Өнөөдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд эхэллээ. Уг арга хэмжээнд дэлхийн 146 томоохон компанийн тэргүүн, 62 орны төр засгийн тэргүүн, Оросын 450 томоохон компани оролцож байгаа юм. Тус форум нь гурван хоног үргэлжлэх бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад оролцогчдын тоо багассан аж. Энэ нь Украины байдлын улмаас ОХУ, АНУ, Европын орнуудын харилцаа нэлээд ээдрээтэй байгаатай холбоотой юм.
Украины Мариуполь хотод зэвсэглэсэн этгээдүүд нэг цагийн дотор гурван банк дээрэмдсэн байна. Хоорондоо 15 минутын зайтай дээрэм хийхдээ нийтдээ 50 мянган гривен буюу 145 мянган рубль дээрэмджээ. Гурван банк нь гурвуулаа Мариупол хотын төвд оршдог бөгөөд зэвсэглэсэн таван эрэгтэй дайран орж ирээд сүрдүүлэн мөнгийг авсан байна. Одоогийн байдлаар тус хотын ихэнх банкууд ажиллахгүй байгаа гэнэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шалгуур үзүүлэлтийг хангах, УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг биелүүлэх, УИХ-аас шинээр батлагдсан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын тогтоолуудыг төсвийн боломж нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх зарчмыг баримталсан байна гэж Төсвийн байнгын хороо үзжээ.
Мөн өмнөх жилүүдэд улсын төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд хэрэгжих явцад ажлын гүйцэтгэл удааширсан, 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, гүүр болон хөрөнгө оруулалтын бусад төсөл, арга хэмжээг нягтлан шалгаж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэн, Хөгжлийн банкны санхүүжилтээр бонд гаргах эрхийг Засгийн газарт үүрэг болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.
Түүнчлэн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж сонсгосны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм.
Энэ үеэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүссэн. Тэд үнэхээр зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг мөн нэмж хэлсэн юм.
Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажиллаж байна Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнүүдийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 1 дүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Изинис эйрвэйз” компани өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус компани нь “Ньюком” группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж байжээ. Анх Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэж байсан бол Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Баян-Өлгий 5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлдэж байсан юм. Харин дөнгөж сая үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайгаа мэдэгдэл гарган мэдээлсэн байна. Мэдэгдэлдээ “Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье.
Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.
Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээн өчигдөр боллоо. Уг тэмцээний дөрөвдүгээр шатанд хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа дахин тэргүүлэв. Тэрбээр 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Буудлагын спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубийн нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.
Э.НОМИН
Ирэх сарын 6-ны өдрөөс нийслэлийн иргэдэд төмөр замын автобус үйлчилж эхэлнэ. “Амгалан-Толгойт” чиглэлд үйлчлэх “Railbus”-аар иргэд 2000 төгрөг төлж зорчих урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж.
Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өгвөл энэ дүнд өөрчлөлт орж магадгүй бололтой. “Railbus” нь Амгалан, Толгойт, Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэх найман байршилд зогсолт хийн зорчих юм.
Том оврын автобус шон мөргөсөн хэрэг гарчээ. “Гурав, дөрөвдүгээр хороолол-Зайсан” чиглэлийн 43 номерын автобус өнөө өглөө 120-ийн автобусны буудлын ойролцоо зорчигч тээвэрлэж яваад шон мөргөж осол гаргасан байна. Ослын үед автобус шонг баруун талаараа хүчтэй мөргөсөн бөгөөд хүн бэртэж гэмтээгүй аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 04 дүгээр дүгнэлтийг сонслоо. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулав.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах, … эрхтэй. …”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа энэ маргааныг хянан хэлэлцээд Арбитрын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг сонссоноор эхний асуудлыг хэлэлцэж дуусав.
Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна-
БНХАУ-ын Шанхай хотноо болж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-ын дээд хэмжээний IV уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын талаар, мөн энэ үеэр хөрш хоёр орны төрийн тэргүүнтэй уулзсан уулзалтын талаар уг үйл явдлыг газар дээр нь сурвалжилж байгаа Монголын хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд ярилцлага өглөө.
-Энэ удаагийн уулзалтын онцлог юу байв?
-Дөрвөн жил тутам болдог уулзалт улам өргөжиж, бүс нутгийн улс орнуудыг хамарч байгаа нь харагдаж байна. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 47 орны төлөөлөл оролцож байна.
-АХАИББХ гэсэн энэ байгууллагад Монгол Улс ямар суурь эзэлж байна вэ?
-Уулзалтын төгсгөлд хамтарсан тунхаглал гарч байгаа. Энэ тунхаглалд Монгол Улсын санал санаачилгатай гурван чухал зүйл тусгагдсан нь Монгол Улсын байр суурийг илтгэх байх. Нэгдүгээрт, Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гишүүн орнууд дэмжин хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол бүс нутагт тулгарч байгаа шийдвэрлэх асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлэх механизм байх юм. Монгол Улс бүс нутагтаа бусад улс оронтой ямарваа нэг зөрчилдөөнт асуудалгүй, олон талт яриа хэлэлцээг санаачлан өрнүүлэх давуу талтай юм. Нэн ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс идэвхтэй ажиллах боломжтой. Энэ асуудлаар Монгол Улс ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо олон талын өргөн оролцоо бүхий уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын цөмийн зэсвгээс ангид байх санал санаачилга маш өргөн дэмжлэг хүлээсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд манай орны санаачилгыг дэмжиж, Монгол улсын цөмийн зувсэггүй бүс гэсэн статусыг баталгаажуулсаныг мэдэж байгаа байх. Монгол Улсын энэ санаачилгыг дэмжиж мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Гуравдугаарт, Монгол Улсын 2006 онд санаачилсан Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төв Улаанбаатар хотноо байгуулагдаад байна. Энэ төвийн үйл ажиллагаанд улс орнуудыг татан оролцуулах асуудлыг мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.
-Шанхайд Та хөрш хоёр орныхоо төрийн тэргүүнтэй уулзлаа. Уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголын гадаад харилцааны хамгийн гол чиглэл бол хөрш хоёр оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх явдал. Энэ бол харилцааны их чухал хэсэг. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хийсэн уулзалт маш элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Уулзалт албан ёсоор хагас цаг төлөвлөгдсөн ч уулзалт нийтдээ хоёр цаг 10 минут үргэлжилсэн олон зүйлийг өгүүлж байгаа байх. Бид маш олон зүйлийн талаар ярьсан. Хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт мөн амжилттай болсон. Тулгарч байгаа асуудлаа хамтарч шийдье гэдэг дээр санал нэгдлээ. Асуудлаа шийднэ гэдэг бол гэрээ хэлэлцээ хийнэ гэсэн үг. Бидэнд шийдэх асуудал олон бий. Энэ олон асуудлын нилээд нь зөьхөн хоёр талын биш, гурван талын, өөрөөр хэлбэл, хоёр хөрш болоод монголчууд бидний идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэдгийг ярилаа. Тиймээс зарим асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. Хоёр хөрш маань хэн хэн шинэ удирдлагатай болоод удаагүй байна. Шинэ удирдагчид тулгарч байгаа асуудлуудыг шийдэх эрмэлзэл дүүрэн байна. Шанхайн уулзалтыг залгаад Монгол Улсын Ерөнхий сайд мөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах гэж байна. Санкт Петербург хотноо зохиогддог уламжлалт эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцохыг урьсан. Ноён Путин сая Шанхайд нэг зүйлийг амалсан. Шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаар холөогдох хүмүүсийг Санкт Петербург хотноо Ерөнхий сайдыг уулзуулахаар боллоо. Төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс гол зангилаа газар гэдгийг ноён Путин хэлсэн. Энэ нь манай байр суурьтай ижил гэсэн үг. Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн үр ашигтай. Үүнээс гадна Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын дунд байрлаж байгаа нь маш ач холбогдолтой. Монгол аюулгүй гэдгийг ойлгож байгаа.
-Танд баярлалаа.