Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан орон гаран хүн шиг болчихжээ

МАН-ынхны хийж байгаа улс төрийн акцууд тааварлахын аргагүй болжээ. Үзмэрч, мэргэндээ таах гээд байгаа юм биш. Ерөөсөө энгийн ойлголт, логик дараалалгүй гэнэтийн  шийдвэрүүд нь гайхаш төрүүлэх боллоо. Уг нь улс төрийн тулхтай хүчин, манайдаа институц болтлоо төлөвшсөн намын байгууллага гэж ойлгодог байлаа. Өөрсдөө тэгж сурталчлан, давуу талаа дөвийлгөдөг байсан. Гэвч тэдний гаргаж байгаа хийдэл, үзүүлж байгаа байдал нь нэг  л биш ээ.
Эдийн засгийн байдал нэгэнт амаргүй болсныг тэнд суугаа 76, энд байгаа бүгд л ярьцгаах болсон. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын турш эдийн засгаа тогтворжуулна, идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж ирээд УИХ хуралдсан биш бил үү. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр сөрөг хүчин болох МАН өөрийн саналаа тусгамаар байна гэсэн. Үүнийг нь нөгөө хэд нь хүлээж аваад төсөлдөө багтааж байгаа харагдсан. Бүр хоёр талаас ажлын хэсэг хамтран байгуулж ирээд энэхүү төлөвлөгөөгөө баталсан шүү дээ. Нээрээ ч эдийн засгийн хямралтай үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль талаасаа нийлээд ингэж байгаа нь яамай даа гэж бодогдсон.
Энэхүү эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тал талаасаа санал нэгдэн батлаад хэдхэн хонож байтал МАН-ынхан тэс өөр юм яриад ороод ирлээ. Төслөө батлаад яг долоо л хонолоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр 100 хоногт юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулаад  дөнгөж дуусаад гадны хүмүүстэй уулзалт хийж байхад нь сөрөг хүчний намын дарга М.Энхболд бараа бологчдоо баахан хэвлэлийнхэнтэй дагуулаад өрөөнд нь дайраад орлоо.  Шаардлага гардуулна гээд байсан болохоор нь Ерөнхий сайд уулзалтаасаа аргагүй эрхэнд завсарлага авсан юм уу даа.  Үнэндээ оруул гэсэн саналуудыг нь оруулж, хоёр  талаасаа ажлын хэсэг байгуулж нэг шийдэлд хүрч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраараа “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нь сайн болсон” гэдэг урмын гэмээр үг хэлүүлээд байсан болохоор нь юун шаардлага гэж бодсон биз.
Гэтэл арав хоногийн дотор асуудал шийдэхгүй бол огцруулна шүү гэдэг шаардлага  хүргүүлж байх юм. 100 хоногийн дараа л хариуцлага ярина гээд байсан хүмүүс чинь юун арав хоног яриад унав аа.  Уг нь эрх баригчид нь ажлаа эзэнжүүлэх юм болоод, сөрөг хүчин нь ард түмний өмнөөс хяналт тавих юм болоод байсан. Хэд ч хонолгүй өмнөхөөсөө өөр юм бариад ороод ирэхийг нь харвал энэ МАН чинь яачихав аа гэж халагламаар. Хэлсэн ярьснаасаа буцаад л, ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг орон гаран амьтан  гэдэгсэн. Намыг юу гэмээр ч юм бэ дээ.
МАН-ынхны сүүлийн үед гаргах болсон авир аашийг нь харвал орон гаран байтугай гаран, гаран болчихсон гэмээр байна. Гурван сар хэлэлцэж ард нь гарчихаад, үүнийгээ эхний шатанд ажил хэрэг болгож,  эдийн засгаа идэвхжүүлнэ гэчихээд арван хоногийн дотор тэс хөндлөн юм яриад, шаардаад байгаа нь ганц энэ явдал ч бус сүүлийн үед МАН-ынхны үйлдлүүд нэг л биш ээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлын үед “АН-ынхан өөрийнхөө гишүүдийг оруулж ирж тангараг өргүүлэх гэж байна” гэцгээн МАН-ынхан буйдантай суулт гэдгийг түүхэнд анх удаа Төрийн ордонд хийсэн дээ. Тэгж сөрж байснаас нь харвал Өвөрхангайгаас энэ парламентад төлөөлөл орж ирэх ёсгүй, эсвэл МАН-ын хоёр л төлөөлж суухаар байсан юм шиг аашилж байлаа. Гэвч АН-ын хоёр нөхрийг тангаргаа өргөх үед МАН-ын гишүүд элгэндээ гараа наагаад л Төрийн дууллыг дагаад дуулж байсан шүү дээ. Нэг өдөр хэлж байснаа таг мартаад, маргааш нь өөрийг яриад зогсч байдаг нь энэ намынхны онцлог болжээ.
Одоо ам.долларын ханш өссөн гээд Засгийн газартай өглөө бүр хэрүүл хийж суух юм. Тэгж яривал долларын ханшийн өсөлтийг хариуцах газар нь Монголбанк. Монголбанкны удирдлагыг томилдог, эднийхийг мэдэх ганц газар гэвэл УИХ шүү дээ. Тэгвэл УИХ долларын өсөлтөд хариуцлага хүлээх газар юм байна. Харин УИХ-ын бараг тэн хагас нь МАН-ынхан. Тэгэхээр тэд олон түмнийг төөрөлдүүлж, зорилготойгоор шороо үмхүүлэх, чулуу хөөлгөх арга хэрэглээд байна уу даа. Яагаад МАН-ынхан ингэх болов.
Боловсон хүчин сайтай, улс төрийн тулхтай, нийт эрх ашиг, ард олныхоо төлөө шийдвэр гаргадаг ганц нам гэж сүүлийн хорин жил өөрсдийгөө тодорхойлсон доо. Эрх барихаа байж, хариуцлага хүлээхээ байчихаараа яасан ч хамаагүй гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байна уу. Уг нь өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөрийг яриад эхэлдэг тэр нь өмнөхөөсөө тэс өөр утгатай логик дараалалгүй байна. Нэг бол тэдний бүхий л бузар булхайг мэддэг  ямар нэгэн хүчин цаана нь байна. Олон жил эрх барьсан МАН-д алдаа, оноо байлгүй яав гэж.  Тэрийг нь мэддэг, бидний мэдэхгүй нэг хүчин  цаана нь бий учраас  өнөөх “хар гараа” дохих тоолонгоор ярьсан тохирсноо алга урвуулахын агшинд мартахаас өөр аргагүй болчихдог юм уу.
Эсвэл тэд өнөөгийн эрх баригчидтай ямар нэгэн тохироо хийхдээ ийм арга ашигладаг болсон юм байна. Тэднээр өөрсдөдөө ашигтай ямар нэг шийдвэр гаргуулах гэхээрээ шаардлага хүргүүлж, улс төрийн шалтаг гаргаж асуудал босгодог. Өнөөх хэд нь амыг нь таглахын тулд наймаалцдаг. Харин үүнийг нь ойлгохгүй ард иргэд учрыг нь олохгүй гайхаж хоцордог.  Тэгээд эцсийн бүлэгт хоёр тал чухам л ард түмний төлөө бүгдийг хийх юм ярьж, завсарлага авч, шаардлага хүргүүлсэн болоод дуусдаг.  Бас ард түмний төлөө тэр бүгдийг нь хүлээж авч биелүүлсэн болж жүжиглэдэг. Хэрэв тиймгүй бол ийм алхмууд хийх үү. МАН-ынхан хүнээр бол орон гаран бүр гаран гаран болж гүйцэж дээ.

Categories
мэдээ нийгэм

Мянган оюутны байртай танилцлаа

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр мянган оюутны байрны үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ  ашиглалтад орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн  960 оюутан амьдарч байгаа юм байна.  Нэг оюутанд дөрвөн мкв талбай оногдож байгаа гэнэ. Давхар бүртээ утасгүй интернеттэй юм байна.  40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай  аж. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  “Оюутны өргөө” шинэ дотуур байрыг гавьяат багш Г.Бадам хариуцан ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, “Их, дээд сургуулийн захирлууд шинэ дотуур байр барьж байгуулах хүсэлтэй байдаг ч газар байхгүй гэдэг хүндрэлээс болоод  гацаанд ордог. Тиймээс хуучин дотуур байруудыг нурааж газар дээр нь шинэ байр босгох санал Монголын оюутны холбоонд цөөнгүй ирсэн байна. Залуу үеэ тав тухтай орчинд сургах, зөв төлөвшил хүмүүжил олгоход шинэ оюутны байраар хангах нь маш чухал. Оюутны дотуур байрыг шинэчлэх ажил хийгдсэнээр цаашлаад залуу гэр бүлд ч ач холбогдолтой. Учир нь цогц “Оюутны хотхон” бүрэн ашиглалтад ормогц  залуу гэр бүлд шинэ баригдсан оюутны байр шилжин очих боломж бүрдэнэ” гэлээ.

М.Ундрам

Categories
мэдээ улс-төр

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирлыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын  дэд захирал Дийпак Элмерийг өнөөдөр /2014.05.19/  хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд,  хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой  тохиож буй энэ үед  Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой энэ долоо хоногт  давхцаж буйг дуулгасан юм. Мөн тэрээр, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар  тодруулж, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд  амжилттай хэрэгжиж буйг онцолсон.  Тэрээр,  төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгааг дуулгаад, тухайлбал, Улсын Их Хурлын хаврын чуулганы завсарлагаанаар Орхон аймагт Хангайн бүсийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг  оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал, мөн Төв аймгийн Зуун мод суманд “Хяналтын тухай” хуулийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан гэлээ.


Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хяналтын тухай” хуулийн төслийг төсөл санаачлагчид нь  буцаасан ч дахин өргөн баригдана гэдгийг  УИХ-ын гишүүн А.Бакей онцлон тэмдэглэж,  энэ хуулийн төслөөс гадна “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг хэлсэн юм.
Ноён Дийпак Элмер Баян-өлгий аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцаж,  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга ноён Денис Лүтитэй хийх уулзалтын үеэр тус аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд түлхүү анхаарал хандуулахыг   Байнгын хорооны даргаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Алтай нурууны Сагсай, Булган мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой , Хэнтэй нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Яруу, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Таац, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Онон, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал их гарах болжээ


Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газар энэ сарын 02-16-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22676 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
 Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 45 буюу 59.2 хувь нь өвчний улмаас, 10 буюу 13.1 хувь нь боомилж, хоёр хүн мотоциклээс унаж, осгож 16 буюу 21.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 98 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 81 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын  17  дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 30 хүний амь биеийг авран хамгаалжээ. Тавдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай  “Барс-2” худалдааны төвийн Цайны газарт хийн түлшнээс гарсан галыг НОБГ-ын Аврах гал унтраах 18, 26, 10, 30 дугаар ангиуд худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх повьлионы дээвэр, хана шатаж байсныг  нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна. Мөн уржигдар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Хуучнаар Улсын их дэлгүүрийн баруун жигүүрийн 3-5 дугаар давхаруудын агааржуулалт, техникийн өрөөний 380 вольтын цахилгаан дамжуулах босоо цахилгааны утас шатаж байсныг онцгой байдлын албаныхан амжилттай унтраажээ. Аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
Харин Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 372 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 161, осол, зөрчлийн шинжтэй 211 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 40  бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад  29.8 хувиар буурчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн утасны төвтэй болно

Гал команд, цагдаа, түргэн тусламж шиг л хүүхдийн тусламжийн 108 дугаар бий болох нь. Үндэсний хэмжээний үнэ төлбөргүй энэ утас тавдугаар сарын 30-наас нээлтээ хийх юм. Хүүхдийн тусламжийн утас бий болгоход Мобиком, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар  хамтран ажиллахаар болжээ.  18 хүртэлх бүх л насны хүүхдэд шаардлага гарсан, эрсдэл учирсан тохиолдолд  тусламж дэмжлэгийг орон даяар тархсан салаа мөчрөөрөө дамжуулан үзүүлэх юм байна.  Хүүхэд 108 дугаар руу залгахад 24 цагийн турш  тусламж,  зөвлөгөө өгөх  аж.
Дэлхийн зөн Монгол байгууллага мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон программыг нийлүүлж, хүмүүсээ сургахад тусалжээ.  Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн төлөө үндэсний газарт утасны үйлчилгээ үзүүлэх зөвлөхүүдийг сургаж  эхэлсэн аж.  Зөвлөхүүд нь сэтгэл зүйч мэргэжилтэй, хүүхэдтэй хоёроос доошгүй жил ажилласан хүн байх гэнэ.   Хүүхдийн утас нь хүүхдийн дуудлагыг хүлээн авч, оновчтой арга хэмжээг зохион байгуулж, цагдаа эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай холбож өгнө. 108 утасны гол үүрэг нь  хүүхдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, эрсдэлд учирсан хүүхдэд туслах юм.      

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг нэмлээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2012 оны наймдугаар сараас эхлэн Таван шараас  Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус зорчдог болсон. Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
Тиймээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга  2014 оны 5 дугаар сарын 16-нд А/395 дугаар захирамж гаргалаа. Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Лондонд анхны брайль гар утсыг худалдаалж эхэллээ

Лондон хотноо төвтэй  “OwnFone” фирм харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны брайль гар утсыг бүтээжээ. Энэ талаар  BBC мэдээлсэн байна. Анхны брайль  гар утас ар болон нүүрэн талдаа брайль үсэгтэй аж.  Өмнө нь энэ утастай ижил төрлийн гар утас бүтээж байсан ч худалдаанд гаргаагүй гэнэ. Энэ  утас нь брайль үсэг мэдэхгүй хүмүүст зориулж, энгийн текстийг ч товгороор хэвлэж өгснөөрөө онцлог юм байна. Гар утсыг Англи улсад худлдаанд гаргаж эхэлжээ. Үнийг  нь 60 фунт стерлингээр тогтоожээ.

Categories
гадаад мэдээ

Эрхүүд онц байдал тогтоожээ

ОХУ-ын Эрхүү мужид ойн түймэр гарсаны улмаас онц байдал тогтоожээ. Тус мужийн  захирагч С.Ерошенко ийм шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдлээ. Эрхүүгийн Железногорске-Илимск, Дальний Нижнеилимске газруудад түймэр гарснаас хот, тосгодыг  тэр чигээр нь үгүй хийх аюултай байгаа гэнэ. Тиймээс оршин суугчдийг нь яаралтай нүүлгэж шилжүүлсэн байна.   

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагвын хэлсэн 22 ишлэл

  • Хамтарч ажиллаж  байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй.
  • АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан.  Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.
  • Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. 
  • Тэр бол НҮБ-д ажиллах хэмжээний хүн мөн шүү дээ.
  •  Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй юм гэсэн үүднээс  санал болгож төсөлд тусгасан хэрэг.
  • Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс  санамж бичигт гарын үсэг зурсан юм.
  • О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа.
  • О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр  Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ.
  • Сөрөг хүчнээ засагт  урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа.
  • Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү.
  • Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй.  
  • Бид газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно.
  • Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа.
  • Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ.
  • Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ.Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.
  • Х.Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү.
  • Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж  байцаагаад байгаа юм билээ.Тэрнээс бид хоёрын дунд  авлига болон хууль бус ямар ч зүйл  байхгүй гэдгийг баттай хэлж чадна. 
  • Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг  дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу.
  • “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх.
  • Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа.
  • Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан  Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа.
  • Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал секунд тутамд мөнгө орж  байх болно.