Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Малын удмын санг сайжруулах ажлын хүрээнд Францаас мах, ноолуурын чиглэлийн хонь авчирлаа. 600 гаруй хонь хэр үр дүнгээ өгөх бол?
-Засгийн газар “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” гэж том зорилтын хүрээнд олон дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь малын удмын санг сайжруулахын зэрэгцээ малаас гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард Францад ажлын айлчлал хийх үеэрээ тэндхийн Хөдөө, аж ахуйн яамны дэргэдэх хонины фермээр орж дөрвөн үүлдэртэй танилцсан юм. Тэр үеэс мах, ноосны чиглэлийн хонь Монголд оруулж ирэх зорилго тавин ажилласан. Манай яамны Мал аж ахуйн газрынхан францын талтай холбогдож мах, ноосны чиглэлийн хонь авчирлаа. Хүндийн жин нь 100-120 кг. Зөвхөн гурван сартай хурганы мах л гэхэд 40 кг татаж байдаг. Манай монгол хонийг 48 сар тэжэээхэд 22 кг жинтэй болдог. Гэтэл тусгай үүлдрийн хонийг 18 сар тэжээхэд 110-120 кг жинтэй болж байгаа. Эдийн засгийн утгаар нь аваад үзэхээр махны гарц гурваас дөрөв дахин нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө тэжээх хугацаа маш богино. Зарим тохиолдолд хавар гарсан хургыг тэжээж байгаад намар маханд бэлтгэхэд бэлэн болчихно. Ноосны хувьд ч гэсэн манай монгол хониноос 50 хувь илүү ноосны гарцтай. Бид үржлийн аж ахуйн чиглэлээр тэжээнэ. Тусад нь ферм байгуулаад цэврээр нь өсгөж, үржүүлэх юм. Яваандаа монгол эм хоньтой хээлтүүлж сайжирсан мах, ноосны чиглэлийн хоньтой болохоор ажиллаж байна.
-Үржилд оруулах ажлыг хэзээнээс эхлүүлэх вэ. Малчид хонин сүрэгтээ ийм үүлдрийн хонь авч удмын санг сайжруулах боломж бий юү?
-Малчдаасаа санал авна. Ирэх хавраас үржлийн ажил эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хээлтүүлэгчээ ялгаж авч байгаад төлөвлөгөө гаргаж ажиллана. Ер нь бол мэдээж хэрэг малчдадаа хүргэх зорилготой. Үүнийхээ зэрэгцээ цэвэр үүлдрээр нь өсгөж, үржүүлэх ажил давхар хийгээд явах юм. Гаднаас ирсэн мэргэжилтнүүд хэрхэн маллах, үржүүлэх, арчлах сургалт хийгээд явж байна. Яамны зүгээс улсын төсөвт малын удмын санг сайжруулах хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө суулгуулсан учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явах боломжтой.
-Мал эрүүлжүүлэх хөтөлбөр юу болж байгаа вэ. Та тавдугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ энэ тал дээр түлхүү анхаарч хөнгөлөлттэй үнээр вакцин оруулж ирэхээр болсон юм уу?
-Ерөнхий сайд тавдугаар сард ОХУ-д айлчилсан. Энэ үеэр мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг дэмжих талаар Оросын Хөдөө аж ахуйн сайд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны хүрээнд долоон сая тун вакциныг манай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон юм. Тэрний өмнө бидэнд нэн хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлье гээд дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан шүү дээ. Өнгөрсөн жилийн өдийд төвийн бүсээс бусад нутагт мялзан, шүлхий, цэцэг, боом гээд бүх төрлийн өвчин гарсан байсан. Одоо Дорнод, Сүхбаатар аймгийн нэг, нэг суманд дэглэм буурах хорио цээрийн хоног тоолох үйл ажиллагаа явагдаж байгаа.Харин одоо өвчний голомттой газраас шилжилт хөдөлгөөн хийж буй тохиолдол бүрийг анхааралдаа авч таслан зогсоож хариуцлага тооцож байна. Ер нь өвчин гарахгүй байна гэх баталгаа байхгүй. Учир юундаа байна вэ гэхээр Энэтхэгийн вакцин чанар муутай байна гэж малчид, малын эмч нар хэлээд байгаа. Энэтхэгийн вакцин хийсэн газраас өвчин дахиж сэдрэх асуудал гарч байгаа учраас уг асуудлыг яам анхааралдаа авч шалгана. Чанар муутай, хөлдүү вакцин хийсэн асуудал яригдаж байгаа. Хууль хяналтын байгууллагад асуудал тавиад явж байна.
-ОХУ-тай манай улс дөрвөн чиглэлээр хамтарч ажиллана гээд байгаа. Мах гаргах асуудал юу болж байна вэ?
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд наадмаар манай улсад айлчилна. Энэ үеэр махны экспортын асуудлыг нарийвчилж ярих юм. Ер нь бол ОХУ-ын тавьсан саналыг бид хүлээж авсан.
-Ямар санал вэ?
-Оросын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа манай дотоодын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллуулах сонирхолтой байгаа. Нэг ёсондоо хөрөнгө оруулаад тэндээ үйлдвэрлэсэн махыг авъя гэж байгаа юм. Өнгөрсөн хавар хоёр хөршийн махны экспертүүд манай улсад ирж ажилласан. Тэр үеэрээ үйлдвэрүүдтэй танилцаад зөвлөмж өгөөд буцсан. Дээр нь бид олон улсын чанар, стандартын шаардлагыг хангасан сайн үйлдвэртэй болох хэрэгтэй байна. Мөн Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзсан. Яг Оростой адил санал тавьсан. Бүтээгдэхүүн авах гэж байгаа улсын сонирхол гэж нэг юм байна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хийгээд бүтээгдэхүүнээ буцаагаад авч гаръя гэж байгаа юм. Энэ зарчим бол нэгэнт олон улсад тогтсон байдаг. Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрүүдийнхээ зах зээлийг нээж өгөхийг бодлогоор дэмжиж байгаа. Борлуулалтыг дэмжихийн тулд гадаад харилцаа маш өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт гадаад харилцаа сайн байж гэмээнэ бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадна.
-Тэгэхээр хамтарсан үйлдвэрүүд хэзээ байгуулагдах вэ?
-Үйлдвэр байгуулах хүсэлтэй дотоодын аж ахуйн нэгжүүд олон бий. Хамтарсан үйлдвэр байгуулах нь хоёр орны хувийн компаниудын яриа, хэлэлцээрийн асуудал болчихоод байгаа юм. Засгийн газар, яамны зүгээс Монгол Улсаас бараа, бүтээгдэхүүн экспортолж чадаж байгаа байгууллагуудыг дэмжинэ. Мах экспортод гаргахад ямар хүндрэл бэрхшээл учирч байна, борлуулалт нэмэгдүүлэхийн тулд ямар гэрээ, хэлэлцээр хийхээр байна, хувийн компаниудаа хэрхэн хооронд нь уулзуулах ажлыг төр зохион байгуулах ёстой.
-Засгийн газраас мах, сүүний аян зарласан. Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийсэн бэ. Өнгөрсөн хавар махны үнэ харьцангуй хямд байсан гэсэн. Дээрх аянтай холбоотой юу?
-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд төр мах худалдаж аваад иргэддээ хямд үнээр нийлүүлсэн. Энэ ажлыг бид энэ жил маш сайн хийсэн. Махны үйлдвэрүүд арилжааны банкуудаас хөнгөлөлттэй зээл авч махаа бэлтгэсэн болохоор өнгөрсөн хавар, энэ зун махны үнийг бид барьж чадаж байгаа. Цаашид намар, өвөл махаа бэлтгээд явна. Гэхдээ бас нөгөө талаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилүүдэд унасан байсан. Үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж малчдын гарт мөнгө хүргэж байгаа. Үнэгүй байсан түүхий эдүүд хамгийн багадаа 2500 төгрөг хүрээд байна.
-Мал төллөлт энэ жил ямархуу байгаа вэ. Хэдэн толгойгоор нэмэгдэв?
-Мал төллөлт 98 хувьтай явж байна. Зарим аймагт бод малын төллөлт оройтсон тал бий. Төл бойжилт 98 хувьтай байна. Энэ жил бид улсын хэмжээнд 20 гаруй сая төл хүлээж авч байгаа.
-Хаврын тариалалт юу болж байна вэ. Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа дуулдах юм. Тариалалтын гол бүс нутгуудаар зуншлага ямархуу байгаа вэ?
-Би хөдөө орон нутгаар нэлээн явж байна. Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа ч тариалалтын гол бүс нутаг харьцангуй гайгүй байгаа. Хаврын тариалалтын үеэр яамныхаа мэргэжилтнүүдийн хамт бүх аймгаар яваад ирсэн. Энэ жил улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарьсан. 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал буюу нийт 458 мянган га-д тариалалт хийлээ. Хаврын тариалалт технологийн дагуу, хугацаандаа явж дуусаад байна. Тариалалт эхлүүлэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайг 40 хувь, шатахуун 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр иргэдэд олгосон. 514 аж ахуйн нэгж 2.8 мянган тонн шатахуун, 192 аж ахуйн нэгж, иргэдэд 5.5 тонн улаанбуудайн үр өгсөн. Нийтдээ давхардсан тоогоор 1100 орчим аж ахуйн нэгж, иргэнд 14.8 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгаалах бодис, бордооны гэрээ хийж зээлээр олгосон. Ингэж байж тариаланчид маань хаврын тариалалтаа амжилттай хийгээд явж байна. Цаг агаарын тухайд энэ жил гол бүс нутгаар өвөл цас их орсон учраас харьцангуй чийгшилтэй байлаа. Одоогоор тариалалт хэвийн байгаа. Нийт нутгийн хэмжээгээр гандуу байх шиг байна. Засгийн газрын зүгээс хуурайшилт эхлэх үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж байгаа.
-Атрын гуравдугаар аяныг энэ жил эрчимжүүлж байгаа. Өмнөх жилүүдэд манайх боломжийн сайн ургац хурааж авч байсан шүү дээ. Энэ жил эрчимжүүлсэн хөтөлбөрөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Атрын гуравдугаар аяны хүрээнд бид газар тариалан эрхлэгчдийнхээ техник хэрэгслийг иж бүрэн шинэчлэх зорилго тавьсан. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдад санал тавьсны хүрээнд арван сая ам.долларын трактор, комбайн, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр олгохоор болсон. Тариаланчдаасаа хэрэгцээт техник, хэрэгслийн захиалгыг нь авсан. Манай тариаланчид Оросын техникийг олон жил хэрэглэж сурсан, гарын ая даадаг, үнэ ч боломжийн гээд авах дуртай байгаа. Атрын гуравдугаар аяны бас нэг онцлог нь хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй хэрэглэгчдийг улаан буудайн тариалалтад олгодогтой адил байдлаар дэмжинэ. Шатахуун, үр, хор, техник технологийн шинэчлэлд хөнгөлөлт үзүүлээд явж байгаа.
-Япон руу төмс экспортлох нь гэсэн яриа гарч байсан. Тэр юу болсон бэ?
-Энэ жил илүү гарсан төмсөө Япон улсад экспортлоно. Япончууд манай төмсийг шинжилж үзээд стандартын шаардлага хангаж байна, худалдаж авъя гэсэн санал тавьсан.
-Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр юу болов. Мөн хуурай сүүний үйлдвэрүүд хэзээнээс ашиглалтад орох вэ?
-Судалгаа хийгдээд явж байна. Багануурт ноос, ноолуурын чиглэлийн гурван үйлдвэр, Увсад Европын технологийн махны үйлдвэр байгуулагдсан. Өвөрхангайд мөн махны үйлдвэр нээлтээ хийх гэж байна. Ер нь ажил төлөвлөгөөний дагуу гүйцэтгэл сайтай явагдаж байгаа. Хуурай сүүний үйлдвэрийн тухайд эхний ээлжийн 16 үйлдвэр ороод ирчихсэн, суурилуулж байна. Энэ зунаас малчдаас сүүгээ худалдаж аваад боловсруулаад эхэлнэ.