Categories
редакцийн-нийтлэл

Суудал нь өнцөгдсөн генсекүүд

Цагаан
сарын шинэдээр манай­хан жилийн засал хийл­гэнэ гээд гандан хийдээр нэг бужиг­налддагсан.
Мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн, жил нь орсон гээд л эсэн бусын засал хийлгэдэг
уламж­лалтай. Сар шинэдээр ирэх жилийнхээ явдал сууд­лын  заслыг 
хийлгэхээс өмнө бар жилийн төгс­гөл хоёр намын ерөнхий нарийн бич­гийн дарга
нарт нэлээд хал­тай болж байна. АН, МАН хоёрын ерөнхий нарийн бичгийн дарга нарын
мэнгэ нь голлож,  суудал нь өнцөгдсөн бололтой.
Саяхан МАН-ын генсек У.Хүрэлсүх намын дарга­тайгаа сөрөн байж өөрийн­хөө улс төрийг
хийж НАМЗХ-ны залуусыг жаг­сааж орхилоо. Тэгээд санаа нь амарсангүй Н.Энхбаярыг
МАХН-ын Онц их хурал хурал­­дуулах нь хэмээн намаасаа хөөе гэсэн саналыг  С.Батболдод хэлж мөн л уурыг нь барлаа. Байдал
цааш яаж эргэхийг хэн мэд­лээ. Намын ахмадууд нь лав түүнд сургаал үг хайрлаж зан
авираа татаж, сэтгэл хөдлө­лөө дарахыг зөвлөсөн гэсэн. Гэвч тэрээр ямар ч асуудалд
нухацтай хандахаасаа илүү сэтгэл хөдлөл сэлэм эргүүл­дэг зангаа олон удаа давтвал
байдал хаашаа ч эргэж ма­гад­гүй болоод байгаа талаар МАН-ынхан шивэр авир гэх болсон. 

Гэтэл
АН-ын генсек Д.Эр­дэнэ­бат намын ээлжит бус их 
хурлыг хуралдуулахаар  тэм­цэл явуулахаа
илэрхийлсэн залуусыг хүлээж авахгүй бай­сан Н.Алтанхуягийг эзгүй хойгуур нь тэдэнтэй
уулзан ойлголцолд хүрсэн. Мөн на­мын даргынхаа дагаар орсон Хамтар­сан засгаас гарах
тухай ч хэдэнтээ санаа оноо­гоо илэрхийлж байлаа. Төд удалгүй Ардчилсан намын дарга
Н.Алтанхуяг генсек Д.Эрдэнэ­батаа солих нь гэ­сэн мэдээлэл улс төрийн хү­рээнийхний  дунд чих дамжин нислээ. Өмнөх орой нь өөдөөс нь
харж инээж суу­гаад маргааш өглөө ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтан­хуяг
зарлав. Хэдийнээс төлөв­лөгдөж бай­сан энэ арга хэмжээ өнгөр­сөн лхагва гаригт фракцуудыг
тус тусдаа хуралдахад хүргэв. МоАХ фракцийн зүгээс ерөн­хий нарийн бичгийн даргыг
өөрчлөх гэж байгаа талаар мөн түүний оронд 
Э.Бат-Үүл гишүүнийг дэм­жих ёстой ту­хай сэм тохиролцсон гэнэ. Гэвч Бат-Үүл
гишүүн намын дүрмийн хувьд ч, Улс төрийн намуудын тухай хуулиар ч  ерөнхий нарийн бичгийн дар­гын ажлыг хийх боломжгүй.
Харин үүнийг дүрэмд өөрч­лөлт оруулснаар шийдэхээр болов.

Ингэж
одоогийн ерөнхий на­рийн бичгийн дарга Д.Эр­дэнэбатыг унагахаар тохи­ролцогсод шийд­жээ. 

Ямар
ч байсан АН, МАН-ын генсекүүдийн суудал бар жилд өнцөгдөж. Туулай жил тэднийг ивээнэ
биз.   

Харин
аз нь шовойсон Э.Бат-Үүл зангаргаараа бол Н.Алтан­хуягийн ерөнхий на­рийн бичгийн
дарга байна гэхээр инээдтэй л байгаа юм. Намын дарга байх ёстой хү­нийг яах гэж
энд аваачиж хүлж байгаа нь бас анхаарал татах хэрэг. Нөгөө талаас харвал  С.Баяр, М.Энхболдтой на­мын даргын төлөө өрсөл­дөөд
ялагдсан атлаа ерөнхий нарийн бичгийн даргынхаа суудлаас алгуурхан барьцаа ахиулж
дараагийн Их хур­лаар намын дарга болж бай­сан удаатай. Э.Бат-Үүлийг доош орж намын
ерөнхий нарийн бичгийн даргын аж­лыг сонирхлоо гэж бодлоо ч алсдаа Н.Алтанхуягийг
зай­луулж намын дарга болох алхам нь байж болох юм гэж л С.Баярын М.Энхболдыг унагасан
сургамжит явдлыг  бодож  тайвшрахаас.

Бас
нэг зүйл нь Ардчил­сан нам ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо гэхэд өөр сонголт
байхгүй мэт  хамгийн ахмадаасаа сонголт хийсэн
нь  ч хачирхалтай.      

Одоо
угаас Ардчилсан нам, МАН хоёр үзэл бодол үйл хэргээрээ нэг их хол зө­рөхөөргүй болсон.
Ялгаа нь зөвхөн нам дахь боловсон хүчний насны л зөрүү. Нэг ёсондоо Д.Эрдэнэбатыг
Э.Бат-Үүлээр солино гэдэг нь өнөөдрийн өнцгөөс харахад  Ардчилсан намыг улам ух­ралт хийгээд байгааг нотлоод
байна. 

Намын
ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг гол 
хэлэлцэх асуудлаа болгосон АН-ын ҮЗХ-ны хурал МАХН-ын Онц их хурал болж буй
үетэй давхцаж байгаа нь Н.Алтанхуягт санал болгосон   МАН-ын удирдлагын зөвлө­гөө гэж хэлэх хүн олон
байна. Учир нь МАХН хэмээх  шүд­ний өвчиндөө
МАН зовиур­лан нойргүй хонох болоод  нэлээдгүй
хугацаа  өнгөрлөө. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж
Онц их хурлаа хийж буй МАХН-ын хурлыг саар­маг­жуу­лахын тулд намынхаа ҮЗХ-ны хурлыг
саармаг­жуу­лахыг ийнхүү Н.Алтанхуягт санал болгосон нь энэ. 

Энэ
мэтээр  АН,  МАН хоёр үй зайгүй нөхөрлөж болоод байгаа хэрнээ
нам дотроо бол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг нь хачин.

Гэвч өөр өөр үзэл баримт­лалтай намууд нөхөрлөж найзалж байна. Найзан дун­даа тохиролцож байна. Ха­рин дотроо толхилцож, хага­ралдаж байна. Үр дүнгий нь  ирэх сонгууль харуулна.

Categories
редакцийн-нийтлэл

Энхбаярыг НАМНАХ нийгэм дэх их ав

Хэдэн жилийн өмнө юмсан. Редакцийн их ажлын
заваар “Өд­рийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ж.Мяг­марсүрэнгийн өрөөгөөр орж цай уун дэмий
юм ярин сууж байтал хаалга тас саван Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэн­жаргал
орж ирэв. Тэрбээр манай Угтаалын унаган хүүхэд бөгөөд бид багадаа нэг дор өссөн
улс билээ. Түмээ гавьяат энэ удаа нэлээд бухим­дуу ууртай явж байв.  Энэ нь манай сонинд нийтэл­сэн нэг материа­лаас
үүдсэн байжээ. Бид түүнийг “Түмээ ах” гэж авгай­лах. Түмээ ах уурла­хаараа  тас ширвэн шилбэлздэг, бас яагаад ч юм манай сонины  Ерөнхий эрхлэг­чид гомор­хон айл­гадаг зантай
билээ. Харин сайхан зантай үедээ марзан мар­зан хууч ярин элэг хөшөөчихөө алдана.
“Хэн гуай намайг бага байхад тэгж хэлдэг байсан юм. Тэр үед нь би шоолоод л байдагсан.
Одоо бодож байхад тэгж хэлсэн үг байж” гэж ирээд л алхам тутамдаа нээлт хийн монгол  үгийг тал талаас нь тайлан өдөр бүр оролдож  байдаг зантай. 

Энэ удаа тэрбээр ууртай шил­бэлз­сээр орж
ирлээ хэмээн дээр дурд­сан. “Чи ганц удаа ч болтугай  манай даргыг муу хэлэлгүй өнгөрч чадсангүй юу.
Хаа хамаагүй бо­лоод өнгөрсөн “Болор цом”-ын тэмцээн Энхбаяр даргад ямар хамаа байна
аа” хэмээн  Ерөнхий эрхлэгчид хандан мэн­дийн
хариу­гүй үглэж эхэлсэн юм.  Энэ цаг дор манай
Түмээ ах Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын зөвлө­хөөр ажиллаж байлаа. Болор цом дөнгөж
болоод өнгөрсөн байсан. Уг тэмцээнд Ж.Мөнхбат 
гэдэг залуу гэнэт гарч ирэн түрүүлж шуугиан тарьж бай­сан цаг аа, тэр үед.
Тэр залуу МАСЗХ-ны гишүүн бөгөөд Ерөн­хий­лөгчид ид хүчээ өгөн зүт­гэж,  нөгөөдөх нь ч мөнгө төгрөг, эрх мэдлээрээ “Болор
цом” наадамд түрүүлүүлж шоу хийн гайхуулж байсан үе л дээ. Бас дээр нь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр өөрөө очин шагналыг нь гардуулж өгч байсан. Үүнийг л манай сонин  “Энхбаярын оролцохгүй юм гэж байхгүй боллоо. Одоо
байчихаад “Болор цом”-д хүртэл оролцож  өөрийн­хөө
хүнийг мөнгө өнгөөр түрүүлүүлж байна” хэмээн шүүм­жилж бичсэн юм. Хүн толгойтой
болгон нь Энхбаяр даргаа хэмээн мөлхөөд гүйсэн, түүнийг шүүмжлэн хэлэлцсэн болгон
нь эргүү тэнэг мэт үзэгдэн нийгмийн дайснаар тодордог хүнд үе байсан. Түүний хаанчлал
ид бүрэн хүчин чадлаа­раа ажиллаж, хаант засаг тогтоход ойрхон болж цорын ганц хаанаа­раа
Энхбаярыг сонгоход ойрхон очсон цаг байлаа. Энэ хүнд цаг үед  энэ том дарагуйлагчийн өөдөөс  үнэн үг хэлж шүүмжилж чаддаг ганц сонин нь манай
“Өдрийн сонин” байсныг одоо эргэн дурсахад сай­хан байдаг юм.

Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсү­рэн “Танай даргыг
шүүмж­­лэхгүй байж бололгүй яахав. Танай Энх­баяр чинь энэ ард түм­нийг тэнэг гэж
боддогоо болих хэрэгтэй шүү дээ. Сая “Болор цом”-оор юу болсныг хүн бүр л мэдэж
байгаа. Харин айгаад ч юм уу долигоноод л хэлэхгүй байгаа боло­хоос. Бас дээр нь
нэмж хэ­лэхэд одоо улыг нь долоочихоо алдаад гүйлдэж бай­гаа энэ дол­дойнууд чинь
цагаа болохоор хаяад гүйнэ дээ. Хаяад гүйхээр барахгүй бүүр тал талаас нь боор­лож
барьж иднэ гээч. Ашиг­гүй болохоор нь буюу албан ту­шаа­­лаас нь буусан хойно хэн
ч түүнийг тоож харахгүй. Бүүр доли­гонож байснаа нуугаад, тэгж байс­ныг нь хүн мэдчих
вий гэсэн дээ тасдаж иднэ гээч. Тэр үед л танай даргыг өмөөрий дөө. Тэгээд ч нийгэм
тэр аяараа үзэж чадахаа болих цагт бид л түүнийг өмөөрч дуугараад ад үзэгдэх байх
даа” хэмээн тоглоом болгоод өнгөрөөж байсан юм. Түмээ ах ч тэгэс ингэс­хийгээд тайвшран
гаргах гэж бай­гаа но­мынхоо тухай хүүрнэн 
хууч дэлгэж байсансан.

Энэ үйл явдлыг эргэн санаг­дуулах үйл явдлууд
“гурав дахь” Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг албанаасаа буус­наас хойш олон­таа тохиол­дож
байгаа нь сонин. Тэр үед яригдаж байсан ярианууд яг л бодитоор биелэгдэж эхлэх нь
тэр. Энхбая­рыг алба даягтай бай­хад нь яаж уралдан долигонож байлаа, одоо яг түү­нийхээ
эсрэг хэн нь түүнийг илүү сайн муу хэлж чадах вэ гэсэн уралдаан зарласан мэт шороо
самардан цацаж байна. Түүний эсрэг. Нэгэн цагийн шүтээн явсан түүнд энэ бүхнийг
тэсвэрлэн давж гарах нь ямар хэцүү байдаг бол. Хүнийг ингэж элдэв дээдээр элэг­лэн
гутаах кампанит ажил зохион байгуулах нь арга үгүй л коммунист угшилтай хүмүүсийн
зан гэж манай үеийн нэрт нийтлэлч Баабар хэл­сэн нь үнэхээр аж. Ерөнхий сайд Сү.Батболд
түүнээс салдаггүй анд нөхдүүд явсан. Нөгөө манай сонин дээр гарч, Түмээ ахын өмөөрч
бидэн дээр давхиж ирэхэд хүргэж байсан Ж.Мөнхбат нь хүнээс дут­чих­вий гэсэн шиг
сонин­оор хуучин даргаа гутаан дээрэлх­сэн. Хаяж л орхих­гүй, залуу хүнд ийм юмыг
нүдээ аниад өнгөрөө­чихдөг юм гэж хэлж өгсөн хүн байхгүй байгаа л даа. Гэхдээ үүнийг
заавал хүнээр хэлүү­лэх юу байхав. Өөрөө л мэдэх хэрэгтэй.

Түүнийг тахин шүтэж явсан бүхий л нөхдүүд нь одоо нэг нэг­нээсээ
өрсөн түүнийг гутааж байна. Энэ нь эргээд нийгэмд, монгол­чуудын ёс суртахуунд асар
муу нөлөө үзүүлж байна. Монгол хүн гэдэг ямаршуухан зан сурта­хуун­тай байх ёстой
вэ гэдгийг нийгмийн элит хэсгийнхний гаргаж байгаа зан авир тогтоож өгдөг. Тэгвэл
нийгмийн нэр цуутай гэсэн болгон нь ийм адгийн урвагч сурта­хууныг сурталчлаад байхад
нийгэм юу гэж ойлгох вэ. Урвалт бол байж боло­хоор барах­гүй зан суртахууны зайлшгүй
байх ёстой үзэгдэл гэж ойлгодог юм байгаа биз дээ. Ний­гэм дэх Н.Энх­баярыг намнах
их авыг харж суу­хад манай эрхлэг­чийн “Цаг нь болохоор бид л ний­гэмд өмөөрч дуугарах
байх даа” гэж хэлж бай­сан үг санаанд орох юм. Ингээд нэг өдөр түүнээс “Энэ Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярыг өмөөрөх цаг нь ирж байгаа бус уу. Муу ч сайн ч Монгол төрийн тэргүүн  байсан хүн. Одоо бүүр байчихаад хувийнхаа мэдлийн
хэвлэл дээр юу бичихийг нь зааж зааварлан, түү­нийг нь хөндлөнгийн хүмүүс их л бах­тайгаар
өөгшүүлж байна. Бид ард­чилалтай оронд байна уу үгүй юу” хэмээн асууж билээ. Тэгэхэд
Ерөн­хий эрхлэгч Ж.Мягмарсүрэн надад “Адилхан хэвлэлийн сал­барт ажил­ла­даг хүний
хувьд, дээр нь Засгийн газар УИХ-ын эсрэг хатуу шүүмж­лэл өрнүүлж байгаа­гийнх нь
хувьд өмөөрөх цаг болж байна. Харин ганц юм л санаа зовоогоод байх юм. Иргэншиж
өгөхгүй нь, жирийн сайхан иргэн болоод үнэн үгийг нь улаан нүүр дээр нь хэлээд явж
байхгүй нь хэцүү юм. Өөрийгөө хэд дэх ч гэнэ үү Ерөнхийлөгч гэж зарлаад л үзээд
байх нь төвөгтэй байна. Бид энэ төр засгийг шүүм­жилж байгаа дээр нь нэг фронт болон
зогсох хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийг шүүмжлээд бай­гаа нь зөвхөн ялагдсан хон­зонгоо
муу хэлж байж л тайлж байгаа явуургүй арга гэдгийг нь өдий олон жил хэвлэл мэдээллийн
салбарт ажил­лаж байгаа хүнийхээ хувьд  ялгах­тайгаа
байна” хэмээн хэлсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

Тоох тусам чинь том болоод байна, наад Н.Энхбаяр чинь

Шидийг олоод нисэхийг шахав… Шог зургийг С.ЦОГТБАЯР

-Н.ЭНХБАЯРААС ЖИЖИГХЭН МАН-

Иргэн Н.Энхбаярыг  мө­рөөрөө лааз өшиглөөд явж байхад нь өдөөд бай­на шүү дээ, МАН-ынхаан. Н.Энхбаяр хороо най­руулж, ховоо хутгаад явж л байг. МАХН-тайгаа үл­дэнэ гээд манаргана уу, маниасаа гуйгаад явна уу тоохгүй л хаячих ёстой байсан юм. МАН-ынхан айж байгаагаа мэдэгдээд, бүгдээрээ нийлээд гар хөлийн үсэг зураад тоох тусам чинь том болоод байна ш дээ, цаадах чинь.

Тийм л агуу түүхтэй намын том дарга нар юм бол ганц муу иргэнээсээ айж сандарч, гарын үсэг­тэй бичиг шидээд бай­гаа нь хэнд ч инээдтэй  бай­гаа юм. Тэгэхээр нөгөө Н.Энхбаяр нь “Унтаж бай­гаа барыг сэрээлээ шүү” гэх маягийн үг хэлээд улам том болоод байх юм. Нэг ёсондоо шууд хадан­даа авирч байна. Н.Энх­баяр “Албан тушаал со­нир­хохгүй. Бүгдийг хийж үзсэн”  гээд байсан.  Хүсч байгаа ч аргаа барсан хүний л үг. Гэтэл МАН-ынхан дөгөөгөөд л. Ингэж дөгөөснөөрөө шинэ од хүртэл төрүүлж, Ц.Шинэ­баярт хайртай олон хүн бий болголоо. Одоо яая гэхэв. Ц.Шинэбаяр гэдэг нөхөр Н.Энхбаярыг харж жижигрээд байгаа МАН-аар ёстой даажигнаж бай­­на. Түүний ч зөв. МАН гэдэг намд орохгүй, ороо­гүй гээд байхад нь “Ма­най намаас зайл” гэдэг нь ч бас арга ядсан арчаагүй арга л даа. Хүн өөрийнх нь гэрт  тоож хөл тавихгүй гээд байхад  “Манайхаас зайл” гэх нь угтаа тэнэг үйлдэл. МАН-даа ороо­гүй өөр гишүүдийг ч,  МАН-ыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдээ ч “алах” гэхээрээ яадаг юм. Энэ янзаараа сонгуулиар МАН-ын эсрэг санал өг­вөл ард түмнээ дэлбэлж мэдэх нь.

Уг нь бол Н.Энхбая­рыг тоохгүй байх улс тө­рийн бүх нөхцөл бүрэлд­сэн байсан. Н.Энхбаяр харин улс төрөөр өөрөө оролдоод байсан юм. Гэтэл тоосноосоо болоод “Улс төрөөр оролдохгүй гэхээр улс төр надаар оролдоод байна” гэж хэ­лэх хүртэл нь  боломж  өгч бөөн далим цаад нөхөр­төө олголоо. Мөн түүнд хаягласан захидалд га­рын үсэг зурсан зарим нөхөд хүнийхээ хувьд тун муухай юм их хийж байна. Цагтаа хаал­ганых нь хатавчинд сууж, дохио зангаагаар нь хө­дөлж явсан  нь холгүй хаа газар дагаж явсан нөх­дүүд нь одоо хуншгүй зан гаргаж байна л даа. Ичих ч үгүй гарын үсгээ па­лийлгасан байгаа юм. Цаад нөхөр нь дургүй хүрмээр дарлаж хаан шиг байсан үе байсан л байх.

Өөрөө ч улс төрд хө­төлж оруулж ирсэн нөх­рөө мартдаг муу зантай. Тэглээ гээд тэрний зин­даанд л байна гэдгээ Ё.Отгонбаяр, Д.Идэвхтэн, М.Энхболд нарын нөх­дүүд харууллаа. Дайраад давшлаад, хүний олон хүнээ барьж идэх гээд байгаа болохоор ба­риулж идүүлэх гэж бай­гаагаасаа барьж идэх гэж байгаа нь зэвүүн хараг­даад байна.

Н.Энхбаярт дургүй
хүн олон. Цагтаа зөндөө муу­хай юм хийсэн. Түүнд тоож захиа бичээгүй бол өөрийнхөө хийсэн нүг­лийг өрөөлд
наагаад то­морч суухгүй байлаа.
Асуу­гаад байгаа авлига хээл хахууль, ажилгүйдэл,
ядуурал зэрэг нь жил ха­га­сын өмнө  улс төрөөс хөөгдсөн
түүнд бас хамаатай.

Бүр хамаатайгаас илүү хамаа­тай. Энэ бүхний суурийг тавьсан, бий болголцсон хүний нэг яалт ч үгүй Н.Энхбаяр. “Ард түмэндээ өрөө төлөх үү, үгүй юу” гэж асуусан байна лээ, хариу захиандаа. Аль өрөө асуугаад байгаа юм, хэн мэдэхэв. Уг нь өөртөө ч гэсэн энэ асуултыг тавих ёстой. Төлөх ёстой бол олон өр бий.  Төлөлцөх хүн нь бас  Н.Энхбаяр. Монгол Улс Н.Энх­баярын үед хангалуун сайхан цатгалан байж байгаад өнөөдөр гэнэт ийм болсон биш. Түүнээс хойших жил хагасыг бусдад тохлоо гэхэд өмнөх олон жилийн гай барц­дыг үүрч, төлөлцөх ёстой нэгэн. Авлига хээл хахууль ч гэсэн хэний үед ид хүчээ авч байсныг Н.Энх­баяр мэдэж л байгаа.  Харин МАН-ынхан ганц Н.Энхбаярт дэндүү анхаарал хандуулж, бүг­дээр бүг­дээрээ нийлж захиа бичээд байгаа­гаараа түүнд хайртай болох хүмүү­сийн тоог нэмээд байна. Хамтдаа асуудлаа шийдье хэмээн гуйгаад байгаа дээр нь одоо л амыг нь асуугаад буулгаж авдаг цаг биш үү.

Ядарч яваа хүнийг өрөвдөх сэтгэл монголчуудад бий. Бүгдээ­рээ дайраад аархаад байхаар чинь ард түмэн, хэвлэл мэдээлэл аяндаа түүнийг өрөвдөөд талд нь зогсоод байна. Тэгэхээр ганц хү­нээс айгаад байгаа МАН Н.Энхбая­раас жижигхэн болж таарч байна.  

МАН гэдэг бүхэл бүтэн намын дайсан нь ганц Н.Энхбаяр юм бол тэр том л юм байна. Том болж дээшээ өгсөх шатыг нь өөрсдөө тавьчихаад дараа нь орой дээр чинь гараад суувал олон юм ярих хэрэггүй.

МАХН-тайгаа үлдэнэ гээд бай­гаа олон зуун мянган гишүүнээ бүгдийг нь Н.Энхбаярын дохиогоор хөдөлдөг гэж зүхээд доромжлоод байхаар наашаа гэхээсээ илүү цаашаа явах нь олон болжээ. 1990 онд Сүхбаатарын талбай дээр Ц.Элбэгдорж “Өөрөө сайхан амь­дарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм” гэж хэлж байсан санаг­дана. МАН яг л тийм коммунист үнэр нэвт ханхлуулаад байна. Өөрсдөө өрх тусгаарласан бол өрөөл ард түмнээ дорд үзээд байх ямар хэрэг байнаа. 

Хувь хүнийхээ
хувьд Н.Энхбаяр том, жижиг ямар ч байж болно. Харин түүнийг том болтол нь жижиг­рээд байгаа нам л илүү өрөвдмөөр дүр төрхтэй
харагдаж байна. Хэн  дуртай нь, бүр НАМЗХ-ны хориод­хон настай жаалууд
хүртэл “Н.Энх­баяр хэн бэ”
гэж дураараа орилдог болж. Тэгэх тусам түүний
уур хүрч шидийг олж байна.
Тоовол тоосон шиг тоогоод, тоохгүй
бол хаяж орхихгүй бол цаадахыгаа
ямар мэдэхгүй биш дээ, МАН-ынхаан.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-д “Дөрвийн бүлэг” мэндэллээ

Өнгөрсөн баасан га­ри­гийн орой 20 цагийн үед МАН-ын дөрвөн ги­шүүн
намынхаа дарга, гүйцэтгэх
засаглалын тэр­гүүн
С.Батболдод нэгэн бичиг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд шуу­гиан тарьж байна. Уг бичиг  МАН-ын удирдах түвш­ний зарим хүний
уур унтууг хүргэж, омгийг
нь бадраасан, харин  энгийн гишүүдийн жинхэнэ загат­на­сан
газар мааж­сан явдал болсон юм. УИХ-ын гишүүн
Д.Бал­дан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн,
Д.Тэрбиш­даг­ва нарын дөрвөн гишүүн намынхаа дарга хийгээд журмын нөхөр танаа хэмээн онцолж ирээд үзэл бодлын зөрүү­тэй хүмүүсийг адалж бус зохицож
амьдардаг үе гэдгийг ил
захидлынхаа өмнө сануулжээ. Тэд нэг намын үзэл бодолтой нөхдөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр төлбөр төлж
байгаад газар дор ортол муулж байгаа яв­далд харамсч байна гээд нэг ч гэсэн хүнийг намдаа тогтоож  чадах нь 
чухал гэжээ. Мөн
иймэр­хүү за­хиал­гат гүтгэлэг нь на­мын нэрийг солихгүй байх, намын шинэчлэ­лийн
талаар сэтгэл дун­дуур явдаг, тэдэнтэй адил­хан бодож сэтгэж яваа олон мянган
гишүү­дийг хам­руулан
дайрсан хэрэг болно гэсэн нь тэд өөрс­дөө ч дээрх үзлийг дэмж­дэг гэдгээ зарласан
хэрэг болов. МАН болсон  намд Ху
нэртэйгээ үлдэ­хийг хүсэгчид УИХ-д гэхэд
Ц.Шинэбаяраар тогтох­гүй
гэсэн яриа эртнээс байсан. Ийнхүү
дээрх  яриаг баталж УИХ-д МАХН-ын
Ц.Шинэбая­раас гадна МАН-ын “дөр­вийн
бүлэг” гэгч  мэндэл­лээ. Энэ дөрвийн бүлэг
найм болж УИХ-д бүлэг
байгуулах хэмжээнд хү­рэх
үү гэдгийг хараад сууж
байх үлдэж байна. Ямартай
ч ах намынхны зангидсан гар шиг байж чаддаг гэсэн саяхныг хүр­тэл уламжлагдаж ирсэн
ойлголт  нуран унасан нь тодорхой болж
байна. Дотроо үүссэн
утааг га­дагш­луулахгүй
гэж МАН-ынхан хэт хичээж ирсэн нь нэгэнт гал болон ма­налзсан, одоо бүр түймэр болж дүрэлзэж
байна. Дээрээс нь МАХН гэсэн нэрийг алдахгүй
гэсэн муур, хулганын тог­лоом хийгээд Улсын Бүрт­гэ­лийн
газрынхан­тай хий­сэн тэнэг өрөг нь нийгэмд бүр инээдтэй байдлыг бий
болгочих­сон. Үнэ­нээр нь
хэлбэл МАН-ын дотоод тэмцэл нэгэнт олны нүдэн
дээр тоглог­дох жүжиг
болж, удирд­ла­гуудынх нь хянал­таас гарчихлаа. МАХН гэсэн нэрийг эсэр­гүү­нүүдэд өгөхгүй гэж арван залуу ерэн нэр авсан нь нэмэр ч
болсон­гүй. АН-ынхан хэрүүлтэй уруултай гэдэг байсан
бол одоо МАН нь зодоон­той нүдээнтэй
болов. Харин АН-ынхан Засгийн эрхийг давхар барилцан­гаа “Монгол хүн 2020 он” гэсэн хэлэлцүү­лэг энэ тэр хийсэн шигээ
амжуулж явна. Одоо АН-ынхан зодоонтой биш МАН-ынхан дайнтай бо­лох цаг иржээ.
Намынхаа нэг ли­дер Н.Энхбаярыг намаа­саа зайлуулах гэж хэт мэрийн оролдсон
МАН-ын удирдлагуудын төлөв­лөгөө
нь өнөөдрийн хямралыг нэгэнт
дагуулах нь тодорхой байсан юм. Н.Энхбаярын сахалт ут­сан хүүхэлдэй хэмээн шог­­­луулж
байсан Ц.Шинэ­баяр тайзан дээр ганцаараа биш болох нь батлагдлаа. Нэгэнт өрөг ийм дээрээ тулсан бол “дөрвийн бүлэг”
ингээд зогсохгүй нь хэнд
ч то­дорхой байгаа юм.

Хятадад Соёлын хувьс­галын дараа хүчээ авсан Дөрвийн бүлгийн тухай манайхан санаж л байгаа байх. Мао Зэ Дуны сүүлчийн эхнэр Жян Чины толгойлдог уг бүлэгт Мао үзлийн хэт дэмжиг­чид болох улстөрч, онолч, зохиолч хэмээгд­дэг Жан Чунчао, ком­му­нист намын дээрээсээ гурав дахь болж асан Ван Хунвен, Шанхайн гол со­нины эрхлэгч Яао Вэн­юань нар байсан юм. Тэд Соёлын хувьсгалын үеийн хийрхлээсээ гарч чадахгүй, эрх мэдлээ ашиглан бужигнуулдаг байсан тул дөрвөн дээ­рэмчний бүлэг ч гэж бай­лаа. Маог нас эцэслэсний дараа төрийн эрх мэд­лийг залгуулах гэж үзээд бараагүй улмаар төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд болж ял хүлээсэн. Мао Зэ Дун хүртэл “Эрх мэдлийг дээрмийн аргаар ху­римт­луулах гэж бүү оролд” хэмээн тэдэнд сануулж байсан гэх бөгөөд дөрвөн дээрэмчний бүлэг гэсэн нэрийг Мао өгсөн гэдэг.  Дөрвийн бүлэг үүссэн түүх ийм. Харин  манай  дээрх дөрвөн гишүүний үйлдлийг  Монголын улс төрд шинэ зууны “Дөр­вийн бүлэг” мэндэллээ хэмээн улс төр ажиг­лаг­чид нэрлэж байна. Дэг журам, намын бодлого гэж их ярьдаг намынхаа удирдлагуудын дарамт шахалтаас ч эмээхгүй зоригтой дуугарч байгаа тэдний эр зоригийг үнэ­лэх хэрэгтэй.  Ямар АН-ын гишүүд биш МАН-ын гишүүд шүү дээ. Дээрээс нь гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод хан­дан байгуулагдсан ца­гаасаа эхлээд сайхан болгоод өгнө гэж амла­сандаа хүрэхгүй байна хэмээн хатуу сануулж, экс дарга С.Баярынхаа стан­дарт бус аргаар байгуулсан Засгийн газар нь стандарт бусаар асуу­далд хандаж ирснийг шүүмжилсэн байгаа юм. Тэд намынхаа эв нэгдэл хийгээд улс эх орны яз­гуур эрх ашигт нийцэх гурван шаардлагыг тавьсан билээ. Түүнийг биелүүлэх эс биелүүлэх нь дараагийн асуудал. Харин хамгийн эхний тай­лал бол УИХ дахь МАН дахь эсрэгчүүдийн бүлэг нэгээр тогтохгүй болжээ гэсэн баримт юм. Одоо энэ дөрвийн бүлэг дээр архаг эсэргүүн Ц.Ши­нэбаярыг нэмбэл тав болно. Тав гэдэг нь бүлэг байгуулах найман хүний тавиас илүү хувь нь гэсэн үг.

Дээрээс нь үзэл бод­лоороо тэдний чигт байх гурван хүнийг ядаж зо­вохгүй олчихож болно. Хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж бай­сан хүмүүсийг тоолоход л бүлэг үүсчихэж байгаа юм. Ц.Батбаяр гишүүн бол сая намынхаа эсрэг нэлээд хүчтэй дуугарсан. Харин тал талаас нь нам­наад одоохондоо дуугүй болчихсон байгаагаас биш. Намаасаа томи­логд­сон сайдыг огцруу­лах саналыг гаргаж  бай­сан Ц.Батбаяр гишүүн хэзээнээс ийм юмнаас айдаггүй. Хотын даргын суудлаас нь хууль бусаар буулгалаа гэж  МАХН-аа  шүүхэд өгч явсан  цөс ихтэй эр.  Мөн дарамт­луулж, дээрэлхүүлж яваа Ц.Шинэбаярынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ хэдийнэ зарласан Э.Мөнх-Очир гишүүнийг ч бүлэгт багтаан харж бол­но. Тэр “Ц.Шинэбаярыг дарамтална гэдэг бид­нийг дарамталсантай адил” хэмээн хэлж байсан удаатай.  Дээр нь  “Наран­туул” захын гэх тодот­голтой Ш.Сайхансамбуу гишүүн ч дөрвийн бүл­гийнхний ард жагсч бай­гаа гэх. Намын дарга удирд­лагадаа тал заса­хыг мэддэггүй түүнийг өнөөх дөрөвтэй нэгдсэн байхад хэн ч гайхахгүй. Ийнхүү УИХ-д МАХН-ын шинэ бүлэг үүсэн бий болоход бэлэн болжээ. Цаад эзнийг хүмүүс таа­варлаж байгаа нь мэ­дээж. Энэ бүлэг бол Зас­гийн эрхийг авах бүлэг мэндэлж байна гэдгийг улс төр ажиглагчид хэ­дий­нээ зарлаж эхлээд байна. Энэ бүлэгтэй хэл амаа олж чадсан нам л Засгийн газраа бай­гуулж чадна гэдгийг тэд хэлж байгаа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Зуд болоход эхлээд хүн дараа нь бусад нь

Уул нь бид чинь хүнээ дээдэл­сэн, оюун ухаан суу билгийг нь шүтэн биширч, хүндэтгэн хайрла­сан хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үүгээрээ ч бахарх­даг. Гэтэл өнөө хүнээ дээдэлдэг нийгэм маань малаа дээдэлдэг малынхаа өмнө сөхөрчихсөн, нэг эргүү хурга мажийхад эмгэнэн гашууддаг болжээ. Малын буян их л дээ. Гэхдээ яаж ч бодсон ухаант хүнтэй харьцуулж болмооргүй санагдаад байгаа юм. Манайхан болохоор мал мал л гээд байх. Зуд боллоо өнөө хэдэн мал минь гэнэ. Амьд мэнд онд ордог байгаа даа гэж дээд доодгүй санаа зовно. Цаана нь хүн яаж зовж зүдэрч, туйлдаж байгааг анзаарч санаа тавьж, сэтгэл гаргаж байгаа нь нэгээхэн ч үгүй. Ийм ядмаг сэтгэл­гээтэй, ухаант хүнээ ухна ишигнээс дорд үздэг болохоор нийгэм маань хаана хаанаа ой гутмаар болоод байгаа юм. Олон аймагт зуд нүүр­лэж, өвөлжилтийн байдал хүндэрч гамшгийн хэмжээнд хүрлээ гэсэн мэдээлэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирж, яамны нөхдүүд сандралдаж, төр засагтаа дуулгаж, онцгой комисс нь яаралтай хуралдаж онц байдал зарлаад сүйд. Энэ нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж, өнөө жил л гэнэт өвөл цас орж байгаа биш юун сүржин юм гэх бодлыг төрүүлээд байгаа. Ингэж бодох нь арга ч үгүй юм аа. Хөдөөд гамшиг боллоо гэхэд сайндаа хэдэн мал цасанд даруулна л биз дээ. Ер нь хэдэн мал зуданд мажийх, за тэгээд хашаа хороо, малын нэмнээ зэрэг нь хүнийхээ дараа орох хоёрдмол асуудал. Харин Улаан­баатарын иргэд өдөр бүр гамшиг­тай тулгарч байна. Хотын утаа, эх захгүй архидалт, замын бөглөрөл гамшиг биш гэж үү. Их хотод аж төрж байгаа олон хорт утаагаар амьсгалсаар амьд явах боломжоо алдаж байгаа. Шинэ төрсөн хүүх­дүүд Монголын эмгэнэлт нийгэмд хичнээн жил наслахаар ирж бай­гааг үнэндээ таашгүй. Онцгой комисс хорт утааны, эх захгүй архидалтын эсрэг онц байдал зарлаж, хотынхоо иргэдийг жин­хэнэ “зуд”-наас салгах тал дээр анхаарвал зохилтой юмсан.

Чоно хүртэл осгож үхмээр идэр есийн тэсгим хүйтэнд орон гэргүй хүмүүс нэг муу уранхай пүүзтэй орцонд хоноглож байна. Тэд хүний шаарууд л даа. Гэхдээ хүнлэг сэтгэлээр хандаж, өнөө малдаа тавиад байгаа анхаарлаа тэдэнд бага ч болов хандуулах аваас наад зах нь архидан мансуурах нь багасч, улмаар зөв сайхан амьд­рахыг бодож эхлэх бус уу. Ямар ч хүн хүний хайраар, энэрэл нигүүл­сэнгүй сэтгэлээр дутдаг. Орон гэргүй тэнэмэл нөхдийг шууд ажил­тай амьдралтай болгочих гэж бай­гаа юм биш л дээ. Гол нь өдөр бүр сэтгэл хандуулаад, бага багаар нөлөөлөөд байх нь чухал.

Тэгэхээр малдаа биш хүндээ анхаарал хандуулдаг, хөдөөний бус хотын “зуд”-тай хатуу тэмцдэг, урьдчилан сэргийлдэг, өвөлжөөн­дөө байгаа хурга ишгэнд нэмнээг нь бэлдэж явуулахаас өмнө, өв­лийн хүйтэнд осгож үхэж байгаа нэгнээ боддог болмоор байна шүү дээ.  

Хурга ишгэнд нэмнээ хүргэнэ гэснээс нэг зүйлийн талаар саналаа хэлэхийг хүслээ. Манай төр засаг малчдын хотонд өвс хүргэж өгөн мал сүргийг нь ма­жийхаас сэргийлдэг хэрнээ хотын захын дүүргийн айлын хашаанд бензингүй зогсож байгаа машинд яагаад шатахуун хүргэж өгдөггүй юм. Хавар мал төллөхөөр очиж бөөцийлөх нь холгүй байдаг байж хэн нэгэн иргэний хашаанд дөрвөн дугуйгүй хэвтэж байгаа тэргийг нь босгоод өгөх тал дээр анхаардаг­гүй юм бол оо. Яагаад ийм ялга­вартай ханддаг юм бэ? Мал тухайн малч­ны хувийн өмч, машин ч гэсэн адилхан хэн нэгэн иргэний хувийн л өмч биз дээ. 

Ер нь зуд турхан гэх нэрийн дор хэдэн мал боддог өрөвдмөөр сэт­гэл­гээнээсээ болж бид дандаа алддаг. Ганцхан жишээ татахад одоогоос арван жилийн өмнө яалаа. Их хурлын гишүүн Ш.Отгон­билэг тэргүүтэй гадна дотны олон сайхан иргэд нэгэн малчны гадаа нисдэг тэрэгтэйгээ осолдож амиа алдацгаасан. Тэдгээр эрхмүүд ердөө зудаас болж, хэдэн малаас болж хорвоог орхисон билээ. Ганц­хан зуд гэлтгүй үер, түймэр гэх байгалийн гамшиг тохиолдоход хүнээ боддоггүй. Дандаа бусдыг боддог. Хүний амь нас эрсдэхэд бид юугаар төлөх билээ, хэдэн мал үхэх юм уу, тэнд нэг ой шатахад нөхөн сэргээгдэж болно доо гэсэн ухаалаг шийдвэр Монголын төрд алга. Ийм ухаалаг шийдлийг бий болгохгүй бол ганц мод шатах, ганц модон гүүр усанд автахын өмнөөс хүний алтан амь үгүйрсээр байх нь ээ. Үүнтэй уялдуулж бас нэг жишээ иш татъя л даа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр унтраах нэрээр онцгой байдлын аврах залуучууд амиа алдсан даа, хөөрхий. Усан бороонд унтарч байгаа түймрээс болж шүү дээ. Ингээд бодохоор цас зуд, байга­лийн гамшгийн үед эхлээд хүн дараа нь бусад нь гэх ойлголтыг ягштал мөрдөх нь зүйн хэрэг байгаа биз.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Эрх баригчид мэдээллээ хааж байгаад сэтгүүлчид буруутай

Бидний хэдэн сэтгүүлчдэд хийх ажил мөдхөн олдохоо болих нь байна даа. Энэ маягаараа бол Их хурлын хамгийн гол үйл явдал өрнөдөг байнгын хороо хаалттай боллоо. Мэдээллээ хаасан юм гээд уншигчид мэдээлэл авахгүй суу­гаад байхгүй. Тэд харин бүр ч илүүтэй хаалттай хуралдаанаар  чухам юу хэлэлцэв хэмээн  сонир­хох болно. Хортой алим хамгийн амттай гэдэг  биз дээ.  Тэгээд олон түмэн уншигчдадаа яаж мэдээлэл хүргэх вэ.  УИХ-ын  байнгын хороон дарга гэж  хүмүүс мэддэггүй албан тушаал бий. Тэнд очсон нөхөр “Өнөөдөр байнгын хороогоор тийм юм хэлэлцлээ” хэмээн дуулгаж байх болсон. Хүссэн хүсээгүй түү­ний л үгийг  дамжуулаад сууж байх болно.

Бас болоогүй ээ. Тэр байнгын хороон даргын дургүйг хүргэсэн сэтгүүлч тэнд очиж мэдээлэл авах  нүүргүй болсон. Яагаад гэвэл дэгийн тухай хуульд тэр тухай  заачихсан байгаа. Гэхдээ юу гэж “зэвүүн хулгайчийг оруулахгүй” гэхэв дээ. Их цэвэрхэн бичнэ  шүү дээ. УИХ-ыг сурвалжлах сэтгүүлч­дийн туршлага мэдлэгийг харгал­зан сурвалжлах эрх олгоно гэсэн шүү юм бичихээ бас мэднэ. Энэ нь гишүүдийг шүүмжилдэг, тэдэнтэй найзархаг бус харьцдаг, элдэв булхайг нь олж хардаг хүмүүс тэнд хоншоороо шургуулах эрхгүй гэсэн үг юм.

Одоо тэгвэл  байнгын хорооны хуралдаан яг жинхэнэдээ юу болох вэ. Тэд үнэхээр хуралдах уу, ху­ралдчихаад бидэнд үнэн зөв мэдээлэх үү  гэдэг бол өөр асуудал.  Байнгын хорооны хуралдаан хуу­чин маягаараа бараг  хуралдахгүй.  Хэдхэн бүлэглэлийн толгойлогч гишүүд цуглаж суучихаад бүх  асуудлыг тохируулж, хуйвалддаг үүнийгээ чуулган гэх үзэгчдэд зориулсан жүжигтээ бэлтгэдэг  газар болж хувирна. Тэнд хэзээ ч ирц бүрдэхгүй бөгөөд бас ямар ч шүүмжлэл өрнөхгүй харин энэ хэний юм, тэр юуных юм, чуулган дээр тэр тэгж хэлнэ, энэ ингэж шүүмжилнэ хэмээн жүжгээ бэлтгэ­сээр байгаад  таарна. Харин бүлэг­лэл хоорондын тэмцэл хурцадвал л ганц нэг гишүүн гүйж гарч ирэн шударгаар нөгөөдүүлээ шүүмжлэн хэлэх биз ээ. Гэвч юу боллоо гэж тэнэгүүд шиг  байдаг бүхнээ түмний дэргэд дэлгээд байхыг бодох би­лээ. Энэ тохиолдол маш ховор байх болно. Парламент шинэ үед л ганц нэг удаа ингэж магадгүй  юм. Мөн сөрөг хүчинтэй тэр нь бас шинэвтэр байх үед л ганц нэг удаа ийм юм болно. Харин ингэж сай­хан “ивлэчихсэн” одооны парла­мен­таас тийм ухвар мөчид зүйл гарахгүй.

Манай сэтгүүлчид өнгөрсөн хойно нь  элдэв юм ярьж “мэдээлэл  авах эрх хумигдлаа” гэх зэрэг  зүйл хэлэх нь зүгээр жүжиглэл шахуу. Түүнээс ийм юм болох нь эртнээс нааш бараг хүн бүрт мэдэгдэж байсан. Яагаад гэвэл сэтгүүлчид  шүүмжлэлтэй хандаж байх ёстой төрийн түшээдэд хэтэрхий  найлан­хай хандаж тэдний хувийн найз нөхөд нь болчихсон шахуу байв даа. Сонин телевизийн  парламен­тыг сурвалжилдаг сэтгүүлч бүр нэг нэг гишүүдийн хувийн нарийн бичгийн дарга мэт аяглаж зөвхөн тэр гишүүнийхээ л сайн сайхныг бичдэг, үзүүлдэг болоод удаж бай­на. Мөн өөрийнхөө сайн гишүүнтэй муудсан юм уу маргасан бусад гишүүнийг элдэв шар мэдээ нэрийн доор доромжлоод дуусдаг. Дээр нь захиалгаар юу л бол юу хийж мэдэхээр болчихсон байхад эрх­биш амьд хүмүүс байна зай авахыг бодолгүй яахав дээ. Хэвлэл мэ­дээлэлд хамгийн харш зүйл болох хувийн бодол хувийн дүгнэлтээ нүүр дүүрэн, эфир дүүрэн явуулаад байхлаар чинь бусад нь дургүй байдаг юм байгаа биз дээ.

 Ийм найзархах харилцаатай, шүүмжлэн хэлэлцэж чадахгүй бол­чихсон хэвлэл мэдээллээс наад гишүүд чинь юу гэж айхав дээ. Айх гэж элдэв рекэт мэт зүйлийг хэлээгүй байна. Зүгээр л “миний энэ шударга бус үйлдлийг олон тү­мэнд дэлгэчих вий дээ” хэмээн эмээхээ больсон гэх гэсэн юм. Хэрэв тэгж эмээж ичдэг бол дээр нь бид бүх­нийг хүндэлдэг бол ингэж хэвлэл мэдээллийг хааж боож чадахгүй байх байсан. Бид юуных нь дөрөв дэх засаглал байхав дээ, зүгээр л засаглалын толгойд байгаа эрхмүү­­дийн магтан дуулагч  найрал дуучдын нэг болоод удлаа.  Үүний­хээ шанг ч амсаж байх шив.

Саяын шинэ жилийн үеэр
бол­сон тэр олон шилдэг шалгаруулах арга хэмжээнүүдийг
эргээд нэг саная даа хэдүүлээ.
Манай сэт­гүүлчдийн  энэ олон 
байгууллага  бусад байгууллагуудаас
юу гэж  дутах вэ гэсэн шиг олон олон удаа
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Ул­сын их хурлын дарга  зэрэг төрийн
өндөрлөгүүдийг
хэвлэл мэдээл­лийн шилдэг, тэргүүний,
ээлтэй гэх зэрэг цол гуншингаар шагнаж  хундага
тулгацгаав даа. Үүн дот­роос
парламентын сэтгүүлчид гэх
хэдэн нөхдүүд өөрсдөө
дур мэдэн  шинэ жил зохион байгуулж УИХ-ын
тамгын газрын дарга Ц.Ша­рав­доржийг хэвлэлд ээлтэй хүнээр шалгаруулаад бүхий
л мэдээллийн хэрэгслээр сурталчлаад бай­гаагүй
билүү. Дур мэдэн гэдэг нь
лав л ямар ч редакци, телевизийн зөвлөлөөс зөвшөөрөл авч шинэ жил хийж дээр нь хэвлэлд ээлтэй хүнээр тэрийг шалгаруулъя гэж хэлээгүй гэдгийг бид сайн мэдэж байна.
Тэгээд нөгөө хэвлэл мэ­дээлэлд ээлтэй Ц.Шаравдорж
маань дээрх дэгийг батлуулаад  бид бүхнийг мэдээлэлгүй болгож орхи­лоо шүү дээ. Ингэлээ гээд тэр ажлаа хийсэн
Ц.Шаравдоржид гом­дох уу. Их хурал талаасаа дээрх дэгийн заалт маш зөв  шүү
дээ.  Хэн нэгэн гишүүн телевизийн дуран хараад хяналтаа
алдаад элдэв дэмий юм орилоод байхгүй.
Элдэв нууц гадагш задрахгүй
гэх зэрэг. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид биш харин ийм долдой, дээр нь
ийм хулчгар хэвлэл мэдээлэлд л гомдохоос өөр
яах юм. Эрх баригчид мэдээллээ хааж байгаад эцсийн эцэст сэт­гүүлчид  бид л буруутай шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хөшөө босгох УРАЛДААН

ЗХУ-ын  “агуу удирдагч”  гэгдэж байсан сахал Сталины томоос том  хөшөөг 1990 онд  улсын төв номын сангийн өмнөөс зайлуулж  байсан­сан. Нэгэн цагт бурхан шиг тахиж явсан
тэр хүний хөшөөг буг мэт үзэж, хаях ч газар олдохгүй бол­сон.  Харин нэг сэргэлэн бизнесмэн  “Исмус” хэмээх шөнийн клубтээ аваачаад тавьчихсан
байж билээ.  Сталины хувь заяа тэгээд дууссан­гүй.
Нөгөө газраасаа нүүж одоо өөр хүний мэдэлд шилжсэн юм билээ. Үзмэр болоод үлдвэл
бас ч гэж аз таарч байгаа хэрэг. Үгүй бол хэнд ч хэрэггүй хог л болно. Түүнээс гадна
В.И.Ленин, Х.Чойбалсан­гийн хөшөө цагтаа цэцэг, сүү өр­гүүлж яваагүй юм шиг будаг
ца­цуулж, адлагдаж билээ. Тухайн цаг үедээ “хайрт багш” Ленин биеэ үнэлэгчдийн зогсдог
газрын  бэлгэ  тэмдэг болно гэж хэн мэдэх билээ. Цагийн шалгуурыг
дааж  чадахаар­гүй, хүн төрөлхтний, улс орны  бэлгэ тэмдэг, үе үеийн бахархал болж үлдэхгүй
ийм  хөшөөнүүдийг ямар хувь тавилан хүлээдгийг
дээрх жишээнүүд харуулж байна.  

Өнөөдөр
манайд тийм хувь тавилантай учрах магадлал бүхий  хөшөөнүүд өдрөөс өдөрт олон болж байна. Хэд алхаад
л хэдэн жил төр барьсан, нутгийн зон  олондоо
хүндлэгдэж явсан нэг нөхрийн хөшөө таарах аж. Гадны жуулчин ирээд асуухад гавьтай
тайлбар олдохгүй тийм л нэр нь үл мэдэгдэх, цаг хугацааны явцад балран алга болох
хүн хөшөөнүүд энэ янзаараа нэмэгдээд байвал амьд яваа хүнээсээ олон чулуун хүнээр
дүүрсэн улс орон болох нь.  Хэдэн жил өндөр
албан тушаалд сууж байгаад нас барсан нөхрийн хөшөөг босгоод байвал алхах гишгэх
газар ч багадахаар боллоо.  Энэ цаг үеийнхэн
арай гэж мэддэг,  хойч үеийнхэн хог дээр хаях
хө­шөөнд тийм их мөнгө гаргах ямар хэрэгтэй юм бэ.

Өдөр
ирэх тусам хөшөө гэдэг утга алдагдаж эхэлж байна. Хэн мөнгөтэй нэг нь тухайн цаг
үеийн алдар хүндтэй хүмүүсийн хөшөөг босгодог болж. Үгүй бол аль нэг нутгийн зөвлөлийн
лоббигоор нутгийнхаа алдар нэртэй хүний хөшөөг босгочихож байгаа юм. Аль аймаг,
сум хамгийн олон хөшөөтэй болох вэ гэсэн уралдаан зарласан мэт.

Хүний
хөшөөнөөс гадна Монго­лын бүх суманд адууны хөшөө бий. Гайгүй сайн давхидаг, улс,  аймгийн наадамд хэд түрүүлсэн адуу бол­гон хөшөөтэй,
өөрийн гэсэн дуутай болжээ. Тэрний минь адуу, энэний минь хурдан азарга гээд л хөөрч
давхиад өнчин хүүхдэд атга чихэр сарвайдаггүй шинэ цагийн зарим хөрөнгөтнүүд адгуусандаа
баруун солгойгүй мөнгө цацаж байгаа юм.  Хүнээсээ
илүү адуундаа хайртай  байгаа нь энэ. Тиймээс
ч цементэн адууны тоо жил ирэх тусам нэмэг­дэж 
байна.

“Хөшөө
тийш очих ардын зам нь балрахгүй” тийм л хөшөөг дэл­хийн улс орнууд босгодог. Тоо
нь дэндүү цөөн.  Тэр улс орны бахар­хал имиж,
нэрийн хуудас, хүн төрөлхтний оюуны их гайхамшигт суутнуудынхаа хөшөөг сүндэр­лүүлж,
тийш очих ард түмнийх нь зам байтугай тийшээ тэмүүлэх хүн төрөлхтний зам балардаггүй.
Тийм хөшөөнд хэн нэгний ёсчилс­ноор биш хүмүүс өөрсдөө хүслээ­рээ цэцэг барин очиж
мэхийн ёсол­дог.

Хэн
нэгний хөшөө гэхээсээ илүү урлагийн гайхамшигт бүтээлүү­дээрээ дэлхийн улс орнууд
гай­хуулдаг.

Төр
нийгмийн  зүтгэлтнүүдээ  бүгдийг нь хөшөө болгон хувир­гавал юу болох вэ.
Үүнийг цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол чулуун хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Чулуу хэдий бат бөх ч гэлээ  хэрэггүй үедээ
хөл дор хэвтэж л байдаг эд. Өнөөдөр магтагдаж хөшөө болж байгаа ч маргааш луйварчин
байсан нь илэрвэл, алуурчин байсан нь мэдэгдвэл хөөрхий хөшөөг Сталин шиг хувь тавилан
угтана.

Цагийн
шалгуур даахгүй олон хөшөөнүүд  ур хийцийн
хувьд ч хоорондоо ялгагдах юмгүй. Дав­тагд­мал шинж нь их. Нэг бол зогсч, үгүй бол
сууж байгаа, нэг тийш гараа хандуулсан эсвэл гартаа ном барьсан хэдхэн янзын дүрс­лэл­тэй.
Ядаж урлагийн бүтээл талаас нь ч харахад таатай биш хүн хөшөөнүүдийн талаар ан­заарч
харах цаг болжээ.

Хөшөө
дурсгалын талаар ямар нэг хууль бий эсэхийг сонирхож үзлээ. Тусгай зориулалттай
газар нутгийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэгт ганц нэг заалт
байдаг бололтой юм.  

Чулуун хүнд цаг зав, мөнгө хөрөнгө зарахаасаа илүүтэй
амьд хүндээ анхаарал хандуулвал хэ­рэгтэйсэн. Ингэхэд талийгаач бо­лоод хөшөө болох
тухай хэн ч  мөрөөддөггүй шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Баярлана гэдэг балгахын нэр биш

БАЯР ХЭМЭЭХ  ДАЙН

Дэлхийн нэг, хоёрду­гаар дайн гэдэг шиг  Мон­гол Улсад дайны хэм­жээнд тооцохоор зүйл бол эх адаггүй  олон бая­рууд. Нэг баярын да­рамт­наас нөгөөд шилж­сээр жилийн дөрвөн улир­лыг өнгөрөөдөг улс орон манайхаас өөр хаа­на ч алга. Нэгдүгээр дайн нь хоёр оны заагт  тохиох нүсэр их архидалт буюу шинэ жил. Хоёрду­гаар дайн нь цагаан сар. Хамаг байдгаа барж, цаа­шид амьдрал үргэлжлэх­гүй энэ хэдэн өдрөөр дуус­чих мэт бэлддэг энэ бая­раар идэж уух, айл  хэсэх хоёртоо ядарч орхи­дог. Араас нь зал­гаад  эмэг­тэйчүүдийн баяр. Эрчүүд нь баярлуу­лах гэж  эмэг­тэй­чүүд нь баярлах гэж бөөн юм бол­но. Ертөн­цийн гоо үзэсгэлэн, агуу ихийн дээд гэж магтаад байдаг эх эмэгтэйчүүд нь гуйвж дайваад хүүхэн гэх нь байтугай хүн гэхэд хэцүү болчихсон явдаг. Өглөө гоёж гарсан нүүр царай, хувцас хунар нь авахын аргагүй газар дээр  гиш­гэж байгаагаа ч мэдэхгүй ичгэвтэр юмнууд болчих­сон явна. За тэгээд амьд харивал боллоо гэхсэн. Хээнцэрлээд ним­гэн хув­цастай гардаг. Архи уугаад осгож үхвэл яана.

Төд удалгүй цэргийн баяр гээд бас баахан архидалт. Цэрэгт явсан яваагүй  эрчүүд нь архин далайд живнэ дээ. Цэр­гийн бусууд нь баярлаад явахаар мөрдэстэй эрс генералаасаа аваад бүгд л ума хум болтлоо ууна. Уг нь армийн баяр. Гэвч аль дээр цэргээс халагд­сан нөхдүүд, эсвэл цэрэгт яваагүй ч заавал цэрэгт явах ёстой хүйсэнд төр­сөн бол баярлаад уугаад явчихна даа.

Эцсийн дайн нь тэ­гээд наадам. Энд тэнд­хийн ойн баяр сум, дүүр­гийн наадмаас эхлээд улс гүр­нээрээ зунжин наадна. Ёстой дуусч өгөхгүй. Улс орон тэр чигээрээ их ам­ралтын байдалтай зун­жин архидаад наадаад явсаар нэг л мэдэхэд өвөл жамаараа ирнэ. Өвөл болгон ёс юм шиг зуд болдгийг хэлэх үү.  Бүтэн жил баярлаж наадчи­хаад өвөл нь хэдэн малаа үхүүлж хотоо харлуулаад төр засаг харж үзсэнгүй гээд гонгинож эхэлнэ.

Нэгэн суутны “Би идэ­хийн төлөө амьдардаггүй,  амьдрахын төлөө иддэг” гэсэн үг санаанд орж бай­на. Бид харин амьдра­хын төлөө биш баярла­хын төлөө амьдарч бай­на уу даа гэмээр. Орой бүр “одод”-ын реклам­даад байгаа монгол стан­дарт гэдэг чинь жинхэнэ утгаараа Монголд энэ олон баяр болж байна. Архин далайд живсэн эцэс төгсгөлгүй баяр бол монгол стандарт болжээ.

Дайны хэмжээнд хүрт­лээ аймшиг дагуулсан энэ олон баяруудын дундуур  төрсөн өдөр, хамт олны баяр, нутаг нуга, байгуул­лагын ой, хүүхдийн баяр, ахмадын баяр, хүүхэд төрсний баяр, сэвлэг авах  баяр, гэрлэсний баяр, насны ой, намын баяр, хууль төрсний баяр,  одон­­­гийн найр гээд тоо томшгүй баяр цэнгэл. Ууж ханадаггүй архи дарс. Энэ олон баярын хаагуур нь ажиллаж, хөдөлмөр­лөх вэ дээ. Улс орон хөг­жихгүй дэвжихгүй, хүнийх нь тоо өсөхгүй байгаа­гийн шалтгаан ердөө л энэ. Архинаас үүдэлтэй үхэл хагацал, өвчин зов­лон нь дайн болж байгаа улс орнуудынхаас давж байгаа хойно аргагүй биз.  Уг нь бол хүн төрөөд байна. Хажуугаар нь төрж байгаагаасаа үхэж байгаа нь олон болоод байна. Монгол Улс тэр чигээрээ согтуу Монгол болжээ. Баярлана гэдэг уг нь балгахын нэр биш байлтай. 

Энэ янзаараа үй олон баярууд нэмэгдвэл хүү­хэд хийсний баяр, жирэмсэн болсны баяр, эхнэр, нө­хөр салсны баяр гээд тоо томшгүй баяр нэмэгдэх нь.

Ганцхан шинэ жил гэ­хэд л хичнээн олон янзын цол гуншин, өргөмжлөл
зэрэгтэй, хэдэн төрлийн ч
баяр болов доо. Ерөн­хийлөгчөөс бусад нь ба­раг л наснаасаа олон шинэ жилд очив
шив. Тухлахгүй юм гэхэд саа­таад
гарч  байна.  Үүнийг
манай телевизүүд ёстой л нэг
залхтал хэд хоног гаргалаа.

ХӨЛЧҮҮРХСЭН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЗАЛХААЛТ

Монгол стандарт хэ­мээх архины увайгүй  сур­талчилгааг монголчуу­дын хүндэлж биширдэг уран бүтээлчдээр хийлгэжээ. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жан­цан­норов, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  төрийн шагналт С.Сүх­баа­тар, гавьяат жүжигчин Г.Равдан, топ мо­дель  Д.Болормаа, загвар зохион бүтээгч Н.Соёл­маа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар цолтнууд.  Тэд энэ их хайр хүндлэлийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой. Тэд хууль зөрчиж, далд сурталчилгааны хэл­бэрээр ард түмнээ архин далайд живүүлэ­хээр  нэр хүндээ ашиглаж болохгүй. Ард түмнээ ар­хинд уруу татагч эрхмүүд  өөрсдөө харин шалбаагт унатлаа нэр хүндээ унагаж байгаа. Орой бүр айлын хойморт заларч цэнхэр дэлгэцээр нь архиа уу гээд байгаатай адилхан сонсогдох энэ рекламанд дориун мөнгө зарсан нь илт. Телеви­зүүд ч орлогоо бодоод өөгшүүлж байна гэж жиг­тэйхэн. Архи дарсны сур­талчилгаа, баяр цэнгэл улстөрчдийн найрын ши­рээний ард хундага дарс тогтоож байгаа дүр зураг, улиг болсон урла­гийн хэдэн тоглолт, насаа­раа үзэж байгаа шинэ жилийн тухай Оросын хуучны кино, хошин урла­гийнхны тоглолтыг дуу нэгтэйгээр телевизүүд гаргалаа. Урлаг уран сайх­ны баланд согтуурч амьдрахаас өөр хийх зүйл үлдээгүй мэт. Ядаж л “Гоёл” наадам хүртэл утгаа алдсан нь тэргүүн шагнал авсан нэг бүсгүйн телевизэд өгсөн ярилц­лагаас харагдав. “Энэ тэмцээнд түрүүлэхэд удам дамжсан гоё өгзөг, хөх нөлөөлсөн” ухааны юм хэлдэг байгаа. Загвар зохион бүтээгчдийн хувц­сыг амилуулж, хамгийн сайхан үзүүлж чадсан нь түрүүлдэг юм байх гэж бодсон. Өгзөг, хөхнийх нь том жижиг, гоё сайхнаар шалгаруулдаг бол биеэ үнэлэгчдийн тэмцээн гэж андуурмаар санагдсан шүү. Ийм маягаар л урлаг уран сайхан нь яваад байх юм бол үүнийг нь телевизүүд залхтал, бөөл­жис цутгатал гар­гаад байгаа  Монгол Улс хаашаа явж байна вэ?      

Телевизүүд өнгөрсөн өдрүүдэд үзэгчдээ зал­хаалаа. Өнгөрөгч  өдрүүд ч юу байхав. Бусад өдөр ч ялгаа байхгүй дээ. Ажил хөдөлмөрийн тухай олиг­той нэг ч нэвтрүүлэг байх­гүй. Ажил ярихаараа Оюу толгой, Таван толгойг ярьж нэг бол тэнгэрт тул­тал магтаад нөгөө бол эсэргүүцэн тэмцэгчдийн яриа гарна. Эсвэл дуу­сашгүй реклам.

Одоо шинэ жилийн тухай “Аbbа”-гийн гоё дууг хүртэл сонсохоос дургүй хүрч байна. Хүнийг, зал­хаана гэдэг энэ байх.   Цагаан сараар бараг бүх телевиз ардын уламжлал ярьж, наадмаар тоосон дундаас  ялгагдаж таниг­дах­гүй бөх, морь үзүүлж, ард нь Толин хулыг өдөр шөнөгүй явуулсаар уур хүргэж орхино. Эмэгтэй­чүүдийн баяраар эмэгтэй хүнд дургүй хүртэл нь хоо­сон магтаж, шинэ жилээр элдэв шагнал урам­шуу­лал өгсөн, архидан сог­туурсан баяр наадам үзүүлнэ. Худлыг үнэн гэж мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг сайн сайхан юмыг дэндүү олон давтаад улиг болоод ирэ­хээрээ муухай санагдаж эхэлдэг юм байна. Шаг­наг­дагсад нь баян ком­пани, улстөрчид байх нь бүр ой гутам.

БАЯРТ БЯЛУУРУУЛАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Урлаг соёл, хөгжим цэнгүүн, утга уянгаар хөг­лөгдсөөр байх зуур ажил хөдөлмөр, амьдрал гэдэг  тэр чигээрээ ард хоцорч байх шиг. Телевизүүдийн цаана жинхэнэ эзэд нь буюу хөрөнгө оруулагчид нь гадныхан байдаг гэсэн. Жижиг үндэстний урлаг соёл, найр наадмаас өөрийг харахгүй болтол нь ингэж тархи угаагаад баясч суудаг биз.  

Оросод алдартай бол­сон дуучин Амархүүг ярилцлагад урьж орол­цуулахдаа дарсаар дайлж хөтлөгчид нь хамт­даа хундага тулгаж уугаад л. Ийм гоё дарс байдаг гэж бас л далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна лээ.  Шинэ жилээр нэвтрүүлэг хөт­лөхдөө үзэгчдээ хүндэлж байгаа юм алга. Охид хүүхнүүд нь илт халам­цуу, хэл нь ээдэрч  ярих аж. 

Монголын төр зас­гийн удирдлагууд хундага өргөн архинд уруу татах­даа ард түмнээ л уу гээд байхаас өөрсдөө архи ууж согтоод явна гэж байх­гүй. Та бид Ерөнхий сайд С.Батболдыг согтуу явааг нь хараагүй биз дээ. Эрхэм гишүүд хундага өргөх хэрнээ хөлчүүрхэх­гүй байгаа биз дээ. Тэд илүү урт насалж удаан жаргаж амьдрахыг хүсч байна. Ард түмнээ урлаг уран сайхнаар уярааж, архиар угжиж, баяраар бялууруулаад, хята­дуу­даар ажил хийлгээд өөрс­дөө урт удаан амар амгалан жаргана.

Хэдэн жилийн өмнө япончуудын зуны баяр ханабиг үзэж билээ. Ам­ралтын өдрөөр телевиз нь архи дарс найр цэн­гээн гаргасангүй. Дэлгүү­рийн лангуун дахь бараа­ны үнэ хэд дахин хям­дарч, хамгийн сонир­хол­той салют буудахаараа компаниуд өрсөлдөх юм билээ. Лав л нийтээрээ архидаад байсангүй. Бу­сад ард түмэн баярлаж цэнгэж, ажиллаж хөдөл­мөрлөж чадаж байна. Баяр наадмаа учиртай, утгатай тэмдэглэж суръя.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж шинэ жилээр сүү өргөж
мэндчиллээ.  Дэл­хийн аль ч улсын Ерөн­хий­лөгч ингэж сүү
өргөж байсан түүх байхгүй. Ерөн­хийлөгч
шинэ жи­лийн баяр хэсч явсангүй.
Сайхан жишиг тогтоолоо. Сархадын оронд сүү
өр­гөх монгол ухаан төрийн тэргүүнээс гарлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Манантай яваа нь Ардын намынхан, маниасаа гуйдаг нь Ху намынхан

-Н.ЭНХБАЯР : БИ ТОМООРОО БАЙГАА-

БУРИАД САМГАНЫ ГАРГАЛГАА

Хуучны  МАХН нэрээ сольж, хоёр салсны дараа Ардын намын гишүүн болох Нямтайширын Номтойбаяр хэмээх хөрөнгөлөг,  чинээлэг  залуу Ардын намдаа орохгүй гэж адарсан Ц.Шинэбаяр нөх­рийг ардын дайсан бол­гон  ярьж,  манай намынх биш гэж ирээд л баахан баалж. Намын даалгавар хойно Номтойбаяр ч Намтайбаяр болтлоо зүтгэсэн юм байгаа  биз. Угаас өөр намын хүн гэдгээ албан ёсоор зарласан Ц.Шинэбаярын тойрогт Н.Номтойбаярыг зүтгүүлж буй  нам нь бодлогоор дайс­ныг нь даруулахаар илгээсэн нь хэнд ч тодорхой хэрэг л дээ.

Төд удалгүй ардын дайс­наар цоллуулсан өнөө Ц.Шинэ­баяр нь нутагтаа дав­хиад очилгүй яав гэж.  Ардын намын Номтойбаярт хариу­гаа дөмөгхөн шиг  барихаа ч тэр мартсангүй. Ц.Шинэбаяр нь Ху нам гэдэг чинь  хуучны МАХН,  харин Ардын намын­хан бол баячуудын нам гээд Дорнодын их талаар нэг Ху намаа сурталчилж. Та нар МАН нэртэй баячуудын намд орж болохгүй. Хуучны юм Ху намаа түшээрэй л гэж гуйгаад явж.  Дорнодынхон Н.Номтой­баярт биш Ц.Шинэбаяр хэ­мээх хуучин хүүдээ илүү итгэж байгаа юм байх. 

Энэ үйл явдлын дараа Дорно­дын нэг сумын буриад  өвөг­цүүлийн дунд ийм яриа бол­жээ. “Бидний сонгуульд орол­цоод санал өгдөг нь аль нь болж таарч байнаа, ингэ­хэд. Байж байгаад л янз янзын “баяр”  нэртэй нөхдүүд ирээд хоёр янзын нам яриад толгой тархи эргүүлээд байх юм” гэцгээж. Гайхаж хоцор­сон хэдэн өвөгцүүлийн яриан дундуур нэг самган орж “Ма­нан дунд яваа нь МАН-ынх, маниусаа гуйгаад байгаа нь Ху нам нь байхгүй юу” гэж хэлж гэнэ. Өвөгцүүлийн ярианд хошуу нэмэрлэсэн самганаа зэмлэж өвгөн нь  “Битгий дэмийр, МАН нь яагаад манан дунд байдаг юм” гэхэд сүрхий сүүхэйтэй самган “Намын нэр солино энэ тэр гэж дэмийрэхэд нь намын их хуралдаа маниу­сын сонгоод явуулсан хэдэн хүүхэд яалаа. Нэр мэр со­лихгүй гээд жигтэйхэн толгой дохиод явчихаад хотод очоод  өдөр шөнөгүй архи дарс,  тархи толгой угаадаг үгэнд нь автаж манангаас гарч  чадах­гүй байсаар намын нэр со­лиу­лаад ирээ биз дээ. Дарга нарын тавьсан манан­гаас гарч чадаагүй хэдийг манан дунд яваа МАН гэж хэлж бай­на. Ард нь сугарч үлдээд маниусыгаа гуйгаад яваа хэдийгээ Ху-гийнх гээд бай­на”. Сэргэлэн самган ин­гэж өвөгцүүлийн толгойны эргээг өөрийнхөөрөө гаргаж өгчээ. Ер нь бол нутгаасаа гарахдаа намын нэр солиу­лах­­гүй гэж даалгавар авч хот руу их хуралдаа явсан  хэд нь хотод ирээд тархиа гашилтал эргүүлж бэлэг сэлт, ухуулга сурталчилгаа, айлган сүр­дүүлэлт, архи дарсны мананд ороод өөр нам байгуулал­цаад ирснийг нь хэлж л дээ. Аймгаас төлөөлөгчөөр сон­гог­доод явахдаа уг нь Бага хурлынхаа гишүүнд өөрс­дийн хүнийг сонгох гээд нэрээ хүртэл жагсаагаад бэлэн оч­сон байгаа юм. Ирээд манан­гаас гарч чадалгүй нэг л мэдэхэд өөр хүн сонгочихоод очсон байдаг. Ингээд л дээрх өвөгцүүлийнх шиг яриа хаа сайгүй болохгүй юу.

Н.ЭНХБАЯР МАХНДАА ҮЛДЭГСДЭЭ ГООЧЛОВ

Одоо тэр өвгөцүүлийн ярьсан шиг манан дунд яваа МАН-ыг Сү.Батболд авч яваа. Манантай яваа намын дарга маниусаа гуйдаг намынхнаа­саа бас эмээж байгаа нь то­дорхой. С.Баярыг сул гишүүн болоод амбиц нь хөдөлж буцаад хуучин албаа авах гэж анкетаа барьж гүйгээд М.Энх­болдод загнуулаад больсон гэх яриа намын их хурлын үеэр чих дэлсэж байв. Их хурал нь болсны дараа С.Баяр ямар ч байсан АНУ руугаа явчихсан.  Харин Н.Энх­баяр С.Баярыг Ерөн­хий­лөгчийн сонгуулийн үеэр өөрийнх нь эсрэг ажилласан гэх Н.Энхбаярыг хэдэн долоо хоногийн өмнө Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хүмүүс хүлээн авч уулзжээ. Нөгөө­дүүл нь “Намынхаа эсрэг өөр юм битгий яриад байгаач. Та  сонголтоо хийх хэрэгтэй” гэхэд Н.Энхбаяр эхлээд их л янз муутай байснаа  сүүлдээ “Би МАН-ын Бага хурлын гишүүн ш дээ. Манай хэдэн нөхдүүд л ийм юм хийгээд яваад байх юм” гээд Ц.Шинэ­баяр, Удвал нарыгаа “хөөр­хөн” дөнгөөд авчээ. МАХН-д хамт зүтгэж байгаа хэдийгээ тэрээр цааш нь хэлэхдээ “Тиймэрхүү хэн ч биш гудам­жинд яваа хүмүүстэй юу гэж тэгж явах вэ. Би том алба хашиж байсан хүн. Одоо ч өөрийгөө томоороо байгаа гэж бодож байна” гээд намын бодлогын асуудалд оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.  Хариуд нь МАН-ын удирд­лагууд   “Тохиролцъё. Н.Бага­банди дарга шиг намынхаа асуудалд оролцоод явж бол­но” гэж найрсжээ. Гэвч түүний энэ хоёр нүүр гаргасан ойл­гомжгүй байдал одоо ч үргэл­жилсээр байна. Соё­лын сай­даас эхлээд УИХ-ын ги­шүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүхий л том албан тушаалыг хашиж явсан тэ­рээр 1992-2009 онд тасралт­гүй өөрийнх нь хэлснээр “то­моо­роо” бай­сан. Өөрийнхөө хаанч­лалын хорь орчим жилд авлигын загалмайлсан эцэг, аалзны тор хэрж явсан гэгддэг атлаа юунд  ингэтлээ өөр хүн шиг одоогийн муу муухай бүхэн өөрт нь хамаа­ралгүй юм шиг ярьж явааг Н.Энхбаяр, бурхан хоёроос өөр хэн мэдэх билээ.  Ямар ч байсан ой ухаанаа гээсэн үү, хуучнаа мартаж шинэ хүн болох гэж жүжиг­лэнэ үү, өөрч­лөгдөх нь өөрч­лөгдсөн. 

Түүний МАН-ын удирд­лагуудтай уулзахдаа ярьсан хар амиа бодсон үгний үр дагаварт МАХН-даа үлдэнэ гэсэн Ю.Атар,  Н.Удвал  нарыг өнгөрсөн баасан гаригт ху­ралдсан нийслэлийн намын хорооны хурлаар намаас хөөсөн шийдвэр гаргажээ. 

   УИХ ДАХЬ МАХН ХОЁР ХӨЛТЭЙ БОЛЛОО

Ху нам УИХ-д ганц хөлтэй байсан бол хоёр хөлтэй болж магадгүй гэнэ. Учир нь Ардын намын нөхдөө зүхэж эхэлсэн дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гишүүн тодорч   байна.  МАХН нэрээ авч үлдэнэ гэж буй Ху-гийн­хан Дорнодын Ц.Шинэ­бая­рын  нөгөө хөл болж гарч ирэх нь. Энэ янзаараа үржиж  нэ­мэгдээд байвал УИХ-д Ху-гийн  бүлэг гээч бий болох нь гэж ажиглагчид яриад эхэл­жээ. Тэгээд мананд төөрсөн МАН, маниасаа гуйдаг МАХН-ынхан гэдэг хоёр бүлэг УИХ-д гарч ирвэл Н.Энхбаяр ха­рин хаана нь бууж ирэх бол.

За тэгээд  мананд төөрдөг нь ч байна уу, маниасаа гуйдаг нь ч байна уу үзэл бодлоороо чөлөөтэй нэгдэх нь ардчиллын зарчим, Үнд­сэн хуулийн заалтад байдаг хөдөлшгүй
нотолгоо.  МАХН-даа үлдэнэ үү, МАН-даа нэг­дэнэ үү долдугаар сарын нэгэнд үзэл бодлоо илэр­хийлсэн хүмүүсийг
хөөж тууж буудсан шигээ үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй л дээ.  Үзэл
бодлоороо хэн нь ч нэгдсэн  хүний эрх. Гэвч  хүний
эрхийн байгууллага үзэл бодлоосоо
хөдөө хотгүй ал­бан шахалтаар МАН-д элсэ­хийг шахаж шаардаж,
дарам­талж байгааг хараад дуугүй
суугаад байж болохгүй биз
ээ. Дал гарсан буриад өвөө на­мынхаа хуучин, ши­нийн уч­рыг
олохгүй будилж явсан  ч МАХН-ын гишүүний
улаан батлахтайгаа хадан гэрт ха­рихыг хүсч
байгаа гэдгээ харин нуухгүй
байсан шүү. Өвгөний хүсэл
Дорно­дын талд төдийгүй Монголын тал нутагт үйлчлэх хүчинтэй хэ­вээрээ юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Нууцгүй цахим ертөнц

Цахим ертөнц гэрлийн хурдаар хүч түрж байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал өрнөж цахим ертөнцийн сайн, муу талыг илчилж орхилоо. Энэ бол Ассанжийн өдөөсөн дуулиан. Нуу­цыг задлахын тулд тэр нууцад нэвтэрсэн. Компьютер нууцыг хад­галагч биш гэдгийг бүгд мэддэг боллоо. Дэлхийн хамгийн том гүр­ний нууцад захын залуус ороод улс хоорондын томоохон асуудлыг  дэлгэлээ. Үүнийг олны хүртээл болгосноороо Жулиан Ассанж хэмээх эрхэм өөрийнхөө сайттай хамт од болж чадлаа. Гэхдээ арга нь хулгайчаас нэг их ялгаагүй. Түүнийг АНУ-ын төрийн департа­мен­тын сайт руу нэвтэрсэн гэж буруутгаж байгаа. Тэрээр АНУ-ын  гадаад улс орнуудад сууж байгаа дипломатуудын төрийн департ­ментдаа бичсэн захидлуудыг анх  ил болгож тавьсан нь шуугиан тарьсан ч цахим ертөнц гэдэг нууцыг хадгалагч биш гэдгийг нотолсон хэрэг юм. Өнөөдөр ма­найхан интернетээр дураараа аялж хүссэн мэдээллээ олж авч дэлхийн аль өнцгөөс хэнтэй л бол хэнтэй харьцаж байна. Нэг талаас нь харвал даяарчлал гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлж байгаа зүйл бол яах аргагүй цахим ертөнц. Болдогсон бол өөр гариг руу ч мэдээллийн ертөнцийн орон зайг ашиглаж дураараа бичиж болмоор.

Компьютер сайн мэддэг хүмүүст бол (хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. “WikiLeks” сайтын эзний хэрэг явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж бай­гаа. Хүн төрөлхтний нээсэн олол­тууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг сул тал дагуул­саар ирсэн. Интернэт ч мөн адил. Хурдан шуурхай, хоёрыг учруулж, холыг ойртуулдаг энэ дэвшил хэдийгээр гайхалтай ч сул тал олон байна. Хакер гэж мэргэ­жилт­нүүд интернэтийн хаашаа л бол нэвтэрч, юуг л бол юуг хийж байна. Тэдний хараанаас юу ч мултрахын арга алга. Нэг ёсондоо нууц гэж байхгүй болжээ. Дэлхийн хаанаас ч хэний ч нууцад нэвтэрч таныг шоглож болох нь. Ертөнцийн нөгөө өнц­гөөс ч дураараа нулимж дором­жилж болох нь.  

Хурдан шуурхай, тэр дор нь мэдээлчихдэг сайн тал телевиз, компьютерт байна уу, байна. Гэвч интернэт дэх  энэ мэдээллийн эзэн хариуцагч гэж хаана байна. Таагүй мэдээллийг тарааж орхичихоод дараа  нь авчихна.

Дээр нь интернэтэд байдаг сэтгэгдэл гээч нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгож байгаа боловч нөгөө талаараа  хэнийг ч яаж ч доромжилж болох талбар болжээ. Үүнийг чөлөөт хэвлэл гэж нэрлэх нь арай л утгагүй юм. Иймэрхүү гүтгэлэг доромжло­лын хариуцлагыг хэн ч үүрэхгүй байна. Сайтын эзэн гэх нөхөр “Би мэдэхгүй. Хүмүүс л сэтгэгдлээ бичсэн” гээд л амыг чинь таглана.   Сэтгэгдэл нэрээр  тухайн бичигчийг эрээ цээргүй доромжилж гүтгэх явдал хаа сайгүй  байна. Нэр хаяггүй буцах хаяггүй буух эзэнгүй энэ мэдээллийн цаана  үзэн ядалт, эрээ цээргүй доромжлол үнэртдэг. Хэн ч тэр доромжилсныхоо үнэн, худалд хариуцлага  хүлээхгүй байна.  

Бичсэн зүйлийнх нь утга санаа, агуулгатай биш бичсэн эзний нас, хүйс, гадаад байдал, хувийн амьд­рал, ер юуг л бол юуг нь доромжилж байна. Тэд хөвөнд боосон чулуу­гаар балбаж байж л санаагаа амрааж байна. Ёстой л үзэн ядалт өшөө хорслоо, эрээ цээргүй балмад үгээр булж байж тайлж байна. Сайтад сэтгэгдэл бичиж байгаа хүн доромжилж буй нөхөр өөрийгөө “би тэр байна” гэж хэлж зүрхэлдэггүй. Ингээд бодохоор цахим ертөнц дэх мэдээллийг чөлөөт хэвлэл гэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Үүнийг чөлөөт хэвлэл гэх юм бол чөлөөт хэвлэлд хэн итгэх юм бэ.

Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юу ч гэж донгосч болдог, нууцыг хадгалдаггүй, интернэтийн энэ сул талыг дэлхий нийтээрээ мэдэж эхэлж байна. Цаасан хэвлэл тий­мээс зах зээлд хүчтэй хэвээрээ байгаа юм.  Баримттай, буух эзэн­тэй буцах хаягтай цагаан дээр хараар нэр хаягтайгаа байдгаараа онцлог. Хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг бол энэ. Хэвлэл мэдээлэл тэр дундаа чөлөөт хэвлэл гэдэг хэн дуртай нь хүссэнээрээ хүнийг гүтгэж доромжилж байдаг зүйл биш. Шуурхай байна гэдэг худал хэлэхийн нэр биш.  

Дэлхийн чиг хандлага цаасан хэвлэлээс татгалзахгүй, харин ч бүр цаасан хэвлэлийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь дэл­хийн хэвлэлийнхний томоохон хурлын үеэр яригдсан судалгаанд дурдагдсан байна лээ. Бичсэн эзэн, хариуцах эзэнтэй, гарт бариг­даж,  баримт болж үлддэгээрээ сайт хэмээх дураараа дургигчдаас өөр.  Цаасан хэвлэл бол ид шидийн мэт баригддаггүй, харагддаггүй ертөн­цөөс хамаагүй амьд. Орон сууц байр байршил нь тодорхой. Харин цаасан сониныг долоон буудлын Должин эмээ ч олж ирж чадна. Ертөнц дэлхий ер бусын хурдтай өөрчлөгдөн хувьсч байгаа ч цаасан сонины хэрэгцээ өссөөр л байна.