-НЭГ НЬ ШАЛГАЛТ АВЧ БАЙГАА БОЛЖ ДҮР ЭСГЭЭД НӨГӨӨ ХЭД НЬ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА ГЭЖ ХАРИУГАА ХУУЛЖ БИЧЭЭД СУУЖ БАЙГААТАЙ ЭВЛЭРЧ ЧАДААГҮЙ-
Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг энэ сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулагдсан арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын хариултыг цахим сүлжээгээр тараасан хэрэгт буруутгагдаад байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаж, энэ сарын 30-нд математикийн шалгалтыг дахин авсан. Тэгвэл арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын хариуг задалсан хэмээн буруутгагдаад байгаа Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан П.Өлзийхишигтэй ярилцлаа.
-Таныг математикийн шалгалтын хариуг тараасан гэж буруутгаж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс таныг тараасан гээд мэдэгдэл гаргасан байна лээ?
-Би боловсролын салбарт 17 жил ажиллаж байна. Сургалтын менежерээр ажлаад 12 жил болжээ. 72 дугаар сургуульд ажиллаж байхад олон жил ажилласан сургалтын менежерүүдийг сэлгэн ажиллуулах шийдвэр гарч, 49 дүгээр сургуульд томилогдон очсон. Ингээд гурван жил гаруй хугацаанд тус сургуульд ажиллаж байгаад сая халагдчихлаа. 2000 онд сургуулиа төгсч, 2002 онд үндэсний сургагч багш болж байсан. Оюутан байхаасаа эхлээд мэтгэлцээний урлагаар хичээллэж ирсэн. Багш болоод ч үүнийгээ хөгжүүлж ирсэн. Боловсролын салбарт 17 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй гэдгээ хэлмээр байна.
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас эхлээд Боловсролын үнэлгээний төв, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс гээд бүгд намайг буруутгаж байна. Аливаа зүйлийг буруугаар олон нийтэд ойлгуулах, мушгин гуйвуулах амархан юм байна.
Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн 17 жилийн хөдөлмөр нэг л өдөр байхгүй болдог юм байна даа. Боловсролын салбарт шударга ёс байхгүй болчихсон юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Ярилцлагынхаа эхэнд шударга үнэний төлөө явсан хүн ийм байдалд ордог юм байна шүү. Тухайн үед юу болсон бэ. Яагаад намайг шалгалтын материал тараасан гэх үндэслэлээр буруутгах болсон гэдгийг үнэн зөвөөр хүмүүст хүргэмээр байна. Улсын шалгалтыг хэрхэн авдаг талаар эхлээд ерөнхий ойлголт өгсөн нь дээр гэж бодож байна. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан гэрээ хийдэг. Улсын шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн www.esis.mn сайтад байршуулдаг. Нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд татан авч, тухайн сургуулийн шалгалтын комисс олшруулж аваад шалгалтаа авдаг. Бүх сургууль нэг цагт шалгалтаа эхэлж, нэг цагт дуусдаг. Шалгалт авч дуусаад 30 минут болсны дараа хариу нь ирдэг. Ийм байдлаар улсын шалгалт авдаг.
-Тэгвэл энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын үеэр яг юу болсон юм бэ?
-Математикийн шалгалт эхлэх гэж байтал арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо “Шалгалтын материалын түлхүүр задарчихсан. Энэ байна” гээд хоорондоо ярилцаад цээжлээд эхэлсэн. Бүх зүйлс бидний нүдэн дээр ил цагаан яригдаж эхэлсэн. Тухайн үед надад “Арай ч дээ, энэ хүүхдүүдэд багш нар өөрийнхөө сэтгэл зүрх, оюун ухаан цаг хугацаа гээд бүх зүйлийг зарцуулж 12 жил хичээл заасан. Өөрийнхөө мэдэж чадаж байгаа бүх зүйлийг зааж сургасан. Мөн багшийнхаа хэлсэн ярьсан болгоныг хүлээн авч, олон шөнө, өдөр хичээл хийсэн сурлага сайтай сурагч олон байгаа. Гэтэл тэр их хөдөлмөр ямар ч үр дүнгүй болох юм гэж үү. Тааруу сурлагатай, багш нарыг хичээл орж байхад үл хүндэлж, байнга үймүүлж, бусдын сурч, мэдэх эрхэд халддаг, гэрийн даалгавраа огт хийдэггүй, мөнгө төгрөгтэй хүүхдүүд шалгалтын материалын хариуг мөнгөөр худалдаад авчихдаг байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ. Шалгалт авч байгаа бидний нүдэн дээр шууд хуулж байгаа шударга бус зүйлтэй хэдий болтол эвлэрч явах юм бэ” гэж бодогдсон. Үнэндээ шалгалт авах ямар ч утгагүй болсон. Нэг нь шалгалт авч байгаа болж дүр эсгээд, нөгөө хэд нь шалгалт өгч байна гэж хариугаа шууд бичээд сууж байгаатай эвлэрч чадаагүй юм аа. Тэгээд л шууд шалгалтын материалыг гаргаж ирээд сурагчдад түлхүүртэйгээ тулгаад хар гээд өгчихсөн. Надад шалгалтын хариу ирээгүй. Зөвхөн материал бүхий бодолтууд ирсэн. Болж өнгөрсөн зүйл ердөө л энэ шүү дээ. Манай сургуулийн хүүхдүүд шалгалтын хариуг мөнгө нийлүүлж байгаад 200 мянган төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ингээд хэдийнэ тараагдаад сурагчид шалгалтандаа хариуг нь аваад орцгоосон. Түүнээс би шалгалтын хариу түлхүүрийг тараагаагүй шүү дээ. Надаас өмнө аль хэдийнэ тараагдчихсан байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Надад шалгалтын хариу шалгалтаас өмнө ирэх ямар ч боломж байхгүй. Гэтэл улс даяар хэдийнэ хариу нь гарчихсан, тараагдчихсан байсан.
-Таныг фэйсбүүкээр тараасан гэж буруутгаад байгаа юм биш үү?
-Худалдаж авсан хариугаа минийхтэй таарч байна уу гээд өгсөн түлхүүрийг сурагчид фэйсбүүк хаяган дээрээ тавьсан юм билээ. Ингээд л асуудал үүссэн. Энэ нь намайг буруутгах гол үндэслэл болсон юм шиг байгаа юм. Бид чинь сурагчдадаа үргэлж шударга, хүнлэг байх талаар сургаж хүмүүжүүлж ирсэн. Гэтэл шударга үнэн хаана байна вэ. Намайг буруутгах хүн олон байх шиг байна. Гэхдээ би өөрийгөө “Шударга бус байдлын төлөө зөв зүйтэй зүйл хийсэн юм байна даа” гэж бодсон. Багш нарыг маш их ажилтай байгааг мэдэж байна. Гэхдээ багш, сурагчдын 12 жилийн хөдөлмөр үнэнээр үнэлэгдэх ёстой. Амьдралд хөл тавих гэж байгаа хүүхдүүд мөнгөтэй л бол шударга зүйл гэж байхгүй юм байна. Хичээлээ хийхээс илүүтэй мөнгө олж, хэн нэгнийг хуурч мэхлэн шалгалтандаа өндөр үнэлгээ авна гэх ойлголт авч байна шүү дээ. Сэтгэл зовоосон гол асуудал нь энэ юм. Боловсролын салбарын үнэн нүүр төрх ийм л байна. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон.
-Өнгөрсөн жилүүдэд шалгалтын хариу тараагдсан асуудал гарч байсан уу. 2016 онд элсэлтийн ерөнхий шалгалтын хариу нь сурагчдад тараагдсан гээд бөөн асуудал гарч байсан байхаа?
-Олон хавар нэгэндээ гэдэг нь энэ жил болсон. Өмнө нь шалгалтын хариу задарсан асуудал байнга л гарч байсан. 12 жил хичээлдээ тааруу сурсан хүүхэд гэнэт шалгалтандаа цоороод шууд 100А үнэлгээ авч, 12 жил тасралтгүй онц сурсан хүүхэд 90А авч байх жишээтэй. Сургуулиараа шалгалтаа өндөр үнэлгээтэй өгнө гэж байхгүй биз дээ. Ийм байдал олон удаа давтагдаж байсан. Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын хариу мөн л задарсан асуудал гарсан. Боловсролын үнэлгээний төв шалгалтын хариу задраагүй гэсэн мэдэгдэл гаргаад л өнгөрсөн. Өнгөрсөн жил нэг сургууль дээр сурагчид математикийн багшаараа бодлого бодуулсан байгаа юм. Тэгсэн маргааш нь бодож өгсөн тэр бодлого нь бүгд ирсэн байх жишээтэй. Бүр улсын шалгалтын хариу 200 мянга, элсэлтийн ерөнхий шалгалтын хариу 800 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалдаг гэх яриа байнга гардаг. Энэ жил математикийн шалгалтаас гадна бусад хичээлийн шалгалтын хариу мөн л задарсан. Бүр ил цагаандаа гарцгаасан байна лээ. Намайг материал задалсан гэх асуудал гарсны дараа хамт ажиллаж байсан багш, сурагчид, өөр сургуулийн сургалтын менежерүүд надад хандаж “Чамайг шалгалтын материал задалсан гээд л байсан. Энд аль хэдийнэ задарчихсан байна шүү дээ” гээд мэдээллийг нь явуулж эхэлсэн. Анх ямар сурагч, хэн гэдэг хүүхдүүдэд өгсөн талаарх мэдээлэл баримттай ирсэн. Үүнийгээ бариад Боловсролын үнэлгээний төв дээр очиж, баримтаа үзүүлж, болж байгаа үйл явдлыг хэлсэн. Гэтэл тэр мэргэжилтэн “Өнөөдөр шалгалтын хариу түлхүүр задрахгүй. Ёстой задрахгүй” гэж хэлсэн. Мэтгэлцээнийг удирдаж, багш нарын сэтгэл зүйн судалгаа авдаг хүний хувьд их сонин байдал надад ажиглагдсан. Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг боловсруулж гаргаад, өөрсдөө шалгалтын хариу түлхүүрийг бэлддэг. Жирийн сургалтын менежер шалгалтын материалыг задруулах ямар ч үндэс байхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төв маш сайн мэдэж байгаа. Гэвч хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ гэдэг зүйл болсон доо.
-Таныг ажлаас чинь халсан гэсэн. Ямар үндэслэлээр ажлаасаа халагдаад байна вэ?
-Би Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй улсын шалгалт авах нууцлалын гэрээ хийсэн юм. Тэр гэрээний дагуу ажлаас халж байна гэсэн. Ингээд л ажлаасаа халагдсан. Үнэндээ намайг халж байгаа үндэслэл нь хууль бус. Гэм буруутай нь шүүхээс тогтоогдоогүй байхад ажлаас халж болохгүй юм билээ. Манай сургуулийн захирлыг намайг халсан гэсэн албан бичгээ хурдан авчирч өгөхгүй бол чиний ажлын байртай ярина гэсэн асуудал ч гарч ирсэн байдаг. Ингээд арга буюу халагдаад гэртээ сууж байна даа. Боловсролын салбарт 17 жил ажиллахдаа гэр бүлдээ ч олигтой анхаарал хандуулж чадалгүй хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ард түмний хүүхдийн сайн сайхны төлөө ямар их цаг гаргаж өөрийгөө зовоож ажиллаж байсан бэ гэдгийг надтай хамт ажиллаж байсан багш нар, хамт олон минь хэлээд өгнө. Надад нэг л алдаа байгаа. Тэр нь хэтэрхий шударга зантай. Хар бага наснаас аав, ээж, багш нарын шударга байх хүмүүжлээр өссөн. Тиймээс шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй зантай. Энэ зангаасаа болж өнөөдөр ажлаасаа халагдчихаад сууж байна. Гэхдээ хэн улсын шалгалтын материал түлхүүрийг тараасан бэ гэдэг нь тодорхой болж буруутай этгээд тогтоогдоогүй байхад миний нэр, албан тушаал, сургуулийг Боловсролын үнэлгээний төвөөс шууд зарласан. Хүний амь нас хөнөөсөн хүнийг хүртэл шүүхээр шийдэгдээгүй байхад нэрнийх нь эхний үсгээр явдаг биз дээ. Гэтэл миний нэр төрд халдаж, эрхийг минь зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандана. Шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Шударга үнэн хэзээд ялдаг гэдэг биз дээ. Шударга зүйлийн төлөө явна.