Categories
редакцийн-нийтлэл

Д.Хосбаяр: Дитер Болентой хамтран ажиллах болсон маань монгол хөөмийний маань буян

Хөөмийн урлаг Монголоор хаяглагдаж чадахгүйд хүрч, багагүй шуугиан дагуулаад буй энэ үед барууны орнуудад Монголын хөөмийг танилцуулж яваа нэгэн уран бүтээлчтэй ярилцлаа. Д.Хосбаяр гэдэг энэ залуу сүүлийн арав гаруй жилийн турш Европын үзэгчдэд ардын язгуур урлагаа толилуулж яваа нэгэн билээ. Бас түүнийг “Германы авьяаслаг залуус” нэвтрүүлэгт оролцсон гэдгээр нь манайхан сайн мэдэх болсон. Түүнтэй онлайнаар хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Манайд нэг хэсэг­тээ л хөө­мийг хятадууд өөрсдийнхөө нэ­рээр бүртгүүлсэн талаар хэл ам таталсан шуугиан үүслээ. Сон­соход та үүнийг анх олж мэдээд гаргаж тавьсан “хэр­гийн эзэн” бололтой. Та энэ талаар анх хэзээ мэдсэн юм бэ?

-Би л ганцаараа үүнийг
анх олоод мэд­чихсэн
юм биш л дээ.
Хөөмийчид, хөөмийд сэтгэл зүрхээ
зориулж байдаг бүх хүн
л тэр мэ­дээллийг дор нь олж
ав­сан. Интернэтийн ачаар
ЮНЕСКО-д хятадуудыг бүртгүүлээд
нэг ч хо­ноогүй
байхад Европод амьдардаг монголчууд
болон энэ урлагийг дэмждэг,
шүтдэг герман хүмүүс интернэтийн
сайтуудаар эсэр­гүүцлээ илэрхийлээд
эхэлсэн шүү дээ. “China, khoomii not yours don\’t register in
UNESCO” гээд ин­тер­нэтээр
олон хүн санал бодлоо
илэрхийлж, га­рын үсгээ
хүртэл цуглуул­сан арга
хэмжээ болсон.

Та хөөмийн урлагт зүтгэж яваа хүний хувьд яг ямар алхмыг хийв дээ?

-Тэр янз бүрийн эрх
мэдэлтэн, тамга тэм­дэг­тэй хүмүүс шиг
шууд нө­лөөлөх юм
би хийж чадах­гүй
л дээ. Гэхдээ
энэ урлагийг өөрийнхөө хэмжээнд олон түмэнд таниулж
яваа хүний хувьд “Германы
авь­яаслаг за­луус”
тэмцээнд орсныгоо цагаа олсон азтай
явдал болжээ гэж бодож
байгаа. Миний бодлоор Хятадын
талаас хичнээн бичиг илгээж,
энэ тэрийг хөөцөлдөж яваа
ч гэсэн “Монголоос
ирсэн Хосоо эртний Монголын
урлаг хөөмийгөө сонордуулна. Ер бусын ховор
гайхал­тай дуу хоолойг
та сонсох болно” гэж
дэлхийн олон нийтийн нэгээхэн
хэсгийн нь өмнө зар­луулаад дуул­сан
явдал маань энэ урлаг
Монголынх юм шүү гэдгийг
ямар нэг хэм­жээ­гээр ойлгуулж чадсан
байх аа. Цаашдаа ч
би хөөмийч хүний хувьд
олон улсын тавцанд ямар
л сурталчлах боломж
бай­на тэр бүгдийг
ашиг­лан, энэ урлаг
Монголынх гэдгийг, монгол хүн ингэж
дуулж чаддаг гэдгийг харуулсаар
байх болно.

Хятадууд хоолойн цоор гэд­гээр бүртгүүлсэн харин бид хөөмий гэдгээрээ бүртгүүлэх боломжтой гэсэн гэнэ. Үнэн үү?

-Хөөмий болон хөөмийтэй төс­тэй дуулах урлагуудын
нэг хэлбэр бол Хятадын
хоолойн цоор гээд байгаа
зүйл нь юм болов
уу даа. Гэхдээ би
л лав өдийг
болтол хятад хөөмий гэж
сонсч байгаагүй. Хам­гийн сайн
мэдэж байгаа нэг зүйл
гэвэл манай хөөмийчид болон
хөөмийн багш нар хоёр
улсын соёлын солилцоо гэсэн
нэрээр урд хөршид очиж
хөөмий зааж эхэлс­нээс
хойш энд тэндхийн тайзан
дээр Өвөр Монголын хөөмийчид
гэсэн хүмүүс мэр сэр
харагдаж эхэлсэн юм. Хэрвээ
тийм олон жилийн түүх
судартай байсан юм бол
урьд нь яагаад мэдэгддэггүй
байсан юм бол доо.  Өч
төчнөөн л хөөмийн уулзалт
тоглолт болж байхад яагаад
ирж оролцдоггүй байсан юм бэ.
Хамгийн гол сонир­хол
татаж байгаа зүйл нь
болохоор ЮНЕСКО-гийн албан
ёсны вэб хуудас дээр
Хятадын хоолойн цоор гэдэг
нэрээр биш Монголын хөө­мийн дуулах урлаг
(Mongolian throat singing art) гэдгээрээ
бичигд­сэн байгаа. Хятадын
талаас ЮНЕСКО-д танилцуулсан
хөөмийн тухай видео дээр
манай нэр бүхий хүмүүс
гарч л байгаа шүү
дээ. Одоо тэр хүмүүс
нь өөрс­дөө юу
хийснээ мэдэж байгаа байлгүй.
Хоолойн цоор гэсэн нэ­рээрээ байх юм
бол ядахдаа арай өөрөөр
орчуулагдах байлгүй дээ.  Хариуцаж ажилладаг хүмүүсийн нь ярьж байгаагаар
бол энэ жи­лийн­хэд бүртгүүлэх гээд
ажиллаж байна, урьд өгсөн
ма­териал нь хоцрогдож
очсон гэсэн шалт­гаа­наар ороогүй юм
гэсэн. Энэ ба­рууны
улсуудад хэвлэл мэдээлэл болон
вэб хуудсуудаар нь монгол хөөмийг
хятадууд өөрийн нэр дээр
бүртгүүлж авлаа гээд шуугиж
бай­на шүү дээ.
Саяхан энэ асуудлаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Па­рист ирж
ЮНЕСКО-гийн нэр бүхий
хүмүүстэй уулзсан гэсэн. Энэ
оны сүүлээр Африкийн Кенид
болох зөвлөлдөх уул­зал­таар
шийдэгдэнэ гэсэн хариу өгсөн
байна лээ. Тэд­ний
албан ёсны вэб дээр
хя­та­дуудын бүртгүүлсэн
нэр бүхий зүйлс дотор
монгол хөөмий гээд байж
байгаа талаар сайд маань
тайлбар хүсч асуусан л
байх гэж найдаж байна.
Сайдын те­левизээр хэлж
байхыг харахад тоймтой зүйл
ярихгүй л байна лээ.
Бодвол цаад хүмүүсээсээ асууж
лавласан биз ээ. Ер
нь албан ёсоор тоймтой
хариуг хэн ч хэлэх­гүй байгаа нь
хачирхал төрүүлээд л байгаа юм.

Та Германд амьдраад удаж байна уу. Ямар учир шалт­гаан­тай анх тийшээ явав даа. Өөрийн­хөө тухай дэлгэрэнгүй танил­цуулна уу?

-Би хөөмийн урлагийн өлгий
нутаг Ховд аймгийн Чандмань
сумын унаган хүүхэд. Энэ
сайхан уул ус, говь
хангай тэгширсэн ёстой л бурхны
орон гэмээр газар төрж
усыг нь ууж, ёсыг
нь дээдэлж өссөн. Хөөмийний
хувьд манай удамд хөөмийлдөггүй
хүн байхгүй. Бүгд л хөөмийлнө.
Зах зээл эхэлснээс хойш
зарим нь амьдралын эрхээр
ондоо, ондоо ажил төрөл
эрхлэн амьдарч байна. Тэгэхдээ
одоо ч гэсэн хөөмийлбөл
хөөмийлчихнө шүү гэх тийм
л хүмүүс. Анх
Хөгжим бүжиг төгссөн хэдэн
найзуудтайгаа санаа нийлэн хамтлаг
байгуулж Монголдоо тоглож байгаад ба­руунд гарсан. Тэр
үед хөлтэй болгон л
ийш тийшээгээ явж бизнес эрхэлж
байсан даа. Бидний чадах
юм гэвэл бурхнаас хайрласан
энэ жаахан авьяасаараа хоолоо
олж идэх л байлаа.
Мэдээж, дэмжиж тусалсан хүмүүс
олон байгаа. Тэгээд л
тэнд учир зүйгээ олж
янз бүрийн тоглолт фестивальд
орол­цож явсаар бас
ч өөрсдийн хү­рээтэй болсон. Тэр
үед манайд урлагийг ямар
хэмжээнд хүлээж авдаг байсан  билээ,
цалин мөнгө нь ч
хэд байсан билээ. Тиймээс
эндээ үлдэж энэ содон
урлагаа Европын ард түмэнд
хүргэж, танил­цуулъя гэж
шийдсэн юм. Цаг ху­гацаа их хурдан
өнгөрчээ. 14 жил болж. Бас
ч энэ хугацаанд
чамгүй их юм хийж.
Одоо эргээд бодоход хийсэн
ажилдаа сэтгэл хангалуун байгаа
шүү. Бие даасан болон
бусад уран бүтээлчидтэй хамтран
нийт 14 CD,  хоёр
ч DVD гаргасан байна. Энэ бүхнээрээ
Европын ард түмэнд монголчууд
чухам ямар урлаг соёлтой
ард түмэн юм бэ
гэдгийг таниулахад бага ч болов
хувь нэмрээ оруулсан гэж
боддог доо.

Одоо ямар хамтлагтай, яг юу хийж байгаа вэ?

-Би
“Khosoo&Transmongolia” гэдэг
уран бүтээлийн хамтлагт ажилладаг. Манайх надаас гадна
морин хуурч Т.Амартөр,
Б.Зоригт­баатар,
их хуурч Б.Мягмарбүрэнхүү
хамтлагийн менежер Г.Алтансувд
гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй.
Бид хамтраад монгол урлаг тэр
дундаа морин хуур, хөөмийгөө
хүмүүст хүргээд явж байна
даа.

Та Германд их олон жил ар­дын язгуур урлагаа сурталчилж яваа. Германчуудын хувьд олон үндэстний язгуур урлагт хүн­дэтгэлтэй ханддаг хүмүүс үү эсвэл Монголынх үнэхээр өөр байдагт юм бол уу?

-Герман гэлтгүй европчууд дээд
зэргийн хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс. Энд бидний
урлагийг со­нир­хох
олон учир шалтгаан байна
аа. Манай хөөмий, морин
хуур, монгол аялгуу чинь
тэр чигээрээ л байгалийн дуу
хоолой. Өөр улс орны
язгуур урлагийг хүндэтгэн үзэж сонирхоно гэдэг
бол түр зуурынх, харин
үргэлж сонсох гэж CD худалдан
авч тоглолтыг нь тогтмол ирж
үзнэ гэдэг бол тэр
дуу хөгжмийг таалж байна гэсэн
үг. Яагаад гэвэл, том
хот суурин газар амьдардаг
хүмүүс чинь өдөр тутам
ав­то­машины дуу
чимээ, үйлдвэрийн нүргээн, хүмүүсийн шуугианаас өөр юм сонсч
чадахаа байчихсан байдаг. Тэд салхи
яаж шунгинадаг, гол горхины дуу
чимээ, уулын цуурай, шувуудын
жиргээг, эсвэл нам гүмийг
ер мэдэхгүй. Харин манай монгол
дуу хөгжим аялгуу энэ
бүгдийг агуулсан байдаг. Мон­голчууд
бид харин өөрсдөө тэрийг
шууд мэдэрдэггүй. Яагаад гэвэл бид
тэр сайхан байгалийн дуу
чимээ аялгууны дунд нь төрж
өсч, амь­дарч байгаа
учир тэр дуу хөг
би­дэнд мэдээжийн нэг
байдаг л зүйл. Харин
европчуудын хувьд ийм хөгжим
сонсоод ямар нэгэн алдсан
юмаа олсон юм шиг,
урьд нь огт сонсч
байгаагүй мөртлөө их дотно
сэтгэгдэл төрлөө гэж хэлдэг.     

Хөөмийг гадныхан үнэхээр үнэлдэг гэж үү. Хөгжилтэй, ир­гэншилтэй хүмүүсийн хувьд дуу хоолойгоо өөрөөр дуугаргадаг нь нэг талын эртний хүмүүсийг санагдуулдаг юм биш үү. Зэрлэг хүмүүсийн урлаг гэх нь бий шүү дээ?

-Хөгжилтэй
гэхээрээ л байшин барилга
сүндэрлэсэн, гудамж тал­байгаа
зассан, айл болгонд төгөл­дөр хуур байдаг,
бие биентэйгээ эелдэг харьцана гэдэг
ойлголт энэ зуунд хоцрогдсон
зүйл. Юм болгон үндэс
суурьтай, учир шалтгаантай байдаг.
Шинэ юм болгоныг соёл
гээд дагаад гүйгээд байвал
нэг л өдөр гишгэх
газаргүй болчихсон байх аюултай. Улс
үндэстний эрт­ний урлаг
соёл гэдэг бол их
нандин өв. Зэрлэг хүмүүсийн
урлаг гэж үздэг хүмүүс
цөөнх нь. Харин энэ
урлагийг техникийн хувьд хүний хоолойгоор
дуугарч байж яг хөгжим
шиг, бас хоолойгоор дуулж
байгаа болохоор өөрийн гэсэн хоолойны
өнгөтэй, хүнийг уярааж чаддаг
гэж үнэлдэг хүмүүс маш
их. Тиймээс ч би
энэ олон жил Европын
ор­нуудад уран бүтээлээ
сонирхуулж явахдаа байнгын олон
үзэгчтэй байж, тоглолт маань
хүмүүсээр тасрахгүй байгаа биз ээ.
Харин Монголд хөөмийгөө тэр
болгон сонсдог хүн ховор
юм шиг санагд­даг
шүү.    

Манай урлагийнхан Европын орнуудаар тоглолт их хийж бай­сан. Сүүлийн үед сонстохоо байжээ. Тэр чигийн зах зээл хаагдсан хэрэг үү, эсвэл бүр хөлөө олоод нам гүм болчихов уу?

-Эхний жилүүдээ бодвол манай хөгжмийг
сонирхдог хүмүүсийн хүрээ улам л
нэмэгдэж байгаа шүү дээ.
Зах зээл хаагдана гэдэг
үг зөвхөн шинэ үүссэн
түр зуурын юман дээр
л байдаг байх.
Манай язгуур урлаг бол
нэг мода дагаж гарч
ирээд алга болдог урлагтай
адилгүй. Энэ урлагаа бид
устгахгүй мартахгүй авч яваад л
байвал хэзээд мөнхөд байх
урлаг. Үн­дэстэй юм
мөхдөггүй юм. Харин дуураймал
хуулбар юм бол мөнх
биш.  

Одоо ярилцлагаа таны оролц­­сон “Германы залуу авь­яастан” тэмцээн рүү хандуулъя. Дитер Болены зохион байгуул­даг авьяаст­нуудын тэмцээнд ямар учраас оролцох болсон юм бэ?

-Энэ тэмцээн өнөө жил
гурав дахь жилдээ болж
байна. Анх энэ тэмцээнд
орох санааг миний хамт­ран ажилладаг “SONY MUSIC” компаниас санал
болгосон. Их удаан бодсон
доо. Олон ч хү­мүүстэй зөвлөлдсөн. Тавигдах
шаардлага нь ч өндөр
байсан. Бас уран бүтээлч
хоёр л минутын дотор
багтаан хөтөлбөрөө үзүүлэх ёстой байдаг.
Яаж ч бодсон энэ  бага
хугацаанд хөөмийг хүмүүст хүргэж
ойлгуулна гэдэг хэцүү шүү
дээ.  Тэгээд
хугацаа нь ч их
дөхсөн байсан. Би гэр
бүлийнхээ хүнтэй ярьж байгаад
тэртэй тэргүй бид өөрсдийн
гэсэн үзэгчидтэй. Тэм­цээнд оролцоно
гэдэг нь монгол хөөмийгөө
олон сая хүнд нэг
дор үзүүлж сонирхуулах ховор
боломж. Ийм боломж дахин
олдоо ч уу, үгүй
юу.  Ямар
ч байсан оролцъё
гээд урьд төлөвлөсөн байсан
бүх тог­лолтуудаа цуцлаад
оролцсон доо.  

Тэр тэмцээн одоо манай нэг телевизээр орчуулагдаад ид явж байна л даа. Бичлэг ха­рахад таныг хөөмийлж байхад танхим нам гүм болж, дуусахад хүмүүс алга ташиж байгаа ха­рагд­сан. Хэддүгээр үе болтол нь явсан бэ?

-Өнгөрсөн жилийн тавдугаар сараас
эхлээд өнгөрсөн ар­ван­хоёрдугаар
сард дууссан. Нийтдээ долоон үе
шаттай явагдсан л даа. Өнгөрсөн
жилийн тэр тэмцээний онцлог
нь нийт 26 улсын 37 гаруй
мянган хүн оролцсон явдал
гэгдэж байгаа. Ер нь
янз бүрийн хүмүүс байгаа
шүү дээ. 2008 онд 18 мянган хүн
оролцсон байдаг юм. Би
зургаа дахь үе буюу
хагас финалд үлдэж оролцсон.
Миний оролцсон сүү­лийн хагас
финалын тоглолтыг гэхэд Европ даяар
13 сая хүн шууд үзэж
сонирхсон судалгаа байна лээ. Монголынхоо
язгуур урлаг болон хөөмийгөө
тайлбарлаж ярьсан зарим хэсгүүдээс
минь монтажлаад телевизороор гар­гаагүй байсан.
Магадгүй түүнээс болж миний
яаж дуулаад байгааг тэр
бүр хүмүүс ойлгоогүй байх
л даа.  Би анхнаасаа оролцох
эсэх шийдвэрээ гаргаж ядан суухдаа
телевизээр шууд дамжуулах хагас
финалд үлдэх зорилго тавьсан.
Хэрэв тэгж чадвал олон
сая хүн миний Монголын
хөөмийг таньж мэдэж чадна
гэж бодсон. Хагас финальд
үлдэх зорилгодоо хүрч чадсандаа баяртай
байгаа. Олон сая хүн
надаар дамжуулан энэ урлагийг мэддэг
болсон гэж бо­дохоор
их сайхан санагдаж байгаа
шүү.

-“Modern talking” хамтлагийн аялгууг хөөмийлөхөд энэ хамт­лагийн хоёрын нэг, уг тэмцээнийг зохион байгуулагч Дитер Болен сэтгэл догдлон хүлээн авч байх шиг байсан. Та тэр аялгууг зо­риуд бэлдсэн байсан уу?

-Уг тэмцээнийг зохион байгуул­сан
“Grundy licht” гэдэг дуу хөгж­мийн
компанид Дитер Болен өөрөө
хандан энэ сонин хоолойгоор
миний өөрийн дуунууд хэрхэн
эгшиглэхийг сонсмоор байна гэж хүссэн
юм билээ. Яг үнэнийг
хэ­лэхэд би тэгж
бэлтгэлгүй дуулах дургүй байсан.  Цаг
огт байгаагүй, тайзан дээр гарахаас
хоёрхон цагийн өмнө шийдсэн
болохоор ямар ч бэлтгэлгүй
байсан даа.  Тайзны
ард шүүгч нар бидэнтэй
хамт юм янзлаад сууж
байхад нь хүртэл би
Дитерт хэлсэн. “Би хөө­мийгөөрөө
монгол дуугаа дуул­маар
байна” гэж. Гэвч тийм
боломж олдоогүй. Тэмцээн дууссан хойно
Дитер Болен миний өрөөнд
орж ирээд надад баяр
хүргээд “Би их сонирхож
байна. Бидний хамтын ажил
үүгээр дуусахгүй чамтай хамтарч уран
бүтээл хийнэ” гэсэн. Тэр
хэлсэн үг нь надад
үгээр хэ­лэхийн аргагүй
сайхан санагдсан. Дэлхийн хэмжээнд хүлээн
зөв­шөөрөгдсөн том хүнтэй хамтарч
ажиллана гэдэг ховор боломж.  Дитер
Болен чинь Германы шоу
бизнест хамгийн нөлөөтэй хүн
шүү дээ. Тэр хүний
амнаас гарч байгаа үг
болгон олны анхааралд байдаг.
Шүүлтийн үеэр ч миний
талаар их сайхан сэтгэгдэл
хэлсэн. Ер нь бол
шударга гар шиг санагдсан
шүү. Нэгэн цаг үед
дэлхийд гялалзаж явсан энэ хүнтэй
хамтарч ажил­лана гэдэг
бол монгол хөөмийний маань
буян. Одоо бид ярьсан
ёсоороо хамтрах төлөвлөгөөгөө гаргасан.
Ажил маань үргэлжилж байгаа.
Монголчууд маань удахгүй бид
хамтарч эхлээд ямар уран
бүтээл гаргасныг маань сонсох байх
аа. 

Германы энэ тэмцээний шаг­нал хэд вэ. Та үүнд оролцох гэж хураамж төлдөг үү, бас хэд хэдэн үе шалгарсан гээд урам­шуулал өгдөг үү?

-Энэ тэмцээний хамгийн гол шагнал
нь дуу хөгжмийн том,
том компаниудтай хамтарч ажиллах гэрээ
байдаг. Нэг том компаниас
гэрээ авбал түүн шиг
том шагнал гэж юу
байх билээ. Тэд нар
жижиг юм хийхгүй л
дээ. Бэлэн мөнгөний хувьд
түрүүлсэн уран бүтээлч зуун
мянган евро буюу манайхаар
хоёр зуун сая төгрөгийн
шагнал хүртэнэ. Би урилгаар орсон
болохоор ямар нэгэн илүү
төлбөр төлөөгүй. Мэ­дээж тэнд
өрсөлдөж байгаа бүх хүмүүс
зардал энэ тэрээс ав­ахуу­лаад бүхий
л зүйлээ өөрсдөө
хариуцдаг. Тэгээд түрүүлсэн нь
л шагналтай бусад
нь байхгүй гэсэн үг.
Тэдэн үе явлаа энэ
тэр гэж шагнал өгдөггүй.
Харин спон­сорлож байгаа
байгууллагуудын шагнал гэж олгодог
юм билээ. Би Дитер
Болентэй хамтарч ажиллах гэрээ
авсан. Энэ бол миний
тэр уралдаанд оролцсон хөлс хүч маань
юм. 

Ер нь энэ тэмцээнд орсноор та Монголыг, хөөмийг хэр сур­талчилж чадсан бол?

-Монголын урлагаа сур­талч­лахаас гадна бас
Монгол Улсаа давхар сурталчилсан
гэж бодож байна. Тэр
нэвтрүүлгийг үзсэн олон сая
хүн дотор үнэнийг хэлэхэд
Монгол гэж ямар улс
байдгийг ч мэддэггүй хүмүүс
байгаа шүү дээ. Тэдэнд
Монголын тухай ойлголт өгнө
гэдэг бас л том
сурталчилгаа. 13 сая хүн шууд
үзсэн гэж би дээр
хэлсэн дээ. Гэхдээ энэ
тэмцээний сүүлийн хоёр шатыг
нь шүүгч шийддэггүй. Телевизээр
шууд дамжуулсны дараа үзэгчдээс са­нал авах маягаар
шалгаруулдаг. Манайхан орчуулагдан гарч бай­гаа
олон шоунаас энэ тухай
ойл­голттой болсон байх
аа. Тэр тэм­цээний
дараагаас миний электрон шуудан
болон гар утсаар асар
олон хүн холбогдсон. Одоо
ч гэсэн амраахгүй
байгаа гээч. Хөөмийгөө ямар
учиртай юм бэ, яаж
дуулдаг юм энэ тэр
гээд тайлбарласан хэсгийг нь гаргаагүйд
үнэндээ жаахан сэтгэл дундуур
л байгаа.

Яагаад хассан юм бол. Дав­хар санаа зорилго байсан юм болов уу, нэвтрүүлгийн цагтаа баригдсан юм болов уу?

-Би ямар учраас хассан
юм бэ гэсэн асуултыг
зохион байгуулагч нарт тавьсан л
даа. Гэвч надад одоо
хүртэл хариу өгөөгүй. Тэмцээнд
оролцоход хэний ямар дуу,
зохиог­чийн эрх нь
ямар юм, гарал үүсэл
нь юу юм гэсэн
хуудас бөглүүлж авдаг л даа.
Ер нь энэ тоглолт
болгон дээр зохиогчийн эрхийн
хуудсыг бөглүүлж авдаг ёстой юм.
Тэр үед ганц хоёр
хүн намайг монгол хөөмий
гэсэнд  хята­дуу­дынх гэж
бүртгэгдсэн байсан даа гэж
хэлж байсан. Мэдээж, би
тайл­барлаж гаралгүй яахав.
Тэгээгүй бол Монголын хөөмийч
Хятадын язгуур урлагаас тоглоно
гэж зарлах байсан байлгүй.
Цөөн хэдэн хүн интернэтээс
Хятадын бүртгэлтэй гэж харчихаад тэгж
байснаас бус ерөнхийдөө гол
зохион бай­гуулаг­чид
нь хөөмий бол хаанаас
гарал­тайг мэдэлгүй яахав
дээ. Би хувьдаа Хятадынх
гээд бүртгэгдчихсэн гэсэн ойлголт нь
ямар нэг байдлаар миний
Монгол урлаг, хөөмий энэ
тэр гэсэн яриаг минь
хасч танахад хүргэсэн байх
вий гэж бодоод л
байгаа юм.

Хуудас бөглүүлэх үед өөр бэрхшээл гараагүй биз?

-Үгүй ээ. Цөөн хэдэн
хүн л тэгж ойлгосон
байсныг эс тооцвол бу­сад нь инээдтэй
юм л гэцгээж байсан.
Гэхдээ зохион байгуулагч нарт
Дэлхийн Обертон дуучдын холбоо
гэдэг байгууллагаас хөө­мий Монголоос
гаралтай урлаг болох талаар
албан бичиг явуул­сан.
Би энэ холбооны удирдах
зөвлөлд багтдаг юм. Хөөмийг
хя­тадууд өөрсдийн нэр
дээр бүрт­гүүлсэн явдлыг
эсэргүүцэж тайлбар шаардсан бичлэгийг
би энэ хол­бооныхоо
нэр дээрээс ЮНЕСКО-гийн
Герман дахь салбарт нь
хүр­гүүлсэн байгаа л
даа.

Обертон дуучид гэхээр ямар дуучид болдог юм бэ?

-Дээд болон давхар өнгөний
дуучдын холбоо л доо.
Нийт 7000 гаруй гишүүдтэй сайн
дурын бай­гуул­лага
юм. Дэлхий дахинд буй
ийм урлагийн хүмүүсийг нэгтгэсэн байгууллага. Хамтарсан концерт, аялал гээд олон
зүйл дээр хамтран ажилладаг.
Манай байгууллагын вэб сайтан дээр
хөөмийлдөг бүх л хүмүүсийн
мэдээлэл болон хаа хаана
тоглолт нь болох бүхий
л мэдээллүүд нь
байгаа.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайд яагаад хилэгнэв?

Ерөнхий сайд С.Бат­болд
ойрын үед тун бу­хим­дуу, уур уцаар ихтэй явах болжээ. Засаг тол­гойлоод 100 хоногийн
нүүрээ үзээд буй Ерөн­хий сайдын уурыг чухам юу барах болсон юм бол оо. Өнгөрсөн
долоо хоногт Ерөнхий сайд хэд хэдэн уулзалтуудыг хол­богдох байгуулла­гынхан­тай
хийсэн бөгөөд Зас­гийн газрын ээлжит ху­рал­даанаас гадна ээл­жит бус хурлуудыг
ч зар­лан хуралдуулсан билээ. Уцаар ихтэй байсан Засгийн газрын тэргүүн доод албан
тушаалтнуу­даа хяргачих шахаад байжээ. Ерөнхий сайд С.Батболд яагаад ийм ууртай
байх болов, түүнийг хэн ингэж хилэгнүүлэв?

Түүнийг төрийн албаа
хувьдаа ашиглах болом­жийг хэзээ ч алдаж бай­гаагүй албан тушаалт­нууд нь уур­луул­сан
ажээ. Монголд төрийн алба ямар байгаа, амин хувийн хонжооны төлөө өчүүхэн боломжийг
хурган дарга нар хэрхэн ашигладаг нь дараахь үйл явдлаас харагдах биз ээ. Хэв­лэ­лийнхнээс
хаалттай бол­сон Ерөнхий сайдын өн­гөрсөн долоо хоногт хий­сэн уулзалтуудыг нэхэн
сурвалжилснаа хүргэж байна.

Ерөнхий сайд долоо
хоногийн өмнө Стан­дартчи­лал хэмжил зүйн үндэсний төвийнхнийг өргөн бүрэлдэхүүнээр
нь хүлээн авч уулзжээ. Уг уулзалтад Мэргэжлийн хяналтынхан, гаалийн­хан ч байсан
аж. Гэхдээ гол шүүмжлэл стандарт тогтоогч нарт ирсэн байна. Стандартчилал хэм­жил
зүйн Үндэсний төвд салбар, салбар тус бү­рээрээ 50 орчим хороо байдаг. Тэдгээр хорооны
дарга нар, удирд­лагууд­тайгаа Ерөнхий сайдад ба­раалхсан байна. Хүнс, барилга,
зам гээд салбар бүртээ Монголын стан­дарт ийм л байх ёстой гэж жишиг тогтоож өгдөг
газ­рынхан өөрсдөө эмгэ­нэл­тэй байдлын жишгийг тог­тоож байна хэмээн Ерөн­хий сайд
бухимд­жээ. Аж ахуйн нэгжүүдэд стан­дарт тогтоож, түү­нийгээ шалгаж явах ёс­той
нөхөд маань шалгах бус  ийм байх ёстой гэж
гаргасан стандартаа зар­чихдаг гэнэ. Бүр тийм сүлжээ бий бол­жээ. Ерөнхий сайд С.Бат­болд
ийм сүлжээ байдгийг мэд­сэнээ хэлээд “Барил­га нураад байдаг. Улаан­баатарт өчнөөн
мөнгө төгрөгөөр зам тавь­чихаад байдаг. Жил ч болоогүй хагараад бай­даг нь ямар
учир байна. Энэ чинь та нарын гаргасан стандар­таар явж байгаа биз дээ. Яагаад та
нар ийм юм хийж байгаа юм. Үүнд хариулаадах” гэж зам хариуцсан хорооныхныг шахамдуулж,
нөгөө хэд нь хар цагаан дуугүй сууж байжээ. Стан­дартчилал хэмжил зүйн төвийн зарим
хүмүүс тухайлсан төсөв, тен­дерт зориулж стандарт гаргадаг гэнэ. Тэдний гаргасан
стан­дартад нь дүйцэж тендер авах газар олдохгүй, ол­дохгүй байхаас ч өөр аргагүй.
Зөвхөн тодорхой эзэнд нь зориулаад гар­га­чих­сан юм чинь. Ерөн­хий сайд ч “Та нар
улс ор­ныхоо төлөө ажиллаж байгаа юм уу. Хувьдаа ажиллаж байгаа юм уу. Тө­сөл, тен­дерт
зориулж стандарт гаргадгаа больж, стан­дартаар хий­дэг бизнесээ  зогсоохыг үүрэг болгож байна.

Ер
нь эртнээс сайн, муугаа ярьчихъя. Ийм бусармаг байд­лаа зог­соохгүй бол аль намын
ч бай, хэний ч хүн бай, улсад хэдэн жил ажил­ласан байх чинь ч хамаагүй шүү. Төрийн
ажлаа хийж чадахгүй хувь­­даа ажиллаад бай­вал улсын ажлыг өгөөд хувийнхаа ажлыг
хийгээд яваарай” гэжээ.

Ерөнхий
сайдын бас нэг уулзалт нь улсын бо­лоод хувийн их, дээд сур­гуу­лиудын удирдлагууд,
нийслэлийн удирдлагууд газрын албаныхан оролц­сон уулзалт юм. С.Батболд Ерөн­хий
сайд болон­гуу­таа боловс­ролын сал­барын­ханд хандан анх­ны үгээ хэлсэн бөгөөд
энэ сал­барт томоохон ши­нэч­лэ­лийг хийнэ гэсэн. Гэвч төлөвлөснөө хийх гээд эхэлсэн
чинь өнөөх Мон­голын бүтэхгүй болохгүй бүхэн төрийн сүлжээгээр хэрхэн газар авсан
нь ил болж эхлэв. Улсын их, дээд сургуу­лиудыг нэгтгэх, хотоос гаргах томоохон төлөв­лөгөө
бий. Хотын ойрол­цоо хотхон бай­гуул­на гэхээр дэд бүтцээс эхлээд асуудал гарч байгаа
уч­раас ХААИС-иас бусдыг нь хотын зах руу шилжүүлэх хувилбар нь дэмжигдэж байгаа
юм. Шинэ Засгийн газрын тэр­гүүний төлөвлөгөөгөөр ШУТИС-иас гадна “Мо­биком”, “Скайтел”
гээд томоохон үүрэн теле­фоны компаниудыг тэнд үйлдвэрлэл эрхлүүлж, оюутнуудын дадлага­жил­тын
бааз суурь болгох ёстой байжээ. Энэ ажлаа ярьж байгаад Ерөнхий сайд Баянголын аманд
ШУТИС-д өгсөн томоо­хон газар байгаа. Тэнд энэ бүгдийгээ нэг дор байгуулж, мэдээллийн
үндэсний том төвтэй бол­но. Энэ салбар хөгжиж байж улс орон хөгжинө. Улсын төсвөөр
тийшээ дулаан, ус гээд дэд бүт­цийн бүхий л асуудлууд нь шийдэгдэх талаар ярьсан
гэнэ. Гэвч тэнд суугсад дор бүртээ дуугүй хавчигнаад эхэлжээ. С.Батболд “Та нар
яагаад дуугүй суугаад байна. Ер нь хууль бус юм хий­чихээ­рээ ингээд дуугүй суугаад
байдаг биз дээ” гэхэд хотынхноос нэг нь “Яагаад дуугүй байгаад байгаа юм. Газар
нь бай­гаа юм уу” гээд мэдэн будилан матаад авчээ. ШУТИС-ийн захирал Б.Дам­динсүрэн
ч “Тал нь байгаа” гэсэн аж. Нэлээд хэдэн жилийн өмнө Баян­голын ам буюу Найрам­дал
зуслан байдаг тэр сайхан газарт ШУТИС-д ихээхэн хэмжээний газар өгчээ. Гэвч тус
сургуулийн удирдлагуудын хэлж бай­гаагаар багш нар нь орон сууцны асуудал ярьж эхэл­сэн
учраас тэдэнд газраас нь өгч,  хувийн сууцнуудыг
сүн­дэр­лүүл­сэн юм байх. Гэвч бодло­гын хэмжээний асуудал босч, улс өгсөн газартаа
үндэсний төв барих гэтэл газар байхгүй болжээ. Хилэгнэсэн Ерөн­хий сайд “Олгосон
шигээ аваарай” гэсэн даалгавар өгсөн байна. Бас тэрбээр “Оюутнуудыг хотоос зайдуу
гаргаж байгаа нь зугаа цэнгээний газраас холдуулж, хичээл ном­доо шамдах боломжийг
нь нэг талаас гаргах гэж байгаа. Гэтэл үүнтэй зэ­рэг­цээд шинээр үйлчил­гээний газар
байгуулах эрх хөөцөлдөөд гүйгээд байгаа хүмүүсийг мэдэж байна шүү. Энэ санаагаа
татвал таарна шүү” гэсэн байна.

МУИС-ийг
Нисэх рүү шилжүүлэх тухай яриг­даж байгаа билээ. Тус сургуульд тэр хавьд газар өгсөн
байдаг юм байна. Гэхдээ Монголын үндэс­ний хэмжээний том сур­гуулиа байрлуулах гэхэд
тэрхүү газар нь багадаад байгаа аж. Тиймээс газ­рын албаныхан байгаа дээр уг газрыг
нь том­руулах асуудлыг шийдэх гэжээ. Энэ удаад газрын албаныхан дуугүй суу­жээ.
Учир нь аль хэдийнэ тэр ха­вийн газар нь “эздэд”-ээ очсон гэнэ. Хэзээ хэзээнийхээ
илүү уурссан Засгийн газрын тэргүүнд одоо­гийн хотын удирдлагууд өмнөх хүмүүсээ
тэр хавийн газрыг ийш тийш нь болгосон талаар хэл­сэн бололтой юм. Гэвч Ерөнхий
сайд МУИС-ийг тэнд байгуулах хувилбар дээрээ хатуу бодолтой бай­гаа аж. Хо­тын удирдлагууд
болоод газрын албаныханд “Хүмүүс байна даа. Та нар газар авсан хүмүүс­тэйгээ яриад
нэг ойлгол­цоодох. Буян болно гээд сургууль номын газарт энэ газрыг өгчих гээд гуй.
Бас хотын өөр бүст газар олгох тухай ч яриад үзэх хэрэгтэй. Хуулийн дагуу яриад,
асуудлыг шийдээд Засгийн газрын хурал­даанд оруулж ир. Ямар аргаар газар авсныг
нь судал. Хууль бусаар авс­ныг нь цуцал. Ер нь төрийн ажилд хувийн ажил шиг ханддаг
энэ байдлаа та нар болих хэрэгтэй” гэсэн хатуу сануулга өгчээ.

Бас
ураны ордын лицензийг дур мэдэн олгосон хэмээн Цөмийн Энергийн газрын дарга. Энхбат  болон АМГ-ын зарим хүмүүсийг буруут­гажээ. Цөмийн
энергийн тухай хуулийг буруу хэрэг­жүүлсэн хэмээн Энхбатыг буруутгасан бөгөөд улсын
төсвөөр хайгуул хийгд­сэн газ­руу­дыг хувийн ком­паниудад тэр дундаа гад­ныханд
өгснийг буруутгав. Тэгээд дэлхийн аль ч оронд цацраг идэвхт бо­дис болох ураны олбор­лол­тод
анхаардаг байхад манайд асуудалд ингэж хандаж байгаа нь байж болшгүй хэрэг хэ­мээсэн
сурагтай. Тэгээд 2009 оноос хойш олгогд­сон лицензүүдийг бүг­дийг цуц­лахыг үүрэгдсэн
байна. Арга хэмжээ авах асууд­лыг ч хөндөв. Мар­дайд лиценз авсан нөхөд тө­мөр зам
хуулж эвдэлс­нийг Ерөн­хий сайд дур­даад “Яа­хаа­раа Монго­лын хө­рөн­гөөр боссон
Мон­голын төмөр замыг тэд сүйтгэж байгаа юм” хэмээн ши­рүүл­жээ. Ерөнхий сай­дын
уурлаж, хилэгнэсэн учир шалт­гааныг сурвал­жилбал ийм байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Мажоритар уу, пропорциональ уу, эсвэл холимог уу?

Монголчууд
ирж буй цагаан барс жилдээ баян болохыг, бар улс болохыг бие биедээ ерөөн бэлгэ­дээд
удаагүй байна. Гэх­дээ төр нь бодлоготой, түшмэд нь ёстой журам­тай байж ард олны
энэ хүсэл биелэгдэх жамтай. Бодлогоо гаргадаг төр, жудагтай түшмэдтэй бо­ло­хын
тулд бидэнд хам­гийн түрүүнд юу хэрэгтэй вэ. Шударга хүмүүсийг төрд гаргаж чадах
шудар­га сонгуулийг явуулдаг болох хэрэгтэй, тэр сон­гуулийг явуулах даацтай хууль
бидэнд шаард­ла­гатай. Харин тэр хуулийг энэ цагийн улстөрчид хэлэлцэн батлуулахаар
ид ярьж байгаа билээ. Ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жаг­саалтад багтсан
УИХ-ын сонгуулийн тухай хуульд чухам ямар өөрчлөлтийг оруулна гэмээнэ тэр нь Монголын
төрд шууд тус­га­лаа олох нь тодорхой.

Одоогийн
байдлаар тус хуулийн төслийг бо­ловсруулах ажлын хэс­гийнхэн хуралдаж ярил­цахаас
гадна намын бүл­гүүд нэлээд нухацтай ярил­цаж байгаа сэдэв бол сонгуулийн тухай
хууль юм. Сонгууль явуул­даг үндсэн гурван зарчим байдгийг манайхан ерөн­хийдөө
мэднэ. Мажори­тар буюу дийлэнх олон­хийн, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тэгээд
дээрх хоёр хувилбарын холимог гээд гурван тог­тол­цоо бий. Монголчууд 1992 онд Ар­дын
их хур­лын сонгуу­лийг мажори­тараар хий­чихээд Улсын Бага хур­лаа пропоциона­лиар
хийсэн байдаг. Харин нэг танхим болж УИХ-ыг бай­гуулсан ца­гаа­саа мажо­ритар тог­тол­цоогоор
явсаар ирс­нийг хэлүүлэх юун. Сон­гуулиас сон­гуу­льд үүнийг болохгүй байна гэж
ярь­саар бас сольсон юмгүй өнгөрсөн 2008 оны сон­гуулийг томс­госон мажо­ри­тараар
хийсэн нь бас л багагүй бэрхшээл авчир­сан юм. Ер нь төгс төгөл­дөр сонгуулийн систем
гэж үгүй. Өөр өөрийн сайн болоод сул талтай. Харин дэлхий нийтийн чиг хандлага ямар
байна, сонгуулийн тогтол­цоо­нуудын ялгаа, эдгээр нь манай хөрсөн дээр хэр­хэн бууж
болох тухай тайлбарлах гэж оролдъё.

МАЖОРИТАР

ТОМСГОСОН МАЖОРИТАР

Одоогоор
УИХ-ын сүү­­­лийн буюу өнгөрсөн 2008 оны сонгуулийг зо­хион байгуулсан томс­госон
мажоритар тогтол­цоог хамгийн муу хувил­бар гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа.
Тий­мээс ч намын бүлгүүдийн дийлэнх гишүүд “Томс­госон мажоритар л биш шүү” хэмээж
байгаа аж. Өөрөөр хэлбэл тэд сон­гуу­лийн цөөхөн хоногийн сурталчилгааны хуга­цаанд
дэд бүтэц хөг­жөө­гүй хөдөө орон нутгаар хөндлөн гулд явж, хөрөн­гө мөнгө тоймгүй
ихээр цацсан сүүлийн сонгуу­лиас үнэнээсээ хаширчээ. Бас хамгийн гол нь нам дотроо
нэг нэгийгээ “ал­даг” бохир сонгууль өрнөх магадлал хамгийн ихтэй нь томсгосон мажоритар
юм. “Моод Монголоор дуусдаг” гэдэг шиг дэл­хийн ихэнх орны тат­галз­сан тогтолцоогоор
бид өнгөрсөн сонгуулиа явуулсан. Гэхдээ Авст­рали зэрэг оронд ийм сонгуулийн тогтолцоо
байсаар байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Харин манайх шиг нутаг дэвсгэр том, хүн ам
цөөн оронд тохирох хувилбар уу гэдгийг бодох л хэрэгтэй байв.

Цаашид
энэ тогтол­цоогоор явна гэвэл сон­гуулийн кампанит ажлын цаг хугацааг өөрчлөхөөс
өөр аргагүй. Сонгууль албан ёсоор зарласны дараа нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж,
сонгогчид түүнийг танина гэж хэчнээн хүсэвч сон­гогчид нь тархай бутар­хай оршин
суудаг ма­найд тун бүтэл муутай билээ. 2008 оны сон­гуу­лиар нэр дэвшинэ гэдэг­тээ
итгэгсэд уг цаг хуга­цааны бо­ломж­гүй байд­лыг мэдэж бай­сан боло­хоороо сонгууль
зарла­хаас хэдэн сарын өмнөөс сумдаараа урьдчилан нэгэнтээ той­роод авсан удаатай.
Бас энэ сонгуу­лийн тогтол­цооны нэг муухай нь хүн гэдэг амьт­ны муу чанарыг дэндүү
тод мэдрүүлдэг гэмтэй. Зэрэгцэж суугаад намын­хаа бодлогыг нэг дуугаар ярина гээд
гар­сан улсууд хашаа той­роод л намын­хаа нөхдийг “хийж” өгнө дөө.  “Би үхэхээр чи үх” гэж байгаа учраас яах ч билээ
гэж зөвтгөмөөр ч юм шиг. Нэг тогоонд хоол идэж ирсэн улсууд нөгөөгийн­хөө алдаа,
сул талыг дайс­­ны намын хэн­бугайгаас ч илүү мэдэх учраас хавир­гаа хэмлэгс­дийг
үздэггүй монгол ахуйд бол ёстой тохи­рохгүй тогтолцоо гэж болох юм. Тэгээд ч өнгөр­сөн
сонгуулиар нэгдэж явж чадсан нөхөд өндөр амжилт үзүүлсэн билээ. Тухайлбал, Өвөрхангайд
нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, Р.Ба­дам­дамдин нар цугтаа явж чадсан
тул гурав нь, Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж нар, Сонгино­хайр­ха­ны
дөрвөн бэрхийн хоёр нь болох Н.Алтан­хуяг, Д.Кёкүшюүзан Бат­баяр нар сонгогдсон
гээд жи­шээг дурдаж болно.

Тэ­гээд
ч дэлхийн чиг ханд­лага тэр чигтээ мажо­ри­тараас пропорциональ руу шилжиж байгаа
бө­гөөд томсгосон мажори­тарыг хамгийн муу хувил­бар гэх юм билээ. Гэхдээ Сонгуулийн
тухай хуульд өөрчлөлт оруулах одоо­гийн гишүүдийн ихэнх нь үүнээс татгалзаж байгаа
нь сайн хэрэг. Үүнийг дэлхийд гарын таван ху­руунд багтах орон хэрэг­лэдэг гэж байгаа.
Ихэнх нь орон нутгийн сон­гуульд хэрэглэдэг. Ма­найд үүнийг бодлого, дэс дараалал­гүй
явдаг хэм маягаараа сонго­чих­сон гэдэг билээ. Сонгуу­лийн тухай хуу­лийг бат­лахдаа
сонгуу­лийн тог­толцоогоо тог­тоогүй байж дагалдах заалтуудаа түрүүлээд баталчихсан.
Гэтэл эр­гээд пропор­цио­наль бол­но гэхэд нөгөөх нь зөрөөд байжээ. Тэ­гэхэд нь
Ж.Наран­цац­ралт гишүүн “Хэрэв одоо­гийн тойргоо жижиг гээд байгаа юм бол томсго­соноор
нь явъя” гэсэн санал гаргаснаар нэг иймэр­хүү тогтолцоо­гоор сонгуулиа хийх бол­сон
юм.

НЭГ МАНДАТТАЙ МАЖОРИТАР

Мажоритар тогтол­цоо­гоор явж ирсэн он жилүүдэд монголчууд өнөө­гийн
шүүмжилж яриад байгаа муу зур­шилдаа дасал болсон. Нэг л гишүүдээс юм нэх­дэг улсууд
болж хувир­сан. Хүүхдийн сургалтын төлбөр, мотоцикль авах мөнгө ч гэж байх шиг.
Хоолны гурил, чанах ууц, шатсан амбаарынх нь оронд гэр, урсгасан гэрийнх нь оронд
майхан гээд л осолдохгүй оронд нь эхнэртэй нь орохгүй юм даа. Сонгогчдыг бо­ловсруулах
тухай яриаг ийм тогтолцоотой байж яриад ч хэрэггүй. Хал­дашгүй дархан эрхтэй болохын
тулд зарлагад­сан их мөнгө төгрөгөө, бас дөрвөн жилийн турш гувшуулах зардлаа олж
авахын тулд гишүүд хууль баталж, төр түшилцэхээс өөр зүйлд толгойгоо за­ра­хаас
ч аргагүй болно. Толгойгоо хэрхэн сийрэг­хэн гашилгадаг болсны тод жишээ нь тэрбум
төг­рө­гийн хэрэг. Анхандаа 500 мянган төгрөгөөр сумын клубт хөгжим авч өгөхөөс
эхэлж байсан арга нь жилээс жилд нэ­мэгдсээр сүүлдээ төсвийн тухай хуульд тэрбум
төг­рөгийг тараан шингээж дөрөв дэх засагла­лынх­ны амыг таглах болтлоо хөгжлөө.
Үнэндээ сон­гогч­дын мөнгийг нэг гараараа аваад нөгөө гараараа буцаан өгдөг энэ
хэв маяг руу оруу­лахад гайхал мажоритар тогтолцоо нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ
тогтол­цоогоороо үлдэхийг хэн хүсч, хэн хүсэхгүй байгаа вэ. Уламжлалт сонгуу­лийн
хэлбэрт дасан зохицож ирсэн, тойрогтоо тулж ажиллаж, тордож, хөрөнгө мөнгөө гаргаж
ирсэн гишүүд хуучин хэл­бэрээрээ явахыг хүсч бай­гаа. Тэдний хувьд голдуу хөрөнгө
мөнгө ихтэй биз­несийнхэн, бас намдаа нэр нөлөөгөөрөө дээ­гүүрт орж чадахгүй залуу
гишүүд голдуу байгаа юм. Томсгосон биш, жижиг мажоритараар явбал хэ­дийг зарцуулаад
дахиад дөрвөн жил суух вэ гэдгээ хэдийнээ тооцоолчихсон нөхөд байхыг ч үгүйс­гэхгүй.
Гэхдээ энэ тог­толцоонд сайн тал бас бий. Учир нь тойрогтой байна гэдэг нь тулж
ажил­лаж, сонгогч олны амьд­ралыг мэдэж мэдрэх, хууль тогтоомжиндоо тусгаж нэг талаас
гүүр болдог сайн талтай.

ПРОПОРЦИОНАЛЬ

Сонгуулийн тухай хуу­линд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ерөн­хийдөө
энэ тогтолцоогоор явна гэж санал нэгд­сэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүдийн нэг
болох Су.Бат­болд ярилц­лага­даа дурдсан байсан. Дэлхийн чиг хандлага ма­жо­ритараас
пропор­цио­наль руу явж байгаа гэдэг юм билээ. Гэхдээ шууд пропорциональ болох уу
үгүй юу гэдэг бас л бодох асуудал. Пропорциональ болбол УИХ-ын гишүүд маань тойргийнхоо
хү­мүү­сийн “шаналгаа”-наас салах хэдий ч төр түших ажлынхаа хэм­жүүрийг тойрогтоо
хэдэн төгрөг татдагаар хэмждэг зарим гишүүдийн ойл­голтоор бол бүр өөрс­дийгөө зоргоор
тавьчих аюултай юм. Гэхдээ энэ тогтолцоогоор ард түмэн элчээ томилоод хэвшвэл түшээд
маань ч хууль боловсруулах үндсэн үүр­гээ гүйцэтгэх ажлаас холдуулж чаддаг болно.
Тэгэхгүй бол түшээд Зас­гийн газрын өмнөөс л ажиллаж, өвсийг нь хадаж, ноосыг нь
самнаж өгөх гээд гүйгээд байна. Харин цаана нь бод­ло­гын түвшинд хэрэгжиж буй ажил
гэж алга.

Пропорциональ тог­толцоо бол аль намаар төр бариулахаа сонгог­чид
шийдэж, тэр хувь хэм­жээгээр төлөөлөл нь пар­ламентад суудаг ар­гач­лалтай. Ерөнхийдөө
аль нэг намын төлөөлөл хэт олноор парламентад суух боломжгүй тогтол­цоо. Өмнө нь
Сэлэнгэд нэр дэвшсэн  Э.Бат-Үүл, С.Насанжаргал
нарын саналын зөрүү долоо, Баянзүрх дүүрэгт нэр дэвш­сэн Т.Ганди, Х.Ху­лан нарын
саналын зөрүү дөрөв байсан. Гэлээ гээд хэдхэн сана­лын зөрүүгээр ялсан нам парламентад
суудал авч, харин ялах “хоншооргүй” нэр дэвшигчдэд дугуйл­сан иргэдийн санал эл­сэнд
асгасан ус мэт болдог байсан. Харин пропорционалийн хувьд цөөхөн гэлтгүй саналыг
нь хувилаад гаргаад ир­дэг учраас сонгогчийн нэг санал ч ганцдахгүйгээр төлөөллөө
парламентад суулгах боломжтой бол­но. АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгээс өнгөрсөн
УИХ-ын сон­гууль пропорционалиар явсан бол хэрхэх байсан талаар судалгаа хийжээ.
Үүнийг намуудын авсан саналын тоогоор хувилж гаргахад ИЗН дөрвөн суудал, Иргэний
эвсэл дөрөв, АН 30, МАХН 33 бас бие даагчид 4-5 суу­далтай байх байсан гэж байгаа.
Харин мажорита­раар МАХН 46, АН 27, ИЗН нэг, ИХ эвслийн Ногоон нам нэг, бие даагч
нэг байгаа шүү дээ.

Энэ тогтолцоо нэг намд дангаар эрх мэд­лийг өгдөггүй. “Та нар
цөөнх болоход хүрэхгүй. Манай бүлэгт орвол ор” гээд дээрэлхдэг байдал байхгүй болно.
Дангаар засаг байгуулах биш эвсэх магадлал нь өндөр болдог. Бас шальдир бульдар
жижиг намууд азаар нэг гишүүнтэй бол­чихоод Засагт ороод улс төр хийгээд байдаг
нь ч алга болдог. Хуу­линдаа босго хувь тог­тоогоод өгчихдөг нь энэ сөрөг талыг
алга хийдэг ажээ. Гэхдээ дэлхийн улс орнуудад уг хувийг өөр өөрийнхөөрөө тавьдаг.
Дэлхийн дундаж нь 2.5 хувь юм билээ. Хэрэв та­най нам сонгогчдынхоо 2.5 хувийн саналыг
авч чадаагүй бол дуу хоо­лойгоо өргөх эрх бий болоогүй байна гэсэн үг гэж ойлгож
болох нь. Зарим оронд энэ босго нь таван хувь байх бол заримд нь нэгээс хоёр хувьтай
нь ч байна. Гэхдээ ганц хувь 600 гишүүнтэй нүсэр бүтэцтэй орнуудад л байдаг жишээтэй.
Ма­найх энэ босгоо хэд гэж тогтоохоос олон зүйл шалт­гаална. Энэ босго нь жижиг
намуудын бүрэл­дэн тогтох, төлөвшихөд их чухал юм билээ.

Хэдийгээр УИХ-д бай­гаа зарим гишүүн про­пор­циональ тогтолцоо
л хэрэгтэй, үүгээр явна гэж байгаа ч тэнд сууж байгаа хүмүүсийн эрх ашгийн зөрчил,
жалга довны сонирхол дээр тоглох хүсэл нь шууд про­пор­циональ болгочихгүй л харагдаад
байгаа юм.

Нөгөө талаас пропор­ционалиар явбал улс тө­рийн намуудаас гаргасан
жагсаалтад хамгийн өн­дөр оноотой бичигдсэн улстөрчид намынхаа авсан суудлын тоогоор
улаан шугамд багтах бо­ломжтой болно. Ингэхээр улс төрийн намын дарга нарт асар
их эрх мэдэл ирнэ, дагаад тойрон хүрээ­лэгчдийн наль шаль зан ихэсч таарна. Ма­найх
шиг на­мууд нь бүрэн төлөв­шөө­гүй оронд шууд пропор­ционалиар явж чадна гэхэд бас
л асуу­далтай. Намын даргыг тойрон эргэлдэгч, нэрээ жаг­саалтад дээгүүр тавиу­лахыг
хүсэгч нарын хор ч гүйнэ шүү дээ.

Гэхдээ төрд насаараа зүтгэсэн тулхтай, турш­лагатай улстөрч хэн
нэгэн мөнгөөр бороо оруу­лаг­чид гутамшигтайгаар ялагд­даг тэр байдлыг халахад энэ
тогтолцоо яах аргагүй чухал.

2004 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвш­сэн Ө.Энхтүвшин биш
Б.Эр­дэ­нэбат, Л.Гүн­да­лай, О.Энхсайхан, М.Энх­сайхан нар сонгогдож байлаа. М.Энхсайханыг
танигдсан улстөрч гэхэд нөгөө гурав нь Ө.Энх­түвшинтэй харьцуулахад улстөрчийн карьерийн
дэргэд хэн ч биш байв. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд нь Ө.Энх­түвшин Зас­гийн газрын
хэрэг эрхлэх газрын дар­гаар ажиллаж байсан боло­хоор тойргийнхон­тойгоо нөгөө хэд
шигээ тулж ажиллаагүй байсан биз. Ямар ч байсан тухайн үед учир мэдэх хүн “Манай
энэ тогтолцоо ийм л гажиг байгаа юм. Хөвс­гөл­чүү­дэд хийсэн аж­лаа­раа бол Ө.Энхтүвшин
ха­маа­гүй илүү юм хийсэн байгаа ш дээ. Төрийн төлөө хийсэн нь их ч гурил будаа
барьж гүй­гээгүй болохоор уна­чих­лаа” гэж байсан би­лээ. Мажоритар, пропор­цио­налийн
ялгаа нь үүн­дээ. Мөн өнгөрсөн 2004-2008 оны бүрэн эр­хийн хугацаанд АН-ын ганц
эмэгтэй гишүүн Б.Мөнх­туяа бүлгийнхээ дэд дарга, Аюулгүй бай­дал, гадаад бодлогын
байн­гын хорооны даргын ал­быг хүртэл хашиж, эр­чүүдийн хуйвалдаад аваад хаячихсан
эмэг­тэйчүүдийн 30 квотын төлөө гүрийтлээ зүтгэж байсан. Харин төмөр замынхаа тэр
тойрогт бага ажилласан байж болох юм. Гэтэл түүнийг юу ч хийгээгүй, тойрог сольсон
гэсэн сөрөг сур­талчилгаа явуулсаар бай­­гаад унагачихсан билээ. Тиймээс төрийн
сайн түшээ гэсэн ойл­голтыг тойргийн сайн үйлч­­лэгч гэдгээс ялгаж өгдгөөрөө энэ
тогтол­цоо­ны сайн тал нь.

Гэхдээ намын жаг­саал­­тад чухам ямар шал­гуураар бичихээ сонгуу­лийн
тухай хуулиндаа маш нарийн суулгаад өгчихвөл дагалдах сөрөг тал нь багасна.

ХОЛИМОГ ХУВИЛБАР

Энэ бол ерөөсөө дээрх хоёрыг аль алийг нь нийлүүлсэн холимог хуурга.
Дэлхийн жишигт мажоритараас шууд пропорциональ болох биш зам зууртаа холимог тогтолцоог
авч хэрэглэдэг юм билээ. Ерөнхийдөө улс төрийн намууд нь төлөвшөөгүй, бас жалга
довны үзэл ихтэй манайх шиг улсад ерөнхийдөө тохирсон тогтолцоо гэж болохоор. Энэ
хувил­ба­рыг ярихдаа одоогийн гишүүд дараагийн дөр­вөн жилдээ өөрсдөдөө зөөлөн суудал
бэлтгэхээр 152 суудал энэ тэр гэж байгаа нь утгагүй. Үнэн­дээ 152 тэрбум нийлэ­хээр
хэдэн сая ч болох юм, хэлж ч мэдэхгүй тоо гарах гээд байна. Харин 76 гишүү­нээ
38-ыг нь пропор­циаоналиар, 38-ыг нь мажо­ри­тараар сон­гож болно. Нөгөө бол
26:50 гэсэн харьцаатай ч байж болно. Үнэхээр тойргоо тордоод гүйгээд байдаг нь хууч­наараа,
төрийн төлөө нэгэн на­саар чинхүү сэт­гэлээр зүтгэж ирснүүд нь на­мынхаа жагсаалтаар
гараад ирэх боломжтой болно. Ингэснээр хэний ч эрх ашгийг хөндөхгүй, бас ч боломжийн
баг бүрдэх боломжийг өгнө. Герман бол холимог тогтол­цоо­ны загва­раа­раа алдар­тай.
Германы сонгуулийн тогтолцоог холимог тог­толцооны сонгодог заг­вар ч гэх нь бий.
Өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар Христосын ардчилсан холбоо, Чө­лөөт ардчил­сан
намууд эвсч Засгийн газраа байгуулсан. Тэд­ний аль нь ч дийлэнх олонхи бол­сон санал
авч чадаагүй ч арай олон санал авснаа­раа нэгдэж чадсан нь энэ. Харин тэднээс цөөн
санал авсан намууд нь нийлж цөөн­хийн үүргээ гүйцэтгэх бол­сон. Өмнө нь эвсч Засгийн
газарт багтан Ангела Мер­келийг Германы анх­ны эмэгтэй канцлераар томилж байсан
Социал демократ нам өнгөрсөн сонгуулиар мултарч, цөөн­хийн үүрэг гүй­цэт­гэхээр
шилж­сэн билээ.  Холимогийн сөрөг тал нь гэвэл
нэг хэсэг нь ман­датаар гарсан нөгөө хэд нь рейтингээрээ гар­сан учраас мажори­та­раар
сонгогдсон хэд нь “Би чамайг бодвол ард түмний мандаттай хүн шүү” гэж томордог гэж
байгаа. Бас тойроггүй хэд нь өмнөхтэй харьцуу­лахад хүлээх үүрэггүй болчихоод хийсээд
байх сөрөг тал ч бий. Гэхдээ чанар чансаатай хуулиар хийдүүлэх явдлыг хааж болно
шүү дээ. Сон­гуу­лийн тогтолцоонууд нэг иймэрхүү ялгаатай ажээ. Монгол хөрсөнд буухаа­раа
бас л өөрийн сайн, муу талаа дагуулсаар л ирэх билээ.

 

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголчуудын баяр хэмээх “дайн” ид дундаа байна

Бидний баяр хэмээх
“дайн” ид дундаа байна. Энэ “дайн” жил бүр сар шинийн баяраар эхэлдэг. Шинэ жилийн
баяраар юу болдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Мэдээж хөл толгойгүй л юм болно.
Албан байгууллага болгон  дор бүрнээ тэмдэглэнэ.
Энэ бол манайд ганц сайн үйлчилж байгаа бичигдээгүй хууль юм. Тэмдэглэх тэмдэглэхдээ
бүр хамаг байдгаа шавхахыг нь яана аа. Энэ байгууллага цаашаа ажиллаж чаддаг л байгаа
гэж айхаар нүсэр тэмдэглэнэ. Социализмын хуучин үнэрээсээ салж амжаагүй уйлагнасаар
байгаа албан байгууллагуудын баярт уригдах шиг там байхгүй. Нялуун гэж жигтэйхэн.

Бялдуучлал гэж
чухам юу болох, за тэгээд аливаад эрээ цээрээ алдсан байдал, увайгүй зан ааш, ухаан
жолоогүй архидалт, алдар нэр, ашиг хонжооны төлөө юугаа ч золиослохоос буцахгүй
өрөвдмөөр дүр төрхийг дээрх “дайны талбар”-аас бүрэн харж болно. Нэг л сайхан шилэн
болор хундага, оргилсон дарс, гоёмсог улаан даашинз, эрээн зангиа л байгаад байдаг.
Яг үнэн чанартаа хүнийг хүн биш болгож, улс орныг туйлдуулж, элгээр нь мөлхүүлж,
хөсөрдүүлж орхидог зүйл бол баяр.

Дарга даамал,
ихэс дээдэстээ тал зассан, амин хувьдаа оноо цуглуулсан дур гутам дэндүү нялуун,
худлаа манж үгний араас залгуулж харшуулсан хундаганы тоо хэрээс хэтэрч, тас тас
инээсэн ганган хүүхнүүд улам нүцгэлэн, хас гуяараа олны нүдийг хужирлана. Түүнд
нь нүдээ унагасан эрчүүд улам шүлэнгэтэж, 
хундаганы амсраас уруулаа салгаж чадалгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа юм
юм л болдог биз ээ.

Ухаан мэдрэлээ
алдсан ч бурхны авралаар осгож үхэлгүй гэрийн бараа харах шиг том баяр байхгүй.
Золгүй нэг нь хөөрхий баярын суманд сийчүүлж амиа алдана даа. Хүйтний эрч хасах
40 хэм хүрч, хотондоо байгаа хонь хүртэл осгож үхээд хонодог өвлийн шөнө баярын
ширээний дэргэдээс өөрийн мэдрэлгүй гарч байгаа амьтныг ямархан тавилан хүлээж буй
нь ойлгомжтой шүү дээ. Гэртээ согтуу очсон нөхөд шөнөжингөө бөөлжиж, гэр орныхныгоо
элдвээр хараан агсам согтуу тавин адгууснаас дор авирлаж, дарсны ширээний ард хэн
нэгэнд гомдсоноо үр хүүхэд гэр бүлдээ гаргаж, есөн шидээр авиглахыг нь яана.

Айл гэрийн амар
амгалан байдал, аз жаргал юунаас болж эвдэгдэв, өнөөдөр жаргалтай байсан гэр бүл
маргааш юуны учир зовлонд унав. Зүв зүгээр амьдарч байсан нэгэн яагаад шоронгийн
тав болов.  Нөгөө л баяр хэмээх “дайны” хар
сүүдэр нөмөрсөн болохоор тэр ээ.

Өвлийн тэсгим
хүйтэн, Улаанбаатарын энэ утааны дэргэд “цэнгэн хөгжилдөх” нь хэтэрхий гангадсан
зүйл болоод байна. Баярын дараа эрчүүд нь шартах гэдэг аюулт өвчинөөр өвчилдөг.
“Шартах ч яртахаас дор шүү” гэж зовлонг нь мэдэх хүний хэлсэн үг бий. Яртана гэснээс
зарим баярын дараа манайд бэлгийн замын халдвар ихэсдэг. Өнөө л “дайны” суманд өртөж
байгаа нь тэр.

Шинэ жилийн баярыг
гэр бүлийн баяр болгон тэмдэглэх талаар манай сонин өмнө нь олонтаа бичиж байсан
даа. Хэрвээ гэр бүлийн баяр болгон тэмдэглээд заншчихвал дайны аюулт хор хөнөөлөөс
ангижрах сайн талтай.

Хэдхэн хоногийн
өмнө сар шинийн баяр болж өнгөрлөө. Бас л бөөн бөглөрөл түгжээ, уур бухимдал, осол
аваар, олон сайхан эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо, урьд өмнөхөө
давтлаа. Эдийн засгийн хувьд элгээрээ хэвтчихсэн,  байдгаа барчихсан хүмүүс л байх шиг. Наанаа инээж
байгаа ч, цаанаа эмээсэн байдал айл гэр, хүн бүрээс мэдрэгдэнэ. 

“Уг нь цагаан сар сайхан л даа. Бүтэн жилийн турш бараа зүсээ хараагүй ураг саднаараа уулзаж, өнгөрсөн нэг жилд өрнөсөн “амьдрал”-ынхаа талаар хуучлах зав ганцхан цагаан сараар л олдоно. Жилээс жилд цөөрсөөр, хорогдсоор байгаа өтгөс буурлынхаа амар мэндийг мэдэх завшаан мөн л цагаан сарын буянаар жилд ганц тохионо. Гэхдээ өрх гэрийн төсөв, үрсэн зарсанаа эргээд тооцохоор жилд ганц тохиодог уламжлалт энэ баяр дэндүү нүсэр санагдана. Уламжлал болсон, монгол хүн болж төрсний
төлбөр ч гэж хэлж болох цагаан сарыг хөнгөхөн арай өөр маягаар тэмдэглэж занших
хэрэгтэй байна.

Урьдыг бодвол ул боов, ууц шүүс, чихэр жимс элбэгшсэн хэдий ч үнэ өртөг нь үнэндээ л тэнгэрт хаддаг аа. Ямар сайндаа “Цаг цагт нэг нэмдэг, цагаан сараар хоёр дахин үржүүлдэг” хэмээн наймаачдад тохируулан өөрчилсөн зүйр үг гарах вэ дээ. Өргөн хэрэглээний болон хүнсний барааны үнэ энгийн үед зарагдаж байснаасаа хэд дахин өсөх нь гайхалтай. Үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зардал
нь огтхон ч нэмэгдээгүй байтал “сар шинийн нэмэгдэл”-д өөрийн эрхгүй өртөж
орхих юм аа” гэж нэгэн сэтгүүлч хөндсөн байна лээ. Үнэн л дээ. Ийнхүү баяр хэмээх
хоёр том “дайн”-ыг ард олон туйлдаж, багагүй шархдаж арай нэг давлаа. Гэвч бидний
монголчуудын баяр хэмээх “дайн” дуусах яагаа ч үгүй байна. Удахгүй эмэгтэйчүүдийн
баяр мартын 8 болно. Залгуулаад эрчүүдийн баяр тохионо. Үүнээс өмнөхөн намын баяр
болно. Мартын 8-ны урд орой буюу гуравдугаар сарын долоонд Улаанбаатарын бүх буудал
дүүрэн байдаг гэсэн мэдээлэл бий.

Мартын 8-ны жинхэнэ нүүр царайг дээрх мэдээлэл
илчилдэг. Албан байгууллага эмэгтэйчүүдээ баярлуулж байна хэмээн бөөгнүүлэн найрлуулдаг.
Тэд нь гэр бүлээсээ, эх эцгээсээ гадуур садарлаж ард буудал саваар хонож байгаа
нь тэр. Харин эр нөхрүүд нь болон эцэг эх нь баяр явсаан, оройтно гэсэн. Ганц баяраараа
тэгэлгүй яахав хэмээн сууцгааж байдаг. Монголын энэ хүйтэн өвөл дээрх олон баяр
давхцахаар эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралд дайн болоод өнгөрсөн шиг нөлөөлдөг.

Бид тэгээд жил бүр мэдсээр байж, харсаар
суугаад баяр хэмээх “дайны” хөлд нирвэгдсээр байх уу. Эргэж нэг бодох цаг нь ирсэн
байна аа. Төрөөс зориуд бодлого явуулан жилдээ ганц томоохон баяр тэмдэглэж өнгөрүүлдэг
болмоор юм. Тухайн баяраараа харин бүтэн долоо хоног амардаг, цаг агаар тавиун дулаан
үед баярласан шиг баярлаж цэнгэдэг болмоор байна. Цагаан сар, шинэ жилийг зөвхөн
гэр бүлдээ даруухан тэмдэглэж өнгөрүүлээд бусад жижиг сажиг баярыг огт хийдэггүй
болж хэвшбэл манай эдийн засаг болон иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуунд нэн хэрэгтэй
дээ. Бидний баяр хэмээх сайн дурын “дайн” үнэн залхмаар болжээ.

Н.Гантулга

Categories
редакцийн-нийтлэл

Түүх өгүүлэх цэцэрлэгийг түйвээхээр санаархаж байна.

Будаач, будаач гэхээр сахлаа будна гэгчээр зэвүүн, зэвүүн
гэхэд дэндүү зэвүүн төр засаг юм аа. Ард иргэдээрээ даажигнадаг төр маань байгаль
дэлхийгээрээ даажигнаад эхэлчихлээ. Иргэддээ эх орны хишиг гэж шүлс шиг юм шидэж,
далан мянгаар хуурч, өвлийн тэсгим хүйтэнд үүр цайхаас үдшийн бүрий болтол хооронд
нь зодолдуулж бахаа хангаад, одоо мөрөөрөө ургаж байгаа хэдэн модыг огтолж,  амар сайхандаа жаргахаар  ярьцгааж байна.    Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг устгахаар
ярьж  суугаа эрхэм гишүүдийг  өөр оронд   
бол аль хэдийнэ байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэг хийлээ гээд болгож тавих
байсан юм. Өөрсдийнхөө тав тухыг бодож ингэж галзуурсан мэт аашилдаг, харсан бүгд
рүүгээ сарвайж, тарьсан модыг огтолдог  төр
засгийг яалтай ч билээ.

Н.Энхбаярын нэр
дээр хаягтай хэвлэх үйлдвэрийн хэмхэрхий барилгаа булааж авч нураагаад,  парламентынхаа ордныг барьчих зүрх зориггүй байж,
мод хөрөөдөж, цавчихдаа баатар эр болчихдог хачин гишүүд дэндүү олон юм даа.              

      Төрийн ордны хойд
талын цэцэрлэг олон түүх өгүүлдэгсэн. Үүнээс бусад хуучны гэх хэдэн сайхан цэцэрлэгийг
 барилга барина гээд  хайр найргүй үгүй хийчихсэн.  Нийслэлийнхэн бол ордны хойд талын ногоон  цэцэрлэгтэй холбоотой  өөр, өөрийн дурсамжтай. Залуус нь болзоонд зогсож,
оюутнууд шалгалтандаа бэлтгэж, хүүхдүүд сүүдэрт нь тоглодог, хөгшчүүл нь нарлаж
суудаг байсан  тэр моддын хувь заяа араатан
авиртай албан тушаалтнуудын гарт үрэгдэх дээрээ тулчихлаа.  Нэг мод ургах гэж хэдий хугацаа шаарддагийг мэддэггүй
юм байх даа, манай дарга нар. 

Ордон барьчих өөр
газар олдохгүй байна гэнэ. Барих мөнгийг нь Кувейтээс өгчихөөд байхад газраа ч шийдэж
чадахгүй хэдэн жил хэрэлдлээ. Болохгүй байгаа бол заавал шахалдаж чихцэлдээд хотын
төвд барих гээд яах гэсэн юм. Цэцийн ордон шигээ Зайсандаа барихгүй юу.Бүр болохгүй
 бол түүхт олон үйл явдал болж байсан Нүхтэд
барьж болох биш үү. Баахан баячуудад байшин барих газар  өгөөд л байдаг юм билээ. Төрийн ордон барих газар
олдохгүй л байв гэж. Ядаж л агаар нь цэвэр. Эсвэл Төв аймаг руу нүүсэн ч яахав.
Тэнд ордон барих газар олдож л таараа. Замын хөдөлгөөнд саад болоод  дохио хангинуулан явдаг ямба нь ихэдсэн улстөрчид  холхон байвал ард иргэдэд ч хэрэгтэй юмсан. Арга
ядахнээ, замын түгжрэл багасна. 

Канадын нийслэл
Оттава нь засаг захиргааных нь гол төв бөгөөд улс төрчдөөс өөр оршин суугч ховор
юм билээ.  Ер нь нэгмөсөн  өөр газар ордноо бариад, нүүж, хол очиж хуралдвал
таарах юм.  Чих амар байвал  бидэнд л  сайн биз.    

Зарим нь бүр хойд
талын цэцэрлэгээ сүйтгэхгүйгээр дүүжин ордон барих ухааны юм ярина лээ. Газраас
хөндий агаарт барьчихаад нөгөө хэдэн модоо огтлохгүй үлдээнэ гэх юм. Манийгаа хуурч
байгаа л санаа  нь тэр. Вавилоны дүүжин цэцэрлэг
гэж алдартай цэцэрлэгийн тухай дуулж байсан юм байна. Тэрэн шиг дүүжин ордонтой
болчихвол Генессийн номонд орох нь лавтай байх л даа. Ийм үлгэрт итгэ л гэж байгаа
бололтой.  Байгалиар наадсан дүүжин ордон
бариад суух юм байхаа цаад, улс төрч эрхмүүд чинь.

Ингээд бухимдаж
суух зуур  арай гэгээтэй  мэдээ өчигдөр  сонслоо. УИХ-ын нэр бүхий 24 гишүүн  гарын үсэг зурж, Төрийн байгуулалтын байнгын хороонд    бичиг өгчээ. Ордны хойд цэцэрлэгийг устгаж,
парламентын шинэ байшин барихыг тэд эсэргүүцсэн байна.  Бас яахав. Болж байна. Нөгөө хэдэд чинь жаахан
ч гэсэн эрүүл сэтгэдэг хүн байгаа нь овоо доо. Одоо нийслэлээс сонгогдсон гишүүд
дэмжээд өгвөл мөн сайнсан.  Хожмын буянг санаж,
хойд талын хэдэн модоо ядаж зүгээр орхивол 
хийсэн нүгэл нь ч нимгэрэх биш үү. Ярьдагсан бол тэр модод нэг юм хэлэх л
байх.

 

Д.Мөнгөндалай

Categories
редакцийн-нийтлэл

Долдугаар сарын нэгэн ба С.Баярын улс төр

Монголын
улс төрд орж ирсэн хүмүүс  янз бүрийн л
замаар хөл тавьцгаасан байдаг. Энэ удаа улс төрийн  нэгэн томоохон төлөөллийн нэг   С.Баярын  
улс төрийн замнал хийгээд МАХН-ын улс төрийн хөшигний цаана юу болж
байсан, долдугаар сарын нэгний үйл явц С.Баяр хэмээх эрхэмтэй хэрхэн хол­богд­соныг
нэхэн сурвалжла­хыг хичээлээ.  

Дулмаа
хэмээх  зага­саар дагнасан эрдэмтэн  эмэгтэйг МАХН-ын дарга С.Баярын ээж  гэдгийг олон хүн мэдэх биз. С.Бая­рын ээж
ажлын шаард­лагаар  хөдөө га­даа явах нь
их болохоор хүүхдэдээ тэр бүр зав гаргаж чадахгүй өөрийн эгчийндээ байлгадаг
байж. Нам, төрийн удир­дагч 
Ю.Цэдэнбалтай Клю­товт хамт сурч байсан Дамба гэдэг Төв хорооны нарийн
бичгийн даргаар ажиллаж байсан хүн ээжийнх нь эгчийн нөхөр  аж. Тиймээс Ю.Цэдэн­бал­тай С.Баярын хүргэн
ах нь дотно харьцаатай байсан гэдэг. Ээжийнхээ эгчийнд буюу хүргэн ахын­даа
байх хугацаанд 40 мянгатын атаман бо­лох санаатай сахилга­гүйтэж  хүргэн ах, эгч хоё­рынхоо чихийг халууцуу­лаад
байхаар нь ээжид нь буцааж өгсөн гэдэг. Орос гуравдугаар сургуу­льд сурч
байхдаа пацаан гэх хочтой Зоригоо гэх үеийн хүүхдийг хутгалсан гэж  тухайн үедээ захир­гааны хариуцлага хүлээж
байсан талаар олонтаа хэвлэлээр гарсан даа. 
Нэг  мэдэхэд С.Баяр өөр сургууль
руу шилжжээ. С.Баяр ийнхүү алга бо­лоход Ю.Цэдэнбалын Зо­ри­гийг зодоод
явчихсан гэх мэт яриа гарчээ.  Аль
Зоригоод гар хүрснийг  хэн мэдэхэв.  Ямар ч бай­сан энэ үед  эрдэмтэн ээж нь докторантурт су­рал­цахаар
ЗХУ руу явах болж хүү нь  хожим яаж, ямар
замаар элсэж орсон нь тодорхойгүй Ломоно­со­вын дээд сургуулийг дүүргэсэн
байна.  Ийм сургуульд үнэхээр сур­лага
сайтай, алтан меда­льтай төгссөн хүүхэд элсэн суралцдаг  байсан бөгөөд С.Баярыг хүргэн ахын
тусламжтайгаар   Ю.Цэ­дэнбалынхны дэмж­­­лэгээр
сурсан  гэх яриа байдаг.    

Сургууль
төгсөөд МОНЦАМЭ-д ажиллаж байсан С.Баяр  
1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялахад 
одоогийн АН-ын шилэн байр буюу хуучин Социал демократ намын байранд очиж
“Миний сонголт буруу байж, би ардчиллыг сонгох бай­сан юм” гээд ярьж явсан
талаар учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. 
Тэр үед МАХН сонгуульд ялагд­сан 
учир хуучин удирд­ла­гууд нь ажлаа өгч, шинэ даргаа сонгох   үйл явц ид өрнөв. Хуваагдан  талцаж, хөшигний ард Гомбосүрэн, П.Жасрай нар
Н.Энхбаярыг зүтгүү­лэв. Нөгөө талд С.Баярыг санал болгох хүн ч байж.  Гэтэл намын их хурлаар Н.Энхбаяр ч биш,
С.Баяр ч биш Н.Багабанди на­мын дарга болжээ. На­мын дарга болмогцоо С.Бая­рыг
намын ерөнхий нарийн бичгийн дарга болгох саналыг Н.Бага­банди хэлсэн ч   тухайн үеийн 
зарим лидерүү­дийн  шахаанд
орж,  ерөн­хий нарийн бичгийн дар­гаар
Н.Энхбаяр сонгог­дов. 1997 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар на­мын дарга
Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуу­лийн  кампанит ажлынхаа  ерөнхий менежерээр на­мын ерөнхий нарийн бич­гийн
дарга Н.Энх­бая­рыг биш  С.Баярыг сон­гос­ноос
Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын хага­рал эхэлжээ. Харамсал­тай нь С.Баяр энэ
сонгуу­лийн кампанит ажилд нь нэмэр болж чадаагүй. Сонгуулийн ажлыг нь
Н.Багабандийн хувийн менежерүүд гүйцэтгэсэн аж. Гэсэн ч   Н.Багабанди 
ялж, Ерөнхийлөгч болсон тул дахин намын даргын албан тушаалын төлөө дайн
эхлэх нь тэр.  Н.Бага­банди С.Баярыг
санал болгоход намын их хур­лаар Н.Энхбаяр гараад  ир­сэн. Н.Энхбаярын их эрх мэдлийн зам эндээс
эх­лэв. Арга буюу С.Бая­рыг Тамгын газрын дар­гаа­раа Н.Багабанди  авлаа

МАХН-ын
дүрэм ёсоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Удир­­дах зөвлөлийн ги­шүүн
байдаг бөгөөд Ерөн­­­­­хий­лөгч, нам хоёрыг дал­дуур  холбох арга энэ байв. Даанч С.Баяр нам хий­гээд
Засгийн газартай Ерөнхийлөгчийг холбох биш бүр хагаралдуулах, зөрч­лийг улам
хурцатгах ажил хийдэг хүн болж хувирав. 
С.Баяр энэ үед ёстой л өөрийнхөө өнц­гөөс Н.Багабандид бүх­нийг
таашаалаараа тайл­барлаж өгч байснаас Н.Ба­габанди, Н.Энх­бая­рын зөрчлийг
дэвэргэж байлаа. Тэр ч бүү хэл өөрийн 
төдийгүй өрөө­лийн нам болох 
Ардчил­сан холбоо эвслийн­хэн­тэй ч муудалцуулах гол үйл явдлын ард
С.Баяр зогсож байсан гэдэг. Энэ үед Ардчилсан холбоо эвслийн  сайд нар ээлж­лэн огцорч байлаа. 1998 онд
С.Зоригийг алагддаг тэр өдөр  сайдад
дэмжи­хэд бэлэн, дэмжинэ, на­мынхаа улс төрийн зөв­лөлөөр шийдүүлээд ир гэх
мэтийн яриа өрнүүлж гурван ч удаа уулзсан гэдэг. Мөн  Да.Ганболдын нэрийг долоон удаа бу­цаахад ч
Ерөнхий­лөг­чийн ард  С.Баяр л зогсож
байсан гэх юм билээ. Ямар сайндаа л 
Н.Бага­банди, С.Баяр хоёрын  хэн
нь Ерөнхийлөгч вэ гэдэг үг нам дотор битүү­хэндээ яригдаад эхэлсэн байхав.
Н.Багабандийн өөдөөс намын Удирдах зөвлөл ингэж шийдсэн гээд өөдөөс нь цаас чу­луудсан
гэдэг ч үүнийг нотлоод байдаг. 2000 оны УИХ-ын сонгуулиар  МАХН үнэмлэхүй ялалт байгуулав. Ингээд ялалт
авчирсан намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохоор УИХ-д оруулахад
Н.Багабанди хоёр удаа буцаасан. Бу­цаах үндэслэлийг С.Баяр аанай л гаргаж өгсөн
гэх юм билээ. Үндсэн хуулиа дагах уу, Үндсэн хуулийн нэмэлтийг дагах уу гэсэн
үндэслэл хэлж байгаад л буцаасан гэдэг. Цаад са­наа нь С.Баяр, Н.Энх­баярыг
Ерөнхий сайд болгох хүсэлгүй байж. Хоёр дахь буцаалтын дараа С.Баяр Ө.Энхтүв­шин
рүү очиж өөрийгөө дэмжихийг санал болго­ход нөгөөх нь эсрэг  талд зогсов. “Юманд ээлж да­раа, эрэмбэ гэж
бий. Би чамайг дэмжихгүй” гэсэн санаатай үг 
хэлж. Үүнээс болж С.Баяр, Ө.Энх­түв­шин хоёр хагарав. Уг нь нутаг ус,
энэ тэрээ бодвол ингэх учиргүй гэж тооцсон ч 
найдлага ингээд сүй­рэв. Ингээд 2000 онд Н.Энх­баяр Ерөнхий сайд болж
С.Баярыг Гадаад хэргийн сайд болгохоор тохирсон гэдэг. Цаана нь С.Баярын санаа
явсан нь энэ. Н.Энхбаяр “за” гэсэн ч Ерөнхий сайд болоод амлалтаасаа няцаж
С.Бая­­рыг  танхимдаа ав­сангүй. 2001 онд
Н.Бага­банди мөн л Ерөнхий­лөгчийн сонгуулиар аанай л С.Баярыг ерөн­хий
менежерээр авав. Нөгөөх нь олигтой ажил­ласангүй.  Гэвч Н.Бага­бандийн  өөрийнх нь нэр хүнд, хувийн менеже­рүү­дийнх
нь ажиллагаагаар ялалт ирэв. Ерөн­хий­лөг­чид Н.Багабандийг дахин нэр дэвшүүлэх
үед ч Н.Энх­баяр тэр хоёрын хооронд хэдэн тохироо хийгдсэн байжээ.  Пүрэ­вийг тэтгэвэрт нь гаргах,  Ерөнхийлөгчийн тамгын газраас С.Баярыг зай­луулах
гэсэн тохироо байв.  Н.Багабанди Ерөн­хийлөгч
болмогцоо С.Бая­­рыг ОХУ-д Элчин болгон илгээх үед МАХН-ын хуучин цагийн лиде­рүүд
ч Н.Багабанди, нам хоёрын дунд хагарал үүс­гэгч 
холдлоо хэмээн би­түүхэн баярлажээ. Уг нь С.Баяр АНУ-д Элчингээр явах
санаатай байсан ч Н.Энхбаяр зөвшөөрөө­гүй. Дараа нь Н.Энхбаяр УИХ-ын дарга
болох үед С.Баярыг ОХУ-д байх үед очих үед тэр хоёр эвлэр­чээ. Оросууд тэднийг
эв­лэ­­рүүлсэн гэх яриа бий. Ингээд 2005 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийн тохироо
энд явагдав.  Дэмж­вэл намын даргаа
С.Баярт өгөх саналыг Н.Энхбаяр  хэлж,
нөгөөх нь ч хүлээн зөвшөөрөв. Ингээд С.Баярыг ОХУ-аас авчирч Д.Идэвхтэний оронд
ерөнхий нарийн бичгийн даргаар  тавь­жээ.
2005 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар  
С.Баяр  Н.Энхбаярыг наа­­­­наа
дэмжиж байгаа дүртэй  цаанаа унагах далд
санаатай байв.  Н.Энх­баяр үүнийг нь мэд­сэн
учир гол  зүйлээ өөрөө шийдэж явжээ. Ин­гээд
сонгуулийн дараа зургадугаар сарын 18-нд хуралдсан их хурлаар  2004 оны арваннэгдүгээр сард Москвад  тохирсон тохи­роогоо зөрчин М.Энх­­болдыг
оруулж ирж,  на­мын даргад дэв­шүүлэв.
М.Энхболд Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар Н.Энх­баярт чамгүй зүтгэж үнэ­лэгдсэн
байсан хэрэг.

Иргэний
хөдөл­гөө­нүүд  ид МАХН-ыг, Н.Энх­баяртай
нь баруун, сол­гойгүй  шүүмжилж,  жаг­саж гарч ирэх үед С.Баяр алгаа хавсран
битүүхэн дэмжиж байв. Энэ нь М.Энхболдыг унагах сай­хан шалтаг болсон.  2007 онтой золгох үед Н.Энх­баяр Худалдаа
хөгжлийн банкийг М.Энхболдод алд­санаар муудалцаж эхэлсэн. Энэ үед С.Баяр,
Н.Энхбаяр хоёр дахин тохиролцож нэг нь Ерөн­хийлөгчид дахин дэвших, нөгөө нь
намын дарга болохоор ярилцлаа. Энэ үед санаачилгыг харин Н.Энхбаяр гаргав.
Ийнхүү 2007 оны аравдугаар са­рын 24-нд С.Баяр М.Энх­болдыг Н.Энхбаярын тус­ламжтайгаар
унагаж на­мын даргын суудалд ту­халсан юм. Намын дарга болмогцоо С.Баяр “Ха­риуц­лага
үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг” гэж Ерөнхий сайдын сууд­лыг шууд
нэхсэн.  На­мын Онц их хурлаас “На­мын
дарга Ерөнхий сайд байна” гэсэн тогтоол гар­гуулсан нь  өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа.  Харамсалтай нь энэ тог­тоолоо  өөрсдөө зөрчөөд явж байгааг бүгд мэднэ.   Намаа ялуулна гэснээрээ  С.Баяр ялалт байгуулав.  Таван төгөлдөршил, Ат­рын аян, хариуцлагын
тогтолцоо  гээд л сайхан мөрөөдөл  ярьсан С.Бая­рын хувь хүний рейтинг өндөр
байлаа.  Үүнд  хү­мүүс итгэсэн. Харин мө­рөө­дөл бодит биш
бо­лохыг сонгуулийн дараа тодорхой болж, Атрын аяны булхай эхэлж ал­дагдлын
аян, нүглийн аян болтлоо дампуурч  баа­хан
аавын хүүгийн шунал хүслийг өдөөж,  шорон­гийн
хаалга татуулав. Эдийн засгийн мэдлэг хомсоосоо болж  улс ор­ноо гүн хямруулахад дор­витой хувь
нэмэр оруу­лав. 2008 оны хоёр­ду­гаар сард Удирдах зөвлө­лийн хурал дээрээ
С.Баяр “Нам үүнээс хойш ханди­ваар биш, түрээсээр сан­хүүжнэ” хэмээн мэдэгдэж
өнгөц харахад намыг биз­несменүүдийн гарт оруулахгүй гэсэн бодлого юм шиг
боловч цаагуураа өөр санаа агуулсан үг хэлжээ. Намын байраа шинэчилж, өөр газар
ба­рих уу, хуучин байран дээр нь босгох уу гэдгээ  ярьсан байдаг.  Намын байрны техникийн даал­га­врыг хийлгэж
25  давхар байшин барихаар төлөв­лөв.
Мэргэжлийн хүмүүс арай өндөр байна гэж арван найм болгох  санал хэлсэн байдаг. Ингээд эрт төлөвлөсөн
намын шинэ байрыг нураах асуудал гараад ирсэн аж. Мөнгө өгч нураах байсан
байрыг С.Баяр сонгуулиар да­лим­дуулж ард түмнээр нураалгаад нэг их хохир­сон  хүн болох төлөв­лөгөө ч юм шиг санаг­дахаар
үйл явдал дол­дугаар сарын нэгэнд бол­чихов уу гэх хардлага өөрийн эрхгүй
төрөхөөр байгаа биз.Үнэ төлбөргүй нураалгаж, 
бүр ард түм­ний татвараар босгуул­даг мөн алсын ухаан С.Бая­раас гарч
чадна гэж улс төрийн ажиглагчид ил далд ярилцах болсон.   Долдугаар сарын нэгний үйл явдлыг зохион бай­гуулагч,
тушаал өгсөн тур­хирсан хүмүүсийн та­лаар яригдаж байгаа энэ үед намын байрны га­лын
дүгнэлт одоо болтол албан ёсоор олон нийтэд мэдээлэгдэхгүй байгаа нь нэг л
сэжигтэй. Арван най­ман давхар барьж байгаа нь нэг намд дэн­дүү томдоно.  Гэвч С.Бая­рын төлөвлөгөө ёсоор түрээсээр
санхүүжих зам нээгдэх нь дамжиггүй. 

Сонгуулийн
өмнө  МАХН-ын нэр хүнд шал­даа буучихсан
нь судал­гаагаар нэгэнт харагдаж байсан үе. Ингээд яла­хын тулд АН-ын Алтан га­дастай
хуйвалдан МАХН 45, АН 28 тойрогт санал авахаар урьдчилаад то­хир­сон гэсэн үг
олонтаа сонсогдож байлаа. Үлд­сэн гурван тойргийг зөнд нь орхисон.  Санал асуул­гаар эцсийн мөч хүртэл АН ялалт
байгуулах нь тодорхой байсан. Үнэ­хээр суудлын тоогоо МАХН, АН-ын зарим нө­хөдтэй
хуйвалдан тохир­сон нь үнэн бол  луйврын
технологио хэрэгжүүлсэн нь гарцаагүй. Учир нь тэр үед яригдаж байсан тоо одоо
яг л бодитой бол­чихсон биш үү. Сон­гуулийн шөнө СЕХ албан ёсны дүнгээ гар­гаагүй
байхад МАХН ялалт байгуулсан гэсэн худал мэдээ цацаж, нийг­мийн сэтгэл зүйг
урьтаж бэлтгэсэн.

Харамсалтай
нь ард түмэн итгэсэнгүй. Ингээд тайван жагсаал Сүхбаа­тарын талбайд болж
байснаа МАХН-ын байр руу шилжих болсон нь анхаарал татаж байна. МАХН-ын байранд
Ерөн­хий сайд, МАХН-ын дар­га С.Баяр байв. Төрийн  тусгай хамгаалалтынхан хуулийн дагуу
С.Баярыг  хамгаалалтад авч явуу­лах гэсэн
боловч С.Баяр “Дайрвал дайраг, би уч­рыг нь олоод явна” гээд  хөдлөөгүй гэх. Уг нь С.Бая­рын хэлсэн үгийг
үл тоон элээ шиг шүүрч аваад хуулиа барина гээд зүт­гэсэн бол болох бай­дал яаж
ч эргээ билээ. Нөхцөл байдал хүндэрс­ний дараа Ерөнхийлөг­чид Онц байдал зарла­хыг
шахаж эхэлсэн бай­на. Ерөнхийлөгч Цагдаа­гийн ерөнхий газар, Таг­нуулын ерөн­хий
газрын дарга нарыг дуудаж энэ талаар асуу­сан гэдэг. Цагдаагийн дарга “Энэ
зэргийн жаг­саа­лыг дарах дадлага туршлага бай­гаа” гэсэн.    

Тагнуулын
ерөнхий газрын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч “Ма­найхан дотор нь ажил­лаж
байгаа” гэж хэлсэн гэх юм билээ. Үүний да­раа нөхцөл байдал хүн­дэрч намын
байрны ха­жууд байсан машин тэрэг  
шатаж, СТӨ шатаж эхэл­сэн болов уу. Намын байрыг гаднаасаа гэхээ­сээ
илүүтэй дотроосоо шатсан тухай ярьдаг. Энэ үед Ерөнхийлөгчийн өрөөнд хүчний бай­гуул­лагын
удирдлагууд цугла­хад  Ч.Амарболд цагдаа­гаа
хойш нь татах шийд өгсөн. Дийлэхээ байлаа гэж хэлсэн гэх юм билээ. Ингээд Онц
байдал зар­лахаас аргагүй байдал бий болсон юм байх.  МАХН-ын байрны ха­жуу­ханд байдаг “Улаан­баа­тар”
зочид буудал зүгээр байхад тэрнээс дөрөв дахин хол зайтай СТӨ яагаад шатах
болов гэдэг бас л нэг асуудал.

Байдал
ийнхүү өрнөж бөөн хэл ам болсны да­раа жаахан маргааныг эс тооцвол нөгөө хоёр
нам чинь хэл амаа ололцоод, бүр өвөр түрий нэгтгээд,  хамтарч засаг барихаар болсон. С.Баяр хэзээ ч
өрсөлдөгчтэйгээ хамтарч засаг барих уужим сэтгэл гаргахгүй хүн атал яагаад
ингэв. “Алтан гадас”-тай суудлын тоо тохирсон нь үнэн биш байгаа даа.  Сангийн яамыг С.Баяр­цог­тод атгуулаад л
хачин хэрэг шүү. Долдугаар са­рын нэгний үйл явдлын гол гогцоо фактыг мэдэж
байсан АН-ын амыг таг­лах, намаа ялуулах, Оюу толгойг батлуулах л са­наархал,
МАХН-ын бай­рыг нураах аргаа ийнхүү будлиантай сонгуулийг эсэргүүцсэн
жагсаалаар нэг тийш шийдсэн  юм биш
биз. 

Дэлхийн
санхүүгийн хямралаар далимдуулж “Анод”-ыг дам­пууруу­лаад, долларын ханшийг
нэмэгдүүлж,   валютын нөөцөө ханшийн зө­рүү­гээр
нь  нөхсөн С.Баяр  прокурорт үүрэг өгч цаг­дааг шалгалаа
гэж  Н.Энх­баяртайгаа ам мурийгаад авсан
гэх. Сүүлд бас өнөөх хүчний байгуул­лагынхныг өрөөндөө дуу­­даж эвтэй байхыг са­нуулсан
нь цаанаа  учир­тай санагдах юм. 2009 оны
сонгуулиар Н.Энх­баяр, С.Баяр  хоёрын эрх
ашиг нэг цэг дээр ирэв. С.Баярын фактыг Н.Энх­баяр барьж шантаажлаад  Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхээ авсан
байх магадлалтай.  Ямар ч үнээр
хамаагүй  Н.Энх­баярыг ялуулна гэж хэлж
байсан С.Баяр хэрэв  ялагд­­вал  яаж ялалт бол­гохоо ч тооцоолж суусан
биз.  

Ерөнхийлөгчийн сон­гуулийн
шөнө хоёр цаг гучин минут хүртэл Улаан­­баа­тар хотын сон­гуулийн хэсгийн
хороод задлуулахгүй барих арга сэдэж орон нутгийн баг­цааг харахаар хүлээсэн нь
нэгийг хэлэх аж.  Даанч аргагүйдсэн үү,
саналын зөрүү тооцоолсноос их байв уу, тэд ямар ч байсан сонгуулийн дүнг хүлээн
зөвшөөрсөн. Энэ бүхнээс харахад л долдугаар сарын нэгний үйл явдлын өрнөл,
С.Баярын улс төр хоёрт нэг л  учир байгаа
юм шиг ээ.

Categories
редакцийн-нийтлэл

С.Ламбаа бол Монголдоо мажийх, С.Баяр болохоор гадаадад эмчлүүлж эдгэх ёстой

Ойрын
өдрүүдэд Эрүүл мэндийн сайд С.Лам­баагийн талаар элдэв таагүй яриа УИХ-ын зүгээс
байнга сонсдох болов. Тэрбээр хүнд өв­чин тусч гадаадад өөрөөр хэлбэл Солонгос улсад
эмчлүүлж байгаа аж.

Энэ
хооронд  нэгдү­гээр төрөхөд нярайн халд­вар
гэгч өвчин гарч хоёрын зэрэг нярай энд­сэн харамсалтай явдал боллоо. Яг үүнээс болсон
уу, гахайн ханиадтай ч хавсарсан уу С.Ламбаа сайдыг  ажлаа муу хийлээ хэмээн  огцруулах хөдөл­гөөн УИХ-д өрнөв.

 Манай, танай гэлтгүй гишүүд огцруулах гарын үсгээ
зурцгаан өрөө өрөө­нийхөө хооронд нэг өд­рийн тал гүйлдсэн байна. Хаана л хэд гурваараа
цугларсан гишүүд байна тэд сэм хуйвалдан, нам явалдаж хүний бараа­наар  амаа хамхиж бай­жээ. Харин  хүмүүс сий­рэх­ээр  “Одоо хэдэн ги­шүүн гарын үсэг зурчихав, хэнийг
нэмж зуруулах вэ” гэлцэн шаагилдаж бай­сан тухай сэтгүүлчид ярил­цаж байна.

Тэгээд
үдээс хойш яг УИХ-ын даргад нөгөө огцруулах бичгээ өргөн барих гэж байтал  гэнэт 
“Дээрээс хүлээ гэлээ” гэл­цэн шуугилдан үймэлдэж байгаад чимээгүй бол­жээ.
Хэн хүлээ гэсэн юм. Хэн гарын үсэг цуглуул гэсэн юм. Энэ тухай удах­гүй л сонсдоод
эхлэх байлгүй.

Харин  сайдыг огц­руулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн
асуудал. Гагцхүү гишүүдийн гаргаж байгаа ялгавартай шу­дар­га биш долдой зан хүмүүсийн
хөх инээдийг хүргэж байна. Нөхөд  минь та
нарын гаргаж бай­гаа зан их эвгүй ич­гэвтэр байдалд   өөрс­дийгөө орууллаа.

 МАХН-ын гишүүд ээ, С.Ламбаа болохоор Мон­голдоо
мажийх ёстой юм аа даа. Яагаад та бүхэн ингэж бодов. АН-ынх бо­лох­оороо тэр үү.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  С.Баяр
боло­хоор гадаадад эмчлүүлж эдгэх ёстой хэмээн та нар үздэг юм байна. Өөрийн намын
даргаа гадаадад эмчлүүлэхээр явахыг зөв, зөв хэмээн та нар сай­шаадаг. Өрөөл намын
хүн өвчин тусвал гадаад явж эмчлүүлж болохгүй, та бүхний нүдэн дээр   “паачийх” ёстой л гэх гээд байна аа даа. 

Энэ
нь жирийн үхэх үйлтэй бидний  бодлоор бол
буруу л зүйл хараг­даад байх  юм. Гэвч “их
улс төр” гэгчээр харвал байдаг л зүйл. Юундаа гайхаав гэх улстөрчид олон байх нь
сэтгэл сэм­рэм байх юм даа.

Тийм
л их хариуцлага тооцдог болчихсон юм бол бүтэн жил гадаадад эмчилгээ хийлгэж нам
төрийн ажил цалгар­дуулж байгаа С.Баярт яагаад арга хэмжээ авах­гүй байна.  Хаа байдаг юу хийдэг нь мэдэгддэггүй хотын мэр
гэж нэг оны тэргүүний “алтан сар­найн” өргөмжит 
нөхөр байна. Хотын дарга болс­ноосоо хойш тэр хүн Мон­голд байсан уу. Ядах­­даа
энэ хүнийг огц­руулах бичиг бариад гүйж байвал та нарыг ойлгож болох­сон.  УИХ-ын эрхэм гишүү­д ээ та бүхний сайдын суудалд
санаар­хаж бай­гааг хэдийгээр мэдэрч  байгаа
ч арай л дэндээд байх шиг байх юм.

 Эрүүл мэндийн сайд гадаадад эмчлүүлэхээр одох нь
жирийн иргэд бидний хувьд ямар байх нь ойлгомжтой л доо. Өөрийн сайдаа эмч­лэх­гүй
байгаа Монголын эрүүл мэндийн тогтол­цоонд сэтгэл гутрам. Гэвч манайд эмчилдэг өвчин
гэж байна. Чадахгүй зүйл ч байгаа, үүнийг ойлгож байна. Гэхдээ л заримыг нь болохоор
яаж ч бай­сан толгойг нь илээд өн­гө­рүүлдэг. Нөгөөхийг нь бөгс өндиймөгц огц­руулж
оронд нь очихоор гүйл­дэх нь бидний л аран­шин юм даа. Яагаав нө­гөө бидний нэг
их магтаад байдаг “Монгол ухаан” нь энэ байх шүү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Холын Канад ойрхон болжээ

Салаа замын уулзвар дээр зогсож буй Монгол

       Гэнэт
идэх гэдсэнд халтай шиг  гэнэт баяжих ч халтай
 гэдгийг уул уурхайгаасаа хүртэх хэдэн төгрөгнийхөө
барааг хараад талаар нэг цацах  гэж байгаа
 бидэнд сурах юм их байна.  Газар доорхи баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж,
ашиглаж хүртэж чаддаг    Канад улсын  хувьд үнэхээр арвин их туршлага хуримтлуулсан ч
өмнө туулсан замаа тийм ч төгс  биш алдаа
оноо их байсан гэж өөрсдөө ярьж байна лээ. 
Ашигт малтмал ихтэй  уулсынхаа дунд
хөгжлийг бий болгосон тэд ирээдүйгээ бодсон уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр анхаарах
хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Канад улсын уул уурхайн салбарын үйл ажиллагаатай  танилцахаар 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр,
зарим яамдын газрын  дарга,   сэтгүүлчдийн хамт   тус улсад ажиллаад ирэв.    

    Сонголтгүйгээр заяагдсан мөнхийн хоёр  хөршөөсөө гадна гуравдагч хөршийн тухай ярьдаг
бид тэдэнтэй хамтарч  хөгжлийн олон арга замаас
нь суралцах боломж байна.  Хойшоо харахаараа
Орос, урагшаа харахаараа Хятадаас өөрийг харахгүй бүгдийг тэднээс хамааралтай мэт
сэтгэж  ирснээ ардаа орхих болжээ. Холын Канад
нэгэнт ойрхон байна.  Цаг уур, байгалийн нөөц
баялаг, өргөн уудам нутагтай эдийн засагт нь хөдөө аж ахуй, уул уурхай голлох нөлөөтэй
зэрэг нь манайхтай адил юм.  Манайд хөрөнгө
оруулалтаараа тэргүүлдэг  Канад улс уул уурхайнхаа
талаар хамгийн түрүүнд бахархан ярьдаг зүйл нь нийгмийн харицулага.  Хэрэв нийгмийн хариуцлага алдаад байвал Канадын
 Засгийн газарт хов хүргэж болох гэнэ. Нийгмийн
хариуцлагын асуудлыг  хуульчилсан болохоор
Оюу толгойн гэрээг хийсэн Айвенхоу майнзтай элдэв хэрүүл эндээ хийж байснаас болохгүй  юм хийгээд байвал нутаг руу нь ховлочихвол   асуудлыг
 манай шүүхээс хурдан шийдчих магадлал өндөртэй
юм билээ.  Эдний уул уурхайг дагасан мөнхийн
сэдэв бол  байгаль орчин. Байгаль орчинд  анхаарлаа хандуулдаг улс учраас байгаль орчинд
халгүй технологи нэвтрүүлэхийг энэ тэргүүнд зорьдог аж.  Тиймээс ч мөнгөн ус хэрэглэхгүй алт угаах шинэ
технологи удахгүй нэвтрүүлэх гэж байгаа юм билээ.  Канадын уул уурхайн салбарынхан Монгол Улсыг хөгжлийнхөө  салаа замын уулзвар дээр зогсож байна гэж дүгнэв.

Тэд “нинжа”  нараа хүлээн зөвшөөрчээ

    Нөгөө манайхны ад үзээд байдаг улаан гараараа
уул нүхэлж алт ухаад багаа  “нинжа” нар ч
энд байх юм. Тэдэндэ зориулж хорь гаруй хууль гаргажээ. Энд уул уурхай ашигт малтмал
ярихын зэрэгцээ хүний эрхийн асуудал сөхөгдөөд ирдэг. Үүнийг яавч орхигдуулж болохгүй
нь. Тиймээс тэд хүнийхээ чадамжийг дээшлүүлэх тал дээр монголчууд ажиллах хэрэгтэй
гэж ярина лээ. Учир нь Монголд баян боловсролтой хэсэг байхад нөгөө хэсэг нь хэт
ядуу зүдүү байна гэв.  Дэлхийд  хаа сайгүй  гар аргаар алт олборлодог “нинжа” нар байдаг болохоор
тэднийг хөөж тууж болиулах гэхээсээ илүүтэй татвар төлдөг хариуцлага хүлээлгэдэг  тогтолцоог нь бий болгоод   өгчихвөл
дээр юм шиг байна. Энд “нинжа” нарынхаа олсон алтыг төр нь худалдаж авдаг. Харин
Канадын уул уурхайнхан манай “нинжа” нарыг ажилч хичээнгүйг  “Танай нинжа нар  бүхэл бүтэн уулыг гараараа ухаад  алт олборлоод байхгүй болгочихсон гээ биз дээ”
хэмээн хошигноно лээ.   Гайхаж асуугаад байгааг
бодоход гайгүй нинжа нартай юм байна даа гэж бодмоор.

      Нинжагаас гадна  хүний, манай ялгаагүй юм бас байнаа. Уул уурхайн
боловсон хүчин бэлтгэдэг гол төв болох  Бритиш
Колумбиа муж нэг асуудал шийдэж чадахгүй нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Энэ
нь манайхтай адил санагдав. Боловсруулах үйлдвэр барихаар яриад хууль гаргах гэсэн
ч шийдэж чадахгүй байгааг уул уурхайн томоохон мэргэжилтнүүд ярьж байна лээ.     Сүүлийн хэдэн жил энэ тухай яриад л бас л улс
төр нь болж өгдөггүй гэнэ. Боловсруулах үйлдвэр бариад тэр нь  төрийн  өмч  байх
юм бол  ашигт малтмалын  үнэ ханш, хэмжээг хянах боломжтой болдог төдийгүй
хууль бусаар хил давуулах явдлыг  хянах боломжтой.    Байгаль
орчин, орон нутгийн иргэдийн нийгмийн халамжийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг
уулзсан хүмүүс сануулж байв.   Энэ туршлагаар бол өмнөговьчууд байгалийн баялагийнхаа
ачаар толгой өвтгөхгүй амьдраад байх нь тодорхой.

      Бритиш Колумбийн их сургуульд арав гаруй  монгол оюутан  суралцдаг бөгөөд уул уурхайн чиглэлээр суралцаж
буй оюутнууд бий гэнэ. Эднийх  хичээлдээ байнга
сууж суралцахаас гадна онлайн хэлбэрээр сургадаг аж. Онлайн хичээлийнх нь нэгийг
 монгол хэлээр заадаг юм байна. Бороо гоулдын
хүсэлтээр  ийнхүү дөрвөн жил энэ хичээлийг
зааж байгаа гэнэ. Энэ сургууль уул уурхайн салбартаа их нөлөөтэй бөгөөд манай улстай
хамын ажиллагаагаа бэхжүүлэх, Засгийн газартай хамтран ажиллах сонирхол их байгаа
гэдгээ илэрхийлсэн юм.  Одоогоор Техникийн
их сургуультай хамтран ажилладаг юм байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдээс
Монголд ирж судалгаа шинжилгээний ажил хийж байсан хүн олон байдаг аж.

      Нийгмийн халамжийн чиглэлээр  анхаарал хандуулдаг Канад  улс  байгалийн
нөөцөөсөө олсон ашгаа зүгээр нэг тараагаад өгчихдөггүй ч 2004 онд Альберто мужийн
төсөв нь хэтийдээд илүү гарсан их мөнгөнөөсөө иргэн тус бүрт 400 ам.доллар өгч байсан
гэнэ. Гэхдээ ингэж зүгээр мөнгө тараахыг тийм зөв зүйл гэж үздэггүй юм байна.  Тус муж гурван сая хүн амтай,  жилийн төсөв нь гурван зуун тэрбум ам.доллар.
Манай хүн тоо энэ   мужийнхтай адил  ч   жилийн
төсөв нь таван тэрбум ам.доллар байдгийг бас бодууштай санагдсан.

Чөлөөт худалдааны асуудлаар нааштай  хандлаа

   Канадын алдарт Торонтогийн биржээр зочлов. Бүртгэлтэй
уул уурхайн компанийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг  Айвенхоу майнзтай Оюу толгойн гэрээ байгуулснаас
хойш хоёрхон хувьтай байсан хувьцаа 17 болтлоо өссөн байна. Торонтогийн биржэд Монгол
овогтой хорь гаруй компани бүртгэлтэй байдаг аж. Хувьцааны төлөө түмэн хүн бужигнаж
байх юм чинээ санасан боловч бүгд электрон хэлбэрт шилжсэн болохоор    бирж дээр очих шаардлага байхгүй.  Канадын иргэдийн хувьд улс төр, энэ тэр гэхээсээ
илүү Торонтогийн биржийн хувьцааны өсөлт бууралт л хамгийн сонирхолтой сэдэв. Хамгийн
энгийн ажил ийж буй хүн ч хувьцааны өсөлтийг сонирхож мэдээллийг нь байнга авч байдаг.
 Тэнд нэгэн АНУ-д амьдардаг  Монгол залуу ирчихсэн байхтай таарав. Нью-Иоркийн
банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг  тэр
залуу канадчуудад мөнгө босгох арга зааж өгдөг гэнэ.   

Канадын нийслэл
Оттава нь засаг захиргааныхаа төвлөрсөн хот аж. Энэ хотод Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт болон УИХ-ын гишүүд  Олон улсын
худалдааны сайд сайд Стоквелл Дейтэй уулзсан юм.  Энэ үеэр 
үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хоёр улсын хооронд чөлөөт худалдаа хийх
боломжийн тухай санал тавихад нааштай хүлээж авлаа.   Мөн замын стандарт, уул уурхайн мэргэжилтэн ажиллуулах,
энэ чиглэлээр тус улсад оюутан сургах, уул уурхайн шинэ технологи нэвтрүүлэх  тал дээр анхаарал хандуулах саналыг манай талаас
тавьсан бөгөөд   тэдний хувьд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн
юм.

Хөрөнгө оруулагчид Монголын хуулийг тогтворгүй
гэв

     Уул уурхайн хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр
гол гомдлоо Монголын  хуулинд тохов. Манай
хууль байсхийгээд л өөрчлөгддөг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай биш гэдгийг
 дурдаж байсан юм.   Тэд Монголын  ураныг сонирхож байгаа бөгөөд хамтран ажиллах талаар
ярилцав. “Адууг дээдэлдэг Монголын ард түмэнд хандан ирээдүйн  их үйлсийг бүтээх мориндоо мордох цаг болжээ”
хэмээн Канад упс хамтран ажиллах цаашдын  саналаа илэрхийлсэн юм.

 

Д.Мөнгөндалай

Categories
редакцийн-нийтлэл

Нууц хэмээх номны нууцаас

Ронда Бёрны “Нууц” хэмээх ном бэстсэллэр болон
монголчуудын хошууруулж  байна. Энэ ямар ном болоод хүмүүс ингэж их
сонирхож байгаа юм бэ хэмээн та бодож байгаа байх. Тэгвэл энэ ном
ертөнцийн нууцыг тайлсан гэж мэдэгдэж байна. Үүнийг хүмүүс бүгд шахуу
уншчихаа биз дээ. Гэвч зарим зав зайгүй, уншиж амжаагүй хүмүүст нь
сонин байх болов уу гэх үүднээс та бүхэндээ уг номын утга санааг
товчлон хүргэе.

Нууц гэж юу вэ?

Уг ном хүмүүст сайн сайхан аз жаргалтай
амьдрахын нууцыг тайлсанд байгаа юм. Олон хүмүүс өөрсдийнхөө хүнд хэцүү
амьдарлаас хэрхэн сайн сайхан амьдралд хүрсэн тухай, гэхдээ яаж, ямар
аргаар үүнд хүрсэн тухай юм. Товчхондоо сайхан амьдарлын нууцыг
задалсанд уг номын үнэ цэнэ оршиж байгаа биз ээ. Орчин үеийн    хэрсүү
уншигчид үүнийг уншаад үнэмшихгүй байж ч магадгүй юм. Гэхдээ үнэмшиж
байгаа   хүмүүс олонхи байгаад хамаг учир байна. Уг номонд бичихдээ энэ
нууц эртнээс нааш байсаар байсан. Эртний мэргэд, хүч нөлөөтэй эзэн хаад
уг нууцыг мэддэг байсан хэмээжээ. Тиймдээ ч тэд орчлон дэлхий дээр нэр
алдраа дуурсган хүний түүхэнд мөнхөрч чадсан аж. Энэ нууц бол ердөө л
таталцлын хууль гэнэ. Номонд таны амьдралд орж ирсэн болгоныг та өөрөө
л урин дуудсан гэх юм. Үүнийг тайлбарлахдаа та тархиндаа хадгалж явсан
болгоноо татна. Тэгэхлээр таны амьдрал таны бодлын үр дүн гэжээ. Бодол
санаа нь соронзон адил энэ ертөнцөд дохио илгээж энэ дохионд
хамааралтай болгоныг өөртөө татдаг байна. Яагаад хүн төрлөхтний ганцхан
хувь нь нийт мөнгөний 96 хувийг эзэмшдэг вэ. Энэ тусгай хувьтай хүмүүс
үү. Үгүй аж. Тэд нууцыг мэддэгт хамаг учир байдаг. Тэд өөр юунд ч бодол
санаагаа сатааруулалгүй хөгжил цэцэглэл, баян тансаг амьдралын тухай
бодож байдаг. Тэдний тархинд муу муухай зүйлийн талаар бодол санаа
багтах зай байдаггүй. Тэгээд ч сайн сайхан амьдраад ирэхэд муу юмны
тухай бодол орж ирдэггүй гэнэ. Харин хүссэн болгон баян байдаггүйн нууц
нь хүн хүсээгүй зүйлээ л байнга бодож байдагт байна. Хүсээгүй зүйлээ
бодсон ч хүссэн зүйлээ бодсон ч Таталцлын хууль үйлчилдгээрээ л
үйлчилдэг гэнэ. Таталцлын хууль бог яг байндаа онодог буу л гэсэн үг.
Таны бодсоныг л биелүүлнэ. Муу сайн баяцуул үхэж далд орвол таарна. Энэ
надаас илүү л дээ. Би яаж ийм байж чадах вэ гэх зэргээр бодоод л байх
юм бол таталцлын хууль буюу орчлон ертөнц таныг баян байх дургүй юм
байна, зайлуул ядуу хэвээр нь байлгая, өө энэ хүнээс дээр гарахгүй гэж
байна. Наад хүнээс нь дээр гаргаж наад муу амьтанаа баллаад хаячихваа
гэх зэргээр бөөцийлөөд байх нь байна ш дээ. Цалин муу байна яана даа,
өр ширэндээ дарагдлаа гэх зэргээр үглээд л бодоод байх юм бол таны
цалин нэмэгдэж, өр нимгэрнэ гэж хэзээ ч байхгүй аж. Яагаад гэвэл та
хүсээгүй зүйлдээ л хамаг анхаарлаа хандуулаад байгаа болохлоор тэр юм.
Таталцлын хууль таны бодсоныг л эргүүлж өгнө. Энэ хууль үгүй хүсэхгүй
байна гэх зэрэг үгийг огт тоодоггүй. Харин нэг иймэрхүү маягаар хүлээж
авна гээд дараах жишээг үзүүлжээ. Би шинэ хувцас дээрээ юм асгачихгүй
байх сан гэхийг Би хувцас дээрээ аль болох их юм асгах юм  сан.  Миний
үсийг муухай засчих вий дээ Миний үсийг муухай засаасай, Хоцорчихгүй л
юмсан. Яаж ийж байгаад хоцрох юм сан. Би маргалдмааргүй байна. Би аль
болох их маргалдмаар байна
гэх зэргээр таны юу бодсоныг чинь таталцлын
хууль авч ирэх аж. Таны итгэх эсэх, ойлгох эсэхээс үл хамааран таталцын
хууль ажиллаж байх гэнэ. Таны одоо бодож байгаа бодол чинь таны
ирээдүйн амьдралыг  бүтээдэг  байна. Илүү их бодож байдаг зүйл чинь
бүтэж бодит амьдрал болдог аж. Та ямар нэг юманд гомдоллож байдаг бол
таны амьдрал гомдол цөхрөлөөр тасрахгүй байх нь. Мөн хэн нэгэн хүний
өвчин зовлон гомдол цөхөрлийг хөөрхөн ааш   гаргаад л сонсоод
намбигнаад байх юм бол тэр хүний зовлон, цөхрөл ч мөн л танд татагдах
бололтой. Яагаад гэвэл ертөнцөд та түүний шаналанд дуртай байгаагаар
харагдах болохоор тэр. Юу тарина түүнийгээ л хураана. Таталцлын хууль
таны санаа тавьсан зүйлийг л тан руу татна шүү дээ. Сүүлийн 80 жилд
Квантын физикт гайхамшигтай сонин нээлт, ололт амжилтууд хүний ухамсар
бол хэмжээлшгүй их бүтээгч хүч юм гэдгийг баталсан. Сөрөг муу сэтгэл
хөдлөл бол гаймшигтай хар хүчин юм. Нэг ийм бодол танд төрөхөд энэ
ертөнцийн хамгийн сөрөг бодлуудыг л татаж эхэлнэ. Харин та яг энэ үед
нь амжиж бодол санаагаа өөрчлөхгүй бол бүхий л амьдрал чинь сөрөг муу
байх болно. Тэгэхлээр таны бодол санаа одооноос эхлэн сайн сайхныг
бодож эхлэх хэрэгтэй. Таталцлын хуулийн үйлчилгээ танд тэр дороо
мэдрэгдэх гэнэ. Та хэн болмоор байна. Юу хиймээр байна. Юутай болмоор
байна гэдгээ шийдэн хэрэгтэй долгионоо цацаарай. Мөрөөдөл чинь бодитой
биелэх нь гарцаагүй.

НУУЦАД ХҮРЭХ

Бид
хууль үйлчилдэг ертөнцөд амьдардаг. Жишээ нь таталцлын хууль байна. Энэ
бол байгалийн хууль бөгөөд хэнийг ч алагчлалгүй, оновчтой, алдаа
мадаггүй, шударга үйлчилдэг. Та одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур
байдаг уу. Тэгвэл үүний буруутан та өөрөө. Ийм амьдралыг та өөрөө л
дуудан бий болгосон гэж уг номонд бичжээ. Хүн яаж амьдрахаа юу хийхээ
өөрөө л таталцлын хуулиар бий болгодог байна. Нууц гээд байгаа юм бол
ердөө л энэ юм. Тэгвэл үй олноороо сүйрч үхэж үрэгдэж байгаа хүмүүсийг
хараад энэ олон хүн гайгаа өөрсдөө дуудсан болж таарах уу хэмээн энэ
нууцыг эсэргүүцэгчид хэлдэг байна. Учир нь таталцлын хууль ёсоор тэд
бүгд тухайн үйл явдалтай нэг давтамжинд орсон байх ёстой. Хэрэв хүмүүс
байх ёсгүй газар орших ёсгүй. цаг хугацаандаа очиж болно. Тэрхүү гадны
хүчин хэний ч нөлөөнд автахгүй, юунд ч дийлдэхгүй гэж итгэх юм бол
ганцаардал, гансарлын айдас төрүүлсэн залхмаар бодлууд тэднийг буруу
цаг хугацаа буруу газар луу татдагдаж болно. Энэ бүхний сонголт зөвхөн
танд л байдаг. Таны амьдрал зөвхөн тохиолдол биш. Таны бодол санааны үр
дүн чинь л таны амьдрал. Та сайн сайхныг бодвол сайхан амьдрах болно.
Амьдрах гэдэг алалдах дайсан шиг гэж бодож байсан бол таны амьдрал дайн
шиг л байж гэсэн үг. Харин одоо үүнээсээ татгалзаж амьдрал гэдэг бол
сайн сайхан зүйл, амьдрах хичнээн хялбар болоод хөгжилтэй юм бэ хэмээн
бодох нь таталцлын хуулиар таны амьдрал яг ийм л байна хэмээн уг номд
өгүүлжээ.

НУУЦЫГ ХЭРЭГЛЭХ

Арабын
шидэд үлгэрт Алладин гэгч хүү шидэт домбо олоод зүлгэдэг. Тэгэхэд
домбон дотроос Бирд гарч ирээд “Таны хүсэл надад хууль” хэмээн хэлдэг.
Тэгвэл бүх ертөнц буюу таталцлын хууль бол таны хувьд шидтэй бэрд юм.
Та бирдээс буюу ертөнцөөс юу хүснэв тэрбээр танд дараах хариуг хэлнэ.
“Таны хүсэл надад хууль” Та юу ч захиалж болох нь байна. Тэр бүгд чинь
биелэнэ гэсэн үг. Таталцлын хууль хэзээ нэгэн цагт завсарласан,
доголдсон, тэр хүнд л үйлчилдэгтэй гэх зэргийг та дуулсан уу.Та ямар
нэг зүйлийн тухай бодох л юм бол таталцлын хүч бүхий л нөхцөл байдлын
тусламжтайгаар таны хүслийг биелүүлэхийн тулд бүх ертөнцийн
хөдөлгүүрийг тэр даруй асаана. Та амьдралаа хүссэнээрээ өөрчлөхийн тулд
дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Эхлээд хүс, нэг ёсондоо гуйж бүх
ертөнцөд тушаал өгч байгаа хэрэг юм. Та хүсч байгаагаа хэлээд зогсохгүй
бүр тодорхой төсөөлөн бодох хэрэгтэй. Зүгээр жирийн үгээр л нөгөө
бирдэд ойлгогдохоор хэлэх хэрэгтэй. Би одоо зуун мянган төгрөгтэй
болмоор байна гэх зэргээр. Хоёрдугаар алхам нь итгэх юм байна.Та хүсэл
чинь биелчихсэн байна хэмээн итгэж чадах хэрэгтэй гэнэ. Биелэнэ гэж
итгэдэггүй учраас л бид үнэн сэтгэлээсээ юм гуйж, түүнийгээ олж авч
чадна гэдгээс айдаг байна. Түүний оронд бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтсэн
гэж бодож сэтгэл санаагаа тайван, сайн сайхныг бодож байх хэрэгтэй аж.
Гуравт хүлээн авах. Таны хүссэн зүйл биелбэл танаас ямар сэтгэлийн
хөдөлгөөн гарах вэ. Түүнийгээ л хий. Бүхий л үйл ажиллагааны үед та
сэтгэл санаагаа өөдрөг урамтай байлгах хэрэгтэй гэнэ. Өөдрөг урамтай
сэтгэлийн давтамж бол таны хүссэн зүйлийн чинь давтамжтай давхцаж
байгаа хэрэг аж. Тэгээд бүхий л сайн сайхныг татах тэр давтамж дээрээ
байнга байж сайн сайхныг тасралтгүй татаж байдаг гэнэ. Нөгөө хүсээд
байсан зуун мянган төгрөгөө аль хэзээний авчихсан мэт сэтгэлдээ
ургуулан бодож тоолж юу авахаа бодож гэх мэт. Энэ бүхний эцэст таны
хүсэл болгон биелэнэ. Яагаад гэвэл таталцлын хууль ганц удаа ч гацаж
байгаагүй хэмээжээ.

НУУЦ ХИЙГЭЭД ТА

Хэрэв
та тарган жин ихтэй, тэгээд үүндээ санаа зовж явдаг бол турах асуудал
маш хүнд болдог байна. Бараг турахгүй гэнэ. Яагаад гэвэл энэ бүдүүн
тарган байдлыг та өөрөө оюун санааныхаа тусламжаар бүтээсэн байдаг аж.
Тэгэхлээр юуны өмнө та бодол санаан дотроо байгаа бүдүүн бүдүүн бодлоо
авч хаях хэрэгтэй аж. Та туранхай нарийхан ч юм уу зохистой бие
галбиртай бодолтой болсон хойноо л турж эхлэх аж. Өвчин зовлонтой
болоод таргалаад байгаа юм, хоол биеийн жинд нөлөөлж байна гэх зэрэг
бодол санаа байгаа л бол нөгөө таталцлын хуулиар та хэзээ ч турахгүй
аж. Зохистой жинд хүрэхийн тулд дараах гурван алхмыг хийх хэрэгтэй
бололтой. Үүнд эхлээд Хүсэх. Таны туранхай гоолиг байсан үеийн зураг
байдаг бол түүнийгээ байнга харж би ийм болмоор байна хэмээн хүсч байх
хэрэгтэй. Дараа нь итгэх. Та зохистой жиндээ хүрч гоолиг сайхан болсон
хэмээн итгэж үнэмших ёстой гэнэ. Та зохистой жингийнхээ хувцсыг
худалдан авч, зохистой жинтэй хүнтэй ойр дотно байж, би ийм болчихсон
хэмээн өөртөө итгүүлэн баяр хөөрийн сэтгэлийг өөртөө бий болгодог аж.
Харин биеийн жингээ үзээд байх хэрэггүй гэжээ. Дараа нь мэдээж хүлээн
авах. Та сэтгэл санаагаа хангалуун тайван байлгаж өөрийн биеэ хайрлан
таалж байх хэрэгтэй гэнэ. Та өөрийн биеэ муугаар бодож, тарган хүн
харахын эцэсгүй гэх зэргээр муулдаг бол зохистой жингээ дуудан авч ирж
чадахгүй. Харин өөрийгөө зохистой жиндээ байна хэмээн итгэн үнэмшихэд
нөгөө таталцлын хууль үйлчилж та хүссэн жиндээ орж чадах ажээ.

Хугацаа
нь ямар байх талаар цаг хугацаа том жижиг гэдэг бол зөвхөн бидний
сэтгэлд л байдаг зүйл аж. Бүх ертөнцийн хувьд бол сая доллар танд
илгээх, нэг доллар илгээх хоёрт ямарч ялгаа байхгүй гэж уг номонд
өгүүлжээ. Та зүгээр хүссэн зүйлээ яг одоо бүтсэн мэдрэмж төсөөллийг яг
одоо бүтээ. Ертөнц танд хариуг нь өгч л таараа хэмээжээ.

НУУЦ АРГУУД

Та
нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол юун түрүүн өөрийгөө өөрчлөх
хэрэгтэй гэнэ. Та өдөр бүр ер нэхсэн бичиг ирэх байх гэж айгаад байвал
тийм бичиг л ирээд байх аж. Түүний оронд мөнгө гуйвуулсан чек хүсвэл
мөнгө л ирээд байна хэмээн баталж байна. Мөн хүн гэнэт уурлан бухимдах
нь байдаг зүйл. Үүнийг хэн ч гайхдаггүй. Тэгвэл та ямарч шалтгаангүй
байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын
энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал
баяр хөөрөөр дүүрэн байх ажээ. Аливаа хүссэн гуйсан зүйлээ хурдан
бүтээхийн тулд нүдэндээ амилуулан харж яг болит байлалд байгаа мэт
дүрсэлж сурах нь хүсэл чинь биелэхэд тун их түлхэлт өгдөг аж. Та шинэ
машин хүссэн бол яг ямар өнгөтэй машин дотор орж сууж байгаагаа, шинэ
машины бүхээгний үнэр нь ямар байгааг, асаагаад хөдлөхөд хэрхэн зөөлхөн
байгааг дүрслэи бодож байх нь захиалгыг түргэтгэдэг гэнэ. Мөн мөнгө
авахын тулд мөнгө хүнд өгч сурах хэрэгтэй хэмээн заажээ. Би ямар
тараагаад байх мөнгө төгрөгтэй ч хүн биш гэж бодоодохвол л та юу
болохыг нэгэнт мэдсэн. Нөгөө ертөнцийн хууль чинь энэ нөхөр мөнгөтэй
байх дургуй хүн юм гээд л крантаа хаачих нь байна ш дээ. Эрүүл мэндийн
талаар уг номонд бичихдээ өвчин зовлонг биед барьж байдаг гол зүйл бол
хүний сэтгэл санаа гэжээ. Өвчнийхээ тухай хүн болгонд яриад л өдөр
болгон түүнийг бөөцийлөөд байх юм бол огт өвчнөөс салахгүй аж. Хүний
биеийн эд эс хоёр сараас хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэдгийг
шинжлэх ухаан тогтоожээ. Тэгвэл яагаад өвчин зовлон хүний биед урт
удаан байж чаддаг вэ. Түрүүний өвчтэй эс байхгүй болоод шинэ эд эс
ургачихаад байхад шүү дээ. Үүнийг зөвхөн хүний ухаан санаа л барьж
хадгалж байдаг гэжээ. Эцэст нь, хэлэхэд юуг сөрнө тэр улам зөрчилдөнө
хэмээн сургасан байна. Энэ нь мөнөөх ертөнцийн таталцлын хуультай л
холбоотой сургаал аж. Жишээлбэл хотын утаа хэмээн хүн болгон шагширдаг.
Энэ нь хүн болгоны сөрөг энерги утаан дээр төвлөрч байгаа хэрэг аж.
Түүнийг тоохоо боливол харин энэ утаа багасч магадгүй юм бичсэн байх
юм. Мөн хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг улс төрч л сонгуульд ялдаг
гэсэн нь тохуутай ч үнэн үг л дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Гамшиг болж байхад гялгар уут ч яамай л байна

Монголын нийт
газар нутгийн 80 хувь цасан бүрхүүлд автаж, цасны зузаан зарим газар хоёр метр хүрэн,
тэсвэрлэх аргагүй болоод байхад, тэсгим хүйтний эрч өдрөөс өдөрт чангаран, -50 хэм
хүрч хүн нь малтайгаа осгож үхсээр байхад төр засаг маань гялгар уутхан яриад байж
байх юм даа.

Ийм чиг харалган
төртэй байх гэж. Цас зуд, ханиад томуу, хүйтэн гээд гамшиггүй юм байхгүй, хэн хүнгүй
цөхрөлөө баран аврал эрж байхад очиж очиж гялгар уутны тухай шүү. Мөн таарч дээ.
Уншигч олон юуны тухай бичээд эхлэв гэдгийг мэдэж байгаа.

Хэдхэн хоногийн
өмнө УИХ-ын дэд дарга Г.Батхүү өрөөндөө Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар, Стандартчлал, хэмжил зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны холбогдох албан тушаалтнууд болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн
авч уулзсан.Тэнд Их хурлын гишүүдээс ч байлцсан. Эрхэм гишүүд саарал ордонд тэднийг
юуны учир дуудав, тэдэнд юу ярьж үүрэгдэв гэхээр ерөөсөө л өнөө алдарт гялгар уутныхаа
талаар. Бүр тодруулж хэлбэл, гялгар уутыг хэрэглээнээс гаргах тухай.

Өнгөрсөн оны зургадугаар
сард УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Э.Мөнх-Очир, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Зарим нийллэг, хальсан уутны хэрэглээг
хязгаарлах тухай  хуулийн төслийг өргөн бариадахсан.
Тэрхүү хуулийг нь Их хурал шууд ногоон гэрлээр дэмжиж, 2010 оны нэгдүгээр сарын
нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон билээ. Ингээд та бидний өргөнөөр хэрэглэдэг
хальс шиг нимгэн гялгар уутыг хилээр оруулахыг, дэлгүүр, үйлчилгээний байгууллагыг
хэрэглэхийг хориглож хууль зөрчвөл мөнгөн торгууль ногдуулахаар болсон юм. Мэдээж
хор уршгийг арилгахыг бодсон байх л даа.

Эрхэм гишүүд маань
“Энэхүү уутыг Хятадад хориглосон технилогиор нефтийн бүтээгдэхүүний хаягдлыг дахин
боловсруулж үйлдвэрлэдэг, 100 сая гялгар тор, нийлэг уутыг үйлдвэрлэхийн тулд
1.643.000 литр нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн ил задгай хаясан нийт хог хаягдлын
90 гаруй хувийг нийлэг уут эзэлдгээс гадна хөрсийг ихээр бохирдуулж, булчин задрах,
гэдэсний хижиг, цусан суулга, бруцеллёз зэрэг олон өвчин дэгдэх суурь болдог” гэж
тайлабарлаж байна лээ. Тийм юм байгаа биз. Гэхдээ энэ уутны тухай асуудал ерөөсөө
цагаа олоогүй л байгаа байхгүй юу. Ер нь тэгээд ад үзээд байгаа нимгэн хальсыг дэлхий
нийтээрээ хэрэглэхээ больсон биш дээ. Харин ч АНУ-аас аваад өндөр хөгжилтэй орнуудад
хүн бүр ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байгаа. Тэдний өдөр тутмын хэрэглээ гялгар уут
л байдаг шүү дээ.

Тэгэхээр үүний
цаана асар том бизнес явагдаж байгаа нь хэнд ч тодорхой . Хэнийх нь бизнес болоод
Их хурлын гишүүд минь ингэж улайран зүтгээд байна аа. Мэдээж нэгнийх нь шахааны
бизнес байж таараа. Тиймдээ л Гаалын ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Ганбаатар нарын төрийн албан хаагчдыг өрөөндөө
дуудан, нүүрийг нь улалзуулж, гөлөлзүүлж байхав дээ.

Тэрбум тэрбум
төгрөгийг өөрсөддөө хувиарилаад мантайтал инээгээд сууж байхаас өөр хийх ажил гэж
байна уу,  эрхэм түшээд минь ээ. Хамгийн сүүлийн
үеийн мэдээг авахад эх орны баруун хязгаар Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Увс
аймгийн аймгийн Түргэн, Сагил сумдуудад байдал бүр гамшгийн хэмжээнд хүрч цасны
зузаан хоёр метр орчим байгаа дуулдана. Ялангуяа Ховдын Булганы Байтаг Богд, Алтайн
цаадах Бор цонжийн говь орчимд хичнээн ч метр цас уначихаад байгаа юм бэ дээ.  

Хилээ манаж байгаа
хэдэн бор цэрэг морьтойгоо, заставтайгаа, тэр чигээрээ дасанд даруулчихаад амь наана,
там цаана байгааг саарал ордныхон эрх биш мэдэж л яваа байгаа даа, бурхан минь.
Энд гялгар уутхан яриад, хэн нэгнийхээ биенесийн төлөө ширэн нүүрлэчихсэн байгааг
нь харахад Монголд чухам юу болоод байгааг тэд мэдээгүй яваа юм шиг ээ. Эх орон,
ард түмнийхээ төлөө ганц хуруугаа ч болов хөдөлгөж үзээч ээ, 76 тэрбумтан минь.
Дандаа өөрсдийгөө бодож явдгаа болиоч, та хэдээс үнэндээ ичиж байна. Зовох цагт
нөхрийн чанар танигддаг гэдэг. Та хэд ард түмнээ тэтгэж  гийгүүлдэггүй юм аа гэхэд бараг л амьсгал царцам
идэр есийн хүйтэнд цас, зуданд даруулчихаад аврал эрэн байхад нь нэг харж үзээч.
Хот, хөдөөгүй гамшиг нүүрлэчихсэн, хүн зон яая гэж байхад гялгар уут зэрэг нь яамай
л байна шүү, нөхөд минь.   

 

Н.Гантулга