Улс төр ид өрнөж байна, нам гүм байна гэсэн ажиглагчдын хүрээний
яриа байнга явж байдаг ч нийгмийн энэ салбар намжмал болно гэж байдаггүй билээ.
Үнэхээр л ажиглагдам тайван болчих юм бол цаагуураа үйл явдал оволзож л байдаг
эсвэл их улс төрийн өмнөх чимээгүй нүүрлэж байдаг юм.
УЛС ТӨР ӨРНҮҮЛЭЭГҮЙ ТОМИЛГОО
Хамгийн сүүлд Ерөнхий прокурорын томилгоог улс төрийг жинхэнээс
нь өрнүүлнэ, өрдөнө дөө гэж харагсад цөөнгүй байлаа. Гэвч хэвлэлүүдийн таамаглаж
тааварлаад байсан шиг зүйл болсонгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд санал
болгосон хүнийг харьяалагдах байнгын хороогоор нь ч, УИХ дээр ч ямар нэг асуудал
болголгүй баталчихсан.
Уг нь Д.Дорлигжавын нэрийг дэвшүүлсний дараагаас МАХН-ын голдуу
гишүүд “Бүлэг хуралдана гэж нэг ажил байгаа ш дээ. Бүлгээр оруулна даа” гээд томхон
дуугарч байсан нь бий. Гэтэл үнэндээ МАХН-ын бүлэг ч энэ талаар ярилцсангүйгээр
асуудал шуударсан. Үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлах хүмүүс байна. Зарим
нь манай улс төрийн хүрээнийхний луйвар нь их учраас сүүлд ороолгуулаад байхгүйн
тулд найр тавин бүгд дэмжлээ гэж байна. Нөгөө хэсэг нь “Ерөнхийдөө сүүлийн арав
гаруй жилийн хугацаанд бий болсон ялих шалихгүй шалтгаанаар улс төр хийж төрийн
ажлыг уядаг байдал алга боллоо. Төрд байгаа гурван хүн нэг зүгт харж байна” гэж
эерүүлэх хүн ч байна.
Ямартаа ч УИХ-аас баталж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар прокурорын
байгууллага ардчилсан үзэлтэй удирдлагатай болов. Ардчиллын замналаар явж ирсэн
20 жилийн хугацаанд энэ байгууллагыг ардчиллын чигийн хүн удирдаж байсан түүх байхгүй
юм. Хаалгаа байтугай хаяагаа ч шууж салхи оруулж үзээгүй энэ байгууллагад ардчилал
шударга ёсыг тунхагладаг Ерөнхийлөгчийн томилсон хүн ирснээр байдал өөр болно
хэмээн ард олон итгэж байгаа. Тэгээд ч тэр хүн нь хар залуугаасаа ардчилсан Монгол
Улсыг байгуулах гэж зүтгэж яваа нэгэн учраас ямартаа ч энэ томилгоо итгэл найдвар
төрүүлж байгаа юм. Сураг дуулах нь ээ шинэ
албанд томилогдож байгаа Улсын ерөнхий прокурор салбартаа халаа сэлгээ хийхгүй
гэдгээ тохирсон сурагтай. Харин хүмүүсийн таамаглаж байснаар өрнөж чадаагүй
энэ улс төрийн томилгооны дараа МАХН-ын залуу голдуу гишүүн гутарсандаа архи уусан
гэх. Гэхдээ тэд “Манай томчууд бүгд асуудалтай учраас Д.Дорлигжавт тал алдахгүй
гэж хичээсэндээ ингэж амархан баталлаа”
гэж гашуудаж байгаа сурагтай.
НАМУУД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ НЭГ МӨР БОЛГОХ
ХЭРЭГТЭЙ
АН-ын гишүүд гэдсэндээ хөлөө жийлцсээр удлаа. Өнгөрсөн сард болсон
ротацийн сонгуулийн өмнөөс л эхэлсэн энэ байдал улам бүр дордоод байна. Бүр намынхаа
байран дээр гомдогсдын багийнхан ирцгээн суулт зарлаж байгаа бөгөөд зохион байгуулалтын
байдалд шилжсэн талаар бичиж, ярьсаар удав. Ерөнхийдөө АН-ын ардчилалтайг, хэн
юу хүссэнээ хэлдгийг олон нийт мэдэх ч дүүргүүд дээр бий болсон хоёр намын дарга,
хоёр намын байр, бүр хоёр хувь тамганы асуудал хэрээс хэтрээд байгаа. Гэхдээ үүнийг
хэн нэгэн дарга удирдлагатай нь холбохоос өмнө энэ намын бүтэц, дүрэмтэй нь холбож
үзвэл дээр биз ээ. Угаасаа АН-ын дүрэм нь ийм боломжийг гаргаад өгчихсөн байдаг.
Бүтэц нь хөндлөн тогтолцоотой. Анхан шатны байгууллагадаа дэндүү их эрх мэдлийг
өгчихсөн, бас 1/3-ээ ротациар шинэчилж байдаг нь эл бэрхшээлийг бий болгожээ. Хуучин
МҮДН, Соцдек, МоАХ гэдгээрээ ялгарах боломж байдаг байсан бол одоо уусахын хэрээр
хуучин нам фракцын ялгаа нь ашиг сонирхлын бүлэглэлүүдийнх болсноор хямралыг
илүүтэй мэдрэх болсон байна. Хэдийгээр намынх
нь Хяналтын хороо хэрүүл маргаантай байдлыг авч хэлэлцээд эвлэрлийн нэг сарын хугацаа
өгсөн ч сарын дараа бахь байдгаараа байна гэдэгт нь эргэлзэх ямар ч хэрэггүй. Угаасаа тогтолцоо нь ийм юм чинь.
Гэтэл МАХН-ын хувьд өөр. Архангайн Засаг даргыг тавина гэхэд Удирдах
зөвлөлөөс нь шийдчихнэ. Сая СХД-ийн Засаг дарга, ИТХТ-ийн дарга хоёр нөхөр нэг
нам гэлтгүй дээр дороо ороод байхаар нь Удирдах зөвлөл нь хуралдаад хамтад нь
чөлөөлчихөж байна. Намын бүтцийн ялгаа нэг иймэрхүү. Гэхдээ энэ нь АН, МАХН-даа
ч байгаа юм биш. Ер нь Монголд улс төрийн намуудын тухай хуулиар энэ байдлыг
нэгмөсөн цэгцлэх нь Монголын улс төрд тоглоомын дүрмийг тодорхой болгож байгаа
хэрэг юм. Улс төрийг нэг дүрмээр тоглох нь амар шүү дээ.
ТАНГАРАГ ӨРГӨСӨН НӨХДИЙН ТОНГОРОО
Сүүлийн үед Ц.Нямдорж гишүүнийг бас нэг гишүүн болох Ж.Сүхбаатарыг
боомилсон тухай яриа нэлээдгүй газар авлаа даа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд өөр, өөрийн үзэл бодлоо уралдуулсны зэрэгцээ хальт цаасанд боосон
чулуунууд зэрэгцүүлээд нүүлгэж байгаа нь анзаарагдам байв. Гэхдээ үүнийг төрийн
түшээд нэгэндээ гар хүрсэн гэдгээсээ илүүтэй Ц.Нямдорж ба Н.Энхбаяр нарын зөрөлдөөнтэй
холбоотой дэгдэж буй үзэгдэл гэж тайлбарлах хүмүүс ч байна. Ц.Нямдоржийн эсрэг
ярилцлага мэдээлэл, бүр түүнд хаягласан хоржоонтой захидал хүртэл экс Ерөнхийлөгчийн
мэдлийн гэгдэх хэвлэлээр тогтмол гарах боллоо. Цагтаа овоон дээр очиж тангараг өргөж
байсан нөхөд одоо нэгэн рүүгээ ийм маягаар тонгорог шидэн, тонгорч унагах нь хэр
жудагтай хэрэг вэ гээд яривал их л зүйл гарах байх. Гэхдээ болж байгаа үйл явдлыг
Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалын найруулагч нь Н.Энхбаярыг гэж зарласантай
холбоотой гомдлын хариу явж байна гэж үзэгсэд бас байгаа юм. Ер нь улс орны харилцаа,
улс төр гэдэг хүмүүсийн харилцаан дээрээс тогтдог учраас ийм маягаар л улс төр
өрнөчих юм даа. Гэхдээ ч түшээд нь муудалцах үедээ нулимс асгаруулагч цацаж,
түүнийг нь багасгахын тулд парламентын танхимдаа усны хоолой оруулдаг Украины
дэргэд манай энэ хоолой боомилсон явдал бага хэрэг юм даа.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭГДЭХ ҮҮ?
Нэг хэсэг С.Баяр гэдэг
нэр хүн бүрийн амнаас унаж, түүний зураггүй хэвлэл гэж байдаггүй байлаа. Гэвч
тэр улс төрөөс явснаас хойш (Өвчтэй байгаа болохоос бус УИХ-ын гишүүн хэвээрээ
л дээ) С.Баярын гэсэн бүх зүйл бүдгэрч байна. Өөрийнхөө үгээр байлгах гэсэн түүний
бүрдүүлсэн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонсоод хүмүүс гайхширч байсан үе
саяхан.
МАХН-ын Удирдах зөвлөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж, У.Хүрэлсүхийг эс тооцвол эрх баригч намын толгой байгууллага гэхэд
намдаа танигдаагүй хүмүүсээр дүүрсэн байдаг. Харин сүүлийн үед МАХН-ын Удирдах
зөвлөлд өөрчлөлт орох тухай ярих боллоо.
Хүүхнүүд голдуу энэ багийнхныг намдаа хүлээн зөвшөөрөгдсөн,
бас төрд төлөөлөл болж сууж буй хүмүүсээр сэлгэх тухай сонсогдох болсон. Уг нь намын
дарга болж, Засгийг тодорхойлж байгаагийн хувьд С.Батболд өөрийн санаа ойлголцох
хүмүүсээр энэ багаа бүрдүүлнэ гэдэг зүй ёсных.
Гэхдээ яг ойрын хугацаанд ийм өөрчлөлт орж ирэхгүй хэмээн эх
сурвалж баталж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол Ерөнхий сайд С.Батболдыг
хэвлэлийн албаны даргаасаа өөр холио солио хийдэггүй, ер нь С.Баярт юуг ч өөрчлөхгүй
гэж амлаж байж энэ албан тушаалыг авсан гэдэг нь батлагдах талтай. Тэрбээр Ерөнхий
сайдын албыг авснаасаа хойш уулзалт хийж, газар дээр нь байдалтай танилцах ажлыг
гэртээ ч орох завгүй хийж байгаа харагдах юм. Гэвч уулзаад л яваад байдаг ямар нэгэн
шийдвэр гарахгүй бол гүйцэтгэх засаглалын эрх барих хугацаа бас л хэмжээтэй шүү
дээ. Саяхан Ерөнхий сайд намынхаа дэргэдэх МАСЗХ-ныхонтой уулзсан сурагтай. Тэрбээр
намын дэргэдэх залуучуудын байгууллага намдаа дэм болж явах ёстой байтал дандаа
нэрмээс болж, нэр хүндээс нь татсаар ирсэн гэж энэ байгууллагынхныг шүүмжилсэн
юм байх. Тэгээд өөрсдөөсөө өөрчлөлт хийж, ойрын үед даргынхаа асуудлыг цэгцлэхийг
үүрэгджээ. Тус байгууллагын дарга Г.Занданшатар сонгуульт хугацаа нь дуусч бас
залуучуудын байгууллагад хамаарах нас өнгөрсөн учир ажлаа хүлээлгэх хүсэлтээ гаргасан
боловч МАСЗХ-г тэргүүлэх хүсэлтэй хүмүүсийн хор нь ихдээд марафон нь хэсэгтээ
намжаад байсан билээ.
ЖИЖИГ НАМУУДЫН АМЖИЖ СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголчуудад шийдэх ёстой эдийн засгийн болоод хөгжлийн томоохон
алхмууд урд байгаа учраас хоёр нам нэг засагт багтаад яваад байгаа. Хэрэв Таван
толгойн асуудал нэг мөр болбол МАХН, АН салахад бэлэн байгаа гэсэн яриа бий. Үнэндээ
ч энэ засгийн шийдэх хамгийн гол асуудал бол ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд
оруулах явдал билээ. Сүүлийн үед үндэсний компаниуд нийлж, нэгдэл байгуулан ТУЗ-өө
ч байгуулав. Ерөнхийдөө тэд 1500 нинжа ч бай, 1500 ТҮЦ ч бай, үндэсний компаниуд
өөрсдөө үзэл санаагаа нэгтгэж дуугарч байгааг нь том зүйл гэж хүлээн авах ёстой
биз ээ. Энэ мэт хамтдаа байж шийдэх ёстой асуудал байгаа учраас МАХН, АН рейтингээ
шалдаа унаган унаган хамт байж байгааг улс төр судлаачид онцолж байгаа юм. Хэд хэдэн
судалгааны байгууллагын дүнгээс харахад хоёр нам нийлээд 40 хувь орчмын саналыг
авч байгаа нь урьд өмнө байж байгаагүй муу дүн. Тиймээс МАХН, АН гэлтгүй намын гишүүд
хамтарсан Засгийн газар хамгийн удахдаа ирэх хаврыг хүргэнэ гэдгийг онцолж байна.
Тэрнээс цааш ганц жилийн хугацаанд хоёр том нам сонгуульдаа бэлтгэн замаа хөөх
юм байх. Харин сонгууль ойртож, намууд амь амиа бодох тухай ярихтай зэрэгцээд жижиг
намууд идэвхжиж байна. Тэд амжиж сөрөг хүчин
байхгүй байгаа энэ үед гол дүрд тоглоод авахгүй бол АН засгаас гарвал тэдэнд боломж
олдохгүй гэдгийг анзаарчээ. Ингэхийн тулд ИЗН, МНН нэгдэх төлөвлөгөө шуударч байгаа
бөгөөд шинэ сонгуулийн хууль батлагдвал бие даагчаараа үлдэх боломжгүй З.Алтай гишүүн
ч нэгдэх гэнэ. Нэгдсэн намуудын хувьд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амлалт
дээр нь багагүй тоглох төлөвлөгөө байгаа аж.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БА ХЭСЭГ БҮЛГҮҮД
Мөн өнөө цагийн гол улс төр бол Сонгуулийн тухай хуулийн эргэн
тойронд өрнөж буй үйл явдал. Нэлээд нарийн гаргасан судалгаа тандалтаар одоогийн
76 гишүүний 46-50 гишүүн нь пропорциональ тогтолцоог дэмжих магадлалтай байгаа
юм. Тухайлбал Д.Лүндээжанцан нарын санаачилсан УИХ-аас гарсан ажлын хэсгийн төслийг
бол улсдаа, намдаа топ улстөрчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэмжиж байгаа.
Тэдний хувьд Монгол гэдэг нэг тойргийн хувьд өрсөлдөхөд алдах зүйлгүй учраас толгой
бардам байгаа юм. Нөгөө хэсэг нь нэг тойргийг хатуу самар гэж үзэж байгаа. Харин
бүс нутагтаа мөнгөөр чиг өөр юугаар ч юм цохиод гараад ирнэ гэж үзэгсэд бас багтаж
байна. Цөөн хэдэн гишүүд холимогийг дэмжиж байгаа бол залуу голдуу гишүүд хуучин
мажоритар тогтолцоог онцолж байна. Ерөнхийдөө саарал ордонд өрнөж байгаа гол яриа
бол Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өрнөж байгаа. Гэхдээ өөрийгөө бодож
асуудалд хандахаас илүү шударга, эрүүл сонгуулийг явуулахад аль хувилбар нь алсдаа
ашигтай вэ гэдгийг анхаарах нь хэн бэ гэдгийг ард түмэн нарийн ажиж суугаа билээ.
Улс төр өрнөөгүй гэгдэх
үеийн улс төрийн байдлыг тоймлон өгүүлэхэд ийм байна.