Categories
мэдээ улс-төр

П.Цагаан: Хуудуутай дүгнэлтдээ залруулга хийхгүй бол шүүхэд хандана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаантай ярилцлаа.


-Таныг АСЕМ-аас мөнгө завшсан хүмүүсийн нэг гэх утгатай мэдээлэл яваад эхэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн үед эрх мэдэлтэй хүмүүс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зохион байгуулалттай бүлэглэж, мөнгө хулгайлж, завшсан тухай мэдээлэл олон түмнийг бухимдуулж байна. энэ хулгайн тухай мэдээ маш хүчтэй гарч ирлээ. Гэтэл урьд өмнө хэзээ ч байгаагүй энэ булай хэргээ өөр нэг дуулианаар дарах гэсэн зорилготой ч юм уу, ямар зорилго агуулж буй нь мэдэгдэхгүй Асем-ын үеэр их хэмжээний мөнгө завшсан юм шиг утгатай, зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Уг гүтгэлэгтэй холбогдуулж, зөвхөн өөрт холбоотой гэх зүйлээ баталгаатай хэлье. тодруулбал, намайг 321 сая төгрөг завшсан, шамшигдуулсан гээд байгаа. Энэ бол ичгүүр сонжуургүй хардлага, гүтгэлэг. Үүний үндэслэл гээч нь Аудитын газрын дүгнэлт гэх хуудуутай, ямар ч баталгаа нотолгоогүй цаас. Үүнд бүр их дургүй хүрч байна. Би Асем-ыг зохион байгуулахад хурлын байр, таван удаагийн хуралд ирэх 5000 гаруй гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээж авах зочид буудлын асуудлыг хариуцаж ажилласан. Асем-д ажилласан хүмүүс хулгайчид биш, цалин хөлсгүй, эх оронч сэтгэлээр зүтгэсэн гэдэгт итгэдэг.

-Тэрхүү зочид буудлуудыг хариуцаж ажиллахдаа таныг мөнгө завшсан гэсэн нь гүтгэлэг юм уу?

-Зуун хувь гүтгэлэг. Залруулга хийхгүй бол шүүхэд өгнө. “нэр хугарахаар яс хугар” гэдэг. Би хулгай хийхийг үнэн голоосоо үзэн яддаг. Асем-ын олон мянган зочдыг хүлээн авах төрийн буудал гэж байна уу?

Байхгүй. Тэр ачааг хувийн зочид буудлууд үүрсэн. Нэр төртэй үүрч ард нь гарсан. Тэдэнд гүнээ талархах ёстой. Тэдгээр зочид буудлын ажил эрхэлдэг хүмүүсийн зарим нь зээл авч, буудлаа зассан. Зарим нь гадны тусламжаар цагаан хэрэгсэл, ор дэрээ шинэчилсэн. Гэвч нийт зочид буудлуудад зочдыг хүлээж авах, тав тухтай байрлуулах, үдэж гаргах, баталгаатай хоол хоол хүнсээр хангах, унаа тэрэг, газарчин, аюулгүй байдал гээд хэд хэдэн чиглэлээр нэгдсэн нэг стандартын сургалт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнийг шийдэж өгөөч гэсэн утгатай Санамж бичгийг Хөдөлмөрийн сайдтай байгуулсан. Сайд ч дэмжсэн. Үр дүнтэй ажил болсон. Гадаадын зочдыг ч сайхан хүлээж авсан, ард нь манай улсын аялал жуулчлалын бааз, хүний нөөц, үйлчилгээ ч сайжирсан. Нэг сумаар хоёр туулай намнасан гэсэн үг.

Уг сургалтыг Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Гадаад хэргийн яам, Зочид буудлын холбоо, мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу гадаад, дотоодын багш нартай хамтарч, зохион байгуулсан байгаа. Баримт бичиг нь ч байна. Өөрөөр хэлбэл, миний шууд оролцоогүй, миний гарын үсэггүйгээр явсан ажил.

-Тодруулбал…?

-Жишээ нь, энэ Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар нь байна. Хариуцлагатай хандсан ч байна лээ. Энд, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг нарын гарын үсэг баталгаажуулалттай байгаа. Гэрээ байгуулсан гүйцэтгэгч, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, Хянасан АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Амарсанаа нар юм. Захиалагч нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Хянасан Санхүү, эдийн засгийн газрын Сангийн зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбажав, Танилцсан санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн гэсэн хүмүүсийн гарын үсэг, тамга тэмдэг нь дурайтал харагдаж байна.

-Дээрх хүмүүс таныг мөнгө шамшигдуулаагүй гэдгийг батлах юм уу?

-Аудит нь очоод асууж лавлаг л дээ. АСЕМ-ыг өнгөрөн өнгөртөл мөнгө шамшигдуулах тухай биш, яаж мөнгө олох тухай л өдөр бүр хэлэлцдэг байсныг сайн санаж байна.

Ямар ч баталгаа нотолгоогүй хуудуутай дүгнэлт гаргаж буй Аудитын газрын үйл ажиллагааг их гайхаж байна. Хуудуутай мэдээлэл түгээж төрийг самууруулж, нийгмийг бухимдуулах ажил л хийж байх шиг байна.

АСЕМ-ын үеэр ажилласан бүх хүмүүс хулгайч, луйварчид юм байна гэсэн мэдээлэл дэлхий даяар цацагдчихлаа. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг шалан дээр унагаж байна. Төрийн эрх ашгийн эсрэг гэмт үйлдэл. Хүн ч, улс ч нэрээ бодох хэрэгтэй. Алтаар бичигдэх түүхэн үйл явдлаа ингэж гутааж болохгүй. АСЕМ-ыг бүтээсэн, оролцсон олон мянган хүмүүсийн бүтээсэн үйл хэрэг, бүтээлийг нурааж болохгүй.

-Та уг асуудлаар хаана хандсан бэ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Аудитын газар залруулга хийх хэрэгтэй. Уучлалт гуйх ёстой. Хуулийн байгууллагуудад хэргийг бидэнд мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн юм байна лээ. Хуулийн байгууллагаар чулуу хөөлгөчихөөд төрийн мөнгөнөөс хулгайлсан шившигт явдлаа нуун дарагдуулах бохир, заль мэх гаргаж, төрийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Энэ асуудал нь иргэдийг бухимдуулж байна. Аудитын газрынхан зөв мэдээлэл өгвөл УИХ-ын гишүүд төөрөлдөж, хариуцлагагүй мэдэгдэл ч хийхгүй шүү дээ. Сая Их Хурал дээр АСЕМ хэдэн зуун тэрбумаар гар угаасан гэж Ө.Энхтүвшин сайд ярьсан байна лээ. Гэтэл Ө.Энхтүвшин сайд над руу АСЕМ дууссаны маргааш утасдаж, их өндөр сэтгэгдэлтэйгээр “Баяр хүргэе. Би танай даргыг шүүмжилдэг байсан. Нэг удаа чин сэтгэлээсээ дахин баяр хүргэе” гэж хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогдож байна. Гэтэл тэр хүний бодол зуун хувь хувирсан нь буруу мэдээллийн балаг гэж бодож байна.

-Тэгээд яах ёстой вэ?

-За би санаагаа гүйцээгээд хэлчихье. Хууль хяналтын аливаа байгууллага буруу зүйлийг засч залруулах, бас шударга, үнэн зөв зүйлийг хамгаалах хоёр үүрэгтэй. Зөвхөн хүнийг ялладаг, буруутгадаг байж болохгүй. Улс төрийн захиалгаар бусдыг хэлмэгдүүлж огт болохгүй. Хууль хяналтын байгууллага шударга биш болохоор л төрийн нэр хүнд унаад, итгэх итгэл нь алдраад байна ш дээ. Үүнийг л засах хэрэгтэй. Сая сэтгүүлч та бүхэн Хэвлэлийн бага хурлын үеэр тэр уран бүтээлч ямар бухимдал, гомдолтой байгааг харлаа шүү дээ. Тэрээр “Манай өвөө 1937 онд хэлмэгдсэн шиг зүйл надад давтагдах гэж байна. Ямар ч мөнгөний ашиггүйгээр, АСЕМ-д зориулж уран бүтээл хийсэн, дарга нар ирж нээлт хийчихээд, одоо болохоор намайг хотын хүнд сурталтай, хариуцлагагүй нөхөр түүнийг бүртгээгүйн төлөө элдэв янз бүрээр бичиж байна” гэсэн. Бид бие биеэ хайрлая. АСЕМ-ыг хамгийн түрүүнд сэтгүүлчид дэмжиж, бодит байдлыг сурвалжилж байсан. Ингээд үл бүтэх хулгайчийн муу хэлснээр, эсвэл гадны гар хөл болж, Монголын нэр хүндийг унагах гэсэн зүйлд битгий автаач гэж хэлье. Миний нэр ч, мөр ч цагаан юм шүү. Би хулгай хийх битгий хэл худал хэлсэн хүнд дургүй. Би хаана ч ажилласан төсвөө хэмнэж, буцааж өгдөг. Энэ бол түүхэн баримт.

Аудитын байгууллагыг залруулга хийж, уучлал гуйхыг шаардаж байна. Бас даргыг нь үйлдвэрлэл эрхлэгчдээс хулгайлсан мөнгөө ЖДҮДС-д нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна. Эс тэгвэл хуулийн байгууллага, шүүхэд хандана.

Эцэст нь хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа хүний нэр төр, алдар хүндийг гутаах нь хуулийн хариуцлага хүлээдэг, ёс бус үйлдэл учраас аливаа мэдээллийг эх сурвалжаас нь нягталж, тодруулж байж мэдээлж байгаарай гэдгийг хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *