Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад 82.3 мянган хүн ажилгүй байна

Ажиллах хүчний судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 (62.2 хувь) сая нь ажиллах хүч, 868.5 (37.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний 1.3 (94.2 хувь) сая нь ажиллагчид, 82.3 (5.8 хувь) мянга нь ажилгүй хүн байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 (5.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1 хувь) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.5 (14.7%) мянгаар өссөн байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 27.8 (3.2 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 0.2 (0.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 8.5 (23.4 хувь) мянгаар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргав DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй DNN.mn

Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна.

Тухайлбал, энэ оны 08 дугаар сарын 06, 16-ны өдрүүдэд иргэн “Г” нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэгийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй, тагтаа, ногтруу шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн тус аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч “Ц” нь “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үед Lexus-470 маркийн авто машиныг зогсоон шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алба хаагчийг тээврийн хэрэгслийг зогсоох гэж оролдох үед мөргөж зугтаасан байна. Зугтсан тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн замын цагдаагийн хяналт, шалгалтын постуудад болон сумдад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт “Д” нь гадаад улсын иргэн болох Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл тус тус ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” фестивалийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ DNN.mn

Фестивальд ирэх болон буцах иргэд, жуулчдад зориулсан нийтийн тээвэр дараах хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилж байна.  Та бүхэнд Сүхбаатарын талбайгаас болон”Нүүдлчин” фестивалийн зогсоолоос үйлчлэх автобусны цагийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт нүүдэлчин өв, соёлыг нэгэн дор цогцлоосон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өнөөдрийн /2024.08.18/ хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байна. Бүртгэл өнөөдөр дуусна.

Үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүр E-Mongolia системээр заавал бүртгүүлнэ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 19-нөөс 2024.08.21-ний өдрүүдэд бүртгүүлсэн гар утасны дугаарт зурвасаар мэдээлнэ. Мөн E-Mongolia системээр рүү орж шалгах боломжтой.

https://parent.edu.mn/-д хандаж явцын мэдээллийг харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн хоолны салбарын орлого 136.8 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны эхний хагас жилд 816.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буюу 136.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү өсөхөд

  • рестораны орлого өмнөх оны мөн үеэс 21 хувь буюу 81 тэрбум төгрөг,
  • кафе 24.7 хувь буюу 13.9 тэрбум төгрөг,
  • цайны газар 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг,
  • катеринг 19 хувь буюу 27.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 57.3 хувийг ресторан, 10 хувийг цайны газар, 21.1 хувийг катерингийн орлого тус тус эзэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно” гэв DNN.mn

“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай.

Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг зохион байгуулахад “Тэсо” группийн “Альфа зоне” төсөл зөрчлөө арилгаагүй, мөн “М-Си-Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илрээд байна.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй “М-Си-Эс Проперти” ХХК, “Тэсо Пропертис” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талбайд ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Зөвхөн хоёр байгууллагаар ороход барилгын компаниуд зардлаа хэмнэх үүднээс нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа зөрчлийг илрүүлээд байна. Үүнээс болж “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу борооны ус хальж байна. Тиймээс бид улсын байцаагчийн шийдвэр гаргуулж дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно. Мөн өөрсдийн зардлаар хөрсний ус зайлуулах ажлаа гүйцэтгээгүй зөрчилд нь зохих торгуулийг оногдуулахаар холбогдох газарт үүрэг болгоно. Ирэх даваа гарагт ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа ажилд хяналт, шалгалтыг зохион байгуулан зөрчлийг арилгуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Гэрэлтогтох: Нийслэлийн хэмжээнд 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан DNN.mn

Нийслэлийн 78 байршилд зам засвар, арчлалтын ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Санхүү, захиргааны хэлтсийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Гэрэлтогтохоос тодрууллаа.


-Нийслэлд одоогийн байдлаар нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдээд байна вэ?

-Зам засвар, арчлалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Нөхөн сэргээлтийн ажлууд арваннэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан. Эвдрэл нөхөн засварлах ажлын хүрээнд 115 мянган м.квадрат замыг засварлаад байна. Намьяанжугийн гудамж, Амгалан, Орбитын буюу Цэргийн хотхоноос тахилтын уулзвар хүртэл, Бага тойруу, Нарны зам, УБЦТС-ын баруун талын авто зам, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богд уулын арын авто зам, Хилчний гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Нэгдсэн үндэсний гудамж гэсэн нийт 13 байршилд зам засвар, арчлалтын ажлыг хийж бүрэн дууссан. Энэ оны эхний хагаст 17.55 км авто замд засвар шинэчлэлт хийсэн байна. Мөн Мишээл экспогийн зүүн хойд хэсэгт байх Эрэлийн хажуугаас шууд говийн замтай холбогдох шинэ зам тавигдсан.

-Дүнжингаравын зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Яг одоо хийгдэж буй томоохон ажил бол яах аргагүй Дүнжингаравын урд талын зам. Дүнжингаравын уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Суурийн ухмалын ажил дууссан. Газар чөлөөлөлтийн асуудлаас болж түр зогссон. Газар чөлөөлөлтийн асуудал шийдэгдчихвэл ажил цааш хэвийн үргэлжилнэ. Мөн Дүнжингаравын зүүн талд зургаан эгнээтэй томоохон нүхэн гарцын ажил хийгдэж байна. Асфальт бетон хучилтын ажил хийгдэх гэж байгаа. Дүнжингаравын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө буюу Баянзүрх дүүрэг хүртэл далан дагаж явсаар холбогдох зам юм. Тухайлбал, Дүнжингараваас Нарантуулын зам руу орж, цааш явсаар Баянзүрх дүүргийн баруун хэсгээр гарах зам гэсэн үг. Энэ нь түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй байх болно.

-Яармагийн гүүрний зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ тал дээр яг тодорхой хариу хэлэх боломжгүй. Аль болох шахаж, хурдан ашиглалтад оруулах үүрэг өгч байгаа. Гүүрнүүдийн хувьд бүрэн ашиглалтад оруулахад бэлэн байгаа.

-22-ын товчооны авто замын засвар бүрэн дууссан уу. Наадмын үеэр их ачаалалтай байсан?

-22-ын товчооны авто замд суурь асфальт, бетон хучилт, шугам сүлжээний ажил, бродур суурилуулах ажил хийгдэж дууссан. Одоо харин хэсэгчилсэн байдлаар өнгө асфалть, бетон хучилтын ажил хийгдэж байгаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч ус зайлуулах системтэй болсон. Өөр ямар замд ус зайлуулах систем хийгдэж байна вэ?

-Эрдэнэтолгой болон Хангай хотхоноос урагш чиглэлд ихээхэн хэмжээний ус тогтдог учир эвдрэл үүсдэг. Ус зайлуулах шугам

сүлжээний ажлыг хийхгүй бол хэчнээн засварласан ч дахиад л амархан эвдрэх юм. Тус газруудын нөхцөл байдалтай хотын дарга өөрийн биеэр очиж танилцсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд Геодези, Усны барилга байгууламжийн газартай хамтарч тухайн газрын авто замын засвар, арчлалтын ажил хийгдэж байгаа. Эрдэнэтолгой нь булагтай болохоор ус их тогтдог. Гурван байршилд булаг үүсч зам руугаа хальж урсдаг. Тухайн бүсэд борооны усыг замаасаа доош нь урсгаж ус зайлуулах гаргалгаа гаргах юм бол ойр тойрны айлууд үерт автах эрсдэлтэй. Учир нь айлууд зам руугаа шахаад хашаалчихсан. Тиймээс тухайн хэсэгт ус зайлуулах шугам сүлжээний ажлыг цогцоор нь хийж байж тухайн асуудлыг шийдвэрлэх юм. Мөн Зурагтын авто замын тендерийг дахин зарласан байгаа тул хэсэг хугацааны дараа зам засварын ажил эхэлнэ.

-Энэ онд нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдэх вэ?

-Нийт 78 байршилд авто зам засвар, арчлалтын ажил хийгдэхээр төвлөгдсөн. 13 нь бүрэн дууссан. Үлдсэн 65 ажилд ус зайлуулах шугам сүлжээний ажил цогцоороо хийгдэнэ. Тиймээс хотын ихэнх гудамж замуудын эвдрэл гэмтэл багасна.

-МУИС-ийн арын авто зам засварын ажил зургадугаар сард бараг ажлын тав хоногт хийгдсэн. Харин өөр замууд яагаад ийм удаашралтай байна вэ?

-Зам засварын ажил тухайн хэсгийн ус зайлуулах худгийн таг өндөрлүүлэхээс эхэлж байгаа юм. Бродур солих, замыг өргөсгөх гэх мэт ажлууд замыг хаахаас өмнө хийгдэж байдаг. Тухайн ажлууд хийгдэж дууссаны дараа буюу асфальт бетон хучилт авахад бэлэн болох үед замыг хаадаг. Аль болох түргэн шуурхай зохион байгуулалт төлөвлөгөөний дагуу бүх ажил явагддаг. Асфальт бетон хучилт авахдаа л замыг хаадаг. Мөн зарим хувийн байгууллага хотхон дундуур стандартын бус авто зам барьж улсын өмчид хүлээлгэж өгөөгүй асуудал байдаг. Тийм болохоор нийслэлийн зүгээс засвар, арчлалт хийх боломжгүй. Мөн иргэд буруу ташаа ойлголттой байдаг. Бродур солихын эсрэг байдаг. Авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор зайлшгүй бродур солих шаардлагатай. Хуучин авто зам дээр давхарлаж хучилт хийж байгаа болохоор замын өндөр нэмэгдэж байгаа юм. Бродур нь стандартынхаа дагуу замаасаа 15 см өндөр байх ёстой. Хуучин бродурыг дүүргүүд рүү хүргүүлж байна. Мөн санал хүсэлтээ ирүүлж байгаа аж ахуйн нэгжүүд рүү өгдөг. Шууд хаяхгүйгээр дахин ашигладаг гэсэн үг.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

О.Дашпагам: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна DNN.mn

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.


-Хүний папиллома вирусийн халдвар нь хүнд ямар хор нөлөөтэй вэ?

-Хүний папиллома вирусийн халдварыг авснаар эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан болдог. Эрэгтэйчүүдийн хувьд энэ вирусийн халдварыг авснаар ерөнхийдөө умайн хүзүүний хавдартай харьцуулахад тооны хувьд бага ч гэсэн зарим төрлийн хавдруудыг үүсгэдэг. Үүнд нь анус, шодойн хавдруудыг нэрлэж болно. Зарим улс оронд хүзүү толгойн хавдар бүртгэгдсэн тохиолдол бий.

-Энэхүү вирусийн халдварын эсрэг вакцин манайд хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ?

-Энэ хавдрын эсрэг вакцин нь манай улсад өмнө нь өвчлөл өндөртэй аймаг, дүүргүүдэд хийгдэж байсан.

Сайн дурын дархлаажуулалт гэж Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийлгэх зохицуулалтаар 2020 оноос эхлэн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж ирсэн. Үүнээс гадна манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаасан. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.

2024 оноос эхлэн 11 настай охид, хөвгүүдээ энэ вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах Үндэсний товлолт батлагдаж, хэрэгжиж эхлэх гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцин гэдэг утгаараа үнэ төлбөргүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс бие даасан Дархлаажуулалтын тухай хуультай. Заавал хийх Үндэсний товлолт вакцинаар хүүхдүүдийг вакцинжуулснаар ирээдүйд үүсч болох халдвар, хавдруудаас сэргийлж байгаа юм. Үндэсний товлолт гэж хүүхдийг хэдэн настайд нь ямар төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг хэдэн удаагийн тунгаар хийх вэ гэдгийг хэлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг. Уг тогтоолыг 2023 онд шинэчлэн баталсан. Энэ тогтоолын дагуу Үндэсний товлолтоор 11 настайд нь хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулснаар ирээдүйд хүүхдүүд маань хавдраар өвдөх эрсдлээс сэргийлж буй юм.

-Тус товлолтын вакцин хэзээнээс хаана хийгдэж эхлэх вэ?

-Бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж түрүүн хэлсэн. Вакцинжуулалтыг эхлэхийн өмнө мэргэжлийн сургалтууд зохион байгуулагдана. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Дархлаажуулалтын нэгж болох сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр түшиглэж товлолт дархлаажуулалт маань явагддаг. Товлолт дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ хүүхдүүдээ дагуулж очоод үнэ төлбөргүй хийлгэдэгтэй яг адилхан зохион байгуулагдана. Үндэсний товлолтын хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэг удаагийн тунгаар хийгдэнэ.

Мөн энэ онд Дархлаажуулалтын зөвлөх хорооноос олон улсад өгсөн зөвлөмжид энэ вакциныг нэг, хоёр тунгаар хийх нь тухайн улс орнуудын шийдвэрээс хамаарна. Нэг, хоёр тунгийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж тусгасан байдаг.

-Үндэсний товлолтод заасан 11-ээс дээш насны хүүхдүүд уг вакцинд хамрагдах боломжтой юу?

-Вакцин үйлдвэрлэгчийн заавар бол их чухал байдаг. Энэ вакциныг есөн настайгаас хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн заавартай. Гэхдээ улс орон бүр өөрсдийн Үндэсний товлолтоор аль насныхнаа уг вакцинд хамруулах вэ гэдгээ шийддэг. 11-ээс дээш насны хүүхдүүд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад төлбөрөө төлөөд вакцинд хамрагдах боломжтой.

-Насанд хүрэгчдийн хувьд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Үндсэн товлолтод хамрагдахаас бусад 18 хүртэлх насны хүүхдүүдийг насны ангиллаас нь хамааруулан хоёроос гурван тунгаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу ямар нэг шинжилгээ шаардахгүйгээр сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа.

18-аас дээш насныхны хувьд хүний папиллома вирусийн халдвар авсан эсэхээ шинжлүүлэх шаардлагатай. Шинжилгээгээр уг вирусийн халдваргүй тохиолдолд сайн дурын вакцинжуулалтад хамрагдана. Ихэвчлэн 26 хүртэлх насанд энэхүү вакциныг хийлгэхийг зөвлөдөг.

-Вакциныг биеийн аль хэсэгт тарих вэ. Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Вакцины дараахь ерөнхий хариу урвалууд гэж бий. Вакцин хийсний дараа тарьсан хэсэгт хавдах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь хариу урвал багатай гарын булчинд тарьдаг вакцин юм.

Тухайн үед хүүхэд маань халдварт өвчнөөр өвдсөн, архаг хууч өвчин нь сэдэрсэн, халуурч байвал уг вакциныг хойшлуулах заалттай. Вакциныг өмнө нь хийлгээд өндөр хариу урвал буюу хүндрэл өгч байсан бол мөн вакцины эсрэг заалттай гэсэн үг.

Олон улсын судалгаанаас харахад урт хугацааны дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ тухайн хүний дархлааны системээс шалтгаалж дархлаа тогтох хугацаа нь харилцан адилгүй байдаг.

-Иргэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины тал дээр хэр ойлголттой байна вэ?

-Энэ вакциныг хүлээсэн, хийлгэх хүсэлтэй хүмүүс их бий. Иргэд мэдээлэл сайтай байна. Нэг ч гэсэн хүн хавдраас сэргийлэгдэх нь их ач холбогдолтой шүү дээ. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хоёр дахь тарилга юм. Нэгдүгээрт, В вируст гепатитын эсрэг вакцинд ордог.