Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цементийн үйлдвэрүүдийг бондын хөрөнгөөр дэмжинэ

Засгийн газар бондын мөнгөөр цементийн гурван төслийг санхүүжүүлэхээр болжээ. МАК-ийн Хөх цавын цементийн үйлдвэр бондоос хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авахаар болж. Энэ үйлдвэр жилд сая тонн цемент үйлдвэрлэх юм. Европ чанарыг мэдрүүлнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байгаа. Мон полимент ХХК-ийн “Монцемент” төсөл мөн бондын дэмжлэгт багтаж байна. Энэ үйлдвэр мөн л жилд сая тонн цемент үйлдвэрлэнэ. Түүнчлэн Эрчим ХК-ийн жилийн 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөл бондын дэмжлэгийг авахаар болжээ. Хөтөлийн цементийн үйлдвэр жилд сая тонн цемент үйлдвэрлэхээр хүчин чадлаа өргөтгөсөн. Ингэхээр монголчууд ирэх жилүүдэд огцом өсөх цементийн хэрэглээгээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай болох нь. Хөгжлийн банк цементийн үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх юм. 

Categories
мэдээ нийгэм

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 28. Буд гариг. Билгийн тооллын 30. Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 05.17 цагт мандаж 20.43 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуган сэргээхэд сайн. Газар малтах, худаг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хурдны морийг жин багатай залуусаар унуулахыг шаардав

“Энэрэл хайр хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт болон Монголын морин спорт уяачдын холбоонд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Хүүхдээр хурдны морь унуулах нь, Монгол Улсын үндсэн хуулийн 2-ын 16-1-д заасан амьд явах эрх, 4 дэх хэсгийн хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй, 11 дэх хэсэгт заасан гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа мөн Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол Улсын хуулийн 12-т заасан Хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийн 3-д заасан заалтууд, Хүүхдийн эрхийн конвенцийн 32-д заасан хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт аюул учруулж болох ажил эрхлэхээс хамгаалах, 39-д заасан хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглахыг хориглох гэсэн заалтуудыг Монгол Улсын төр засаг бүхэлдээ, уяачдын холбоо тэр чигээрээ зөрчиж байна.
Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо ологсод, алдар гавьяа хүртэгчид уламжлал нэрийн дор хүүхдийг хайрлахгүй гарсан хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгааг олон нийт, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, хүүхэд нь амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон гэр бүлүүд хүчтэй шүүмжилж, хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Энэ зун болох олон уралдаанд маш олон энхрий бяцхан үрс маань амь насаараа хохирох, бэртэж гэмтэх учиргүй гэж үзэж байна” гэжээ.
“Энэрэл хайр хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүлдэг бөгөөд тэдний зүгээс өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хурдан морийг жин багатай залуучуудаар унуулдаг болохыг шаарджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэнээр эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, саналаа хэлсэн юм.
Санал хураалтаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал олонхын дэмжлэг авснаар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүн танилцуулсан.
2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгад эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах зорилтыг 2014 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байлаа. Энэ хүрээнд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалтаас гадна экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг уялдуулах, экспортыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, нүүрс угаах үйлдвэрт бусад компаниудын нүүрсийг боловсруулж, тээврийн зардлыг бууруулах, үнэ өртгийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Боомтын төмөр замыг 2014 онд барьж дуусгах, зарим боомтыг байнгын ажиллагаатай болгож, ажиллах цагийг уртасгах, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг санхүүжилтээр дэмжих, Тавантолгой-Гашуун сухайтын хатуу хучилттай авто замын тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Алтны олборлолтыг дэмжих, хууль бус алтны олборлолт, худалдааг багасгаж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 он хүртэлхи хугацаанд алтны олборлолтод ногдох нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосон УИХ-ын шийдвэр, Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийг алт олборлогчдод олгох төлөвлөгөөг хэрэгжүүлснээр алт олборлолтын хэмжээ 2014-2019 онд эрчимтэй өсч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг гол төрөл болох Концессийн зүйлийн жагсаалтыг 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 онд авто зам, цахилгаан станц, боловсролын салбарт нилээд олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлын үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм байна.


Гадаад орчны эрсдлүүд байгаа хэдий ч дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 18 хувиар, үүнээс уул уурхайн салбар 25 хувиар, барилгын салбар 15 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 10 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна хэмээн танилцуулгад дурджээ. Аж үйлдвэрийн салбар, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын ДНБ 2014 онд 11.2 хувиар өсөхөөр байна хэмээн үзсэн байна.
Төсвийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир хоёр хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1”-ийн үлдсэн байрыг дахин хуваарилна


“Буянт-Ухаа 1” хорооллын нэг өрөө байрны захиалга ирээгүйгээс болж 224 орон сууц эзэнгүй байгаа билээ. Үүнээс шалтгаалан ТОСК Засгийн газрын үүргийн дагуу дахин олголт хийж эхлэх аж. Гэхдээ хэзээ, ямар шалгуураар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. “Буянт-Ухаа 1” хорооллын захиалагчдыг сугалаа хэлбэрээр сонгоход 1545 иргэн азтан болсон бөгөөд одоогийнб айдлаар 1300 гаруй иргэн орон сууцаа сонгож, 300 гаруй нь урьдчилгаа төлбөр болох 30 хувиа төлж эрхээ баталгаажуулаад байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Сөүлд Олон улсын монгол сургууль нээгджээ

Боломжийн цалинтай ажил хийхээр Өмнөд Солонгос улсыг зорьж буй монголчуудын тоо нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн онд Монгол Улсын 24175 иргэн амьдардаг гэж БНСУ-ын Статистикийн газраас мэдэгджээ. Монголчуудын хүүхдүүдэд зориулсан “Олон улсын монгол сургууль” нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Кванжин дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Энэхүү сургууль нь Солонгос болон Монголын Засгийн газруудын магадлан итгэмжилсэн анхны, ганц монгол сургууль ажээ. Сургалтын хөтөлбөр нь Монголын сургуулийнхтай адил бөгөөд хичээлүүдийг нь монгол хэлээр заадаг. Мөн сурагчдад долоо хоногт долоон удаа солонгос хэлний хичээл ордог байна. Тус сургуулийг орон орны цагаач ажилчдыг урт хугацааны турш дэмжсээр ирсэн И болон пастор Ёо Хэ Гын нар байгуулжээ.

Categories
гадаад мэдээ

Гээсэн түрийвчийг эзэнд нь өгсөн цагдааг ажлаас нь халжээ

Өнөөдөр БНСУ-ын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас иргэний гээгдүүлсэн түрийвчийг олж өгөөд, баярласан сэтгэлийн бэлэг болгон өгсөн 50 мянга воныг авсан цагдаагийн ажилтан Кимийг ажлаас нь халлаа гэж мэдээлжээ.
Цагдаа Ким өнгөрсөн сарын 15-ны өдөр гудамжинд гээгдүүлсэн иргэний үнэмлэх, банкны карт гэх мэт бичиг баримт, мөнгө бүхий түрийвч олсон даруй эзэнтэй нь холбоо барьжээ. Улмаар түрийвчийг эзэнд нь хүлээлгэн өгч, өөрийг нь бага зэрэг урамшуулах тухай хэлсэн аж. Түрийвчний эзэн тэр даруй зөвшөөрөн 50 мянган воноор урамшуулсан байна.
Гэвч тэрээр цагдаагийн ажилтанг мөнгөөр шагнахыг эхэлж санаачилсан, миний хувьд 30 мянган воноор урамшуулах хүсэлтэй байсан хэмээн гомдол гаргажээ. Цагдаагийн байгууллага энэхүү гомдлыг хүлээн авч, сайхь цагдааг иргэдээс мөнгөн урамшуулал нэхсэн хэмээн үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд тангарагаа өргөлөө

Энэтхэгт болсон парламентын сонгуулиар тус улсын Бхаратия Жанат нам ялалт байгуулсан билээ. Тус намын тэргүүн Нарендра Мори Энэтхэгийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Түүний тангараг өргөх ёслол  өнөөдөр Дели хотноо болж,  албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд гадаад улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Пакистаны Ерөнхий сайд Нарвиз Шариф уг ёслолд оролцсон нь олны анхаарлыг нэлээд татлаа. Учир нь Энэтхэг Пакистаны харилцаа сүүлийн хэдэн арван жилийн туршид  ээдрээтэй байгаа билээ. Харин энэ удаад хоёр улсын Засгийн газрыг тэргүүнүүд хэлэлцээ хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Залуусаа ээжийгээ баярлуулаарай

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын копораци, Залуу эмэгтэйчүүдийн клуб хамтран эх үрсийн баярыг угтаж “Ээжээ би танд хайртай” аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм. Ээжтэйгээ хамт нэгэн өдрийг байгалийн сайханд аялаж амарч зугаалж дотно өнгөрүүлэхээс гадна 30-аас 1 минутын ээждээ зориулсан сэтгэлийн үгээ илэрхийлсэн бичлэг хийж автобусанд явахдаа үзүүлэх, мөн олон сайхан ээжүүдтэй танилцах, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнгэх мэт олон сонирхолтой зүйлүүд хүлээж байгаа юм байна. Аялал 5-р сарын 31-нд МЗХ-ны төв байр –Аглаг бүтээлийн хийд – МЗХ-ны төв байр гэсэн маршрутын дагуу явах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг event@myf.mn ,99295141,88024234,11326336 дугааруудаар холбогдож авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагаар 1200 ажлын байр нээлттэй зарлагдлаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад оюутан, залуучуудыг гар бие оролцуулах, ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Бүтээн байгуулалтын салбаруудад ажиллах хүчний хомсдол сүүлийн жилүүдэд их хүндрэлтэй асуудал болоод байгаа. Иймээс ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюутан, залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжих, зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх орлого олох, хөдөлмөрийн дадлага, туршлага хуримтлуулах боломж нээж өгснөөрөө “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг нь онцлог боллоо.
“Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт нийт 1200 орчим нээлттэй ажлын байр зарлагдаж оюутан, залуучуудыг бүртгэн ажлын байранд зуучилсан байна.  
“Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, “МАК” ХХК, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Монполимент” групп, “Эрин интернэшнл” ХХК, “Эко констракшин” ХХК , “Урбан констракшин” ХХК “Ланрес” ХХК гэх мэт 30 гаруй үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн байгууллагууд юм. Тус хөдөлмөрийн яармагийн үеэр барилга, замын туслах ажилтан, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан зэрэг ажлын байрууд эрэлт ихтэй байсан байна.  

Э.ЭНХ