Өнөө жил хэн гэдэг залуу хүчтэнүүд шинээр улсын цолонд хүрч, хэн хэн цолоо ахиулах магадлалтайг урьдчилан
таамаглая. Начин болох бөхчүүдийн нэрсийг жагсаавал элбэгхэн
гуч, дөч хүрнэ. Тэднээс цолонд баттай хүрнэ гэж бөх сонирхогч олон хүлээж байгаа идэрхэн хүчтэнүүдийг нэрлэе л дээ. Эхлээд өнөө Ч.Санжаадамба гайхлын талаар өгүүлье. Сүүлийн
хэдэн жил, наадам дөхөхөөр л түүний
тухай ярьдаг. Мань эрийг начин байтугай заан, арслан бүр түрүү болгоод авдаг. Гэтэл яг наадмаар
хоёр, гурваас дээш давдаггүй.
Одоогоос гурван жилийн өмнөх наадамд санагдана. Цэргийн хурц
арслан маань Б.Бат-Эрдэнэ аваргад дөрвийн
даваанд яваад өгдөг байгаа. Аварга, бараг Их хурлын
танхимаасаа ирээд л Санжаадамбыг шороодуулчихсан. Түүний дараа жилийн наадамд хоёрын даваанд үе тэнгийнхээ залууд уналаа. За
тэгээд Д.Лхагвадорж начинд нэг айхтар унасныг манайхан мэдэж байгаа.
Өнөө жил яах бол. Хоёр давах нь баталгаатай
байх. Гурвын даваанд Д.Хишигдорж заан юм уу (Хишгээ заан амлах магадлал бага. Учир
нь өнгөрсөн жил гурвын даваанд амлаж гар хөнгөн давуулсан), З.Дүвчин багш нь амлах байх. Гар хөнгөн давуулъя гэж. Эсвэл үе тэнгийн
залуусын нэгтэй нь тунаанд үлдээе, бие халаалт болог гээд орхиж ч магадгүй. Тэгвэл
түүний хувьд сайн муу хоёр талтай. Сайн тал нь барилдаан хийж, бие халааж дараагийн
даваануудад бие барих ч юм уу, ямар нэгэн асуудал гаргахгүй. Шуудхан явах магадлалтай.
Муу тал нь үзэгчид түүний эсрэг орилж, нөгөө бөхийг илт дэмжих зэргээр сэтгэл санааны
дарамт үзүүлбэл мань хүн балардаг. Өнгөрсөн цагаан сарын барилдаан шиг зүйл болно.
Хэрвээ сэтгэл санааны дарамтад гурвын даваанд орчих юм бол дөрөв, тавын даваанд
унаад өгөх магадлалтай.
Харин тав давчих юм бол барилдаан
нь улам задгайраад эвгүй болно шүү. Хоёр жилийн өмнөх цагаан сараар Өсөхөө аваргаас
аваад бүгдийг нь гарын үзүүрээр бөмбөрүүлж түрүүлсэн шиг л юм болж магадгүй. Тэгвэл
цэргийн арслангаас, улсын аварга цол(ес давбал арслан, арав давбал аварга болно)-ыг
шууд хүртэж монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоох юм. Санжаадамбын тухайд
ийм.
Түүний дараа улсын цолонд хамгийн
ойр яваа залуусын нэг Өвөрхангайн Б.Сангисүрэн. Манайхны хэлдгээр материалтай
нэгэн. Заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг түүнийг цолонд хүргэх
гэж Өвөрхангайнхан бодол болж байгаа. Гуравт хэн авах уу, дөрөвт оноолт яах бол,
тавд хэнээр авахуулах уу гээд л. Б.Сангисүрэн болохоор хүчээрээ үзнэ ээ л гэж байгаа.
М.Жамьянпүрэв, Л.Наранбаатар, Р.Ганхуяг нарын начингууд гурвын даваанд амлах магадлалтай.
Эсвэл Б.Ганбаатар арслангаар авахуулах гэнэ. Мань хүн болохоор хүргэнээ авах гэнэ.
Санал зөрөлдөнө. Д.Цэрэнтогтох аварга мундагдана. Тэгээд ч асуудал шийдэгдэхгүй.
Ганбаа арслангийн хүргэн Батдорж гэж бие хаа тэгш сайхан залуу бий. Өнгөрсөн жил
Өвөрхангайд аймгийн арслан болсон байх шүү. Сангисүрэн дөрвийн давааны оноолтыг
өөрийн хүчээр давна. Харин тавын давааг бол нарийн тооцож, Өвөрхангайн хүн хүнтэй
тулж ярина даа. Ер нь наадмаар аймаг, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид төв
цэнгэлдэхэд жинхэнэ ажлаа хийж, цолтой бөхчүүдийг царайчилдаг билээ. Сангисүрэнгийн
асуудал явж явж нутгийнх гэдгээрээ Б.Сайнбаяр заан дээр л буух болов уу даа. Үндсэндээ
Сайнбаяр Сангисүрэнг начин болгоно гэсэн үг. Гэвч цаана нь Ц.Чимэддорж гэж Хужирт
сумын залуу бий. Яагаав, өнгөрсөн цагаан сарын барилдаанд хоёрын даваанд И.Доржсамбуу
гарьдын төвөггүйхэн орхичихоод яваад өгдөг нөхөр шүү дээ. Улсын цолонд бас л сүүлийн
хэдэн жил яригдаж байгаа. Уг залууг Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд нэг сумынх гэдгээрээ
дэмждэг. Тийм дээ ч “АСА” группээр цоллуулдаг биз ээ. Д.Сэржбүдээ начинг зарим
нэг хүмүүс зодоглоно гэж яриад байгаа. Түүнтэй утсаар холбогдоход зодоглохгүй гэдгээ
албан ёсоор хэлж байна. Д.Сумъяабазар аварга ч барилдахгүй байх гэсэн яриа байна.
Энүүхэндээ гэхэд аварга зодоглохгүй гэдэг яриа Сэржбүдээ начны л таамаг юм. “АСА”
группын ерөнхийлөгч нь зодоглохгүй болохоор Ц.Чимэддоржид эвгүй болоод явчихна.
Гэхдээ Сумьяа аварга, цаашлаад Асашёорюү Д.Дагвадорж анхаарах биз ээ. Чимэддорж
аймгийн начин цолтой зодоглох юм бол дөрвийн давааны оноолтод залуу арслангуудтай
таарна. Б.Ганбат, До.Ганхуяг, Х.Мөнхбаатар нарын нэгтэй таарах байх. Тэгвэл тун
эвгүй дээ.
Одоо хүн хүнээр нь биш аймаг, аймгаар
нь ярья. Үсгийн дарааллыг нь бодсон ч тэр, алдарт аваргуудын нутаг гэж үзсэн ч тэр
Архангайгаас эхлэх нь зөв байх аа. Архангайнхан өнөө жил дээр өгүүлсэн Санжаадамбаа
харж байгаа. Цаана нь хэд хэдэн иртэй залуус байна аа. Тухайлбал, Р.Пүрэвдагва гэж
эвгүйхэн аймгийн арслан байгаа. Мөн ч шартай барилддаг, шазуур зуусан залуу. Өнгөрсөн
жилийн наадмын дөрвийн даваанд залуу заан Б.Соронзонболдод өвдөглөсөн. Жаахан
хайнга барилдсан байж болох. Дээр нь төрийн наадам гээд биеэ барих асуудал гарсан
байх. Түрүү жилийн наадмаас хойш Пүрэвдагва арслангийн барилдаан маш их өссөн дөө.
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн шигшмэл барилдаанд хэд хэд түрүүлээд байгаа.
Рэнцэндашийн Цоггэрэл гэж начны дүү
Р.Түвшинбаатар гэж аймгийн арслан бий. Одоогоос арван жилийн өмнө буюу наян жилийн
ойгоор начинд яригдаж байсан нэгэн. Гэвч дөрөв даваад тавын даваанд Г.Ганхуяг харцагад
унаад, уйлаад юм юм л болж байсан. Түвшинбаатар арсланг гурвын даваанд гар хөнгөн
давуулах бөх олдоно. Эрх биш ахынх нь нэр нүүр байна даа, харин дөрвийн давааны
оноолт бэрх дээ.
Баянхонгор, Булганыхны тухай таамгаа
хандуулъя. Хонгор нутгаас улсын цолонд баттай хүрэх бөхчүүдийн нэг Ж.Чулуунбат
арслан. Санжаадамбыг цагаан сараар хаяж шөвгөрөн шуугиан дэгдээсэн нэгэн. Улсын
наадамд хэд хэдэн удаа гурав давж дөрвийн даваанд унаад байгаа түүнийг өнөө жил
Баянхонгорынхон баттай цолонд хүргэхээр нарийн тооцоолсон байгаа. Гурвын даваанд
том Сүхбат гарьд авна. Гар хөнгөн давуулна. Дөрвийн оноолтод мань эр харцагуудтай
таарах магадлалтай. Хэрвээ дөрөв давчих юм бол Баянхонгорынхон наагуур цаагуур
баахан давхилдана. Улс төр, бизнесийн төлөөллүүд “том” Сүхбатаа өмнөө бариад Чукагаа
авахуулах хүн хайна. Уул нь Д.Батболд харцага бий л дээ. Гэвч өөрөө заан цолны
төлөө зүтгэх болов уу. Зүтгэдэггүй юм аа гэхэд түүнд дүү нь байгаа. Д.Энхбат гэж
аймгийн арслан бий. Хүний ах л болсон хойно дүүгээ цолонд хүргэх гэж найз нөхдөөсөө
тус дэм хүсэх нь мэдээж. Д.Энхбатыг цолонд хүрчихэд хэн ч гайхахгүй ээ.
Булганыхан гэж цаана чинь будлиантай
нөхдүүд байна аа. Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын ах дүү, алдарт аваргуудын нутгаас
өнөө жил нэгээр тогтохгүй начин төрөх магадлалтай. Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
аймгийн арслан А.Отгонбаатар нарыг цолонд найдлагатай хүрнэ гэсэн яриа байгаа.
Ер нь үнэн байх. Хоёулаа л начны даваанд унаж байсан бөхчүүд. Н.Түвшинбаяр 2006
онд Ч.Батзориг заанаар дөрөв давж, Ш.Уламбаяр начинд унаж байсан. А.Отгонбаатарын
хувьд хоёр жилийн өмнө мөн л дөрөв даваад Өсөхөө аваргад өвдөглөж байсан. Тэгэхээр
хоёулаа л “юм” дуулгах байх. Харин И.Доржсамбуу гарьдын хувьд хэцүүхэн зүйл тулгарч
магадгүй. Учир нь Түвшээ гарьдаас гуйна. Дүүгээ цолонд хүргэнэ биз дээ гэж. Нутгийн
нөлөө бүхий эрхмүүд ч “Дооёо, Түвшээгээ цолонд хүргэчих юм байгаа биз дээ” гэж тулгана.
Тэгтэл гарьд өөрөө арслан, аваргын төлөө зүтгэх гэж байдаг. Өнөө А.Отгонбаатар
хүргэн нь байж байдаг. Тавын даваа яг эхлэхийн өмнө “Ах аа, та дүүгээ авна биз дээ”
гэдэг. Ингээд Доржсамбуу гарьд ацан шалаанд орно. Юм юм л өрнөнө л дөө.
За одоо Увс, Завхан, Ховдынхны тухай
өгүүлье. Увсаас цолонд хамгийн ойр байгаа нь Намсрайжав харцагын хүү Батсуурь.
Тэрээр Өсөхөө аварга, Мөнхбаатар
арслан, өндөр Ганбаа гарьд гээд энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийг сав л хийвэл
бөгсөөр нь суулгачихаад байгаа. Хүнээс айж бэргэнэ, цэрвэнэ, биеэ барина гэсэн ойлголт
түүнд байдаггүй шиг. Гэхдээ наадам бол наадам байдаг л даа. Сайн залуус дор унаад,
тааруухан гэж бодож байсан улсын цолтнууд зодгондоо багтаж яддаг билээ. Тэгэвч тэрсэж
гарч ирэх залуу бол яалт ч үгүй Батсуурь л даа. Түүнийг гурвын даваанд амлах бөх
бас л мундахгүй. Аавынх нь нэр байна. Дээр нь Увс нутаг олон бөхтэй. Хэнээр авахуулах
уу гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Болохгүй бол Намсрайжав харцага өөрөө авчихна
шүү дээ. Ямар ч л байсан тунаанд үлдээхгүй байх. Дөрвийн даваанд Өсөхөө аваргатай
таарч магадгүй. Тэгвэл ч гоё юм болно доо. Өнгөрсөн цагаан сараар бужигнуулж байгаад
хаядаг шигээ аваргыг унагачих юм бол бүүр ч сонин юм болно. Гэхдээ энэ цагийн идэр
аварга арай тэгж дор даваанд унахгүй байлгүй дээ. Хийморь лундаа гэж нэг юм байна
шүү дээ.
Увсаас зоолттой яригдаж байгаа залуус
бол аймгийн арслан П.Бүрэнтөгс, С.Батсуурь нар. Бүрэнтөгсийн хувьд өнгөрсөн жил
Баян-Өлгий аймгийн өндөр ойд найм давж түрүүлэн, аймгийн арслан болсон. Бие томтой,
аралтай, чацтай түүнийг начнаар тогтохгүй бөх гэдэг. Насны хувьд ч бага. Наян долоон
онд төрсөн байна уу даа. Сүхбат аваргын “Олимп” сургууль дээр бэлтгэлээ базаадаг
нэгэн. Ойрмогхон нэг яриа дуулдах боллоо. Бүрэнтөгсийг “Олимп” сургуулиас гарч,
О.Балжинням аваргыг бараадсан гэж. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрвээ нутгийн аваргаа
бараадсан бол өнөө жил гурвын даваанд тунаанд үлдэнэ гэж айхгүй байх. Балжаа аварга
авчихна. Дөрвийн давааг мачийж байж л туулна даа. За дөрөв давчих юм бол айлтгүй
ээ. Д.Бумбаяр, О.Одгэрэл нарын заанууд, А.Бямбажав нарын харцагууд байна. Тэд л
Бүрэнтөгсийг, С.Батсуурийг амлах нь гарцаагүй. Б.Гантогтох гарьд барилдвал бас л
ус нутгаасаа нэг начин төрүүлэх биз ээ.
“Урт гарт” Маамын Лхагва арслан,
хулгар Дэндэв зааны нутаг болох Завханыхан Ширбазарын Жаргалсайхан гэж идэрхэн арслангаа
харж байгаа.
Жаргалсайханы хувьд бараг сүүлийн
арваад жил улсын цолны тааварт явсан. Гэвч нэг л болж өгөхгүй байгаа. Энэ жил түүнийг
начнаар тогтохгүй биз ээ гэх таамаглал бий. Гол нь Завханыхан, ялангуяа Идэрийнхэн
бүр ч илүү харж байгаа. Жаргалсайханаас гадна Д.Батжаргал гэж бас Идэр сумын арслан
бий. “Шинэ Ази” группын шижигнэсэн хоёр арслан ерэн жилийн ойн есөн хөлт цагаан
тугийг хэдэнтээ тойрохыг хэн ч мэдэхгүй. Тэр өдрийн тэнгэр, тухайн бөхийн од хийморь
л мэдэх байх. Ш.Жаргалсайханы хувьд гурав, дөрвийн даваа асуудалгүй болов уу. Тавын
даваанд яах бол гэдэг л байна. Ш.Уламбаяр начин амлаж, нутгийн ахын хувьд тахимаа
өгч мэдэх юм, гол нь өөрөө харцага, заан цолонд зүтгэхгүй бол шүү дээ. М.Баяржавхлан заан Жаргалсайханыг авна биз ээ
гэж зарим нэг хүн бодож байж магад. Тэгвэл үгүй. Баяржавхлан өөрийн дүү (ах нь билүү)
Баярсайханаа начинд зүтгүүлнэ. Баярсайхан нь сая Завхан аймгийн наадамд түрүүлсэн
байсан. Тэгэхээр нэг юм хэлээд байгаа хэрэг. За тэгээд Завханаас Б.Гончигдамба
гэж залуу байна. Саяхан болсон Отгонтэнгэрийн тахилгад түрүүлсэн дуулдсан.
Ховд аймгаас өнөө жил баараггүй нэг
начин төрөх байх. Хамгийн өндөр магадлалтай нь Чандманийн Ч.Цогбаяр. Түүнийг өнгөрсөн
жил Заяамандахыг яаж цолонд хүргэсэн шиг Ховдын заанууд (Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн)
өвөр өврөө дамжуулаад л гаргаад ирнэ. Ямар ч асуудал байхгүй. Гуравт Ц.Лхагвасүрэн,
Н.Батзаяа нарын начингуудын нэг нь авчихна. Тэгээд л болоо.
Харин Сүхбаатарынхан их догдолж байгаа.
Цагаан сарын түрүү бөх Ш.Мөнгөнбаатарыгаа юун начин бараг түрүүлэх л юм бодож байгаа.
Мөнгөнбаатар арслан зүүн ташаагаа өгөөд барилдвал ч бүгдийг нь туучихаж магадгүй.
Гэвч наадам санаснаар болохгүй л дээ. Мөнгөнбаатараас гадна Б.Батжаргал гэж “Олимп”
дээд сургуулийн залуу байна. А.Сүхбат аваргын шавь нарын нэг. Түүнийг есөн хөлт
цагаан тугийг тав тойроод гүйж явахад огтхон ч гайхахгүй. Бас Ч.Булганхүү гэж
олон жил цол зүүдэлж яваа ахимаг аймгийн арслан бий. Өнгөрсөн жил Магалжавыгаа
гурвын даваанд хүчээр буулгаад, Г.Ганхуяг харцагаар дөрөв даваад, арай гэж начны
даваанд тулж иртэл Өсөхөө аварга амлаад хаячихсан. Булганхүүгийн хувьд өнөө жил
эцсийн найдвар. Ер нь Булганхүү гэлтгүй Архангайн Р.Түвшинбаатар, Булганы А.Сүмбээ,
Баянхонгорын Р.Дамдин, Давж.Батбаяр, Увсын Н.Ганзориг, Хөвсгөлийн Г.Батпүрэв, Говь-Алтайн
С.Багахүү нарын аймгийн цолтнуудын хувьд ерэн жилийн ой сүүлийн боломж. Энэ жил
цолонд хүрч чадахгүй л бол ирэх жилээс дахиж горьдолтгүй гэсэн үг.
Цолонд хүрэх магадлалтай залуучуудын
үргэлжлэлд, Дундговийн А.Алтанхуяг, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Ж.Амартүвшин, Төв
аймгийн Б.Батмөнх,Ч.Батчулуун нарын хүчтэнүүд зүй ёсоор нэрлэгдэнэ. Дээр нь Өмнөговийн
С.Идэрсүрэн гэж арслан байна. Түүний ар талыг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ даах болов
уу. Харин Дундговийн Алтанхуягийг “Мон уран”-ны Б.Наранхүү анхаарна биз ээ. Энэ
мэтээр цолонд хүрэх бөхчүүдийн нэрс өдрөөс өдөрт тодрох буй заа.
Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл
бий