Categories
редакцийн-нийтлэл

Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины “Нэгдсэн Орос” нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 сууд­лыг тус тус авсан дүн гарав. Са­налын хуудас 99,99 хувь тоо­логдсон гэж байгаа. Хэдийгээр “Нэгдсэн Орос” нам өмнөх парла­ментад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сон­гуу­лийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэр­гүүц­лээ илэрхийлэн жагсч байна. В.Пу­тин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичиг­дээгүй хууль энэ улсад уламж­лаг­даад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр ба­рагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүү­сийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялан­гуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар бол­сон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэр­хийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэр­хийлж, хуучин, шинэ цагаан хоо­лой­гоор үгээ хэлж байгаа залуу­чуудын бичлэгийг “CNN”-ээр хара­хад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалж­лагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагд­мал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд “Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээ­лэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна” гэж ха­риулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаард­жээ. Дэлхийн улс төрийн тогтол­цоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууны­хан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид “Бидний өгсөн санал хаачсан бэ” хэмээн бухим­даж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн са­муун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгог­чид хүчтэй тэмцэл өрнүүлж чадах­гүй байгаа ч Орос шиг хатуу дик­та­туртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жаг­сахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн “Face book”-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оро­сын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчир­хэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруу­даж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004,
2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэд­лийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

 Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев “Олигархижсан бүлэг­лэ­лийн эсрэг тэмцэнэ” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намын­хаа хурлаар В.Путиныг Ерөн­хий­лөгчид нэр дэвшихийг зөвшөөрс­нөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэд­сэн­дээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад “Нэгдсэн Орос” нам, В.Путины хүрээл­лийн­хэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойр­тож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөн­хийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг мон­гол­чууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээ­лэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Аме­рикийн Жэфф Монсонтой зодол­дож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэл­дэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутаг­таа ховор үзэгддэг “Баавгай”-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялал­тыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийл­дэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, “Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаа­раа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твит­терээр “Оросын ард түмнийг хайр­лан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ” гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар там­хины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд “Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуу­тай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ
ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр
хэн итгэх билээ. Бүр Чечень
шүү. Энэ удаад жагсагчид бариг­даж,
магадгүй цус асгарч, шо­ронгийн
ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад
байхгүй. Тэр тусмаа аугаа
орос үндэстэн үү.

Categories
редакцийн-нийтлэл

“Инсбрук 2012” олимпод манай хоёр тамирчин өрсөлдөнө

Уг наадмын медалийн заг¬варын уралдаанд олон уран бү¬тээлч, дархан, зураач болон сонирхогчид өөрсдийн загвараа илгээсэн байна. Тэднээс Фриц Строб хэмээх эрийн загвар шалгарчээ. Ф.Строб “Би медалийн загвараа гаргахдаа хамгийн чухал нь өсвөрийн тамирчид, хүүхдүүдэд зориулагдсан гэдгийг анхаарсан. Цасан ширхгийг олимпийн таван цагирагтай хослуулсан нь зөв шийдэл болжээ” гэсэн байна.

Өсвөрийн
тамирчдын
өвлийн анхдугаар олимп ирэх нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Авст­рийн Инсбрук хотноо болно.

Уг олимпийн зуны анхдугаар наадам 2010 онд Сингапурт зо­хиогдоход манай улсаас чөлөөт бөхөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд нар алтан медаль тус тус хүртсэнийг спорт сонирхог­чид мэдэх билээ. Харин өвлийн олимпод нь Монголыг төлөөлж цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүү­рийн төрөлд А.Энх-Ариун нар өрсөлдөхөөр болоод байна.

Одоогоор
уг наадамд 67 орны 14-18 насны 1100 орчим тамирчин оролцохоор болоод байгаа юм. Тамирчид цана, тэшүүр, кёрлинг, уран гулгалт, хоккей, чарга зэрэг 15 төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ. “Инсбрук 2012” олимпийн медалийн загвар хэдхэн хоногийн өмнө батлагдсан бөгөөд долоон сантиметрийн диаметртэй, 110 гр жинтэй олимпийн цагираг, хүүх­дийн дүрс бүхий медаль шал­гарсан байна.

Австри улс 1964, 1976 оны өвлийн олимп, 1984, 1988 оны паралимпийг эх орондоо амжилт­тай зохион байгуулж байсан орон. Олимп зохион байгуулахад шаард­лагатай барилга, байраас эхлүү­лээд, үйлчилгээний соёл, турш­лагаа­раа ямар ч орныг дагуулах­гүй.

Инсбрук
хот олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Финлан­дын Куопио, БНХАУ-ын Харбин, Норвегийн Лиллехаммер хотууд­тай өрсөлдөж сүүлийн шатанд Куопиотой тунасан. Энэ шатанд Инсбрук 85, Куопио 15 санал авс­наар Австраличууд эх орондоо тав дахь олимпоо зохиох эрхээ авсан юм.

“Инсбрук 2012” олимпод баг тамирчдаа илгээхээр болоод бай­гаа орнуудаас хамгийн олон та­мирч­наа өрсөлдүүлэх нь Австри, Канад улс. Австри 66, Канад 52 тамирчнаа оролцуу­лах бол Фин­ланд 38, Герман 41, Казахстан 28, Япон 30, ОХУ 52, Словак 28, БНСУ 23, АНУ 50 тамирчнаа оролцуулах юм байна. Харин Азербайжан, Болив, Энэт­хэг, Ирланд, Израйль, Лебанон, Македон, Монако, Перу, ӨАБНУ, Зимбабве зэрэг улсууд нэг нэг тамирчин өрсөлдүүлэх ажээ.

Уг олимпийн бэлгэ тэмдэг нь ямаа байх бол элч тамирчнаар дэлхийн шилдэг хэд хэдэн тамир­чид тодроод байгаа. Тэдний нэг нь БНСУ-ын уран гулгагч Ким Ю На юм. Тэрээр олимпийн сурталчил­гаа болон бэлтгэл ажилд ихээхэн тусалж байгаа гэнэ.

Олимпийн
тэмцээн
алдарт Бер­гисел цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг хүрээлэн 28 мянган хүний суудалтай, дэлхийд томоо­хонд тооцогдох өвлийн спортын цэнгэлдэх хүрээлэн. Уг цэнгэлдэх хүрээлэн тухайн үед технологийн дэвшил, хэлбэр, хийцээрээ спор­тын барилгын салбарт шуугиан тарьж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.

Инсбрук
хот нь Австрийн сан­хүү болон соёлын төвлөрсөн хот. Үзэсгэлэнт байгалиараа алдартай. Инсбрук гэдэг нэр нь Германы гүүр гэсэн үгнээс гаралтай гэнэ. Энэ утгаар уг хотыг аливааг холбодог, бүх зүйлтэй уялдаатай газар хэ­мээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. 104.9 мянган километр хавтгай талбайтай тус хотод одоогоор 120 мянган хүн амьдарч байна. Ар­ваннэгээс нэг­дүгээр сар тэндхийн хамгийн хүй­тэн үе. Энэ үед 
дунд­жаар долоо­гоос 19 хэмийн хүйтэн­тэй байдаг ажээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн хууль дээр намууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байна

Энэ парламент   мэндэлснээсээ хойш  л  Сонгуулийн хуулийг шинэ­чилнэ гэсээр тодорхой шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Сон­гуулийн хуулийг батлах хуулийн хугацаа хэдхэн хоноод дуусна. Үгүй  бол хуучнаараа явах дээрээ тулна. Наанаа бол хуулиа энэ долоо хоногт баталчихна гэж бай­гаа ч цаанаа ямар бодолтой нь эргэлзээтэй. Мөн хэл ам таталж, хаврын тэнгэр шиг ааштай айлын эрх эхнэр шиг аашилж байж сана­сандаа хүрлээ гэхэд Үндсэн хуу­лийн Цэц дээр очоод унах магад­лал өндөр. Тэгэхээр улстөрчдийн хэлж байсанчлан сонгуулийн тог­толцоо хуучнаараа ирэх сонгуульд орж болох юм. Хэрэв ингэхдээ тулбал нөгөө хамтарсан засгаа байгуулахад хийсэн гэрээгээ зөр­чихөд хүрнэ. Уг гэрээн дээр “Сон­гуулийн тогтолцоог өөрчилнө” гэж хоёргүй сэтгэлээр заасан байгаа. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл  сон­гууль энээ тэрээ ойртлоо гэж шалч­ганахгүйгээр засаг огцорно гэд­гээ гишүүд нар сайн мэдэж байгаа. Зориудаар үүнийг отон суугаа УИХ-ын гишүүд болон фракц хүчин бэлэн байгаа гэдгийг сүүлийн үед болоод байгаа үйл явдлууд бат­лаад байна.

Сонгуулийн хуулийн шинэ хувилбар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгох дээр эхний байдлаар санал яригдсан. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар бол 2015 он эхэд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олгоно гэсэн.   Энэ удаа ямар ч байсан тэр амлалт бү­тэлгүйтэв. Мөн жижиг гэгдэх намуу­дад долоон хувийн босго гэж ярьж байсан бол  сая таван хувийн босго тавихаар тохирч байгаа. Бусад улс орнуудын жишиг ч иймэрхүү бай­даг юм билээ. Ингэхэд  гудамжны гэгдэх жижиг намууд парламентад орох сайн талтай. Ингэвэл гудамж­ны хөдөлгөөн тэмцлүүд дотор ордог гэдэг. Гэхдээ хэт олон нам парламентад орвол засаг төрийн ажил явц муутай болдог гэцгээдэг. Сонгуулийн энэ босго жижиг гэх намуудад боломж олгож байгаа мэт харагдавч намуудын төлөв­шилд саадтай байдаг. Хэн дуртай нь нам байгуулж парламентад суух гэж зүтгэдгээс намууд төлөвшиж томрох нөхцөл бололцоо тэр бүр олдоод байдаггүй гэнэ.

Цаашид сонгууль болоход  на­мууд эвсэх үү, аль намтай аль нь эвсэж сонгуульд орохов гэдэг дээр албан ёсоор тохирсон нам одоо­гоор алга. Харин МАХН-ыг МАН-тай арван суудлаар тохиролцсон гэсэн мэдээллийг аль, аль талын албаны эх сурвалжууд үгүйсгэв. Уг нь МАН, МАХН эвсэж орохыг үгүй гэх газар­гүй. Эвсэж орохдоо МАХН-ын эвсэл  гэсэн нэртэй байх юм гэж дуулдаж байсан. Яг цагаа тулахаар энэ л ортой байж магадгүй. МАН-ын  эртнээс улбаатай бичигдээгүй заншил бол том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Тиймээс ч Ц.Ням­дорж, У.Хүрэлсүхээс авахуулаад Н.Энхбаярыг өрөөсөн нүдээрээ ч хялайж харахгүй байгаа хүмүүс намынхаа ирээдүйг бодоод яаж ч болох шүү дээ.  Тэгээд  ч энэ хэрүүл маргаанд намын дарга Сү.Батболд оролцохгүй байгааг та бүхэн ан­заарч байгаа байх. Эвсэл энээ тэрээ болохдоо тулбал  “Ямар бид хоёр хэрэлдэж муудалцаж байсан биш” гэсээр л хоёр талаасаа уулзах нь байна.

Н.Энхбаярын хувьд ирээдүйг нь хоёр талтай ярьцгааж байна. Нэг хэсэг нь МАХН МАН-тай эвсэхгүй сонгуульд орсноор боломжоо ал­даж байна гэж байхад зарим нь Н.Энхбаяр эвсэж байж л ял мултар­на гэх. Ямар ч байсан Н.Энхбаяр өөрийнх нь хэлээд байгаа шиг сөрөг хүчин болчихож одоохондоо ам­жаагүй байгаа. Энэ бол зүгээр л хэвлэлийн пиар төдий зүйл.

Орост өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байх үед жирийн иргэдээс энэ талаар асуухад “Яг л Сибирийн ой шиг..” гэж хариулж байсан гэдэг. Энэ нь дээр ой шуугиад л газарт ганц нэг боргоцой унахын дайтай нэг их сүйдтэй юм биш л гэж хэлснийх.

Нэг үгээр хэлбэл тэртэй тэргүй хоёр том нам үзэлцэж байхад Н.Энхбаяр бол  газар унаж байгаа ганц нэг боргоцойтой л адил айхтар их нөлөө үзүүлж чадахгүй. 

Тэгэхээр яг өнөөдөр бол Н.Энх­баяр өөрийгөө сөрөг хүчин гэж нэрлээд хэрэггүй юм. Маргааш яахыг нь харин хувь төөрөг нь мэдэх хэрэг. Н.Энхбаярын намын шинэ мэдээлэл  гэвэл М.Энх­сайха­ны МҮАН албан ёсоор сонгуульд эвсэл болж орохоо санал болгоод байгаа гэсэн. Мөн Либерал ард­чилсан нам, Нэгдсэн хөдөлмөрийн намуудтай эвсэх эсэхээ ирэх долоо хоногт хуралдах Гүйцэтгэх товчоо­ныхоо хурлаар хэлэлцэх юм билээ.  

Ардчилсан намын хувьд одоо­гоор албан ёсоор эвсэж сонгуульд орох санал тавьсан нам байхгүй байгаа. Гэвч Ардчилсан холбоо эвсэл нэрээр ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэж сонгуульд оролцвол их горьдлоготой байгаа  гэх судалгаа бий. Одоохондоо  ИЗН эвсэл болж магадгүй. Дээр нь Ногоон нам ч мөн эвсэх гэж ма­гадгүй хэмээн  яригдаж байгаа. Энэ сонгуулиар ийнхүү улс төрийн хоёр том эвсэл болж өрсөлдөж магадгүй байгаа.

Гэвч сонгуулийн хуульд босго оноог намсгаснаар жижиг намуу­дын амбиц хөдөлж тус тусдаа сонгуульд орж нэг нэг суудал зул­гаах тухай бодож байгаа гэх сураг байна. Тэд ганц суудал аваад сонгуулийн дараа аль олон суудал авсантай  нь эвсэж Засгийн газарт орж сайд болж дөрвөн жил тендер авч засгийн мөнгөөр туйлах юм ярьцгааж эхэлжээ. Мөн бүр өөр ч хувилбар байгаа бөгөөд тэд улс төрд гурав дахь ч хүчний байр суурь байх л ёстой хэмээн горьлогсод юм. Тэдний бодлоор гурав дахь хүчний эвслийг Н.Энхбаяр даргатай МАХН-аар удирдуулан сонгуульд оролцох бөгөөд дор хаяж бүлгийн хэмжээний санал авна гэж үзэж байна. Нэгэнт УИХ дээр бүлэгтэй болсон учир мөн л Засгийн газарт хүнээ шургалуулна хэмээн үздэг гэнэ. Хүнээ засагт оруулаад харин яаж юу хийхээ экс ерөнхийлөгч хүнээр заалгахгүй хэмээн улстөр­чид ярилцдаг.

Одоо яригдаж байгаа хуулиар 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг дээр хоёр нам санал нэгдэхгүй байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр бүлгийн хурлынхаа дараа Сонгуулийн хууль дээр ямар байр суурьтайгаа илэрхийлж “28 хүнээ оруулвал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэ­лэгд­сэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээ­сээ шилжүүлэх нь учир дутагдал­тай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт орохгүй юм бол 28 хүнийг нэрсийн жагсаалтад оруу­лах нь утгагүй. Тиймээс шил­жил­тийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя гэсэн байр суурь­тай байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. 

Ерөнхийдөө МАН-ын энэ ху­вилбар хүн нь чихэлдээд болохгүй байгааг харуулж буй юм.

Сонгуулийн хууль хэрхэн бат­лагдахаас намуудын хувь заяанд янз
бүрийн өөрчлөлт орж болох учраас тэд ингэж адган зүтгэцгээж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин “Ху” нам “модоо” барьж сонгуульд орох уу?

МАН Бага хурлаа хийлээ. Тэд ерөнхийдөө нэг их  дуулиан шуу­гиангүй намдуу зөөлөн хуралдана гэсэн чигийн дагуу явцгаасныг тэртэй тэргүй бүгд мэднэ. Намын дарга нь эдийн засаг өслөө, ядуу­рал буурлаа, улс орон цэцэглэн хөгжиж байна гэх лоозон болчих­сон уран үгсээр илтгэлээ эхлүүл­сэн. Цээжинд байдаг ганц шүлгээ хаа сайгүй дуржигнуулж явдаг нөхдүүд байдаг шиг С.Батболд дарга энэ илтгэлээ хэзээд, хэний ч өмнө уншдаг даа. Тэр тоолонд тоо баримтуудад нь онцын их өөрчлөлт орохгүйг нь яана. А, Б-гүй цээжилчихсэн болохоор арга ч үгүй байдаг биз.

Түүний уншсанаас үзвэл Мон­гол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ АНУ мэтийн өндөр хөгжилтэй ор­ныг гүйцчихсэн тууж яваа. Социа­лизмын үед л манай дарга нар ийм аргаар ажлаа явуулдаг байсан байх.  Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагт хуур­тагдчихаад бүх зүйл болж байна, бүтэж байна гэсэн лоозон илтгэл урсгана.  Зогсоо зайгүй тоть шиг давтах энэ үгэнд нь ард түмэн бат итгэдэг байсан тэр хуучин цаг хойно хоцорсон. Орчин үед ард түмэн бодит амьдралын үнэн, МАН-ын дарга С.Батболдын яриа хоёрыг ялгаж салгахтайгаа. 

Эрхбиш намынх нь хурал юм байна, ирэх хавар яажшуухан сонгуульдах тухайгаа харин зураг­лаадахсан нь шинэ байлаа.  Яана гэчихэв ээ, хуучин Ху нам модоо барьж сонгуульд орох юм гэнэ үү. Түүнийгээ хөгжлийн ч билүү, юуны ч билээ тодотгоод өгчихжээ. Зуданд хамаг малаа барчихаад харласан хотоо харж шилбүүрээс өөр тулах юмгүй зогсоо малчныг модоо барь­сан гэж хэлдэггүй билүү. Насаараа мал дагаж, нүүрээ нүүрс шиг харлаж, ширлэтэл нь нар салхинд гандчихаад адаг сүүлд нь хоосон хотоо самардан бархирах малчныг монголчууд модоо барьсан гэлцдэг. Авгай, хүүхнүүд ам зөрөхдөө үгүйрч хоосорсон нэгийгээ  модоо барьсан гуйлгачин ч гэж доромж­лох нь бий. Модоо барих гэдэг үгийг монголчууд ийм л утга учрын үүд­нээс хэрэглэхийг цээрлэсээр ирс­нийг мэдэхээс биш хөгжлийн төлөө мо­доо барьдгийг дуулаагүй юм бай­на. Одоо л юм юм дуулах нь гэгчээр МАН-аас их юм сонсох нь ээ.

Үнэндээ Ардын намын залуу­чууд модоо барихын мууг мэддэггүй юм байна. Уг нь монголчууд ёр бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Гэвч ард түмэн юуг бэлгэдэж, юуг цээрлэдгийг мэддэггүй цоо шинэ үе Ху намд гарч ирсэн нь энэ. Монго­лоо мэдэхгүй юм байж юун улсаа хөгжүүлэх. Цаана чинь муугаар хэлбэл модоо барьсан айл өчнөөн байна. Та нарынхаар бол тэд элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдра­лын төлөө модоо барьчихаад суу­гаад  байгаа хэрэг үү, үгүй юм. Хотоо харлуулчихаад төв газар бараа­даж, хоосон хонож, хог түүж яваа хүмүүс.  Модоо барих гэдэг бол ийм л муу ёрын үг.  Гэтэл ард түмэнд таалагдах гоё үг олоод, оноод хэлчихсэн юм шиг хээвнэг хэлж зогсох шинэ үеийн олигархиуд Ардын намыг өнгөлж байна. Ёс, цээрээ мэддэг ахмадууд, ард түмэн та нарын муу ёр зөгнөсөн энэ үгийг сонсоод тэнгэр бурхандаа залбирч суугаа. Монголчууд үгэнд хүч байд­гийг мэдэрч, түүний сайн, муу утга учрыг тунгаасаар ирсэн. Муу үг юу дагуулдгийг бүгд мэднэ. МАН-ынхны сонгууль бүрийн өмнө хэлдэг муу үгнүүд биеллээ яаж олдгийг ч харсаар ирлээ.  Юу билээ гэж бодож байгаа бол 2008 оны сонгуулийн түүхийг сөхөөд нэг үзье. М.Энхболдын Засгийн газрыг унагааж, МАХН-ын даамлаар сууж Ерөнхий сайдын сэнтийд заларсан С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй бид сонгуульд ялна” хэмээн ярьж бай­лаа. Сонсоход аймаар байгаа биз. Сонгуульд ялахын тулд хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй гэдэг нь эндээс ойлгомжтой байсан юм. Нээрээ ч С.Баяр 2008 оны сонгуу­лийг ямар үнээр хийснийг бид харсан. Мартаагүй байгаа.

Ардчилсан намынхан ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эрдэнийн хувь олгож, нэг сая төгрөг өгнө гэхийг тухайн үедээ С.Баяр сүйд майд болон хүлээж авч бай­лаа. Тийм тэнэглэл гэж юу байхав, тэгж гарын салаагаар урсгах мөнгө манайд байхгүй, тэгж эдийн засгаа сүйтгэж болохгүй хэмээн АН-ыг газар доогуур ортол нь муулж, буруушааж байв. Тэгсэн өөрөө бараг сонгуулийн урьд өдөр “Манай нам ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эх орны хишиг олгож 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй бэлнээр өгнө” гэж авдаг байгаа. Бүр улайх ч үгүй хэлж билээ. Ингэж Ху нам ард түмэнд их мөнгө амлаж, дөрвөн жилийн хууралт нь үргэл­жилсээр байна.  Худлаа амласан Ху-гийнхан сонгуулиар луйвар яаж хийдгийг яруу тодоор харуулсан. Тэд үхсэн хүнийг амилуулчихдаг, нэг хүнийг хэд ч болгож “олшруу­лаад” санал өгүүлчих чадвартай гэдгээ дахин мэдрүүлсэн юм.

Харин сонгуулийн дараа луй­вар хийсэндээ бантаж, баригдахаа болохоор барьц алдахдаа байраа шатааж, таван хүн буудаж аллаа. Хайран залуус, ард нь хичнээн ам бүл тэжээгчээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэж, шар махтайгаа хатаа бол. Тэдний нулимсаар дэнчин тавиад зогсоогүй. 1000 гаруй иргэнийг хоморголон барив­чилж, 800-гаад хүнийг шоронд хийсэн юм.  Бууны суманд оногдож, зодуулж нүдүүлж шархны халуунд тарчилсан залуусыг тоолж барш­гүй. Насаараа эдгэхгүй шарх олсон ийм залуус хэдэн арваараа бай­гаа. С.Баяр ийм их үнээр сонгуульд ялалт байгуулсан юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрсэн. Ингэж ард түмний нулимс, цусаар тэр ялалтаа баталгаажуулж билээ. Энэ бүхний эцэст сая С.Баярын сонгуулийн өмнө хэлээд байсан үг цэвэр большевик үзэл санаа агуулсан байжээ гэдгийг ойлгосон. Үнэндээ большевикчүүд 70 сая хүний амиар тоглож байж өөрийнхөө дэглэмийг тогтоосон гэдэг юм. Гэвч цусаар гараа угааж, хүний амиар тахил өргөснөөр оршин тогтносон энэ дэглэм удалгүй нуран унасан. Үнэндээ ийм адгийн хог шаараас дэлхий өөрийгөө цэвэрлэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр.

Энэ эмгэнэлийг нуухын тулд С.Баяр Ардчилсан намд найр тавьж сонгуулийн луйвраас үүдэлтэй гэмт хэргээ хаацайлах арга хайв. Баялгаа тэнцүүхэн хувааж авах хуйвалдаан хийхээр хамтарсан Засгий газар байгуулж, нэг сумаар хоёр туулай буудсан эр. Даанч таван хүний амьтай зайлш­гүй өөрөө холбогдоод байсан тул С.Батболд гэгч бизнесмэн нөхөрт албаа шилжүүлээд зугтаасан гэхэд болно. 

Халааг нь авсан С.Батболд харин сая намын Бага хурал дээрээ “Сонгууль ямар ч хуулиар явагдсан бай манай нам ялна” гээд хэлчихлээ. Энэ бол аюултай үг. Сонгуулийн хууль яаж гарах нь Ардын намд хамаагүй юм байна. Сурсан ёсоороо луйвраа хийгээд, хуулиа зөрчөөд ялалт байгуулах нь. С.Баяр ямар их үнээр сонгуульд яллаа. Тэгвэл С.Батболд ирэх хавар яаж сүйдэлж, ямар үнээр сонгуульдахыг бодохоос ч аймаар санагдаж байна.  Хөөрхий ард түмнийхээ амь, амьдралаар ингэж тоглож, бэмбэгэнүүлж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн хэрэг юу байна. 

Ардчилал хөгжиж, улс орон даяаршсан энэ шинэ эрин үед уг нь аливаа улс төрийн хүчин, хувь хүн  сонгуульд заавал ялахын тулд биш  үзээд алдъя л гэж ордог болсон.  Харамсалтай нь хуучин Ху намынхан сонгуульд ямар ч үнээр хамаагүй, хуулиа зөрчөөд ялахын төлөө үхэн хатан тэмцдэг. Үнэндээ сонгуульд ялагдал хүлээвэл энэ намын хувьд үхэл болно гэсэн үг. Тэгэхээр аргагүй юм. Ардын намын гишүүд сонгуульд орж байгаа нь үхэх сэхэхээ үзэж байгаагаас ялгаа­гүй. Нэг нам гэлтгүй хоорондоо улайран өрсөлдөж, бүдрээд уна­вал татаад босгохын оронд дээгүүр нь гишгээд гарч мэдэхээр хүмүүс энэ намд байдаг юм. Ингээд бодо­хоор С.Баяр, С.Батболд нарын зөв. Юу ч болж байсан нүдээ аниад ялалтын төлөө зүтгэхээс биш яах билээ. 90 жил төр барьсан энэ  дэглэмд олон олон Каддафи, Сад­дам Хусейн, Мубаракийг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэд сонгуульд ялагдвал эргэж сэхэхэд хэцүү, тэр чигтээ дуусна гэсэн үг. Үнэндээ энэ дарангуйлагчид цөмөөрөө төрөөс төрсөн тэрбумтан байсан юм. Хүн эрх мэдэлтэй болох тусмаа түүний­гээ хамгаалах гэж зүтгэдэг. Тэрбум тэрбумаар нь мөнгө “идэх” тусмаа суудлаасаа буухгүйг хичээнэ. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмнийг дарангуйллаар дарж авахыг бодно. Гэвч ард түмэн нэг босвол юу болдгийг ливичүүд, египетчүүд харууллаа. Ард түмнийг номхон тэмээ шиг ноолж, басамжлан дором­жилж байсных нь хариуд дарангуйлагчдыг яаж цээрлүүлж, муу ч сайн ч толгойлогчоо гэж үзэхгүй харгис хандаж байгааг дэлхий нийтээрээ үзсэн. Үүний жишээ Монголд давтагдахгүй бай­хын аргагүй. Угаасаа дарангуйлаг­чид унахаараа нэг бол шорон эсвэл цаазын тавцанд очдогийг дэлхийн түүх сануулж байна.

Дашрамд хэлэхэд “Ху” намын хоёр лидер болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргааныг дээ­рэмчдийн толгойлогчдын хагарал­даан гэж ойлгохоос биш шударга ёсны тэмцэл хэмээн андуурах хэрэггүй. Хуучин, шинэ “Ху” намд тэр хоёроос илүү том луйварчин өчнөөн бий. Тэд илчлэгдвэл хөөр­хий Каддафи, С.Хусейн шиг өлгүү­рийн шонд савчиж мэднэ.  Тэгэхээр сонгуульд ялж, үүрд эрх мэдэлтэй явахын төлөө ямар ч хуулийг улан­даа гишгэж зүтгэхээс өөр яах ч билээ. Гэвч “модоо” барьсан тэд­нийг ямар ч хууль зөрчөөд ялна гэвэл ард түмэн зөвшөөрөх үү. Үгүй л болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төрөө дээдэлдэггүй бөхчүүдэд төр нь цол өгдгөө болимоор юм

Хэдхэн хоногийн өмнө Монгол бөхийн өргөөнд болсон Улс тун­хагласны ойн барилдааныг бөх­чүүд тоосонгүй. Уг нь энэ барил­даан анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол ард Улсыг тунхагласны 87 жилийн ойн баярт зориулсан төрийн ёслол хүндэтгэлийн барилдаан байсан юм. Гэтэл бөхчүүд том, жижиггүй бүгд эл барилдааныг алгасчихлаа. Бай шагнал нь бага болохоор бөхчүүд барилдахаас цааргалжээ. Тэгсэн хэрнээ хэд хоногийн дараа болох “Бридж” группийн нэрэмжит барилдаанд аваргаасаа эхлүүлээд бүгдээрээ “Барилдана” гээд нэрээ өгчихсөн байна. Яагаад гэвэл энэ барилдааны бай шагнал, давааны мөнгө төгрөг нь харьцангуй өндөр юм гэнэ.

Улс тунхагласны ойн барил­даанд аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, Д.Рагчаа, Д.Баасан­дорж, харцага Ө.Даваа­баатар нарын бөхчүүдийг зодог­лоогүйд бөх сонирхогчид, Мон­голын ард түмэн гайхацгаасан. Энэ барилдаан наадам, цагаан сарын барилдаантай дүйх том барилдаан сан. Тэгтэл аварга, арслангүй бүгд л шагналыг нь голоод барилдсангүй. Эндээс манай бөхчүүдийн мөнгөнд дуртай, мөнгө хөөцөлддөг араншин нь ил харагдаж байна. Үндэсний бөх бүхэлдээ мөнгө хөөсөн хэдэн бөх­чүү­дийн талбар болчихсон юм биш үү. Хэдэн бор төгрөгөөс өөр юм бодохоо байсан бөхчүүд бэл бэнчинтэй л бол эмэг­тэй хүнийг хүртэл улсын начин болго­чихож мэдэхээр. Сэтгүүлч миний бие улсын начин болчихоод “Улсын эмэгтэй начин” гэгдээд явж байж магадгүй шүү.

Япончууд сумогоо спорт гэж үздэггүй. Шашны хэмжээнд хүн­дэт­гэн авч үзэж, ямар айхавтар дэг жаяг тогтоосныг манайхан мэднэ. Сумо тэр чигээрээ хүмүүжлийн зэвсэг, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэл байдаг. Сумочид тэр ёс заншлаасаа өчүүхэн ч хазайлгүй, номчлон дагадаг. Монголын үндэс­ний бөх үүнтэй адил. Монгол бөхийн барилдаан бол төрийн ёс заншил, ёслол хүндэтгэлийн нэгэн хэлбэр. “Төрийн барилдаандаа зодоглоно оо. Төрдөө хүндэтгэл үзүүлж барилдахад унах давах нь яахав” гээд алс холоос бөхчүүд ирж төрийн наадамдаа зодоглодог байсан сайхан уламжлал бий. Гэтэл одоо тэр нь түүх болох нь. Бөхчүүд ёс жаягаа умартаад хэдэн халтар төгрөгийн төлөө төрийнхөө барил­дааныг үл ойшоож, бай багатай гээд тоохгүй байгаа нь монгол гутлаараа төрийн далбааг гишгэлж байгаатай утга ижил юм.

Бөхчүүд төрийн тэргүүний зарли­гаар төрөөсөө цолоо гардаж авдаг. Тэгтэл улсаа тунхагласны түүхт ойн барилдааныг юман чинээ бодолгүй ийн аашилж төрийн хайр хишгийг даадаггүй эрчүүд гэдгээ харууллаа. Ер нь тэгээд төрөө дээдэлж хүндэлдэггүй бөхчүүдэд төрөөс цолыг нь өгдгөө үүнээс хойш боливол яасан юм. Аймаг, сум, хотоосоо л цолоо авч байна биз.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Хоёр мянга гурван он. Дамдин­сү­рэнгийн Урианхайн цом гарддаг жил. Их Урианхайг “Болор цом” авсанд утга зохиолын хүрээнийхэн байтугай уншигч олон өөрсдөө л “Янжинлхам”-аар шагнуулсан мэт баярласан даа. Энгийн иргэд гэгээнтэн гуайн цом авдаг жил гэж хэлэх нь холгүй, ихэд хүн­дэт­гэл­тэй­гээр ханддаг. Харин муусайн найз нар нь арай өөрөөр илэрхийлдэг санагдана. Ухаандаа, Дөнгөтийн Цоодол найрагч “Манай хой­лог (өнөө Урианхайгаа хэлж байна)-ийн түрүүлдэг жил” гээд хээв нэг өгүүлнэ шүү дээ. Эл үгэнд Уриан­хай зохиолч бүр нэг сэтгэл нь ханасан байдалтай аядуу зөөл­нөөр инээмсэглэж харагддаг сан. Тэрээр цом гарддаг жил(2003 он)-ээ урт даавуун дээл эгэлдэргэлэн, мөнгөн аралтай суран бүс бүсэлж, буурал үсээ арагш илбэн, насны амраг Цэндээдээ сугадуулчихаад мөн чиг эрхэмсэгхэн байж билээ. Монгол Улсын гавьяат багш, док­тор, профессор Дашлхүмбийн Галбаатараар ахлуулсан долоон шүүгч эхний даваанаас л Уриан­хай найрагчийг дэмжиж буйгаа илэрхийлэн хамгийн өндөр оноо тавьсан юм. Тэрээр Чөлөөт зо­хиолч­дын холбооноос зохион явуулдаг “Мөнгөн цом” наадамд оролцохдоо “Монгол гэр” гэсэн шүлэг уншин хасагдаж байлаа. Гэвч уг шүлгээ хэдхэн хоногийн дараа болсон “Болор цом”-д ун­шин хамгийн өндөр оноог нь авч байх жишээний. “Монгол гэр” бол үнэндээ сайн шүлэг байсан л даа. Урианхай найрагч сүүлийн да­ваанд “Шөнийн онгоц” шүлгээ уншсан. Сэтгэлгээний бас л сонин шийдэлтэй шүлэг. Тухайн бүтээ­лийн талаар хүмүүс одоо хэр нь ярьдаг. Харин хоёрын даваанд уншсан “Зүүдлэгдээгүй зүүд” гэж тун сонин шүлэг бий. Түүнийг нь олон нийт тэр бүр мэдэрдэггүй шиг санагдана. Тэрхүү шүлгийн мө­рүү­дээс сонирхуулъя л даа.

Айраг шуугих хөхүүр зүүдлэгдэнэ

Аралт тэрэгний хормойд ша­хат­нах шаазгай зүүдлэгдэнэ

Адуу тээрэх шаварт гарам, хавх ганзагалсан тарвагачин зүүдлэгдэнэ

АлтаадЧачиртын хүрлэгэр уулс­даа тэврүүлэн

Амраг ижий минь хүүгээ үнсүүлж буй нь зүүдлэгдэнэ

Сэрлээ

Харанхуй сэмэрчээ

Хулгайч сэмээр зовхио сөхөж

Аньсган завсраар гэгээ сүвлэх үүртэй золговол                

Асч дууссан лаа, дуусаагүй өгүүл­бэр

Монгол гэж бичих гээд

Том ганц М үсэг дөнгөж босгоод орхисон

Бичиж гүйцээшгүй урт үг

Ижийтэй минь цуг сэрээсэн нь ширээн дээр зэрэгцэнэ

Хананд, хөмсгөө ууртай зан­гид­сан Лев Толстой

Хажууд, эрхи зүүсэн буурал даяан­чийн шаазан баримал

Цаахна нь

Цаг, түүхийн салхич шувууКарл Марксын боть

Үүрийн гэгээнд баримжаалагдана

Ширээний ирмэгт

Өөртөө зүүдлэгдээгүй буурал толгой минь

Хөшсөн гараа дэрлээд

Овооны хадаг шиг навтарсан нооргууд дээрээ

Ов тов шүлс савируулж

Арслангийн зогдор шиг үсээ нөм­рөөд

Аг чиг дугхийчихсэн байна, сэр­лээ…” гээд үргэлжлэх бөлгөө. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана уг шүлгийн талаар сэтгэгдлээ Урианхай най­раг­­чид хэлсэн байдаг. “Таны “Зүүд­лэг­дээгүй зүүд” бол сайн шүлэг. Гэхдээ та төгсгөлөө их муу хийсэн” гэж. Энэ тухай буурал найрагч маань баруун Алтайг зорьж явах замд хэлж билээ. Тэр жилийн цомд олон сайн шүлэг уншигдсан даа. Ц.Бавуудорж “Нэгэн цагийн хор­воо”, “Дорно”, “Цаг хугацааны хүлэг морьд”-оо, А.Эрдэнэ-Очир “Голын тохой дээр”, “Маргаашийн хорвоо”-гоо, Ж.Баяржаргал “Тэгэхэд би залуухан байж”, “Өвстэй орчлонд ургах шүлэг”-ээ, Ш.Лхамноржмаа “Чиний явсан мөр”-өө, Д.Баян­тун­га­лаг “Нэг л шүлэг ханхлах төдийд”, “Ийм л намрын төлөө”-гөө, Л.Болд­сай­хан “Наранбадмаа”-гаа дуудаж билээ. Тэдгээрээс яалт ч үгүй иш татмаар байна шүү.

Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг юм

Ямархан марал од ч гэлээ тэнгэрт зүг чиггүй харвадаг юм

Солирын цохилтод далай өнгөн дээрээ амгалан ч гүндээ ёолж байдаг юм

Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч мөн чанар­таа бол уйлж суудаг юм

Ай лаа миний нэгэн цагийн хор­воо…” гэх
юм уу, эсвэл

Баруун мөрөн дээр минь амар амгалангийн суу билэг

Зүүн мөрөн дээр минь ариун дурлалын буурал хөгжимч завилсан

Амирлангуйн нууцат дорно билээ би

Өрнө миний айдас

Үүрийн туяаны минь алтан амс­рыг тэр хулгайлсан юм

Өрнө миний түгшүүр

Өрхний завсрын шаргал гэгээ, уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм

Өрнө миний эрхэм анд

Өвст тал, цаст уулсаа харам­ла­хад сургасан юм

Өрнө миний эрхэм нөхөр

Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм

Би Дорно

Сарны гуниг, сансрын нууц

Энэ миний тэргүүн гоёл

Саруул шөнө, анир гүм тал нутаг

Энэ миний дээдийн соёрхол

Тэнгэр миний гүн ухаан

Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог юм

Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд

Долоон бурхан од дайвдаг юм

Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд

Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг юм 

Би Дорно

Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй

Хайрын шарх, амрагийн үнсэл­тийг харин нууцалдаг

Сар миний нууцыг мэднэ

Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр ч бас мэднэ дээ…” гээд уншихад үнэндээ аварга сонсогдож байсан шүү. Бавуу найрагч нэгэн үеийн гал цогтой найрагч Ж.Бая­р­жар­га­лын­хаа ард буюу гуравт давхиж байв. Харин дөрөвт А.Эрдэнэ-Очир, тавд Ш.Лхамноржмаа орж байсан са­наг­да­н­а. Авгаржин Жамсрангийн Баяржаргал гал маналзтал уншиж, их Урианхайн ар шил дээр дав­хи­сан. Тэрээр

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ

Наран, саран хоёрыг анзаардаггүй

Навч, өргөс хоёрыг ялгадаггүй

Суумал бурхан, гүйгүүл адуунд эс дурлаж

Сур олсны ялгааг үл хайхарч

Бүрхэг өдрүүдийг бүтэн нартай мэт санаж

Бүрэнхий шөнүүдийг тэргэл сар­тай мэт бодож

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ…” гэж омогхон хэлээд сүүлийн да­ваанд

“…Хан орчлонд аз жаргалын өвс­нүүд дуулалдан дээшээ ургана

Хас Дорнын найрагчид ганцаард­лын дор дошогшоо ургана хэмээсэн нь тухайн үедээ үзэгдэл болж байлаа даа. Өөрөө ч их хий­морь­той, сүртэй, иртэй хүн. Шүлэг зохиолдоо орохоороо бүр ч гаарч өгнө биз дээ. Харин өмнөх жилийнх нь цомын эзэн А.Эрдэнэ-Очир охид хүүхнүүдийн цээжинд явдаг өнөө “Голын тохой дээр” гэсэн шүлгээ уншиж, тийм нэг намуухан сонгодог орчныг бий болгосон юм шүү.

Газрын магнайнаас хөлөрч урс­сан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдралын мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хуга­цаа­ны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус захлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэгэн хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр он удав

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүү­лэн чамайг бодов…” гээд урсгаж өгсөн дөө хө.

Хоёр мянга дөрвөн он. Жамс­ран­гийн Баяржаргал найрагч эг­шиг­лэнт Янжинлхамыг гардаж, бичгийн мэргэдийн өлгий Төв айм­гийнх­ны “Болор цом”-ын тоог нэгээр нэмсэн наадам. Мань хүн сүүлийн даваанд Ш.Лхам­норж­маа­тай оноо тэнцчихэж билээ. Уншигч олон санаж байгаа даа. Бавуугийн Лхагвасүрэн ерөнхий шүүгчээр сууж байгаад сүүлийн шатанд хүүгээ хаслаа хэмээн олонд зар­лан, уг наадмыг хөтлөн явуулж байсан ардын зохиолч Пунцагийн Бадарчид “Үрээгээ хассан азарга гэж сонссоноос хүүгээ хассан найрагч гэж дуулаагүй юм байна” хэмээн  амаа таглуулж байсныг. Ингээд тэргүүн шагналын төлөө шүлгээ уншсан хоёр найрагчаас     “Дарангуйллын хаан оршил” шүлэг толгой илүү гэдэг нь шүүгчдэд байтугай үзэгчдэд мэдрэгдэж, олон түмэн “Баяржаргал” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч билээ. Ингээд тэр жилийн цомын тэргүүн шүлгийг хүргэе. 

Гарагс дундын солирын нислэг мандаалах

Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар

Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх

Гал түймрийн ухааныг би дарлах болно

Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан

Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл

Аварга эрхэс биетийг хий шингэ­нээр төлөвшүүлэн тогтоох

Амин усны чанарыг би дарлах болно

Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах

Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх

Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ

Ханагар уул, сарьдгийн ухааныг би дарлах болно

Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл

Есөн гарагийн минь тэгш өндөр­лө­гийн төлөөлөл

Ертөнцийн орчих хүйс, хяз­гаар­гүй их эргэлт

Ембүү хээр талын ухааныг би дарлах болно

Наран орчлонд цэнхэр нөмрөгөөр  гангарсан

Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих

Эрдэнийн зайд огторгуйн уруу­лаас ойчсон индранил

Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно

Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч

Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн

Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүл­сэн

Хүн төрөлхтний гүн ухааныг  би дарлах болно“. Ямар байна. Бас л аатай сонсогдож байгаа биз.

Хоёр мянга таван он. Жамьян­гийн Мөнхбат хэмээх Архангайн Батцэнгэлээс тодорсон залуу най­раг­чийн цом гардсан жил. Тухайн наадмын нэг дуулиан нь Баатарын Галсансүх найрагч байв. “Болор цом”-ын дэвжээнд сүүлийн арваад жил үзэгдээгүй тэрээр гэв гэнэт шүлгээ уншин олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэгэхдээ шигшмэл шүлгүүдээ уншсан.  Арга байж уу, Галсансүх бол Галсансүх л байх­гүй юу. Мань хүн “Чойномд бичсэн захидал”, “Бурханд хэлэх зөв­лө­гөө” тэргүүтэй шуугиант шүлгүүдээ уншиж, тэслээд орхисон ч аргагүйн эрхэнд дэд байрын шагнал авч билээ. Уг наадмын гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Мо­лом­жамц, дөрөвдүгээр байранд баруун Урианхайн шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатар шалгарч байсан. Х.Эрдэнэбаатар найрагч

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино…” гэж уншаад бас л шуу­гиул­сан удаатай. Ингээд тухайн наадмын тэргүүн шагнал хүртсэн Ж.Мөнхбат найрагчийн шүлгээс хүргээд эл удаагийнхаа тэмдэг­лэ­лийг өндөрлөе.   

Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан

Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна

Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна

Арга билэг зөрөлдсөн алтан соёмбо шиг

Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг

Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе

Есөн зоосны нүх тааруулж хүслээ шивнэе.

Жадны үзүүрээр Монгол гэдэг нэрийг

Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла

Тургиж манддаг номхон улаан наран дор

Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла

Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох

Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох

Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг

Бурхан танд шивнэлээ шүү,

Бурхан чамайг бурхан өршөөг ээ“.

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн бэлтгэл бааз Бага хурлын тухай

Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогт­нолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болох­гүй, ардчиллын үнэр үнэр­түүлж болохгүй гэсэн зааварчил­гаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удир­дах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.

Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаа­гийн хувьд дотор нь байсан “дайс­нууд” нь гаднаа гарч, тэдний хэлд­гээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн ху­рал болоход саад болсонгүй бо­лолтой. Тэгээд ч гишүүддээ удирд­лагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.

Мэдээж, Бага хурал МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батбол­дын илтгэлээр эхэлсэн. Удаан хугацаанд орон байргүй байж байгаад будаг нь ханхалсан бас жаахан утаа угаар үнэртсэн ч гэсэн шинэ байшиндаа хурлаа хийж байгаа болохоор сайхан л байсан байж таарна. Тэрбээр хийсэн бү­тээ­сэн, намынхаа өргөжиж дэвжиж байгаатай холбоотой олон барим­тыг дурдсан илтгэл уншжээ. Нэгэнт бид намын гишүүд биш учраас бидэнд намтай холбоотой мэдээл­лээс илүү зарим нэг мэдээ анхаа­рал татаад байгаа юм. Тухайлбал, бүх аймаг, хот, сум, баг, хороо суурин газарт МАН-ын 1793 үүр ажиллаж байгаа ажээ. Тэгээд МАН-ын Удирдах зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуу­дын тоног төхөөрөмжийн шинэч­лэлд зориулан 600 гаруй сая төгрө­гийн хөрөнгө оруулалтыг нэг жи­лийн дотор хийсэн юм байна. Энэ онд гэхэд 100 орчим сумын намын хороогоо өөрийн гэсэн байртай болгожээ.

Бас намынхаа гишүүдийн бо­ловс­ролд ихээхэн анхаарч, 310 хүнийг ОХУ, БНХАУ, АНУ, Англи гээд гадаад орнуудад сургуульд явуулсан гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд Д.Сүхбаатар, Х.Чой­балсан нарын хөшөөг хү­рэлд­сэн, Тусгаар тогтнолын орд­ноо ашиг­лалтад оруулсан гээд есөн бүтээлч ажлыг намынхаа 90 жилийн ойд зориулсан бэлэг хэ­мээж буйгаа илтгэлдээ дурджээ. Тэрбээр бай­рыг нь ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн хүмүүс бас Соц Интернийн гишүүн намууддаа хурлынхаа индэр дээрээс талар­хал илэрхийлж байна лээ. Манай нийслэлийн зүрхэн тольтод боссон уг байрыг босгоход гадаадын намуудаас дэмжлэг үзүүлсэн ажээ. Энэ бол анхаарлын гадна үлдээх зүйл биш шиг санагдсан. Мөн хоёр хөршийнхөө улс төрийн намуудтай нягт ажиллаж байгаагаа дурдаж байна лээ. Бодвол манай хоёр хөршийн намууд гэхээр коммунист угшилтай намууд биз ээ.

Ер нь энэ хуралд суусан МАН-ын Бага хурлын гишүүд ч гэсэн асар их коммунизм үнэртсэн на­мынхаа хуралд таатай хандахгүй байгаагаа нухацтайгаар нэг нэгдээ илэрхийлж байсан би­лээ. Зарим шинэ тутам гишүүд нь нийгмийн ардчиллын тухай ярьдаг энэ нам одоо ч баас хатавч өмхий­гөө тавь­даггүй гэдэг шиг коммунист арга барилаа халж чадахгүй бай­гаад гутарч байгаагаа өөр хоорон­доо хөөрөлдөөд авч.

Намын даргын нь илтгэлд дур­дагдсанаар намын гишүүний шинэ­чилсэн бүртгэлээр 163882 гишүүн­тэй гэсэн албан ёсны тоо гарчээ.

Монголд хамгийн эрэлттэй ал­бан тушаалыг тодруул гэвэл магад МАН-ын Бага хурлын гишүүн гэсэн нэр дээгүүр давхих биз. Энэ намын Бага хурлын гишүүний тоо 256 атал одоо горилогчдын тоо 350 гараад явчихсан байгаа гэсэн. Өчигдөр болсон Бага хурлын эхэнд хоёр гишүүн нас барсныг зарлаад, эмгэнэл илэрхийлжээ. Мэдээж, хамтран зүтгэгчид нь хорвоогоос халих эмгэнэлтэй байлгүй яахав, гэхдээ тэнд горилогсдоор ирсэн хүмүүс дүүрэн байсан болохоор энэ мэдээллийг огт өөр өнгө аясаар хүлээж авсан гэнэ лээ. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдөө хэлж байсан. “Бага хурлын гишүүн болох тийм л чухал болчихсон бололтой. Тэнд байсан хүмүүс бараг л инээдээ нууж байсан шүү” гэж. Гишүүдийн тооноос нь давсан хүмүүс Бага хурлын гишүүн болох гэж байгаа гэхээр жинхэнэ уралдаж уралцдаг юм байлгүй.

Энэ өдөр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын зүгээс Бага хурлын гишүүнд санал болгох хүмүүсээ оруулж ирсэн байна. Уг нь өнгөр­сөн жилийн Бага хурлын өмнө МАСЭХ-ны ерөнхийлөгчийг өөр­чилж, НАМЭХ болгочих байсан боловч Ардын намын хүүхнүүдийн амбиц дийлдээгүй учраас өөрч­лөлт хийж чадалгүй ноднин жи­лийн Бага хуралтай тулсан юм. Харин өнгөрсөн хавар их хурлаа хийж, НАМЭХ болж нэрээ өөрчлөн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосноор энэ удаад тэд Бага хуралд шинэ хү­мүүсээ нэр дэвшүүлэх эрхтэй бо­лов. Энэ удаад нэр дэвшүүлсэн хүмүүс нь “Д.Оюунхоролын гарын хүмүүс байна, мэдээж дараа нь өөрийнхөөрөө л дуугарах хүмүү­сийг оруулж ирэх нь ойлгомжтой” гэж хүүхнүүд нь тэр хавиараа баа­хан шивэр авир гэсэн сурагтай.

Уг холбооноос дөрвөн эмэгтэй Бага хуралд орсон байна.

Бага хурлын үеэр МАН-ын ги­шүүд ойлгох байх харин бид ойл­гож чадахгүй нэгэн яриа болсон нь намын гишүүд нэг үзэл бодолтой байх тухай хөндөгджээ. Намын дарга ч илтгэлдээ ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэснийг нь зөв гэж хүлээн авах гишүүд ч бай­сан бол бас үүгээрээ олон ургальч үзлийг хорих нь гэж үзэгсэд ч байжээ.

МАН-ын хувьд ёс зүйн дүрэмтэй болж байгаа бөгөөд энэ тухайд нэлээд ярилцжээ. Ёс зүйн талаас хөндөж тавьсан нь сайн хэрэг боллоо. Улс төрийн ёс зүй гэж зүйл алга болсныг сайн хөндөх хэрэгтэй гэх хэсэг ч нэлээд байжээ. Зарим босч үг хэлсэн хүмүүс намынхаа эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу шийт­гэл оногдуулах ёстой гэж их ярьжээ. Энэ нам дотроо үзэл бод­лын зө­рүүг үгүй болгох тухай биш харин ёс зүйн зөрүүтэй байдлаа өөрчлөх тухай яривал ард түмэнд л сайн байх. Мөн хариуцлагын тухай ярьдаг болох тухай, үүнийг нэр дэвших эрхтэй холбох талаар их ярьсан нь гишүүдэд нь нэгийг бодуулсан биз. Ерөнхий сайдаа огцруулах талаар өөр намынхан­тай нийлээд яваад байгаа гэж зарим намын гишүүдээ шүүмжлэх хүмүүс байсан ч хурлыг аль болох дэвэр­гэхгүй байж байгаад нам­дуухан болох аргыг аль аль талдаа баримталжээ.

Энэ удаагийн Бага хурал 2012 оны УИХ-ын Сонгуулийн өмнө болж буй хурал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас намын удирдла­гуудын зүгээс сонгуулийн өмнө хүчээ нэмэгдүүлж бүтцийн өөрч­лөлт хийхээр шийдсэн нь нэлээд эртнээс мэдэгдэж байсан. Бас энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга оруулж ирж байгаа нь ч сонгуулийн өмнөх бэлтгэл биз ээ.  Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж намын нарийн бичгийн даргатай болж байгаа бөгөөд уг орон тоон дээр бат­лагдсан Д.Сарангэрэлийн хувьд энэ намтай холбогдсон түүх боги­нохон. Гэхдээ намд орж ирэн­гүүтээ Удирдах Зөвлөлийн гишүүн болсон зангарагийг нь бодохоор нарийн бичгийн дарга болсонд нь гайхах зүйлгүй. Бодвол түүний хэвлэл мэдээллийн салбар дахь туршла­гыг нь сонгуулиар ашиглах төлөв­лөгөөтэй байх. Өөр нэг на­рийн бичгийн дарга нь НАМЗХ-ны ерөн­хийлөгч Л.Оюун-Эрдэнэ. На­мын дэргэдэх залуучуудын бай­гуул­­лагыг удирдахаасаа өмнө МАН-ын Улс төрийн байгуулалтын хэлт­сийн даргаар ажиллаж байсан болохоор намын аппаратад орж ажиллах нь шинэ зүйл огт биш. Шинээр гарч ирж буй стратегич гэж нам дотор нь түүний талаар ярил­цах болсныг дуулбал, түүний энэ чадварт нь намын зүгээс най­даж байж болох юм. Бас л Удир­дах зөвлөлийн гишүүн. Энэ өдөр на­маа­саа итгэл хүлээж шинэ албан тушаал хүртсэн гурав дахь Удир­дах зөвлөлийн гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүв­шин. Цагтаа намдаа ерөнхий на­рийн бичгийн даргаар ажиллаж явсан түүнд нарийн бичгийн ажлыг орон тооны бусаар хашихад түвэг болохгүй биз. Хотын фракцын гэсэн тодотголтой, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа мөн орон тооны бус нарийн бич­гийн даргаар сонгогдсон байна. Түүнийг НАМЭХ-ны ерөнхийлөг­чид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзэгсэд олон байсан ч намын бодлогоор нэрээ татаж байсан санагдаж байна. Ерөнхийдөө МАН нарийн бичгийн дарга нарынхаа чиг үүргийг нарийсгаж, шинээр хүмүүс сонгож, сонгохдоо нэлээд шигшиж, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсээр эгнээгээ тэлсэн нь арга­гүй л сонгууль дөхсөнийг баталж байна. Дээрээс нь МАХН хэмээх амаргүй нэр, угшил нэгтэн байгаа учраас хичээх нь хэр биз. Хөдөө орон нутагт МАХН, МАН-ыг хүмүүс төдийлөн ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь энэ намынхны хамгийн ойрын үед шийдвэрлэх асуудал хэмээж, өрсөлдөгчөө АН бус МАХН гэж харж байгаа нь ч энэ хурлаас тод мэдрэгджээ. Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолын­хоо дагуу болсноороо онцлогдох зүйлгүй. Сонгуулийн өмнөх гэдгээ­рээ “дайн”-ы өмнөх бэлтгэл бааз нь энэ Бага хурал болж өглөө.

Categories
редакцийн-нийтлэл

Дутуу “Монгол поп”

Дуучин Д.Болд “Монгол поп” тоглолтоо “UB palace”-ийн  кон­цертын их танхимд гурван өдөр дараалан тавилаа.

Тоглолтын нэр “Монгол поп” ч энэ урсгалыг илтгэх дуу тоглолтын турш эгшиглэсэнгүй. Эхлэл, төгс­гөлд нь л эл урсгалын дуунуудаа сонирхуулав. “Хагацаж чадах уу”, “Гэгээн домог”, “Яаж чи өөрчлөв өө”, “Яагаад гэдгийг хэлээч”, “Чам­гүйгээр би уйтгар гунигийн хаан”, “Хос гэрэлтэх од”, “Хайртай хү­ний­хээ гар руу гүйгээрэй”, “Зөвхөн чам руу” зэрэг хуучин цомгуудад нь багтсан, радиогоор залхтал цан­ги­насан дуунуудаа тоглолтын өрнөл, оргил, тайлал хэсэгт хүр­гэсэн нь монгол попыг мэдрэх гэж ирсэн үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Эхлэл хэсэгт монгол поп урсгалаар туурвисан шинэ соргог бүтээ­лүү­дээ хүргэчихээд араас нь  хуучин, чихний хажуугаар сул асгараад өнгөрчихдөг дуунуудаа сонир­хуул­сан нь эхлэлд мэдэрсэн мэд­рэм­жийн эрч хүчийг унагаачихсан. Тоглолтын тал хувийг хуучин дуу­нууд эзэлсэн нь таагүй сонголт болжээ. Хэрэвзээ тоглолтод дуу­лаг­дах дуунуудын харьцаа ийм байх байсан бол тоглолтын нэрийг арай өөрөөр өгөх байж шүү.

“Монгол поп” тоглолтод хуучны дуунуудынх нь “порц” ихэдсэнийг эс тооцвол тоглолтоос шинийг эрэлхийлэхийг эрмэлзсэн уур амьс­гал, дүр мэдрэгдсээн. Нөгөө талаар уг тоглолтод монгол поп урсгалын дуунууд цөөн дуулагдсан нь энэ урсгал шинэ тутам, саяхан “мэндэлсэн” болохоор уг урсга­лаар бүтээгдэх дуу цаг, минут  бүрт “үйлдвэрлэгддэг” нийтийн дуунаас ангид, дээд түвшнийх гэдгийг ха­руул­чих шиг. Гэхдээ тоглолтод дуулагдсан монгол поп урсгалын дуунууд цөөхөн ч гэлээ хамаа­рагд­сан урсгалаа мэдрүүлсэн, монгол поп гэж ямар урсгал байдаг, энэ урсгалаар яаж дуулдгийг ха­руул­сан чансаатай бүтээлүүд байв.

Тоглолтын эхэнд дуулагдсан монгол попуудаас “Гоо амраг” дууг энд онцолъё. Энэ дуу “Монголын язгуур урлаг+поп” гэсэн томъёол­лыг бүрэн харуулна.

Хорьдын саран мандаад ирэхээр

Хоргой дээлийн хээ тодорно

Хоёр бие чанадын хол ч гэлээ

Холбоо сэтгэл минь хувиршгүй

Гоо амрагийн зүрхэнд

Хаврын яргуй шиг хайр дэлгэрнэ

Уулсын өвөр шиг халуун хайранд

Учран золгоход хоёр сэтгэл яруусна.

Дууны шүлэг нь монгол ардын урт болон богино дууны улам­ж­лалт арга барил, хийцийг өөртөө шингээжээ. Харин аялгуу нь уртын дууны шуранхай, ардын язгуур хөгжмийн дуугаралтыг поп хэм­нэлтэй хослуулснаараа монгол поп урсгалын амрагийн дууны том төлөөлөл болно. Харин “Хээрийн салхитай аялгуу” дуу бол МОНГОЛ ПОП урсгалын том үзэгдэл. Уртын дууны шуранхай, ятга хөгжим, хөөмий, морин хуурын татлага гээд Монголын урлагийн үнэт элемен­түүдийг поптой сүлэлдүүлснээрээ энэ бүтээл монгол поп урсгалыг манай орчин цагийн рок попын ертөнцөд тунхаглан зарлаж бай­гаа юм.

Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй

Хамаг Монгол минь дорнын судартай

Ихэр чавхдас нь Хүннү цартай

Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай

Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нууцхан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь.

Тоглолтын үеэр дуулсан 21 дарь эхийн тухай дуу цамын бүжиг, шашны дуулал, маани мэгзэм, попыг нэгтгэснээрээ энэ тоглолтын гол утга учир болсон Монгол попыг гаргаж өгсөн.

Монгол поп урсгалыг дуучин Д.Болд шинээр бий болгочихоод байгаа хэрэг биш л дээ. Монголын урлаг, утга зохиолд ийм нийлмэл, холилдсон үзэгдэл 1990-ээд оны эхэн үеэс ажиглагдсаар ирснээ  сүүлээр нь хүчээ авсан. Тэгээд 2000 он гараад шинэ ша­танд гарч ирсэн юм. Поп гэлтгүй хип хоп, beat box, рок гээд бүхий л төрөл жанрт уламжлалт урлаг, язгуур урлагийн хөгжмийн дууга­рал­тыг ашиглах, нийлэгших үзэг­дэл хэвийн зүйл болчихсон.

Харин дуучин Д.Болд уг урсгалд “Монгол поп” гэдэг нэрийг өгч илүү сонгодог талаас нь гаргаж, хув­цас­лалтын хэв маягаа ч тэр жишигт нийцүүлсэн. Монголын урлаг, утга зохиол, шоу бизнесийн ертөнцөд Монголын язгуур урлагийг гадны хөгжмийн урсгалтай сүлэлдүүлж хольсон нийлэгших буюу синк­ретизмийн аргаар хийсэн дуу хөгжим, урлагийн бүтээл олон зуугаар тоологдоно шүү.

Д.Болд тэр үзэгдлийг Мон­гол­доо л ээрүүлдээд байхыг хүсээгүй учир ийнхүү нэр хаягтай болгож дэлхий нийтэд зарлаж байна. Энэ урсгалыг менежменттэйгээр гар­гаж ирж, Ази гэлтгүй дэлхийд гар­гах гэсэн эх оронч, залуу хүний хувиар хөдөлмөрлөж байгаад нь Д.Болдод талархах хэрэгтэй.

Харин “Монгол поп” тоглолтын хувьд дуучин маань жаахан яар­чихав уу даа. Монгол поп урс­га­лаар нэлээд олон бүтээл туурвиж, түү­нийх нь талаас илүү хувийг ард түмэн ойлгож сонсоод хүлээн авсан тэр цагт л сая үзэгчдийн хүлээлтийг үндэслэсэн энэ тог­лол­тоо дан монгол поп урсгалын дуунуудтай хүргэсэн бол дүүрэн тоглолт болох байв. Тэгтэл “Мон­гол поп” гэж нэрлэчихээд монгол поп урсгалаар бүтээсэн дуунуудаа амсуулах төдий хүргэсэн нь энэ тоглолтыг дутуу болгочихлоо.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Обамаг хар л даа, тэр бүгдэд боломж олгох тухай ярьж байна

Эрх баригчдынхаа явуулж буй бодлого үйл ажиллагааг буруу байна хэмээн жагсаж эхэлсэн  АНУ-ын “Уолл стритийг эзэл” хөдөл­гөөнийхөн саяхан Нью-Йоркоос Вашингтонд хүрчээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг нэгэн сургууль дээр эдийн засгийн та­лаар илтгэл тавих үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, тайван жагсаал хийж буй олон мянган хүнийг ба­ривчлаад байна” гэж хашгиралд­жээ.

Барак  Обама тэднийг тайвш­рахыг сануулаад “Хичээн зүтгэж ажиллах юм бол хүссэндээ хүрэх боломж бүгдэд бий гэх ойлголтыг “Уолл стритийг эзэл” хөдөлгөө­нийхөн үгүйсгэж байна. Америк бол хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог орон биш. Бүгдийн өмнө боломж олгодог орон. Ийм хэвээр байлгахын төлөө бид ажиллаж байна” гэж  хэлжээ.

Том улсын Ерөнхийлөгч том дуугарчээ.  Обама шиг ингэж хэлэх сачийтай нь манай улстөрч гэгдэх нөхөд дотор алга. Улс орон удир­даж байгаа хүмүүст ч алга.  “Бүгдэд адилхан боломж олгохын тулд хичээнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлж байхад манайд эсрэгээр хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог. Хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаал­даг. Цаана нь тэр ард түмний ихэнх нь ядуу зүдүү байгаа эсэх нь манай төр түшиж байгаа нөхдөд падгүй.

Эрх баригчдын эсрэг хэн нэгэн дуугарч, жагсаал цуглаан хийвэл  толгойлогчийг нь барьж аваад тойглоод эхэлдэг. Үүнээс нь болоод үнэнээсээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг,  дуугарах  биш эрх баригчдын анхааралд өртөж, тэд­нийг айлгаж сүрдүүлээд оронд нь хоолондоо хүрч, эрх баригчдаас өөртөө хэрэгтэй амлалт өгүүлэх хүсэлтэй жүжигчид олширсон.

Эхэндээ жагсаал цуглаан, тэм­цэл, шинэчлэл гэдэг жинхэнэ ут­гаараа байсан гэдгийг бас үгүйсгэж болохгүй. Сүүл рүүгээ муухан найруулсан жүжиг болж хувирсан ч одоо ч хуурамч тэмцэгчдийн хоолондоо хүрэх гэсэн энэ арга өөрчлөгдөөгүй байгаа. 

Эрх баригчид дуугарсан хү­мүүсийг хэрхэн хоолонд нь хүргэж байсан талаар саная. 

УИХ-ын гишүүн, олонхийн бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “Уламж­лал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүр”-ийг байгуулж намдаа шинэчлэлийн салхи салхилуулж байсан нэгэн. УИХ-ын гишүүн ч үгүй, ажил ч үгүй явсан тэр үедээ  намын шинэчлэл ярьж, жигүүрийг байгуулж байсан. Хэдийгээр албан тушаал­гүй үлдсэн хүмүүсийн бөөг­нөрөл гэж хардагдаж, өөрсдөө ч үүнийгээ эсэргүүцэж байсан ч  жигүүр үүргээ гүйцэтгэж байсан. Намын удирд­лагууд сандарч, тэ­дэнтэй уулзан учир байдлыг нь сонсдог байлаа. Зарим нэг нь дургүйцлээ барьж дийлэхгүй элд­вээр нь хэлж, буудчих юмсан гэж хүртэл хэлж байсныг уншигчид санаж байгаа. Ингээд байж байтал жигүүрийн удирдагч УИХ-д нэр дэвших эрхээ авч жи­гүүрийн ги­шүүд нь ч толгойлог­чийнхоо төлөө халаасаа хоосортол хувийн машин тэргээрээ Хөвсгө­лөөр нэг давхиж байж сонгуулийн ард гарсан. Ө.Энх­түвшин ч ялсан. Сонгуулийн маргааш л хамт тэмцэж явсан нөхдөө мартаж, жигүүрээ жийсэн дээ. Ө.Энхтүвшин одоо УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга. Цаашлаад намын дарга, Ерөнхий сайд хийчих дайны хү­мүүсийн тэргүүн эгнээнд яригдаж байгаа. Ямар ч байсан тэр хоо­лондоо хүрсээн. Түүний тэмцэл намд нь биш, найз нөхдөд нь бус,  өөрт нь ашигтай туссан. Жигүүрийн анх­дагчдаас хоолондоо хүрч, ал­бан тушаалд хүрсэн хүмүүс бас бий. Зам тээвэр барилга, хот байгуу­лалтын төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан А.Базархүү Улаан-Үүдэд консул, УИХ-ын гишүүн асан Ц.Ший­­рэвдамба Мэргэжлийн хя­налтын газрын даргаар, Д.Мө­рөн  Гадаадын иргэн харьяатын газрын даргаар, Р.Содхүү Мэргэжлийн хя­налтын газрын даргаар очицгоо­сон.

Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичин­норов байна. Иргэний хө­дөлгөөнд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг шүүм­жилж явсан бүсгүй гэнэт л Ардын намд элссэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. 

“Шинэ
эргэлт” гэж намын ши­нэч­лэл ярьдаг хөдөлгөөн байв. Жигүүрийн дараа гарч ирсэн.  “Шинэ эргэлт” хөдөлгөөний гол төлөөлөгч нь Н.Цагаанхүү, Ч.Жар­галсайхан нар. Уг нь намынхаа авлигачдыг олонд зарлана гээд явж байсан. Олон ч хүн тэднийг намаасаа төрсөн тэрбумтнуудыг зарлах нь гэж хүлээж байлаа. Харин тэд тэгсэнгүй. Одоо Ч.Жар­галсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд. Н.Цагаанхүү намын Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байгаа.

Хамгийн сүүлийн жишээ иргэн Б.Лхагважав. Эрхэлдэг бизнесээр нь “Урбанек”-ийн ч гэдэг. Үүсгэсэн  хөдөлгөөнөөр нь “Үндэсний соём­бо”-ын ч гэж тодотгодог. Эрх ба­ригчдыг шүүмжилж, жагсаж, цуглаж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж явсан түүнийг  гэнэт МАН-ын үүрэнд иччихнэ хэмээн хэн ч санаа­гүй. “Олон нам санал тавьсан ч тэдэн дотроос МАН-ыг сонгосон” гэж тэрээр хэлсэн байна лээ. МАН-ыг шүүмжилж, эрх баригчдыг элд­вээр нь хэлж, болох бүтэхгүйг нь  дуудаж явсан тэрээр гэнэт л МАН-д элссэнийхээ дараа “Энэ нам шинэчлэгдэж байгаа” гэж ирээд л “МАН-д элссэндээ жигтэйхэн баяр­тай байгаа”-гаа дуулгасан нь ха­чирхмаар. Одоо тэрээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. МАН-ын өвөрт Ардчилсан нам орлоо гэж хашгирч явсан тэрээр Ардын на­мын өвөрт өөрөө шургасан нь энэ.   

Одоо Үйлдвэрчний эвлэлийн толгойлогч С.Ганбаатар цалин хөлс нэмүүлэх, багш нарын ажил хаялт гээд өөд уруугүй тэмцэх болов. Ардын хүүхдүүд ном эрдэм сурах тэрэнд падгүй, багш нар л цалинтай болох нь чухал гэнэ. Түүнийг ч бас дараагийн ээлжинд хоолондоо хүрэхээр тэмцэж байгаа хүний нэг гэдэг.

Дээрх жишээнүүдэд дурдагд­сан хүмүүсийн зарим нь тэмцэж яваад эрх баригчдад шүүрүүлж, хоолон­доо хүрч, тэдний эсрэг ам ангайх эрхгүй болсон. Зарим нь өөрсдөө сайн дураараа тэмцлээр айлгаж, шинэчлэлээр далайлгаж албан тушаалд очсон. Мөн энд нэр дур­дагдаагүй олон хүн үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Ер нь манайд гарч ирдэг элдэв жагсаал, тэмцлийн толгойлогч яаж ийгээд л эрх ба­ригч­дийн атганд орж, сэтгэлд багтаж, татаасанд явчихдаг нэг тийм увай­гүй урвагч болдог, болгодог жишиг тогтчихлоо. Толгойлогчийг нь ху­дал­даж авдаг. Тэгээд тэр тэмцэл зогсдог.

Тэмцэл гэдэг эрх баригчдын өвөрт шургах, тэдэнд урвах шар­вах, албан тушаалд очихын нэр биш. Одоо бол манай эрх баригчид хэдэн олигархиудаараа амьдра­лыг төсөөлж, ард түмнээрээ даа­жигнаж байгаа. 

АНУ-ын Ерөнхийлөгч бүгдийг боломжид хүргэх
тухай ярьж бай­даг. Манайх толгойлогчийг нь ху­далдаж авах замаар асуудалд ханддаг.
Манайд тэмцэл гэдэг нэртэй  эрүүл бус үр дагаврыг бий болгодог арга зам байдаг болчих­лоо.
Дараа  ээлжнийхэн хоолон­доо дугаарлахын тулд
тэмцдэг болсон нь хэвийн зүйл.
Урвах, үзэл бодлоо солих,  нийгмийг худалдах жирийн үйл явдал шиг болгож өөгшүүлж нийгмийг улам зэрлэгшүүлж хүн
чанаргүй, увайгүй болгож байна Тэмцлийн үр дүн бүгдэд
адилхан боломж олгохын төлөө байдаг. Тэмцэл бол хэн нэгэн
хоолонд хүрдэг хэрэгсэл биш.
Манай удирд­лагууд хэсэг бүлэг
хүний хоолны тухай боддог,
эсвэл өөрсдөө албан тушаал, эрх мэдэлтэйгээ
үлдэхийн  тулд тэмцэгчдийн толгойлогчийг худалдаж авдаг.
Обама шиг зориг­той дуугарах удирдагч Монголд одоо хэр нь алга. Зориг нь байсан
ч хүсэл нь байхгүй. Яагаад гэвэл тэд хэсэг бүлэгт л үйлчилдэг.

Categories
редакцийн-нийтлэл

Жалгандаа морь уралдуулж, хавчаахайгаар нааддаг үе дуусна

Азийн морин уралдааны хол­бооны дэд ерөнхийлөгч Сержент Гаи монгол морь­дын шандас хур­дыг дэлхийд гайхуулах боломжтойг ма­най­ханд дуулгалаа. Тэрээр Монголын морин спорт, уяач­дын холбооны урилгаар ма­найд айлч­лах үеэр Шадар сайдад энэ тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ирэх оны долдугаар сард болох Азийн морин уралдааны холбоо­ны хурлаар Монгол Улсыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх та­лаар санал оруулахаар бол­жээ. Сержент Гаи Олон улсын морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүү­ний хувьд манай­хыг олон улсын холбоонд элсүүлэх талаар дэмжинэ гэдгээ илэр­хийл­сэн байна. Ийнхүү Мон­го­лын хурдан хүлэг, морин уралдаан дэлхийн бусад ул­суу­дад танигдах цаг үе ирж байна.

Мод тохож жалгандаа морь уралдуулаад, хавчаа­хай­гаар наадаад хэн ч тоох­гүй гэдгийг бид хангалттай мэдлээ.

Наадам жалга, дэнжээс халил­гүй,
монгол морьдын гайхамшигт шинж чанар хи­лээс цааш цуурайлаагүй бай­сан түүх үүгээр дуусч байна.

Морины талаар түмэн мэдлэг, буман туршлагатай үе дамжсан уяачдаас эхлээд морин урал­даа­наас хэрхэн мөнгөжиж, хурдан морины наймааг яаж уран гоё хийдгийг харуулдаг олон чадвар­лаг бизнесмэн эрчүүд Монголын морин уралдааны хүрээнд олон арваараа бий. Тэд хаанахын наа­дамд ямар морио уралдуулаад хич­нээн төгрөг олж болдгийг нарийн тооцоолоод гаргачихдаг сүйхээтэй харчуул. Манай морин спортын холбоо олон улсын мэр­гэжлийн спортын холбооны гишүүн болох боломж бүрдэж буй энэ цаг үед уяач, бизнесмэнүүдэд эцэг өвгөдөөсөө өвлөгдөн ирсэн мори­ны бүхэл бүтэн шинжлэх ухаанаа ашиглан дэлхийд өрсөл­дөх хэм­жээний монгол хурд гаргаад ам.дол­ларын урсгалаас эх орон руугаа суваг татах арга зам нээгдэж бай­гаа юм биш үү.

Дэлхийн алдартай баячуудын мөнгөө эргүүлдэж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь морин тойр­гуулга. Тэгэхээр манай уяач-биз­нес­мэнүүдэд олон улсын морин тойруулгад холын зайд цуцдаггүй монгол хурдан хүлгээ уралдуулаад ахиухан шиг мөнгө босгох ажил ундарч эхлэв бололтойдог. 

Хусуураа бүсэндээ хавчуулаад, зуны гурван сард наадам хэсч морио уралдуулдаг чадварлаг уяачдыг жалганаас нь гаргаж ирээд дэлхийн уралдаан руу оруулах хэрэгтэй. Хурдан хүлгийн нуруун дээр өссөн багачуулаас дэлхийд гайхагдах шилдэг унаач гарч ирэхийг ч үгүйсгэхгүй.

Азийн хурдан морины холбоо­ныхон манайхыг холбоондоо элсэ­хийг зөвшөөрч байгаа нь дэлхий манай адууг, уяачдыг сонирхож буйн илрэл. Баруундаа алдартай морин тойруулгын эздийн монгол адууны шинэ үеийг тойруулгадаа уралдуулснаар “дийлдсэн” баячуу­дын анхаарлыг татаж морин урал­даанд шинэ салхи оруулах гэсэн захиалга ч явж байхыг үгүйсгэхгүй.

Ийм болохоор бид морин спор­тоо мэргэжлийн, олон улсын жишиг рүү ойртуулах талаар бодож эхлэх нь зүйтэй. Морин уралдаан ч гэлтгүй үндэсний сурыг ч бид өөрч­лөх хэрэгтэй. Харваачид зэвтэй, халх, буриад, үндэсний харваа гэсэн учир утгагүй олон янзын харваан дунд эргэлдэж сурын зурхайд тоосондоо дараг­даж байс­наас олимпийн наадамд байт харваагаар өрсөлдвөл юм дуулгаж мэднэ.

Ямартай ч монголчуудад үндэсний спортоо түшиглээд олим­пийн тавцнаас байт харваагаар медаль, морин тойруулгаас мөнгө олж болох боломж бүрдээд байна. Хэрэв бид энэхүү боломжуудаа соргогоор ашиглавал жалгандаа морь уралдуулж, хавчаахайгаар нааддаг байсан эртний үлгэрээ сая нэг юм дуусгана.

Д.ГАНСАРУУЛ