Хууль сахиулах байгууллагыг “хүчний байгууллага” гэж ойлгодог, үүнтэй нь эвлэрдэг хандлагад бид дэндүү дасчээ. Энэ салбарт ажиллаж буй албан хаагч, албан тушаалтнууд хүртэл “хүчний байгууллага” буюу иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэх ёстой мэтээр ойлгож, ийм итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн. Хууль, шүүхийн шинэтгэл чухамдаа энэ ойлголтыг өөрчилж, цагдаагаас эхлээд хууль сахиулах бүхий л шатны байгууллага “иргэдэдээхүч хэрэглэдэг” биш хууль ёсны эрхийг нь хамгаалдаг, үйлчилдэг байгууллага болж, сэтгэлгээнээсээ эхлээд шинэчлэгдэх ёстой гэдгийг өнөөдрийн нийгэм захиалж буй.
Хууль зүйн сайдтай хариуцлага тооцох асуудлыг сүүлийн хагас сарын туршхэрүүл дунд хэлэлцэж, улстөржсөн УИХ-ын гишүүд харин өчигдөр хууль зүйн салбарын халуун сэдвийг нэлээн нухацтай авч хэлэлцлээ. Хууль зөрчсөн эсэхээ шалгуулж байгаа, цаашлаад шүүхээр гэм буруутай, үгүй нь тогтоогдоогүй иргэд түр саатуулах байранд байх хугацаандаа амь нас алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хурлаар хэлэлцсэн. Хорих байранд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нь хүний эрхийн ноцтой зөрчил учраас өчигдрийн хуралдаанд ШШГЕГ-ын албан тушаалтнуудаас гадна Хүний эрхийн үндэсний комиссын дарга, мэргэжилтнүүд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд хурлын хэлэлцүүлгийн явцад дээрхээс ч илүү нухацтай асуудлуудыг ч хөндөж байлаа. Хууль сахиулах байгууллага өөрийн эрх мэдлээ иргэдийн эсрэг ашиглаж, хэлмэгдүүлэх, сүрдүүлэх, дарамтлах байдлаар иргэдийн эрх, эрх чөлөөнд халддаг, айдсыг нь төрүүлдэг байгууллага болж байгаа юм биш гэдгийг гишүүд сануулж байв. Хууль сахиулах байгууллагынхан хүний эрх чөлөө, нэр төрд халдсан энэ мэт үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахдаа “Дээрээс ийм үүрэг өгсөн” гэдэг эзэн хаяггүй зүйл хэлдэг болсныг УИХ-ын гишүүд, тэр дундаа Хууль зүйн сайд ч байнгын хорооны хуралдааны үеэрил хэллээ. Хууль сахиулах, мөрдөх байцаах, цагдан хорих үйл явц өөрөө хуульчлагдсан байх ёстой төдийгүй албан тушаалтны үйлдэл, алхам нь бүр хууль зүйн үндэслэлтэй байх учиртай. Гэтэл өнөөдөөр “дээрээс” гэх захиалгаар ажиллах болсон нь аймшигт хэлмэгдүүлэлтийг сануулж байгааг нэр бүхий гишүүд хэлж байлаа.
Энэ талаар Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр гишүүн Л.Болд хэлэхдээ“1990 оноос хойш бид юуны төлөө тэмцсэн юм бэ? Бид ийм айдсын төлөө 20 жил ажиллаагүй юм шүү. НАХЯ дуртай хүндээ дуртай хэргээ тулгадаг байсан. Бүх хүнийг айдаст байлгаж байсан. Бид өнөөдөр НАХЯ-тай л ижил байна. Бид хувьсгал хийж байж өөрчилсөн, одоо дахиад та НАХЯ байгуулах гэж байгаа бол үүнийг өөрчлөх гэж дахиад хувьсгал хийх болох уу?” гэжээ. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд тэрээр мөн хуралдаан дээр дараах зүйлийг мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.
-Бид бүгдээрээ нэг эх оронтой.Монгол Улсөнөөдөр эдийн засгийн хямралтай байна. Хөрөнгө оруулалт буурлаа л гэж байна. Үүнд хүн бүрийн оролцоо байгаа шүү. Тэр дундаа хуулийн байгууллагын оролцоо асар их байгаа шүү. Өнөөдөр дэлхий хавтгай болж, нэг мэдээллийн орон зайд амьдардаг боллоо. Монголыг дэлхий дахин яаж дүрсэлж байна? Монгол Улс бол асар том шорон юм” гэсэн нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдээр гарлаа. Үүний цаад эзэд нь хэн юм бэ. Ямар зорилгоор гадаадад ийм нөхцөл байдлыг үүсгэж, нэр хүндийг маань унагаж байгаа юм бэ? Үүний үр дагавар нь айл өрх, хүн бүрийн амьжиргаанд очиж тусч байгаа шүү дээ. Энэ байдлаас хамгаалахын тулд манай хуулийн байгууллага юу хийж байгаа юм бэ? Хэн тайлбарыг нь өгч байгаа юм бэ? Хэн няцаалт өгч байгаа юм бэ? Эсвэл үнэн юм уу, том шорон юм уу? Хүний эрхийн үндэсний комисс энэ мөрөөр юу хийх юм бэ? Хүний эрхийн дэд хороо хуралдаад одоо нэг тайлбар гаргах ёстой байхгэсэн хатуухан мэдэгдлийг Л.Болд хийлээ.
Түүнчлэн “ШШГЕГ-ын хорих байранд хүн нас барахыг ноцтой учрал гэж хэлдэг юм байна. Үнэндээ энэ бол “учрал” биш Монголын эмгэнэл. Ар гэр, үр хүүхэд, ах дүүст нь эмгэнэл шүү дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй хүн хоригдож байх үедээ амиа алдах болсон нь бид хаашаа явж байна вэ гэдэг асуултыг бидэнд тавьж байна” гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн байна.
Хууль сахиулах байгууллага, тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдлыг УИХ-ын гишүүн байнгын хорооны хуралдаан дээр хатуухан үгээр шүүмжилсэн байр суурь сүүлийн үед бараг сонсогдоогүй гэхэд болно. Магадгүй УИХ-ын гишүүд, улстөрчдийг ч бас битүүхэн айдас нөмрөөд байгааг ч үгүйсгэхгүй. Энэ талаар Л.Болд “Бид айхгүй шүү. Бид УИХ-ын гишүүд. Ямар ч байсан үгээ хэлнэ. Яаж ч оролдож болно, ер яаж ч болно. Маниуст айх юм байхгүй ээ. Гэхдээ тэрийг зохиочихож болно. Бид тэрийг мэдэж байгаа…” гэсэн нь цөөнгүй хүнд цочроо өгөх шиг болсон. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа:
-Бидний өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хууль, шүүхийн шинэтгэлтэй холбоотой хуулиудыг хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр ч ярьж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль л гэхэд нэрнээсээ хүртэл байцаах, шийтгэх ойлголтыг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна. Байцаан шийтгэж тарчлааж, тартагт нь тулгаж байж хүнд хэрэг хүлээлгэдэг энэ ойлголт хадгалагдаад үлдчихсэн. Одоо бид өөрчилж байгаа. Гэхдээ та нар Үндсэн хуулийнхаа язгуур эрх ашиг, амьд явах эрхийг хүндэтгээд байцаан шийтгэх ажиллагаагаа өөрчилж болохгүй юм уу? Би маш сайн санаж байна. Хэвтрийн хүнийг АТГ-ын нэг комиссар дуудсан байгаа юм. Би хэвтэрт байна гэж хэлээд байхад дуудсаар байгаад эцэст нь хоёр талаас дамнаад аваачихад дөрвөн давхрын нэг өрөөнд оруулаад байцаалт авсан. Тэгээд “Орон тооны хэтрэлт” гэх мэт юм асууж байна гэнэ. Бид ийм айдсын төлөө яваагүй. Тодорхой тохиолдолд очоод байцаад авч болдоггүй юм уу. Та нарын байцаалт авах практик чинь ер нь юу болчихсон юм бэ? Ерэн онд бид хувьсгал хийсэн юм. НАХЯ-ыг өөрчилсөн. Зарим хүмүүс үхэлд хүргээгүй хувьсгал гэж хэлдэг л юм. Эрх баригчид буу өгөөгүй бол үхэлд хүргэх л байсан. Бид сайхан амьдрал мөрөөдөж очоогүй юм аа. Амь насаа золиосолж байж хувьсгал хийсэн юм шүү. Үүний дараа Үндсэн хууль, бүх юмаа шинэчилж, хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн. Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л… шоронд хийгээд л амийг нь хороосон шахуу… Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгьё гэсэн. Тэгж байснаа прокурорыг бас л болохгүй байна, Н.Энхбаяртай холбоотой. Эрх баригчдын хэрэгсэл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлигал юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан. Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэж байна. Одоо юуны төлөө ямар өөрчлөлт хийх вэ. Дахиж бид талбай дээр гарах ёстой юу?!Энэ бүхэн нийгмийг цочроогоод эхэллээ.
Бүх арга хэрэгсэл нь яг адилхан. Эхлээд тэр хүнийг хэвлэлээр гаргадаг, хүмүүст итгүүлдэг, нийгэмд гутаадаг. Дараа нь тэр хүнийг шоронд хийнэ үү, цаазаар аваачна уу хэнд ч сонин биш болно. Яагаад гэвэл тэр хүнийг хэдийнэ нийгмийн хог шаар болгочихсон. Б. Ринчин гуайг “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж том нүүр дүүрэн хэвлэлээр бичээд л бүх насаар нь тоглосон. Эцэст нь Ринчин гуайг өнгөрөхөд оршуулганд нь ирэх хүн олдоогүй гэдэг. Манай аав оршуулгад нь очоод “жинхэнээсээ уйлсан” гэдэг шалтгаанаар сэрдэгдэж, дуудагдаж, мөрдөгдөж байсан. Эцэст нь үнэн үнэнээрээ л ялдаг. Өнөөдөр Ринчин гуайд хөшөө босгочихсон байж байна. Нөгөө Сталин, Лениний хөшөө хаана байна. Энэ бол үзэл суртлаар шийдчихдэг асуудал биш л дээ. Энэ бол Монголд ардчилсан нийгэм зүй зохисоороо хөгжих, ард иргэдийн сонголтын асуудал. Гэтэл бид өнөөдөр айж байна. Чухамдаа бид хувь хүн, хувь айл, хувь байгууллага бүрийг, нийгмийг айдас хүйдэст автуулах замаар ардчилсан сонголтоосоо ухрах гэж байна. Та нар хариулт өгөх хэрэгтэй. Үнэхээр та нар хуучин НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол тэрийгээ хэл. Хуулийн цоорхой байгаа бол тэрийг нь хэл, бид засья. Бид айхгүй шүү. Бид УИХ-ын гишүүд. Ямар ч байсан үгээ хэлнэ. Яаж ч оролдож болно, яаж ч болно. Маниуст айх юм байхгүй. Гэхдээ тэрийг зохиочихож болно. Бид тэрийг мэдэж байгаа…Ийм байдлаар бид цаашаа явахгүй өөрчлөх ёстой. Өнөөдөр энд дарга нар нь ч алга. Хүний эрхийн дэд хороо УИХ-ын байгууллага шүү. Бид ардчилсан нийгмийнхээ баталгааны төлөө явах болно” гэлээ. Түүний хэлсэн үг, байр суурийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж дэмжиж байгаа илэрхийлээд “Биднээс зөвлөгөө авах гээд ирсэн хүмүүст сүүлдээ бид “цаад хүн чинь хэцүү шүү” гэдэг сануулгыг хүртэл өгөх болсон” гэж хэлсэн нь бүр ноцтой байлаа. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
-Монгол Улс том шорон болсон гэдэгтэй зарим талаар санал нийлэхгүй. Гэвч “хил хорио” гэдэг зүйл хэдийнээс гэдгийг нь мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа. Хэрэгт шалгаж байгаа хүнээ гадагш гарахыг нь хориглосон хориог хууль сахиулах байгууллагын хэн нэг хүн хувийн үзэмжээрээ тавьчихдаг. Тийм хууль ч байхгүй, прокурорын зөвшөөрөл ч байхгүй. Гэтэл үүнийг хууль, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлдэг хэм хэмжээтэй орны хүмүүст энэ нь үнэхээр бүдүүлэг явдал. Улсынхаа хилээр шоронгийн гортиг татчихсан гэсэн ойлголт төрүүлээд байгаа. Маш хүчтай байгаа энэ практикийг өөрчлөх ёстой. Үнэхээр хуулийн байгууллага айдас үйлдвэрлэгч болчихлоо… гэсэн юм.
Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, тэр дундаа Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаан Монголын нийгэмд бодитой хэлбэржиж байгаа асуудлыг ил гарган шүүмжилж, эргэн тойронд нь хэлэлцүүлэг өрнүүлснээрээ анхаарал татлаа.