Categories
редакцийн-нийтлэл

Допингийн хар хөшигний цаана юу байна вэ?

Улсын начин Ч.Цогбаяр үндэсний бөх дэх допингийн асуудлыг тойрсон шударга бус үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө гүтгэгдчихээд байгааг шийдвэрлэж өгөхөд тусална уу гэж тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Кёкшюүзан Батбаярт хандсан байна. Д.Кёкшюүзан Батбаяр Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарыг Монголын сумо бөхийн холбооны шугамаар БНСУ-д аваачиж аравдугаар сарын 31-нд БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын лабораторид шинжилгээ хийлгүүлсэн байна. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илрээгүй аж. Хамт явсан нэгэн залууг баталгаа болгож хоёр бөхтэй цуг шинжилгээнд оруулсан нь бүгд адил негатив гарчээ. Энэ нь допинг хэрэглээгүй гэсэн үг юм.

Эхлээд
16 бөхөөс до­пинг илэрсэн гэж байгаад 13 болсон. Тэгснээ найм, зургаа болж цөөрсөөр сүүлдээ хоёр бөх допинг хэрэглэсэн болж таарлаа. Тэ­гээд одоо тэр хоёр шийт­гүүлэх юм байх. Хоёр жилийн хугацаанд огт барилдаж болохгүй­гээс гадна Бөхийн өр­гөөнд болох том, жижиг ганц ч барилдаанд зодог­лож болохгүй гэх хатуу­хан шийтгэл ноогдуулна гэнэ.

Шийтгэл
авахаар
бол­сон гээд байгаа улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр нар “А” сорьцоосоо до­пинг илэрсэн гэх мэдээг дуулаад үүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэ­дэгдсэн. Учир нь наад­маар бөхчүүдийн шээ­сээс нь сорьц авдаг нөх­цөл, орчин нь үнэндээ хэнд ч итгэл төрүүлэхээр­гүй агаад сорьцыг сэм со­льж, хольчих боломж дэн­дүү их гэсэн. Мөн шин­жилгээ авч буй ажлын хэсэг, эмч нарын хэс­гийнх­нээс хэн нэгэн нь ямар нэг бөхийн өмнөөс шээгээд өгчих боломж хангалттай байдаг аж. Чухам ийм шалтгаануу­дын улмаас дээрх хоёр бөх “А” сорьцын хариуг эсэргүүцэхээр барах уу “В” шинжилгээгээ шинж­лүү­лээгүй аж.

Хэрэв “В” сорьцоо шинж­лүүлбэл өмнөхөө­сөө ялгаагүй. Өөрсдийнх нь гээд байгаа тэр сорь­цууд өөр бө­хийнх бай­хаас сийхгүй учир шинээр шинжилгээ өгсөн байна. Спортын анагаах ухаанд хүч тамир нэмэхээр хэрэг­лэсэн сэр­гээшийн төр­лийн боди­сын тун хүний мах цусанд тодорхой хэм­жээгээр 1.5 жил хүр­тэлх хугацаанд хадгалагд­даг гэж үздэг. Ийм бо­лохоор дахин шин­­жилгээ өгчээ.

Харин шин­жил­гээний хариу­гаар до­пингт хамаа­рах ямар ч бодис илрээгүй байна.

Бөхчүүд
“Манай бөхчүүд бүгд л допингоддог болсон ш дээ” гэж ярихыг олонтаа сонслоо. Ер нь тэгээд үндэсний бөхөд сэргээшийн асуудал хавтгайрчихаад байгааг бөх сонирхогчид гэлтгүй Монголын ард түмэн мэдрээд удсан шүү дээ.

Энэ жилийн наадам өмнөх наадмуудаасаа олон түүхт ой давхцсан гэдгээрээ ялгагдаж, илүү нэр хүндтэй мэт сэтгэгдэл төрүүл­сэн. Гэтэл БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн До­пингийн хяналтын лабора­то­риос бөхчүүдийн “А” сорьцын ха­риуг ирүүлсэн наймдугаар сарын эхээр 16 бөхөөс допинг илэрсэн гэх яриа шуугиан дэгдээж өнөө сайхан наадмын уур амьсгалыг дарж бай­лаа. Тэгснээ допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн тоо буурсаар буурсаар Г.Цогбаяр, Г.Алтангэрэл нараар цэг тавьчих шиг боллоо.

Тэр 16 бөхийн тоонд үзүүр, түрүүний бөхөөс эхлээд, том, шинэ цолтнуудын нэрс жагсч байсан. Энэ бүхнээс харахад тэр том цол­той бөхчүүд яаж ийж байгаад до­пингийн хар жагсаалтаас нэрээ сугалчихсан юм шиг. Мөнгөгүй, хэнэггүйгээрээ Ч.Цогбаяр, Г.Алтан­гэрэл хоёр л үлдчихсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Өнөө жилийн наадмын допингийн асуудлыг ерөнхийд нь харахад бусад бөхчүүд энэ хоёр бөхөөрөө туг тахьчихаад байна уу даа гэл­тэй. Ер нь тэгээд 16 байна уу, найм, зургаа, хоёр байна уу гэдгийн эцсийн тоог Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо биш Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний олимпийн хорооныхон 
үнэнээр
нь мэдэж байгаа. Бүр тодруулбал Допингийн эсрэг үндэсний төвийнхөнд БНСУ-аас ирсэн шинжилгээний хариу­нууд шинэхэн эхээрээ хадгалагдаж байна. Г.Ал­тангэрэл, Ч.Цогбаяр хоёр шийт­гэлээ аваад барилдахгүй байна уу, цолоо хураалгана уу хэнд ч хамаа­гүй.

Та бидний анхаарал тавих хамгийн гол зүйл бол БНСУ-аас ирүүлсэн хариунуудыг манайхан яг тэр чигээр нь, шударгаар нийтэд дэлгэдэг эсэхэд юм.

Хөшиг нээвэл нууц тайлагдана гэдэг шиг үү дээ. Албаны хүмүүс допингийн хар хөшгийг нээх цаг болсон.

Ядаж энэ жилийн наад­маар бөхчүүдээс авсан шинжил­гээний “А” сорьцын хариуг БНСУ-аас ирсэн тэр хэвээр нь нийтэд харуу­лах ёстой. Тэгэхээс нааш энэ жи­лийн наадмаар хоёр бөх допинг хэрэглэсэн гэдэгт хэзээ ч итгэж чадашгүй нь.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Нэгэн мянга есөн зуун наян долоон оны наад­мын нэг томоохон шуу­гиан нь Чимэдравдангийн Мяг­марсүрэн найрагч бай­сан тухай өмнөх бич­лэгийнхээ төгсгөлд өгүүл­сэн билээ. Үнэхээр шуу­гиа­ны эзэн нь “Сумын заан” байжээ. Утга зо­хиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл най­раг­чийг “Сумын заан” хэмээн нэр­лэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны “Болор цом”-д уншжээ. Тэгээд л шуу­гиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Ба­дарч “Тэмээ” хөтөлж ирээ­гүй, өмнөх жил нь “Адуу”-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн най­рагч нэгийг дуулгахад ойр­хон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найраг­чийг баараггүй тү­рүүлнэ гэж итгэл хүлээл­гэчихсэн, шүүгчдийн ханд­лага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод бай­сан учир тэр жилийн цомд “Тэмээ” түрүүлсэн удаа­тай.

Үзэгч олонБолор цом“-ын танхимаас га­рахдаа

Хол явж барилдаагүй сумын заан

Хот орж үзээгүй сумын заан

Армийн гурван жил хил дээр зогсож

Аз дутаж, “Алдар“-т ороогүй сумын заан

Ардын төрийн наа­дамд авар­гуудыг

Араажаваар цоллоход

Өөрийгөө цоллуулсан мэт баяр­­ладаг, Гуяа ал­гаддаг сумын заан…” хэ­мээн нэгэн зэрэг
уншаад гарсан гэдэг дээ. Ер нь Мягмарсүрэн най­рагч уралд­сан
наадам бүртээ дуу­лиан тарьдаг байж. “Сумын эмч”, “Байрны хүүхэд”, “Бальгай” зэрэг эгэл боргил, ямар нэгэн хээ хуаргүй монгол шүлгүүд нь тухайн үеийн үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байжээ.

Хол холоо явахад ойрхон санаг­даад байдаг аа

Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа

Чулуут, Чулуут, Чулуут минь гэж зүүдэлж сэрээд байдаг аа

Халуут эгч хийгээд ахын минь суугаа гол оо…” гэсэн сайхан шүлэг нь бий. Мань хүн тэр чигээрээ л Чулуу­тынхаа харгиа урсгал байсан байгаа юм. Номуудынх нь нэр хүртэл үнэндээ утга төгөлдөр са­нагддаг. “Ташаа тамгаар Чулуут” гэж бий. Жинхэнэ монгол нэр, мон­гол сэт­гэлгээ. Өнөө үеийн хүүхдүүд, ялан­гуяа хотын хүүхдүүд уг номын нэрийг уншаад сайн ойлгохгүй ч байж мэдэх. Түүний 

Баясан баясан нялхрах ам­рагийн сэтгэлээ

Балтай саран гуравхан хор­воогийн жам аа

Алдавч, оновч цугтаа амьдын заяандаа

Аргадах гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа…” гэх олны мэдэх сайхан дуу бий. Бас нэг хэлэлгүй өнгөрч болом­гүй сайхан шүлэг байдаг юм.

Намрын дунд сарын нам гүм өдөр

навч хөвүүлж замаг зулсан хөх ус:

Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,

Наадамд сойдог нимгэн хээр үрээ,

Өндрөөс өндөр тэнгэр бас дуу­гүй,

Өргөн зам уулсыг ороож одно

Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийн

Өнөө явчих миний нулимс дунд торолзоно

Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би,

Халуухан дурсамж, хаваржаа на­мар­жаа

Хамаг бүхнээ орхиж замд гар­сан би

Хамаг бүхнээ орхиж замд гар­саан

Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь

Хаанаас одоо юугаа олно доо гэж хөдөөх найрагч маань ерээд оны эхээр Архангайн Өндөр-Улаан сум Чулуу­тынхаа нүдэндээ нулимс­тай их хотыг зорьсон байдаг. Ийм л шүлгүүд тухайн үеийн цомд ун­шигдаж, Мягмарсүрэн найрагч нэгэн өнгө нь байсан ажгуу.

Наян найман он. Бас л гал авалц­сан наадам. Сүүлийн шатанд Тан­гадын Галсан, Цэндийн Чимэд­дорж, Дамбын Төр­бат тэргүүтэй аваргууд үлдчихсэн, аль л сайн гэсэн бүхнээ уншиж, Дөн­гөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид яахаа мэдэхгүй пайнагтчих­сан хэцүү байж. Ингээд Тангадын Галсан найрагч “Жирмийн сүлжээ” хэмээх жигдэр­мэл дөрвөн мөртийн цоморлигоо­роо Дунд­говийн идэрхэн хоёр найрагчийг нам цохиж өгөөд эгшиг­лэнт Янжинлхамыг гардчихсан байгаа юм. Галсан гуайн хамгийн хэцүү учраа нь дэлт Чимэддорж байжээ. Тэрээр “Сэлбэ” хэмээх “галзуу” шүлгээр өрсөлдөгч бүхний­хээ толгойг тас цавчихаа алдсан гэдэг.

Газрын хөх судас бүдэг бадаг­хан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа ха­тирч л бэлчирлэдэг усан

Адуу бараадан дагах тушаа­тай морь шиг дэгэнэ

Дүүрэн Сэлбэ биднийг шир­гэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цу­санд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цор­гоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсаж бай­гаа

Улаанбаатар дундуур чинь са­жилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж бай­гаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож ч чадалгүй уурга чир­гүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаа­дах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидэрээ гээтэл цалгилах эм­нэг хуланг тогтоох юм гэнэ. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мар­тацгаа…” гэж уншин их үс гэзгээ нэгэнтээ сэгсэгнүүлж өгөөд ёстой нэг тарааж тавьсан байгаа юм. Ер нь ерээд оны “Болор цом”-д Цэн­дийн Чимэддорж, Барнангийн Дорж­палам гэсэн Дунд­говийн ир­тэйхэн хоёр найрагч таарсан бүхнээ бөхөөр бол баруун солгойгүй тон­горч, ааг омог нь зодгондоо багтаж ядан байжээ. Болдогсон бол мань хоёр ээлж дараалан л цом авчихаар байж. Жил жилийн наадамд уясан “морьд”-ыг нь харахад үнэндээ уяа сойлго нь жив­хэрчихсэн байдаг даг шүү. Эгшиг­­лэнт Янжинлхамыг чинь нэг хүнд олон өгч болдоггүй шиг байна лээ. Бүгд л ээлж дараалан авдаг жамтай юм уу даа. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн нарын авар­гууд л бяр зааж гурав, гурав түрүүлсэн байгаа юм. Эл хоёрын рекордыг эвдэх хүн хэсэгтээ л гарах­гүй байх аа. Ц.Чи­мэддорж, Ц.Хулан, Б.Ичин­хорлоо нар хоёр түрүүлээд байгаа даа. За тэр яахав, өнөө үндсэн шугамаасаа хазайх гэж байна. Наян есөн он. “Дэрэнгийн хар азарга” гэж алдаршсан Ц.Чимэд­дорж “Малчин” шүлгээрээ “Болор цом” гардсан наадам. Эхний шал­гаруулалт нь Төв аймгийн Зуунмод хотод болж хоёр дахь даваанаас Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдэг. Наадмын ерөнхий шүүгчээр ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол суужээ.

“…Хар голтой сүргийн минь сүр сүлд

Хар лустай Дэрэнгийн минь хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норов­банзадыг дагаж

Дэлхий  дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга аахэ­мээн уншсан ирт найрагч маань сүүлийн шатанд алдарт “Малчин” шүлгээ уншсан юм. Тэрээр уг шүл­гийнхээ тухай нэгэн­тээ ийн дурссан удаатай. “Болор цом эхлэх гээд байдаг. Бүр цаг нь тулчихаад бай­даг. Шүлэг дуусч өгдөггүй. Гэргий минь “Чи чинь наадмаасаа хоцор­чихлоо шүү дээ. Өөр шүлэг уншиж болдоггүй юм уу гэж загнаад байдаг. Би болохоор гал тогоо­ныхоо өрөөнд бичээд байдаг. Гадаа унаа хүлээгээд бай­даг. Мөнхтуяа дээл бүсийг минь барь­чихаад дэр­гэд зогсоод байдаг. Ёстой юм юм л болж билээ. Тэгж нэг юм шүлэг дуусч дээлээ өмсөөд гараад өгсөн. Орой нь Янжин­лхамын хөрөг­тэй, “Болор цом”-той ирж, гэрээр минь дүүрэн нар мандсан даа” гэж хуу­чилсан нь бий. Тэгэхээр “Мал­чин” шүлэг наян есөн оны “Болор цом”-ын өдөр бичигдсэн байгаа юм шүү.

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж

Намрын дунд сарын арван­тав­ны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө ал­даж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийн­хөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ аз­ын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл мал­чин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных аа…” хэмээн эхэлдэг цуутайхан шүлгийг өнөөдөр мэдэх­гүй хүн ховор доо. Ингээд бодохоор “Болор цом”-д хамгийн сайн шүл­гүүд уншигд­даг, үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг соронз адил татдаг жин­хэнэ өрсөл­дөөний талбар бай­жээ. Тиймдээ ч манайхан “Болор цом”-ыг улсын наадам шигээ хү­лээдэг, өөр хоорондоо таавар урал­дуулдаг, тухайн үеийн Монгол теле­виз шинэ жилийн орой юм уу, эс бөгөөс цагаан сарын үеэр найр­гийн наадмыг үзэгчдийн хүртээл болгодог, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин “Оны есөн алдартан”-ыхаа нэгээр тухайн жилийн цомын эзнийг тод­руулдаг байсан даа. Мөн ч нэр төртэй байжээ, одоо бодоход. Дээр нь уг наадам олон сайхан найрагч­дыг ард олонд таниулан, утга зохио­лын хэдэн үеийг төрүүлжээ. Үүгээрээ л үнэ цэнэтэй юм даа. Уг наадамд шүлгээ уншчих п юм бол найрагч боллоо хэмээн өөрийгөө бодоход хүргэж үгийн ур­лагийн мас­теруудыг ирлэдэг байж шүү. Тэрхүү уламжлал одоо хэр нь хадга­лагдаж байгаа даа. Ц.Чимэддорж най­рагчийг түрүүлсэн жил Чимэдрав­дангийн Мяг­мар­сүрэн “Байрны хүү­хэд барил­даанч Бас дээр нь урал­даанч…” хэмээн эхэлдэг бодь нэгэн шүлгээ уншин аман хүзүүдэж, Шаг­дарсүрэнгийн Гүрбазар найрагч “Хоршоо Дэрэм”-ээрээ гурвал­сан удаа­тай. 1990 он. Хамгийн сүр дуулиан­тай болсон наад­муудын нэг. Хөдөө­гийн улаан хацартай охин тэргүүн байрыг хүртэж Монголын утга зохиолд нэгэн шинэ үе гарч ирж буйг зарлан тун­хагласан билээ. Тухайн жилийн наад­мын нэг онцлог нь найрагчид хоорондоо сугалаа­гаар таарч өрсөлд­жээ. Баяр­хүүгийн Ичинхорлоо найрагч сүүлийн да­ваанд

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй юм

Миний Монголын тэнгэрт эрх­лэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөл­­сөн бүргэд

Бусдын тэнгэрт өдөө цацдаг­гүй

Миний Монголын тэнгэрт өс­сөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй ээ” хэмээн наймхан мөр шүлэг уншсан нь олны сэтгэлд ихэд хүрсэн байдаг шүү. Ичинхорлоогийн тухай яриа газар сайгүй л тархаж, хөдөөгийн улаан хацартай охин, үгүй ээ, тэр Тэнгэр ч билүү, Бүргэд ч билүү шүлэг нь ямар мундаг гэж санана. Ердөө хэдхэн мөр шүлэг шүү дээ гээд л. Ингэж Ичинхорлоо тэргүүтэй залуус олны танил болсон доо. Өвөрхан­гайн улаан хацартай охиныг маш их азтай нэгэн гэдэг. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь, ерэн он бол нийгмийн задралын үе байлаа. Бүхий л салбарт шинэ дуу хоолой, шинэ үеийг нийгэм хүсч байлаа. Энэ нь утга зохиолд ч нөлөөгөө үзүүлж хорь хүрээгүй залуус “Болор цом”-ын сүүлийн шатанд үлдсэн байдаг. Өөр нэг зүйл Б.Лхагва­сүрэн тэргүү­тэй зохиолчид Өврийн хангай нут­гаар явж байхдаа шүлэг бичдэг охинтой таарч, хот хүрээ орвол бид хэд дээр очоорой гэчихэж. Ингэж л Ичинхорлоо най­рагч тэр жилийн цомд Өвөрхангай­гаас хүрч очсон байгаа юм. Бавуу­гийн Лхагвасүрэн багш нь ерөнхий шүүгчээр сууж бүх зүйл “ногоон гэрэл”-ээр шуударчээ.  Ерэн оны цомд Ням­буугийн Билгүүн хэмээх тугал хар нүдтэй туранхай бор хүү 

Тэнгэр түшсэн уулс хурмас­тын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмт­рэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүц­гэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоо­роо мөргөмүү…” хэмээн гал цог­тойхон уншиж аман хүзүүдсэн бол өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэлийн гүй­цэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн най­рагч Гомпилдоо­гийн Мөнхцэцэг Дор­ноговиос догд­лон ирж “Сэм сэмхэн алх­саар түл­хүүрийн нүхээр шагайхад чинь

Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ

Нарны алтан утас бүхлээрээ шур­гавч багтамгүй нүхээр

Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна…” гэж уншаад хотын залуусыг хөлөргөж байсан түүхтэй. Тэгээд гуравдугаар байрт шалгарчээ.  Харин “Дор­нодын хар Орших” буюу Базарраг­чаагийн Бат-Орших агсан

Эхээс төрсөн цогцсыг өнгө мөн­гөөр хэмжих

Эд бараа адил эрэмдэг шу­налаар эмжих

Гоо бүсгүйн тэмцээнд нүцгэн шал­дан гайхуулаагүй

Гоолиг турьхан биеэ өлөн хар­цанд таалуулаагүй

Таанын үнэртэй энгэр хөрслөг бор охид минь

Саалийн сүү шигээ ариухан хөдсөн дээлтэй цэцэгс минь

Эрхэмсэг гоо марал та нар­тай минь тэнцэх

Мисс гэж байхгүй ээ

Хүрээ гангачуул хойшоо

Миний нутгийн бахархал хараа бардам дээшээ” хэмээн бас л шуу­гиулаад авсан байгаа юм. Тэр жи­лийн цомын нэг гоё өнгө нь Хул­ганайн Тэргэл байсан гэх. Хөдөөгийн баахан шүлэгч залуус хацар нь улаа бутарчихсан, хөлсөө арчаад зогсож байхад Тэргэл өвдөг­нөөсөө дээш төө хэрийн даашин­заар ган­гаран, үзэгчдийн харцыг булааж “Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөг…” хэмээн уншсан удаатай. Үндсэндээ тэр жилийн цомын чи­мэг, гэрэлт цагаан сувд нь Х.Тэргэл байж дээ. Дараа жилийнх нь цомд байна уу даа, арван найм, ес­тэй охин нууц амрагийн шүлэг ун­шаад л бужигнуулж байсан санаг­дана. Дараа жил гэснээс ерэн нэгэн оны цомыг Ичинхорлоо найрагч дахиад авсан байдаг. Тэр жил байх аа даа, “Монгол савхи” ком­пани түрүү най­рагчид савхин дээл гар­дуулж, өнөө улаан хацарт чинь өндөр цагаан хүүхэн болчихсон тайзан дээр сав­хин дээлээ өмсөөд гангарч байлаа шүү дээ, базар­ваань. Мань хүн Б.Лхагвасүрэн багшаа, за тэгээд Дундговийн дуу­лиант хоёр болох дэлт Чимэддорж, “Омскийн дэлт чоно” Доржпалам нарыг ардаа орхи­сон байдаг. Да­ваадоржийн Энх­болд­баатар мөн тусгай шагнал хүртсэн байх шүү. Ерэн хоёр онд Бавуугийн Лхаг­ва­сүрэн хоёр дахиа түрүүлсэн билээ. Тэрээр Их хурлын танхи­маас ирж шүлгээ уншсан гэдэг билүү дээ. Очир­батын Дашбалбар агсан түүнд “Их хуралд чи тамхи татаж, хүүхэн бодохоос өөр юу хийж бай­гаа юм” гэж хэлээд хор шарыг нь маажиж байсан нь тухайн цагт юмдаг. Ардын зохиолч маань “Хү­ний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хор­мой шиг намайж

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Ай мөн сайхан аа

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэгхэн ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэх­сэн түүн дээр

Аль улсын иргэн болох гэж асуу­сан

МОНГОЛ гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

Монголд хэдий хугацаагаар суух вэ гэж асуусан байна

Үхтлээ сууна аа,

Үхсэн хойно сүнс гэж байдаг бол Монголын харьяат гэж бичлээ…” гээд цомыг нь гуйж биш гуядаад авчихсан удаатай.  Лхагвасүрэнгийн ар шил дээр мөн Барнангийн Дорж­палам давхиж ирсэн байгаа юм. “Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэг­дэж байсан ганцхан яруу найрагч бол Барнан­гийн Дорж­палам юм” гэж хожим ардын уран зохиолч хэлсэн удаа­тай. Тэгэхээр “Омскийн дэлт чоно” (Дорж­палам) үнэхээр эвгүй байсан байгаа биз. Ерэн хоёр оны наад­мын тусгай шаг­налыг “Манай нут­гийн өвгөд машины үнтэй гаанс зуудаг” гэж хэлээд “Чулууны маг­таал”-аараа цом авч байсан Тоо­мойн Очирхүү, Дамбын Төрбат нар хүртжээ. Харин үзэгчдийн шагналыг Гүрээ найрагч авсан байна.

“…Үйлийн үргүй хөөрхөн Ал­тан­ширээгийн Цэрмаа

Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэргүүлэхэд

Хатирч саарал хүлгийнх нь газар атгасан сүүлнээс

Хаан бугуйвч сүлжих мэт туу­райн мөр хоцорлоо…” хэмээн “Дугуй хээтэй наадам”-аа уншиж үзэгчдийг байлдан дагуулжээ.

 Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Би багийн тоглогч хүн

УИХын гишүүн, Зас­гийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд, АНын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.

Та сүүлийн өдрүү­дэд хэвлэлийнхэн, сэт­гүүлч­дийн хамгийн эрэлттэй хүн болоод байна. Учир нь таныг эзгүй байхад танай на­мын гишүүн, бас хам­тарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өг­сөн. Гэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахав. Харин та ямар хэргээр хааш зорчив, ямар уч­раас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.

-Би
ОХУ, Их Британи Умард Ирландын нэгд­сэн Вант улсад очоод  өнгөрсөн мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зо­рилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт Пе­тербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хам­тын ажиллагааны бай­гуул­лага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөн­хий сайд нар, зарим орны орлогч нар оролц­сон л доо. Манай улс ажиглагч статустай оролц­дог ШХАБ-ын хур­лын үеэр тус байгуулла­гад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэр­хэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилц­сан. Бидний хувьд Монгол Улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн хувьд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Нэгэнт ОХУ-д очсоных Монгол Оросын Засгийн газар хоорондын комис­сын Монгол талын дар­гын хувьд нөгөө талын дарга, Тээврийн сайд И.Ле­витинтэй уулзаад авав. Өнгөрсөн хавар Улаан-Үдэд хийсэн уул­залтын үр дүнг ярьж, бен­зин шатахууны хангалт, манайд оруулж ирж бай­гаа малын вакцин эхнээ­сээ ороод ирсэн тухай, Улаанбаатар төмөр за­мын дүрмийн сангаа хоёр талаасаа тус бүр 125 сая ам.доллараар нэмэг­дүүлэхээр ярьсны дагуу бид төсөвтөө суулгаж бай­гаагаа хэллээ. Мэ­дээж, хоёр улсын хоо­ронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, бас Таван толгойн тен­дерт Оросын тал орол­цож байгаа талаар ярь­сан. Манайд асуудал ид яригдаад явж байгаа, та­най талаас асуудлаа ший­дэж, ойлгуулж чадах хүмүүсээ яриа хэлэл­цээн­дээ оруулаарай гэдгийг хэлсэн. Хилийн дээс алх­сан гурав дахь зорилго маань Лондонд болсон Дэлхийн Ардчилсан хол­бооны гишүүн намуудын дарга нарын хуралд орол­цох явдал байлаа. Энэ байгууллага Төв болоод барууны чигийн намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага л даа. Манай нам энэ байгуул­лагын албан бус гишүү­нээр арав орчим жил байсны эцэст энэ удаад албан ёсны бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Тус хурал дээр үг хэлэхдээ Монгол Улс хорин жи­лийн өмнө ардчилсан хувьсгал хийж, манай орон улсын зэрэгтэй улс болоход АН-ын оруулсан хувь нэмэр их байсныг дурдаж, одоо ард иргэдээ эдийн засгийн эрх чө­лөөтэй амьдруулахын тулд бид зорьж ажиллаж байна гэсэн.

Мөн Ардчилсан ор­нуу­дын Хамтын нийгэм­лэгийг Монгол Улс дарга­лах болсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд чухал үүрэгтэй оролцож бай­гааг онцолж хэлсэн. Тэнд байсан гадныхан ч Мон­гол Улс Азид ардчилсан хувьсгалыг цогцоор нь гайхалтай хийж чадсан орон гэдгийг, тэр хувьс­галыг хийхэд АН оройлж оролцсон гэдгийг нь хэ­дийнэ мэддэг болсон бай­на. Албан ёсны ги­шүү­нээр элсэхэд баяр­тай, талархалтай бай­гаагаа илэрхийлж бай­сан даа.

Дэлхийн Ардчил­сан хүчний холбоог ба­рууны чигийн намуу­дын Соц Интерн гээд ойлгочиход болох уу?

-Тийм  дээ. МАН-ын­хан Соц Интернийн ги­шүүн гэдэг шиг АН Дэл­хийн ардчилсан холбоо­ны гишүүн боллоо гэсэн үг.

Дэлхийн чиг ханд­лага ардчилал гээд л байдаг. Ингэхэд танай холбооны гишүүн ор­нуудын хэд нь өөрийн­хөө оронд эрх барьж байдаг юм бол?

-Европын
холбооны 27 орны 22-т нь энэ чиг­лэлийн намууд засгийн эрхийг барьж байна. Уг хурал дээр яригдсан нэг зүйл бол сүүлийн үед дэлхий нийтээр төв бо­лоод баруун чигийн на­муудыг дэмждэг болж байна. Энэ намуудын үнэ цэнэ нь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, данхар төрийг цомхон байлгах гэж оролддог, халамжийг хавтгайруу­лах бус зөв зохистой ху­ваа­рилахыг илүүд үздэг, хариуцлагатай ил тод байдлыг дэмждэгт байд­гийг нэлээд ярьсан л даа.

Ямартай ч танайх энэ холбооныхоо бүрэн эрхт гишүүн болжээ. Харин одоо өмнөх асуулт руугаа оръё. Та Х.Баттулга сайдын ярилц­лагыг хэзээ унш­сан бэ. Гадаадад байх­даа юу, энд ирээд үү?

-Би
энд ирээд гүйлгэж харсан. Нэг бүрчлэн сайн уншаагүй дээ.

Танд юу бодогдов?

-Бодогдоод байх зүйл юу байхав. Ер нь хоёр гол санааг хэлье гэж бодсон шиг байна лээ. Нэг нь Засгийн газрын үйл ажил­ла­гаатай, нөгөө нь намтайгаа холбоотой. Яахав дээ, Засгийн газарт бол ажил хийж байгаа тохиолдолд хэрэлдэж, хэлэлцэх зүйл зөндөө байдаг. Гэхдээ намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байс­наас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яриг­даад ярилцаад хийж ча­дахгүй байсан Оюу тол­гой, Таван толгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд  хүмүүс таатай бай­гаагаа илэрхийлж бай­гаа. Би намынхаа “Мон­гол хүн-2020”-ийн хү­рээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хам­тарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж бай­на. Түүнээс Засгийн газ­рын танхим дотор нэгэнт ажил л ярьж байгаа хойно хэлцэж, хэрэлдэх нь бай­даг асуудал. Гэхдээ хувь сайд нар, салбар сал­ба­раа ярьж маргалдахаас нам, намаараа талцаад муудалцаад байдаггүй юм шүү. Үүнийг зориуд хэлье.

АН энэ Засагт 15 сай­даас зургаан сайдын суу­далтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажил­лаж байгаа, бас хам­тарсан Засгийн газ­рын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлт­гүй. Тэр үүднээсээ Х.Бат­тулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөв­шөөрнө. Угаасаа би тэр­гүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бү­рэн эрхийн хугацаа дуус­тал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч бид­нийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин нам­тай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ.

Чухам юу нь?

-Би дээр хэлсэн дээ. Бүх аймгаараа явж, ард иргэд, намынхаа гишүүд­тэй уулзлаа гэж. Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөн­хий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хүсч байна. Үүнийг ганц хоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаа­гүй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бод­сон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэ­дэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч биш, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.

Та улстөрчдийн рей­тингийн тухайд юу гэж боддог вэ. Таны нэр шилдэг арван улстөр­чийн жагсаалтад нээ­рээ яагаад ордоггүй юм бэ?

-Би гурван жил АН-ын даргаар ажиллаж байна. Намайг аравт алга, төдөд алга гэж хэлдэг байх аа. Надад яаж ярьдаг байх нь хамаагүй. Өнгөрсөн хугацаанд таныг “Нэгт оруулаад өгье, тэдэд оруу­лаад өгье” гэж хэлж байсан нь ч бий. Би түү­нийг яг яаж шалгаруулдаг юм ойлгоогүй. Надад хэ­дэд орох нь чухал биш. Би энэ намыг толгойлж ирэх хугацаандаа ганц зарчим л барьсан. Энэ нь АН-ыг олон нийт зөв талаас нь хараасай билээ, дандаа дотроо хэрэлдэж, муу­далцаж байдаг гэх тэр дүр зургаас нь салгаж ха­раа­сай билээ гэсэн ганц зүйл.

Ер нь манай намын олон гишүүн бидний нам дотроо авалцдаг, муу­далцдаг тэр явдал маань алдаа байжээ гэдэг. Тэ­гээд нийгэмд намынхаа ерөнхий ойлголтыг нь зөв болгох зорилго тавьсан. Тэр маань бас ч гэж биел­жээ. АН болсон болоогүй зүйлээс болж дотроо муу­далцаж, хүчээ тарамддаг байсан, харин одоо зов­лон дундуур яваад өөр болжээ, төлөвшиж, буурь­тай суурьтай, эрийн цээнд хүрсэн нам болжээ гэж олон нийт үздэг болж. Надад Н.Алтанхуяг рей­тин­гээрээ өндөрт байх нь чухал биш АН бүхлээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүч­тэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л ганцаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ ба­гаа­раа гэж боддог юм.

Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр бай­гаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.

Түүхэндээ АН өр­сөл­дөгч намаасаа өн­дөр рейтингтэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН, МАХН гэж салсан уч­раас АН тэгж харагдаад байгаа юм биш үү. Тэд нэг талдаа зогсчихвол танай намын рейтинг өндөр болж чадахгүй тал байна уу. Үүнийг сайд ч ярилцлагадаа дурдсан байна лээ?

-Бид зүгээр сууж бай­сан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дүр зураг гарахгүй л бо­лов уу. Рейтинг өндөр болсонд аль, аль талын хүчин зүйл байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нө­гөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз  дээ.

Өнгөрсөн гурван жил ганц би, намын дарга гэдэг энэ хүн зүтгэснийх биш манай намынхан бүгдээрээ хичээж ирс­ний үр дүн. Манайхан дотроо хэлцэж, хэрэлд­лээ гэхэд өөрсдийнхөө ганц үнэт зүйл болсон АН гэдэг дээрээ нэгдэж чад­саныг би хэлмээр байна. Манайхан бид бусдаас тохой илүү байна,  гэхдээ доторхи жижиг сажиг мар­гаанаасаа болж, яс зууж давхидагтаа буруу­таад байдаг байж гэдгээ энэ хугацаанд илүү ойл­голцож чадсан. Үүнийгээ ойлгож, нэг зүйл рүү явж чадаж байгаа маань бид­ний амжилт.

Гэхдээ рейтинг өндөр байгаагаа бид ялан дий­лээд байна гэж харж байгаа юм биш. Бидний өмнө цаг хугацаа байна. Олон ч үйл явдал байна.

Хамтарсан Засгийн газар хэзээ салах вэ гэдэг асуулт танд энэ Засгийн газрын эхний өдрөөс тавигдаж бай­сан байх. Би бас асуу­маар байна?

-Бидэнд нэг хэцүү асуу­дал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Эл­бэг­дорж Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн га­зарт манайхан байж бай­гаад нөгөө намдаа өшиг­лүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ ма­най ҮЗХ-ныхон хам­тар­на гэсэн шийдвэр гарга­сан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэ­вэл гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр то­дорч байна.

Хамтарсан Засгаас гарах асуудлыг Н.Алтан­хуяг мэддэг юм биш, С.Бат­болд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таа­рах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуу­дал байхгүй.

Нэг хэсэг АН-ыг зас­гаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс таа­рал­да­хаараа “Хэзээ га­рах гэж байна” гэж мэн­дэлдэг болсон байсан үе ч байлаа. Одоогоор ма­най дээр ийм яриа гарсан зүйл алга байна.

Сонгуульд арай хамтарч оролцох юм биш биз дээ?

-Сонгуульд энэ хоёр нам хоёу­лаа орно. Орохдоо хоорондоо өрсөлдөнө гэдэг нь тодорхой. Аль аль нь, хийсэн зүйлээ ч ярих байх, ялгарч чадах талаа ч тодруулж ярих байх. Бас юу хийхээ ч ярьж таарна.

Тэгвэл танай нам ялалт бай­гуул­бал нөгөө намаа Хамтарсан Засгийн газарт урих уу?

-Тэрийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хууль нь тодорхойгүй байна, юу юу нь ч тодорхойгүй байна. Гадуур “Энэ хоёр нам бүх  тохироо­гоо хийчихсэн гэнэ билээ. Зуу­рал­даж, наалдаж байгаад сонгуульдаа ороод дахиад хамтрах гэнэ” гэсэн яриа гарсан байна лээ. Хэн тэгж ярьсныг би мэдэхгүй юм. Ямар гээчийн холыг хардаг хүн үүнийг хардаг байна аа. Монгол Улс ардчилсан орон. Парламентад хэн хэдэн суудал авахыг ард иргэд мэдэхээс намын хоёр дарга мэднэ гэж байхгүй.

Манай намын хувьд гол үнэ цэнэ маань юу вэ гэвэл дотоодын ойлголцол, ард иргэдийн өгч бай­гаа үнэлэмж. Үүнийгээ бид цаашид улам бүр гүнзгийрүүлж дааж явахыг л хичээх болно.

Танай ҮЗХ хэзээ хуралдах вэ. Танай намынхан улс даяар явуулсан хэлэлцүүлэг дууссан, одоо л болох байх гэсэн яриа хөөрөөтэй байх шиг байна лээ?

-Бид хөдөөгүүр яваад дуус­чих­лаа. Нийслэлийнх хараахан дуу­саагүй байна. Энэ амралтын өд­рүү­дэд бид Сүхбаатар аймагт АН-ын аймгийн дарга удирдлага на­рын зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь бол АН-аас сонгогдсон дарга л даа. Аймаг орон нутгийг хэрхэн хөгжүүлж болдгийг нүдэн дээр харуулж байгаа энэ даргын туршлагыг харуулах гэж АН-аас гарсан аймгийн цөөхөн ч гэсэн дарга нар маань цугларч, харил­цан туршлага солилцоно. Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ган­хуяг, Өмнөговийн Б.Бадраа нар бас аймагтаа хийж байгаа ажлуу­даа ярьж танилцуулах юм. Мөн ирэх сард ардчилсан хувьсгалын ойн өдрүүд маань болно. Үүний дараа л бид хуралдана даа.

Таныг нэг гараараа МАНтай гар бариад, нөгөө гараараа С.Эр­дэнэ, Т.Хасбаатар нарыг тур­хир­даг гэсэн яриа байх юм. Ялан­гуяа нөгөө намынхан тань тэгж харддаг бололтой юм?

-Би тийм юм хийдэггүй л дээ. Би асуудалд нь ханддаг болохоос тэр муу хүн, тэр сайн хүн гэж ханд­даггүй. Эрхбиш гурван жил хамт­раад ажиллахад нөгөө намынхан маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болсон байлгүй дээ. Энэ нөхөр юуг хийдэг, юуг эс хийдэг вэ гэж. Хэрэв би тийм зүйл хийдэг байсан бол энэ Засаг аль хэдийнэ салж унах байсан. Үүнийг өмнөх Засгийн газар ха­руул­чихсан юм. Ц.Элбэгдорж Ерөн­хий сайд байхдаа гартаа өндөг бариад явж байна гэж хэлсэн нь яг үнэн. Хэзээ ч хагарчихаж магадгүй тийм эмзэг юм ш дээ.

Нэг хэсэг танай нөгөө хамт­рагч намын тань дотоодод бага­гүй асуудал өрнөлөө. Байдал багагүй ч хурцдаж ирээд намж­лаа. Тэр үед танайхан байдлыг юу гэж дүгнэж байв?

-Ерөнхий сайд С.Баяр бид хоёр анхнаасаа “Танай намын асуудал танай намынх, манай намын асуудал манай намынх” гэж тохирч байсан юм. Тиймээс бид нөгөө намынхаа асуудалд орж ярьдаггүй. Нам хойно ярих, хэлцэх асуудал байж л таарна шүү дээ.

Та анх С.Баяртай хамтарч, дараа нь С.Батболд залгамжлах үед үргэлжлүүлэн гар нийлсэн. С.Батболд сайдынС.Баяр бол том тоглогчгэдэг үгийг та юу гэж хүлээж авдаг вэ?

-Тэр хүн нөгөө хүний талаар юу гэж үнэлж байгаа нь надад хамаа­гүй. Би С.Баяр, С.Батболд нартай хамтарч ажилласан нь үнэн ч хувь хүнтэй хамтарч ажилласан бус, хамтарч хийх ажлын төлөө нэгдэж ажилласан юм шүү. Бид асуудлын төлөө, ажлын төлөө хамтарч ажил­ласан. Гэхдээ харилцан ойлголцож хамтарч ажиллаж чадсан.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Х.Бат­тулга сайдын салбарт шаард­ла­гатай мөнгө төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн гэсэн. Салбарын сай­дын хувьд хатуухан ярилцлага өгч мөнгөө шийдүүлж авах тактик байсан юм болов уу?

-Мэдэхгүй ээ. Монгол Улсын төсвийн ихэнх нь сайдаар нь хэл­бэл Х.Баттулга, Д.Зоригт гэдэг хүн рүү л явдаг юм ш дээ. Салбараар нь хэлбэл барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд. Үнэндээ ч мөнгө хомсдчихоод байгаа юм байхгүй л байх. Харин ч мөнгө маань ихэдчих гээд байх шиг байна шүү. Мөнгө их орсны хэрээр улс хөгждөг юм биш, харин мөнгөө зөв зарцуулсны хэрээр улс хөгждөг гэж би ойлгодог. Намайг Сангийн сай­даар ажиллаж байхад манай ул­сын төсөв 600 тэрбум төгрөг бай­лаа. Харин одоо тав дахин нэ­мэгдэж. Тэгэхээр энэ их мөнгөө зөв зарцуулахын тулд эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Хүмүүс ч үүнийг хэлж баталсаар байна.

Х.Баттулга сайдын ярилц­лагуу­даасЭнержи ресурс“-т нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна уу. Хувь хүний асуудлууд байна уу, салбарт нь байдаг хүний хувьд үнэхээр болохгүй зүйл байгаад бухим­даад байдаг болов  уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм даа. Би Таван толгойн ажлын хэсгийг ахалж байхад өргөн, нарийн төмөр зам гээд их маргасан даа. Тэр үед би хэлж байсан. “Төрийн ажлыг телевиз сонингоор хийхгүй шүү” гэж. Одоо ч тэр байр суурь маань хэвээрээ.

Сонгуулийн тухай хууль яг хаанаа, хэн дээр гацчихаад бай­на вэ?

-Сонгуулийн тухай хууль га­цаагүй, явж л байгаа шүү
дээ. Анх манай нам 50:26 гэж, МАН 26:50 гэж бүр
хоёр эсрэгээр нь тоо хэлж орж ирж байсан. Тэгээд ярьсаар байгаад нэг тоон дээрээ
тохирчих­лоо. Манай намын зүгээс
холбирч, хөдөлшгүй байгаа нь одоо байгаа засаг захиргааны хуваарилалтыг
өөрчлөхгүй шүү,
орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтдаа явуулна шүү гэдэг зүйл байгаа юм. Түүнээс бусад дээр хэлэлцээд харилцан
тохироод явж болно гэж үзэж
байгаа.

Categories
редакцийн-нийтлэл

Элчин сайдуудын томилгоо тойрсон асуудлын учир

-Т.ГАНДИ ЭЛЧИН САЙД БОЛОХ ГЭСЭН Ч БҮТСЭНГҮЙ-

Гадаад улсуудад суух Элчин сайдын
томилгооны асуудал хөндөгдөж эхэллээ. Тэр тусмаа Япон улсад Монгол Улсаа
төлөөлөн суух Элчин сайдын тухай онцгойлон яригдаж байна. Энэ албан
тушаалд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж буй С.Хүрэлбаатарыг томилохоор
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Гэтэл Япон улсын тал Элчин сайд
С.Хүрэлбаатарт дурамжхан байна. Хойд Солонгос, Японы харилцаа хэвийн бус
байгаа өнөө үед тэгэхээс тэгэх гэсэн юм шиг БНАСАУ-д Элчин сайдаар сууж
байсан нөхрийг ирүүлэх гэлээ хэмээн тэд эсэргүүцлээ. Үүнийгээ
илэрхийлсэн нот бичгийг манай Гадаад харилцааны яаманд ирүүлчихлээ гэх
мэтийн мэдээлэл түгэв. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худлаа гэнэ. Дипломат
ёсонд ийм зүйл байх учиргүй тухай албаны хүмүүс ярьж байна.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй
харилцах газрын холбогдох албан тушаалтнаас энэ талаар утсаар
тодруулахад “С.Хүрэлбаатар сайдыг Япон руу томилох гэж байгааг тус улсын
тал эсэргүүцэж нот бичиг ирүүлсэн” гэсэн мэдээлэл ор үндэсгүй юм. Олон
улсын харилцаанд мөрддөг тусгай дипломат ёс журам бий.

Нэг орон нөгөө улсдаа Элчин сайд томилох
шийдвэрээ гаргасныхаа дараа айлын талаас агреман хүсдэг. Тухайн хүнийг
айлын тал зөвшөөрч байвал хариу өгдөг. Эс зөвшөөрвөл айлын тал хариу
өгөхгүй удаадаг учраас зөвшөөрсөнгүй гэж үзээд өөр хүнийг санал
болгодог. Тэгээд ч Япон улсад Элчин сайдаар томилогдох хүн нь одоогоор
тодроогүй байна. Тиймээс Японы тал манайд нот бичиг ирүүлэх ямар ч
үндэслэлгүй. Хоёр орны харилцаатай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл
гарч байгаа нь харамсалтай юм” гэсэн тайлбар өглөө. Манайд суугаа Ялон
улсын Элчин сайдын яам ч дипломат ёсонд нийцэхгүй ийм мэдээлэл тараасан
хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хүргүүлэх гэж байгааг өөр эх
сурвалж хэлсэн юм. Харин ч Япон улсын тал Элчин сайд С.Хүрэлбаатарыг
тааламжтай хүлээж авах талтай гэнэ. Учир нь тэрээр өмнө нь Япон улсад
Элчин сайдаар ажиллаж байсан удаатай. Энэ удаа томилогдвол хоёронтоо
очих юм байна. Тэгээд ч хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан
хүний хувьд Япон, БНАСАУ-ын харилцаанд эерэг хандлага гаргах байр
суурьтай ажиллана гэж үзэх хүмүүс байгаа юм.

Элчин сайдаар томилогдохоор анх санал
болгосон хүмүүсээс анхаарал татаж байсан нь Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.Ганди. Гэвч түүнийг АН-ын бүлэг дэмжээгүй учраас
Элчин сайд болох гэсэн хүсэл нь бүтсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж сая Италид хийсэн айлчлалынхаа үеэр тэнд Монголынхоо Элчин
сайдын яамыг байгуулаад ирсэн билээ. Тиймээс уг яаманд Бүрэн Эрхт Элчин
сайдын орон зай эзгүйрч эзнээ хүлээж байгаа. Харин энэ суудалд Т.Ганди
сайд очихоор санаархсан хэрэг. Улс төрд олон жил зүтгэсэн энэ эмэгтэйд
нам нь өндөр албан тушаалуудыг харамгүй өгсөөр ирсэн. Тиймдээ ч УИХ-ын
сонгуульд ялалт байгуулж, парламентад суух эрх авч чадаагүй хэрнээ
сайдын албан тушаалд дөмөгхөн суусан юм. Тэгэхдээ бүр хамгийн их мөнгө
эргэлдүүлж байдаг, орлого ихтэй яамны даамлаар очсон гэж байгаа. Сайдынх
нь нэр сэвтэж, элдэв янзын шүүмжлэл дагуулаад байгаагаас болсон уу
ямартаа ч гадаад улсад Элчин сайдаар явж, налайж сууя хэмээн тэрээр
үзсэн бололтой. Итали улсад суух Элчингээр томилогдчихвол тэртэй тэргүй
ирэх сонгуулиар бүрэн эрх нь хэмжигдэж байгаа сайдын албаа өгөөд санаа
амар яваад өгнө. Магадгүй түүний хувьд их улс төрөөс хэсэгхэн холдож,
тархиа амраах гэсэн зальжин аргуудынх нь нэг энэ байж болох. Гэвч түүний
хүсэл бүхэн биелж, дуртай албан тушаалдаа очоод байдаггүйг АН-ынхан
сануулж буй бололтой. Учир нь тус намын бүлэг Т.Ганди сайдыг Италид суух
Элчин сайдаар томилохыг эсэргүүцжээ. Үргэлж дардан замаар явж ирсэн
Т.Ганди сайдын улс төрийн карьер магадгүй үүгээр дуусгавар болж байгаа ч
юм бил үү. Ямагт эрхлүүлж ирсэн намынхан нь ингэж зайлуулж байгаа ч юм
уу, хэн мэдлээ.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн цаадах өнгө, наана байгаа төрх

Бидний нэрлэж заншсан морин толгой буюу газрын гүнээс газрын тосыг сорж, нэрж  байдаг техникийг хята­дууд илжгэн толгой гэдэг юм билээ. БНХАУ-ын    Дачин хот дотор 20 мянган илжгэн тол­гой байнга ажиллаж бай­даг. Хотын хаана ч гэсэн хоёр алхаад л газрын тос нэрж буй энэ техниктэй таарна. Тэнд бай­гальд хор хөнөөл учруу­лаад байгаа юм алга. Хотоор дүү­рэн мод тарьсан байна лээ. Хотын хөгжил газрын тос­ноо­соо хамаа­ралтай гэдэг нь алхам тутамд ойлгогдоно.  Энэ хотод Дачингийн орд газрын үүсэл хөгжлийн түүх­чилсэн музейг үзэв.  Газрын тос гар аргаар олборлож байсан хүнд хэцүү үеэс өнөөд­рийн хөгжлийн түв­шинд хүртэл ямар зам туулж ирснийг  энэ музейгээс үзэж болно. Музейг үзэх юм ихтэй. Үйл явдлыг яг бодит мэт харуулж чадсан байв.

Дараа нь бид Төмөр хүний музей үзэв. Төмөр хүн гэгдэх Ван Шин Жи  1932 онд тө­рөөд 47 нас насалжээ. Түүний амьдрал газрын тосны үүсэл хөгжилтэй салш­гүй холбоо­той юм билээ. Гол баатар төмөр хүн маань 47 насалсан учраас музейн шат­ны тоо ч 47, музейн өндрийн хэмжээ ч 47 метр аж. Бид хүүхэд байх­даа В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын бага насны тухай үл­гэр домгийн юм шиг үг өгүүл­бэрийг олон­таа цээжилж бай­сан шиг Ван Шин Жигийн хүүхэд нас ч бусдаас өөр байж. Зургаан настайдаа хараагүй аавын­хаа өмнөөс ажил хийж, 12 настайдаа захиргааны хэр­гийн шүүхэд хандан заргаа авч байсан гээд л түүний бага нас гай­хамшгаар дүүрэн. Нэг ёсон­доо үлгэр жишээ, удир­дан манлайлах төрөлхийн авьяас­тай бусдыгаа дагуулах хувь заяанд төрсөн хүн бо­лол­той. Мөн ядуу зүдүү, тар­чиг амьдрал нь түүнийг хөдөл­мөрч шаргуу хүн боло­ход тус болжээ. Түүх ингэж л эхэлж байгаа юм. Түүний амьдрал тэр чигээрээ л хөгжин дэвжиж, мандаж явсан бөгөөд богинохон насандаа хийсэн, бүтээсэн нь газрын тосны салбарыг хөгжихөд хувь нэмрээ оруулсан, хэрхэн хүнд бэрхийг туулж зорил­годоо хүрч байсан зэргийг кино дүрсэнд мөнх­жүүлжээ. Мөн зуурах машин эвд­рэхэд өөрөө дотор нь орж зуур­магийг биеэрээ зуурч байсан гээд л түүхэн гэрэл зургууд ч тавигдсан байв. Хүйтэнд мөс хагалан хэдэн тонн усыг жижигхэн хувингаар зөөж байсан гээд л хөдөлмөрч, чин зоригтойг нь дурджээ. Тэрээр нөх­цөл бололцоо байсан ч ажиллана, байхгүй байсан ч бий болгож ажиллана гэж ярьдаг хүн байж.

Социализмын үеийн сур­тал ухуулга шиг санагдах олон зүйл байсан ч музей өөрөө сонирхох юм олонтой, үзэж харах зүйл нь ихтэй юм билээ. Ямар ч байсан дээрх хоёр музейг үзсэн хүмүүс газрын тосны тухай тодорхой ойлголттой болоод л гарах юм билээ.

Нөгөө “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” гэдэг шиг музейг үзэх хүний хөл тасардаггүй болол­той. Гадна дотныхон ч, нутгийн иргэд ч үзэж байх юм. Нэгэнт төмөр хүний туулсан замыг бид туулахгүй ч газрын тосны салбарт ганц хүн ингэж хөлс хүчээ шавхан  зорил­годоо хүрч чадаж байхад бэлэн  техник хөгжсөн өнөө үед бид  газар доорхи шингэн алтаа ашиглаж өөрсдөө боловс­руулдаг болчихвол ч гэсэн  бодол төрж байлаа.

Буцах замдаа бид Бээжин­гийн газрын тосны сургуультай танил­цав. 1953 онд байгуулагдсан тус сур­гуульд одоогоор 51 монгол оюутан суралцдаг бол нийт гадаа­дын оюутны тоо 658 байдаг гэнэ. Сургууль, дотуур байр, лабора­тори, хоолны газар, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар, дэлгүүр гээд бүгд нэг дор болохоор оюут­нууд хотхоноосоо тэр бүр гараад байх шаардлагагүй. Хичээлийн цагийн үеэр бид тус сургуультай танилцав. Зарим ангид ороход хаа сай­гүй байдаг л дүр зураг угтав. Багш нар хичээлээ зааж бай­хад арын эгнээнд суусан хоёр гурван оюутан унтаж байх юм. Энэ сургууль гадаа­дын 90 гаруй сургуультай хамтран ажилладаг агаад манай  ШУТИС ч үүнд багта­на. Мөн Монголын газрын тосны газартай хамтын ажил­лагаатай гэж байсан. Дэл­хийн томоохон газрын тосны компаниуд эднийхээс болов­сон хүчнээ бэлтгэдэг бөгөөд ихэнх нь сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг учир нөгөө хичээл дээрээ унтдаг оюутнууд ч гэсэн сал­барынхаа зах зээл дээр бор­логдчихдог бололтой. Манай оюутнууд 100 хувь тэтгэлгээр суралцдаг бөгөөд хэлний бэлтгэлдээ сайн суралцаж овоо хэдэн мянган юаны шагнал авсан оюутнууд ч байдаг аж.   Тэнд сурч байгаа монгол оюутнууд Монго­лын­хоо их, дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр эднийх шиг байдаг бол оюутнуудын сурал­­цахад их нэмэртэй гэж байна лээ. Хотхоноосоо гарч яваад оройтож ирвэл хаалга хаалттай тул заасан цагаас өмнө ирэх ёстой гэнэ.

Энэ мэт газрын тостой хол­боотой олон газраар орж үйл ажиллагаатай танилцан ну­таг буцсан юм.  Манай багт өвөр монгол орчуулагч залуу,  Хятадын хөрөнгө оруу­лалт­тай компанид ажилладаг өвөр монгол залуу явсан юм. Хятадын хөрөнгө оруулалт­тай Зон хон юу туан гэж Мон­голд газрын тос үйлдвэрлэж буй компанид ажилладаг Санжжав хэмээх өвөрмонгол залуугийн бичиг баримтыг томоохон буудлууд сүрхий шалгаж сүйд болов.  Санжжав Шинжааны өвөр монгол уч­раас ийнхүү болгоомжтой ханд­­сан юм байна. Учир нь Шинжаан уйгарт гарсан Өвөр Мон­голчууд бослого үймээн гар­­гасан учраас ноднин жи­лээс өвөрмонголчуудыг то­моо­­­хон буудлуудад буул­гах­гүй байсан аж. Үүнээс өөр айх­тар бэрхшээлгүй өмнөд хөр­шөөрөө зорчиж, алт нүүрс­­­­нээс гадна газрын то­соо боловсруулж эхэлбэл баян болох нь гарцаагүй юм бай­­­на гэсэн бодол тээсээр ирлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтарсан Засгийн газрын баадуу зогсов

Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь 
Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүү­хэн­дээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хам­гийн ойлгомжтой бөгөөд нухац­тай­гаар шүүмжилж орхилоо.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай нь ард иргэдэд хан­галтгүй байна гэдгийг тус Хам­тарсан Засгийн газрын нэг ги­шүүн нь юуны өмнө ил тодоор мэдэгдэв. Гэхдээ түүний ийн хэлснийг тогоон дотроосоо урваж шарвасан гэхээс илүү ажлыг урагшлуулах гэж үзэхдээ эрх ашиг, сонирхлын зөрчилд баглаг­даад, аргаа барж, үсээ үгтээсэн улстөрчийн үг гэж үзэхэд бо­лохоор байгаа юм. Тэр “Хувийн компанийн ажлаас төрийнх хоц­роод яваад байдаг. Энэ нь ойл­гомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэж харамсчээ. Х.Бат­тулга сайд нэг ноцтой зүйл мэдэгдсэн нь “Эрдэнэс МГЛ” 
нүүрсний
зах зээлийн ханш 110 ам.доллар байхад 70 ам.долла­раар гэрээ хэлэлцээ хийчихсэн, үлдэж буй 40 ам.доллар нь ард түмний хөрөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа хэрэг гэжээ. Өнгөрсөн 11-ний өдрийн Хятадын уул уурхайн сайт дээр хүрэн нүүрс нэг тонн нь 96.8-117.4 ам.доллар, коксжсон 193.5-225.8 ам.доллар ханштай гэсэн мэ­дээл­лийг харвал сайдын хэлсэнд эргэлзэх шаардлага алга.

Гэхдээ мань хүн дээрх бүг­дийг Засгийн газрын хуралдаан дээр хэлээд ч дэмжлэг аваагүй гэдгээ нэмж хэлсэн байв. Мөн татвар төлөхөөс зайлсхийж, Ухаа худгаас гаргаж авч буй нүүрсийг 70 ам.доллар гэсэн дарсан үнэ хэлж байгаа ч хилийн цаана өөр үнээр зардаг гэж барин тавин мэдэгдлээ. Хариуцлагатай ажил хийдэг хүн хариуцлагатай мэ­дэгдэл хийж байгаа байлгүй. Уг нь Засгийн газрын гишүүд УИХ дээр мэдэгдэл, мэдээлэл хийх­дээ яаж ийгээд л Засгаа өмөөр­дөг сөн. Тэгвэл Х.Баттулга гишүүн Засгийн газрын ажиллаж буй байдал, хурд, үр дүнд сэтгэл дундуур байдгаа зарлалаа. Ин­гэс­нээр танхимын дарга С.Бат­болд бас тэргүүн дэд дарга, Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, АН-ын дарга Н.Алтанхуягийг ажлаа муу хийж байна гэсэн дүн тавилаа. УИХ-аас Оюу толгой, Таван толгойтой холбоотой асууд­лууд дээр тодорхой тогтоол гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Парла­мен­таас бүх шийдвэр чиглэлийг нь хуульчлаад мөнгө төгрөг нь хүртэл байгаад байхад ажил явахгүй байна гэж үглэжээ. Ажил явахгүй байна гэж хэлэхээр Н.Алтанхуяг явж байгаа гэж хэлдэг, ам мурийгаад удаж бай­гаагаа нуусангүй. Засгийн газар үйлдэж буй үйл бас эс үйлд­лээрээ дагахгүй яваад ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилдэг нь оргүй биш бололтой. Үүнийг Засгийн газрын танхимын ги­шүүн нь хэлсэн болохоор хэрхэн итгэхгүй байх билээ. Угаасаа энэ кабинет нэг баг болж ажилла­даггүй, нэг намынхандаа бол нээлттэй нөгөө гаднаас орж ирсэн АН-ынханд хаалттай бай­даг бололтой юм гэсэн ойлголт уг ярилцлагаас нэвт харагдаж байгаа юм.

Тэрбээр “Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гарга­чихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна” гээд бүр “Дотроо байгаа мөртлөө шүү” гэж тодотгосон байгаа юм.

Ер нь энэ ярилцлага энэ төрд байгаа олон бүтэхгүй зүйлийг ил гаргаж өгснөөрөө ач холбогдол­той. Нэг гараараа архи зарж, нөгөө гараараа хууль баталдаг хүмүү­сийг шүүмжилж, Монголын бая­лаг хэдхэн гэр бүлийн гарт орж байгааг шүүмжилсэн нь танил тал, арга залиар бизнесээ өргө­жүүлдэггүй дундаж монголчуудад хамгийн ойрхон бууж байгаа мэдээлэл билээ. Бас эрхэм сайдын ярилцлагадаа өгүүлсэн нэгэн жишээг нэхэж дурдахаас аргагүй. Макдональдсын сүлжээ Монголд орж ирдэггүй нь иргэ­дийн орлого хүрэхгүй гэсэн судалгаатай нь холбоотой байдаг ажээ. Тав, зургаан мянгаар хачиртай талх аваад идчихээсээ зүсэм талх, шөлөөр өл залгачих­даг хүмүүс Монголд олон байна. Тиймээс нийгмийн дийлэнх нь ядуу Монголын нийтийн хоолны салбарт орж ирвэл дампуурна гэж дэлхийд тархсан энэ сүлжээ­нийхэн үздэг ажээ. Гэтэл мон­голчуудын баян болсны баталгаа болж байгаа гэгддэг Zegna, LV орж ирснийг авлигатай улс оронд орж ирдэг, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст л зориулагдсан гэдэг юм байна. LV-гийн салбарыг манайд анх нээгээд ганцхан сарын дотор борлогдсон барааны мөнгөн дүнгээ үзээд Бээжингээс манай­хыг хамаардаг салбарынхан цочролд орсон гэж дуулддаг. Тэд Монголд ингэж ихээр борлогдоно гэж зүүдлээ ч үгүй байж л дээ. Тэгэхээр үүнийг эргүүлээд унши­хаар “Монголд авлига хөгжсөн ч гэсэн ингэж ихээр хөгжсөн гэж санаагүй байсан” гэж ойлгог­дохоор.

Сайд Х.Баттулга баттай үнэ­нийг хэлсэн шиг хэлэв бололтой. Түүнээс жижиг сажиг найраа, хуйвалдаанд оролцоод байхгүй чанар илэрдэг. Тоймтой тулхтай, нийтлэг эрх ашгаа гэсэн сэтгэл харагдаад байдаг. Тиймдээ ч энэ удаад намынхаа даргыг танхи­мынхаа даргатай нийлүүлээд шулуухан буруушаав. Аль өнгөр­сөн сонгуулийн үеэр АН-ын дарга байхдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно” гээд Монголд эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй сонгуульд орж байсныг одоо 
“Эдийн Зас­гийн хувьсгал хийнэ” гээд зар­лаад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаагаа тэр хэлжээ. Бас каби­нетээ муу ажиллаж байгаа гэж дүгнэсэн нь Ерөнхий сайд С.Бат­болдод хаягласан нь мэдээж. Нөгөө талаас намынхаа даргыг шилдэг арван улстөрчийн жаг­саалтад багтаж чаддаггүй, өөрийнхөө өнгөн дээр намын рейтинг өндөр гэж үздэг нь буруу. МАН, МАХН гэж хоёр салснаар АН илүү рейтингтэй харагдаж байгаа хэрэг хэмээжээ. Даргад тал засахыг мэддэггүй энэ нөхөр танхимынхаа хоёр даргаа хоёу­ланг нь ийнхүү хусч орхиж. Хэн нэгэн улстөрч ингэж мэдэгдсэн бол өөр хэрэг. Харин Женко Х.Баттулга ингэж мэдэгдсэн нь дараагийн гаргалгаануудад хүр­гэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын цаг зогсох нь тодорхой болжээ. Үүний баадуу нь болж байсан Х.Баттулга дээрх мэдэгдлийг хийснээрээ үүнийг нотолж байна. Бас АН-ын даргын суудалд тэр өрсөлдөх хүсэл хийгээд төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа нь харагдаж байна. Н.Алтанхуяг даргад хаяг­лан үгээ дайж, ҮЗХ дүгнэнэ биз гэснээрээ шатахуун шингээсэн алчуур ҮЗХ-ныхоо голд шидчих­лээ гэсэн үг юм. Намын асуудал бол жижиг асуудал. Жинхэнэ ҮЗХ нь хуралдаж, намынхаа даргыг шүүмжилсэн гишүүнтэйгээ асууд­лаа ярина биз. Харин Зас­гийн газарт асуудал өөрөөр тусч таарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол нам шиг фракцуудын нэгдэл болж ажиллаж таардаг. Засгаа шүүмжилсэн кабинетийн гишүүнд огцрох шийтгэл ирэх ёстой байгаа юм, уг нь.

Ерөнхий сайд бардам хий­гээд зоригтой бол Засгийнхаа ажлыг шүүмжилсэн сайдыг огц­руулчих бүрэн эрхтэй. Гэвч Сү.Батболд Женког яадаг юм бол доо. Хамтарсан Засгийн газрыг 
нь тогтоож буй сүүлийн тороос болохоор чадахгүй л байх даа.

Э.ЭНЭРЭЛ

 

Categories
редакцийн-нийтлэл

ЭРХ БАРИГЧИД энэ хоёрыг яагаад зуугаад байдаг вэ?

Өмнө нь энэ тухай бичиж бай­сан л даа. Үйл явдал өрнөж байгаа учир дахиад л  бичих хэрэг гарлаа. Уг нь аль 2009 оны сүүлээр л эхэлсэн хэрэг явдал. Гэвч  одоо ч үргэлжилсээр байгаа учир л сөхөж байгаа хэрэг. Сэтгүүлч А.Баатар­хуяг, Г.Уянга нар Л.Гансүх сайдын    байрны үнийг нь өсгөж хэлсэн, нэг нь бичсэн гэдгээр шүүхийн хаалга, цагдаагийн хаалгыг  хичнээн ч удаа татав. Сайдын 165 сая төгрөгөөр авсан байрыг  сая доллар гээд хоёр сэтгүүлч хэлчихсэнд хамаг учир байгаа юм.  Ганц Л.Гансүх сайдыг ч сая долларын байр авсан гэж бичээгүй. Ё.Отгонбаяр сайдыг ч тэгж  хэлж, бичсэн шүү дээ. Тэглээ гээд Ё.Отгонбаяр сайд сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд гүйхгүй л байна.

Ер нь Л.Гансүх сайд Зайсанд таун хаус их сайн хямдруулаад 165 саяар авсан юм бол тэр мөнгөө хаанаас авав гэдэг ч бас эргэл­зээтэй шүү дээ. Тэгээд ч сэтгүүлчид хардах эрх бий. Засгийн газрын гишүүн Оюу толгойн  гэрээ батлагд­са­ны дараа, Ухаа худагийн 256 километр автозамын зөвшөөрөл олгогдсоны дараа MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалангаас  байр авсан байхад хардах логик үндэс­лэл аяндаа гарч ирнээ дээ.

Тэгж хардсаныхаа төлөө өнөө­дөр энэ хоёр сэтгүүлч буруу­тан болох дээрээ тулаад байгаа юм. Сайд хоёр сэтгүүлчийг “хор­хой­той араа”-ндаа тас зуучихаад, таг зууралдчихаад салж өгөхгүй нэгий­гээ үзнэ гээд зүтгэлээ. Тэгээд хоёр сэтгүүлчийг “Уучлалт гуй. Тэгвэл өргөдлөө татаж авна” гэж бас гүрийгээд байгаа.

Дээр нь өөрийн гараар бичсэн өргөдөлдөө “Г.Уянгын төрсөн өдөр 12 дугаар сарын 25-нд юм байна. Тиймээс барьж авч ир” гэсэн утга­тай юм бичсэн гэж байгаа юм. Заавал хүний хорвоод мэндэлсэн өдөр нь хорьж барих гээд байдаг нь ч юув. Дэндүү хүний жудаггүй хэрэг биз дээ.

Хоёр сэтгүүлчид хамтран зүт­гэгч, найз нөхөд нь санаа тавьж зөвлөхдөө “Үнэхээр 165 саяар тийм хаус авч болсон юм бол тэр үнээр нь та хоёр авчих. Бид мөнгө цуглуулаад ч болов тус болъё” гэжээ. Тэр хоёр ч “Байж болох л санаа байна” гэж хүлээж авч бай­гаа юм байна. Хэрэв сайд байраа авсан үнээрээ зарчих юм бол А.Баатархуяг, Г.Уянга хоёр “Үнэ­хээр тийм үнийн дүнтэй байр байс­ныг буруу үнэлжээ, бид” гэж хэлээд уучлалт гуйхад бэлэн гэнэ. Нээрээ ч айлын голомт самарч, хоёрын хоёр хүнийг хамтад нь шоронд явуулж байснаас авсан үнээрээ байраа зарчихаад, дээр нь уучлалт гуйлгачихаад нэр цэвэр явбал ядаж бүтэн нойртой хононо биз дээ. Тэгээд Л.Гансүх сайд хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шо­роон ордыг ашиглахгүй байгаа гээд л байсан. Хаа сайгүй л шороон орд ашиглаж байгаа талаар манай сэтгүүлч нэлээд хэдэн цуврал сур­валжлага хийж сониндоо хэвлүүлж байсан. Тэгэхээр өөрөө ч бас дандаа үнэнийг ярьдаг хүн биш болж таарч   байна. Сайд уг нь хоёр сэтгүүлчтэй биш хууль зөрчигсөд­тэй ингэж тэмцвэл зүгээр сэн.

Ямар ч байсан гэр бүлийн хоёр сэтгүүлч энэ Засгийн газрын нэг сайдыг шүүмжилсэн хэргээр шо­ронд явах дээрээ тулаад байна.  Тэр хоёр явчихвал гурван хүүхдийг нь яана гэж бодсон юм бол, эрхэм сайд. Хуучин цагт өглөө ажилдаа яваад орой шоронд явчихсан  тохиолдол  зөндөө л байсан гэдэг.  Хүүхдүүдийг нь гудамжинд гаргаад гэрийг нь хурааж, аав, ээжийг нь шоронд хийдэг байсан тэр үе  одоо цагт давтагдах хэрэг үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гэр бүлийн хоёр сэтгүүлч­тэй  Ардчилсан намд хамт ажиллаж байсан хүмүүс. Нэг зүг рүү харж, нэг  зүйлийн төлөө зүтгэж нөхөрлөж явсан андууд.

Тэгвэл нэг нь сайд болоод шударга ёсны төлөө сэтгүүл­чийн­хээ хардах эрхийг эдэлсэн  нөгөө хоёрыгоо шоронд явуулах нь ээ. Ингэх нь хүний хувьд, ёс сурта­хууны хувьд  муухай юм. Гансүхэд ингэхээ бай, боль, гэх хүн ч алга. Тойрон хүрээлэгчид нь ингэхээ боль гэх нь байтугай харин ч дөгөөж “Наадуулаа шоронд нь явуул” гэдэг бололтой юм. Гэтэл Л.Гансүх үгэнд нь ороод тэр хоёртой үзээд байдаг.    Хоёр сэтгүүлч угаас эрх баригчдын болох болохгүйг дэлгэж байдаг хүмүүс.  Энэ хоёрыг барьж, хорих гээд байгаа нь  дуугүй болгох л зорилго нь байх.       

А.Баатархуяг, Г.Уянга, О.Маг­най, Ж.Батзандан энэ дөрөв л эрх баригчдын эсрэг үнэнээсээ тэмцэж байснаас бусад нь бол итгэхэд бэрх л байдаг ш дээ. Ж.Батзандан, О.Магнай хоёр нь долдугаар са­рын нэгний хэргээс болж цаазтай ял хүртэл сонсохдоо тулж байлаа. Гэтэл Г.Уянга, А.Баатархуяг хоёр болохоор Засгийн газар, эрх ба­ригч­дын зуултанд орсон.

Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй болох талаар  яриг­даж байгаа ч хойшилсоор байна.  Энэ хоёр сэтгүүлчийг шоронд явуулж байж араас нь шийдэх гээд хүлээгээд байгаа ч юм билүү.  Монголын хэвлэл мэдээллийнхэн Г.Уянга, А.Баатархуяг хоёрыг сэт­гүүлч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед сэтгүүлчид маань  даргад долигонон,  нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлгийг муулах  ажил хийх нь олширсон. Гэтэл сэтгүүлчийн ажлаа үнэнчээр хийж байгаа, эр зориг гаргаж дуугарч чадаж байгаа гэр бүлийн хоёрыг номхон морь ноолоход амар гэдэг шиг л амар заяа үзүүлэхгүй ноол­соор эрх баригчид удаж байгаа.   Гэр бүлийн, идэр насны хоёр сэт­гүүлч улс төрийн тэмцэл хийж байна гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн ажлыг үнэнчээр хийж байгаа. Баримт гаргаж ирдэг, эрэн сурвал­жилж мэдээллийг олдог, олон нийтэд далд байгаа зүйлийг ил болгодог сэтгүүлчийн ажлыг энэ хоёр хийдэг. Ард түмний өмнөөс хардах, ард түмний өмнөөс бичих, ард түмний  дуулаагүй юмыг дуул­гах үүрэг сэтгүүлч бидэнд  байдаг. Тэр хоёр ингэж л ажиллаж байгаа.

Үе тэнгийнхэн нь эрх баригчдад үйлчилж байхад эрх баригчдын эсрэг дуугарсан энэ хоёрыг ад шоо үзэх биш,  мэргэжил нэгтэй нөхдөө өмөөрч дуугаръя гэсэндээ үүнийг бичлээ. Энэ хоёрыгоо шоронд хийлгэхгүй, хамтдаа эрх баригчдын алдаа дутагдал, буруу булхайг дэлгэж, ард түмэнд үнэнийг нь илчлэхийн төлөө зүтгэцгээе. Өнөө­дөр энэ хоёрт тохиолдоод буй зүйл маргааш хэнд маань ч ирэхийг байг гэхгүй. Сэтгүүлч бидэнд хардах эрх бий.

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Иргэд рүүгээ буу шагайх хуулийн төслийг Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьсан

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бод­логын зөвлөх М.Бат­чи­мэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед төр ир­гэд рүүгээ буу шагайдаг болох нь. Үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед ч бууддаг болох нь гэж байна. Үнэхээр ард­чил­сан төрд ийм юм байж болох уу?

-Үүнийг харин өөрөөс чинь, бас иргэдээс асуу­маар байгаа юм. Энэ та­лаар хэн нэг албан ту­шаалтан байр сууриа илэр­­хийлэхээс илүү ма­най иргэд, сонгогчид юу гэж бодож байгааг мэдэх нь ийм юм санаачлаад байгаа улстөрчдөд илүү цочоо өгөх байх. Аль бо­лох олон хүн энэ талаар яриасай гэж бодож байна.

Та аюулгүй байд­лын асуудлаар Ерөн­хийлөг­чид зөвлөдөг хүн шүү дээ?

-Миний хувьд байр суурь тодорхой. Ц.Ням­дорж сайд ийм хууль са­наачлаад явж байна шүү гэж хамгийн түрүүнд са­наа зовж, сонин хэв­лэ­лээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж бай­сан хүмүү­сийн нэг нь би. Тэр ч ут­гаараа Засгийн газраас ийм хуулийн тө­сөл УИХ-д өргөн бариг­даж байна шүү, Ерөн­хий­лөгчийн зү­гээс Засгийн газрын хэ­лэлцүүлгийн түвшинд байр сууриа то­дорхой илэр­хийлсэн, эсэр­гүүцсэн.

УИХ-ын түвшинд асуудлыг ну­хац­тай анхаарч үзээрэй гэдгийг их хурлын гишүүдэд хэлж ярьж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.

АНын бүлэг хуулийн төслийг буцаах санал гаргасан, та үүнийг хэлж байна уу.

-Тийм. Гэхдээ энэ асуудлыг шүүмжилж байгаа нь зөвхөн АН-ын гишүүд бус, үүнийг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа гэж бодож байна.

Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар байр суурьтай байсан бэ?

-Тэр асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр би Ерөн­хийлөгчийн байр суурийг тайл­бар­ласан. Аргагүй нөхцөл байдал үүсч, улс оронд онц байдал зарлаагүй л бол дотооддоо, тэр тусмаа ард иргэдийхээ эсрэг цэрэг, зэвсэгт хүчин оруулж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг. Бас онц байдал зарлаагүй нөхцөлд цөөн хүн дур зоргоороо цэрэг, зэвсэг хэрэглэх үүдийг нээснээр ардчиллыг нухчин дарах, төрийн эргэлт гарах, цаашилбал улс орон иргэний дайн гарах нөхцөл үүсдэгийг ч хэлсэн. Үндсэн хуулийн эсрэг ийм заалтыг хуульчилж болохгүй гэж үзсэн. Ха­рамсалтай нь Ц.Нямдорж сайдаас эхлээд үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх засаглалтай эрх мэдэл булаалдаж байгаа хэрэг гэж тайл­барлаж, над руу дайрч давшлаад өнгөрсөн. Элдвээр мэтгэлцэж байж нэг юм зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасч, бусдыг нь хэвээр үлдээх шийд­вэр гаргасан.

Энэ төслийг оруулж ирсэн гэж ХЗДХийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн буруутгаж байна. Таны харж байгаа өнцгөөр хашир сайд юунд үндэслэж бас найдаж энэ саналыг оруулж ирсэн юм бол?

-Ц.Нямдорж сайдыг би хэтэрхий олон жил төрийн чухал албан дээр дур зоргоороо авирлаж сурчихаад ингээд байж болдог юм, ингэж л нэр нөлөөгөө бэхжүүлдэг юм гэсэн итгэл үнэм­шилтэй болчихсон хүн юм уу гэж боддог. Эрх мэдэл, эрээ цээргүй байдлаараа улс төр хийж амжилт олж сурчихсан хүмүүс ганц Ц.Нямдорж сайдаар хязгаарлагдахгүй болжээ. Ийм хүмүүс улам л олон нийтийн санаа бодлоос өөрсдийгөө таслаад, явах тусам буруу замаар будаа тээх магадлал нь өндөр болоод байдаг юм байна. Хүмүүс Ц.Нямдорж сайдыг цагдаад галт зэвсэг өгч, ард түмний эсрэг буу шагайлгах гэлээ гэж эм­зэг­лэж байна. Гэтэл ингэж хүсч байгаа хүн ганц Ц.Нямдорж сайд биш шүү дээ.

Өөр ямар хүмүүс байгаа юм бэ. Та нэрлэж чадах уу?

-Ард иргэдийг айлгаж, эмзэглүүлж байгаа энэ асуудлыг санаачилсан хүн нь Ц.Нямдорж сайд боловч Засгийн газар танхимаараа үүнийг хэлэлцээд, дэмжээд УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хүний асуудал биш, Монгол Улсын өнөөгийн Засгийн газар танхимаараа ийм байр суурьтай байна гэсэн үг.

Хамтарсан Засгийн газарт АНын сайд нар ч байгаа шүү дээ, тэд ямар байр суурьтай байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын сайд нараас эргэлзсэн, тат­галзсан байр суурь илэрхийлсэн нь Засгийн газар дээр Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэх, ядаж зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасуулахад дэмжлэг болсон гэдгийг энд хэлэх ёстой.

Үндэстэн дотроо аюулгүй байхын тулд буу зэвсэг агсах нь хэр зөв юм бол?

-Хамгийн ноцтой нь одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр ганц цагдаад галт зэвсэг хэрэглүүлэх асуудал төдий бус, иргэдийн жагсаал цуглааныг дарахад дотоодын цэрэг, хилийн цэргийг оруулах асуудал байгаа. Засгийн газар дээр хэлэлцсэн эхний хувилбараар бол бүр зэвсэгт хүчин тэр чигээрээ дайчлагдах төсөл явж байсан. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайна, цэрэг оруулна гэдэг Ардчилсан орны хувьд байж болшгүй зүйл. Монголд ерэн онд ч ийм явдал болж байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм асуудал ороод ирэхэд Засгийн газар байх ёстой зүйл мэт огт цочихгүй хэлэлцээд, бүр дэмжээд алх цохиод явчихсанд нь би хувьдаа үнэхээр цочирдсон. Манай байдал бодсоноос хамаагүй дор байгаа юм байна, зарим хүмүүс эрх мэдэлдээ ташуурч юу хийж байгаагаа ч нухацтай бодохоо больчихжээ гэдгийг л илүү  тод мэдэрсэн.

Та хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэснийг нэлээд шүүмжилж байсан. Тэдгээрийг нэгтгэснээр ямар сөрөг үр дагавар бидэнд гарах вэ. Яг одоо эхнээсээ мэдэгдэж эхэлсэн зүйл байна уу?

-Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгт­гэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойл­гогдох байх. Сөрөг үр дагаврын хувьд гэвэл энэ шийдвэр аюулгүй байдлыг хангах тогтолцоог дампуурал руу түлхэж байгаа. Цагдаагийн академийн сонсогч нарт цэргийн дарга нар хичээл заагаад эхэлсэн гэж бодохоор хү­мүүст бид чинь юу руу л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж таарна. Нөгөө талаас, хууль хэрэг­жүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж хуулийг үл тоомсорлож дур зоргоороо авирлаад ирэхээр энэ улс орон цаашид юу болох вэ гэдэг бол хамгийн ноцтой асуудал. Миний бод­лоор Монголд улсад Хууль зүйн яамыг байхгүй болгоод оронд нь бүх хүчний байгууллагаа атгасан хэмжээгүй эрхт Дотоод хэргийн яам байгуулах ажил л яваад байх шиг байна. Гэхдээ дахиад онцлоод хэлэхэд гурван сургуулийг нэгтгэх асуудлыг Ц.Нямдорж сайд ганцаараа шийдээгүй, Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэр­лэ­сэн. Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн шийдвэрээ эргэн харж цуцлах шаард­лагыг Ерөнхий сайдад хүр­гүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хилийн цэргийн дээд сургууль гэдэг цэргийн ангийн ду­гаартай, статустай, байлдааны тугтай цэргийн байгууллагыг хууль бусаар татан буулгаад, галт зэвсгийг нь нэг тийш зөөчихсөн байгаа. Хуулийн дагуу байршил өөрчилсөн, шинэ анги бай­гуулагдаж шилжүүлсэн зүйл огт байхгүй. Санаатай, санамсаргүй аль нь ч бай, хуулийг уландаа гишгэсэн үнэхээр том завхрал явагдаж байна. Хууль биелүүлдэг эрүүл саруул тогтолцоотой газарт энэ бол байж болшгүй зүйл.

Одоо тэгээд цаашаа яах вэ?

-Засгийн газар өөрийн хууль бус тогтоолоо хүчингүй болгохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх нь УИХ-д байдаг. УИХ-д хандаж асуудлыг тавихаас өөр аргагүй болж байна. УИХ бол ард түмний төлөөлөл болсон, сонгуулиар иргэдэд ажлаа шууд тайлагнадаг байгууллага. Ийм асуу­далд УИХ Засгийн газраас илүү нухацтай хандах байх гэж найдаж байна. Энэ алдаатай шийдвэрийн хор уршиг нь их, хэвээрээ байгаад байвал урт хугацаанд улс оронд олон уршиг дагуулна гэж санаа зовж байна.

Санаа зовох гэснээс, сэдвээсээ жаахан хазайгаад таны хувийн үзэл бодлыг сонирхмоор санагдлаа. Эмэгтэй хүний хувьд танд энэ ажил чинь хүнд санагдах үе байдаг уу?

-Энд эрэгтэй, эмэгтэй хүн гэхээс илүү мэргэжлийн итгэл үнэмшил чухал гэж би боддог. Ерөнхийлөгч итгэж найдаад ийм том хариуцлага оногдуулж байхад би эмэгтэй хүн гээд хойш суух боломжгүй. Тэр тусмаа хариуцсан чиглэлээр ийм хууль бус, бусармаг явдлууд өрнөөд байхад нүдээ аниад чимээгүй суух эрх байх­гүй шүү дээ. Сүүлийн үед өрнөөд байгаа энэ “хүчний” гэгдэх байгуул­ла­гуудын асуудлаар өөрт заримдаа амаргүй ч гэсэн олон түмэнд мэ­дээлэл, ойлголт өгч байх нь, улс орны ч, иргэдийн ч аюулгүй байдалд, бас Монголын төрийн дархлаа батжихад ч  хэрэгтэй гэж боддог. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч яг ийм үзэл санаа шингэсэн. Улс үндэсний аюулгүй байдал монгол хүн бүрийн сонор сэрэмж, ухамсартай үйл ажиллагаан дээр суурилна, тиймээс төр иргэдээ шаардлагатай мэдээл­лээр нь хангаж байх ёстой.

Та сүүлийн үед дээр яригдсан асуудлуудаар нэлээд ярьж, бичиж байх шиг. Үүнийг тань Ерөнхийлөгч аюулгүй байдлын чиглэлээр энэ асуудлуудыг хамгийн их анхаарч байна гэж үзэж болох уу?

-Яг тийм биш ээ. Энэ бол анхаар­лын төвд байгаа асуудлуудын нэг л хэсэг нь. Ерөнхийлөгч аюулгүй бай­далтай холбоотой олон асуудал дотор хүний аюулгүй байдалд онцгой ан­хаардаг гэдгийг хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс хүн нь аюулгүй байж аюулгүй оршино. Гэтэл өнөөдөр Монголд хүний аюулгүй байдлыг хөндсөн олон ноцтой асуудал бий болсон. Ерөнхийлөгчийн амьдрах орчноо эрүүлжүүлж мод тарих, агаа­рын бохирдлыг бууруулах, газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрс­дэлийг бууруулах, архидалттай тэм­цэх, цөмийн хог хаягдлыг бүрмө­сөн хориглох гээд олон асуудал үүнд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед хүнс­ний аюулгүй байдлын асуудлаар ажлаа эрчимжүүлэх зорилт тавьж байна.

Та мэдээж эмэгтэй хүний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлэх асуудлыг дэмж­дэг байж таарна. Тийм үү?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр улс орон бүхэлдээ хождог юм байна, улс төр илүү ажил хэрэгч, зарчимтай болдог юм байна гэдгийг гадны улс орнууд өөрсдийн жишээн дээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улс төрд, бүр явцууруулж хэлбэл наад зах нь улсын төсөв хуваарилахад эмэгтэйчүүд, эхчүү­дийн оролцоо бараг байхгүй байгаагийн золиос нь бохир заваан хот, хортой хоол хүнс, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, гэр бүлийн элдэв бэрхшээлтэй асуудлууд гэж би боддог. Боловсрол, эрүүл мэндийн салбар уналтын байдалд байгаа нь ч үүнтэй холбоотой. Манайд наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаа билээ. Тэд ялгаагүй л Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөөд, амьдралын хатуу ширүүнийг нуруун­даа үүрээд явж байгаа монгол ээжүүд. Энэ мэт нийгмийн эмзэг асуудалд эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй ханддаг гэж би боддог. Төр тэр болгон хүрч чадахгүй байгаа ийм газруудад эмэг­тэйчүүд голдуу толгойлсон төрийн бус байгууллагууд идэвх гаргаад явж байдаг шүү дээ.

Сонгуулийн хууль гарахын өмнө эмэгтэйчүүдийн квот гэж их ярьдаг. Эрчүүд нь үүнийг бүр аймшгийн зүйл ярьж байгаа мэт хүлээж авах нь ч байх юм. Үүнийг квотоор шийдэж өгөх нь ямар хэрэгтэй юм бэ?

-Чадалтай юм бол өрсөлдөөд гараад ир гэж хэлдэг эрчүүд цөөнгүй байдаг л даа. Энэ бол шударга л үг. Гэхдээ шударга үг шударга орчинд л үнэтэй. Гарааны нөхцөл адил тэгш өрсөлдөөнийг л шударга өрсөлдөөн гэдэг. Гэтэл Монголд ч, гадны орнуу­дад ч эмэгтэйчүүд улс төрд ороход нэн түрүүн хоёр бодитой саад учирдаг. Нэгд, эрчүүд давамгайлсан улс тө­рийн орчинд угаасаа эрчүүд орон зайгаа алдах хүсэлгүй, тиймээс ч аль болох өөрсдөдөө ашигтай тохироо бүрдүүлээд, хоорондоо үгсээд явчих­даг. Нөгөө нь, улс төр их мөнгө шаарддаг. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой, чадалтай, нийтийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхтэй байлаа гээд мөнгөгүйгээсээ болоод улс төрд орж чаддаггүй. Ийм нөхцөлийг түр хугацаанд зөөллөж гарааны нөхцөлийг ойролцоо түвшинд аваачих үүднээс л олон оронд тодорхой хугацаагаар квот хэрэглэдэг юм билээ. Манайд ч ийм л утгаар квотын асуудал яригдаж байгаа гэж боддог.

Дэлхийн улс орнуудад шийд­вэр гаргах түвшиндээ эмэгтэй­чүү­дийн оролцоог тэгш байлгахын тулд ямар алхмуудыг хийсэн бай­даг юм бол?

-Парламентын квот бол сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Сонгогчдын тодорхой хэсэгт квотын дагуу зөвхөн эмэгтэй хүн сонго гэж тулгах боломжгүй. Иймээс квотын тогтолцоо пропороциональ системд л үйлчилнэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас зөвхөн сонгогдох бус, томилог­дох түвшинд ч эмэгтэйчүүдийн тө­лөөл­лийг нэмэгдүүлэх чухал. Энэ бол сонгуулиас илүү амар бөгөөд богино хугацаанд шийдэж болох асуудал.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Нарантунгалаг: Би ялалт байгуулах бүртээ уухай хашгирдаг

Холимог тулааны ОУХМ Жадамбаагийн Нарантунгалагтай ярилцлаа. Тэрээр аравдугаар сарын 30-нд Макаод зохиогдсон “Legend-6” тулаанд Австралийн тамирчин Адриан Пангийг буулган авч ММA-гийн аваргын бүсийн эзэн болсон юм.

Макаод зохиогдсон уг тэм­цээн чухам ямар тулааных бай­сан юм бэ.

-Тулааны
урлагийн барилддаг, өшиглөдөг, боодог, цохидог гээд бүхий л элементийг оруулдаг холи­мог тулааны буюу ММА-гийн “Домог” нэртэй тулааны аваргын бүсийн төлөө тоглоод ирлээ. ММА-гийн холбоо нь Азидаа хамгийн томд тооцогддог.

Холимог тулаан гэхээр бие хамгаалах урлагуудын нийлбэр гэж ойлгож болох уу?

-Бүх
тулааныг хольчихсон. Бө­хийн барилдааны авч шидэх, жүдо, самбын өчиг, боолт, боксын цохилт гээд бүгдийг оруулсан. Бээлий нь маш нимгэн. Чөлөөт тулаан. Энэ тулаанд юу ч хийж болно.

Дүрэмгүй зодоон, хориотой тулааны тэмцээн гэж нэрлээд байсан?

-Дүрэмгүй
тулаан гэдэг рүү нь дөхөж очно. Гэхдээ шууд тэгж нэрлэж болохгүй. Дотроо өвөрмөц хэд хэдэн дүрэмтэй. Хуруугаар нүд рүү хатгахгүй, хазахгүй, дагз, эмзэг эрхтэн рүү цохиж болохгүй гэсэн цөөхөн дүрэм бий.

Бусад тулааны спорттой харьцуулбал хориглох заалт нь цөөн юм?

-Таэквондод гараар цохих, унагаах, авч шидэх, унасан хойно нь цохихыг хориглодог. Бокст өшиглөхийг, жүдод боох, өчихийг зөвшөөрдөг хэрнээ хөлд өчих нь хориотой. Самбод боодоггүй ч хөл, гард өчдөг. Чөлөөт бөхөд ноцол­доно, цохиж болохгүй гэдэг. Кара­тэд цохиж болно, гэхдээ толгой руу болохгүй. Мутай бокст тохойдож, өвдөглөж болно. Харин авч шидэх, унасан хойно нь цохиж болохгүй гэдэг бол холимог тулаанд энэ бүгдийг зөвшөөрдөг. Бүгдийг хий­нэ.

Таны оролцсон тэмцээн “Legend”-ийн зургаа дахь удаагийнх нь байсан юм билээ?

-Анхных
нь буюу “Legend-1”-д монголын тамирчид оролцож хо­рио­той мэх хийсэн гэж шүүгчдийн булхайгаар хасагдаж байсан. Энэ удаад би шавь Д.Батгэрэлтэйгээ хамт оролцлоо. Шавь минь анх удаа мэргэжлийн тоглолтоо хийж ялалт байгуулсан. Өрсөлдөгч та­мир­чин нь Хонконгийн каратэгийн тамирчин байсан. Өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авч ялалт байгуулсан.  Бид “Legend-1”-д оролцсон монголын тамирчдынхаа хариуг авч ялалт байгуулж, аваргынх нь бүсийг аваад ирсэндээ баяртай байна.

Д.Батгэрэл тулааны ямар спортоор суурилсан бэ?

-2008 оноос манай “Шандас” клуб үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүр эхлэлийг нь яривал Аса­шёор­юү Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын “Хүчтэн 19-68” гэж клуб байсан юм. Тэр клубт би сургалтаа авч, шавь нараа бэлдэж эхэлсэн. Тэгэхэд л бэлдэж байсан шавь нарын минь нэг нь Д.Батгэрэл. Д.Батгэрэл маань кикбоксын суурь­тай. Сүүлийн үед барилдаан, ту­лаа­ны спортын бүхий л зүйлийг хийж байгаа. Бид нарын бэлтгэл сургуулилтыг “Komit
service” компа­нийн удирдлагууд дэмжиж, тусгай байраар хүртэл хангаж өгсөн. Олон сайхан залуусыг дэлхийд нэрээ гаргасан тамирчин болоход тусалж дэмждэгт нь баярладгаа илэр­хийлье.

Холимог бие хамгаалах урлаг буюу ММА Монголд хүчээ авч эхэлж байна. Энэ урлагийг манайд мэр­гэж­лийн түвшинд хөгжихөд Араи Жүничи гэдэг япон багшийн нөлөө их бий. Энэ хүн “Жайка”-гийн шуга­маар энд ажилладаг ч өөрийнхөө сонирхлоор бидэнд ММА-гийн тулааныг зааж сургаж байна. 1996 оноос клуб байгуулаад бие хамгаа­лах урлагийг зааж яваа хүн. Би энэ хүн дээр 2007 оноос хичээллэсэн. Одоо бол шавь нартайгаа хамт холи­мог тулааны хичээл заалгаж бай­гаа. Саяын тэмцээнд Жүничи багш маань бидэнтэй цуг явсан. Энэ хүн монгол тулааны урлагийг мэр­гэжлийн түвшинд гарахад маш их хувь нэмэр оруулж байна.

Танай клубт холимог тулаа­наар хичнээн тамирчин бэлтгэг­дэж байна вэ?

-20 гаруй тамирчин байна.

Холимог тулааны тэмцээ­нүүдийг харж байхад тамирчид нимгэхэн бээлий, шүдний хам­гаалалттай л харагдсан. Өөр хам­гаалалт гэхээр юм байхгүй юм билээ?

-Нимгэн
бээлий, шүд, эмзэг эрхтэний хамгаалалт л хэрэглэдэг.

Холимог тулаанд тамирчид цус нөжтэйгээ холилдчихсон их л хүнд байдалтай тулалдаж байдаг. Хамгаалалт, хориглох заалт бага болохоор гэмтэх бэртэх аюул их байх?

-Харин
ч энэ урлагаар тоглоход амар. Босоо зодоонд өрсөлдөгчөө зөвхөн цохиод л байна. Цохиу­лахгүй гээд өрсөлдөгчөө бариад авбал хориотой. Каратэд маш их гэмтдэг, нүцгэн гараар зодолддог учир. Харин холимог тулаанд өөрий­гөө яаж ч хамгаалж болно. Бүх хувилбар нь бэлэн. Толгойдоо ганц ч цохиулахгүй гээд өрсөлдөг­чөө барьж авдаг ч юм уу, авч шид­дэг ч юм  уу янз бүрээр хамгаалаад ерөөсөө цохиулахгүйгээр ялалт авч болно. Тактикаа зөв боловс­руулаад тулалдах хэрэгтэй.

Аливаа бие хамгаалах ур­лагт гар хөл нь хурдан байх гэхээсээ илүүтэй толгойгоо сайн ажиллуулсанд нь ялалт ирдэг?

-Сэтгэн
болдох чадвар маш их хэрэгтэй. Тулаанчид шатарчнаас илүү бодол гаргадаг. Шатарчин хүн энгийн үед тухтай нь аргагүй бодож байгаад сүүлд нь нүүдэг. Харин тулаанд бодсон даруйдаа хийхгүй бол хоцорно. Амьсгал дээрдсэн, өвдсөн, ядарсан, цуцсан үедээ шатарчных шиг тийм бодол гаргах ёстой. Гэхдээ маш хурдан нүүдэл хийх хэрэгтэй. Цохилтоо хийж байхад өрсөлдөгч маань миний толгой руу цохиж өнөөх хариу цохилтын бодлыг мартуул­на. Өр­сөл­дөгчийн цохилтыг ирэхэд юмаа мартахгүйгээр хийх юмаа хийгээд явна гэдэг чинь бодол, сэтгэхүйн хувьд дээд чанар болох гээд байгаа юм. Мэргэжлийн ту­лаанд хоёр тамирчин тоглоход хэн нь тулааны төгсгөлд эхнийх шигээ сэтгэн бодож чадах вэ гэдгийг судлаад алийг нь ялахыг урьд­чилаад таа­магла­чихдаг. Тэр таамгаар л болчихдог доо.

Дүрэмгүй, хориотой, ши­лэгд­мэл эрсийн тоглодог тулаанд Монгол залуу аваргалсан гэсэн чинь бид омогшсон. Ялалт тамир­чин хүний хувьд хамгийн сайхан мөч байдаг. Та цээжин дээрээ монгол бичгээрМонголгэж бичсэн шивээстэй харагдсан?

-Морьтой,
нартай “Монгол” гэсэн гоё шивээс бий. Би 2004 оноос гадаадад мэргэжлийн тулаа­нуудад оролцож эхэлсэн. Тэм­цээнд оролцох бүртээ “Чингэс хаан” хамтлагийн “Чингэсийн баат­рууд” дууны аян дээр рингэд гар­даг.

Халдвал халтай гэдгээ мэдүүлэх гэж

Хамтарвал үнэнч болохоо таниулах гэж

Галд норсон гайхам заяа

Усанд шатсан үнэн заяа гээд маш гоё үгтэй дуу. Энэ дуунаас ч юм уу бусад зүйлээс маш их эрч хүчийг авдаг. Энэ удаад монгол хүн анх удаа бүх юмыг хольсон хүнд тулаанд аваргын төлөө тоглохоор болсонд сэтгэлзүйн хувьд маш хэцүү байсан.

Анх удаа аваргын бүсийг нь авчих юмсан. Монгол бол бөхийн орон. Аугаа дайчин, түүхтэй орон гэдгийг батлахсан гэсэн бодол дэндүү их байсан. Эн­дээс Монголын тулааны шилдэг тамирчдын хол­бооны Удирдах зөвлөл бүтэн багаараа очиж дэмжсэн. Дээр нь Жүничи багш, шавь нар минь хамт очсон болохоор сэтгэлзүйн хувьд маш хүчтэй болж, ялагдах ёсгүй гэсэн бодлоор дүүрсэн. Би ялалт бай­гуулах бүртээ уухай хашгирдаг. Энэ тэмцээнд ялалт байгуулаад уухай хашгирахад жинхэнэ кайфтай байсан. Тэр кайф маань дээд цэгтээ хүрсэн. Уулын оргил дээр хүн гараад хашгирдаг даа. Түүнээс ч илүү гээд бод доо. Шавь нар маань “Таны уухай хашгирч байсан тэр мөч хамгийн гоё агшин байсан” гэцгээсэн.

Аваргын бүсийн энэ тулаанд би хөлдөө өчүүлсэн. Өрсөлдөгчөө цохиод байсан чинь бээлий нимгэн болохоор сарвууны яснууд минь хавдчихсан. Хуруу тулдаг даа тэрэн шиг сарвууны савхан яснууд ту­лаад хавдчихсан. Надтай тоглосон Австралийн тамирчин ерөөсөө ухардаггүй онцлогтой юм билээ. Цохихоор урагшаа дайраад л байна. Нимгэн бээлийтэй боло­хоор толгой руу цохиод байсан чинь сарвуу хавдчихсан.

Намайг хөлдөө өчүүлэхэд шавь нар минь “Багш маань бууж өгнө гэж байхгүй дээ. Одоо яах бол доо, яана аа” гэж бодсон гэсэн. Тэгээд яахав тэр хүнд байдлаас гарч ялалт байгуулсан. Шавь нар маань “Таныг тийм хэцүү байдлаас гараад ялсан чинь үнэхээр гоё байна” гэж хэлэхийг нь сонсоод миний хамрын самсай шархирсан. Ялалт минь үнэхээр амттай байлаа. ММА нь одоо дэлхийн тулааны оргил болж байна. Америкт туйлдаа хүртэл хөгжиж байна ш дээ.

Тантай тоглосон Адриан Панг “Legend” тулааны удаа дараагийн аварга байсан юм биш үү?

-Австрали,
Шинэ Зеландын тамирчид чинь их хүчтэй. К-1-д Австрали, Шинэ Зеландын тамир­чидтай тулалдахад хүнд жингийн тамирчдад нь цохилт ордоггүй юм. Гараа буулгачихаад цохиулаад л дайрч ирээд цохиод авдаг тамир­чин олон байдаг.

Адриан Панг “Legend”-ийн авар­­гын бүсийг хамгаалсан тамир­чин байхгүй юу. Кэйж Форсе гэдэг торон дотор зодолддог тулааны аварга тамирчин. Мутай боксоор суурилж, чөлөөт бөх, жиү жицүгээр дагнасан шилдэг тулаанч. Босоо, хэвтээ зодоон, барилдаанд аль алиндаа жигд. Ийм жигд чанартай тамирчин ховор. Харин миний хувьд нэлээд дөхөж очих байх гэж боддог юм. Би багаасаа бөхөөр барилдаж байгаад жүдогоор хичээллэж залуучуудын УАШТ-д гавьяат тамирчин Нармандахтай аваргын төлөө барилдаад мөнгөн медаль авч байлаа. Брюс Лигийн үндэслэсэн жеткундо тулааны урлагаар 1993 онд Эр­дэнэтэд Бэхээ багш дээр хичээл­лэж байлаа. Жүдогоор барилддаг байхдаа жеткундогоор хичээллэ­сэн юм.

Аравдугаар ангидаа Эрдэнэт хотын жеткундогийн насанд хү­рэгчдийн УАШТ-д түрүүлж байлаа. Бэхээ багш маань шавь нараа Японы хүчний кёкушин каратэд оруулсан. Би энэ каратэгаар Азийн аваргын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. 2003 онд Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар “Mongolian
figthing” тулааныг 93 кг-аас дээш, доош гэсэн хоёр ангил­лаар зохиосон. Би тэгэхэд 72 кг-ын жинтэй байж 93 кг-аас доош жин­гийн ангилалд түрүүлсэн юм. Гэх мэтчилэнгээр өөрийгөө холимог тулаанд болж байгаа гээд тоогоод байгаа шүү. Би чансаагаараа мэргэжлийн 500 тулаанчаас 14 дүгээр байрт орчихоод явж байна.

Таны рингийн нэрТунгаабайх аа?

-Тийм.
Тунгаа гэдэг.

Тулаанчид тоглолтын арга барил, онцлогоосоо хамаарч рингийн хочтой байдаг, хаздаг, хайрдаг, цахилгаан энэ тэр гээд. Таных юу?

-(Инээв).
Намайг хүүхэд бай­хаас минь Тунгаа гэж дууддаг байсан. Эмэгтэй хүний нэртэй. Намайг бүгд Нарантунгаа гэцгээнэ. Арван жилд байхдаа охидын үзлэгт хүртэл дуудагдаж байлаа. Чухам юу гэдгийг  нь мэдэлгүй охидын үзлэгт яваад очиж ч байсан хөгтэй явдал бий. Тунгаа гэдэг чинь их гоё үг ш дээ. Бодож, тунгаа, шүүж тунгаа гэсэн үг. Ер нь шилэгдэх гэсэн утгатай юм уу даа.

Кикбоксын босоо тулааны дэл­хийн шилдгүүдийг шалгаруулдаг К-1 (К one)-д оролцохоор Японд очлоо. Тэр тэмцээнд аваргын төлөө тоглохдоо үсрэлттэй, эргэлттэй шинэ мэх хийсэн юм. Тэгтэл япон­чууд гайхаад “Монголд бөх байдаг болохоос ингэж үсэрч, эргэдэг тулаан байдаг юм уу. Хүний хий­дэггүй юмыг хийлээ” гээд Аса­шёорюү Д.Дагвадоржоос “Энэ ямар мэх вэ” гэж асуусан чинь “Энийг чинь Чингэс цавчилт гэдэг байхгүй юу” гээд хэлчихсэн гэсэн. Түүнээс хойш намайг “Чингэсийн цавчилт” гэдэг болсон. Аварга омогшоод л тэгээд хэлчихсэн хэрэг.

Таны төрсөн нутаг ус хаана вэ?

-Би
Булган аймгийн Бугат сумын хүн. Бугат сум маань Эрдэнэт хотоос 30 км-ын зайтай. Эмээ өвөө маань Бугат сумын малчид. 1950-иад оны үед Эрдэнэт хотын буу­риар ээж маань хурга ишгээ хариу­лаад л явж байсан гэдэг. Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. Энэ хоттой миний бүхий л амьдрал холбоотой. Одоо ахан дүүс маань бүгд тэнд амьдарч байна. Тэмцээнд ялалт байгуулахаараа Эрдэнэтэд л очиж баяраа тэмдэглэдэг.

Би эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Миний бэлтгэлийн ар талыг эхнэр маань дааж явдаг. Эхнэртээ баярлаж явдаг шүү.

Д.ГАНСАРУУЛ

 

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн цаадах өнгө, наана байгаа төрх

Улаанбаатараас олон улсын нислэгээр өмнөд хөршийг зорино гэж бодож байсан чинь орон нут­гийн онгоцонд сууна гэдгийг сон­соод гайхаж хоцров. Ингээд Дорнод аймаг явах онгоцонд суулаа. Харин Дорнодын нисэх буудлаас Хайлаар луу явах онго­цонд цөөхүүлхнээ сууж цаг гаруй­хан нисээд л хүрчихлээ. Онгоцон дотроос хотыг харахад өнгө өнгөөр дээврээ ижилсүүлэн будсан барил­гууд нь эмх цэгцтэй. Ингээд Хөлөн­буйр аймгийн Хайлаар хотод хөл тавилаа. Цаг агаарын хувьд манайх­тай төстэй, цэвэр цэмцгэр орчин үеийн хот юм. Хүн амын хувьд цөөн ч гадны жуулчдын хөл тасардаггүй гэнэ. Уг нь статусын хувьд манай нэг аймгийн төв л юм шүү дээ. Гэтэл Улаанбаатараас маань том хот болон хөгжиж чад­жээ. Манайхан ойроор нь Эрээн орж тэнд ямар ч монгол хүн учраа олоод яриад явчихдаг бол эндхийн дэлгүүр хоршоогоор ороод хэл ам  ойлголцох нь бэрхшээлтэй. Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг гэх боловч хятадууд нь өвөрмонголчуудаасаа их байдаг аж. Барилга байшин нь орчин үеийн өнгө донж, европ,  азийн хосолмол загвар хийцтэй юм. Хайлаар хотын шөнө хамгийн үзэсгэлэнтэй харагдах юм билээ. Шинэ жилийн баяр болж байгаа юм шиг л гэрлэн чимэглэлээр байшин барилгаа элдэв хээ угалз, дүр дүрсээр чимжээ. Тиймээс шөнө нь өдөр шиг гэрэлтэй, өнгө зүс нь илүү гоё болчих юм. Хөлөн  нуур, Буйр нуур хоёрын нэр нийлээд Хөлөн­буйр аймгийн нэр болж байгаа аж. Буйр нуурын 4/1 нь хилийн цаана байдаг.  

Хотын төвөөрөө гол урсах бөгөөд голын дээгүүр тавьсан гүүр нь сүрхий өргөн бөгөөд гүүрний билгэ тэмдэг нь морин хуур.  Ер нь морин хуурыг их дээдэлдэг юм байна. Гадаа байгаа гэрлийн шон­гуудыг ч морин хуурын толгойгоор дүрслэн хийжээ. Энд тэнд босоо монгол бичгээр бичсэн хаяг олонтаа харагдах юм.

Зам дэд бүтэц сайн хөгжсөн газар аж. Хотоо цэцэрлэгжүүлэх моджуулахад ихэд анхаарсан нь тодорхой харагдана. 

Хайлаар, Дачин хот газрын тосон дээрээ тулгуурлан хөгжиж байгаа хотууд.  Байгаль цаг уурын хувьд манайхтай их төстэй. Ерөнхийдөө энэ хоттой танилцах цаг зав бага байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Гол зорилго маань газрын тосны үйлдвэрүү­дийн үйл ажиллагаатай танилцах явдал байв. 

Аяллын багт маань сэтгүүлчдээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөлөл, Магнай трейд, Хятадын хөрөнгө оруулалттай Монголд үйл ажил­лагаа явуулж буй Зон хэн юу туан ХХК, Тэнгри компанийн төлөөлөл багтав. Газрын тосны газар, Уул уурхай, хүний нөөцийн хөгжил төрийн бус байгууллага энэ аяллыг хамтран зохион байгуулсан юм.  

Петрочайна дачин Тамсаг ком­панийн Ерөнхийлөгч Гао Венбао компанийн удирдлагууд биднийг хэдэн өдөрт ээлжлэн хүлээн авч уулзаж үйл ажиллагаагаа бүрэн танилцуулсан юм. Энэ компанийн толгой хөрөнгө оруулагч нь Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци.

Манай уншигчид санаж байгаа бол АНУ-ын “Соко Тамсаг” компани анх Дорнодын Матадад газрын тосны  хайгуулын ажил хийж тэн­дээс гарсан тосоор  тухайн үед Ерөнхийлөгч асан П.Очирбат энгэрээ мялааж бөөн дуулиан дэгдээж байсан билээ. Одоо Дор­но­дод үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” бол “Соко Тамсаг”-ийн хувьцааг худал­даж аван өнөөдрийг болтол манай улсад үйл ажиллагаа явуулж буй компани.

Энд бас нэг танин мэдэхүйн чанартай түүх сөхье л дөө. 1960-аад оны дунд үед Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр ажиллаж байсан байдаг.  Мэдээж орос технологиор явж байсан. Манайхны улаан бензин гэж нэрлэдэг байсан А-66-г үйлдвэрлэдэг байсан юм билээ.  Тэр үед Сибирь,  Улаан -Үүд,  Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж оросууд “Монголд  ингэж нефть үйлдвэрлэж байснаас шатах тослох материа­лаар Монголыг зуун хувь базах гэсэн санаагаар хямдхан нефть нийлүүлж эхэлсэн байдаг. Бүр Монголын бензин муу, Оросынх сайн гэж ярьдаг үзэл сурталжсан ухуулга ч нийтийн тархинд шингээ­сэн байжээ. Үнэн хэрэгтээ техно­логийнх нь гарал үүсэл нэг л байсан байгаа юм. Уг нь Зүүн­баянгийн үйлдвэр тэр үед тэгж хаагдаагүй бол өнөөдөр ингэж боловсруулах үйлдвэрийн шав тавих гээд зогсохгүй байсан биз. Гэвч барихгүй удсан боловсруулах үйлдвэр Монголд баригдах гээд  шав тавьж эхлээд байхад  нь билгэ дэмбэрлийг бодож хойш нь тавья. Ямарч байсан тэр явдлаас болж  газрын тосны үйлдвэрлэлийн хөг­жил манайд бүтэн тавин жилээр хоцорсон байна. Газрын тосны үйлдвэрлэл тэр үед тасалдалгүй хөгжлийн замаараа, жамаараа  явсан бол ядаж Оросоос неф­тиэрээ хараат байж гал алдахгүй л байсан.  Оросууд тэр үед Хятадыг ч нефтиэр барих гэж үзсэн юм билээ. Гэвч урд хөрш нефтийн үйлдвэрлэлээ чухал салбарын нэг болгон өөрсдөө хөгжүүлж чаджээ.   

Уг нь Хайлаар, Дачингийн  газрын тосны орд газар Тамсагийн орд газар нэг  хонхор дотор байгаа л газрын тосны нөөц. Үүнийгээ Хайлаарын ай сав дахь газрын тос гэх юм билээ. Хоёр хилийн наана, цаана хоёр зуун метр хүрэхгүй зайтай морин толгой бараа бараа­гаа харалцаад газрын тосоо нэрж авч байдаг.  Ялгаа нь энэхүү хонхор дундуур Монгол, Хятад хоёр улсын хилийн зурвас л бий. Гэтэл хилийн зурвасын цаана байгаа газрын тосоо хятадууд ашиглаад ямар түвшинд хүрч бай­гаа, хилийн наана байгаа бид газрын тосоо ашиглаад ямар хэм­жээнд  байгаа нь аяллын явцад хар аяндаа ойлгогдож байгаа юм.

Газрын  тосны боловсруулах үйлдвэртэй болох талаар баахан ярьсны эцэст хэд хэдэн газар шаваа тавьчихаад байгаа манай улсын хувьд бусад улс орны турш­лага судлах шаардлага байгаа. Ердөө хажууханд олон жилийн туршлагатай үйлдвэрүүд зөндөө.  Бид БНХАУ-ын Хайлаарын газрын тосны үйлдвэртэй танилцав. Газ­рын тосны үйлдвэр гэхээр яагаад ч юм нүсэр том айхтар нүргээн чимээтэй, тос болсон газар шиг санаанд бууж байсан нь эсрэгээрээ харин цомхон, дуу чимээ багатай, цэвэр цэмцгэр үйлдвэр байлаа. Ер нь газрын тосны салбар эрсдэлтэй ч үйлдвэрлэл нь хаягдалгүй байдаг онцлогтой гэнэ. Боловсруулсан газрын тосноос гарсан бүх хаягдал, илүүдлийг нь дагалдан босгосон химийн үйлдвэрүүд ашигладаг юм байна. 

Тэдний хувьд Монголын төрийн бодлого тогтворгүй байдаг талаар ярьж байсан.  “Дачин ойл лимитед компани” нь БНХАУ-ыг Үндэсний газрын тос газраас удирд­лагатай бөгөөд төр нь шууд мэддэг. Тэдний зүгээс Монголын төрийн бодлого тогтвортой биш байдагт эмзэглэдэг аж. Ялангуяа уул уурхай, газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого нь яаж ч эргэж магадгүй байдаг, мөн хуулиа байсхийгээд л өөрчилдөг нь хөрөнгө оруулагч­дад халтай бай­даг гэлээ.

Мөн ард иргэдэд анх­наасаа ташаа ойл­голт өгснөөс болж асуудалд дандаа сөргөөр ханддаг тухай хэлж байна лээ. Газрын тос Монголд харьцангуй шинэ салбар. Одоогоор тус төсөл нь хайгуулын шатандаа буюу нялх нярай үедээ явж байгаа гэдгийг тус компанийхан уулзалтын үеэр онцлов. Дорнодын Матад суманд Тамсагийн сав газарт удахгүй олон үйлдэл  бүхий нэгдсэн станц бий болох юм байна.  Хайлаарт бидний үзсэн станцтай жишиж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Энэ сарын сүүл гэхэд ашиглалтанд орчих тухай компа­нийн удирдлагууд хэлнэ лээ. Бид­ний зүгээс тус компанийн удирд­лагуудаас “Танай компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн талаар шуугиан тасрахгүй байсан. Тэр алдаа дутагдлаа зассан уу” гэж асуусан юм.Тэд алдаагаа засч байгаа талаараа ярьж байсан. Төрийн оролцоотой компани учраас дээрээс нь ч хатуу шаард­лага тавьдаг гэж ярьж байсан юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаггүй, иргэд үүнээс болж харддаг гэж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар анх “Соко Тамсаг” компанитай хийж байсан гэрээгээр манай компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр гэрээг олон нийтэд ил зарлаж болох ч Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр л олонд ил болгож болох юм гэлээ. Анх туршлага багатай байх үед бат­лагд­­сан Газрын тосны тухай хуулийг ч эргэн хармаар зүйл их байдаг талаар Хятадын тал ярьж байсан юм. Мөн байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.324 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөн бусад зүйлд 1.9 сая ам.дол­ларын хандив тусламж үзүүлсэн гэж байв. Харин бид энэ мөнгө чинь бодитой юунд зарцуу­лагдсан талаар асуулаа. Тэд ч баахан зүйл дурдлаа. Тэр нь үлдэц муутай санагдав. Үүнийг нь ч бид шуудхан хэлчихэв. Тэд ч эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлд хандив тус­ламж өгөхөөр төлөвлөж  байгаа гэв.  Асуудал шийдүүлэх гээд албаны хүмүүстэй уулзахад төдөн төгрөг өгчих гээд улайм цайм хэлж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Үүнийг албан яриан дээр биш албан бус уулзалтын үеэр олж сонссон юм. Тиймээс тэр албан тушаалтны нэрийг хэлэхийг тэднээс хүссэн боловч “Нэгэнт өгөөгүй учраас нэрийг нь хэлээд яахав” гэж бай­сан. Нөгөө л авлигын асуудал энд аандаа сөхөгдөж байгаа нь тэр. Монголд ажил явж өгдөггүй нь үүнтэй холбоотой. Яг ийм жишээ Канадад уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчдын уулзалт болж байх үед сөхөгдсөн ч бас л нэрийг нь нууцлаад өнгөрч билээ. Тэгэхээр Монголын төрд авлига байдаг нь угаас тодорхой байгаа биз лээ.

Мөн “Тамсагт дахин очиход урьдахаас өөр болсон байх болно. Заавал очиж үзээрэй”  гэж  “Пет­рочайна Дачин Тамсаг”-ийнхан хэлж байна лээ. Мэдээж үүнийг цаг хугацаа харуулна.

Хайлаарын газрын тосны ордын хайгуул олборлолт Хөдөл­мөр хамгаалал аюулгүй байдлын үйл ажиллагаатай танилцав. Үйлд­вэрлэлийн баазад очив. Шинэ баргын Зүүн хошууны Сүмийн нуурын үйлдвэрлэлийн бааз нэр­тэй. Хатуу харуул хамгаалалттай галын аюулаас найдвартай хам­гаа­­лагдсан гэх үйлдвэр. Ямар ч бай­сан биднийг дотогш нэвтрэхэд биедээ яваа галаа орхихыг сануулж, тэр байтугай гар утастай­гаа орохыг хориглож байв. Нутгийн иргэд анх ойлгохгүй байсан ч одоо өөрөөр ханддаг болсон гэж байв. Энэ үйлдвэрлэлийн баазын ажил­чид уриа лоозон олонтой юм. “Байгаль орчноо цэвэр ариун байл­гах нь ажилчин миний зүрх сэтгэлд байдаг” гэж ирээд л уриагаа танил­цуулав. Үйлдвэрийнх нь авсан шагнал урамшуулал нь тэдэнд их л чухал байдаг бололтой. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж байв. Гол нь манайх шиг арын хаалга ая тал засч, худалдаж авдаггүйгээрээ шагнал нь үнэ цэнэтэй олддог байх. Үйлдвэрийн агааржуулах системийн хаалганаас чихмэл тоглоомууд дүүжилсэн нь нэг л авцалдахгүй байсан учир юунд хэрэгтэй гэж үүнийг зүүсэн юм гэж сониучирхлаа. Зүгээр л гоёж, чимэг болгосон гэж хариулав. Аюулгүй ажиллагаатай танилцаад гарч явтал биднийг ороход байгаагүй гар бөмбөгийн тор татчихсан хэдэн залуус тоглож харагдав. Жигтэйхэн хүйтэн салхитай өдөр байсныг ч хэлэх үү тэр жаахан үнэмшил муутай санагдлаа. Гэхдээ газрын тосон дээр хот байтугай улс орон хөлжиж, хөгжиж, баяжиж байгааг лав нүдээр үзсэн шүү.

Үргэлжлэл бий
Гэрэл зургуудыг Б.ДАВААХҮҮ