Categories
гадаад мэдээ

“P4G” цахим уулзалт БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөжээ

-ТОВЧХОН-


Өнгөрсөн ням гаригт нээлтээ хийсэн “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл ба дэлхийн зорилтууд 2030” буюу “P4G” цахим уулзалт БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөжээ. Хоёр хоног үргэлжилсэн тус уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хойшлуулшгүй аюул занал учруулж буйг нотлоод, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөхиүлэн дэмжихийг уриалцгаажээ. Энэхүү уулзалтад 60 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлсэн үгэндээ олон улсын ногоон өсөлтийн институтийн дэргэд таван сая ам.долларын сан байгуулахаа амлажээ. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд байгаль орчныг хамгаалсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд төсвийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ хуралдаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Жон Керри, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар оролцжээ.

l l l

Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяхуг өрсөлдөгчид нь эвсэж, албан тушаалаас нь огцруулж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь Израилийн хэт барууны үзэлт “Ямина” намын тэргүүн Н.Беннет өнгөрсөн ням гаригт сөрөг хүчин болох Өөрчлөлтийн блок намын тэргүүн Яир Лапидтай эвслийн засгийн газар байгуулахаар хэлэлцэж буйгаа мэдэгдсэн юм. Түүний онцолсноор хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадвал Израилийн улс төрийн тогтвортой байдлыг хангаж, парламентын сонгууль дахин явагдахаас сэргийлэх зорилготой аж. Улмаар 12 жил Засгийн газрыг удирдсан Б.Нетаньяхугийн хувьд төгсгөл ирэх бололтой. Сүүлийн хэдхэн сарын дотор Израильд парламентын сонгууль дөрвөн удаа болжээ. Израилийн дараагийн ерөнхий сайдаар томилогдох өндөр магадлалтай гэгдэж буй Н.Беннет нь 49 настай агаад технологийн салбараас төрсөн саятан аж. Тэрээр 2013 онд улс төрд хөл тавьжээ. Н.Беннет нь Б.Нетаньяхугийн засгийн газарт Батлан хамгаалахын сайдаас гадна Боловсрол болон Сангийн сайдын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *