Урлагийн гавьяат
зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.
-Түүхт ойнууд давхацсан баяр
наадмаар төрөөсөө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт
уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?
-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы
уншигчдад бас баяр хүргэе.
-Долгион гэдэг нэр Монголын
рок поп урлагтай үргэлж хамт хэлэгдэж, цуг ирсэн. Хүүхэд байхдаа “Долгион”
гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?
-Сониноос “Долгион” гэж хамтлаг
байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.
-Монголын рок попын алтан
үеийн хамтлагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?
-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп
гэдэг томъёоллоор, орчин цагийн хөгжмийн
утгаар нь яах аргагүй
миний үеийнхэн анх бий
болгосон гэж хэлж болно. Миний унаган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат
агсан бол Монголын рок попын анхны гавьяат шүү
дээ. Монголын төр анх
удаа гитарчинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань
хэдийгээр бидэнтэйгээ байхгүй
ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүлтэй юм байна. Манай рок
попын гэр бүлд гавьяат
цолтнууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний
хамгийн отгон нь би боллоо. Тийм учраас миний үеийн
хамтлагуудад тоглож, зүтгэж
байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн,
рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе
үеийнхэн маань мэдэж,
хайрлаж, хүндэлж явдгийн
нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож
байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе
рүүгээ орох гэж байна.
Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн,
рок попын үндсийг
тавьсан хүмүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ.
1990-ээд оны, залуу үеийн
төлөөлөл болсон та нарын үеийнхэн
биднийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад
залуучууд баяр их хүргэх
юм. Энэ юу гэсэн үг вэ
гэхээр рок поп залуу үеийн
урлаг юм. Тийм болохоор бас их баярлаж байх шиг байна. Энэ шагнал бол рок попынхонд
урам хайрласан ээлжит баяр гэж ойлгож байна.
-Тухайн
үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй
Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз
гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?
-Рок
поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй холбоотой. Яагаад гэвэл гитар тоглоод
дуулна. Түүнийгээ тухайн явцуу хүрээндээ сонсгохоос гадна цаашаа олон хүнд
хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сонсохыг хүсдэг, харилцан бие
биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгслээр харилцан хүргэхийн тулд
явсаар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod боллоо. Бидний хүүхэд байхад удаан
тоглогч пянз гэж байлаа. Тэр пянзаар рокн роллийн хаана Эльвис Преслей,
“Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуучуудын толгой тархийг эзэмдэж,
маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг
гариг, ертөнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.
Галсанбатын
том ах Галсанбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт
учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг
суваг нь тэр үеийн оюутнууд юм.
Галсанбаяр
ах бид нарыг суулгаж байгаад “Битлз”-ийн
дууг пянзаар сонсгосон. Ингэж л бид “Битлз” гэдэг пянзтай танилцаж байсан.
Түүнээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.
Тэр
үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50
мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон.
Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг,
гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок
попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээрээ гэрч нь юм.
Монголын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэлтэй, холбоотой.
Орцны хөгжмийг өнөөдөр зарим хүмүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйсгэж болохгүй юм.
Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдоггүй, хаалттай
хориотой дуунуудаа орцонд л дуулдаг байлаа. Нэг ёсондоо орц нь Соёлын төв
байж. Тэнд хүүхэд залуус цуглаж хөгжим, мэдээлэл хуваалцдаг, солилцдог байсан.
Орцны урлаг буюу баруунд underground
гэж байдаг. Тэр урлаг маань явсаар байгаад орчин цагийн рок попын
урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв маягаараа хуваагдаад байж байна.
-Монголын
анхны эстрад рок, поп дуу гэвэл?
-Тухайн
үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамтлаг байгуулсан
нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй.
Дуу гэж ярихгүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.
-Та
нарын үеийн хамтлаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор
байдаг. Та бүхнийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид
гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?
-Аль
алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг.
Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгжмийн
бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа,
Г.Бирваа, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав гээд л хуучны мундаг хүмүүс
баталдаг байсан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. Намайг анх
дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд
бодоход буруу юм биш байжээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хадгал
гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй
сонсогддог дуунууд нь мөнх байдаг. Ингэж бас тайлбарлаж болно. 1990 онд
ардчилал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж
хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж
байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөөдөр зарим дуу урт наслахгүй байгаа.
Өөрөөр
хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн,
мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад байдагтай адил 1990, 2000-аад оны дуунууд
ч мөнхрөх л болно шүү дээ.
-Та
шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадамтай
давхацсан шагнал авсан мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан байх шүү?
-Би ер
нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжигчин,
төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл
өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн
гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуудынх нь нэг нь би. Тийм учраас
төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний
амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал
хайрлаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөнхийлөгчтэй гар бариад,
тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баярладаг юм билээ.
Тэгээд
би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа
учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм
учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн
хөшөөний хажуугаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд
уухайлахад аягүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаггүй.
Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж
сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа
шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор
энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.
-Наадмаар
тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?
-Тэр
өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь
олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэдгийг бүр онцгой ойлголоо. Над
руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүртэл яриад “Та бол мундаг шүү”
гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээлээ
шүү дээ. Тийм л юм боллоо. Их сонин мэдрэмж төрдөг юм байна. Фото аппаратууд
түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу.
Их баярласан, догдолсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё
уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.
-Төрсөн
дүүтэйгээ урлагт, нэг салбарт зэрэгцээд, хамтдаа зүтгээд явахад ямар байдаг
вэ?
-Би
сэтгэгдлээ хуваалцмаар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн
байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, орчуулга
хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий
юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асуудлаар ороод уран бүтээл туурвих талаасаа
хаагдаж байсан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй
хальсан даа.
Энэ
жил миний дүү Б.Ангирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон авлаа,
би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй
шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэхэд
ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны танил
хүн. Тэр өчүүхэн жаахан авьяасыг аав ээж минь бидэнд өгөөгүйсэн бол юу гэж
бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн боловчиг хамгийн хялбар ойлгохуйц
сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.
-Б.Ангирмаагийн
зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.
-Миний
дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч
шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал байдаг
юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа
хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг
байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм
ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ
хараад байхад продюссерыг жинхэнэ утгаар нь хийж чадаж байгаа. Хүнд хараалган
зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.
Яг
тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэлтэй. Ахынхаа төлөө дүү ямар
сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар
хөөцөлдөхөд их үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж
байгаагаа ерөөсөө мэдээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна
гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.
-Б.Ангирмаа
жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж
байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?
-Тэр
үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд
дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан.
Би тэр үед битүүхэндээ алга ташаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны
цомог нь их мундаг болсон байдаг.
-Улсын
наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наадам залгах нь. Та наадмаар хаагуур
баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?
-Монголчууд
бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавынхаараа бол би
чинь Архангайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архангайнх.
Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба
хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тиймхэн юм болсон. Их гонсгор
үлдсэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас
гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг.
Тэр утгаараа гоё рок наадам болсон.
-Ямар
нэгэн хүндэтгэлийн тоглолт язгуур урлагаар эхлээд, дараа нь нийтийн дуугаар
үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?
-Зөв л
дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа
анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол
өөрөө хөгжөөд явчихдаг. Залуу хүн өөрөө байгаа учраас төрийн дэмжлэг энэ тэр
гэхгүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.
Сонгодог
урлагтаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд
Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спортоор бол олимпийн мөнгөн медаль.
Э.Амартүвшин надтай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг
бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмждэг
байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөгжөөд
л байж байна.
-Та
бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ
өнгөрөөчихсөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?
-(Инээв).
Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөдрийн орчин
цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавьсан. Дэлхийн бүхий л рок хамтлагаар
дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа
шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.
Би
одоо үндэсний хөгжмөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажиллаж
байна. “Жонон” хамтлагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байхгүй
юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаачилсан юм. Их гоё санаа.
-Улаанбаатарт
“Битлз” хамтлагийн хөшөөг босгосон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус
тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?
-Очдог
гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээчээд сараачаад аймаар болгочихдог
юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа
тэгсэн. Хөшөө цэвэрлээд арччихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан
чинь “Хэдэн залуус ирээд л цэвэрлэчихдэг” гэж байв.
Д.ГАНСАРУУЛ