Монголын ардчилал
дөнгөж 20 шүргэж яваа идэр насандаа тулж байна гэх тодорхойлолтыг олон хүн хэлдэг. Үнэндээ бол нийгмийн хөгжил дагасан “хар масс”
ардчилал гэх энэ нэр томьёог өөрийн эрх тааваар байх явдал гэж ойлгодог нь нууц
биш юм. Өөртэй нь санаа нийлэхгүй хэн нэгнийг үг хэлэх эрхээ эдлэн буруушаах, бүр
боломж олдвол газар дор ортол нь муулах бол энүүхэнд. Түүгээр зогсохгүй хүний энэ
хорвоод түр буудалласнаа умартаад үүрдийн залуу үлдэж хоцрох мэт аашлах нь дэндүү.
Цор ганцаар бүх юмны эзэн суух сонирхол зөвхөн хүнд л байдаг байх. Тэр нь албан
тушаалтай холилдвол бүр чиг “цагаандаа гарна”. Ёстой л нөгөө “Би үхэхээр чи үх” гэгч болно доо. Ер нь явж явж
ямар ухаантан нь монголчуудын “Тамын тогооны үлгэр” гээчийг зохиочихов оо гэж
гайхдаг юм.
Бидний
араншин үнэхээр их өвөрмөц шүү. Илүү яваа нэгэндээ үхтлээ атаархана. Тэгсэн атлаа
өөрөөс нь дор явбал өрөвдөнө гэж жигтэйхэн. Адил тэнцүү амьдарвал унагах гэж
оролдоно. Ийм л далд тэмцлийн дунд монголчууд бидний дундаж 60 нас гэрлийн хурдаар
өнгөрнө. Тэгээд арай гэж ухаан суугаад “харахад” тэтгэвэртээ гарах нас хаалга
тогшоод, тэр хэмээрээ гэмээ цайруулах гэж оролдоод эрхи шүүрэх хооронд эрлэгийн
элчийн “томилолт” гардана. Үнэндээ бидэн шиг ийм бие биендээ хайргүй ард түмэн
дэлхийн бөөрөнд хэр олон байдаг юм бол. Бас ядахад дэндүү улс төрждөг даварсан
зантай. Түүнийгээ бас л нөгөөх 1990 оны цагаан морин жилээр олгогдсон ардчилалтай
холбодог. Яг үнэндээ бид хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголт хэртэй билээ. Энэ
ойлголт маань амьдрал дээр бодит биеллээ олж чаддаг болов уу гээд мянга мянган
асуулт ар араасаа хариулт нэхэн хөвөрнө. Илүү олныг нуршилгүй хоёрхон жилийн өмнөх үйл явдлыг сөхье.
ӨНӨӨДӨР ДОЛДУГААР САРЫН 5.
Хоёр
жилийн өмнөх энэ өдөр ямар байсан бэ? Гэнэтийн цочролд орсон монголчууд яахаа
мэдэхгүй балмагдаж байсан. Тэд улс төрийн золиос болсноо гадарлах ч үгүй мэгдсэн
байсан. Төр нь ард түмнийхээ эсрэг арга
хэмжээ зохион байгуулсныг, түүний гайгаар тавын таван хүний халуун амь, идэрхэн
нас, ихийг хийж бүтээх оргилуун сэтгэл таслагдсаныг ойлгож ч амжаагүй байлаа. Тийм
л гэнэтийн “шок”-нд орсон цаг үе байв. Өөрөөр хэлбэл, урьд байгаагүй үйл явц, хойшид
давтагдахгүй байгаасай гэж хүн бүр ханцуй дотроо залбирах эмгэнэл байлаа. Үүнийг Монголын түүхнээ “Долдугаар сарын 1-ний
хар мягмар гариг” гэж нэрлэсэн юм. Үүний
гол буруутан нь мэдээж, ард түмэн биш. Харин
эрх ямба, албан тушаалд шунан дурласан улстөрчид байсан. Ямар ч аргаар хамаагүй
төрийн түшээ гэх нэрийг зүүж, өндөр сэнтийд залраад өөрийн бүрэн эрхээ төрийн нэрээр
хамгаалуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн амбиц байсан. Шуудхан хэлэхэд
Монгол Улсыг хоёр хуваасан нүүрэн дээрээ
өрсөлдөгч гэх атлаа нүднээс далд хоорондоо “дайсагнагч” хоёр намын шургуу ажиллагааны
үр дүн нийгэмд, жирийн ард олонд нөлөөлсөн нь тэр байлаа. Юугаа ч ойлгоогүй залуучууд
хөөрөн хөгжиж, олныг хамарсан үймээн самуун нийслэлд дэгдэж, адилхан хүмүүн заяанд
төрсөн ээж, аавын үрс цэрэг цагдаа, ард иргэд гэдгээрээ талцан үндэсний хэмжээний
“дайн” дэгдээд амжсан. Үүний эцэст тавын таван халуун амь зуурдаар эрсэдсэн. Горыг нь амссан хүн гэвэл 800-гаад. Олныг хамарсан
үймээн самуун хэрээс хэтэрч цадигаа алдангуут тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар
Онц байдал зарлаж, үйл явцыг хазаарлаж авсан. Үүний дараа нийгмийн хэв журам
зөрчсөн хүмүүсийг хоморголон баривчилж, байцааж эхэлсэн байдаг. Ер нь тухайн өдөр
юу болсныг Онц байдал зарлах хүртэл орон даяараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр
тэр тусмаа телевизийн сувгаар Монгол даяараа ямар нэг тайлбаргүйгээр харсан
даа.
ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
Тухайн
үед ямар нэгэн улс төрийн тайлбар хийхээс эмээж байсан бүхэн одоо гараа өргөөд
дуугарч байна. Сайн дураараа шүү дээ. Дуугарсан бүхний үгийг сонсч дүгнэлт хийж
бодоход долдугаар сарын 1-ний тэр хар өдрийн үйл явдал “бороо урьсан салхи” шиг
сэвэлзээд байгаагаас харахад ирэх 2012 оны сонгуулийн идэвхтэй ПИАР болох нь
нэгэнт тодорхой болоод байгаа нь ажиглагдана.
Уучлаарай. Гэхдээ тэд буруу дуугарч байна. Бид юмыг ямар ч амархан мартдаг
юм бэ дээ. Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг хорин жилийн өмнө болсон гэж арай бодоогүй
биз дээ. Аль эсвэл бидний нөгөө улстөрждөг араншин маань өнөөдөр худлаа хэлэхэд
хүргээд байна уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр дөрөв хоногийн өмнө тохиосон долдугаар
сарын 1-ний өдөр ямар олон улстөрчид, хууль хяналтынхан сайн дураар үзэл бодлоо
илэрхийлэн үгээ хэлж, ард түмэндээ “хайртайгаа” нотлов доо. “Хэн буруутай байна,
түүнд хариуцлага тооцох ёстой” гэсэн тэдний хуурай хоосон, манж үгнээс жавар ханхийж
байсныг анзаарсан нь хэд бол. Магад, үхтэл үр харам гэгчээр цаг бусаар үрээ алдсан
эцэг эхийн шаналсан сэтгэл л хэн юу гэж худлаа яриад байгааг гадарласан байх. Монголын
төр тэднээс уучлал гуйхыг олон хүн хүлээсэн бол бас л талаар өнгөрлөө. Харин уучлалын
оронд өөрсдийнхөө арьсыг хамгаалсан мэдэгдлүүд ар араасаа хөвөрсөөр.
Хүний
амины буруутан хэн бэ гэхээсээ өмнө хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх тухай
эцсийн дүгнэлтгүй бөөрөнхийлсөн зүйлс бөөлжис цутгам урссан нь харамсалтай. Хамгийн
гол нь хоёр жилийн өмнө ёстой нөгөө халуун цэг дээр нь ярихдаа хэлж байсан үгнээсээ
зарим нь эрс татгалзаж, хэлсэн үгнийх нь шүлс хатаагүй шахам байхад 180 хэм эргэсэн
яриа өгч өөрөөсөө урвасан нь ичмээр. Чухамдаа энэ нь Монголд улс төржих гэдэг
нэгэн ноцтой эмгэг бий болсныг тайлбаргүйгээр хэлээд өгч байна. Баримт сөхье. Одоогоос
хоёр жилийн өмнө 2008 оны долдугаар сарын 4-ний өдрийн “Өдрийн сонин”-ы ¹160 (2924) дугаарт өгсөн ярилцлагадаа
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, эрүүдэн шүүлт хариуцсан мэргэжилтэн П.Оюунчимэг
“Бие махбодийн хувьд эрүүдэн шүүх явдал илт ажиглагдаж харагдсангүй. Учиргүй эрүүдэн
шүүж, уйлуулж, орилуулж, бороохойдоод байгаа зүйл харагдсангүй. Тийм болохоор миний хувьд тэнд бие махбодийн
эрүүдэн шүүлт алга байнаа л гэж байгаа юм” хэмээн мэдэгдэж байсан нь цагаан цаасан
дээр хараар бичигдэн ёстой нөгөө нотлох баримт болж үлдсэн байх юм. Тэгтэл саяхан
“Зууны мэдээ” сонин дээр өгсөн ярилцлагадаа тухайн хэлсэн үгнээсээ 180 хэм эргээд
“Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор олон хүнийг хоморголон эрүүдэн шүүсэн” гэж
хэлээд сууж байх жишээтэй. Үнэхээр тэгж эрүүдэн шүүснийг нь харсан атлаа тэр
үед нь өнгөлөн далдалж, худлаа хэлэхээс аргагүй байдалд хүрэх шалтгаан хатагтай
П.Оюунчимэгт байсан бол түүнийгээ илчлээд, өөрт нь дарамт үзүүлсэн хүмүүсийг нэрлээд
албан тушаалаа өгөх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл энэ эмэгтэй чинь ХЭҮК-ын гишүүн
төдийгүй өөрөө Эрүүдэн шүүх процессыг хянах үүрэгтэй дагнасан ганц мэргэжилтэн нь
биз дээ. Түүгээр зогсохгүй эрүүдэн шүүлт гэх хэлэхэд хэл халтирам нэр томьёогоор
докторын зэрэг хамгаалсан хүн гэдэг. Тэгэхээр олныг хоморголсон эрүүдэн шүүлт үнэхээр
тэнд байж, түүнийг та мэдсэн юм бол ажлаа хэр гүйцэтгэсэн нь тодорхой юм биш үү.
Жирийн сэтгүүлчийн бодлоор бол ингэх нь зөв юм шиг санагдаад байна. Тухайн цаг үед таныг зорьж ярилцлага авахдаа
бодит байдлыг олон нийтэд мэдээлэх гэсэн зорилгоо л сэтгүүлч бүсгүй урьтал болгосон
нь мэдээж. Харин хожмоо урьсан зочны хэлсэн үг эсрэг баримт болно гэж төсөөлөө ч
үгүй биз. Хэрвээ телевиз, радио байгаад фондондоо хадгалаагүй цалгардуулсан бол
өнгөрөө. Иймдээ л сонин гэдэг аугаа, цаасан
дээр хараар дурайтал үлдэж, баримт болдог
юм.
Үүнээс
гадна 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотойгоор Монгол Улсын байнгын ажиллагаатай
парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл зохих хууль хяналтын байгууллага
болон хүний эрхийн байгууллагын удирдлагууд оролцсон нээлттэй сонсголыг хийсэн
билээ. Тэр үеэр нөгөөх “хар мягмар гаригтай
“холбоотой өчнөөн зүйлийг ярьсан.
Бас
шүүх хуралтай төстэй мэтгэлцээн ч гэмээр, маргаан ч гэмээр сөргөсөн үг хоорондоо
хаяцалцаж, бараг хэрэлдэх дөхсөн дөө. Энэ нээлттэй хэлэлцүүлэг хэмээх үр өгөөж
нь тун ядмаг хэрүүл гэмээр хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин жинхэнэ “од”-оор тодорсон гэхэд хилсдэхгүй.
Түүний хэлж ярьж байгаагаас харахад ирэх 2012 оны сонгуульд долдугаар сарын
1-нээр “овоглох” юм байна гэдэг нь анзаарагдана лээ. Тэр үеэр өмгөөлөгч Пүрэвбаатар “Улсын Дээд шүүхийн Эрүүгийн
хэргийн танхимын тэргүүн Д.Батсайхан “Манай намын байрыг шатаасан нөхдүүдийг
өршөөж болохгүй” хэмээн улс төрийн байр сууринаас хохирогчдод хандсан” хэмээн
гомдоллож байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгээд зогсохгүй хэд хэдэн удаа хэлсэн тэр үгнээс нь болоод “Би
энэ хүнийг МАХН-ы гишүүнээ орхиогүй яваа хүн гэж үзсэн” гэж өмгөөлөгч хэлж байсан. Яахав, тухайн үед
өмгөөлөгч, шүүгч хоёрын хоорондын маргаан
газар авчээ гэж бодоод л өнгөрсөн хүн олон болов уу. Гэтэл энэ оргүй үг биш байсан
нь саяхан тодорхой болох шиг. Учир юу гэхээр УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн
Д.Батсайхан ойрмогхон нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Нээлттэй
хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч Цэнд-Аюушийн “ХЭҮК-ын дарга Д.Солонгын баривчлагдсан хүмүүсийн эрх зөрчигдөөгүй”
гэсэн мэдэгдэл үндсэндээ шүүгчдийн гарын авлага болж үүнээс болж шүүгдэгчдийн
ял хүндэрч байсан” гэх мэдээллийг” хүлээн зөвшөөрсөн төдийгүй “Бид тухайн үед бүх
телевизийн мэдээ, баримтуудыг нотлох баримт болгож хэргийг шийдвэрлэсэн шүү дээ.
Прокурорын байгууллагынхан ч мэдэж байгаа байх. Тэр баримтыг л түшиглэж шүүх
хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримтуудыг гүйцэтгэх албаны шугамаар олсон гэж
худлаа яриад яах вэ” гэсэн байх юм.
Үнэндээ
ХЭҮК-ын дарга Д.Солонго нь баривчлах байранд иргэдийг зодсон цохисон зүйл алга
байна гэж мэдэгдэж байсныг санаж байнаа. Түүнтэй хамт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны
дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Б.Батбаатар нар хүний эрх зөрчигдөж
байгаа эсэхийг биеэр очиж үзэж байсан билээ.
Хүний
хэлсэн үгээр гол нотлох баримтаа болгон хэрэг шийдвэрлэдэг болсон бол хяналт тавих
шатны шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрийн харьяанд байдаг доод шатны шүүхийн
алдааг засах үүрэгтэйн хувьд, мөн ЭБШХ-ийг ноцтой зөрчсөнөө хүлээн зөвшөөрсний
хувьд сайн дураараа ажлаа өгсөн нь өлзийтэй биз. Хүний хувь заяаг шийдэх нотлох баримтыг хэн нэгэн
дарга эмэгтэйн амнаас гарсан үгэн дээр тулгуурлан шийдсэн гэж хэлж чадаж байгаа
нь чухамдаа юуг илэрхийлээд байгааг хэлж таашгүй. Үүнийг шударга хэмээх тодотголтой
ардчилсан Ерөнхийлөгч анзаарч байгаа гэдэгт найдна.
Энэ мэтчилэн 2008 оны долдугаар сарын 1-ний хийрхэл улс төр,
хуулийн хүрээнийхнийг нэгэнт ховсдож эхэллээ гэдэг нь л хамгийн тодорхой болоод
байна даа. Цаашдын үргэлжлэлийг л харж байя.