаад на­рийн мөн чана­руудыг нь таньж мэдээгүй учир бид хя­тад хүмүүсийг зөв өнцгөөс харж байгаагүй. Дотуур та­мир­тай, манж зантай, нэг муу хужаа гэсэн байд­лаас л харах нь бий. Мэдээж сэтгэл­гээний дээрх онцлогуудыг мэдэх аваас хятад хүнийг таних боломж нээгдэнэ. Бид хята­дуудыг муугаар хэлэхээсээ илүүтэйгээр таньж мэдэх хэ­рэг­тэй. Дотоод ахуйд нь нэвт­рэх учиртай. Тиймээс хятад судлал өнөөдөр маш чухал болоод байна шүү дээ.

Хятад улс дэлхийд хү­чир­хэгжиж байна. Хятадын зуун ч гэж ярьж, бичиж байгаа. Тийм болохоор бу­сад томоо­хон улс орнууд хятад суд­лалыг бод­логоор бий болгож байна. Харин манай улс энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Хятад судлаач гэхээр хуруу дарам цөөн эрдэм­тэд л байдаг?

-Манайд
хятад судлалын газ­рууд байна аа.Тухайлбал, Олон улс судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулиудад хятад судлалын тэнхим бай­на. Харин нэгдсэн гол бод­лого байхгүй гэж хэлж болно. Үндсэндээ нэг дор зангиддаг  төв цэг гэж байхгүй байна. Эрдэмтэд судалгаа хийгээд л байдаг, түүнийг нь хэрэг­жүүл­дэг газар гэж байхгүй.  

Өвөр Монгол, Түвдээс гадна хятад гэж тусдаа бай­даг. Тэр хятадуудыг дотор нь яаж ангилдаг бол. Ма­найх шиг аймаг, сумаар зааглагддаг болов уу?

-Хятад
56 үндэстэн яст­наас бүрддэг. Гол үндэстэн нь хан үндэс­тэн буюу өөрийн тань хэлээд бай­гаа хятад үндэстэн. Нийт хүн амын ер гаруй ху­вийг хан үндэстэн эзэл­дэг. Бидний яриад бай­гаа Хятад үндэстэн Хөх, Шар хоёр мөр­ний сав гольдрол дагуу аж төрж ирсэн. 56 үн­дэс­тэн ястан бүгд өөр өөрийн гэсэн соёл­той. Ихэнх нь өөрийн гэсэн хэл, бичиг үсэг­тэй. Хятадад хэлний найман том аялгуу байдаг. Хойд нут­гийн хүн өмнөд хэсэгт очоод ойлгол­цож чадахгүй. Бээ­жин­­гийн хүн Шанхайд очоод Шан­хайн хэлээр ярьж чадахгүй. Хоёр шанхай хоорондоо ярил­цаж бай­хад Бээжингийн хүн ойл­гохгүй. Хэлнийх нь аялга тийм их зөрүүтэй. Бүр харь хэл юм шиг. Бичиг үсэг нь бол мэдээж нэг байна. Ярианых нь хэл тийм өөр байдаг. Тэр хэл ярианы хувьд Монголтой адил биш байгаа биз. Мон­голчууд олон үн­дэстэн ястан, үг яриа нь аял­гатай ч шууд л ойлголцдог ш дээ.

Манайхан хятадууд гэ­хээр дээхнэ үед манайд ногоо тарьж амьдарч бай­сан тариачин өвгөд, өнөө­дөр барилга дээр ажиллаж байгаа залуучуудаар л тө­сөөл­дөг. Яг өнөөдөр  хятад тариач­дын энгийн амьдрал ямар байгаа бол. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бид
жаахан явцуу ойлгож ир­сэн. Хятад хүн гэхээр хөх хувцастай тариачин буудаг. Тийм биш. Хүн амын дийлэнх хувь нь газар тариа­лан эрхэл­дэг ч шинэ зуунд хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байгаа том гүрэн. Гэхдээ тэнд сайн муу хосолж байгаа. Дийл­дэхээ байсан баян хүмүүс байхад өнөө маргаашаа яая гэж байгаа ядуу тариачид ч байна. Харин төрийн бодлого нь нээлттэй байдаг. Анзаа­раад байх нь ээ, хүн рүүгээ чиг­лэсэн бодлого явуулдаг юм билээ. Сургууль соёл, эмнэлэг гээд бүх албан бай­гуул­лагуудынх нь төлбөр ерө­н­хийдөө өндөр байдаг ч иргэд­дээ үзүүлэх хөнгөлөлт их байдаг л даа.

Дэлхийд хөгжлөөрөө ман­лайлж байгаа энэ том гүрэн­тэй хаяа залгаа бай­гаа­гийн сайн болоод муу талыг нь хэлэхгүй юу?

-Монгол
Улсын хөгжилд Хята­дын хөгжил маш их үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Хятад орон ямар нэгэн халдлагад өртөхгүй, чимээ аниргүй хөг­жөөд л байх юм бол манайх адилхан өнгө зүс ороод л байна. Энэ талаас нь хара­хад, Хятад улстай хаяа залгаа байгаа минь сайн. Бас сөрөг муу зүйл байна л даа. Тэр нь Хятад гүрэн ямар нэгэн байд­лаар донсолж эхлэх юм бол манайх бас л дагаад ганхана. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь аль ч талаас нь аваад үзэхэд бидэнд ашигтай даа.

Цаашдаа найзалж, нө­хөр­лөж явах нь зөв гээд байна аа даа?

-Ерөөсөө
л тийм. Манай улсын хөгжил дэвшилд ихээ­хэн нөлөө үзүүлнэ. Тэгэхээр нөхөрлөж, бүр ах дүү шиг дотносохоос аргагүй. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Хятадын “хил залгаа хөрш орнуу­дад явуулах бодлого” гэж байдаг. Үүнийгээ төрийн бодлогын түв­шинд авч үздэг. Тоймлоод хэлэх юм бол хөрш орнууд маань бидэнтэй адил хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлэх ёстой гэх ойлголт. Манай­хыг бусад хөрш орнууд шигээ баян, хөгжилтэй, амга­лан байгаасай гэж үздэг.

Хятад улсын тухай, хя­тад хүний сэт­гэл­гээний онц­лог гээд олон сонир­холтой зүйл ярилаа. Одоо харин өөрийн тань талаар асуумаар байна. Хэзээ, хаа­на сургууль соёл дүүр­гэ­сэн бол оо?

-Миний
бие Монгол Улсын их сургуулийн хятад хэлний ангийг 1979 онд дүүргэсэн. Дараа нь Хятадад мэргэжил дээшлүүлж, сурч боловсорч байсан он жилүүд бий. Ер нь өнөөг хүртэл туулж ирсэн амьдрал маань хятад суд­лал, Хятадтай холбоотой байсан. Миний судалдаг зүйл бол маш тодорхой. Би хятад хэ­лийг судал­даг, судлаач, ор­чуулагч. Харин сүүлийн үед Хятадын соёл сэт­гэлгээ бо­лоод хятад хүний онц­логийг ихээхэн судалж байна. Ор­чуулгын хувьд Күнзийн сур­гаал номуудыг орчуулсан. Мөн “Хята­дын сон­годог утга зохиолын дээж” гэх нэрээр хэд хэдэн бүтээлийг цув­ра­лаар гаргасан.

Тухайлбал?

-Күнзийн
сургаалын ном байна. “Сүнзийн дайтахуйн ухаан” гэж бүтээл байна. Уг номоороо би утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” 2006 онд хүр­тэж байлаа. Орчуулгын төрөлд шүү дээ. Дэлхийд багагүй шуугиан тарьдаг уг ном Мон­голд орчуу­лагдаагүй байсан. Миний бие анх удаа ор­чуул­сан нь  тэр юм. Мөн эрт­ний Хятадын гүн ухааны сэт­гэл­гээний сонгодог судар болох “Их суртахуй” номыг Монголд анх бү­рэн эхээр нь орчуулж олонд хүр­гэсэн. Одоо “Хятадын соёл, сэт­гэлгээ” гэсэн томоохон хэм­жээний бүтээлээ хэвлэлд бэлт­­гээд байж байна.

Чой.Лувсанжавын нэ­рэмжит шагналыг саяхан хүртсэн дээ?

-Тийм
ээ, Монгол Улсын их сургуулийн олон улсын шагнал болох “Алтан од”-ыг хүртсэн. Хэл судлалын сал­барт томоохон ам­жилт гар­гасан нэг эрдэмтэнд гурван жилд нэг удаа олгодог нэр хүндтэй шагналын эзэн болсондоо ихэд баяр­ладаг. Хятад суд­лалын сал­барт гаргаж буй амжил­тыг минь үнэлсэн шагнал. Сонир­хуулахад, “Алтан од”-ыг хүрт­сэн дөрөв дэх хүн нь болж байгаа юм билээ. Өмнө нь гадаадын хоёр Монголын нэг эрдэмтэн дээрх шагналыг хүртэж байсан юм билээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

ХАВРЫН ЧУУЛГАНААР бид юуг хүлээж байгаа вэ?

Өнөөдөр УИХ-ын хаврын чуул­ган эхэлж байна. Энэ хаврын чуул­ган одоогийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цагаас хой­ших гурав дахь чуулган. Өөрөөр хэлбэл, парламентчид нь хамгийн туршлагажиж, хамгийн ажил хэрэгч хандах хаврын сүүлчийн чуулган. Ирэх жилийн өдийд хууль батла­хаар бодол санаагаа төвлөрүүлж суух хүн хуруу дарам болж, ихэнх нь сонгуулийн буухиандаа морд­сон байх вий. Тийм ч учраас энэ удаа­гийн хаврын чуулганаас ихийг хүлээж байна. Улс төрийн нөхцөл байдлыг харж саатсан хуулийн төслүүд, улам бүр чамбайруулан сайжруулахаар буцаагдсаар өнөөг хүрсэн хуулийн нэмэлтүүд гээд ер нь хамгийн ажил хэрэгч байх чуул­ган энэ болж таарна.

Хаврын чуулганы хэлэлцэх асууд­­луудаас Сонгуулийн тухай, Ашигт малтмалын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл гээд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа асуудлууд бий. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх нь тун ойрхон байсан сан. Гэвч хаврын чуулган эхэлж байгаа энэ нөхцөлд асуудал хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг болоод байгаа нь намууд дотор яригдаж байгаа яриануудаас тод болж байгаа юм. Бараг энэ хууль бат­лагдахгүйгээр дараагийн сонгууль болж магад гэдгийг ажиг­лагчид онцолж байгаа. Хэдийгээр төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо байхгүй ч хамгийн боломжийн ху­вил­бар энэ гэдэг дээр намууд нэг­дэж, уг хуулийн төсөл бараг бэлэн болчихсон байв. Харамсалтай нь аль тогтолцоо ирэх жилийн сон­гуульд ашиг дагуулах вэ гэж тооцоо хийсэн нам хийгээд хувь хүмүүсийн жижиг­хэн сонирхлын улмаас энэ хууль гацахыг үгүйсгэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнөх чуулган дээр яригдахдаа 2007 онд оруул­сан дордуулсан долоон өөрчлөл­тийг сайжруулах тал дээр төвлөрөн, ажлын хэсэг байгуулагдаж байсан. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлаар энэ өөрчлөлт хоёр танхимтай болох асуудлаар өрнөх төлөвтэй. Хоёр танхимтай болох нь хяналтыг сайжруулж, улс орны томоохон асуудлуудыг шийдэхэд чухал тустай гэж парламентын гол хоёр намын дарга нар онцлон ухуулж байгаа.

Хэлэлцэх асуудлуудын жаг­саал­тыг тэргүүлж байгаа нь Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих тухай хуу­лийн төсөл билээ. Засгийн газраас өнөө жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хө­дөлмөр эрхлэлтийн яармаг үзэсгэ­лэн энэ тэр гээд олон ажил зохион байгуулаад эхэлсэн ч хууль нь батлагдаагүй байсан санж. Бодвол хуульгүй атлаа пиараа эхэлсэн Засгийн газарт хуулийг нь баталж өгөх гээд парламентын эхэнд нь тавьсан бололтой юм. Мэдээж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль­тай болох нь ажилгүй олон иргэд ажлын байраар хангагдаж, энэ цагийн хүмүүсийн гол бэрх­шээлээс гэтэл­гэ­хэд тус дөхөм болж таарна.

Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбараас нэлээд хэд хэдэн бодлогын чанартай даацтай хуулиуд орж ирнэ гэж хүлээгдэж байгаа. Монголчууд шилжилтийн үеийг туулна гээд ханцуй шамлан орохдоо зарим салбаруудаа онхи тас мартаж орхисны нэг нь энэ салбар гэгддэг. Сүүлийн үед гараад байгаа асууд­лууд бүгд бодлого алдагдсантай холбоотой гэх нь ч бий. Тэгвэл энэ удаад хэлэлцэх асуудлын жаг­саал­тад орж ирсэн Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-өөр эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээнд тавих хянал­тын хоо­рондын уялдаа холбоог сайжруу­лах тал дээр ихээхэн анхаа­рах аж. Мөн анхан шатны болон хоёр, гуравдугаар шатны эмнэлгүү­дийг гүйцэтгэх үүргийг тодорхой болгоно гэсэн үг. Манайд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хувьд өр­хийн эмнэл­гээс бичигтэй ирсэн хэдэн хүнийг үзээд, дотрын голдуу эмчилгээ хийхээс хэтэрдэггүй. Орц­ныхоо үүдэнд халтирч унаад хөлөө хугал­сан бол дүүргийнхээ эмнэлэг дээр очоод чиг бариад боолгуулах боломж ч үгүй. Өнөөх л Гэмт­лийн эмнэлэг рүү явах ёстой болдог. Тэгвэл мэргэшсэн хийгээд клини­кийн нэгдсэн нэг, хоёр, гурав гээд гурав дахь шатлалын эмнэлгүүд дээр ачаалал дийлдэх­гүй түмэн бэрх­шээл. Хэдийгээр сүүлийн үед энэ тал дээр уг салба­рынхан санаа­чил­га гарган зарим ажлуудыг хийж эхэлж байгаа ч хуульчилж байж л бодлогын хэм­жээнд үр дүнгээ өгч таарна.

“Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн төсөл мөн шинэчилсэн найруулгаар орж ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс тун чухал хууль болно хэмээн онцолж байгаа билээ. Өөртөө анхаарч эрүүл бай­даг хүн, биеэ гаргуунд нь хаячихаад эмнэлэгт үнэгүй эмч­лүүл­дэг хүмүүс адилхан мөнгө төлж ирсэн тэр асуудал энэ хуулиар хөндөгдөх болов уу. Мөн манайд олон жилийн турш явж ирсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсрон­гуй бие даасан тогтол­цоотой болго­ход уг хууль нөлөөлөх ёстой юм. Манайд орныхоо тоогоор эрүүл мэн­дийн даатгалаас эмнэлэг, эрүүл мэндийн байгуулла­гууд руу мөнгө торхийн унаж, харин уг үйлчилгээ нь чанартай байна уу, үгүй юу гэдэг хяналтын тогтолцоо байдаггүй явж ирсэн. Тэгэхээр тэртэй тэргүй бага­хан төсвөөр урд хормойгоо хойдо­хоороо нөхөж ирсэн энэ салбарын­хан үйлчилгээ­гээ чанаржуулахын талаар бодо­ход хэцүү. Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаж, үүнд тохирсон үйлчилгээг гаргаад ирвэл хүмүүс чанартай үйлчилгээг авч, бас хяналтын хө­шүүр­гээр ахиц дэвшил гарах нь мадаггүй юм.

Мөн энэ удаагийн чуулганаар дэлхийн олон газар хэрэгжиж эхэл­сэн ч манайд л мэдээгүй мэт хоцор­соор ирсэн “Тамхины хянал­тын тухай хууль” яригдана гэж байгаа. Ингэснээр тэртэй тэргүй агаарын бохирдлоос өдөрт таван хайрцаг янжуур татдаг бид дахин бусдын татсан тамхийг дам татдаг тэр явдал эцэс болох юм. “Тамхины хяналтын тухай хууль” батлагдвал үйлчилгээ­ний бүх газар тамхи татахыг хориг­лоно. Энэ нь зарим тамхичдын уур унтууг барах ч тамхилдаггүй мөрт­лөө дам тамхи­далтын золиос бол­дог олон хүний талархлыг хүлээж таарна.

Бас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах хуулийн төсөл” ч энэ чуулганаар орж ирэх бөгөөд сүү­лийн үед үүссэн шинэ нөхцөл бай­далд тохирсон хууль цаг үеэ хүлээж байгаа асуудал билээ.

Сүүлийн үед хуулиар тусгайлан хамгаалагдаагүй мэдээллийг иргэд чөлөөтэй авч байх эрхтэй талаар онцлон ярих болсон. Гэтэл хуулиар тусгайлан хамгаалбал зохих нуу­цад хамаарахгүй мэдээллийг ч төрийн түшмэд, байгууллагууд нууц хэмээн цааш хийдэг байсан тэр явдал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөө­ний хууль”-аар эцэслэгдэх юм. Энэ хууль батлагдвал төрийн ажил бүхэлдээ ил ойлгомжтой байж, хөшигний ард байдгаас хаданд гарсан хүнд суртал, ашиг сонирх­лын зөрчлүүд тодорхой болж ирэх билээ. Жинхэнэ утгаа­раа төрийн ажил тунгалаг шилний цаана бай­хын эхлэл энэ хууль болно хэмээн олон хүн найдаж байгаа. Магад ингэснээр төрдөө итгэх итгэл нь алдарч, бүгд хуйвал­даан булхай­гаар хийгддэг гэж хүмүүсийн бухим­даж байсныг багасах байх.

Алслагдсан болон говийн бү­сийн нэмэгдлийн тухай хууль нэг талаасаа нийслэл хотоос зайдуу амьдардаг хүмүүсийг дэмжсэн мэт боловч нөгөө талаасаа хотын хэт төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой гэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр алслагдсан айм­гуу­дын төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийг нэмж, таван жил тутам зургаан сар ажилла­сантай тэнцэх нэмэгдэл олгон, гурил будаа, цай, түлш шатахуун зэрэг чухал хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ, гааль, онц­гой албан татварыг багасгаснаар амьжиргааны чанарыг төвийн­хөн­тэй ойртуулах талаар ярих юм. ОХУ, Канад, АНУ гээд орнуудад хэрэглэгддэг энэ зарчмыг хэзээнээс хэрэглэж эхлэх бол гэсэн хүлээлт баруун аймаг, говийнхонд эл хуу­лийн төслийг яригдаж эхэлсэн цагаас нь л бий.

Цахим гарын үсгийн хууль цаг үеэ олсон гэгдэж байгаа нь үнэн ч нэг л асуудлаас болж гацах магад­лалтай юм. Монгол Улсын иргэний бүхий л мэдээллийг хадгалсан ухаалаг үнэмлэхийн асуудал яриг­даж, хувь иргэний эд хөрөнгө, хувь мэдээлэл гээд бүгд Улсын Бүрт­гэлийн Ерөнхий газарт бий. Шинэ­чилсэн бүртгэлээр ч иргэдийн тухай мэдээлэл нэгэнт төрийн энэ бай­гууллага дээр цугларсан. Ухаалаг үнэмлэх дээр тохирох цахим гарын үсгийг авахуулах ажлыг УБЕГ бус нэр бүхий гурван компаниар хийл­гэх зөвшөөрлийг Засгийн газраас өгчихсөн юм гэсэн. Уг нь цахим гарын үсэг хэрэгтэй ч Монгол Улсын иргэн бүр 90 ам.доллар хувийн компаниудад төлөх ёстой гэвэл багагүй маргаан дагуулж таарах болов уу. Ямар гурван компанид иргэн бүрээс орж ирэх 90 ам.дол­лар  нийт 180 сая, аж ахуйн нэгжүү­дээс орж ирэх 80-90 сая ам.дол­ларыг давуу эрхээр олгож байна гээд яривал яригдах л байх.

Бас хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт багтсан нэг хууль яах аргагүй хүмүүсийн анхаарлыг тат­на. Тэр нь Үндэсний аюулгүй байд­лыг хангахад стратегийн ач хол­богдол бүхий салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл юм. С.Бям­бацогт, Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэр­бишдагва гэсэн зургаан гишүүний өргөн барьсан уг хуулийн  төслөөр бол уул уурхай, төмөр зам, харил­цаа холбоо, банк санхүү, хэвлэл мэдээлэл гээд чухал чухал салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах чухал хууль ажээ.

Иргэдийн чухалчлан хүлээж байгаа нэг хууль бол Дээд боловс­ролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслөөр суралцагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээний тал буюу 54 мянган төгрө­гийг сар бүрт өгөх тухай дурдсан нь бараг айл бүр оюутантай мон­голчуудын хувьд чухал сэдэв. Ма­най 670 мянган өрхийн 65 хувь нь оюутантай гэсэн судалгаа байдаг билээ. Уг хууль нь оюутанд тэтгэлэг өгөхөөс гадна дээр дурд­сан эрүүл мэндийн салбарын адил хаягдсан  боловсролын салбарыг дэлхийн жишигт ойртуу­лах, тэр гольдролд дөхүүлэх зорил­готой хууль гэгдэж байгаа. Зах зээлийн нийгэмд шил­жин орох үедээ хувийн сургуулиу­дыг хувийн компани мэт тооцож хаясан нь бидний том алдаа бол­сон хэмээн үздэг. Гэтэл дэлхийн улс орнуудад боловсро­лын салбар гэдгээр нь хамаагүй өөр авч үздэг. Европын холбооны улсуудад бо­ловс­ролын байгууллагадаа нийт зардлын 84, АНУ-д 47 хувийг нь төрөөс өгдөг бол манайд 5-9 хувийн үзүүлэлттэй гэж байгаа. Харин энэ хаврын чуулга­наар яригдах хуулийн төс­лөөр бол 20 хувь гэсэн хувилбар яваа юм билээ. Ямартай ч эхний шатанд үүнээс эхлэн олон улсын боловсро­лын чиг хандлага руу шилжинэ гэдэг нь чухал гэх хүмүүс олон.

Энэ мэт хаврын чуулганаар хэлэлцэж, шийдэх олон хуулиуд байна.

Э.ЭНЭРЭЛ