Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийн байранд АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит Ихт” компанийг үүсгэн байгуулагч П.Цагаантай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө таван жилийн ойгоо тэмдэглэж, бүтээн байгуулалт, улсын төсөвт оруулсан хөрөнгө оруулалтаа олон нийтэд тайлагнаж байсан “Ачит Ихт” компанид өнөөдөр хуулийнхан шалгалт хийж байна. Юу болоод өнгөрчихөв. Энэ тухай ярилцаж эхлэх үү?
-АТГ-ынхан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар манай компани дээр ирээд баримт бичгийг шалгаж, үзэж байгаа. Шалгуулах нь зарим талаараа ашигтай байдаг. Нэр төр цэвэршдэг. Тиймээс бид хууль хяналтынхантай сайн дураараа идэвхтэй хамтран ажиллаж байна. Үлгэр домогт гардаг гэж бодтол амьдрал дээр ч гэсэн юмыг бүтээж босгож байгаа, сайн юм хийхийг оролдож, сайхан амьдарч буй хүмүүст атаархдаг өөдгүй хүмүүс байдаг юм байна. Мэдээж энд янз бүрийн зүйл нөлөөлсөн байх. Гэхдээ яахав дээ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно биз.
-“Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрт 34 хувь өгөх гэрээг анх байгуулсан ч хүчингүй болгосон, төрийн мэдлийн өмчийг хувийн компани ашиглаж их хэмжээний ашиг олж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглах болсон, “Ачит Ихт” компани байгуулагдсан түүхээс ярьж болох уу?
-Үүнийг яривал урт түүх болно. 2006 онд манай засаг огцорчихсон, би ажилгүй байсан. Тэр үед одоогийн шударга гишүүн Лу.Болд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байв. Тэр жил “Англиас баахан том хөрөнгө оруулагчид ирлээ. Чи завтай байгаа юм чинь энэ хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өг” гэж Лу.Болд хэлсэн. Тэр хүмүүс бол “Central Asian metals” гэдэг англи компанийн хүмүүс байсан юм. Тэд Монголд ирээд алт, зэс, молибдений хайгуул хийж эхэлсэн.
Би ч зөвшөөрсөн. Миний санаж байгаагаар тэр хүмүүс Монголд молибдений дэлхийд томд тооцогдох орд нээсэн. Тэдний өөр нэг сонирхож байсан төсөл бол Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй ядуу агуулгатай, балансаас хасагдсан хүдрийн овоолгоос гидрометаллургийн аргаар катодын зэс ялгаж авах төсөл байлаа. Тэр нь миний сонирхлыг маш их татсан. Яагаад гэвэл би 1990-ээд онд Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга байсан хүн. 1978 оноос хойш асар их овоолго үүсчихсэн, түүнийгээ ашигладаггүй. Салхинд хийсэж, ногоон ус шүүрдэг. Тэр нь газарт шингээд ургамал, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байсан. Тиймээс ихээхэн сонирхож судалж эхэлсэн. Гэтэл 2007 онд миний бие гүн хямарч, жил гаруйн хугацаанд гадагшаа явж эмчлүүлсэн. Ингээд 2008 онд буцаад ирэхэд “Central Asian metals” компанийнхны зан нэг л өөр болчихсон байв. Монголоос залхсан шинжтэй. Удалгүй тэд 2009 он гараад лицензүүдээ бусдад шилжүүлж, зараад Казахстан руу явчихсан. Зөвлөлтийн үед Казахстанд 30 орчим зэсийн үйлдвэр байсан. Түүний нэг, Балхаш нуурын эрэг дээр 1938 оноос хойш үйл ажиллагаа явуулаад нөөц нь дуусаад өөр тийш явсан зэсийн үйлдвэрийн маш том овоолго хаягдчихсан байсан юм билээ. “Central Asian metals” компани тэр овоолго дээр очоод яг манайхтай адилхан үйлдвэр барьсан. Тэр нь Төв Азид баригдсан анхны гидрометаллургийн үйлдвэр байсан. Үйлдвэрийн нээлтэнд Н.Назарбаев ерөнхийлөгч оролцож баяр хүргэж байсан байдаг. “Central Asian metals” компани Монголоос гарахад би багагүй хохирч үлдсэн, цаг хугацаа, эдийн засгийн хувьд. Уг нь тэр төслийг хамтарч хэрэгжүүлэхээр би ч багагүй хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Тиймээс би тухайн үед Эрдэнэтийн удирдлагуудад хандаж “Би энэ төслийг хэрэгжүүлье” гэсэн. Хариуд нь тэд “Энэ овоолгыг чинь Америк, Солонгосын компани, бид өөрсдөө ч судлаад эдийн засгийн хувьд үр ашиггүй гээд тогтоочихсон. Хэрэв ашигтай бол бид өөрсдөө ийм үйлдвэр байгуулна шүү дээ. Ийшээ орж шатаж яах гээд байгаа юм бэ” гэхэд би “Үгүй ээ, би чадна” гээд гүрийсэн.
-Яагаад та тийм итгэлтэй байсан гэж?
-Би технологийг нь судалчихсан байсан. Англичуудтай ажиллахдаа хаанаас юу авах, барих гээд бүх юм толгойд байсан. Төсөл эхлээд толгой дотор бий болдог. Тэгээд Ч.Ганзориг ерөнхий захирлыг шалсаар байгаад “Англичууд танайд 15 хувийг өгье гэж байсан. Тэгвэл бид танайд 34 хувийг өгье. Танайхаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт авахгүй. Санхүүжилтээ 100 хувь хариуцъя” гэлээ. Тэр үед чинь 34 хувь гэдэг моод гарч байсан үе. Тэгэхэд Ч.Ганзориг “Та шатаж өрөнд ороод насан туршдаа надад гомдохгүй биз” гэж ам өчиг авч байгаад гэрээнд гарын үсэг зурсан. Тэгж л энэ төсөл эхэлсэн. Дараа нь “Голомт”-оос зээл авсан, зээл нь зогссон. Жил гаруй болоод, “Нобель” гээд олон улсын худалдааны компаниас 24 сая ам.доллар авч 2011 оноос эхэлсэн ажил 2014 оны аравдугаар сард дуусаж, үйлдвэр ашиглалтад орсон түүхтэй. Энэ хугацаанд жинхэнэ зовлон дундуур туулсан. Гэхдээ би биш, манай эхнэр энэ бүхнийг туулсан. Төсөл дээр анх ажиллаж байсан хүмүүс буруу зөрүү юм хийх, хөрөнгөөс нь хумслах, мөнгө ийшээ тийшээ зувчуулах, бүр бидний эсрэг бослого хүртэл гаргах гэж оролдож байсан удаатай.
-Эрдэнэт үйлдвэрийн хүртэх ёстой 34 хувь яагаад өөрчлөгдсөнийг та яриач?
-Тухайн үед Эрдэнэт үйлдвэрээс ажлын хэсэг гарч судалж үзээд үйл ажиллагаа болон санхүүгийн эрсдэлтэй гэж үзсэн юм билээ. Үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад, технологи сонгоход “Эрдэнэт” оролцоогүй. Үйл ажиллагааны туршлага байхгүй, эрсдэлтэй гэж үзсэн. Тэдгээр эрсдэлээс татгалзаад “Бид үүнд орохгүй. Бүтээгдэхүүн гарвал түүнээс чинь рояалти авъя. Бүтээгдэхүүн хуваах гэрээ маягаар явъя” гэсэн. Бид ч гайхсан, бүр гомдсон. Бидэнд итгэхгүй байгаа юм байна гэж бодогдож байсан. Үнэхээр итгэхэд бэрх байсан биз ээ. Ингээд л бид балрах нь гэж хүртэл бодсон шүү. Тиймээс би Эрдэнэтийн нэгдүгээр орлогч захирал Ройтой очиж уулзлаа. Тэгэхэд надад “Цагаан аа, энэ II овоолго манай үйлдвэрийн балансаас хасагдчихсан, манай өмч ч биш. Гэхдээ бид энэ овоолгыг зөөсөн, олон жил хадгалсан, манай эзэмшлийн газар дээр байгаа учраас үүнийг ашиглах юм бол та нар манайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ хувь өг. Бид ямар ч үйл ажиллагаанд чинь оролцохгүй, мөнгө өгөхгүй, ямар нэгэн эрсдэл хүлээхгүй. Манай хамтарсан компаниуд ашиг өгөх биш алдагдалд оруулдаг. Бид молибден ялгаж авах үйлдвэр Оросын компанитай хамтраад байгуулсан чинь манайд баахан хохирол учруулчихсан. Тэгэхээр бид танай төсөл амжилттай яваасай гэж хүсэж байна. Бурхан өршөөгөөд танайх амжилттай явбал бидэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг ашиг, алдагдлаас үл хамаараад үнэгүй өгч бай” гэсэн. Бид яахав, том айлын үгийг л дагана. Дараа нь бодоход маш ухаалаг шийдсэн байгаа юм.
-Тэгвэл Эрдэнэт үйлдвэр өөрсдөө 34 хувиасаа татгалзсан гэж ойлгож болох нь ээ?
-Чин үнэнээ хэлэхэд бид Эрдэнэттэй хамтарсан компанитай баймаар байна. Харин ч эсрэгээрээ. Би ганц юм хэлье. Ц.Даваацэрэн, Рой захирал, тэнд ажиллаж байсан хүмүүс нэг ч төгрөгийн авлига өгөөгүй, аваагүй. Тэр хүмүүс “Энэ төсөл саадгүй яваасай” л гэж залбирч байсан. Бүр сонин зүйл болж байсан гээч. Бид тухайн үед “Central Asian metals” компанид ажиллаж байсан хүнийг урьж авчраад захирлаараа тавьчихсан, дээр нь Австралиас сарын 25 мянган ам.долларын цалинтай мэргэжилтэн авчихсан ажиллаж байтал нэг удаа үйлдвэрийн усны баланс нэмэгдээд аюул болох дөхсөн. Манай үйлдвэр усаа буцааж эргэлдүүлдэг. Гэтэл бороо ороод усны баланс нэмэгдээд үйлдвэрийн насосоор шахаад дийлдэггүй. Нэг, хоёр, гурав, дөрвийг ч тавиад дийлдээгүй. Сандралдаад “Оюу толгой” руу утасдлаа, тэдэнд байхгүй гэнэ. Хамгийн сүүлд Эрдэнэтийн ногоон усаа шахдаг зөөврийн хүчин чадалтай том насосыг авчраад шахаж байтал борооны ус татраад аврагдаж байсан. Усны далан халивал маш хүнд байдалд орно. Далан халихад бараг нэг төө л дутуу байсан байх. Энэ үед ОБЕГ-тай холбогдоод бэлэн байдалд оруулсан байсан гээд бод доо. Энэ бүгдийг Эрдэнэт үйлдвэрийнхэн харж байсан учраас манай төсөлд итгээгүй байх. Бид нээлттэй, уян хатан, Эрдэнэтийн өмнө хүлээсэн үүргээ яс биелүүлж ирсэн. Гэтэл манай үйлдвэрийг харлуулдаг хоёр хүн л байдаг. Тухайн үед үйлдвэр ашиглалтад оруулж байхад баяр хүргэж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, мөнгө өг, эсвэл хувьцаа өг гэж шантаажилдаг түүний дүү хоёр. Үлгэр домогт гардаг муу талын ах дүү баатар одоо ч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад мөнгөө зараад харлуулаад түүнээсээ кайф авдаг хүмүүс юм шиг байна. Тэднийг сэтгэцийн гажигтай хүмүүс болов уу гэж би боддог. За даа, Эрдэнэтийн мэргэжлийн удирдлагын багийн мэдлэг чадамж, чадвар Н.Алтанхуягийнхаас арай илүү байлгүй дээ.
-Эрдэнэт үйлдвэр одоо ямар ашиг авдаг вэ?
-Өнгөрсөн хугацаанд 10 тэрбум төгрөгийн рояалти авсан гэсэн. Цаашид жилд 2-3 тэрбумаас буухгүй байх. Уул уурхай, зах зээл хөгжсөн улс оронд ингэж л явдаг юм байна. Заавал хамтарч бие биеийнхээ бизнест орж хэрүүл хийдэггүй. Чи сайн яв. Би чамд тусаллаа. Надад рояалти төл. Эсвэл чи ийм мөнгөөр тохир гэдэг. Ерөөсөө “рояалти корпорейшн” гэж бий болчихсон. Жишээ нь, Канадын нэрт хоккейчин Тим Хортан гээд байсан. Түүний нэртэй кофе хийж эхлэхэд түүнд тусалсан хөрөнгө оруулагч борлуулалтын орлогын нэг доллар тутмаас зургаан цент л авдаг. Одоо тэр брэнд Канадыг эзлээд Америкт нэвтэрч байгаа. Ийм рояалти авдаг жишиг Монголд шинэ юм шиг мөртлөө дэлхий дээр хуучин байсан маш сайн жишээ.
-“Ачит Ихт” компанийн ТЭЗҮ батлуулах явц хууль зөрчсөн гэж тэд яриад байгаа шүү дээ?
-Тэр бол тэнэг асуудал. Ярихад ч утгагүй зүйл.
-Танай компани дээр өөр нэг хөндөгдөж байгаа асуудал бол төрийн эзэмшлийн овоолгыг хувийн компани ашигласан гэж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хувийн газар шороо, ашигт малтмал гэж байхгүй биз дээ. Татвар төлөх нь хамгийн чухал биз дээ. Өнгөрсөн хугацаанд улсад 170-аад тэрбум төгрөгийн татвар, хураамж төллөө. Энэ жилийн төсвийг хараарай. Олон хүүхэдтэй эхчүүдэд өгч байгаа нэг жилийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид улсын сан хөмрөгт оруулаад байгаа. Үүнээс илүү эх оронч үйл хэрэг байна уу? Бүх юмыг төрийнх гэвэл “Бороо гоулд” зэрэг уурхайг яах вэ. Би дээр үед Австриудтай нийлээд Цагаан давааны хог дээр мини цахилгаан станц бариад хогийг устгах төсөл эхлүүлэх гэтэл тухайн үеийн Хотын удирдлага дэмжээгүй. Хэрэв тэр үйлдвэр баригдсан бол “Би бааж шээж, бохирын цаас их үйлдвэрлэдэг. Миний юмыг ашиглалаа, энэ бол хотын хог. Надад үнэгүй цахилгаан өг” гэж хэлэх байсан уу. Үйлдвэр байгуулна гэдэг маш хэцүү. “Нэмээд барь” гэсэн ч би “Үгүй” гэнэ. Казахстанд зэсийн үйлдвэр барьсан “Central Asian metals” компани одоо Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж байна. Жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэдэг байснаа одоо 15 мянган тонн болж өслөө. Одоо тэнд найм дахь үйлдвэр ашиглалтад орж байна. Тийм байж л улс орон хөгждөг юм байна. Казахстанд гэхэд төр нь хувийн хэвшлээ “Хурдан барь” гэж шаарддаг. Гурван жилийн дотор барь гэдэг. Барихгүй бол шууд буцаагаад өөр компанид өгдөг. Үнэхээр хүмүүсийн шунал хөдөлж байгаа, атаархаж байгаа. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн чихээрээ нүд хийж, огт үндэслэлгүй юм яриад өөрийн ч, өрөөлийн ч үнэтэй цаг бараад байгаад харамсаж байна.
-“Ачит Ихт” компани Эрдэнэтийн овоолгыг ашиглахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөөлөл байсан, хувьтай ч гэж хүмүүс үздэг. Үнэхээр нөлөөлсөн үү?
-Бод доо. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныхаа эхнэр, хүүхдүүдтэй нийлээд үйлдвэрийн хаягдлаас металл ялгаж авах солиотой гэж хэлж болох төсөл дээр хамтарч явах уу. Арай өөр, бодитой, орд руу явна байлгүй. Хүмүүс л тэгж хардаад байгаа юм. Тэр хүмүүст хэлэхэд, хүн эвдэрснийхээ хэмжээгээр сэтгэдэг гэдэг Орос ардын зүйр үг бий. Тийм л хүмүүсийн хардлага сэрдлэг. Тэр хүний нөлөөлөл байсан эсэхийг хуулийнхан шалгаад тогтооно, амархан. Үнэхээр гайхаж байна.
Нэг удаа даваа гаригийн өглөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч намайг дуудсанаа “Чи юу хийгээд байгаа юм” гэж байна. “Би ажлаа хийж байна” гээд хэгжүүрхсэн чинь “Чи тэр Эрдэнэтэд юу хийгээд байгаа юм” гэж уурлалаа. Тэгэхээр нь “Тэр танд хамаагүй. Манай эхнэр шинжлэх ухааны ололтод суурилсан хаягдал овоолгоос металл ялгаж авдаг төсөл хэрэгжүүлж байгаа” гэхэд “Чи яагаад надад хэлдэггүй юм” гэж байна. “Би яагаад танд хэлэх ёстой гэж. Таны төсөл биш юм чинь” гэтэл “Сая би иргэдтэй уулзсан чинь Цагаан та хоёр тэнд юу хийж байгаа юм гэсэн утгатай юм асуулаа. Би мэдэхгүй гэж хэллээ” гэсэн юм. Тэгэхээр нь би “Би тэгвэл хэвлэлийн хурал зарлаад “Энэ төсөлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хамаагүй” гээд мэдэгдчихье” гэсэн чинь нөгөөх чинь бүр уурлаад “Чи ямар тэнэг юм,тэгвэл улам хардана биз дээ” гээд л өнгөрсөн асуудал. Миний алдаа юу байсан бэ гэхээр тухай бүрд нь хариу өгөөгүйд байж. Намайг анх төрд ажилд орж байхад нутгийн ухаантай буурал хэлж байсан юм. “Хуцсан нохой болгон руу битгий чулуу шидэж бай. Тэгэх юм бол газар хороодоггүй юм. Чи үнэнч шударга явах юм бол тэртэй тэргүй үнэн мөн нь ялгарна” гэж. Урьд өмнө миний амьдралд иймэрхүү явдал болж л байсан. Үнэн мөн нь тогтоогдоод л явдаг. Тэгэхээр миний мөр цагаан юм. Би үүнийг хаана ч хэлнэ. Надад хулгай хийх, авлига өгөх ямар ч шаардлага байхгүй. Хэрэв энэ ажил маань буруу, болохгүй гэвэл төр шийдвэрээ гаргаг л дээ. Бид хүндэтгэнэ. Манай мөнгийг өгөөд ав, биднийг толгойн өвчнөөс салгаад өг. Би 2006 онд энэ төслийг эхлүүлж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болно гэж яаж зүүдлэх юм бэ. Уг нь Эрдэнэт манай хоёрын хооронд ямар ч маргаан байдаггүй. Гэтэл хөндлөнгөөс хүмүүс орж ирээд байх юм, их сонин. Би харин ч муулуулах биш магтуулах хамгийн сайн жишээ гэж бодож байгаа, энэ төслийг. Манай компани эрдэс баялгийг сорчилж ашиглахгүй гэдэг уриатай. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” гэхэд зургаан тэрбум тоннын нөөцтэй. Түүний хоёр тэрбум тонн коксжих нүүрсэн дээр зодолдоод байгаа шүү дээ. Гэтэл гуравны хоёр болсон үлдэгдэл нүүрсний талаар хэн ч, юу ч ярихгүй байгаа. Гэтэл тэндээс 10 орчим төрлийн бүтээгдэхүүн, бизнес хийж болно. Цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулж болно, газ, газрын ховор элемент ялгаж авч болно. Бордоо, эм хүртэл хийж болно гээд яриад байвал мянган юм байгаа. Гэтэл төр өөрөө ашиглахгүй, хэвтүүлээд хийсгээд, хаяад дуусах эрсдэл байна. Бухал сахьсан нохой шиг гэж орос үг байдаг. Өвсөө өөрөө иддэггүй, үхэрт идүүлдэггүй. Бухал нь илжрээд муудаад хаягддаг.
Уг нь Монгол Улс маш баян улс. Эрдэс баялагтайгаа цамаан айл шиг, эсвэл чоно шиг харьцдаг. Хоттой хонин дунд ороод сүүлийг нь ухаж идээд хаячихдаг чоно шиг сорчилж аваад орхидог. Уул уурхай дээр тийм л байгаа. Үүнийг ярих биш хийж харуулъя гэж л би ийшээ орсон. Надад Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид дарга хэлдэг байсан юм. “Цагаан аа, чи хийх байсан юм гэж битгий ярь. Хийчихээд алдаагаа, оноогоо ярь” гэдэг байсан. Тэгэхээр би хийчихээд ярьдаг.
-Таныг энэ төсөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаараа нөлөөлсөн гэсэн хардлага ч байдаг?
-Би 2012 онд Тамгын газрын дарга болсон. Тамгын дарга боллоо гээд үйлдвэр барья гэхээр болчихдог эд биш. Энэ чинь хэдэн мянган хүний тархи толгойгоор удаан хугацаанд боссон бүтээн байгуулалт. Одоо ч тэнд өдөр бүр нэмэгдсээр байгаа 10 гаруй овоолго байгаа. Түүнийг ашиглах амаргүй. Тийм болохоор үйлдвэр байгуулж ажиллуулна гэдэг гавьяатай үйл.
-Энэ төсөл дээр танай гэр бүл орж ирсэн нь хэл амны бай болов уу. Өөр хүмүүст хариуцуулж болохгүй байсан хэрэг үү?
-Өөр хүмүүст хариуцуулж байтал тэр хүмүүс хулгай хийгээд, оффшорт мөнгө гаргаад манай эсрэг бослого зохион байгуулаад хачин юм болсон юм шүү дээ. Тийм л учраас гэр бүлдээ хариуцуулахаас өөр арга байгаагүй. Би бондоос мөнгө аваагүй, Н.Алтанхуяг шиг хүүгүй зээл аваагүй. Дандаа арилжааны өндөр хүүтэй зээл авч эрсдэл хүлээж ирсэн. Магадгүй Эрдэнэтийн захирал байсан Ч.Ганзоригийн үнэн байх. Хэрэв төлж чадаагүй бол би өнөөдөр шоронд байх байсан. Тэгсэн бол хэн ч юм хэлэхгүй. Гэхдээ би мэдлэг шинжлэх ухаанд итгэсэн. Түүнээс гадна азтай хүн. Тухайн үед зэсийн үнэ өссөн. Хүнд муу юм хийж яваагүй болохоор аз түшсэн болов уу. Би Улаанбаатар хотоос үнэгүй газар аваагүй. Олон сайд хийж байсан ч нэг метр кв орон сууцаваагүй. Бид бүх юмыг өөрийнхөө хөдөлмөрөөр худалдаж авч байсан. Тиймээс би айдаггүй, тайван унтдаг юм. Шалгаж байгаа залуусыг ажиглахад өндөр боловсролтой, хэлмэгдүүлэлт хийх хүмүүс биш шиг санагдсан.
-“Ачит Ихт” компани өнгөрсөн хугацаанд ямар бүтээн байгуулалт хийв?
-Манай аав тэшүүрээр гулгадаг байсан юм. Би ч эсгий гуталтай канкигаар гулгаж өссөн. Канки хөлдөө угласан хүмүүсийн мөрөөдлийг биелүүлчих юмсан гэж бодоод олон улсын олимпийн стандартад нийцсэн өвөл зуны аль ч улиралд гулгадаг мөсөн өргөөний бүтээн байгуулалтыг үндэсний компаниудтай хамт эхлүүлээд байна.
Манай энэ үйлдвэр Монголд урьд нь байгаагүй менежменттэй, үлгэр жишээ үйлдвэр. Судлаад Монголд түгээж дэлгэрүүлмээр тэргүүн туршлага болохоор үйлдвэр гэж ам бардам хэлнэ. Галын систем Монголд ганц, энд тэндээс бүх үйлдлийг онлайн хардаг, бас удирдлагын ERP нэгдсэн системтэй. Энэ бол муулах биш магтах сайшаах, дуурайх сайн үлгэрлэл юм. Дээр нь бид ажилчид болоод Эрдэнэтийн ажилтнуудад баталгаат ашигтай давуу эрхийн хувьцаа өгч байгаа. Бас анхны жишээ. Монголд 600 мянган өрх л байгаа. Топ 100 аж ахуйн нэгж тус бүрдээ 5000-6000 хүнийг хувьцаа эзэмшигч болгоод амьдралыг нь өөд татахад л Монголд ядуурал арилна. Давуу эрхийн хувьцаа гаргадаг гол санаа бол ардын капитализмын үлгэр жишээ болгохыг хүссэн хэрэг. Зах зээл хөгжсөн орнуудад хүмүүс мөнгөө дансанд хадгалдаггүй, заавал бизнес хийхийг ч боддоггүй, компаниудын хувьцаанд оруулдаг. Тийм болохоор ард иргэд нь бизнес эрхлэгчдээ ад үзэх биш, амжилттай ажиллахыг, ашиг орлого ихтэй байгаасай гэж бурхандаа залбирдаг. Манай алхам бол зөвхөн эхлэл гэж би боддог. Технологийг нь сурчихлаа, эзэмшчихлээ. Англи, Австрали, Канадаас хүн ажиллууллаа. Боловсон хүчинтэй болчихсон, менежментийг нь сурчихсан. Манай зарим тоног төхөөрөмж өөр улсад дамжуулж болохгүй гэсэн баталгаатай. Энэ бол миний мэдлэг чадвар танил тал холбоо, итгэл үнэмшил даадаг зан чанар маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу.
Би нэг нууцаа задалъя. Манайх гидрометаллургийн аргаар 99,999 хувийн зэс гаргаж байгаа. Дараа нь Монголд усаар атомжуулсан, нунтгийн металлургийн анхны жижиг үйлдвэрийг байгуулах. Энэ технологи хөгжиж байгаа оронд байхгүй. Төр засаг хориглоод саад хийчихгүй бол ирэх жилийн наадмаас өмнө үйлдвэрээ нээнэ. Манай үйлдвэр зэс, гууль хүрлийн нунтаг үйлдвэрлэнэ. Үүнийг электроник, цахилгаан машин, хурдны галт тэрэг, зоос, гоёл гээд олон салбар, бизнест ашиглана. Уг нь ингэж л улс орныг урагшаа чирсэн зүйл рүү явмаар байгаа юм. Н.Алтанхуяг магадгүй шуудай нүүрс 27 мянгаар аваад 80 мянгаар зарчихдаг өөртэйгөө адил гэж бодоод байна. Хүн эвдэрснийхээ хэмжээгээр сэтгэдэг гэдэг. Айлын авгай хажуу айлынхаа хаяагаар өнгөрөхдөө овоолсон аргалаас нь хэдийг хормойлж гэртээ орчихоод “Хажуу талын Дондогийнх манай хажуугаар өнгөрөхдөө манай хагалсан түлээнээс хулгайлдаг болов уу” гэж боддог гэж байгаа. Би тийм хүн биш. Би өөрийгөө Монголын хүн гэж боддог. Намайг гадна, дотнын зөндөө хүмүүс ажилла гэж урьдаг. Би Монголынхоо хөгжилд жаахан ч гэсэн бодитой хувь нэмэр оруулмаар байна. Нас маань гүйцдэг юм бол монголчуудтайгаа нийлж байгаад гадаад зах зээл дээр ч гармаар байна. Тэр цагийг ойртуулмаар байна. Тулга тойрсон чавганцын яриа, хэрүүл юуг ч бүтээхгүй.
Б.ЭНХЗАЯА