Цахилгаан шугам тоноглолд засвар хийж байгаатай холбогдуулан тавдугаар сард хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын хуваарийг хүргэж байна.
Баянзүрх дүүрэг
10.30-18.00 цагт: Гуравдугаар 12 дугаар хорооллын 1-9, 10, 11А, 11Б, 12А, 12Б, 13, 30, 40, 42, 44, 45, 48, 51-56, 115-р байр, Загасны дэлгүүр, “Ганбиж”, “Си Ар И”, “Ай Эс Си Элекс”, “Оч билгүүн” Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Алтан горхи”, “Дулаан өргөө”, “Жэй Кэй Си”, “Их үйлсийн эрэлд”, “Монхангай трейд” /МД-120/, “Зохиомж” дээд сургууль, “Соёмбо”, “Нарлаг”, “Баянзүрх”, “Цогт огторгуй” СӨХ, “Засагтхан” дээд сургууль, Төрийн банкны сансар сервер, “Дашира” ХХК, МЦХ ХК ВТС-7, “Сансар бридж”, “Алтан жолоо” трейд, “Эс Пи сервис” ХХК, “Улуснэт”, “Сар трейд”, “Хүүбаяр”, РТТ, “Бэс ундарга”, Уламжлалт эмийн ургамал, “Жимобайл”, ЦЕГ мэдээлэл, Шинжлэх ухаан төв, “Энэрэлдент”, “Сайзара”, “Хүрмэн”, “Юнивишн”, “Халх журам” дээд сургууль, “Скайтел”, “НИММ” проперти, “Венус принтинг”, “Сүү”, “Хивс сервис”, “Буйлаастай”, /ААГ Фарма/, “Бэсм”, “Хэрлэн буян”, “Есөн үндэс”, “Сансрын гэрэл”, “Шинэн”, “Жүр үр”, “Монмастер” ХХК, “Монгол шуудан” 49, 33 дугаар сургууль, 61 дүгээр цэцэрлэг, гуравдугаар хорооны ЗДТГ, “Оршил” констракшн, “Дэнж сансар өргөө” ОНӨААТҮГ, “Ундарга”, “Санчир”, “Сансар-956”, “Өлзий”, “Тулга-3”, “Тансаг дөл” СӨХ, “Сити шоп” 95, Хоёрдугаар эмнэлэг, аж/ орон сууц, “Цахиуртын говь”, “Жумбом”, “Эдванс”, “Бат шилүүстэй”, “Нада кредит”, “МН софт торос”, “Баянхайрхан”, “Бумбат хайрхан” ХХК, “Сирус” ресторан, Христийн сүм тэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Чингэлтэй дүүрэг
10.30-17.30 цагт: 7, 8, 9 дугаар хороо Хувьсгалчдын-Б, В 1-3, Баруун Тасганы 1, 4, 5, 8-10, Дунд Тасганы 2-7, 9, Зүүн Тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9, 10, 13, 25, Хувьсгалчдын-Д 2-5, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3, Хувьсгалчдын-Г 9-11-р гудамж, Цагаанчулуун /нийтийн байр/, “Түнш импекс”, “UМО”, “Глобал шонхор”, “Билэгт”, “Есөн чандмань”, “Хүчит бүргэд”, “Наран эрхэс” ХХК, “Баянгол-гео” орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм байна.
Баянгол дүүрэг
10.30-17.30 цагт: 11 дүгээрр хороо зургаадугаар хорооллын 77-1, 2 дугаар байр, ЭХЭМҮТөв, Баянгол эмнэлгүүд, “Жаст ойл” ШТС, БТ-1, 2 дугаар байр, “Гурван гал” трейд орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Хан-Уул дүүрэг
09.00-17.00 цагт: “Ди-Би”, “Сор”, “Бэлон” орчмын хэрэглэгчдийн 10.00-18.00 цагт: 8, 9, 10, 16 дугаар хороо 4, 5, 6-9 дүгээр гудамж орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Сонгинохайрхан дүүрэг
10.00-17.00 цагт: 15, 16 дугаар хороо нэгдүгээр хороолол 22, 23, 24, 25, 26 /Өнөр хотхон/ дугаар байр, 2, 3 дугаар бага сургууль, ЭЭС эмнэлэг, 110, 113 дугаар цэцэрлэг орчмын хэрэглэгчид, 10.00-18.00 цагт: 2, 3, 9 дүгээр хороо Баганарангийн 2, 3, 6, 19 дүгээр гудамж, Ихнарангийн 1-4, 8, Цэргийн ангийн 14, 24, Зүүнсалааны 4, Зүүн Баян-Уулын 32-35, 16 дугаар гудамж орчимд цахилгаан хязгаарлана.
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 58, 60, 62-67, 35А байр, 10-н шарын ЦРП, цагаан байр орчимд тус тус цахилгааны хязгаарлалт хийнэ.
Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолжээ.
2008 онд манай улс 5.1 сая тонн нүүрс экспортолсон бол 2012 онд 20.5 сая тонн нүүрс гадагш нь гаргасан тоон мэдээ байна. Жил ирэх тусам нүүрсний экспортын тоо хэмжээ нэмэгдэж буй ч өнгөрсөн оноос экспорт саараад байгаа юм. Тиймээс нүүрсний чанарт анхаарч боловсруулж гаргах нь чухал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдсэн. Тэгвэл Тавантолгойгоос олборлосон нүүрсийг “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрт боловсруулан Хятад руу экспортлох ажлыг өрнүүлж байна. Тус компанийн нүүрс боловсруулах үйлдвэр жилдээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 549 мянган тонн нүүрс угаажээ. Дашрамд дурдахад, Монгол Улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна.
Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн шилжин явах цомын төлөөх тав дахь удаагийн спортын наадам болж өндөрлөлөө. “Буянт Ухаа” спорт цогцолборт гурван хоног үргэлжилсэн тус тэмцээнд 30 гаруй багийн 900 тамирчин оролцжээ. Спортын наадамд 35-аас доош насны 16 баг, түүнээс дээш насны 17 баг сагс, волейбол, теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн. Гэхдээ эл арга хэмжээ нь өрсөлдөн тэмцэлдэхийн төлөө бус, нутгийн хүмүүстэйгээ танилцах, нэгдэн нийлэх зорилготой болохыг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга , УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэмцээнийг нээж үг хэлэхдээ онцолсон.
Насны хувьд хамгийн залуу тамирчин 13 настай бол хамгийн ахмад нь 76-тай байв.
Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 07-ны өдөр тохиох аж. Автомашингүй өдрөөр хотын төвийг тойрсон гол гол замуудын хөдөлгөөнийг хаараар болжээ. Тухайбал, Чингэсийн талбайн хоёр талын зам, Чингэсийн талбайгаас баруун тийш баруун дөрвөн зам хүртэл, баруун дөрвөн замаас хойшоогоо Гэсэр сүмийн уулзвар буюу Тэнгис хүртэлх зам, Тэнгис кино театраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртлэх замыг хаана. Цаашлаад хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Ардын эрх, Сансрын тунел, зүүн дөрвөн зам хүртэлх зам, тэндээсээ эргээд Энхтайвны өргөн чөлөө буюу Чингэсийн талбай хүртэлх замуудыг зургадугаар сарын 07-ны өдрөөс 09.00 цагаас 22.00 хүртэл тус тус хаах аж.
Мөн эл өдөр бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангилалд явуулах юм байна.
Э.НОМИН
УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 он хүртэл сунгах тухай хэлэлцэж байгаа юм.
2012-2013 онд 27- 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Харин энэ удаагийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр 20-25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг үзүүлнэ гэдэг тооцоо гарчээ. Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад 88 хувийн саналаар дэмжсэн байна.
УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тус намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээлэл, Чингэс бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн тухай тэрбээр ярианыхаа эхэнд онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Роснефть” компанийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүстэй уулзсан. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болсон гэдгийг Ерөнхий сайд АН-ын бүлэгт танилцуулсан бөгөөд хамтарсан төмөр замын асуудал болон хийн хоолойг Монголоор дамжуулах, “Роснефть” компаниас импортын шатахуун авах талаар гэрээ хийсэн гээд олон чухал ач холбогдолтой айлчлал болсон гэжээ. Түүнчлэн “Чингэс” бондын мөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийн санд 100 сая ам.доллар олгохыг дэмжсэн байна. Ингэснээр 579 жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр санхүүжилтийг “Чингэс” бондоос гаргаж байгааш бүлэг дэмжжээ. Мөн цементийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор “МАК”, “Монполимент” хамтран Баян-Өлгийн аймагт байгуулж буй компанид “Чингэс” бондын мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг АН-ын бүлэг дэмжсэн аж. Үүнээс гадна тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахыг ОХУ-ын талаас ямар байр суурьтай хүлээж авсан бэ?
-Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ, Монголын талаас хууль тогтоомж гарган бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн гэсэн. ОХУ-ын талаас ч нааштай хариу хэлсэн гэдэг мэдээлэл өгсөн.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Уул уурхайн яам хоёулаа ачаалал ихтэй салбар. Энэ хоёр салбарыг нэг сайд хариуцаад явж байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй. Гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
-Дараагийн сайд “давхар дээл”-тэй байх уу эсвэл дан дээлтэй байх уу. АН-ын бүлэг ямар суурьтай байна вэ?
-Энэ талаар мэдээлэл алга байна. Бүлгийн зүгээс энэ талаар ярилцсан зүйл алга. Хувь хүний хувьд нэгэнт “давхар дээл”-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна.
Э.ЭНХ
Ерөнхий боловсролын сургууль төгсч ирээдүйд хөл тавих гэж байгаа залуус аль сургуульд ямар мэргэжлээр сурах эсэхээ шийдэж амжаагүй байгаа бол зарим нэг мэдээллийг хүргэе. Өнгөрсөн гуравдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж мэргэжлийн 817 индексийг 178 хүртэл цөөлсөн. Их, дээд сургууль, коллежид орж буй оюутнууд 800 гаруй мэргэжлээс бус 170 мэргэжлээс сонгож суралцах юм. Учир нь нэг салбарт хамаарагдах мэргэжлүүдийг нарийвчилан мэргэжил олгодог байсан бол эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэж багцалсан гэсэн үг. Тэгвэл их сургуулиудаас хасагдсан мэргэжлээр хувийн сургуульд элсэлт авахгүй юм байна.
Д.СҮРЭН
Бусдад дандаа урмын үг хайрлаж яв гэх. Тэр үнэн. Ухаантай балай хэн боловч урам сонсохыг битүүхэндээ хүсч явдаг. Шагналд дургүй гэх авч медаль өгөхөд өөдөөс гараа сарвайж л байгаа биз дээ.
Яг нарийндаа бол туршлагатай сурган хүмүүжүүлэгчид хүмүүсийн энэ өчүүхэн сул тал дээр тоглолт хийдэг байдаг л арга хэлбэр шүү дээ. Тухайлбал олон жил шоронгоор явчихсан этгээдэд “Ямар сайхан мэндчилдэг юм. Маш амттай хоол хийжээ…” гэхчилэн жирийн амьдралд дасгах гэж хөөргөөд байхаар бүр егзөр хулгайч нь хүртэл уярч хайлдаг.
Урмын үгсийг маанийн чавганц нар шиг харааж ч чадахаа байтлаа хошуугаа дэвсэцгээн наль наль хийцгээвэл бүр утгагүй юм болдог. Хэзээ мөдгүй гэрлэх гэж буй том хүүхэн эрхийн тэнэгтэж, төрхөмдөө ганц удаа хог шүүрдэж, оёж шидсэнийхээ төлөө урам нэхэж урвайж байна, цаана чинь. Юуны чинь урам. Иймхэн юмыг хүн болгон хариу тус нэхэлгүйгээр хийгээд хэвшчихсэн байх ёстой хэмээн тас загнавал зохилтой.
Тэгэхлээр “Чи сайн” гэх үнэлэлтийг эзэлсэн эрэмбэ зиндаанд нь тохируулж хэлдэг байхгүй юу. Дээхнэ манай Цэнддоог дадлагын оюутан “Таны фельетон бүр элэг авчихлаа. Та шог зохиол бичээч.Аягүй бол чадна даа” гэж “урам хайрлаж” билээ. Түүнд нь хэр урамшаа бол.
Ж.ГАНГАА
Ирэх намар сургуульд орох зургаан настай хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 16-нд дууссан билээ. Нийслэлийн хэмжээнд нийт 23877 хүүхэд бүртгүүлэхээс 17425 хүүхэд нэгдүгээр ангид орохоор бүртгүүлээд байгаа аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 2031 хүүхэд бүртгүүлэхээс 1922, Багахангайд 85 хүүхэд бүртгүүлэхээс 77, Чингэлтэйд 2387 хүүхэд бүртгүүлэхээс 2051 нь бүртгүүлжээ. Харин Сүхбаатар зэрэг зарим дүүргүүдийн нэгдсэн мэдээлэл гараагүй байгаа юм байна. Ямартай ч ирэх хичээлд нийслэлийн хэмжээнд нийт 801 бүлэг хичээллэх ба одоогийн байдлаар 578 бүлгийн сурагчдыг бүртгэсэн байна. Тэгвэл үлдсэн хүүхдүүдийг намар бүртгэх байна. Учир нь бүртгэлийг гүйцэт явуулаагүй шалтгаан нь сурагчдын шалгалт давхцсантай холбоотой аж.
Д.Сүрэн
Бороон хөшиг татан шивэрсэн бямба гаригийн өглөө эрт Н.Батсүх багшийнд очлоо. Амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан эл эрхмийг Найдангийн Батсүх гэдэг. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, газарзүй болон Геологи минералогийн шинжлэх ухааны доктор цолтой. Говь нутагт төрж, өссөн энэ хүн Хөвсгөл нуурыг 25 жил, Сэлэнгэ мөрний ай сав газрыг арав гаруй жил судалсан түүхтэй.
Хос мэргэжилтэй болсон т¿¿х
Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа бидэнд цай барьж байхдаа “Манай өвгөн өнөө өглөө босчихоод энэ хавиар юм түжигнүүлж байснаа гэнэтхэн дуу алдаад явчихлаа. Би цочоод босоод ирсэн чинь толины өмнө очоод зогсчихож. Өчигдөр шүдээ авахуулсан юм. Тэгсэн хацар нь хавдаад хоносон байна лээ. Тэрийгээ толинд гэнэт хараад дуу алдсан нь тэр. Сэтгүүлчид ирэх гэж байхад хацар хавдчихлаа гээд манайхан энэ хавиар сандралдаж гүйлдлээ. Ойрын хэдэн жил ингэж сандралдаж, өрөө дамжиж гүйлдээгүй юм байна шүү” гээд инээж байна. Гэрийн эзэн ч инээд алдах ажээ. Н.Батсүх багш Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн. 1961 онд Өмнөговь аймгийн дунд сургуулийг төгсөж байжээ. 1961 оны хавар Гэгээрлийн яамны “хар” Жадамбаа гэх хүн Өмнөговь аймагт ирсэн гэнэ. Тэр хүн тус аймагт ирсэн шалтгаан нь ЗХУ-д долоон хүүхэд сургахаар болж, аравдугаар ангийн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийсэн байна. Онц сурдаг тэргүүний сурагчдын нэг Н.Батсүх мэс заслын эмч болохоор мөрөөдөж байсан учир хойд хөршид суралцах хуваарийг огт сонирхоогүй гэнэ. Гэтэл сургуулийнх нь захирал, ангийнх нь багш хоёр дуудаад “Чи энэ долоон хуваариас аль дуртайгаа сонго.
Чи заавал ЗХУ-д суралцах ёстой хүн” гээд тулгачихсан гэнэ. Ямар, ямар мэргэжил байгааг огт мэдээгүй хүү Гидрогеологич гэдэг үг нүдэнд нь тусахаар нь сонгочихжээ. Гидрогеологи гэж ямар утгатай үг болохыг ч мэдэлгүй сонгосныхоо дараа усны геологи гэсэн үг болохыг олж мэджээ. Ингээд Геологи шинжилгээний газрын нэрийн дор Москва хотын Геологи хайгуулын дээд сургуульд явж байсан түүхтэй аж. Түүнтэй хамт нэг мэргэжлээр рашааны гэдгээрээ олонд танигдсан судлаач, эрдэмтэн З.Нарангэрэл, Шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа нар явж байжээ. Эхний жил хэл сурах гэж нэлээд хэцүүдэж, дээр нь гэрээ санаад арай ядан л өнгөрсөн гэнэ. Харин дараа жилээс нь байдал өөрчлөгдөж, сонгосон мэргэжил нь ч сонирхолтой болж, өмнө нь таарсан бэрхшээл бүрийг өөрийнхөө хүчээр давахыг хичээж, сургуулиа амжилттай төгссөнөө дурсав. Ингэж л манай улс гидрогеологи, инженер геологи гэсэн хос мэргэжилтэй анхны боловсон хүчнээ бэлтгэж авсан түүхтэй аж.
Орост сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний орд бүхий газарт дагалдан инженер, гидрогеологичоор ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Дараа нь МУИС-ийн Геологи, газарзүйн тэнхимд багшаар ажиллаж эхэлжээ. Тухайн үед манай орны геологи тэр дундаа гидрогеологийн мэргэжилтэй боловсон хүчин олноор шаардагдаж эхэлсэн байна. Уул уурхай шинээр нээгдэж буй газруудад газрын гүний ус ямар түвшинд байгаа зэргээс эхлээд судалгаа хийх хүн ховор байжээ. Мөн нийслэл хотод баригдаж байгаа барилга байгууламжид инженер геологийн судалгаа маш чухал учир холбогдох газруудад асуудал тавьжээ. Үүнийхээ дараа сургалтын төлөвлөгөө боловсруулж, батлуулаад 15 оюутан элсүүлж, 1973 онд гидрогеологи, инженер геологийн анхны мэргэжилтэн бэлтгэх суурийг тавьж байсан гэнэ. Одоогийн ШУТИС-ийн гидрогеологийн тэнхимийг Н.Батсүх багш ийн үүсгэн байгуулсан байна.
Хºвсгºл нуурыг судалсан анхны х¿н
ЗХУ-ын Эрхүүгийн сургуулийн болон манай улсын эрдэмтдийн хамтарсан баг 1971 онд Хөвсгөл нуурыг бүхэлд нь анх удаа судлахаар болжээ. Хөвсгөл нуурын ойр тойрны байгаль, ан, амьтан, ургамал, загас, газрын баялаг гээд бүх зүйлийг судалж эхэлсэн байна. Энэ судалгааны багт гидрогеологи талаасаа Н.Батсүх ажиллахаар болсон нь түүний Хөвсгөл нууртай амьдралаа холбох болсон шалтгаан гэнэ. Манай орны цэвэр усны нөөцийн 68 хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын талаарх судалгааг анх удаа хийсэн талаараа өнжиж буй айлын гэрийн эзэн ийн ярив. “Хөвсгөл нуурыг судлах нэрээр би уг нуурын хөвөөг ширтэж, эргээр нь алхаж 25 жилээ хамт өнгөрүүлсэн байгаа юм. Төрсөн нутаг шиг минь л санагддаг. Зүүдэнд ирнэ. Хөвсгөл далайг би судалж байгаа нэрээр далай намайг хүн болгосон доо. Хөвсгөл нуур геологийн хувьд их залуу нуур. Насжилтын хувьд залуу гэсэн үг. Сүүлд бий болсон шинэ ус гэдэг нь геологийн хувьд батлагддаг. Хөвсгөл нуурын газар зүйн тогтоцын хувьд гүн хавцал бүхий цардаст бүрхүүл дунд оршдог. Бусад нуур, далайгаас нас залуу болохоор шорвог болж амжаагүй. Цэнгэг, цэвэр уснаас бүрддэг болохоор манай орны цэвэр усны 68 хувийг бүрдүүлж байгаа юм. Судлаачид Хөвсгөл, Байгал нуурийг ах дүү нуур гэж нэрлэдэг юм. Энэ хоёр нуурын тогтсон байдал, хэлбэр дүрс хоорондоо ижил төстэй. Хөвсгөл нуурын хувьд лийр хэлбэртэй. Голын сүлжээ нь мөчирлөсөн мод шиг. Ийм л гүн цэнхэр нуурыг хэрхэн бий болсон, хэдэн шоо метр ус эзэлж байгаа, хаанаас эх авсан гол, горхи тэтгэж энэ их усыг бүрдүүлж байгаа зэргийг судалсан. Яах аргагүй анхны бөгөөд одоогоор хамгийн олон жил судлуулсан нуур” гэв. Н.Батсүх багшийн гаргасан судалгаагаар Хөвсгөл нуур бий болсон тэр хонхор газрыг манай орны бүх гол горхи 11 жилийн турш цутгаж байж сая нэг юм дүүргэх тооцоотой гэнэ. Хөвсгөл нуурын ус мөнх сарьдаг уулнаас эх авсан голоор тэжээгдэн тэтгэгдэж байдаг бөгөөд уг нуур далайн түвшнээс өндөрлөг цэгт байдаг болохоор ус нь их хүйтэн байдаг аж. Хөвсгөл нуурын усны нөөцийг Их ханх, Хороо, Далбаа, Түргийн гол зэрэг 40 гаруй гол, горхи бүрдүүлдэг. Гэхдээ эко системийн хувьд маш эмзэг нуур гэдгийг онцолж, “Хөвсгөл нуурт хог битгий хэл хиртэй хөлөө ч дүрэх ёсгүй” хэмээсэн юм.
Тэрбээр Хөвсгөл нуурын усны хэмжээ, түүнд цутгаж буй 96 голын судалгаа, нуурын ус жилийн дөрвөн улиралд ямар хэмтэй байдаг талаар мөн өвлийн улиралд хаагуураа мөсөн бүрхүүл зузаан тогтдог, загас, ан агнуур зэргийг 1970 -1995 он хүртэл 25 жилийн турш судалжээ. Энэ судалгааны үр дүнд “Хөвсгөл нуурын ай сав голуудын гадаргын ба газар доорхи урсац бүрэлдэх зүй тогтоц” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.
Хºвсгºл нуур эргээ тэлэхийн цаад у÷ир
Хөвсгөл нуурын эрэг, хөвөөгөөр 25 жил бэдэрч, судалгаа хийсэн эл эрхмээс “Хөвсгөл нуур эргээ тэлээд байгаа гэдэг нь үнэн үү. Ямар учиртай юм бол” гэхэд Н.Батсүх гуай “1971 онд үер болсон юм аа. Бид судалгаа хийгээд байж байтал хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн бороо орсон юм. Тэгээд Өлхөн гэдэг их том сайраар бөөн шороо орж ирээд Эгийн гол гардаг хадан хавцал бүхий газрыг бөглөчихсөн. Үүнээс болоод Эгийн гол тасарчихсан. Биднийг анх очиход Ханх сум сайхан сэргэлэн дэнж дээр байдаг байлаа. Эгийн гол гардаг газар бөглөрснөөс болоод сум усанд автаад дээшээ буурь сэлгэн нүүж байлаа. Мөн Хатгал сумынхан Эгийн голоос ундны усаа авдаг байсан чинь усгүй болоод арав гаруй километрийн зайд оршдог Чулуутын булгаас усаа зөөдөг болсон. Иймд бид бөглөрсөн газрыг ухсан. Тэгээд Эгийн гол урсаж эхэллээ. Хэдэн жилийн өмнө бас үер болоод Эгийн голын ус тасраад байгаа гэж дуулдсан. Нутгийнхан ухсан гэж байна лээ. Үүнтэй л холбоотой л доо” гэв. Энэ эрхэм Хөвсгөлөөс гадна Сэлэнгэ мөрний ай сав газрыг судалсан юм. Энэ мэт судалгааны ажлуудын талаар яриад байвал яриад л байх шинжтэй юм.
Биднийг ийн ярилцаж байх хооронд гэрийн эзэгтэй “Та нар усаа л яриад байна уу. Ус яривал өдөржин яриад байж мэдэх л хүн” хэмээн инээх. Хариуд нь гэрийн эзэн “Би ч усаа судалснаас биш эмэгтэй хүн олигтой судлаагүй хүн шүү дээ” гэж егөөдөх юм. Н.Батсүх багшийнх айл гэр болсон түүх сонин аж. Гал голомтоо анх бадраасан газар нь одоогийн МУИС-ийн Комьютер, мэдээлэл зүйн сургуулийн өрөө аж. Тухайн үед МУИС-ийн багш нарын байр тэнд байжээ. Харин энэ хоёр өрөө байрандаа амьдраад 30 гаруй жил болжээ. Энэ айл дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү нь АНУ-д амьдардаг аж. Нэг охин нь хувиараа бизнес эрхэлдэг бол том охин Б.Сийлэгмаа аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Одоо ШУТИС-д багшилдаг гэнэ.
Н.Батсүх багш Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас гавьяатын тэмдгээ гардан авч байгаа зургаа томоор угаалгаад ханандаа өлгөжээ. Ач, зээ нарынхаа зургийг ажлын өрөөнийхөө ширээн дээрээ тавьжээ. Өнжиж байгаа айлын гэрийн эзэд үнэтэй тавилга энэ тэр гэхээсээ илүүтэй ном, судалгааны зүйлсээ илүүд үздэг нь харагдаж байв. Энгийн даруухан эд хогшилтой тов хийсэн айл. Судалгааны бүтээл, ном зэргээ коридортоо байх хаалгатай шүүгээнүүдийг дүүргэжээ.
Гэрийн эзэгтэйд зºвлºх нь гэсэн ор÷уулгын номоо арван мÿнган хувь хэвлэжээ
Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа сүүлийн үед зохиолч Л.Өлзийтөгсийн номуудыг худалдан авч уншиж байгаа гэнэ. Тэрбээр МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсөж, насаараа багшилсан нэгэн. Мөн өөрийнхөө сонирхлын дагуу ном орчуулдаг байна. Ихэвчлэн орос хэлнээс орчуулга хийдэг гэнэ. Түүний анхны орчуулгын “Гэрийн эзэгтэйд зөвлөх нь” ном 1988 онд гарсан байна. Түүнийгээ арван мянган хувь хэвлүүлж, гэрийн эзэгтэй нарт хоол хийх аргуудаас эхлээд хувцас индүүдэхийг хүртэл зөвлөсөн аж. Тухайн үед нэг төгрөг дөчин мөнгөөр борлогдож, гэрийн эзэгтэй нар булаацалдах шахан худалдан авч байжээ. Харин хоёр жилийн өмнө “Тархийг цэнэглэгч буюу оюунлаг танд” гэсэн суут хүмүүсийн хэлсэн үгийг орчуулан эмхэтгэн гаргажээ. Энэ мэт зургаан ном гаргасан байна. Харин гэрийн эзэн мэргэжлийн олон ном хэвлүүлэн гаргасан байна. Сүүлд өөрийнхөө удам судрын талаар “Хорвоод ганцхан Найдангийн Батсүх” гэсэн ном гаргажээ. Сүүлд гаргасан номынхоо талаар “Батсүх гэж хүн хорвоод ганцхан шүү дээ. Дахиж хэзээ ч давтагдахгүй хүн. Тийм болохоор номоо ингэж нэрлэсэн юм” гэж хэлж байна лээ.
Гэрийн эзэд удахгүй зуслан руугаа нүүх гэнэ. Тэд гэр бүлийнхээ уриаг “Хүн хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн тунхагласнаа ч ярив. Хүнд хөдөлгөөн, дасгал байнгын хэрэгтэй амин чухал зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд улам бүр мэдэрч байгаагаа ч ярив. Тиймээс өвлийн улиралд гүйлтийн замаар гүйдэг байна. Харин урин дулааны цагт байрныхаа гадаах цэцэрлэгт гүйж, дасгал хийдэг гэсэн. Түүнчлэн хоёр хөгшин маань амар амгаланг бэлгэдэж заан цуглуулдаг юм байна. Мөн гадаад болон эх орныхоо сонин хэлбэр хийц бүхий чулуу цуглуулаад олон жил болсон аж. Гэрийн эзэгтэй Ц.Энхтуяа гарынхаа буузыг хийж өгөхөөр гал тогооны өрөө рүү орлоо. Зөв хооллолтын талаар сайн мэдлэгтэй болохоор ах, дүү хамаатан садан найз нөхөд гээд зөвлөх хүн мунддаггүй тухайгаа ч ярив.
Монгол, Орос эрдэмтэд манай орныг 609.5 шоо километр усны нөөцтэй хэмээн тогтоожээ. Үүнээс 1.96 хувийг газар доорх ус эзэлдэг байна. Нийт хэрэглэж буй усны 90 гаруй хувийг газрын хэвлий дэх ус эзэлдэг аж. Сүүлийн үед гидрогеологичдын ур чадвар сайжирч байгааг тэрбээр дурдав. Одоогоор 270 гаруй газар доорх усны ордыг илрүүлээд байгаа юм байна.
Барилга, зам барихад Инженер геологи÷ийн судалгаа маш ÷ухал
Н.Батсүх багштай дахиад л ажил мэргэжлийнх нь талаар яриө өрнүүллээ. Монголд гидрогеологийн талаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь эл эрхэм. Монголын усны нөөцийг тогтооход гар бие оролцож ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс андахгүй. Н.Батсүх багш хос мэргэжилтэй хүн. Инженер, геологи мэргэжлийнх талаар асуулаа. Тэрбээр барилга байгууламж, зам, төмөр зам барихад газарзүйн нарийн судалгаа хэрэгтэй талаар ярив. Тухайлбал, нэг барилга барих болоход хөрсний хувьд ямар хөрстэй, өвөл, зундаа ямар өөрчлөлтөд ордог. Бас ус бороотой үед доошоо суулт өгдөг үү. Намагтай газар таараад өвөлдөө дэндийж, овойж хөлдөж байна уу гэх зэрэгт нарийвчилсан судалгаа хийдэг байна. Мөн сүүлийн үед тавигдаж байгаа замуудын чанар тааруу байгаа талаар хэлж байна. Мэргэжлийн инженер геологич хүнээр нарийн судалгаа гаргахгүй байгаагаас үүдэн муу зам тавиад байгааг ч хэлж байв. Тухайлбал хэл ам дагуулаад байгаа Лүнгийн зам гэхэд зарим газраа үерийн ус их авдаг газрыг мэдэхгүйгээс нэмэлт давхарга хийлгүйгээр шууд зам тавьсан. Зуны борооноос үерт автаж хөрсөндөө суулт өгснөөс болж зам эвдэрч энхэл донхолтой болдог байна. Мөн намаг ихтэй газрыг мэдэлгүй зам тавьснаас үүдэн өвөлдөө овойж хөлдөөд их хэмжээний мөнгийг салхинд хийсгэж байгаа гэнэ. Барилга байгууламжийн хувьд ч барих гэж байгаа газраа геологи талаас нь судалгаа сайн хийлгэх хэрэгтэй гэнэ. Хэдэн жилийн өмнө Н.Батсүх багшаас “Голомт” хотхоныг барих гэж байгаа компани мэргэжлийн зөвлөгөө авсан байна. “Голомт” хотхон барих гэж байгаа газарт өндөр барилга барихаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Тэгсэн тэр газарт нь 20 гаруй давхар өндөр барилга барих юм бол суулт өгөх аюул байгааг судалгаагаар нотолсон байна. Ингэж 20 гаруй давхар барилга бариад дараа нь эрсдэлд орох аюулыг урьдчилж харж, болиулж чаджээ. Хоёр жилийн өмнө Сайншандыг Чойбалсан хоттой холбох төмөр замын газрыг инженер геологи талаас нь судлаад иржээ. Мөн Дорноговь аймгийн зам барих гэж байхад нь судалгаа хийж өгчээ. Эндээсээ бид хоёрын яриа Улаанбаатар хотын газар нутгийн талаар өрнөсөн юм. Сэлбэ голын хөвөөн дээр Улаанбаатар хот байрлаж байгаа талаар ярив. Бүр Төрийн ордон байгаа газарт газрын гүний ус ойр байдгаас болж усанд автах аюул ойрхон байдгийг ярив.
“Бид усаа хайрлах хэрэгтэй”
Түүнчлэн Туул голын ай сав газар цаашлаад газрын гүнд байгаа ус их цэвэрхэн цэнгэг гэнэ. Гэвч нийслэлчүүд цэвэр усаа ууж чаддаггүйд санаа зовниж явдаг байна. Тэрбээр “Бидэнд ийм сайхан цэвэр ус уух хувь заяа байна. Гэтэл сүүлийн үед инженерийн шугам сүлжээ хэт хуучирснаас болж нийслэлчүүд зэвтэй ус ууж байгаад санаа зовниж явдгаа ярьж байна лээ. Түүнчлэн “Манай орон цэвэр усны нөөц ихтэй ч барагдахгүй зүйл гэж үгүй. Тиймээс усыг дахин ашиглах, ногоон ус буюу борооны усыг хүн бүр ашиглах хэрэгтэй. Ядаж машинаа ундны усаар угаамааргүй байна. Өнөөдөр яах вэ, бид цэвэр, цэнгэг усаа ууж, асгаад амьдарч болно. Бид усаа гамнах хэрэгтэй. Орон сууцны айлууд гэхэд бие засах газрын ус нь үргэлж урсаж байдаг гэх юм уу янз бүрээр усыг хайр гамгүй хэрэглэдэг. Харин сүүлийн үед уул уурхайн компаниуд усыг хайр гамгүй хэрэглэж байна. Алтыг гэхэд маш бүдүүлэг аргаар олборлодог. Газар ухаад том ширхэгтэй алтыг авчихаад дараа нь жижиг алтаа усаар ялган авдаг. Үүнээс болж бид алтаа ч усаа ч сүйтгэж дууслаа. Уул уурхайн компаниуд ногоон ус, саарал усыг ашиглах нь чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд усаа газрын гүнээс авдаг. Гэтэл Туул голын хөндийн элс хайргыг олборлож байгаагаас үүдэн газар доорх усны ууршилтыг нэмэгдүүлж байна. Манай гидрогеологичид усын нөөц бүрэлдэх талбайн зураг хийсэн. Усны нөөц бүрэлдүүлж буй уулын орой хэсэг газар гэсэн үг. Ойн модны навч унаад дагтаршсан хөрс борооны усыг өөртөө агуулж аажмаар усны нөөцийг тэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл ой байхгүй бол ус хадгалагдахгүй гэсэн үг. Иймд ой модтой алтны нөөц бүхий газарт ашиглалтын лиценз олговол бид усгүй болно гэсэн үг” гэв. 1990 оноос өмнө цасыг хадлан бэлдэж байгаа юм шиг нуруулдаж бөөгнүүлээд дээгүүр нь юмаар хучиж хаврын цагт ашигладаг байсан тухай ярив. Н.Батсүх багш руу шавь нар нь чөлөө завгүй утасдах ажээ. Хөдөө орон нутагт судалгаа хийдэг шавь нараас нь эхлээд хэн хүнгүй л зөвлөгөө авах юм. ШУТИС-д 40 гаруй жил тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2005 онд тэтгэвэртээ гарсан ч одоо хүртэл сургуульдаа багшилж байгаа аж. Бид өглөөнөөс орой болтол хөөрөлджээ. Өглөөний намирсан бороо зогсож тэнгэр хангай цэлмэсэн байв.
Бидний өнжсөн айлд зээ нар нь хагас бүтэн сайн өдөр ирж дуу, хөөр баяр баясгалан болдог гэнэ. Охин Б.Сийлэгмаа нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг аж. Гэр бүлийн хоёр анх танилцаж байсан Аржанчивлан сувиллын газартаа очиж амрах дуртай гэсэн. Жил бүрийн оюутны өвлийн амралтын үед очиж хэд хоног амраад ирдэг байна. Харин зуны амралтаараа нөхөр нь судалгааны ажилд явчихгүй бол АНУ руу хоёр хүүхдийнхээ гэрт очдог байна. Орой болсон хойно өнжиж буй айлаасаа гарлаа. Гэрийн эзэд цэцэрлэгтээ салхилахаар хамт гарцгаасан юм. Ус судлаач Н.Батсүхийнд усан бороо хөшиг татан шивэрсэн өдөр өнжсөн тэмдэглэл ийм буюу.
Э.ХҮРЭЛБААТАР
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ