Categories
редакцийн-нийтлэл

Шинэ Монголын сэргэн мандалтын АНХНЫ НААДАМ

БОГДЫН ХУВЦАС

ЯМАР БАЙВ

 

Төрийн наадмаар Богд хаан ямар
хувцастай байна ард түмэн тэр жилдээ тийм өнгөтэй байдаг гэлцдэг ээ. Уг ойлголт
мэдээж Богдын үед байсан хэрэг шүү дээ. Өвгөд хөгшдийн ярианаас л  үүдэн дээрх тодорхойлолтыг хэлж байна. Ер нь
төр засгийг удирдан залж яваа эрхмийн наадмын гоёл ёс зүйн хувьд ч тэр, бэлгэ
дэмбэрэл талаасаа бодсон ч тэр ард иргэ­дийнхээ ахуй амьдралтай ямар нэгэн
байдлаар нягт холбогддог ажээ.

Богдын үед байсан тэрхүү уламжлал
энэ цаг үед ч хамаарч байгаа билээ. Үүний тод илрэл нь манай үе үеийн
Ерөнхийлөгч на­рын наадмаар гоёдог дээл, малгай юм. Төрийн наадмын нээлтийг
үзэж баясахаасаа илүү төрийн тэргүү­нийхээ дээл хувцас, малгай бүсийг сонжих
гэж нэг хэсэг нь Төв цэнгэл­дэхэд цугладаг. Тийм нэг бичиг­дээгүй хууль хэдийнэ
бий болжээ. Хэвлэл мэдээллийнхэн бол бүр ч гярхай харж, нарийн гэгч нь ажиг­лана
шүү дээ. Жаахан зохимжгүй санагдах аваас шүүмжлээд эхэлнэ. Ямар сайндаа Манжийн
амбаны малгай, урт шар дээл, алтан малгай, Сүбээдэй малгай гэсэн нэр хоч зүүж,
зарим нэг нь хааны сэнтийгээс буухдаа уг нэртэйгээ л үлдэж байхав.

Үнэндээ ч Богд нь (төрийн
тэргүүнээ ийн нэрийдэж байна) арван саяын алтан малгай чи­хэлдүүлж ард олон
арван юанийн ч үнэгүй, Эрээнээс бөөндөж ав­чир­сан нэг муу кепикээр гангарч бай­сан
цаг саяхан юм аа.

Тэр үед төр засгийн удирд­лагууд
нь ардчилал энэ тэр гэж ярьдаггүй, ардчилсан үзэлтэй хүмүүс ад болж байсан үе.
Мон­голын эдийн засаг, нэр хүнд элгээрээ хэвтчихсэн, манай улс дэлхийн хамгийн
ядуу орнуудын тоонд орж байлаа. Амьдрал ийм байхад Ерөнхийлөгч нь алтан малгай
толгой дээрээ тавьж, ард түмнээрээ тохуу хийгээд урт шар дээлтэй ёстой л нөгөө
Манжийн амбан шиг залардаг байлаа шүү дээ, бурхан минь.

Тэгвэл олон түүхт ой давхацсан
өнөө жилийн наадмыг нээсэн ардчилсан Ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай ямар
байв аа. Маш товчхоноор тайлбарлах юм бол энгийн байлаа. “Ерөнхийлөгч маань
ямар энгийн сайхан хараг­даж байна аа” гэх ард олны яриа­наас үүдээд нэгэн
тодорхойлолтыг хэлж болохоор. Тэр нь юу вэ гэхээр эгэл ардын Ерөнхийлөгчийн
гоёл хүртэл энгийн байдаг юм байна гэх ойлголт. Олон түүхт ой давхацсан ерэн жилийн
наадмын онцлог ерөөсөө л бүх зүйл энгийн хийгээд утга төгөлдөр байсанд оршиж
байна.

Өнөөдөр Монгол Улс дэлхийн баян
орнуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Газар доорхи ашигт малтмалын
баялгаараа тэр. Энэ бүгдээс харахаар Ерөнхий­лөгчөөсөө аваад хүн бүр сүржин
загнавал загнахаар л байгаа юм. Бараг л алтан малгай духдуулаад явж байхад
гайхахааргүй баян улс болсон биз дээ. Гэтэл тэгсэнгүй. Амьдрал энгийн байх
тусмаа сайхан гэдэг шиг ардчилсан Ерөн­хийлөгчийн наадмын гоёлоос аваад бүх
зүйл энгийн болдог байна шүү.

Ийнхүү ардчилсан төрийн тэр­гүүн
маань эгэл даруу хувцаслаж, төрт ёсныхоо наадмыг нээснээр Монголын ард түмэнд
амар амгалан амьдралын үүд хаалгыг нээж, цаашид юм бүхэн элбэг дэлбэг байж
өөдлөн өргөжих, дэвжин дээшлэхийн бэлгэ ерөө­лийг агууллаа. Үүний төлөө энгийн
бид баярлахаас өөр яах билээ дээ.

СЭРГЭН МАНДАЛТЫН

АНХНЫ НААДАМ

 

Монгол төрийн наадам хэн бүхний
цэнгэлийн манлай байдаг аа. Наадмын нээлт ямар болох, бөхийн барилдаан хэрхэн
өрнөх, үрээ морьдын шандас хийгээд эрхий мэргэн харваачдын онч ямар байхаас
наадмын өнгө харагддаг. Дээр нь төрийн тэргүүний дээл хувцас ямар байхаас
наадмын өнгө тодорхойлогдоно. Энэ тухай дээр тодорхой өгүүлсэн буюу.

Ерэн жилийн ойн наадмын нээлт
нижгэр болсон. Юу нь нижгэр болов гэхээр бүх зүйл утга учиртай байлаа. Нээлтэд
оролцсон уран бүтээлчдийн байр байдал, ая дан, үзүүлж буй тоглолт, хэлж буй
үгс, дуу хоолой нь талын монголчуудын сэтгэл зүрхний дуудлагыг сэрээж, ер бусын
гэрэл гэгээ рүү хөтөлсөн билээ. Морин хуурчдын бөмбөрсөн аялгуу, уртын дууны
эгшиг шуранхай, найман зууны тэртээх хүлэг баатруудын сүр жавхаа, шинэ зууны
шинэ эриний эзэд, бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудын цог золбоо
наадамчин олны омог бахархлыг төрүүлж, 
дотоод сэтгэлийнх нь мөн чанарыг жинхэнэ утгаар нь хөндсөн юм аа.

Тиймийн учир хүн бүр цаанаа л нэг
хийморьтой, цог жавхаатай, бөхчүүд нь хүчтэй, ажнай хүлгүүд нь хурдтай, эрхий
мэргэн харваачид нь ончтой байсан биз ээ. Монгол бөхөд нэгэн шинэ үе гарч
ирлээ. Аваргатай, арслантай, бүх л цолтонтой наадам боллоо. Нэгэн үе монгол бөхийн
зүлэг ногоон дэвжээнд хэдхэн хэлхгэр эр бөх ёс юм шиг ноёрхож, зарим нэг нь бүр
арав гаруй жил түрүүлдэг байсан уйтгартай үе цагийн эрхээр ард хоцорчээ.
Аагьсан идэр хөвгүүд ир бяраа сорьж, аварга арслангууд ээлж дараалан төрж
байна. Хэдхэн жилийн өмнө начин хэмээх цолны төлөө л шинэ залуу хүчтэнүүд
өрсөлддөг байсан бол өдгөө начин цол тийм ч үнэтэй биш санагдаж, бүгд аваргын
төлөө өрсөлдөх болжээ.

Хүй долоон худагийн буурал дэнжид
газар газрын морьд цуглах боллоо. Цөөн хэдэн уяачдын морьд айраг түрүү хүртэж,
гадны цустай өндөр тоомсгууд төв асрын өмнө цоллуулдаг байсан бол нар салхинд
гандан байж холоос зорьж ирсэн уяачид наадмын түрүү аваад буцдаг болжээ. Энэ
бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр эзэн Чингэсийн Монголд дахин сэргэн мандалтын
наадам эхэлж буйг илтгэж байгаа хэрэг ээ. Аливаа зүйл өөр өөрийн гэх цаг үетэй
байдаг. Ардчилсан Ерөнхийлөгч төр засгийг удирдаж буй энэ үеийг шинэ Монголын
сэргэн мандалтын үе хэмээн олон түмэн тодорхойлж байна. Тэрхүү тодорхойлолт нь
ерэн жилийн түүхт ойгоор эхэлж байна.

Тэгэхээр бид Монгол төрийн сэргэн
мандалтын анхны наадмыг үзсэн шинэ цагийн сэхээтнүүд боллоо. Сэргэн мандалтын
наа­дамд аварга ч төрдөг юм байна. Арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд
ээлж дараалан төрлөө. Алс холын үл таних уяач­дын магнайд баярын од харвалаа.
Сэргэн мандалтын наадам гэдэг үнэндээ өөр байдаг ажээ. Төрийн тэргүүн нь эгэл
даруухнаар нээж, түмэн олон утга учиртай цэнгэдэг байна. Нар хур нь ч тэгширч,
намжаа дэлхий тэр аяараа баясдаг байна. Даанчиг сайхан юм аа.

 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Намууд ба улс төр

Баяр наадам дөхө­хөөр улс төрийн өрнөл хэмнэл аандаа сулраад,
хэсэгтээ намжаад ирдэг сэн. Өнөө жил ч ингэх янзгүй л ар, араасаа үр­гэлжлээд
байх юм. Бүр нэг намынхан зэрэгцэж ху­рал зарлаад л, нөгөө на­мынхан араас нь
хурал хийл­гээд л хачин. Ер нь ингэхэд улс төрд чухам юу гээч нь өрнөөд байна
вэ. Намууд дотроо хэрхэн хэрүүл маргаантай, үйл явдал тэнд яажшуухан өрнөж
байгааг тандац­гаая.

МАХН

Дээд
шүүхээс
албан ёсны нэрээ аваагүй
байх­даа олон нийтийн дунд хэдийнэ МАХН нэрээрээ яригдаж, бичигдээд эхэл­сэн
отгон намынхан жин­хэнэ л эрч хүчтэй­гээр
улс төрөө эхлүүлж баймаар үе сэн. Эрх мэдэл, албан
тушаалаар хахсан МАН-ынхныг амаар нь шороо үмхүүлж чадсан явдал МАХН гэсэн
брэнд нэрийг Н.Энх­баяр ба түүний
нөх­дөд өгсөн явдал байс­ныг бүгд мэдэж байгаа. Энэ нэрээ
авч чадсан тэдний хувьд жинхэнэ улс төр
хийж байх ёстой бай­тал өчигдөр гэхэд нэг өдөр, нэг цагт хоёр өөр газар хэвлэлийн бага
хурал зарласан нь олон хүнийг
гайхшруулав. Тэ­гээд тус намын дөрвөн нарийн бичгийн даргын
хоёр нь зэрэгцэн сууж байгаад албан тушаалаа өгч бай­гаа­гаа мэдэгдлээ.
Харин нөгөө талд нь ерөн­хий нарийн бичгийн дарга
нь “Нам ер нь хү­нээр
дут­даггүй.
Олон түм­ний
мэдэх 20 мянган гишүүн­тэй
энэ нам хүнээр
дутахгүй”
гэсэн мэдэгд­лийг хийж байх юм. Өвгөн намын нэртэй отгон нам
дотор юу болоод байгаа нь энэ вэ. Дөрвөн нарийн бичгийн даргын нэг
нь хэвлэлээр албан тушаа­лаасаа татгалзаж бай­гаагаа мэдэгдэж, хоёр нь
хэвлэлийн бага хурал хийлгэн үүнийгээ
зарлалаа. Бас үүнээс
өмнө УИХ-ын гишүү­дээс ганц дэмжлэг нь болж,
багагүй
галыг өөр
дээрээ дуудаж ир­сэн Ц.Шинэ­баяр дэд даргынхаа ал­бан тушаалыг өгч буйгаа мэдэгд­сэн.
Хэдийгээр “Би үүргээ
гүйцэтгэ­сэн.
Одоо дэд даргын ажил хийж хүчээ
цалгардуулахгүй,
парламент дотроо МАХН-аа бэхжүүлэхээр
ажиллана” гэсэн нь төдийлөн үнэмшилтэй сонсдож чадаагүй билээ. Дэд дарга гэсэн гуншин байх нь тэгтэл ажил удаад байх юу
билээ, учир начир байгаа гэдэг нь тодорхой байсан.

Үнэндээ ийм явдал болжээ. МАХН нэрээ Дээд шүүхээр батал­гаажуулж
авангуутаа бөөн баяр болсон хүмүүс хуралддаг юм бай­гаа биз дээ. Намын дарга,
экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ хурал дээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
талаар л яриад бай­санд олон хүн дургүйцэж эхэлсэн байна. Бас МАН-тай тохироо
хийвэл нэгдэх тухай ч ярьсан юм байх. Өөрөөр хэлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвших талаар тохиролцож чадвал МАН-тай нэгдэнэ гэсэн бололтой
юм. Үүнд нь Ц.Шинэбаяр гишүүн ихэд уурссан байна. “Би хамаг эрсдлийг үүрч,
төдийгөөс өдий болтол явж ирлээ. Тэгээд байхад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуу­лийг
л яриад байна. Тэгвэл би дэд даргын ажлаа өгье” гэж. Ерөнхий­дөө намынхных нь
ярьж байгаа­гаар эр хүн шиг загнасан гэнэ лээ. Уг нь энэ намд 2012 оны
сонгуульд МАХН нэрээр дэвшиж, аз таарвал гишүүн болчих бодолтой хүмүүс цөөнгүй.
Их багагүй л өөрийн­хөөрөө улс төр хийж, карьер хийх гэж оролдож байгаа улс.
Тэднээс 2012 оны сонгуулийн талаар хөн­дөөд эхэлтэл намын ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Удвал “Ер нь сонгуулиар олон хүн нэр дэв­шүүлж байснаас
намынхаа дарга, дэд дарга, ерөнхий нарийн бич­гийн даргаа дэмжиж, сонгуульд
ялуулах тал дээр ажиллавал яасан юм” гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээс МАХН нэрээ
авсан баярын хурал их хагарлын үүд болсон ажээ. МУИС-ийн багш, тус намын нарийн
бичгийн дарга Ю.Атар гэхэд МАН-ынхантай уулзаж нам­даа эргэж ирэх бодолтой
байгаа­гаа ярьсан гэх. Ямартай ч Ю.Атар, мөн Н.Энх­баярын хэвлэлийн асууд­лыг
сүү­лийн жилүүдэд хариуцан ирж, улмаар шинэ нам байгуулагдахад нэг нарийн бич­гийн
дарга нь бол­сон Ч.Өрнөхбаяр нар өчигдөр албан тушаалаа өгч буйгаа мэдэгд­лээ.
Энэ бүх үйл явц отгон нам хөеөгөө бусниулсан оготно шиг бужигнаж байгааг илтгэж
байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс намдаа орж ирнэ гэж тооцоолж байсан ч
эхнээсээ үгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдэж эхэлсэн нь тэдэнд том цохилт болжээ.

АН

АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр 38:38 гэсэн хувилбараа
дэвшүүлчихээд байдлыг хараад суусан хэвээр л байна. Уг нь уржиг­дар хуралдсан
хоёр намын ажлын хэсэг бас хоёр намын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр тохир­сон
тохироогоор Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд батална, харин тэр
болтол чуулган, байнгын хороо гээд зав­сарлага авсан үйл ажиллагаанууд­даа
хэвээр оролцоно гэсэн байгаа. Гэвч тус намын бүлгийнхэн ажлын хэсгийн
тохироогоо дэмжээгүй бололтой, өчигдөр болсон хоёр ч байнгын хороонд
оролцсонгүй. Харин нөгөө нам нь ирцээ хан­галттай гэгч нь бүрдүүлээд хуралд­чихаж
байгаа харагдах юм. АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр МАН-даа нөлөөлөхийн
тулд намын дарга, Ерөнхий сайд С.Бат­болдыг огцруулах үгүй бол Засгийн газрыг
огцруулах талаар ярилца­хаар тохирсон юм билээ. Сүүлийн үед яригдаад байгаа 17
гишүүний гарын үсэгтэй бичиг ч үүнээс эхлэлтэй. Гэхдээ сүүлийн үеийн байдлаар
энэ асуудал таг зогсчи­хоод байгаа гэх. Уг нь бүлгийн хурал дээр Ардчилсан
хүчний холбооныхноос эхлээд Э.Бат-Үүл гишүүн нарын цөөнгүй хүмүүс уг санаачилга
дээр нэгджээ. Мэдээж, Хамтарсан Засгийн газарт гол төлөөлөлтэй “Алтан
гадас”-ынхан санал нэгдээгүй нь тодорхой. Гэхдээ бүлгийн хурлын дараа Э.Бат-Үүл
гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах болно
гэдгээ мэдэгдсэн нь бүлгээрээ санал гаргах хэцүү, байх хэцүү байдалд оруулсан
юм даг уу даа. Үүл баатар энэ бол хувь гишүүний байр суурь гэж зарласан. Одоо
нөгөө хэд нь дэмжээд явах гэхээр “Ер нь яахаараа Э.Бат-Үүл гишүүн ингэж байдаг
юм. Өмнө нь С.Бая­рын Хамтарсан Засгийн газар зөв зүйтэй гээд л байсан. Одоо
боло­хоор ийм юм яриад ганцаарчилсан тоглолт хийгээд. Ер нь түүнийг дэмжиж
байгаа мэт яаран хөд­лөхгүй” гэж бусад нь гэдийсээр асуудал гацжээ. Үнэндээ
гарын үсэг зурсан хүмүүсийн тоо нь цөөн, яаж ч хөдөлгөх гээд тоондоо хүрэх­гүй
байх гэж ажиглагчид үзэж бай­гаа юм. Харин Хамтарсан Засгийн газарт орсноор улс
орны эрх ашигт тустай гэж тайлбар хийдэг Н.Алтанхуяг дарга бол намынхан­даа ийн
хэлж байгаа гэнэ. “Хамтар­сан Засгийн газраас бид гарах нь гарна аа. Гэхдээ
одоо биш гэж”. Түүний үзэж буйгаар АН-ынхан Засгаас яаран гарснаас алдаж байсан
түүх нь 2007 оных. Аль болох Хамтарсан Засгийн газар­таа удаан байж чадвал
МАН-ынхныг мөнгө босгох ажилд нь саад болж, хяналт тавьж чадна гэж үзэж байгаа
юм байна. Бас С.Бат­болдтой сонгуульд орох нь өөрс­дөд нь ашигтай гэж харж байгаагаа
намынхандаа хэлсэн сурагтай. Гэхдээ нам дотор нь үүнийг зөв гэж харах хүмүүс
байгаагаас гадна өөрөө аль болох удаан эрх мэ­дэлтэй байх гэснийх хэмээн хар­даж
байгаа хүмүүс ч бий аж. Сон­гууль эхлэхэд яг нэг жилийн хуга­цаа үлдээд буй энэ
үед АН-ынхан “Бодь”, “Женко”, “АПУ” гэсэн тусгай ажиллагааны баг байгуулж төсөв
бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд ирэх
сонгуульд гол түшиц нь болох газрууд яах арга­гүй эд. Удахгүй хэрэгжиж эхлэх
хоёр, гурван том төсөл байгаа учраас Хамтарсан Засгийн газраас яаран гарах нь
зохимжгүй гэж АН-даа нөлөө бүхий бас Засагт багт­сан нэгэн сайд нь хэлсэн
учраас АН-ын хувьд хэзээ мөдгүй Хамтар­сан Засгийн газраас гарч бас Зас­гийг
огцруулна гэх яриа үнэм­шилгүй.

МАН

Харин АН-ынхны 17 гишүүний гарын үсгийн сураг МАН-ынханд
сэтгэлийн гүнд нь нуугдаж байсан шувуухайг сэрээчихжээ. Ер нь энэ асуудал
босоод ирвэл дэмжээд өгөх сонирхол МАН-ынханд АН-ынхнаас их байгаа аж. Гэхдээ
энэ талаар хэсэг бусгаараа, хэд хэдээ­рээ ярьж байгаа юм байна. Үүнийг нь
дагаад олон сонирхол, олон хувилбар байгаа. Тэр бүгдийг нь дурдах гээд үзье.

Ерөнхийдөө бол МАН-ынхан АН-ынханд тун эгдүүцэж байгаа.
Сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадаагүй ч С.Баяр даргын хачин шийдвэрээр
Засагт багтаад ороод ирсэн. Тэгсэн атлаа одоо УИХ-ын үйл ажиллагаанаас завсар­лага
аваад, яршиг л байна. Хэрэв Засгаас гарчихвал сайн л биз гэхсэд олон байна.
Боломж олгоод байхад давраад байвал гудамжиндаа гарна биз, Бага хур­лаараа
томилгоогоо шийдэхэд боловсон хүчин ихтэй нам гэж дийлэнх нь ярьж байгаа ажээ.
Нээрээ, боломж олдвол сайд бол­чих шанс байж ч магад гэж хүлээг­сэд олон.
Ялангуяа залуус энэ боломжийг алдахыг хүсэхгүй байгаа. МАН-ынхан хамтрагчдаа
нэг гараараа тэвэрчихээд нөгөө гараараа цохилт хийгээд байна гэж өөр хоорондоо
гомдоллож байгаа юм. Тэднээс салах нь Хам­тарсан Засгийн газар нурна гэсэн үг ч
тэд үүнийг тоохгүй байна. Энэ нь нэг талаас намынхаа даргад итгэл алдарсантай
холбоотой. МАН-ынхны хувьд С.Батболд тэг­тэл харамсал төрүүлэхгүй байгаа аж.
Тиймээс ч намын дарга хэн байж болох талаар яриад эхэлжээ. Хэд хэдэн хувилбарыг
ярьж байгаа юм байна. Жараад оныхонд ирсэн намын даргын суудал буцаад тавиад
оныхон руу шидэгдэж магадгүй байна. С.Баяр эдгэчихлээ гээд буцаад эрх мэдлийг
авч болох нэг хувилбар байж болно. Бас УИХ дахь бүлгийн даргын суудлыг алга
урвуулахын адил зангаргаараа авч чадсан Ө.Энхтүвшинд ч энэ суудал ойрхон. Урьд
нь нөгөө намын Ц.Элбэгдоржтой эн тэнцүү байх улстөрч хэрэгтэй байна гээд
өөрийгөө Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлж байсан Ц.Нямдор­жид ч ийм бодол байхыг
үгүйсгэх­гүй. Бас нэг яригдаж байгаа хувил­бар бол намын даргыг Н.Багабан­дид
өгөх гарц. Ерөнхийлөгч байсан хүн улс төр рүү эргэж хөрвөхгүй байх гэсэн зарчим
нэгэнт алдагдсан учир Н.Багабандид ийм боломж гарахыг үгүйсгэхгүй. МАН-ынхан
Н.Энхбаярын эсрэг С.Батболд гэж байснаас Н.Багабанди гэж байвал зүгээр ч гэлцэж
байгаа юм байна. Нөгөө талаас У.Хүрэлсүхийг намд нь эрэгдэж байгаа хүмүүс олон
байгаа гэнэ. Нэгэнт хариуцлагыг хүлээнэ гэчихсэн хүн эрх мэдлээ аваад
хариуцлагаа хүлээгээч, цэргийн хүний ёс жудаг бодоод байх юм бол өөрөө хэн ч
биш болно, нам ч хэн ч биш болно. Өмнө нь С.Баяр М.Энхболдоос намаа авсан,
эцсийн дүнд нам сонгуульд ялсан учраас тэд одоо найзууд байна” гэж ирээд л
тархийг нь угааж байгаа ажээ.

МАН-ын хувьд намынх нь рей­тинг ингэж тартагтаа тулж байсан
түүхэн судалгаа байхгүй учраас хаа хаанаа хэрхэхээ мэдэхгүй л болчихоод байна.
Гэхдээ хэн нь намын дарга болж, хэрхэн авч явахыг хэн мэдлээ.

С.Батболд сайдын хувьд улс төр ажиглагчдын үзэж буйгаар ирэх
есдүгээр сар хүртэл рефор­мын шинжтэй өөрчлөлт хийж чад­вал боломж бас бий. Уг
нь улс төрд үйл явдлаа мэдрээд томоохон ажиллагааг эхлүүлж чадвал сэв хийтэл
өсчих боломж байдаг. Гэх­дээ зуны налгар цаг гэлтгүй ажил­лаж чадвал шүү дээ.
Хэрэв өнгөр­сөн жилийнх шиг амраад явчихвал тэгээд дуусаа. Ямартай ч нөгөө талд
нь МАХН нэрийг нь өгчихсөн, МАН-ын цуврал судалгаануудаар рейтинг муу байгаа
зэрэг нь ах намын гишүүдэд хэзээ ч байгаагүй зэвэргэн өдрүүдийг мэдрүүлж байгаа
нь үнэн.

ИЗНН

Уг нь ч энэ нам Дээд шүүхээр нэрээ ч баталгаажуулж аваагүй л дээ.
Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд энэ нам хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн.
Бас дээ­рээс нь сөрөг хүчин байхгүй одоо­гийн парламентад сөрөг талын байр
сууринаас хэлэх үгээ ганц чөлөөтэй хэлж байгаа нам. Тийм ч учраас тус намын
дарга Д.Энхбат зоригтой нь аргагүй “Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тар” хэмээн
мэдэгдэж байгаа билээ. Үнэхээр ч улс төр хийх газар мөн л дөө. Угаасаа ч үнэн
юм хойно. Тийм ч учраас цөөхөн ч гэлтгүй, нэрээ албан ёсоор баталгаажуулж чадаа­гүй
ч гэлтгүй тэр ч байтугай дарга нь АТГ 72 сая төгрөгийн хэргээр шалгагдаж байгаа
ч гэлтгүйгээр нь тэдний үг хүчтэй сонсдож байгаа л юм. ИЗНН-ын дарга нь
“Монголын улс төрд хамгийн хариуцлагатай байх ёстой МАН эгзэгтэй үед хүүхэд шиг
аашлах нь зүйд нийцэхгүй. АН ч гэсэн сонгуулийн шинэчлэлийг хийнэ гэж МАН-тай
хамтраа биз дээ. Гэтэл 38:38 гээд яриад сууж байх нь хариуцлагагүй байна. Намын
бүлгүүд Сонгуулийн хуу­лийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ хуралдаад бүрэн
эрхийнхээ хүрээнд асуудлыг ший­дэх хэрэгтэй. Д.Дэмбэрэл дарга ч үүнийг анхааруулж
эхэлж байна. УИХ-ын мандатыг ард түмэн бидэнд өгдөг болохоос нам өгөөгүй шүү
дээ” гэж ярилцлагадаа дурд­сан байна лээ. Үнэхээр ч ард түмний өгсөн саналаар
асуудлыг  өмнөөс нь төлөөлөн шийднэ гэж
УИХ-ын гишүүн болчихоод ажлаа хийж чадахгүй гээд өөдөөс асуугаад байгаа нөхдийг
дахин нэр дэвшихийг нь хүлээн авахгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч ч үүнийг
анхааруулж хэлсэн нь учиртай биз. Сүүлийн үед УИХ-ын удирдлагын зүгээс маргаад
байгаа Сонгуулийн тухай хуулийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой гэсэн байр
суурийг гаргаж байгаа. Үнэхээр ч асуудлыг Удирдах зөвлөл биш харин УИХ өөрөө
бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж явах ёстой. ИЗНН хүн бүл цөөтэй ч энэ байр
суурин дээрээ хатуу байгаа юм билээ. Зарчмаа барих ёстой гэж үздэг тулхтай
гишүүд дэмнээд өгвөл олон жилийн турш яригдсан ч жижиг эрх ашгаас
гацчихаад  байгаа Сонгуулийн тухай хууль
батлагдахад ойрхон л байна даа. Гэхдээ Сонгуулийн тухай хууль батлагдвал Засаг
салчихна гэсэн хэдэн сайдуудын айдас амин чухал хуулийг батлахад ихээхэн тээг
болж байгаа гэх юм билээ.

Наадмын сунайсан урт амралт эхлэхээс өмнөх Монголын улс төрийн тойм нэг иймэрхүү.

Categories
редакцийн-нийтлэл

Асашёорюү Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар ямар цолонд хүрэх вэ?

Өнөө жилийн наа­дамд Асашёорюү
Д.Даг­ва­дорж, олимпийн авар­га Н.Түвшинбаяр нар зо­доглох нь нэгэнт тодор­хой
болоод байгаа. Д.Даг­вадоржийн хувьд бөхийн бэлтгэлдээ эртнээс гар­сан гэх дам
мэдээ бий. Сумогоос  зодог тайлж
ирснээсээ хойш үндэс­ний бөхөөр хичээллэх болсон юм даг уу даа. Түүнийг
наадмаар зодог­лох нь гэхийг сонсоод хүмүүс тэгтлээ их гай­хаагүй. Учир нь
нэгэн мянга есөн зуун ерэн зургаан онд Дагваа аварга улсын наадмын хүүхдийн
барилдаанд зодоглон, түрүүлж байв. Тэр жил төрсөн ах Д.Сумь­яабазар нь долоо
давж заан цол хүртэн, аавынхаа цолонд хүрч байсан түүхтэй.

Н.Түвшинбаярын хувьд үндэсний
бөхөөр хичээллэж байсан турш­лагатай нэгэн. 2006 онд Их Монгол Улс байгуу­лагд­саны
түүхт найман зуун жилийн ойгоор Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан
Ч.Батзоригоор дө­рөв давж, начны даваанд тулж ирэн Ш.Уламбаяр начинд өвдөглөж
байлаа. Тийнхүү улсын цолны үзүүр дээрээс атгаад алд­сан удаатай. Тэрээр ерэн
жилийн ойд барилдах эсэхээ Ч.Насантогтох баг­шаасаа асууж байж өн­гөр­сөн сарын
эхээр шийд­жээ. Насаа багш нь Түвшээг үндэсний бө­хөөр барилдуулах тун дургүй
байсан аж. Жү­догийн бэлтгэлээ эрчим­тэй хийхийг хатуу үүрэгд­сэн байна. Мань
эр баг­шийнхаа үгнээс зөрж, циркт болсон нэгэн барил­даанд зодогложээ.
Үндсэндээ нууцаар барилд­сан хэрэг. Гэтэл түрүүлчихсэн байна. Тэрхүү мэдээг
сонссон багш нь “За яахав, тэгж их дурлаад байгаа юм бол наадмаар барилд даа.
Гол нь бэртэж гэмтэхээс л болгоомжлоорой. Түү­нээс цолонд хүрэх эсэх чинь онц
биш” гээд Бул­ганы бөхчүүдтэй наад­мын бэлтгэлд гарахыг нь зөвшөөрчээ.

Тэгэхээр сумогийн их аварга,
олимпийн аваргууд хэдхэн хоно­гийн дараа эхлэх наадмаар хэрхэн барилдахыг
урьдчилан тааварлая. Нэгийн даваа бол тэр хоёрын хувьд огтхон ч асуудал биш.
Залуу бөхчүүдтэй учраа таараад гарын үзүүрээр л хумхиад шидчихнэ. Тэгээд л есөн
хөлт цагаан тугаа баяр бахдалтай тойрно. Хоёрын даваанд Н.Түвшинбаяр бас л гар
хөнгөн давах магадлалтай. Айм­гийн наадамд нэг түрүүлж, улсад нэгэнтээ дөрөв
давсан амжил­таараа аймаг, цэргийн цолтнууд дундаа багагүй дээгүүр эрэм­бэлэгдэж
байгаа. Тиймээс хоёрын даваанд аймгийн начин юм уу, залуу бөхтэй таарна. 512
бөх барилдвал хоёрын даваанд үе тэнгийнхээ шижигнэсэн арслан­гуудын нэгтэй таарна
л даа. 1024 бөхөд бол тэгэхгүй. Арай зөөлөн учраа оногдоно. Харин Дагваа аварга
аймаг, цэргийн ямар нэгэн цолгүй учир хоёрын даваанд айм­гийн арслангуудын
нэгтэй таарах магадлалтай. Ч.Сан­жаа­дамба, Ш.Жаргалсайхан, Р.Пүрэв­дагва,
А.Отгонбаатар, Ш.Мөнгөн­баатар, Б.Сангисүрэн нарын хэн­тэй нь ч таарч болно.
Эндээс л ерэн жи­лийн наадмын сонин хачин эхэлнэ шүү дээ. Ухаандаа, Санжаа­дамба­тай
хоёрын даваанд оноол­тоор таарчээ гэж бодъё. Тэгвэл гоё юм болно. Хүмүүс
шуугиад л яв­чихна. Санжаадамба бол заал танхимын томоохон барил­даа­нуудад
олон түрүүлсэн, өнөө жил өндөр цолонд хүрнэ, ер нь түрүүлж ч мэднэ гэж яригдаж
байгаа бөх. Наадамчид сүүлийн хэдэн жил л түүний тухай ярьсан. Цолонд хүрнэ,
хүрэхгүй, түрүүлнэ, түрүү­лэхгүй гэж. Гэтэл Сан­жаа­дам­батай Дагваа аварга
таарчихвал, тэр хоёрын дунд ёстой гал авалцах нь мэдээж.

Асашёорюү дайрдгаараа л дайрна,
хүмүүс орилолдох тусам улам хүч бяр нь орж тулгуухан үзнэ. Санжаадамба мэдээж
мөчөөгөө өгөхгүй. Цүппаридах маягтай дай­рал­тыг сөрж орон элэг бүсдэж аваад мушгина.
Дутуудангуут нь дахиад мушгина. Наадамчдын анхаарал бол тэр хоёр дээр л
тогтоно. Наана нь өндөр цолтой бөхчүүд залуучуудад “яваад өгөх”-ийг ч анзаарах
сөхөөгүй.

Цэргийн хурц арслангийн муш­гиа,
баруун, зүүн хавираанд тогтож үлдсэн, барилдааны суурь сайтай сумогийн их
аварга учраагаа хоёр сугаар нь тэвэрч, бараг л толгой дээрээ өргөөд гаргаад
ирнэ. “Ин­гээд Санжаадамбын наадам дуус­лаа, ёстой нэг наадмын одгүй бөх юм аа,
энэ олон залуус дундаас очиж очиж Дагвадоржтой таараад  байхдаа яахав дээ” гэж олон түмэн шогширч
байтал Сан­жаадамба хоёр хөл дээрээ бууна. Тэр даруй хөл гэж адуу юм аа гэх
бодол наадамчдад төрнө. Сумо­гийн их аваргын хүчтэй сэгсрэлтэд хоёр хөл дээрээ
тогтож чадсан цэргийн хурц арсланг наадамчдын нэг хэсэг балиа­шиглана аа. Түүнд
нь идэр залуу хүчтэн улам урам зориг орно. Ингээд нэг мэдэхнээ Ар, Өвөр
хангайнхан хоёр хувааг­даж, түүнээ дагаад цэнгэл­дэхийн үзэгчид ч баруун,
зүүнээрээ хувааг­дана. Барилдаан ингээд л цааш өрнөнө дөө. Хэрхэхийг тэр өдрийн
тэнгэр мэднэ биз ээ. Гэхдээ Дагваа аварга арай ч Санжаадамбатай таарахгүй байх.
Залуу начин­гуу­дын нэгтэй таараад хаях боломж­той.

Гурвын даваанд хоёр аварга бусдын
адил татаасаар явахыг эрмэлзэнэ. Н.Түвшинбаярыг Бул­ганыхан дамжилчихна л даа.
Гурав дээр Ц.Цогтжаргал начин авах байх. Эсвэл нэг сургууль (“Аварга” биеийн
тамирын сургууль)-ийнх гэдгээрээ Б.Адьяахүү, Ж.Гансүх нарын начингууд ч авч
мэднэ. Дагвааг Өвөрхангайнхан авч таар­на. Хэн авах магадлалтайг харъя л даа.
Б.Ганбаатар арсланг мань хүн мундагдаж мэдэх юм. Гэхдээ цаа­дах нь хөдлөхгүй.
Хүргэн (аймгийн арслан Б.Батдорж)-ээ авна гээд тас гүрийчихнэ. Тэгэхээр
З.Дүвчин заан руу ярина. Бас л нааштай хариу сонсохгүй. Уран барилдаанч заан
гарын ганц шавиа амлаж, гар хөнгөн давуулдаг уламжлалаараа Санжаадамбыгаа авна.  Тэгээд начингууд руу хэлнэ дээ. Д.Пүрэв­сүрэн,
Л.Наранбаатар, Да.Батбаяр гээд Өвөрхангайн начингууд олон. Тэдний нэг сумогийн
аваргаа ам­лаж, даваа өгсөхөд нь сайхан гэгч дэвсгэр болж өгнө. Ингээд Дагваа,
Түвшээ хоёр төвөггүй гурав давна.

Харин дөрвийн даваа бол тун эвгүй.
Есөн хөлт цагаан тугаа гурвантаа тойрсон 128 хүчтэн энэ даваанд цолныхоо
эрэмбээр оноол­­тоор таарч барилдах нь тодорхой. Хамгийн өндөр цолтой нь даян
аварга Г.Өсөхбаяр байна. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын аваргууд зодоглохгүй
тохиолдолд эрэмбээрээ Өсөхөө аварга зүүн жигүүрийг магнайлна шүү дээ. Түүнтэй
дөрвийн давааны оноол­тод таарах бөх нь хэний хэн бэ гэвэл Асашёорюү
Долгорсүрэнгийн Дагвадорж.

Дагваагаас өөр Өсөхөө авар­гатай
таарах залуу бөх гурав давахгүй байх. Давлаа гэхэд эрэм­бээрээ сумогийн их
аваргын дээр бичигдэх учир Өсөхөөгийн дараа­гийн цолтнууд болох Б.Ганбат,
До.Ганхуяг нартай таарна. Ийнхүү ерэн жилийн түүхт ойн бөхийн барилдааны
дөрвийн даваа Өсө­хөө Дагваа хоёртой эхлэх нь мэ­дээж. Хоёр аваргын хувьд ямар
барилдаан өрнөхийг тааварлахад бэрх. Дагваа бол мэдээж Өсөхөө аваргаас айна,
бэргэнэ гэдэг гонж. Сумогийнхоо дэвжээнд хүч сорих гэж байгаа юм шиг эрэмгийхэн
гарч ирнэ. Наадамчид ерөнхийдөө түүнийг дэмжинэ. Өөрийг нь дэм­жиж буйг мань
хүн аль хэдийнэ гадарлаж, багагүйхэн шоу хийгээд авна. Өсөхөө аваргад дургүйдээ
наадамчид өрсөлдөгч бөхийг нь дэмжиж байгаа юм биш. Сумогийн их аварга барилдаж
байгаа, наа­дам гэдэг монголчуудын цэнгэл баярын манлай гэдэг утгаар нь Дагвааг
дэмжих билээ.

Өсөхөө аварга өрсөлдөгч авар­гынхаа
хүчтэй дайралтуудыг эрх­биш тогтооно л доо. Өнөө цагийн бөхийн өнгийг
тодорхойлж яваа, төрийн наадамд хэд хэд түрүүлс­ний хувьд бяр заана, туршлага
бас зааж таарна. Дагваа хэд хэд хүчтэй дайрч, аваргыг сандарган, наа­дамчдыг
уухайлуулсны эцэст цуцах магадлалтай. Хоёр гар нь бүр мод болоод шуудагдахад
бэрх болж эхэлнэ. Тэр үед нь Өсөхөө аварга ажиллана даа. Ирийг нь дарж, удаан
гэгч ноцолдон, цуцааж байж  л даян аварга
хаяхгүй бол шуудхан үзэх юм бол юу юугүй хумхиул­чихна. Дагваа бол нэг хэсэгтээ
л тогтооход бэрх байж, залуухан буур шиг л цамнана шүү дээ. Харин ир нь
дарагдаад, хоёр гарынх нь шуу хүндрээд ирвэл унах магадлал өндөр болно.

Уг хоёр бөх заасан хугацаанд
хаялцахгүй барьц сонгооны бай­дал руу шилжиж мэдэх юм. Тэгвэл хэн хэнд нь
асуудалтай. Шоо хэ­нийх нь талаар эхэлж бууна, тэр хүн хаяна. Тухайлбал,
Дагваагийн талаар буухад, сумогийн их аварга, Монгол Улсын даян аваргыг хүүхэд
шиг л дээр өргөж гаргаж ирээд шидчихнэ.

Өсөхөө аваргын талаар буувал
аралтай, бяртай хүчит аварга Даг­вааг бас л сарвайлгаж гаргаж ирээд хаячихна.
Хоёулаа л өндөр цол бодож, өгсөж барилдах бөхчүүд. Ухаандаа, Өсөхөө аварга
түрүү үзүүрт шалгарах юм бол дархан аварга хэмээх монгол бөхийн хамгийн дээд
цолыг хүртэх учир­тай. Дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан сумогийн их аварга
төрийн наадамд нэгэнт зодоглох юм бол начин, харцага гэх цол бодохгүй байгаа
байх. Дор хаяж заан, цаашлаад арслан, аварга л бодож байгаа. Дагваа нэг ч
уналгүй шууд түрүүлбэл аварга цол авах боломжтой билээ. Өсөхөө Дагваа хоёр
дөрвийн даваанд таарахгүй байх нэг боломж бий.

Тэр нь юу вэ гэхээр, бараг сумын
ч цолгүй залуу бөхийг гурав давуулах явдал. Тэгэхдээ өндөр цолтой бөх амлаж
аваад элэг бүсээ тайлж, Өсөхөөтэй учраа тааруулах нууц төлөвлөгөө юм. Тэрхүү
нууц төлөвлөгөөг Ж.Мөнхбат, Д.Цэ­рэнтогтох нарын аваргууд сайтар гүйцэтгэж
байсан. Тэр нь мэдээж дөрвийн давааг оноолтоор барил­дуулах журамтай болсноос
хойших (2002 он) явдал шүү дээ. Мөөеө аварга П.Дагвасүрэн, Л.Со­сор­барам нарын
арслангуудаар гур­вын даваанд хэн ч үл таних залууг амлуулж, элэг бүсийг нь
тайлуулан дөрвийн даваанд өөртэйгээ таа­руулж байв. Д.Цэрэнтогтох аварга ч уг
жишгийн дагуу Б.Ганбаатар арсланг нэг, хоёр жил гурвын даваанд барилдааныг нь
дуусгаж байсан түүхтэй. Ахмад аваргуудын энэхүү уламжлалаас Өсөхөө су­рал­цах
аваас гар хөнгөн дөрөв давах боломжтой. Харин золионд хэн явах вэ гэдэг
асуудалтай. Жаа­хан харьж байгаа юм даа гээд Д.Мөнх-Эрдэнэ арслангаар залуу бөх
амлуулах гэж үзнэ. Нөгөөдөх нь чадахгүй, ерэн жилээрээ би гурав давмаар байна
гэж пээдийнэ. Нутгийн ах минь, энээ тэрээ гэж гуйна, тэгээд ч тусыг эс олох
болов уу. За энэ ч яахав, Өсөхөөгийн нууц төлөвлөгөө. Маньд падгүй.

Өнөө Дагваа, Түвшээ хоёр хэр­хэн
барилдах таамаг руугаа эргээд оръё. Дагваа Өсөхөө аваргатай бус, До.Ганхуяг,
Х.Мөнхбаатар нарын арслангуудтай таараад давлаа гэж бодъё. Начны даваанд
наагуур цаагуур их юм болно оо.

Өө, нөгөө Түвшинбаяр дөрвийн
давааг яажшуухан гатлахыг хэлэл­гүй орхих гэж байна шүү дээ. Ма­най хүн 2006
онд Ч.Батзориг заан­тай таарч байсан. Энэ удаад бол залуу начнуудын нэгтэй
таарах байх. Хөвсгөлийн Ц.Содномдорж, Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүй, өндөр
Ч.Баянмөнх нарын нэгтэй таарвал бас ч хэцүү. Гэхдээ олимпийн авар­га маань нэр
нүүрээ бодож, бэлтгэл сургуулилтаа сайтар базааж ба­рил­дах нь мэдээж. Ямар ч
байсан начны даваанд тулж ирнэ. Хэрвээ начны даваанд тулаад ирвэл түү­нийг
улсын цолонд хүргэчих бөх­чүүд гараад ирнэ. Олимпийн аварга хэн дээр ч очсон
үгүй гэхгүй байх. Хамгийн түрүүнд нутгийн ах И.Дорж­самбуудаа хэлнэ дээ. Гарь­дын
хувьд тавын даваанд ацан шалаанд орно. Өөрөө шөв­гөр­чихмөөр байдаг. Хүргэн хүү
(айм­гийн арслан А.Отгонбаатар)-гээ цолонд хүргэчихмээр байдаг. Нут­гийнхан,
Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл нарын гишүүд олимпийн аваргыг авчих гэдэг. Ёстой нэг
баларна.

Дагваа аварга бол тавын да­ваанд
санаа амгалан байх биз ээ. Хэн ч амласан яахав, үзнэ дээ гэсэн бодолтой. Гар нь
ихээхэн цуцаатай бол хэцүү. Хэн нэгэнд хандахаас аргагүй. Дагваад гар л цуцна
уу гэхээс хөл бол суурь сайтай. Үндсэндээ ул сайтай гэсэн үг. Үе тэнгийн
залуустаа хэлэхэд, түүнийг начин болгочих хүн мун­дахгүй. Эрхбиш нэр байна, сүр
байна даа, болно. Харин зур­гаагийн даваанд түүнийг амлах хүн гарахгүй. Аягүй л
бол тунана. Тунах тунахдаа шинээр начин цолд хүр­сэн залуусынхаа нэгтэй тунах
болов уу. Ч.Санжаадамба, Ш.Жар­галсайхан, Б.Сангисүрэн нар на­чин цолд хүрэх юм
бол тэдний нэгтэй тунах магадлал бүр ч өндөр. Олимпийн аварга энэ даваанд
тунахгүй. Түүнийг найз нь амлана.

Жудогийн олон улсын хэм­жээний
мастер, Э.Энхбат начин. Тэрээр өнөө жил заан цол горьдож байгаа бөх. Заал
танхимын барил­даанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Өнгөрсөн сарын эхээр
Эрдэнэт хотод болсон нэгэн томоохон барилдаанд Х.Мөнх­баатар, Д.Рагчаа,
Ө.Даваабаатар, Ч.Санжаадамба гээд бүгдийг нь хаяад түрүүлсэн байв. Түвшээ
найзаасаа гуйна. “Миний хөгшинд олон наадам байгаа. Найз нь энэ жил барилдаад
дахиж барил­дах­гүй. Тэгэхээр маньдаа өгчих” гэж. Энхбат бол гүрийнэ л дээ.
Хичнээн дотно найз ч наадам гэдэг наадам, барилдаан гэдэг барилдаан л байдаг
хойно. Ийм жишгээр ерэн жилийн ойн бөхийн барилдаан үргэлжилж, бөхөө дээдэлдэг
олон түмэн олимпийн аварга, сумогийн аваргатайгаа наадна шүү дээ. Н.Түвшинбаяр
начны, Д.Дагвадорж  харцага юм уу, зааны
үзүүрээс атгах болов уу.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч шигшээ нь өөдөлсөнгүй

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын өнөөгийн спортын салбарын бодлого,
уг сал­барыг авч яваа арга барилд шүүмжлэлтэй ханддаг хү­мүүсийн нэг нь та. Долдугаар
сарын 3-нд Монголын хөл­бөмбөгийн шигшээ баг Мьян­марын талбайд ДАШТ-ий бү­сийн
урьдчилсан тоглолтын хариу тоглолтод 2-0-ээр хо­жиг­дож дэмжигчдийнхээ ур­мыг дахин
хугаллаа. Үндэс­ний шигшээ баг нь ингээд олон дахин тэгээрээ хожиг­доод байхаар
шүтэн бишрэг­чид нь гэлтгүй ард түмний дүргүйцэл төрж байх шиг. Хөлбөмбөгийн шигшээ
фана­туудаасаа уучлал гуйх цаг нь болжээ?

-Харамсалтай
зүйл болсон л доо, хожигдоод. Би ч гэсэн хөл­бөмбөг сонирхдог. Их сургуульд байхдаа
тоглодог байсан. Нэг­дүгээр зэрэгтэй.

Мьянмар
улс чансаагаараа 167 дугаарт бичигддэг юм билээ. Мон­гол 179 дүгээрт бичигдэж байгаа.
Хо­жих төлөвлөгөөтэй байсан, анх­ны ялалтыг нутаг дээрээ авсан. Та­мирчид маань
байдгаараа л тог­лосон байж таараа. Тэднийг бу­руутгах арга байхгүй. Харин энэ ялагдал
спортын салбарын тог­толцоо зөв явж байна уу, үгүй юу гэдэгтэй холбогдож байна.
Намайг юм бүхэнд шүүмжлэлтэй хандаад байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Болохгүй
байгаа учраас шүүмжил­дэг. Спортыг хөгжүүлж байгаа гэх энэ бодлоготой санал нийцэхгүй
байгаа юм. Шууд хэлэхэд улс оронд байгаа бусад салбаруудаас хам­гийн хоцрогдсон
салбар нь спорт. Хуучны буюу социализмын үед авч явж байсан арга барилаараа л явж
байна.

Өнөөдөр
спортын бодлого чө­лөөт бөх, жүдо гэсэн хэдэн төрөл рүүгээ л хандаад байдаг.

Хөлбөмбөгийн
хувьд холбоо­ных нь менежмент, хөгжүүлэх бодлого бас л сул байна. Олон улсын хөлбөмбөгийн
холбооны “Goal” төсөл манайд хоёр, гурван удаа хэрэгжиж нийт хоёр сая гаруй ам.доллар
орж ирсэн юм билээ. Тэр
их мөнгө  хөлбөмбөгийн спортын­хоо хөгжилд
зарцуулагдаж уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв мөнгө тэр чигээрээ зарцуу­лагдаад
манай баг өнөөдөр ингэж хожигд­сон бол үнэхээр хэлэх үг алга. Гэтэл зарим хүмүүсийн
сураг ажгаар тэр мөнгө буруу зүйлд зарцуулагд­чихаж. Жишээ нь, хөл­бөмбөгийн холбооны
ерөнхий нарийн бич­гийн дарга байсан нөхөр тэр мөн­гөөр айхавтар том хаус барьчихсан
байна ч гэх шиг. Иймэрхүү байд­лаар зарцуулагд­сан байж магадгүй гэж хардаж байгаа
юм л даа.

-Хөлбөмбөгийн үнэнч дэм­жигчид шигшээ баг
нь амжилт үзүүлэхгүй байгаад хол­бооны удирдлагыг нь буруут­гаж байна. Олон улсын
хөл­бөмбөгийн холбоо (FIFA)-ноос өгсөн хоёр тэрбум гаруй төгрөгөө хөлбөмбөгчдөдөө
зарцуулсан бол арай ингэж хожигдохгүй байсан гэж
ха­лаг­лацгааж байна?

-Нийт
нэг сая 850 мянган ам.долларыг FIFA өгсөн юм билээ. Тухайн үеийн ханшаар бол чанга
шүү. 2001 оноос FIFA-гаас дээрх мөнгийг авч эхэлсэн юм билээ. 10 жилийн турш ийм
байдалтай явж байна.

Ийм
байдал зөвхөн хөл­бөм­бөгийн холбоонд байгаа юм биш бүх холбоодод ажиглагддаг, гардаг
зүйл. Холбоод ч дүүрчээ. Монголын үндэсний олимпийн хороог спортын хамгийн том бай­гууллага
гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл уг хороо дүрмээ баримт­лахгүй байгаа байхгүй юу.
Сан­хүүгийн бүх зүйл нь нууцлагдмал, зүй бусаар зар­цуулдаг. Зүй бусаар зарцуулдгийг
нь илрүүлээд гаргаад иртэл Хянан шалгах зөвлөлийнх нь дарга тайлангаасаа хасаад
хая­чих­сан. Үүнийгээ “Бид дотооддоо яриад тайлангаас хасчихсан” гэж ярьсан. Ийм
л дураараа. Өөрсдөө зөв бодлого явуулж, хөдөлмөрлөж орлого олж, спортоо хөгжүүлэхээ
боддоггүй. Улсаас, олон улсын холбооноос мөнгө хүлээдэг. Тэр ирсэн мөнгөө буруугаар
зарцуул­даг.

-Дэлхийн хамгийн олон үзэгч, дэмжигчтэй
хөлбөмбөгийн олон улсын холбооноос удаа дараа их хэмжээний мөнгө өгөөд байхад манай
хөлбөм­бөгийн спортод ахиц гарахгүй байгаа нь цаагуураа олон улсад Монгол Улсын
нэр хүндийг унагаж байгаа явдал болж байна. Ингэж байснаас хөлбөмбөгийн шигшээ багийг
татан буулгачихвал яасан юм бол?

-Монголын
нэр хүнд өндөр үнэлэгдэж байгаа болохоор ингэж мөнгө өгөөд байгаа юм биш. Олон улсын
хөлбөмбөгийн холбоо ги­шүүн орнуудаа спортын хөгжлөөр нь сайн, дундаж, муу гээд
ангил­чихсан байдаг. Тэгээд хэтэрхий дор хөгжилтэй орнуудаа татах гэж л мөнгө өгдөг.
Гэтэл мөнгийг нь манайхан аваад буруугаар зар­цуулж байгаа нь эх орныхоо нэрийг
дэлхийн хэмжээнд унагаж байгаа явдал. Гэхдээ тэд нар чинь энэ буруутай үйлдлээ өнгөлөн
далдлах маш их зүйл хийдэг юм. Олон улсын хөлбөм­бөгийн холбооны ерөнхийлөгчийг
ирэхэд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт шав тавиул­на, худлаа тайлан явуулна. Энэ байдал
бусад хороо­дод бүр олим­пийн хороонд ч бий. Үүнийг мон­голчууддаа хэлдэггүй. Муугаар
яривал энэ чинь гэмт хэрэг шүү дээ.

Хэрэв
хөлбөмбөгийн холбоо тэр санхүүжилтийг зөв зарцуулаад явсан бол тамирчдын дасгал­жуу­лалт,
сургалт сайжирна, бэлтгэл, лигийн тэмцээн, орон нутгийн тамирчдын ур чадвар жигдрээд
ирэх байсан.

-Ер нь ингээд хожигдоод бай­вал манай шигшээ
нэг хэсэг­тээ тэмцээнд оролцохгүй бай­­вал яасан юм бол. Ард түмэн тэднийг хаашаа
ч тэм­цээнд явсан битүүхэндээ найдвар тавьсаар байдаг. Гэтэл ямар ч “сураггүй” ба­гуу­дад
ялагдчихдаг?

-Би
тэгж бодохгүй байна. Олон улсын тэмцээнд орж л байх хэрэг­тэй. Сая Мьянмартай тоглосон
тоглолт чинь ДАШТ-ий урьдчилсан тэмцээн байсан. Тийм болохоор дэлхийн аваргын тэмцээнд
орж байна л гэсэн үг шүү дээ. Орохгүй байна гэхээр харамсалтай.

-Орохоороо л ялагдчихаад байх юм?

-Ороод
амжилт үзүүлэх л ёстой. Дараа­гийнхаа тэмцээн хүртэл аль болох хур­дан, зөв зам­даа
орох, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байж л бид амжилт үзүүлнэ. Хөл­бөм­бө­гийн
холбооны хурал, цуг­лаан болдог гэж сонс­сон. Тэгэхэд зо­хион байгуулалттай, нэг
хүнийг хамгаалсан, түүнийг толгойдоо байлгах гэсэн байр суурьтай бай­даг гэсэн.

Монголын
үндэс­ний олимпийн хороо­ны спортын холбоо­дын үлгэрчилсэн дү­рэм гэдгийг гаргаж
бай­гаа. Уг дүрмийн ко­мисст би ажиллаж бай­гаа. Их л ул суурьтай дүрэм гаргая гэж
би хувьдаа бодож байгаа. Тэгтэл Олимпийн хо­роонд байгаа нөхдүүд маань ямар юм хийх
нь үү, тийм үү. Найдвар­гүй юм хийдэг улсууд шүү дээ. Өөрсдөө дүр­мээ барьдаггүй
улсууд чинь доод талын хү­мүүсээ дүрмээ барь гэж хэлэхээр хэцүү байдаг биз.

Өнөөдөр
бид хөл­бөм­бөгийн холбоонд шаардлага тавьж бо­лохгүй болчихоод бай­на. Олим­пийн
хороо өөрөө дүрмээ бариа­гүй, юмаа цэгцлээгүй байж спортын хорооддоо шаардлага тавьж
ча­дах­гүй байгаа юм.

Спортын
бодлогыг хариуцаж байгаа юм чинь, та надаас биш Ч.Наранбаатар даргаас ярилцлага
авах ёстой ш дээ. Энэ нөхөр хөл­бөмбөгийн холбооны талаар ямар ч мэдээлэлгүй сууж
байгаа. Хэдэн шигшээ багаа нааш нь цааш нь явуулах, хүүхдийн спортын наадам гээд
бөөн мөнгө төсөв. Ямар ч зохион байгуулалт, хяналт байх­гүй. Спортын арга хэмжээ
гээд баахан мөнгө зарцуулдаг юм бай­на лээ. Тэр улсууд чинь өнөөдөр хөлбөм­бөгийн
спортод санаа зовж байх ёстой. Спортын 90 жилийн ой гэж огт байгаагүй тийм ой тэм­дэглэж,
байхгүй газраас одон ме­даль гар­гаж, хөдөө гадаанаас хүн амьтан уриад, улсын мөнгө
үрж хичнээн ч төгрөг зарцуулж байгаа юм, бүү мэд. Ингэхийнхээ оронд спортоо, хөлбөмбөгөө
хөг­жүүлэх талаар бодох хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ерэн настай МАХН моргоос гарч ирлээ

Хэлмэгдүүлэлтийн үед л гэсэн.  Нэг их мэргэн түргэн лам бариг­даад ирэхэд нь
Х.Чойбалсан  нууцхан суллуулж авчран  ирээ­дүйгээ асуусан гэдэг. Нөгөө ном эрдэмтэй
лам  хэлэхдээ “Та бол дал орчим наслах хүн
байна. Түүнээс өмнө  нэг саад байна. Хойд
зүг рүү л хөл битгий тавиарай” гэж. Х.Чойбалсан 
намынхаа ирээдүйн хувь заяаны талаар асуухад “Энэ нам чинь ер л наслах юм
байна” гэжээ.  Ийм нэгэн явган яриа нууц­хан
явсаар өнөөг хүрч ирсэн. Ямар ч  байсан явж
болохгүй зүг рүү нь явсан Чойбалсан дал хүрээгүй нас барсан, МАХН нь ерэн насан­даа
талийгаач болсон.  Гэхдээ энэ тухай МАХН-ыг  МАН  болохоос
нь өмнө бас бичиж байсан юм шүү.   Одоо харин
ер  хүрсэн МАХН  байхгүй болсон. Ингээд МАН гэдэг нам бий болсон.

Зарим үед гайхдаг юм. Аль нь МАХН,
аль нь МАН юм гэж. МАН нь МАХН-ыгаа төрүүлсэн ч юм шиг, МАХН нь МАН-ыгаа төрүүлсэн
ч юм шиг. Эсвэл хоёулаа нэг нам ч юм шиг. Үнэндээ тийм  мэргэн, ирээ­дүйг хардаг  лам байсан эсэхийг хэн мэдэхэв. Чойбалсан тийм
ламаас ирээдүйгээ  асуусан эсэ­хийг одоо хэн
гэрчлэхэв дээ. Ямар ч байсан МАХН-аа устгаж МАН болгосон  У.Хүрэлсүх “Ардын на­мын журамт цэрэг”-ийг эгшиглүү­лэхээс
өмнө л энэ яриаг сонсч байсан юмдаг. Энэ талаар ерэн настай эмгэн МАХН нэрээ өөрчилж
мэс засал хийлгээд яах ч юм билээ гэж өмнө нь бичиж байлаа. Гэсэн ч тэд мэс засал
хийлгэсэн. Хийлгэсэн мэс засал нь нэрээ солих явдал байв.   МАН нэр аваад бүтэлтэй юм болсонгүй.  

Хөсөр хаягдаж аль хэдийнэ талийгаачийн
тоонд орсон  МАХН амь оров.  Хагас жил моргт хэвтэж байгаад гэнэт л босоо ороолон
болоод босч ирсэн мэт. Уг нь аль хэдийнэ МАН өөрсдөө МАХН-ыгаа моргт аваачаад хийчихсэн
шиг санах юм.  Одоо болохоор МАХН Н.Энхбаяр
гэдэг экс Ерөнхий­лөг­чийн дүрээр амь орчихлоо. Тэгээд нийтийг гэхээсээ илүүтэй  МАН-ыг айлгаад байгаа нь бүр жигтэй.

Саяхан бас нэг жигтэй явдал болсон.
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа машинтайгаа явж байгаад  Сонгинохайрхан  дүү­рэгт хүн дайрчихаж. Түргэний эмч ирээд “үхчихсэн
байна” гэж хэлээд орхиод явжээ. Гэтэл Прокурорын дэргэдэх мөрдөнгийнхөн хэрэг бүртгэлт
хийх үеэр  өнөөх эмчийн  үхсэн гээд хаяад явсан хүн нь амьд байж таарсан.
Одоо талийгаач гэж андуурагдсан хүн гэмтлийн эмнэ­лэгт эмчлүүлж байна. МАХН-ыг үхчихсэн  гээд бодсон МАН ч амь ороход нь тархи руугаа саваа­дуулах
шиг л болсон байх, хөөрхий амьд хүнийг үхсэнд тооцсон  түр­гэний 
эмч шиг. Аймшгийн кино үзэж байгаа юм шиг л эвгүйцмээр санагдаж байгаа биз
дээ.  

МАХН-ын босоо ороолон болж босч ирсэн
энэ үйл явдал ардын уран зохиолч Бавуугийн Лхагва­сүрэнгийн “Үр могой” хэмээх жихүү­дэс
төрөм зохиолын үйл явдлыг  бас сануулаад  байх юм. Могой төрүүлсэн эх  буурин дээрээ   хаяг­дан эцэстээ төрүүлсэн үрдээ  идүүл­чихдэг дээ. МАН МАХН-ыг төрүүлсэн бол түүндээ
бариулах цаг нь иржээ.  Их л сандарч байгаа
бололтой. Сүүлдээ босоо ороо­лонгийнхоо нэрийг өгөхгүй гэж ч үзэж тарж эхэллээ. 

Зохиол ингэж эхэлдэг. “Устай чулуу
үмхэж битгий тоглож бай­гаарай. Могойны өндөг байдаг юм билээ…  Энэ л миний тавилан юм байна гэж могой төрүүлсэн
эх бодохуйд элэнц хуланцын сүнс амилав. Гай дайрав, лай дөтлөв. Сүнс хилэгнэв…
Өлзий бус үр нь хоног тоолон томорч, “хорхой тойлон” эх доройтов. Үр могой төрүүлсэн
эх өдөр ирэх тусам туйлдаж. Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь сүү, цус хоёрыг ялгахгүй
сорно. Өлсөх тусмаа өөдөөс нь цоргино. Өлсгөлөн могой эвхсэн биеэ тэнийж, эцсийн
хоо­лондоо ам хүрч, эхээ хөлөөс нь эхэлж залгиж. Харын хар  гэзэг могойн амнаас цухуйв” хэмээн зохиол төгсдөг.

Н.Энхбаяр “Унавал хамтдаа унана шүү”
гэж МАН-ын нөхдөдөө хэлж байсан. Харин өндийхөд нь МАН-ынхан өөрсдөө тус болж орхилоо.

МАН, МАХН-ын үйл явдал “Үр могой”-н
үлгэр шиг төгсөх вий гэж харагдаж байна. Босч ирсэн босоо ороолон юунаас айх билээ.
Хаа ч гэсэн хажууд чинь  байж л байна. Хаа
нэгтээгээс чинь залгиж ч чадна. Төрүүлсэн үр могой нь эхийгээ залгидаг  шиг. Буг шүглэсэн энэ улс төрийг яалтай билээ,
бурхан мэдэг.

Categories
редакцийн-нийтлэл

Стивен Сигалийн монгол гэргий

Стивен Сигал отгон хүү Төгсбаясгалангийнхаа хамт

Холливудын
алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд
зургаан жилийн нүүр үзэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр
Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал,
Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас
гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн.

Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж
“Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж
бид­ний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох
гэж Монголд ирлээ гээдэхсэн чинь Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид
түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холли­вудын одын нүдэнд
Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх
хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа
шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар
нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал
болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар
харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг.
Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ.

Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин
гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Харамсалтай нь хувийн амьд­ралын
хувьд тогтворгүй, олон бүс­гүйтэй нэр холбогддогоороо хүү­хэмсэг эрчүүдийн нэгд
тооцогддог. Тэрээр Япон, Латин Америк, Аме­рик, Орос, Болгарын бүсгүйчүүдтэй нэр
холбогдож байсан. Түүний анхны эхнэр Мияако Фужитан нь Японы үндэсний бие хамгаалах
урлаг кендогийн их мастер, багш. Сигал Мияакотой 1975 онд гэрлэн хамт амьдарч хоёр
хүүхдийн эцэг, эх болсон ч 1986 онд хоёр тийш болцгоосон юм. Эхнэрээсээ салан­гуутаа
загвар өмсөгч Адриенне ла Руссатай нэр холбогдож, тухайн үедээ сенсааци дэгдээж
байв. Энэ харилцаа нь арван сар орчим л үргэлжилжээ.

1987 онд Сигал Келли Леб­рокстой хурим
хийжээ. Энэ үед түүний шүтэн бишрэгчид “Стивен одоо л хүмүүжих нь” хэмээж бай­жээ.
Келлитэй есөн жил амьдарч, гурван хүүхдийн эцэг болсны эцэст хамтын амьдралдаа цэг
тавьж гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол 1996 он. Энэ үеэс Стивен Сигал гоонь эрийн
жаргал, эрх чөлөөг эдэлж, долоо хоног бүр өөр өөр бүсгүйтэй нэр холбогдож, папарацциудын
өгөөш болдог байв.

*              *              *

Стивен Сигалийн эмэг эх нь монгол
цусны хүн байсан талаар ярьдаг. Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол
нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрч. Эмэг эх нь
Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон,
хүн ард, ахуй амьд­ралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол
цусны хүн, Чингэсийн монгол хэмээн ярьж байсан удаатай. Тийм болохоор тэрээр Монголд
хөл тавьсан юм. “Чингэс хаан” гэдэг нэртэй, Холли­вудын шилдэг оддыг тоглуулсан
шуугиан тарих кино хийнэ хэмээн ярьж байсан ч түүний мөрөөдөл талаар өнгөрсөн. Хийнэ
гэж амла­сан кино нь сураг алдарчээ. Энэ талаар тэрээр “Би Чингэс хааны тухай кино
хийхийг маш их хүссэн. Олон жил бодсон. Гэхдээ тэр мө­рөөдлөө хаяагүй. Түр завсарласан
гэж хэлж болно. Гэвч би Чингэс хааны тухай кино хийгээгүй ч монгол бүсгүйтэй учирсандаа
баярладаг” гэжээ.

Б.Эрдэнэтуяаг америкчууд “Си­галийн
шинэ найз охин Эмми” гэж нэрлэдэг. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байв. Одоо
ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх
нь зулайг үнэрлүүл­жээ. Тэдний хүү нь 2009 оны дол­дугаар сард мэндэлсэн. Сигал
отгон хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ.

Сигал энэ жил 59 настай. Харин Б.Эрдэнэтуяа
дөнгөж 30 гарч явна. Б.Эрдэнэтуяа Америкт амьдрахдаа буруушаах, сонжих гэсэн ямар
нэг таагүй харьцаатай хүмүүстэй тааралддаггүй гэнэ. Харин Монголд ирэхдээ бусдын
хэл амны бай болохоос аль болох зайлсхийж сэм ирчихээд буцдаг гэсэн.

*              *              *

Б.Эрдэнэтуяа Дорноговь аймагт төрж
өссөн, айлын ганц охин. Түүнийг багад нь гэр нь хот руу шилжжээ. Хүүхэд байхаасаа
бүжиг­лэдэг авьяаслаг, хүн бүрийн хай­рыг татсан өхөөрдөм охин байсан аж. Хотод
ирээд Монголын хүүх­дийн ордны бүжгийн дугуй­ланд сурал­цаж олон арван тэмцээ­нээс
шаг­нал хүртэж байсан удаа­тай. Тухайн үедээ Монголын цэн­гээнт бүжгийн шилдэг бүжигчдийн
нэг гэгдэж байсан юм. Б.Эр­дэ­нэтуяа олон тэмцээнд аваргалж “Хатан хаан” өргөмжлөлийг
хүр­тэж, залуу­сын харцыг булаасан сайхан бүс­гүй­­­чүүдийн нэг байв. Хөтлөгч, жүжиг­чин
Э.Гантулга түүнд унан тусан дурлаж, хайр зарлаж байс­ныг урлагийн хүрээ­нийхэн дурсдаг
юм. Б.Эрдэнэтуяа авьяаслаг бү­жигч­­нээс гадна хэл­ний мэдлэг, бо­ловсрол өндөртэй
нэгэн.

2002 онд Монгол Улсын их сургуулийн
Олон улсын харил­цааны ангийг япон хэлний орчуу­лагчаар төгсчээ. Их сургуулийнх
нь андууд түүний тухай “Б.Эр­дэнэ­туяа үеийнхэн дундаа сор нь байсан. Гайхалтай
сайхан бүжиглэнэ. Гоё охин байсан боло­хоор залуус их гүйнэ. Ааш зан сайтайгаас
гадна маш их ажил хэрэгч, идэвхтэй оюутан байсан” гэж ярьсан юм.

Стивен Сигал өөрөөс нь өмнө гурван
бүсгүйтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй байсан ч 
Д.Эрдэнэтуяа түүний өмнөх амьдралыг эс тоон түүнтэй амьдралаа холбосон юм.
Өөрөөсөө хэдэн үе мултарсан хүнтэй суусныг нь хүмүүс янз бүрээр тайлбарладаг.

*              *              *

Стивен Сигал отгон хүүгээ мэндэлсний
дараа Америкийн хэвлэл мэдээллийнхэнд сая нэг ам нээж “Би хүүхдүүддээ маш их хайртай,
дэндүү их. Долоо дахь хүүхэд маань төрж амьдралыг минь гэрэл гэгээтэй болголоо.
Би эхнэр, отгон хүүгийнхээ хамт Луйзана мужид амьдарч байна. Би их гэрсэг хүн шүү.
Эхнэр, хүүтэйгээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг” хэмээсэн байна лээ.

Холливудын алдартай жүжиг­чинтэй амьдарч
буй Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйн талаар товч сонир­хуулахад ийм байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Түүний дараагийн нүүдэл

Н.Энхбаяр намаа бүрт­гүүлсэн төдийд
ха­наж цадах хүн биш ээ. Одоо түүнд хийх ажил их байна. Өшөө авалт хий­гээд дараагийн
алхмууд.  Мөн барьцаа ахиулах янз бүрийн мэхээ
ч хий­гээд эхэлчихсэн байна лээ.

Түүний дараагийн нүү­дэл бол Монголын
ногоон намтай нэгдэх. Дараагийнх ч гэж дээ нэрээ авчихвал ингэнэ гээд эртнээс төлөвлөсөн
ажил нь юм.  Энэ алхмыг хийснээр Н.Энхбаярын
гэгдэх МАХН  жагсаалтад МАН,  АН  хоёрын
дараа эрэмблэгдэнэ гэсэн үг.  Учир нь Ногоон
нам Дээд шүүхийн бүртгэлд гуравт жагсдаг. Ногоон намтай нэгдсэнээр МАХН ши­нээр
бүртгэгдсэн 18 дугаарт биш гуравт бичигдэх бол­но. Ингээд сонгуулийн саналын хуудсан
дээр МАН, АН, МАХН  гэсэн нэр эхний эгнээнд
жагсана гэсэн үг. МАН-ын удирд­ла­гын зүгээс “19 дэх нам шүү” гэж шинээр бүртгүүл­сэн
МАХН-ыг хэлээд бай­гаа ч үнэн хэрэгтээ  бүрт­гэлийн
гуравт бичигдэх нам болох нь. Харин  Но­гоон
намаас салж Иргэ­ний зориг намтай нэгдэх гээд байгаа Д.Энхбат  на­рын зорилго Дээд шүүх дээр бүтэлгүйтсэн. Дээд
шүүх ч Иргэний зориг-Ногоон намын нэгдлийг 
бүртгэж аваагүй нь учир­тай байж болох. Хэдий­гээр бүртгэж бо­лохгүй хэд
хэдэн шалт­гаан хэлж бай­гаа ч улс төр цаана нь яваад байх шиг. Бүртгүү­лэхгүй байх
хорыг ч Н.Энх­баяр сайн хийж байгаа биз. Уг нь С.Баяр ИЗН-ыг Ногоон намтай нэгтгэх
замаар  Н.Энхбая­рын төлөвлө­гөөг нураах гэсэн
боловч чадсангүй.

Үнэн хэрэг дээрээ С.Оюун Д.Энхбатад
на­мын даргынхаа суудлыг тавьж өгсөн нь учиртай юм.   Н.Багабанди,
С.Баяр хоёрын  шахаас л түүнийг ийм алхам
хийхэд хүргэ­сэн.

Түүнээс биш Б.Жар­галсайханы намтай   нэг­дэхдээ ч намын даргаа өгч байгаагүй хүн.
Тэ­гэ­хээр Н.Энхбаяр, С.Баяр  хоёрын зодоон   үргэл­жил­сээр байгаа. ИЗН+НН уу,  эсвэл  МАХН+Ногоон
нам гэдэг дээр уг тулааны ялагч тодорхой болно. С.Оюуны удирдаж бай­сан ИЗН  БНН-аас сүүлд байгуулагдсан хэрнээ  тэ­дэнтэй нэгдсэнээр  Дээд шүүхийн дөрөвт жагсах эрхтэй болсон. Гэвч
нэг­дэж нийлсэн хоёр салсан ч ИЗН Бүгд найрамдах намын дөрөвдүгээрт жагс­­даг байр
суурин дээр үлдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Б.Жар­галсайханы намтай С.Оюуны нам
“хурим­лаад” салахад С.Оюун инжиндээ ирсэн энэ байр суурийг аваад үлдсэн би­лээ.
Харин Д.Энхбаттай “хуримлалаа” гээд ин­жинд нь юу ч авахгүй зөвхөн С.Баярын даал­гав­рыг
л биелүүлж байгаа хэрэг болсон юм.

За энэ ч яахав.  Н.Энх­баярын
хэр шуналтайг бид мэднэ. Нэг ийм яриа МАХН, 
МАН  дотор тэнүү­чилж явна. Н.Энхбаяр эрх ашгийн
төлөө юу ч хийхэд бэлэн. Тиймээс анхнаа­саа
л нэг нам юм чинь МАН-тайгаа нэгдэнэ гэж ярих нэг хэсэг бас байна. Тэр өөрөө ч Оюу толгой, Таван толгойн асуудал зэрэгт ойлголцож
чадвал хэнтэй ч нэгдэнэ гэсэн үг
хэлчихсэн. Нэг ёсондоо надтай сайн яривал, эрх ашиг нийцвэл, яасан ч яахав гэдгээ
албан ёсоор хэлчихлээ.  Тэгээд ч МАН өнөөдөртөө эрх мэдлийг гартаа атгаж байгаа
шүү дээ, ялсан нам учраас.  Нөгөө талаас АН-тай то­хирно гэх. Энэ
нь гом­доо­сон МАН-ыг нам дарж авах хүсэлтэй
нь уялдаж болох юм.  Гэхдээ АН-тай зөв тохирч чадвал шүү.  Гурав дахь хэсэг нь ган­цаар­чилсан тоглолт хийж,  гуравдагч хүчний
байр сууриа авч үлдэнэ гэж
байна. Үнэн, худлыг хэн мэдэхэв.
Цаг хугацаа, Н.Энхбаярын бодол хоёр л олон зүйлд
нөлөөлөх болоод байна. Ямар ч байсан Ногоон намыг бол аль
хэдийнэ залги­хад бэлэн болсон гэнэ лээ шүү.

Categories
редакцийн-нийтлэл

МАХН амь орж, МАН шоконд орлоо

Өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх МАХН-ыг  бүртгэв. Энэ нь МАХН хийгээд тус намын тэргүүн
Н.Энхбаярыг  улс төрд амь оруулсан амь тариа
болов.  Алтай Таван богдод МАХН-ын тугаа ман­дуу­лаад
ирсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү биеллээ. Н.Энх­баяр улс төрд буцаж ирлээ.      

Ийм юм болно чинээ бо­доогүй МАН шоконд
орж,  Удирдах зөвлөл нь яаран хуралдсан юм.
Эдээрээ оролд­­вол эвдэхийн тэмдэг ээ гэж. Нэрээрээ оролдвол бус­дад алдахын тэмдэг
юм бай­на. Дээд шүүхийн шийдвэр МАН-ын толгой дээр буусан лантуу болсон юм. “МАН
ч манайх , МАХН ч манайх” гээд байсан У.Хүрэлсүхийн үг худал аж. МАХН Н.Энхбая­рынх
боллоо. Цэцээр дам­жуулж МАХН-ыг Н.Энхбаяр­тай нь унагах гэсэн МАН-ын санаа бүтэлгүйтэж,
Дээд шүүх дээр бүдэрлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг ч энэ мэдээг сонсоод
МАН-ынхан өнгөрсөн баасан гаригт үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналаа. Н.Энхбаяр­тай­гаа
үлдсэн МАХН-ын өвөг­цүүл нүдэндээ нулимстай баяраа тэмдэглэв. АН-ынхан алга ташин
баярлав. МАН-ынхан толгой гудайн ху­ралд­лаа. МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт
хурал­дахад С.Баяр их л бухимджээ. “Мон­голын төр хаана байна” гэж ирээд л уурлахад
нь Удир­дах зөвлөлийн зарим нэг гишүүн  ч
бас дуугүй  суу­сангүй. “Таны гаргасан АН-тай
хамтрах санал дэмий байсан юм” гэж хэлээд авсан гэнэ. МАХН-аас гадна АН-д уурлаж
байгаа нь тэр. Эцэст нь тэд энэ шийдвэрийг эс тоосон мэт дүр эсгэхээр ший­дэв. Тиймээс
ч албан ёсны мэдэгдэл энэ тэр гаргахгүй байхаар болов. Тэр өдөр МАН-ын бүлгийн дарга
Ө.Энх­­түвшин, намын ерөн­хий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр дуу нэгтэй­гээр
олон нийтийг МАН, МАХН-ыг хооронд нь эндүү­рэхгүй байхыг сануулж, “Ши­нэ бүртгэгдсэн
МАХН бол  манай нам биш шүү. МАХН нэрийг авсан
шинэ нам юм шүү” гэж ирээд л хоолой чичрүүлэн тайлбарласан.   Ямар ч байсан МАХН-ыг бүрт­гэсэн үйл явдлаас
болж МАН-ын АН-д хандах хандлага мөн таатай бус болж эхэллээ.  Сонгуулийн хуулийг холимог болгох  зөвшилцөл үгүй болох магадлал ч бий боллоо. 

МАН-ын гишүүд намын нэр сольсон У.Хүрэлсүхээ
намын даргатай нь зүхэж эхэллээ. Гэтэл МАН-ынхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Ерөнхийлөгчийг
оролцсон гэж  хардаж байгаа аж. Хэдий­гээр
баримт байхгүй ч хардах үндэслэл нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн даргыг томилдгоос үүдэлтэй
биз.

Буруу замаар будаа тээ­вэл буцахдаа
шороо тээхийн үлгэрийг МАН ч ёстой ха­руулж байна. Нэрээ сольс­ноосоо хойш нэлээд
өөрч­лөлт хийх гэж зүтгэсэн ч  “гай газар
дороос гахай модон дотроос” гарч ирсээр байна. Бүр ёртой юм шиг бүлгийн даргаа сольсон.
Солих со­лих­доо Удирдах зөвлөл нь намын даргынхаа зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргилыг  дэмжээгүй. Хажуугаар нь Ө.Энхтүвшин ороод ирсэн.
Гурав дахь хүн Су.Батболд Удирдах зөвлөл 
дээр нэрээ татсан ч бүлгийн дэд дарга болсон. Харин намын дарга С.Батболдын
зүтгүүлсэн Ц.Мөнх-Оргил дол­­дугаар сарын нэгэнтэй холбоотой нэр хүнд нь уна­сан
нь эндээс харагдаж байгаа юм. Түүнээс биш энэ намын ирээдүйтэй лидерийн нэг гэж
зүй ёсоор тооцогдож байсан түүнийг дэмжихгүй байх шалтгаан үгүй мэт. Мөн эндээс
харахад өөрийнхөө удирддаг Удирдах зөвлөлөөс хүнээ гаргаж чадахгүй байна гэдэг бол
намын дарга С.Бат­болд төдийлөн хүчтэй биш байгааг илэрхийлж  байна.  
Энэ намд намын даргын үг хууль байсан цаг ард хоцорс­ныг ч уг үйл явдал харууллаа.
Харин хамгийн их хүчирхэг­жиж буй хүн бол МАН-д М.Энх­болд  болж байна. Тэ­рээр хүссэн томилгоогоо хийл­гэж
чадаж байна. Хам­гийн хүчтэй фракцыг тол­гойлж чадаж байгаа. 

Монголын түүхийн 80 жи­лийг бичилцсэн
“Үнэн” сони­ны эрхлэгчийг МАН сольсон нь бас л анхаарал татаж байгаа юм. Хуучин
эрхлэгч Ц.Ганбатын оронд Ж.Мөнх­батыг томилсон билээ. Энэ залуу сүүлийн үед намдаа
нэлээд тоогдож буй болол­той. НАМЗХ нь бодлогоор дэмжиж, намын бүтцийн нэг байнгын
хорооны дарга бо­лоод удаагүй байсан тэрээр ийнхүү шинэ ажилд очлоо.   Түүнчлэн МАХН-ын нэрийг бүртгэсэн явдал хоёр
намын хамтарсан засгийг цаашид хэвээрээ байх уу, үгүй юу гэдгийг ч ярихад хүргэж
бол­зошгүй юм. Тэгээд ч энэ зас­гийн үед л Монгол Улс  бен­зингүй болж үзлээ. Түүнээс биш бензин шатахууны
үнэ нэмэгдэж  байснаас  картанд ортлоо ингэж хомсдож бай­сангүй. Тэгэхээр
улс орноо ийм байдалд хүргэсэн  Ерөн­хий сайд
өөрөө огцрох юм уу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаа  өөрчлөхгүй бол “Манай Засгийн газрын хийх ёстой
ажлыг л Ерөнхийлөгч шүүрч авч хийгээд байна” гэж намынхан нь гонгинох хэрэг­гүй
юм.   

Энэ бүхнээс харахад хам­тарсан засгийн
хувь заяа цааш явах нь эргэлзээтэй болж байх шиг. 

МАХН-ыг албан ёсжуулс­наар улс төрийн
үйл явц хэр­хэн өрнөхийг ажиглагчид анхааралтай харж байна.  МАХН эвсэх үү, эвсвэл ҮШН-аасаа өөр ямар намтай
эв­сэхэв гэсэн яриа таамаг хэ­дийнэ түгжээ. МАХН-ыг Ард­чилсан намтай эвсэж сонгуу­льд
орно гэсэн үгс ч  яригдаж эхлэв. АН 25 суудал
амлаж, МАХН-тай тохирно гэж энэ ярианд дурдагдах жишээний.  Тэгвэл мэдээж энэ эвсэл ялах магадлал өндөр. Эрхбиш
МАХН, МАН-тай эвсэхгүй биз гэж ажиглагчид үзэж байгаа.     

Ардчилсан намын хувьд МАХН-ыг бүртгэсэн
явдал баярт мэдээ болж ирсэн.  2000 онд далаараа
тавиулж түүнээс хойш өөдлөөгүй  АН энэ удаагийн
сонгуульд ухаа­лаг алхам хийх биз. Ямартай ч фракцуудын зөрчил нь  на­маа хагалах хэмжээнд хүрдэг байсныг энэ удаагийн  “Мон­гол хүн-2020” хэлэлцүүлэгт зангидсан гар
шиг идэвхтэй оролцож, генсек  нь намын даргатайгаа
хөтлөлцөн айм­гуудаар хэлэлцүүлгээ хийж явсан нь хуучин алдаагаа давтахгүй байх
нь гэсэн горьд­лого төрүүлж байгаа юм.  Яг
энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх намын нэрийг өөрчилж,  МАН-ыг гайд унага­лаа гэсэн гашуун үгээр утуулж
байгаа бол АН-д нийс­лэлийн намын даргаа эсэр­гүүцсэн залуусын алхмыг эс тооцвол
генсек Д.Эрдэнэ­батын  нэр хүнд өндөр хэвээр
байна. Ардчилсан намынхан МАХН-ыг бүртгэсэнд жигтэй­хэн баярлаж дэвхцээд байгаа
нь МАН маньтайгаа биш МАХН-тайгаа ноцолдог 
гэж тооцон, энэ нь бидэнд ашиг­тай гэсэн байр суурьтай бай­на. АН-ынхан юун
түрүүнд ингэж баярлаж хөөрч яаран алга таших нь хэрэг дээрээ зөв үү.   Учир нь Ардын намынхан юу ч сэдэж,  юу ч хийж магад­гүй гэдгийг өмнөх туршлагаа­раа
мэдмээрсэн. Одоогоор АН-ын дарга, генсек хоёр 
эвтэй найртай байх нь сайн тал ч дунд шатандаа асуудал цэгцэрсэн гэх нь хаашаа
ч юм.

Дээд шүүх  МАН-ыг бүртгэ­сэн нь ч, сүүлийн үеийн су­дал­гааны
дүнгүүд ч АН эвтэй байж чадвал ирэх сонгуульд ялах боломж ирснийг хэлээд өглөө.
Ирэх сонгууль гэрэлтэй харагдаж байгаа энэ л мөчийг өөрчлөхгүй авч явах хэрэгтэй
юм, АН.

Харин нар нь гийж, улс төрд
эргэж ирсэн  Н.Энхбая­рын хувьд нам бүртгүүлсэн төдий  ханахгүй
ээ. Одоо өмчийн асуудал ч
яригдаж магадгүй.  Хэрэв өмч
хөрөнгө нь  МАХН-ын
талд шийдэгд­вэл МАН-ын цаг зогсоно. Дээр нь МАН-ын лидерүүд биш гэхэд амбиц хөөсөн хэдэн нөхдүүд Н.Энхбаярыг дагах нь тодорхой.  МАН, МАХН улаан тугаа, АН цэнхэр тугаа намируулан
ирэх сон­гуулийн зүг урагшаа.

Categories
редакцийн-нийтлэл

Морь унаад ч болов Монголоо авч үлдье

Сахалин,
Сибирь, Чеченьд  нефть, байгалийн хий нийлүүлдэг
Оросын төрийн өмч давамгайлсан нэгэн компани бий.  Удирдлага нь Монгол төрийн сайдад хаяглан захидал
бичиж дарамталсан хэрэг дахин гарлаа. 2008 онд Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүг
ОХУ-д очиж, “Роснефть”-ийнхэнтэй уулзаж ирснээс хойш тун удалгүй ийм захидал ирж
байсан билээ. Энэ сарын 2-нд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Даш.Зоригт очиж тус
компанийнхантай мөн уулзсан. Дагавар захиа араас нь “номоороо” ирлээ. Утга нь жижиг­лэн
компанийн 100 шатахуун түгээх станцыг Монголд байгуулах тухай өмнөхийн адил. Эдуард
Юрьевич Худайнатов монголчуудад томров. Зангаргаа харуулав. Нефть олз­ворлодог нэг
компанийн дарга монголчуудыг дарамтлав. Гэхдээ энэ нь орос захирлын томд бус монгол
төрийн арчаагүйнх. Ийм арчаагүй байдалд орсон нь өөрс­дийн тусгаар тогтнолын чадамж
муугийнх, аливаа нэг зүйлээс ха­раат бус оршиж чадаагүйнх.

Монголчуудад
сүүлийн зуугаад жилийн хугацаанд суусан айдсын нэг нь оросуудаас эмээх зуршил. Далан
жилийн турш шууд хараанд нь байж ирсэн оросуудаасаа анги­жирч чадсан гэх сүүлийн
хорин жилийн хугацаанд ч жижигрэхгүй байж чадахгүй л байна. Энэ нь далан жил оросуудын
нөлөөнд төр барьж ирсэн ах нам ардчиллын 20 жилийн 16 жилд нь эрх барьж байгаатай
мэдээж холбоотой.

Уламжлагдаж
ирсэн айдсынхаа нөлөөнд эдийн засгийн тусгаар тогтнолын талаар бодож ч чадах­гүй
байна. Анх “Роснефть”-ээс захиа авсан даруйдаа л төр зас­гийн томчууд өөрсдөө нефтиэ
нэрдэг болохгүй бол болшгүй нь гээд халаглаад эхэлсэн ч гурван жилийн хугацаанд
ямар ч өөрч­лөлт гарсангүй. Чухам л сүх далай­тал үхэр монголчууд амар амгалан амьдарч
ирлээ. Эхний захидлыг авсан даруйд л нүүрснээс шингэн түлш гаргах улс төрийн шийдвэрийг
гаргалаа хэмээн сүр дуулиан болж байсан. Хаа байна, одоо тэр нүүрс­нээс гаргаж авсан
шингэн түлш. Монголыг одоо дэлхий нүүрсээр нь л мэдэж байна. Тэгвэл тэр нүүрсээ
түүхийгээр нь вагон вагоноор ачиж, харин өөрсдөө захын нэг оросын аманд улс үндэстнээрээ
багтаж байна. Угтаа газрын тосны үнэ баррель нь 40-60 ам.доллар хүрэх үед нүүрснээс
шатахуун гаргаж авах ашигтай болж ирдэг гэх юм билээ. Гэтэл зуу дөхчихөөд байгаа
өнөө үед ямар ч алхам хийгээгүй сууж л байна. 
Нүүрснээс шатахуун гаргаж авах технологи нь энэ байна, зүтгээд үзэх сэтгэл
нь байна, хамтрах саналууд нь энэ байна гээд хавтас хавтсаар нь бичиг баримтаа цүнхлээд
явдаг компаниуд байдаг. Зөвхөн нүүрс­нээс ч бус аль нэг газраас шууд хараат байхгүйн
тулд гадаадаас түүхий нефть оруулж ирээд бо­ловс­руулъя гэсэн компаниуд зөн­дөө.
Гэвч үйлдвэрээ байгуулах тусгай зөвшөөрөл гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй
тэр эрхийн бичиггүйгээс болж ямар ч ажил урагшилсангүй. Яг л гурван жилийн өмнө
ямар шахалтад орж, ямар доромжлол амсч байсан тэр давтагдлаа. Анхиатайхан бөх нэг
унасан мэхэндээ унадаггүй гэдэг­сэн. Гэвч энэ бүхэнд ганцхан тайл­бар бий.

Эрх
мэдэлтнүүдийн ашиг со­нир­хол нь олон түмний ашиг со­нирхлоос давчихаад байгаа уч­раас
ажил урагшлахгүй байна. Шатахуун түлш импортолдог ком­паниуд байх. Нэг төрлийн болов­сон
ченж л дээ. Нэхийний ченжээс ялгагдах зүйл үгүй. Хойноос оруулж ирсэн дээрээ хэдэн
төгрөг нэмээд зарчихдаг. Хэрэв ний­лүүлэлт нь хомсдоод эхэлбэл үгсэн ярьж байгаад
үнээ нэмж, хэдэн төгрөг гулгуулаад авах боломжийг алдана гэж ёстой байхгүй дээ.
Тэр чен­жийн компанийн эзэд нь дандаа төр засагт өндөр албан тушаал хашдаг, эрх
барих намын Удирдах зөвлөлд багтдаг, бас аль нэг том хандивлагч нь байж ирсэн учраас
өдий болтол энэ асуудал шийдэгд­сэнгүй ирлээ. Уг нь төрд ийм алба хашдаг байх тусмаа
хамгийн тү­рүүнд шатахуун импортлогч компа­нийнхан зориглож өөрсдийн боловсруулах
үйлдвэрийн тухай ярих ёстой байсан юм. Гэвч паразит сэтгэлгээ нь ихэдсэн улсууд
тэгж хариуцлага хүлээхийг ял үүрэхийн чинээ үзэж байгаа бөгөөд гаднаас оруулж ирээд
ашгаа гаргаад авбал барав гэж үзсэнээс өнөө ийн бай­далд хүрээд байна.

Салбарын
сайд, мэргэжлийн байгууллагууд нь ч эдийн засгийн хараат байдлаас гарахыг хүсэлгүй
өнөөг хүрснийг ашиг сонирхлын дөнгөнд хүлэгдсэнийх гэхээс өөр юу гэх билээ. Аливаа
улс орны хувьд эдийн засгийн тусгаар тогт­нолын үзүүлэлтийн толь нь нэгдү­гээрт
түлш шатахуун, хоёрдугаарт цемент, гуравдугаарт хүнсний аюулгүй байдал гэсэн тэргүүн
эрэмбэтэй. Монголд бусдаас ха­раат бусаар өөрсдөө үйлдвэрлэсэн түлш байна уу. Хэдэн
машин нь зогсчих гээд л байгаа биз дээ. Хур бороо сайхан байна л гэнэ. Хаврын тариалалт
шатахуунаас болоод хангалттай тариалаагүй гэсэн яриа л сонстохгүй байгаасай. Цемент
нь чанарын баталгаа бий юу. Хэд гэсэн үзүүлэлттэй маркийн  цемен­тээр барилгаа бид барьдаг юм, бүү мэд. Хүнсний
аюулгүй байдлын хувьд яриад байх зүйлгүй. Зөвхөн итгэж найдах гэсэн тодорхойлол­тоор
хоолоо идэж байна. Урд хил хаалаа. Маргаашнаас бөөн хям­рал. Хэнд ч ойлгомжтой.

Аль
нэг улсаас эдийн засгийн шууд хараат байдлыг арилгах талаар тэр дундаа нефтийн бү­тээгдэхүүнээр
гээд нэр зааж бай­гаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бид тусгасан.
Үүнийг УИХ-аар батлаад нэг жил болж байна. Энэ үзэл баримтлалаа ажил болгохын тулд
юу хийсэн бэ, өнгөрсөн жилийн хугацаанд. Юу ч алга. Уг нь бид ганц дан хойд хөршийн
аманд багтдаг байхгүйн тулд өмнөд хөрштэйгээ эн тэнцүү харьцах ёстой. Гэвч Хятадын
бен­зин чанар муу, мотор цохино энэ тэр гээд хөөрхөн хар пиар бодоод олчихдог. Гэтэл
Хятадад дэлхийн бүх л нэртэй машинууд тэр чанар­гүй бензинээр нь явж байгаа харагдах
юм.

Албаны
хүмүүс Оросын буул­ганаас салсан 20 жилийн хуга­цаанд нефть боловсруулах үйлд­вэртэй
болоогүйгээ албан ёсоор нефтийн нөөцөө зарлаагүйгээс гэдэг. Тэгвэл өнгөрсөн оны
хоёрду­гаар сард Монгол Улс нефть ол­бор­логч орон гэдгээ зарлаж, дэл­хийд бүртгэгдсэн
зуу гаруй олбор­логч орноос гуч гаруйд нь байна гээд бахархаад байсан биз дээ. Өнгөрсөн
жил гаруйн хуга­цаанд нефть олборлогч Монгол орон юу хийсэн юм бэ. Нефть олборлодог­гүй
мөртлөө гаднаас түүхий нефть худалдаж аваад боловсруулдаг орнууд олон байна. Энэ
нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хам­гаалж байгаа хэрэг. Манайх шиг орос ах нар
хямд үнээр өгдөг гээд ивээсэнд нь нурж унаад байдаггүй. Монголд түүхий нефтиэ өгье
гэсэн орон Кувейтээс эхлээд Казахстан гээд байж л байна. Гэвч үүнийг сонирхохгүй,
өөрсдөө үйлд­вэр­лэхгүй байгаагийн шалтгаан ердөө ганц. Монголын төр нэрээр эрх
мэдлийг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн иргэний шунал. Гэхдээ үүнийгээ стратегийн
ач холбогдолтой бүтээгдэхүүн, тээвэр­лэхэд ноцтой гэж ирээд бас л тархи угаана.
Тэгж яривал Монголд бүрт­гэлтэй  300 мянган
автомашин бүгд аюултай бүтээгдэхүүн тээвэрлэгч болж таарна. Тэгвэл машиныхаа түлшний
сав руу шүдэнз асаагаад шиддэг тэнэг байна уу. Ингээд л бодохоор дарга даамлуудын
ярьж байгаа шалтаг, шалтгаан нь өчүү­хэн эрх ашиг дээр чагтлагдаж байгаа нь мэдэгдээд
байгаа юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйл байхгүй боло­ход Ерөнхий
сайд Д.Бямбасүрэн гуай иргэддээ найдлаа гэж мэдэгд­сэн. Удахгүй ганзагачид лангуу
хотойтол бараа авчирч байсан билээ. Түүн шиг иргэддээ найдах цаг ирж.

Одоо монголчууд
эдийн зас­гийн тусгаар тогтнолоо олж авах цаг иржээ. Морио унаж, үхэр тэргээ хөллөж
аваад ч хамаагүй монгол­чууд зүтгэх юм бол богинохон хугацаанд нефтиэ боловсруулж,
түлшээ гаргаад авчихдаг болно. Манайх шиг цомхон хотод бүгд алхаад явахад ажил амжуулахгүй
гэж айхын ч хэрэггүй. Нэг км замыг дундаж хэмнэлээр алхахад 7-9 мин алхдаг гэдэг.
Сансраас Сүхбаата­рын талбай, Сүхбаатарын талбай­гаас гурав, дөрөвдүгээр хороолол
ороход үсрээд 30 минут. Наадмаа морио унаж байгаад үзсэн ч яадаг юм. Ямар ч л байсан
том ашиг сонирхлоороо монголчууд нэгдэж чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо олж
чадна. Морь унаад ч болов Монголоо авч үлдье.

Categories
редакцийн-нийтлэл

Аймгуудын наадмын тов гарлаа

Өнөө жилийн наадмаар дөрвөн том ой
тохиож байгаа болохоор өргөн дэлгэр тэм­дэг­лэхээр хөдөө гадаагүй зэхэж байна. Энэ
жил Өмнө­говь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дор­ноговь аймгийн
80, Баян­хонгор, Дундговь аймгийн 70, Дархан-Уул аймгийн 50, Говь­сүмбэр аймгийн
20 жилийн ойн баяр тус тус тохиож бай­гаа. Эдгээр аймгууд наадмаа ёслол төгөлдөр
тэмдэглэхийн тулд өнгөрсөн хавраас эхэлж бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон гэнэ.
Зав­ханчууд зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд наадмаа тэмдэглэчихсэн, одоо улсын
наадмаа хүлээж сууна. Харин үлдсэн аймгууд хэдийд наа­дам­лахаар болсныг сонир­хуулъя.

Долдугаар сарын 6, 7-нд Сүхбаатар,
8, 9-нд Булган, Говь-Алтай, Орхон, 9, 10-нд Баян-Өлгий, Төв, 10, 11-нд Архангай,
Хэнтий, 22, 23-нд Дархан-Уул, Хөвсгөл,  Өмнө­говь,
28-30-нд Дундговь, 29, 30-нд Баянхонгор, Говь­сүм­бэр, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ,
Увс, Ховд, Өвөр­хангай аймгийн наадам болно.

Дорноговийн наадам нь Говийн бүсийн
даншигтай давхцах бол Баруун бүсийн даншгийг Увс аймгийн наадам­тай хамтатгаж хийх
гэнэ. Харин Зүүн бүсийн наа­дам Дорнодын наадамтай хамт болох юм байна.

БНСУ-д ажиллаж амь­дарч байгаа манай
улсын иргэд ч наадмаа өргөн тэм­дэглэдэг болоод удаж байна. Тэд зургадугаар сарын
26, 27-нд наадамлана гэдгээ дуулгажээ. 

Аймгууд наадмын товоо гаргахдаа аль
болох баяр наадамтай давхцуулахгүйг хичээсэн гэнэ. Сүхбаатар аймгийн удирдлагууд
уяач­даа ардын хувьсгалын 90 жилийн ой болон бүсийн хурдан морьдын уралдаа­нуудад
оролцох боломж олго­хын тулд 6, 7-ны өдөр аймгийнхаа наадмыг хийхээр болжээ. Сүхбаатарын
уяачид ийм нааштай сайхан тов гарсанд талархаж байгаа гэсэн.

Дундговь аймагт сүүлийн жилүүдэд газрын
гарц муу, бороо хур багатайгаас зуншлага тааруу байгаа учир малчид нь Төв, Говь­сүмбэр
аймагт отроор явж байгаа болохоор долдугаар сарын 28-30-ны хооронд наадмаа хийхээр
болжээ.

Аймгуудын наадам уван цуван болох
нь бөхийн найраа гарах эх үндэс болдог гэх яриа бий. Мөн улсын цолтой бөхчүүд аймгуудын
наадам “хэсч” аймгийн цол горилж буй сумын цолтнуу­дыг “дар­чихдаг” гэх. Цаашид
аймгуу­дын наадмыг нэг өдөр зэрэг зохиож байвал яасан юм гэх санал ч гарч байгаа
аж. Монголын үндэсний бөхийн холбоо өнөө жилийн наад­маар 1024 бөх барилдах болохоор
бөхчүүд “хүрэл­цэхгүй” байх талтай учир айм­гуудыг наадмаа, бөхийн ба­рил­даанаа
улсын наадмаас зөрүүлэхийг хүссэн.

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй
долоон худаг барааны зах шиг болчихдог. Энэ жил ийм байдал гар­гахгүйн тулд дээрх
газруудад зөвхөн  хүнс, хоолны худал­даа гаргахаар
болжээ. Гутал, хувцас, майхан, бэлэг дурс­гал, хүүх­дийн тоглоом гээд зүсэн зүйлийн
бараа зардаг байс­ныг энэ жилээс эхэлж хориглоно гэнэ.

Наадмаар хоол, хүнсний үйлчилгээ эрхлэх
нийт 700 гаруй зөвшөөрөл олгох бө­гөөд 60 гаруй хувь нь хуушуурынх байх юм байна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь харьяа дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөө­рөл,
дугаараа авч зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгийн дагуу цэвэр үзэмжтэй асар, сүүдрэвч
байрлуулж, аж ахуйн нэгжийн онцлогоо ха­руулсан эмблем бүхий хувц­саар жигдэрсэн
байхыг шаар­дах ажээ. Хэрэв зөвшөөрөгд­сөн цэгээс бусад газарт, зөвшөөрөлгүй, ил
задгай гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлбэл Нийслэлийн Цаг­даагийн газрын Хэв
журмын алба, Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газрын хам­тарсан багийнхан хүрч ирээд
шаардлага тавина гэнэ. Тэгээд болохгүй бол бараа энэ тэрийг нь хурааж авч, устгах
хүртэл арга хэмжээ авах юм байна.

Хоолны хордлого, гэдэс­ний өвчин гаргахгүйн
тулд хүнсний аюулгүй байдалд ихээр анхаарахыг Наадмын зохион байгуулах үндэсний
хороо­ныхон холбогдох хүмүүст нь үүрэгджээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12680 хүний
суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Сүүдрэвчтэй хэсгийн
тасал­бар 24 мянга, сүүдрэвчгүй нь 13-15 мянган төгрөгийн үнэ­тэй. Тасалбартай ч
наадмын нээлтийг үзэж чаддаггүй, нэг суудалд олон тасалбар бичсэн гэх гомдол гардаг.
Уг байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан гэнэ. Наадмын
нээлтийн ажил­лагааны тасал­барыг долдугаар сарын эхээр хэв­лэж борлуулна. Цэнгэлдэхэд
наадам үзэхээр ирсэн таваас дээш настай хүүхдүүдийг заа­вал том хүний тасалбартай
байхыг шаардах юм байна шүү.

Төв цэнгэлдэх хүрээлэн­гийн эргэн
тойронд авто машины  “А”, “Д”, “Ж”,  “Б”, “Ү”, цэнхэр “М”, улаан “М”,
“Г” гэсэн  найман төрлийн авто­машины зогсоол ажиллана. Төрийн өндөр албан
тушаал­тан, жуулчин, Элчин сайдын яамдын машин 20 мянган төгрөгийн үнэтэй “А”,
“Д”, “Ж” зогсоолд зогсох бол 15 мянган төгрөгийн үнэтэй “Б” зогсоолд төрийн болон
төрийн бус байгууллагын машин орох эрхтэй. Харин 10 мянган төгрөгөөр зөвшөөр­лийг
нь авах “Ү”, цэнхэр “М” зогсоолд үйлчилгээ эрх­лэгч­дийн машин байрлана. 
3000-8000 төгрөгийн үнэтэй улаан “М”, “Г” зогсоолуудад наадам сонирхогч иргэдийн
машин зогсох боломжтой. Харин улаан “М” зогсоолын зөвшөөрлийг зөвхөн Хүй долоон
худаг явах машинд олгох ажээ.

Наадмын үеэр олон асуу­дал хөндөгддөг,
бие засах газраас эхлүүлээд. Цэнгэл­дэхийн гаднах бие засах цөөн газарт олон арван
иргэд уртаас урт цуваа үүсгэчихсэн тэсвэрээ шалгацгаадаг. Энэ жил ийм асуудал гаргахгүйн
тулд олон нойл нэмж байр­луулах юм байна.

Наадмаар унааны асуу­дал толгойны
өвчин болдог. Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх шууд чиглэлийн нийтийн тээв­рийн үйлчилгээ,
Хүй долоон худагт хүрэх тээврийн хуваа­рийг одоогоор гаргаагүй бай­гаа аж. Унааны
асуудлыг хариуцлагатай зохицуулахыг салбар хороодод нь Баяр наадмыг зохион байгуулах
үндэсний хорооныхон сануулжээ.

Энэ жил 1024 бөх барил­дах учраас
бөхийн барил­даан сунжирч, нар шингэтэл үргэлжилнэ. Тээр жилийн наад­маар үзүүр
түрүүний хоёр бөх удтал ноцолдож бүр нар шингээчихсэн. Харанхуй бүрий болж цэнгэлдэхэд
баа­хан жийп машин оруулж ирж гэрэл тусгаж байсан. Ийм түүх давтагдахыг үгүйсгэхгүй
учир цэнгэлдэхэд зоолттой байгаа гэрэлтүүлгүүдийг бүг­дийг нь асаах, ажиллуулах
“даалга­вар” өгчээ.

Наадам ерөнхийдөө дол­ду­гаар сарын
5-наас эхэлж байгаа. Сүхбаатарын тал­байд “Монгол туургатан” гэсэн нэртэй цуврал
үйл ажиллагаанууд болох юм.

Наадмын үеэр Хүй до­лоон худаг руу
чиглэх замд ачаалал ихэсч тоос шороо босдог. 
Тэр чиглэлийн замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулж, сайтар төлөв­лө­хийг
Замын цагдаагийнханд анхааруулсан байна. 

Наадмыг угтан манай урлаг соёлын байгууллагууд
тусгай хөтөлбөр гаргадаг. Долдугаар сарын 1-нээс театр, продакшнууд наад­маар тоглох
тоглолтуудынхаа нээлтийг хийх гэнэ. Наадмын үдэш Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын
үдэш” рок, попынхны шоу тоглолт уламж­лал ёсоор болно. Харин Хүй долоон худагт
“Буян”-гийн Б.Жаргал­сайхан АНУ, Англиас хамтлаг дуучдыг авчирч амьд шоу хийхээр
болсон гэсэн. Уг шоу хоёр, гурван өдөр дараалах учир нийслэлчүүдэд тоглол­тын хажуугаар
салхинд гарах боломж бүрэлдэж байгаа юм гэж зохион байгуулагчид нь онцолно лээ.

Д.САРУУЛ