-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДУГААРЫГ НЬ ХУДАЛДАЖ АВЪЯ, ВИЗИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ
ӨГНӨ ГЭСЭН БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЭРГЭЛДЭХ БОЛСОН ГЭНЭ-
АНУ-д
аялангаа ажиллах хөтөлбөр буюу “Summer Work and travel”-ийн хүрээнд АНУ руу зорчсон
оюутан залууст ажил олдохгүйн улмаас хэзээ ч хийж үзээгүй хар ажлаа хийж, хэд
хэдээрээ гудас хаясан өрөөнд хоног төөрүүлж байгаа талаар манай сонин мэдээлж
байсан. Манайд суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхэд залууст эрх чөлөөний
орныг үзэж, нүд тайлах боломжийг олгосонд олон хүмүүс баярлаж байгаа. Харин энэхүү
ажлыг хариуцан гаргасан компаниуд гэрээ хэлцлээ нарийн хийгээгүйгээс, ашиг
хонжоо харж хариуцлагагүй хандсанаас, манай залуус ч АНУ явж ажил хийж мөнгө олно
гэсэн бодит амьдралаас тасарсан гэгээн мөрөөдөлтэйгээр тэнд очсоноос үйл явдал
таагүйгээр эргэчихээд байгаа. Эхний нэг сард хэрхэхээ мэдэхгүй барьц алдаж байсан
хүүхдүүдэд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс тусалж, онлайнаар зар тарааснаар өөр
өөрийн байгаа газартаа ганц нэгээр нь татаж авч байгаа талаар тэнд байгаа эх
сурвалж ярьж байсан. Бас хоноглох газартаа төлөх мөнгөгүйгээс барьц алдаж буй
хүүхдүүдийг ч хоёр, гурваар нь гэртээ амьдруулж байгаа хүмүүс цөөнгүй байгаа юм.
Оюутан залуусыг
газар үзүүлж, зуны хэдэн сард ажлын амтыг мэдрүүлэх төлөвлөгөөтэй ажлаа эхэлсэн
ч бүгдийг нарийн тооцолгүй, хэдэн төгрөгийн илүү харснаар үүссэн энэ таагүй байдал
сүүлийн үед өнөө байгаагаасаа ч илүү ноцтой болж магадгүй болоод байна. Учир нь
АНУ-д очиж газар үзэх, нутаг оронтой танилцана гэдгээсээ илүү мөнгө олж ирэх мөрөөдөлд
автсан хүүхдүүд газар дээрээ байдал өөр байгааг мэдсэн. Харин тэд үлдсэн сардаа
боломжийн ажиллаж, газар үзээд ирэхийн оронд тэнэг алхам хийх гэж байгаа тухай
сонстох болсон нь харамсалтай. Сүүлийн үед дээрх хөтөлбөрөөр очсон залуус тухайлсан
цагтаа нутаг буцахгүй, харлахаар шийдсэнээ өөр хоорондоо ярих болжээ. Энэ нь тэнд
байгаа монголчуудын эрхлэн явуулдаг вэб
сайтуудад байгаа материал түүний дор бичигдсэн санал сэтгэгдлээс ч харагдаж байгаа
юм. Эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ газар үзүүлж, ажлын зах зухаас амсуулахаар явж
байгаа гэдгийг нь хэлэхийн оронд чухам л гадны оронд очиж, мөнгө цаас олж ирнэ
гэсэн мөрөөдлийг нь хөөрөгдөөд явуулчихсан бололтой.
Нөгөө талаас хөдөөд амьдардаг эжий, ааваасаа өнгөрсөн хаврын
ноолуурын хөлс, хотод амьдардаг бол толгой хорогдох байрных нь гэрчилгээг барьцаанд
тавьчихсан хүүхдүүдийн хувьд гэр бүлдээ том “шатаалт” хийсэн. Харин тэд үүндээ
шаналан буруу алхам хийхээр шийдэж эхэлжээ. Монгол хүүхдүүдийн хувьд 18 нас хүрч,
нас бие гүйцсэн хүмүүс. Гэтэл АНУ-ын хуулиар бол бүхий л боломж нь хаалттай
хүүхдүүд. Тэнд 21 нас хүрээгүй бол тодорхой хэмжээнд хуулийн хариуцлага хүлээх
чадваргүйд тооцож, архи тамхи хэрэглэх эрхгүй байдаг. Талын Монголдоо тааваараа
байсан хүүхдүүд хууль чанга, бас өөрсдийг нь насанд хүрээгүй хүүхдүүд гэж тооцсоор
байгаа тэр нийгэмд очоод барьц алдаж, шахалт хавчилтад орсон мэт санагдсаныг үгүйсгэх
аргагүй. Үнэндээ тэр насныханд жинхэнэ дураараа дургиж, томчуудаас дутахгүй
том авирладаг нөхөд байдгийг хатуу ч гэсэн хэлэх л хэрэгтэй.
Одоо ээж, ааваасаа хол, их мөнгөөр шатаж, түүнийгээ олж чадахгүй
нь гэсэн айдаст автсан, мөн хар бор ажил хийж, ходоодондоо хоол хийхийн хэцүүг
мэдэрсэн хүүхдүүд алдаа эндэгдэл гаргаж, буруу алхам хийх вий гэдэг нь гол анхаарах
асуудал болчихоод байна. АНУ-д амьдарч байгаа монголчууд тэдэнд хоёргүй сэтгэлээр
тусалж байгаа ч олны олон дунд өөр сэтгэлээр яваа хүмүүс байгааг ч хэлэх хэрэгтэй.
Учир нь сүүлийн үед “Summer Work and travel” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д очсон хүүхдүүдээс
нийгмийн даатгалын дугаарыг нь буюу Social Security Number-г нь авъя гэсэн хүмүүс
вэб сайтуудад зар тавих болжээ. Нэг талаас харахад энэ нь гар дээрээ тавих мөнгөгүй
байгаа хүүхдүүдэд хялбараар мөнгө олох боломж гаргаж өгөөд зүгээр ч юм шиг. Гэвч
үүнийг дагалдах сөрөг тал нь дэндүү ихийг анхаарах хэрэгтэй. Улс төрийн амлалт
болсон хэдэн төгрөгөө тарааж өгөхийн далимд иргэний бүртгэлээ хийх гэж байгаа Монгол
Улстай маань алсын АНУ адилгүй. Тэндэхийн бүртгэлийн тогтолцоо нь маш нарийн,
энэ дугаарын бүртгэлээр л хүмүүсээ хянаж байдаг. Хэрэв уг дугаараа арилжих юм бол
өөртөө маш том эрсдэл дагуулна гэсэн үг. Тухайлбал уг дугаарыг ашиглан нэрээр нь
ажилд орж, жолооны үнэмлэх авч, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээнд
хамрагдан бүр банкнаас ч зээл авч болдог ажээ. Америкчууд бол энэ дугаараа хүнд
зарах бүү хэл маш нарийн нууцалдаг гэх юм билээ. Мөн энэ дугаарыг хууль бусаар хэрэглэж
байгаа хүмүүст ч хатуу шийтгэл ногдуулдаг аж. Торгохоос гадна муж улсуудын хуулиасаа
шалтгаалаад 5-10 жилийн хорих ял сонсгодог гэсэн. Хариуцлагагүй компаниудын гайгаар
АНУ-д хаягдсан хүүхдүүд хөлөө олохгүй байгаатай зэрэгцээд тэдэндээ таарсан бизнес
ч өргөжиж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын
нь дугаарыг нь худалдаж авъя, мөн визийг чинь өөрчлөөд өгье гээд дор бүртээ үнэ
ханш тогтоож байгаа сурагтай. Гэвч энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар явсан хүүхдүүдийн
хувьд визний ангиллыг нь өөрчилж, тэнд суралцахаар юм уу, ажиллахаар болгож болохгүй
гэдгийг мэдмээр байгаа юм. Хүүхдүүд яахав, хэн нэгний хэлсний зоргоор итгэж байж
хэдэн доллараа өгөөд явуулна, харин өнөөх хүмүүс нь хэдэн сарын дараа болсонгүй
гэх юм бол хууль ёсны хугацаа нь ч дууссан байж таарч, визийн зөрчилтэй харлагч
болж таарна. Эдгээр хөтөлбөрөөр явсан залуусын хувьд ажиллах хугацааг нь зааж,
үүнээсээ гуч хоногийн хугацаанд АНУ-д үлдэж аялах боломж олгож байгаа нь ажиллаад,
аялах гэсэн тэр хөтөлбөрийнх нь утгыг илэрхийлж байгаа хэрэг. Заасан хугацаанаас
хэтрүүлж ажиллаж болохгүй бөгөөд энэ тохиолдолд SEVIS-ийн мэдээллийн санд бүртгэгдэж
визний заалтыг зөрчсөнөөр виз нь шууд хүчингүй болох юм билээ. Мөн J-1 буюу солилцооны
аялагч ангиллын визийг “Summer Work and travel” хөтөлбөрийн хүрээнд авсан хүүхдүүд
тэндээ үлдэж суралцах боломжгүй. Гэвч зарим хүүхдүүд сүүлийн үед тэндээ үлдэж
суралцана, ажиллана гэж ярих болсон нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй хэрэг.
Визийн ангиллыг солих боломж байдаг ч яг зундаа ажиллаж аялахаар ирсэн оюутнуудын
хувьд тийм боломж байдаггүй юм билээ. Тиймээс мөнгийг нь аваад визний ангилал сольж
өгнө гэсэн бизнес хийгчид олон хүүхдийн амьдралыг үрэх болно. Түүнчлэн Монголд
суралцаж буй сургуулиа хаяад тэнд харлан үлдвэл өөрийнхөө ирээдүйд маш том гай
тарьж байгаа хэрэг болно. Дахин АНУ-д хөл тавина гэдэг мөрөөдөл төдий зүйл болж
таарна.
Манай нэр бүхий гурван компанийн гэрээгээр албан бус тоогоор
1200 орчим хүүхэд АНУ-г зорьсон билээ. Тэдний дунд хэлний мэдлэгтэй, гэрээнийхээ
дагуу ажлаа олж чадсан гээд боломжийн байгаа цөөн хүүхдүүд бий. Гэхдээ уг хөтөлбөрийн
мөн чанараа гүйцэд ойлгоогүйгээс, хариуцсан компанийн хариуцлагагүйгээс олон
хүүхэд хөтүүхэн хэдэн сарыг туулж байгаа нь үнэн. Нөхцөл байдал төлөвлөснөөс нь
өөрөөр эргэснээс болж цаашдынхаа амьдралд том толбо суулгахгүй байхыг анхаарах
нь зүй. Энэ удаад жаахан хэцүүхэн зуныг өнгөрүүлээл биз. Харин цаашдын олон арван
зуныг харлуулах алхмыг бүү хийгээсэй. Үүнийг нутагтаа байгаа эцэг, эхчүүд нь ухаж,
хүүхдүүддээ нарийн ширийнийг нь ойлгуулан хэлээсэй билээ.
Э.ЭНЭРЭЛ