ОХУ-аас импортолдог, хүмүүсийн хэрэглээний нэг хэсэг болсон “Сайра” консерволсон загаснаас хорхой гарсан гэсэн иргэний гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ. “Миний дэлгүүр”-ийн нэг сүлжээгээр борлуулж байсан “Сайра”-наас хорхой гарсан байна. Тэр хорхой нь шимэгч хорхой байсныг лабораторийн шинжилгээгээр баталжээ.
-44 ДҮГЭЭР АНГИ ДЭЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ХУДАЛДААЛАХГҮЙ БАЙНА-
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж өмнөхөөсөө дөрөв дахин их хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Шинэ үйлдвэртэй болоод цементийг тонн, тонноор нь үйлдвэрлэж дотоодын зах зээлээ төвөггүй хангана гэж төлөвлөж байв. Хөтөлийн цементийг хаана, ямар үнээр борлуулж буйг сонирхохоор Барилгын материалын ачих буулгах 44 дүгээр анги дээр очлоо. Гурвалжингийн гүүрний доохно байх энэ газар бол Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг цементээ буулгадаг гол цэг. Бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниуд, цементийн бизнес эрхлэгчид, хувийн орон сууц барих хүмүүс гээд хэнд цемент хэрэгтэй байна, тэд бүгд эндээс ирж цементээ авдаг. Өчигдрийн байдлаар хятад цемент нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин Хөтөлийн цемент тонн, тонноор байтугай нэг шуудай ч байсангүй. Наймаачдаас Хөтөлийн цемент хаагуур зарж байгаа бол гэж асуувал “Алтанхуягаас асуу” гэхээс өөрийг хэлэхгүй юм. Галт тэрэгнээс цемент буулгаж байгаа болон жижиглэнгээр зарж буй хүмүүсээс сураглаад ч Хөтөлийн цемент олж чадсангүй.
Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 156.800 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.
Энэ бол нэмэгдсэн өртгийн ал¬бан татвар шингэсэн үнэ. Тэндээс дээрх үнээр худалдаж аваад Улаанбаатар руу ачуулахад тээврийн зардалтайгаа нийлээд 190 мянга болж байгаа юм байна. Хятадынх 150 мянга¬тай байхад ийм өндөр үнээр авах хүн олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс Хөтөлийн цемент худалдан авч буй хүн байхгүй байгаа ажээ. Дээрээс нь наймаачид Хөтөлөөс цемент авъя гэхээр бэрхшээл бий гэв. Хөтөлтэй холбогдоод цемент авъя гэхээр мөнгөө шилжүүл гэдэг гэнэ. Ингэхдээ дор хаяж 10, 20 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байх ёстой. Мөнгөө өнөөдөр шилжүүлчихье, хэзээ нааш нь ачуулах вэ гэхээр “тэгж байгаад” гэсэн хариу өгдөг талаар наймаачид ярьж байна. Ингээд хамгийн шуурхай ачууллаа гэхэд 20 хоногийн дараа, цаашлаад сар болж байж өнөөх цемент нь ирдэг ажээ. Харин урдаас цемент ачуулбал гурав, дөрөв хоноод л ороод ирдэг гэсэн. Тиймээс наймаачид Хөтөлийн цементийг сонирхохгүй, нийслэлд оруулж ирэхгүй байгаа ажээ. Хөтөлийн цемент өнгөрсөн жилийн өдийд нэг тонн нь 175 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин Хятадынх 135 мянган төгрөг байлаа. Хөтөлийн цемент өндөр үнэтэй ч гэсэн сайн зарагддаг байна. Учир нь Засгийн газраас зарласан тендерийг авсан зарим компани тендерт зааснаар заавал Хөтөлийн цемент авдаг гэнэ.
Ирэх зургадугаар сарын 1-нээс хятад цементийн үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэх сурагтай байгаа гэнэ. Бас Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэх машины үнэ мянган юаниар нэмэгджээ. Най¬маачид өмнө нь 2500 юань өгөөд Замын-Үүдийн ачих буулгах газарт хүргүүлдэг байсан бол өдгөө 3500 юань төлдөг болж. Тэгэхээр ирэх сараас цементийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Гэхдээ нэг тонн цемент арай ч 200 мянга хүрэхгүй гэж ярилаа.
Энд цемент зардаг Б.Цэрэндолгортой уулзлаа.
-Хөтөлийн цемент огт харагдахгүй юм. Яагаад орж ирэхгүй байна вэ?
-Сүүлийн арав хоног Хөтөлийн цемент сурагласан хүмүүс манай энүүгээр ирж байна. Энэ хавь бол цемент зарж буй гол цэг. Тиймээс иргэд ирэхээс ч аргагүй. Гэхдээ хэн энд ирж Хөтөлийн цемент асууж байна вэ гэхээр амины орон сууцаа барих гэсэн хүмүүс л байна. Тэд Засгийн газрын тэргүүний үгэнд итгэчихсэн, хямд цемент хайгаад ирж байна. Гэтэл Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 157 мянгаар худалдаалагдаж байна. НӨАТ шингээсэн үнэ нь ийм. Тэндээс хувийн машинаараа очоод авбал юу юм гэхээс. Түүнээс бид вагон, вагоноор нь авчирвал нэг тонн цемент бараг 200 мянгад ирж байгаа. Тэгэхээр тийм өндөр үнэтэй цемент хэн авах билээ. Нөгөөтэйгүүр бид Хятадын нийлүүлэгч нартай харьцаад сурчихсан. Өнөөдөр утасдаад тэдэн тонн цемент ачуулчих гэдэг. Цаанаас ачуулаад ороод ирнэ. Тэр хооронд бид эндээс мөнгөө шилжүүлдэг. Итгэлцэл дээр явдаг гэсэн үг. Захиалга өгснөөс хойш гурав, дөрөвхөн хоноод ороод ирнэ. Гэтэл Хөтөл рүү мөнгөө шилжүүлчихээд байхад хүртэл ачуулдаггүй. Араас нь байнга утасдаж байж сарын дараа цементээ авбал их юм болно. Гэтэл бид банкны зээлээс зээлийн хооронд амьдардаг. Дээрээс нь Хөтөлийн цемент задгайгаар орж ирж байна. Задгай цементийг үйлдвэрүүд л авна. Ихэнх худалдан авагчид шуудайтай цемент авдаг юм.
-Цементийн үйлдвэртэй боллоо гээд наймаачдад ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
-Бидэнд яаж ч нөлөөлөхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цемент үйлдвэрлэж эхэллээ гээд байгаа. Бас цементийн үнийг 10 хувиар бууруулна гэсэн. Одоохондоо үүн шиг худал зүйл алга. Гэтэл Хөтөлөөс Улаанбаатарт нэг ч тонн цемент орж ирээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрүүд болон томоохон худалдан авагчид тэндхийн цементийг энд авчирч зарах боломжгүйг мэдэж байгаа болохоор бидний ажил хэвээрээ үргэлжилж л байна. Харин хувь хүмүүс л Хөтөлийн цементийг хүлээх хандлагатай байх шиг байгаа юм.
-Хөтөлийн цементийн үнэ яагаад ийм өндөр байгаа юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Шуудайлаад зарахаар үнэтэй болдог шиг байгаа юм. Шуудайгаа Хятадад захиалгаар их үнэтэй хийлгэ¬дэг гэж сонссон. Үүнээс хамаардаг байж болох юм.
-Чанарын хувьд ямар байдаг юм бол?
-Хөтөлийн цементийн чанар бол ярихын аргагүй сайн шүү дээ. Гэвч бетон цутгахад тэр үнэтэй цементээр яах билээ. Уг нь бид цементээр урд хөршөөс хараат биш болчихвол хэн, хэнд маань хэрэгтэй. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1 хүртэл цемент 145-150 мянган төгрөгийн ханштай байсан. Гэтэл ердөө аравхан хоногийн дотор 230, 240 хүртлээ өссөн шүү дээ. Яагаад гэхээр Хятадууд гэнэтхэн л үнээ нэмсэн хэрэг. Бид яаж ч чадахгүй. Харин одоо өөрсдөө цементээ үйлдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр гадныхны царайг харахгүй байж болох болов уу.
С.АЛТАН
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ
Украйн улс сүүлийн есөн жил дотооддоо үймээн бужигнаантай байлаа. Үүнийгээ хувьсгал хийж байна гэж зарладаг. Улбар шарын хувьсгал, Жүржийн хувьсгал гэхчлэн нэрлэж иргэний байгууллагууд нь жагсаал цуглаан хийж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, халдлага, талцал тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрэв. Үүнээс ч өмнө тэд жагсаж тэмцэх дээрээ тулж байсан нь 1986 он юм. Украйны газар нутаг дахь Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч нийтдээ бараг хагас сая хүн радиоктив цацрагт хордсоныг тэр үеийн ЗХУ-ын удирдлагууд нуун дарагдууллаа хэмээн украйнчууд гудамжинд жагссан юм. Гэвч коммунист дэглэм энэ эсэргүүцлийг ертөнцийн чихэнд төдийлөн хүргээгүй байх. Энэ эсэргүүцлийг эрүүлээр харж, зөв байсан гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж болно. Гэвч тэр цагаас хойш л жагсах дуртай болчихсон ард түмэн. Юм л бол хувьсгал ярьж гудамжиндаа гарч ирцгээгээд. 1988 он гэхэд Балтийн гурван улс ил цагаан ЗХУ-аас салан тусгаарлах тухай ярихад соц лагерийн баруун бүсээс Украйн хамгийн түрүүнд дэмжин дөгөөж гудамжиндаа жагсчих гээд байсан юм. Энэ бүхнээс эхтэйгээр Горбачевийн өөрчлөн шинэчлэлт, ил тод нээлттэй байдал эхэлсэн нь энэ ард түмэнд ингэж болдог юм байна гэдэг сэтгэлгээг үлдээсэн бололтой. Цаг нь болсон нийгмийн задрал байсныг ойлгоогүй гудамжинд гарч хувьсгал хийгээд байвал бүгдийг болгодог юм байна гэсэн украйнчуудын хийрхэл нь 1991 оноос хойшхи найман жилд эдийн засгийг нь уналтанд оруулсан юм. Харин шинэ зуун гараад эвтэй байхыг хичээсэн цөөн жилдээ эдийн засаг нь басчиг тогтворжин Үндэсний нийт бүтээгдэхүүн нь жил тутамд долоон хувиар нэмэгджээ.
Гэвч байдал удаан үргэлжилсэнгүй “Жүржийн хувьсгал” гэсэн нэр томъёо 2004 онд Украйн улсын нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбай дээр улбар шар өнгийн туг, ороолттой хүмүүс жагссанаар гарч ирлээ. Тухайн үед “Улбар шар Украйн” улс дэлхий дахиныг доргиох шиг болсон билээ. Энэхүү хувьсгал гээч нь 2004 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2005 оны нэгдүгээр сар дуустал үргэлжилсэн юм. Энэхүү улбар шар хувьсгал гээчийн өдөөлт, дөгөөлт, юу болсныг эргээд харахад өнөөдөр манай улс орныг засаглагчид хоорондоо хэрхэн талцаж, хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, улс орноо хохироож, улс төрийн хүчнүүд ард түмнийг хоёр хувааж, тэр дундаас ашиг хонжоо хайгчид төрд шургалж, зарим нь бүр иргэний нийгмийн байгууллагын нэр барин гадны хөрөнгө оруулагчдын дарамтлан мөнгө сааж, улс орноо сүйрлийн ирмэг дээр аваачиж байгаатай яг адил процесс явагдсан байдаг юм.
Украйнчууд өнөөдөр ул¬бар шар хувьсгалыг хийж, ардчиллын замыг бид сонгосон гэж ярьдаг ч тэрхүү хувьсгалаас хойшхи он жилүүдэд тус улсад бүтэлтэй юм огт болсонгүй. Улстөрчдийнх нь хоорондох зөрчилдөөн улс төрийн гүн хямралд оруулчихаад байна. Энэ бол тус улсад хамгийн нөлөө бүхий гэгддэг гурван улстөрч Виктор Ющенко, Юлия Тимошенко, Виктор Янукович нартай холбоотой асуудал. Үнэндээ Киев хотын Майданы талбайд жүржийн хувьсгалыг хамтарч эхлүүлсэн Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд Юлия Тимошенко нарын зөрчилдөөнөөс улбаатай юм. Үүнийг Виктор Янукович тэргүүтэй Бүс нутаг намынхан улс төрийн ашиг хонжоогоор овжноор ашигласан нь сүйрлийн эхлэл байв. Өнөөдөр манайд ямар улстөрчид талцал бий болгож хүмүүсийг турхираад байгаа билээ. Бодох л асуудал. Дотооддоо зөрчил нь дэндэж, эв нэгдлийг эрхэмлэхгүй болоод ирэхээрээ улс орон гадныхны олз болдог нь эндээс харагдаж байна. Ийм үед гадны нөлөө хүчтэй орж ирдэг юм байна. Тухайлбал Ерөнхийлөгч Виктор Ющенко америкчуудын дэмжлэгийг хүртсэн. Харин Ерөнхий сайд Юлия Тимошенко Оросын нөлөөнд орсон. Дээр нь Янукович хэмээх өс хонзон санагч ард түмэн, эх орныхоо хувь заяагаар хэсэг тоглолоо. Энэхүү “Улбар шар” хувьсгалаар 98 хүн амиа алдсан бол өнөөдрийн хувьсгалаар амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгад хүрснийг баримжаалах бололцоогүй болжээ.
Энэ бүх хувьсгал тэгээд өнөөдөр украйнчуудад ямар үр дүнг авчрав. Ямар хөгжил дэвшлийг авчрав. Сүүлийн 30 жилд Украйнд бүх хувьсгал хийгдсэн. Ард түмэн чинээндээ тултал жагсаж, тэмцэж, үймээн самуун дэгдээж, улс орноо тогтворгүй болгодгийг дэлхийд харууллаа, харуулсаар байна. Бүх хийсэн хувьсгалаа яллаа гэж тэд ярьдаг. Тэгвэл хувьсгал хийснээрээ, ялснаараа сайн болдог бол Украйн шиг сайхан улс энэ ертөнц дээр байхгүй байх байлаа. Гэтэл байж байгаа царайг нь хар. Хувьсгал бүрийг хийснээрээ Украйн улс үүн дээр л хожлоо доо гэж хэлэх хүн байна уу. Иргэний дайнд шилжиж, эвдэрч хэмхэрсэн байшин балгас, үхэж үрэгдсэн хүмүүс, салан тусгаарлагсдын террорист халдлагууд, дээрэм тонуул, эдийн засгийн талаар яриад ч хэрэггүй болсон. Украйн улс сүйрлээ хүлээж байгааг дэлхий харж байна. Энэ бүхэн хэдхэн мунхаг улстөрчдийн хэрүүл талцал, мунхаг ард түмний дэвэрсэн сэтгэл зүй, дээр нь гадныхны эрх ашиг ороод Украйн улсыг тарааж орхив. Яг үнэндээ Украйн орныг улстөрчид нь сүйд хийчихлээ шүү дээ. Одоо Украйнд хамаг юм холион бантан болсон.
Уг нь бол Украйн нь улс шиг улс байлаа. Нэгдмэл статустай. 24 муж, нэг автономит бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн хоёр хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлдэг Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрддэг ийм улс байв. Өнөөдөр бүх зүйл өөр боллоо. Украйнд үүссэн хямрал тус улсын 46 сая иргэнийг талцуулж гурван хэсэгт хуваагаад байна. Нэг хэсэг нь зүүн нутгийнхан буюу орос хэлээр ярьда г, Кремлийг дэмжигчид. Харин хоёр дахь хэсэг нь төв болон аруун нутагт оршин суудаг украйн хэлээр ярьдаг барууны талыг дэмжигчид. Гурав дахь нь мэдээж Крымийн хойг. Одоо бол Крымийг орхиё. Ийм л нэгдмэл улс дотоод зөрчилдөөн, ард түмний эв нэгдэлгүй байдал, улс орны удирдагчдын алсын хараагүй, хувиа хичээсэн байдлаас болж улс орноо мөхлийн ирмэгт авчирсныг монголчууд сайн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.
Монголчууд аа, хувьсгал хийснээрээ улсад сайн юм болдоггүй юм байна. Одоо украйнчууд хувьсгал хийе гэж хийрхээд ч хувьсгал хийх улс оронгүй боллоо. Нэгдмэл нэг улс байсан Украйны хотуудыг хар. Донецк, Луганск, Словянск, Краматорск… гэхчлэн зүүн өмнөд Украйны бүх хотын иргэд тусгаар болохоо зарлан иргэний дайнд мордлоо. Дээр нь Крымийн хойг буюу Севастополь хот тусгаар боллоо. Баруун Украйнд Киев, Львов, Ровно… зэрэг олон хотууд улсаа авч үлдэх тэмцэлд оров. Манай Улаанбаатар, Улиастай, Чойбалсантай адил аймгууд шүү дээ. Сая шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо Украйныг дахин эмх журам, хуулийн хүрээнд оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах гэдэг нь бүтэшгүй мэт харагдаж байна. Хичнээн хугацааг үдэж, хичнээн хүний амь нас эрсдэхийг бурхан ч мэдэхгүй болсон.
Ингэж бичсэнээрээ ард түмний тэмцэл хөдөлгөөнийг муулах, өөлөх, болохгүй зүйл гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ хүссэн хүн бүр, хүссэн хувьсгалаа хийнэ гэж ард түмнийг үймүүлж болдоггүй юм байна. Манайд бол хувьсгалчаас их юм байхгүй шүү дээ. Ёстой нэг элбэг дэлбэг гэгчээр бий. Тэд бүгдээрээ “Хувьсгал хийхгүй бол энэ улс сүйрлээ” гэж хашгирдгийг ч бид мэднэ. Харин аз болоход Монголын ард түмэн ухаантай, уужим тэнүүн болохоор хувьсгал хийе гэсэн бүгдийн амаар хөдөлж байгаагүй. Хэмжээ хязгаартай явж иржээ, монголчууд. Баабар бичдэг. Хувьсгалын өртөг өндөр, хувьсгалын өртгөөс болж улс орон дампуурдаг гэсэн нь үнэхээр үнэн юм байна. Украйн хувьсгалынхаа өртгийг төлж дийлэлгүй сөхрөх нь дээ. Манай хувьсгалчид хэдийгээр ялалтад хүртэл тэмцэж байгаагүй ч өртөг өндөртэй байсан болохоор улсынхаа эдийн засгийг тамирдуулахад чамлахааргүй үүрэг гүйцэтгээд ордон, яам, агентлагуудаар тухалцгаасныг бид харж байгаа. Манай улсын эдийн засаг ямар байгаад ямар болсныг хар. Ам.доллар 1800 төгрөг давж 2000 хүрэх гэж явна. Гадны хөрөнгө оруулагчид бүгд нүүр буруулж дайжин зугтав. Ямар ч хууль гаргаж, бид сайн гэж хэлээд хүмүүс үнэмшихгүй байна. ТББ-ууд, Олон нитийн байгууллагууд улс оронд ус агаар шиг хэрэгтэйг бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл мань хувьсгалчдын балгаар эдгээр байгууллагуудын нэр хүнд шороотой хутгалдлаа. Манай хувьсгалчид яаж байсан билээ санацгаая. Бүгдээрээ дараагийн шатны хувьсгалыг ялуулах хэрэгтэй гэдэг байсан. Төрийн ордны онгойдог хаалга бүрийг балбаж нүдэж, цагдаа бүрийн мөрдэсийг хуу татаж өшиглөөд, ард түмний нэрийг барьж эзэнгүй юм шиг туйлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг золбин нохой мэт элдэн хөөж, Оюу толгойн фургон машиныг гэдэргэнэ харуулж шидчихээд ялалтын баяр хэмээн тэмдэглэж байсан нь саяхан. Ард түмнийг уриалж босгочихоод галын шугаман дээр эзэнгүй хаяж таван сайхан залуугийн амиар туг тахиж явцгаасныг ард түмэн мартаагүй. Энэ бүгдийг ард түмэн цааш нь дэвэргээд байсан бол Монгол Улс өнөөдөр ямар байх байсан бол гэж Украйныг хараад айдас төрөх юм. Тэр олон хувьсгалууд ялсан бол хувьсгалыг толгойлж байсан хүмүүс бүгдээрээ төр барих байсан даа. Эд нарт удирдуулаад улс орон хөгжөөд, төвшин амгалан байх байсан болов уу. Дотоод хямрал тэмцэл туйлдаа хүрэх байсан биз дээ. Дэлхий биднийг төр засгаа барьж чадахгүй дампуурсан ард түмэн байна гэж харах байсан даа, өнөөдрийн Украйн шиг. Дэлхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу НҮБ-ын мандат барьсан хоёр хөршийнхөн орж ирж манайхыг элбэн төвхнүүлэх байлаа. Яагаад гэвэл дэлхийн өмнө том гүрнүүдийн хүлээсэн үүрэг гэж байдаг. Нөлөөлөх улс орнуудынхаа энх тайван байдлыг хангах үүрэгтэй. Аз болж ийм юм болсонгүй. Монголын ард түмэн энэ олон хувьсгалыг, хувьсгалчдыг ялуулна гэж дөвчигнөсөнгүй. Олон хувьсгал ялахын сайн юм ерөөсөө байдаггүй нь дэлхийд батлагдсаар байна. Гэхдээ л хувьсгалчдын балаг, цагаа олоогүй эх орончдын хорлол манай улс оронд нөлөөлсөөр байгаа шүү. Бид одоо хоосорсон тулмаараа газар нүдэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчид хэмээн цоллож, ясаа цайтал үзнэ гээд байхаар хэн биднийг дэмжиж, тусалж, хөрөнгөө оруулах юм бэ. Ядаж тэр хувьсгалчид нь бүгдээрээ төрд гараад суучихсан байх юм. Ийм төртэй улсад хэн итгэх вэ. Холуур тойрно биз дээ. Ер нь орчин үеийн дэлхий ертөнц, улс орнуудад хэт хувьсгалч байх, баруун зүүнээр нь ялгах, бусад улс орныг 1, 2, 3 гэж дугаарлахаас болгоомжилж, хянуур ханддаг болчихож. Ийм цаг үед ард нийтээрээ ухаалаг, эвтэй байхыг Украйны хэрэг явдал бидэнд харуулж байна шүү дээ.
Цацраг идэвхт задралаас гарах гамма цацрагаар хүнсний бүтээгдэхүүн дэх бактерийг устгаж болохыг 1898 онд эрдэмтэн С.Прискот нээжээ. Эрдэмтэд 1905 онд хүнсний бүтээгдэхүүний өвчин үүсгэгч бактериудыг цөмийн цацраг хэрэглэн устгаж, хадгалах судалгааг эхлүүлж байж. Одоогоор дэлхийн тавь гаруй оронд 40 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулдаг байна. Европын зарим оронд гэхэд ийм хүнсний бүтээгдэхүүнийг арваад жил хэрэглэж байгаа гэнэ. Хүнсийг цацрагаар шарахад цацраг идэвхтэй болгодоггүй байна. Харин ч эрүүл, тэжээллэг болгодог аж. Цацраг нь мах, далайн гаралтай бүтээгдэхүүний бактери, паразитуудыг багасгадаг байна.
Хэдэн жилийн өмнө хоёр хүүхдийнх нь нэг нөгөөгөө галаас аврахад ээж нь ухаантай, зоригтой хүүгээрээ бахархахаас илүүтэй “Их эзэн л бидэнд тусаллаа” гэж ярьсан байж билээ. Хүү нь зориг гаргаж дүүгээ авраагүй бол их эзэн хүүг галд шатахаас аварчих байсан гэж үү. Мөн бурхны шашин шүтдэг зарим нь ламаар ном уншуулаад л бүх нүгэл арилчихдаг мэтээр төсөөлдөг. Саяхан Гандангийн хажуугаар өнгөрч явтал тэнд ном уншуулах гэж яваа оюутнууд хашаан дахь тагтаанаас нь олон байх юм. Шалгалтандаа гайгүй дүн авчих санаатай ном уншуулж яваа гэнэ. Хичээлээ л сайн уншвал болоо биз дээ. Бурхны ном хичнээн уншуулаад хичээлээ мэдэхгүй бол таагүй л дүн авна. Шашин номонд ч авах гээхийн ухаанаар хандаасай.
Аль ч шашинд энэрэнгүй сайхан сургаал ном их байдаг. Будда сайтар нягтлан судалсны үндсэн дээр сургааль номоо дагахыг сургасан. Түүнээс биш арван хар нүглийг хийчихээд нэг удаа ном уншуулаад л нүглээсээ ангижирчихдаггүй байх. Тэгээд ч хийсэн нүглийг тарни мааниар цайруулахгүй. Бүгдийг бурханд бүү даатга. Зөв явах замыг чинь өөр өөрсдийн сургаалиар шашинд заасан ч аль мууг үйлдээд түүнийгээ бурханд даатгаад буян хийлээ гэж нэрлэх нь яавч зүйд нийцэхгүй. Таны хичээл зүтгэл л хариу болж ирэхээс хоосон залбирал танд юу ч бэлэглэхгүй.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Энэ сард ирэх намар нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл болсон. Нийслэлийн хэмжээнд бүртгэл 73 хувьтай явагджээ. Үлдсэн хүүхдүүдийг наймдугаар сарын 20-ноос бүртгэж эхэлнэ гэж салбарын яамнаас нь мэдээлж байна. Шинэ хичээлийн жилд нийслэлд 23877 хүүхэд сургуулийн босгыг алхан орох нь. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүрэгт элсэн орох хүүхдүүд их учраас нэг ангид олноор сурах явдал буурахгүй аж.
26 жилийн өмнө Испанийн эртний эдлэлийн дэлгүүрээс олсон 200 ам.доллараар худалдаж авсан уран зураг Сальвадор Далийн бүтээл болохыг шинжээчид тогтоожээ. Энэ зураг алдарт зураачийн анхны сюрреалист бүтээл гэнэ. Уран зураг шинжээчид энэ зургийг анхнаас нь ингэж таамаглаж байсан ч батлах баримт олохгүй байж. Рентген туяагаар шинжилсэний үр дүнд алдарт зураачийнх гэдгийг эргэлзээгүй баталжээ. Зурган дээрх гарын үсэг нь зураачийн хориод онд ашиглаж байсан гарын үсэгтэй нь таарсан байна.
“Тэнгэрийн хишиг” компанийнхан өнөөдөр бялууны баяр зохион байгуулах гэж байна. Бялууны баяр өнөөдөр 13.00 цагт тус компанийн төв байрны гадаа болно. Бялууны баярт “Нюанс” хамтлаг, дуучин Г.Ариунбаатар, Б.Хонгор нар оролцож ая дуугаа өргөх юм байна. Мөн Хүүхдийн ордны хүүхдүүд авъяасаа сонирхуулах нь. Баярын үеэр “Бялуу чимэглэх ур чадвар” анхдугаар уралдааны шагналт тогооч нар чадвараа харуулах аж. Энэ үеэр амталгаат худалдаа зохион байгуулж, бялуу худалдан авсан хүмүүст урамшууллын карт өгөхөөр болжээ.
Хөдөлмөрийн яам,Монголын залуучуудын холбоо хамтран долоо хоног бүр оюутны хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Оюутнууд авто зам, нөхөн сэргээлт, барилга байгууламж, уул уурхай, ой цэвэрлэгч, цэцэрлэгжүүлэх ажил хийх боломжтой аж. Эдгээр ажлууд Налайх, Төв, Дорнод, Булган зэрэг аймгуудад өрнөх нь. Зун ажиллах оюутнууд сард 500 мянгаас сая хүртэл төгрөгийн цалин авах юм байна.
“Мүүдис” агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг тогтвортой түвшнээс бууруулж сөрөг хэмээн тодорхойлжээ. Мөн Засгийн газрын үнэт цаасны B1 үнэлгээг баталгаажуулсан байна. Харин Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлвийг нэг шатлалаар бууруулан “сөрөг” хэмээн дүгнэжээ. “Мүүдис” зэрэглэл бууруулсан шалтгаанаа Монголын гадаад валютын нөөц огцом буурч, зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хурдтай өссөнтэй холбон тайлбарлаж байна. Гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн аж. Тодруулж хэлбэл 18.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 156.8 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Үүнийг B1-B3 зэрэглэлтэй бусад оронтой харьцуулахад хэтэрхий өндөр байгаа аж. Төв банк өнгөрсөн оноос мөнгөний бодлогоо зөөллөсөн нь зээл огцом өсөхөд нөлөөлжээ. ”Мүүдис”-ийн хувьд эдгээр шалтгаанууд Монголд ойрын хэдэн жил валютын хямрал үүсгэх нөхцөлийг лавшруулж байна гэж үзжээ.