Categories
мэдээ нийгэм

П.Цагаан: АСЕМ-ын зардлыг бид завшаагүй, хуулийн байгууллагад хандана

АСЕМ-ын зардлыг хувьдаа завшсан 17 албан тушаалтан байгаа тухай Үндэсний аудитын газраас мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийг үгүйсгэж, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Ё.Гэрэлчулуун нар мэдээлэл хийж байна.

П.Цагаан: Миний нэр цагаан мөр цагаан. Би улсаас ганц ч төгрөг хулгайлж үзээгүй. Миний хариуцаж ажиллаж байсан газрууд жилийн төсвөө хэмнээд үлдсэн мөнгөө Сангийн яаманд тушааж байсан түүхтэй. Би хулгай хийсэн хүнд үнэхээрийн дургүй. Хүний нэр, алдар хүндэд халдаж байгаа Үндэсний аудитын газар монголын төрийг самууруулж байна. Яагаад самууруулж байна гэхээр худал мэдээлэл тарааж нийгмийг бухимдуулж байна. Нөгөө талаар тэр ор үндэслэлгүй худал баримтаа прокурорт шилжүүлсэн. Бидний хэнтэй ч нүүр тулж уулзаагүй. Хуулийн байгууллагад чулуу хөөлгөөд араар нь хулгай хийж байгаа нь түрүүчээсээ илэрсэн. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ЖДҮДС-аас 720 сая төгрөг бүлэглэн хулгайлсан байна лээ. Ийм хүмүүс яаж хууль хяналтын байгууллагыг авч явах юм бэ? Хууль хяналтын байгууллагууд шударга ажиллахгүйгээс болоод олон түмэн шударга ёс, хууль, төрд итгэхээ больсон. Тэгэхээр энэ худал бохир гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна. Нөгөөтэйгүүр Үндэсний аудитын газрын худал дүгнэлт гаргасан хүмүүсийг 72 цагийн дотор уучлал гуйж, залруулга гаргахыг шаардаж байна. Мөн хулгайлсан мөнгөө 72 цагийн дотор тушаа. Хэрвээ эдгээр асуудлуудыг шийдэхгүй бол би өөрөө хууль хяналт, шүүхийн байгууллагад шалгуулна. Нэр хүндээ сэргээлгэнэ. Ингэж захиалгаар ажиллаж болохгүй.

Э.Бат-Үүл: Монголд болсон АСЕМ-ын үйл ажиллагааг гутаасан ийм зохион байгуулалттай ажлыг хийж байгаа хүмүүстэй бид өршөөлгүй хандана. АСЕМ-ыг зохион байгуулсан явдал Монголын хувьд асар том нэр хүндийн хэрэг. Монгол Улс Зөвлөлтийн колончлолоос гараад улс шиг улс, тусгаар улс болсны илрэл. Бүрэн эрхт улс болсноо нотлон, олон улсад зарласан чухал үйл явдал болсон. АСЕМ-ыг зохиогчид нь монголчууд. Эзэн Чингисийн үеэс монголчууд АСЕМ-ыг зохиож ирсэн. 800 гаруй жилийн дараа 54 лээ цуглалаа. Энэ бол гайхамшигтай үйл явдал. Гэтэл энэ АСЕМ-ын үйл явдлыг харлуулж гутааж байгаа нь харамсалтай. Гадны хүмүүсийн гар хөл болж монголын нэрийг гутааж явдаг хэсэг бүлэг хүмүүс байдаг тиймээс энэ хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Би 1988 оноос ухуулах хуудас нааж явах үеэсээ гүтгүүлж ирсэн. 30 жил гүтгүүллээ. Би АСЕМ дээр бол тэвчихгүй ээ. Энэ бол монголын нэр төрийн асуудал. АСЕМ 1990 оны ардчилсан хувьсгал ялсны баяр. Үүнийг ингэж гутаалгахгүй. Зохион байгуулалттай хэрэг гэдгийг сайн анзаараарай. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой хүмүүс байгаа бол тэрийгээ л хэлээч. Гэтэл бүр АСЕМ-ыг бүхэлд нь гутааж байгаа нь гадны хэвлэл мэдээллээр 54 луйварчин ирээд идэж ууж байгаад явсан юм шиг зүйл мэдээлж байна. Ийм муухайгаар ярьж байна. Хамгийн гол нь АСЕМ олон улсын дээд хэмжээний төрийн тэргүүнүүдийг цуглуулж уулзалт хийсэн нь улс төрийн олимп гэсэн үг. Үүнийгээ бид улс төрийн олимп хийхээр боллоо гэж зарлаж байсан. АСЕМ-ыг зохион байгуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Бүх төрийн тэргүүнүүд маш өндөр шаардлага тавьж байсан. Улсын төсвөөс наад зах нь 254 тэрбум төгрөг гаргах ёстой байсан. Наад зах нь шүү. Тэгэхэд бид улсын төсвөөс хорьхон тэрбум төгрөг гаргуулсан. Өч дөчнөөн хүмүүс хандив өгсөн. Монголын нэр төрийн хэрэг гэж бүгдээрээ тэмцсэн. Үнэнийг хэлэхэд бид маш хямдхан төсвөөр дэлхийн улс төрийн олимпийг маш гайхамшигтай зохион байгуулсан. Грек спортын олимпыг санаачилсан бол Монголчууд улс төрийн олимпыг санаачилсан. Тиймээс үүнийг гутаалгахгүй. Гутаан доромжилж байгаа Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүстэй маш хатуу хариуцлага тооцно гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *