МАН татна, АН түлхэнэ. Залуустаа хандах хандлагаар нь энэ хоёр намыг ингэж л тодорхойлж байна. Саяхан МАН болж дүрээ хувиргасан МАХН өргөгч кранаар өчнөөн залуусыг улс төрийн тавцанд өргөж тавьж чаддаг. Энэ нам дараа үеийнхээ бүхэл бүтэн армийг бэлдчихсэн бэлэн байдалд жагсаажээ. Бүр хэд хэдэн үеэр нь шүү. Тэд ах нарынхаа улс төрд оролцож, тэдэнд үүд хаалгаа өмнөх үеийнхэн дэлгээтэй байлгадаг.
Шинэ цагийн баячуудын үр сад, аав ээжийнхээ буянаар гадаадад гайгүй сургуульд боловсорсон, алдар өөд мацах ашдын их хүсэлтэй, хувийн бизнестэй залуус намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, сайд, ядаж л гайгүйхэн газрын дарга болох тэмүүлэл дүүрэн. Улстөрч болохоор залуус эгнээгээрээ жагсаж байна. НАМЗХ-ны нэрээ сольсон залуучуудын байгууллагыг нь хар. Цээж дүүрэн амбиц болсон тэр залууст ямар ч албан тушаалд очоод юу ч хийж чадах ааг омог байна.
Л.Энэбиш, П.Жасрай бүгд дараа үеийнхэндээ боломж олгосон. Л.Энэбиш Н.Энхбаярыг улс төрд оруулсан. Зүгээр нэг орчуулагч залууг төрийн бүх өндөр албан тушаалд очих замыг тавьж өгч байлаа. Н.Энхбаяр ч залуучуудын бүхэл бүтэн нэг үеийг бэлдэж байсан. Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Я.Содбаатар, У.Хүрэлсүх, У.Барсболд, Б.Чойжилсүрэн, Г.Шийлэгдамба, Ц.Түмэнгэрэл, Ц.Чимэдцэрэн, Т.Гантулга, Д.Одбаяр, Ё.Отгонбаяр, Д.Загджав гээд хэдэн арваар нь бэлдсэн.
Даанч хувь хүнийхээ увайгүй зангаар залуусыг гомдоож өөрөөсөө
алдсан. Залуус ч түүнээс эвтэйхэн
зайгаа авч дараагийн боломжийг хайсан даа.
С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар өөрсдийгөө залуусаар хүрээлүүлж чадаж байна. Удирдах зөвлөл, Бага хуралд шинэ залуу үеийг түрж оруулж ирлээ. Эцэст нь тэд эзэддээ ихэнхдээ үнэнч зүтгэдэг.
МАХН МАН болж нэрээ өөрчилж, залуу үеэр имижээ хийлээ. Тэд хөгшин гэдэг ойлголтоос салахыг хүсч байна. МАН-ын өнөөгийн удирдлагууд өөрсдөө дандаа өргөгч кранаар өндөрт татуулж гарч ирсэн байдаг болохоор одоо дараа үеэ бэлдэж байна. Тэд бялууны амтыг АН-аас илүү сайн мэднэ. АН бялуун дээрх кремтэй цэцгийг л ховдоглон үмхэж байсан болохоос бялууны жинхэнэ амт ямар байдгийг сайн мэдэхгүй.
АН-ынхан залуу үедээ дэндүү халтай, халгаатай. Тэд өмнө нь балбуулж, зодуулж, нүдүүлсээр ингэж л өсч өндийдөг гэсэн үзэл тархинд нь суучихсан. Хуучны хүмүүс үр хүүхдээ хатуу гарын хүмүүжлээр өсгөвөл дэгтэй сайн болно гээд балбаж нүддэг байсан. Гэтэл үр хүүхэд нь дараа үедээ ч мөн л өөрийн явж ирсэн зодуурын аргаар ханддаг. Тэд зайгаа тавьж өгөх дургүй. Хөгширснөө хүлээн зөвшөөрөх дургүй. Намаа биш, хар амиа хичээдэг. Яагаад гэвэл тэдэнд төрийн өндөр албан тушаалд суух хувь тавилан бага байлаа. Дандаа цөөнхийн хувь тавилан тэднийг угтсан. Тэд өлсгөлөн бар шиг өлөн зэлмэн явдаг. Дараа үеийнхэндээ хоолоо олж идэх аргаа өөрсдөө мэд гээд хэрхэн хоол олж идэх аргыг нь зааж өгдөггүй. Одоо АН-ын далаад оныхон дунд нь хаягдлаа. 50, 60-аад оныхон зайгаа тавихгүй байсаар далаад оныхон дэмий л үрэгдэж байна. Гэтэл 80-аад оныхон тэднийг шахаж орж ирлээ. Гэвч тэдэнд бас боломж бага харагдаж байна.
Хийж чадах юман дээр нь залуусыг тавьж байна, энэ МАН. Гэвч нэг аюул нь алдах үед нь ашиглаж байсан шигээ авардаггүй зантай. Тэр дундаас У.Хүрэлсүх шиг тэмцэж алалцаж, гартаа сэлэм эргүүлж, баруун солгойгүй цавчиж байж гарч ирсэн хүмүүс байна.
Д.Зоригтыг хамгийн чухал местэн дээр аваачаад тавьж байна. Тэр ч бас ажлыг нь хийж чадаж байгаа. Хөрөнгийн биржийн орлогчоор хорин хэдтэй жаахан залууг тавьсан. Төрийн өмчийн хороонд ч тэр жаахан залуу дэд даргаар нь ажиллаж байна. Олон залуу төрийн том албыг хашиж байна.
МАН Л.Оюун-Эрдэнэ гэдэг 80-аад оны жаалд итгэл үзүүлж чадлаа. “Хас-ын Ч.Ганхуягийг ИТХ-д унахад нь Ерөнхий сайд хажуудаа аваад эдийн засгийн чадварыг ашиглаж болж байна. Гэтэл АН Х.Тэмүүжинг ҮЗХ-д зориуд унагаж байх жишээтэй.
Н.Энхбаярын гаргаж ирсэн хүчтэй залуусыг дараа үеийн лидер болгохоор шилж сонгон Сү.Батболд өөрийн болгож авлаа.
С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир, Э.Мөнх-Очир нарын залуус харин хар толгойгоороо өөрсдийн хүчээрээ гарч ирсэн. Кранаар татуулаагүй ч нам нь тэдэнд боломж олгож, өшиглөж хөөж туусангүй. Сундуйн Батболдыг малын эмчээр нь дуудаад байсан. Одоо ямар улстөрч болсныг хар. Ямар ч албыг хашиж чадах дайны зангарагтай болжээ.
Эднээс АН-ын залуус дутахгүй. Гэвч ах нар нь тэдэнд хаалга өшиглөж орж ирэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
АН арга барилаа өөрчлөх хэрэгтэй болж. Улс төрд МАН-ын залуус өнгөлж байхад АН залуусаа зориуд уяа сойлгыг нь тааруулахгүй хэт өлсгөж сульдааж байна.
Ирэх сонгуульд ардчиллын өвөгцүүлтэй өрсөлдөх НАМЗХ-ны шижигнэсэн залуусыг халаасандаа мөнгөтэй, ардаа том арын хаалга дэвшүүлэх намтай ирээдүй угтаж байна.
МАН-ын залуустай тэгээд АН-ын өвөө нар ирэх сонгуульд үзэх юм гэнэ. АН-ыг залуу үедээ хахир хатуу хүйтэн сэтгэлээр ханддагийг нь мэдээд залуучууд МАН-д элссээр.
АН-ын залуус ардчилалдаа үнэнч байгаа болохоос ах нартаа гомдолтой. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Б.Батбаатар, Г.Баярсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хөрсөн доороос өөрсдөө босч, соёолж гарч ирсэн залуус. Харин тэдэнд арчилгаа тордолгоо дутаад байгаа. Хөгшчүүд нь байнга ад үзэж, нүд үзүүрлэсээр зориг зүрхийг нь мохоолоо.
Хувийн шинж чанараараа ялж гарч ирсэн шижгэр залуусыг итгэлээ гээтэл нь балбасаар ирлээ.
90-ээд
онд хориод настай байсан, өнөө үед өвөө болсон хэдхэн хүнээр ардчиллыг төсөөлөхөө больё.
Ирэх сонгуулиар шижигнэсэн сайхан залуусыг гаргаж ирье. Сайд дарга юу байдаг юм тэрийг нь хийлгэе. Нөгөө Ж.Батзандан, О.Магнай хоёр яасан. Үзэл бодлоо дагаад ирлээ гэсэн өөд гаргах янз алга. Тэднийг лидер болно гэж харж байсан. Гэвч гөлөөг ч гэх хүн алга. Тэдний зориг зүрх, МАН-ын залуусынхаас сул дорой биш. Тэднийг АН-ын шинэ үеийн лидерүүд болгоё.
Г.Баярсайхан байна. С.Ламбаа гэж хиймор нь хаясан өвгөнөөс Эрүүл мэндийн сайдын албыг дутуу хашив гэж. Хийж чадаж л таараа. Х.Тэмүүжин байна. Ц.Нямдоржид гөлөг нохойгоороо дуудуулж суухын оронд Хууль зүй, дотоод хэргийн сайд элбэгхэн хийнэ. Лу.Гантөмөр С.Баярцогтоос муу байв гэж. Улсын сан хөмрөг гартаа бариад сууж чадаж л таараа. Б.Батбаатар байна. Хэнээр ч татуулахгүй гарч ирээд төр түшилцэж явсан тэр залуу одоо нэг дүүргийн намын даргын ажил хийгээд, тэр албыг нь Н.Алтанхуяг мэтийн өвөө нар булааж авахдаа тулаад байгаа. “Алтан гадас”-ынхаа хүнийг тавих юм гэнэ. Генсек Д.Эрдэнэбат, Нийслэлийн намын хорооны дарга Ш.Түвдэндоржийн оронд Б.Батбаатар сууж чадахгүй гэж үү. Цаашлаад бүхэл бүтэн намаа авч явж чадаж л таараа. Нөгөө муу Р.Эрдэнэбүрэнг нэг удаа намдаа элсүүлж авч ашиглаад л хаялаа. “Лектор”-ын Ц.Баатархүү Т.Гандигийн ажлыг яагаад хийж болохгүй гэж. Ховдын Н.Пунцагийг Зам тээврийн сайд болчихлоо гэхэд хэн гайхах юм. Чингэлтэйн Ардчилсан намын Да.Алтанхуягийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд болчихлоо гэхэд үгүйсгэх арга алга.
Яадаг юм энэ залуус Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, салбарын сайд болохыг мөрөөд л дөө. Яагаад болохгүй гэж. Социализмын үеийн өвөө нар зах зээлийн нийгэмтэй зохицоод төр улс бариад явж л байна. Шинэ цагийн ардчилсан үзэлтэй залуус яагаад төр барьж болохгүй юм.
Дээр дурдсан залуус дээр Төв аймгийн Доржпүрэв, Ховдын Ардчилсан намын Б.Пүрэвдорж , Дундговийн Данзанноров, Чингэлтэйн Б.Батхуяг, Болор гээд олон залуусыг хэн ч анзаарахгүй үнсэнд хаясан шалз шиг болголоо. АН-ын залуусаас арай дөнгүүр нь энэ хэд. Цаана нь өч төчнөөн залуус өндийж байгаа ч боломж тун бага, найдвар бараг байхгүй. Өвөө нар нь хийж үзээгүй юмаа хийж үзэх гээд өөд уруугүй тэднийг хавчиж гадуурхаастай. Одоо энэ залуус нэг цул болох хэрэгтэй. Тэд өөр өөр фракцад дөрлүүлж, өвөгцүүлийн хоронд хордоод, бие биенээ үзэн ядаж хүмүүжиж байгаа. АН-ын залуус хонгилын үзүүрт гэрэл байгаа гэдэгт итгэж улс төрд зүтгэдэг бол МАН-ын залуус хонгил гэрэлтэй гэж итгэдэг.
УИХ-д МАН-ын хэдэн залуу байна. АН-ын хэд байгаа билээ. Хэдүүлхнээ байж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л байцгаадаг. УИХ дахь АН-ын залуусыг тоолъё гэхэд таван хуруунд ч багтахгүй. АН хаалга өшиглөөд чадлаараа ороод ирсэн залуугийн өөдөөс нулимж орхидог.
Одоо МАН-ын дараа үеийн бүхэл бүтэн арми бэлтгэгдэж, бэлэн байдалд жагслаа. АН-ын дараа үеийнхнийг нэрлэе гэхэд ч салаа цэрэг ч хүрэхээргүй байна.
Сүүлийн үед намын даргын марафонд хэдэн залуусыг ашиглаж эхэллээ. Өөрсдөд чинь боломж олгохгүй байгаа өвөгцүүлийг юунд дөгөөнө вэ. Залуус та нарыг хагаралдуулаад дундаас нь өөрөө ашиг харж үлдэж байгаа ах нарынхаа муухай занг мэдмээр юм даа. Яадаг юм. Нэгэнт улс төрд орж ирсэн л бол хамтдаа ардчиллыг аврахын төлөө, хөгшрүүлэхгүй байхын төлөө өвөө нарыг өөрсдөө шахах цаг болсон.
Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвөгцүүл
намтайгаа хамт мөхлийн ирмэг
дээр ирээд байна. Залуу үедээ
боломж олгоё. Идэр залуу хорин настай АН өвөө нараар биш залуусаар чимэх цаг
болсон шүү.