Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг тусгай байгууллагатай болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Өнөө жил хэдий хэрийн ургац авахаар байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү. Есдүгээр сард нэлээд хэд хоног цочир хүйтрэх төлөв дуулдаж байна. Хөрсөн дээр цочир хүйтэрснээс ургац алдаж байсан жишээ ойрмогхон бий шүү?

-Улсын ургацын комиссын анхдугаар хуралдаанаа хийсэн. Хуралдааны үеэр ургацын урьдчилсан балансыг танилцуулсан байгаа. Өнөө жил манай тариаланчид сайн ажиллаж, байгаль хангай ч сайхан ивээсэн болохоор арвин ургац авах урьдчилсан баланс гарсан. Энэ жил улсын хэмжээнд 377 мянган га-д үр тариа, үүнээс 355 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган үр тариа, үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Өнөө жилийн хувьд тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад зуншлага харьцангуй сайн байсан. Энэ нь ургацад нэлээд эерэг нөлөөлсөн. Га-гаас 13-17.6 центнер авахаар байна. Харин Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гантай байсан учир ургац алдаж байна. Дунджаар нэгжээс 5.2-6.5 центнер буюу улсын дунджаар нэгжээс үр тариа 14.1 центнер, төмс 120 центнер, хүнсний ногоо 143 центнер ургац тус тус хураан авах урьдчилсан дүн гараад байна.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчил зүйл болох гангийн улмаас 20.1 мянган га талбай ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн. Ингээд нийтдээ 21.3 мянган га талбайн ургац алдсанаас улсын балансад ороогүй.

Сайдын ажил авснаас хойш газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Тариаланчидтайгаа газар дээр нь уулзсан. Санал бодлыг нь сонсоход дөрвөн төрлийн хүсэлт тавьж байсан. Ямар хүсэлт вэ гэхээр нэгдүгээрт, тариаланчдад Хөгжлийн банкнаас олгох ёстой байсан 11.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдээд одоо олголт нь эхлээд явж байгаа. Мөн тариаланчид маань намрын ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэхэд зориулж шатахуун олгож өгөөч гэсэн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулж тариаланчдаас 50 хувийн урьдчилгаа аваад үлдсэнийг нь ургац хураалтын дараа авахаар зээлээр шатахуун олгохоор тендерийг нь зарласан. Өнөө, маргаашдаа дүнгээ гаргаад энэ ажил явна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүн бүрэн, Цагаан нуур сумын чиглэлийн 100 км замын засварын ажил бий. Энэ засварын ажлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Зам, тээврийн хөгжлийн яаманд шийдэх чиглэл өгсөн. Засварынх нь ажил эхлээд явж байгаа. Өнгөрсөн жил ган болсон учир манай тариаланчид ургац алдаж, эдийн засаг, санхүү, сэтгэл санаа, эд материалын хувьд маш хүнд байдалтай байна. Тийм учраас тариаланчид буудайг ноднингийн мөн үеийнхээс багагүй үнээр аваач ээ. Будааг худалдах, худалдан авахад дэмжлэг үзүүлээч ээ гэж санал тавьсан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулаад арилжааны банкуудад 60 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэ гэсэн ийм үүрэг өгсөн. Үүнийг бид буудай худалдаж авахад зориулж арилжааны банкуудтай хамтарч ажиллана. Тариаланчдынхаа тавьсан энэ мэт саналуудыг бид биелүүлсэн гэж хэлж болно.

-Намрын намарт гурил үйлдвэрлэгчид, тариаланчдын хооронд хэрүүл гардаг. Гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг голдог. Нөгөөдүүл нь эх орны хөрсөнд ургасан буудайг заавал ав гэдэг. Үүн дээр нь төр оролцоод улаанбуудайг улстөржүүлчихдэг?

-Энэ бол уг нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой юм шүү дээ. Тариаланчид мэдээж тарьсан буудай, хөдөлмөр шингэсэн ургацаа үнэтэй зарахыг хичээнэ. Гурил үйлдвэрлэгчид чанартай мөртлөө хямд буудай авч ашигтай ажиллахыг бодно. Тэгэхээр нэг нь үнэтэй өгөх гэсэн, нөгөө нь хямдхан авах гэсэн хоёр хүний дунд төр энэ зохион байгуулалтыг хийж өгч байгаа байхгүй юу. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тэгэхдээ гурил, мах Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрөөс зохицуулалт хийх гэж энэ бизнесийг эрхлэгчдийг бүх талаас нь дэмжиж байгаа. Ийм чиглэлээр явж байсан. Манай яамны хувьд энэ асуудал дээр бодлогын өөрчлөлт хийх ёстой. Холбогдох хууль, эрх зүйн бичиг баримтад нь өөрчлөлт оруулах маягаар бодлогын нэлээд өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байгаа. Үүнийг Засгийн газар, УИХ дээрээ ярьж шийдэх ёстой. Яам бол бодлогыг нь л ярина. Бодлого боловсруулаад хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж байх ёстой. Түүнээс биш яам нь аж ахуйн үйл ажиллагаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүмүүсийн хоорондын зөрчилтэй харилцаанд оролцоод байвал яамны нэр хүнд, ажил төрөлд сөргөөр нөлөөлдөг учраас ерөөсөө энэ хөдөө аж ахуйн үнэ тарифыг зохицуулдаг хууль эрхзүйн боломжийг хайж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг зохицуулах байгууллагатай байх ёстой гэсэн ийм шийдлийг олоод бодлого боловсруулаад ажиллаж байна.

-Өнгөрсөн жил яамны зүгээс малчдад хандан “Зуд болно. Малаа эртхэн шиг зах зээлд оруулж борлуулаарай” гэж зөвлөж байсан. Өнөө жилийн хувьд ч өвөл сайнгүй байх бололтой. Юм мэддэг улсууд “Бичин жил сүүлээ айхавтар шарвадаг” гэх юм?

-Урьдчилсан байдлаар харахад энэ өвөл их хүнд байна. Цаг агаарын төлөв байдал ч тэр эрт хүйтэрч байна. Есдүгээр сарын дундаас хойш хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээг холбогдох байгууллагаас нь өгсөн. Их тогтворгүй, хүйтэн өвөл болох шинжтэй. Өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор албан даалгавраа өгсөн. Өвлийн бэлтгэлдээ анхаарал хандуулж, хадлан тэжээлээ сайн хангах шаардлагатай. Ер нь бол манай малын тоо нэлээд өссөн. Тэгэхээр малчид мах бэлтгэл талдаа онцгой анхаарч, малаа бэлтгэж авахад буруудах юм байхгүй. Хуучцуул ярьж байгаа, энэ бичин жил сүүл рүүгээ хэцүү. Энэ өвөлжилт, хаваржилт нэлээд хэцүүднэ. Зуншлага сайн байдаг зүүн тал, зүүн өмнөд, зүүн хойд нутгуудад гангийн байдалтай байгаа учир хадлан тэжээлийн асуудал хүндрэлтэй байна. Бүс нутаг, аймгуудаас хадлан тэжээлийн газар олж өгөөч. Хадлан тэжээлээ хаанаас авах вэ гэж санал хүсэлтүүдээ тавьж байна. Энэ асуудалд яам нэлээд бодлоготой ажиллаж байна. Малчид маань мал, махаа бэлдэж өвөлдөө чамбай орохын тулд сэтгэл санаа, эд материалын хувьд бэлтгэлтэй, хадлан тэжээл сайтай байх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил хаана хаанаа бэлтгэл сайн байсан учир зудыг харьцангуй хохирол багатай давсан гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллагаас дүгнэсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээс ч илүү хахир байна гэсэн үг үү?

-Өнгөрсөн жилийн хувьд өнөтэй өвөл болсон шүү дээ. Байгаль хангай ивээсэн. Эхэндээ нэлээд хүйтэн байснаа 11, 12 дугаар сард гайгүй өнгөрсөн. Хүйтэн нь ч гайгүй, цасан шуурга нь ч гайгүй, байгалийн давагдашгүй нөхцөл, үзэгдэл нь гайгүй байсан. Сайхан өвөл болсон. Монголчууд чинь амны хишигтэй ард түмэн. Бид чинь уламжлалт нүүдлийн соёлтой ард түмэн. Нүүдлийн аж ахуйгаа бид, ялангуяа малчид маань их сайхан зөв аваад явчихдаг. Хувь хувийнхаа бэлтгэлийг эрвийх дэрвийхээр хангачихдаг хөдөлмөрч улсууд болохоор ямар ч өвлийг сайхан даваад гарчихдаг. Тэрүүгээр л явах байх. Гэхдээ байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, их хүйтэн, малын идэш, тэжээлийн асуудал гэвэл байдал хүнд шүү. Тийм учраас бид бүх зүйлд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх ёстой гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн байдал хүндэрч хасалт, таналт хийж, халамжуудыг эхнээс нь зогсоогоод эхэллээ. Хэмнэлт, таналтыг салбар бүрт л хийж байна. Танай салбарын хувьд энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Эдийн засгийн байдал улс орны хэмжээнд улсын төсөв, санхүү хүнд байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Бүх хүн мэдсэн байх. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа. Тал талдаа л хичээж ажиллах, үнэн зөв байх шаардлага гарч ирж байна. Засгийн газрын зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нэг их огцом таналт хийгээгүй. Аль болох бид стратегийн гол зүйл болох гурил, мах, хоолтойгоо байх ёстой. Мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаанууд, өвөл хаврын бэлтгэл, ургац хураалт, намрын хадлан тэжээлийн асуудлууд байгаа учир онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн чиглэлтэй учир манай яамны үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн учир яамны хэмжээнд гайгүй байна.

-Гадагшаа мах гаргах ажил нэг хэсэг их өрнөсөн. Энэ ажил одоо ямархуу үргэлжилж байна?

-Махны экспортын асуудал хүнд байгаа. Мах боловсруулах өндөр хүчин чадалтай, олон тооны үйлдвэрүүд байгуулагдсан. Махаа экспортод гаргах чиглэлийг бүх талаас нь бодож шийдвэрлэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар батлагдана. Энэ мөрийн хөтөлбөрт манай яамнаас махны аян, гадаад экспортын асуудлаар бодлогын олон асуудлыг оруулсан. Олон ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Үүнд хамгийн чухал асуудал бол мал, махаа эрүүл байлгах чиглэлд онцгой томоохон төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах ёстой. Манай яамны хамгийн гол бодлого бол “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэдэг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл, чанартай, олон улсын стандартад нийцсэн болгож байж дараа нь экспортын асуудал, малаа үнэтэй болгох тухай асуудал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэтэй болгох асуудлаа ярих ёстой. Олон улсын чанар, стандартад нийцсэн хүнс, махтай болох чиглэл рүү ажлаа чиглүүлнэ.

-Зээл авахад хэцүү болж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн дарамтад орж, аж ахуйн нэгжүүд олноор үүдээ бариад байна. Хөнгөн үйлдвэрийн чиглэлд ямар томоохон ажил эхлүүлэх вэ?

-Бодлогын гажуудал байгаа юм. Бодлогын дорвитой өөрчлөлтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийнэ. Яаманд гурав, дөрвөн чиглэлээр ажлын хэсгүүд гарчихсан ажиллаж байна, судалгаа хийж байна. Бодлогын боловсруулалт хийж байна. Ер нь бол нэг их олон үйлдвэр байгуулаад байхдаа биш. Жигтэйхэн том үйлдвэрүүдийг энд тэнд барихдаа биш. Хамгийн гол нь эрсдэл хүлээж, хөрвөх чадвартай, өөрөө өөрийгөө аваад явах, ашигтай ажиллах жижиг, дунд оврын ийм үйлдвэрүүдийг зах зээл, түүхий эд, хэрэглэгчдийг нь түшиглүүлээд эрэлт нийлүүлэлтийг нь зохицуулаад байгуулах нь зүйтэй. Дээр нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хил орчмын худалдааг өргөнөөр зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Хөрш орнуудтайгаа худалдаа хийе. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд олон ажил хийнэ гэж гадна, дотнын олон байгууллага, компанитай ярьж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр гадны өндөр технологийг оруулж ирж тэдний туршлагыг судалж, үндэсний уламжлал, шинэчлэл хоёроо нийлүүлж ашигтай, ард түмэн маань өөрсдөө яваад явж чадах, хүндрэл бэрхшээл багатай жижиг, дунд үйлдвэртэй болох зорилго тавина. Энэ чиглэлээр салбар салбар дээр загвар аж ахуй, үйлдвэрүүдийг байгуулж ажиллахаар болж байна. Гаднаас туршлага судална.

-Загвар аж ахуй, үйлдвэр байгуулах энэ ажил эхэлж байгаа юу?

-Эхэлж байгаа. Мөрийн хөтөлбөр батлагдангуут л шуурхай явчихна.

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймагт малын халдварт өвчин гарчихаад байна. Манай мах борлогддоггүй нэг том шалтгаан нь энэ л дээ?

-Шүлхий, цэцэг өвчин гарсан. Голомтдоо байгаа, ер нь бол хяналтад байгаа. Энэ чиглэлээр Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газар цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвчний голомттой хэсгүүдэд ажиллаж байна. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр маань малыг эрүүлжүүлэх чиглэл рүү чиглэгдэнэ. Үүнээс гадна малаа эрүүлжүүлэх тухай хөтөлбөрийг явуулна. Мал эмнэлгийн үйл ажиллагааг цогцоор нь авч үзнэ. Боловсон хүчин, санхүүжилт, вакцинжуулалт, малын эмч нарын асуудал гээд цогцоор нь авч үзэж байж энд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Малын халдварт өвчнийг эмчилдэг стратеги тактикийг хүртэл хүмүүс өөрсдийнхөө дур зоргоор өөрчилсөн тохиолдлууд ч гардаг гэж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт дүрэм журмынх нь дагуу яаж тэмцэх ёстой юм тэр дагуу нь явуулах ёстой гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсыг эдийн засгийн хямралын энэ үед мал аж ахуйн салбар нь л тэжээнэ. 56 сая малаа зөв менежментэд оруулж чадвал хямралаас гарах нэг томоохон хөшүүрэг болно гэдгийг зарим эдийн засагчид онцолж байна?

-Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол эргэн төлөгддөг баялаг л даа. Эргэн төлжиж байдаг баялаг. Уул уурхайн баялгийг нэг л аваад явбал эргэж ургадаггүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол ургаж, төлжиж байдаг сайхан салбар. Монголчуудын хувьд ямар ч хүнд үед өлсч үзээгүй ард түмэн. Дайны жилүүдэд ч өлсч үзээгүй. Ямар ч хямралын буянд хэдэн малынхаа буянд сайхан ажиллаж, амьдарч ирсэн улсууд. Энэ уламжлал, амны бэлгэ, ерөөл эдийн засгийн энэ хүнд үед биднийг аварна аа гэж бодож байгаа. Манай малчид амьдралаа мэднэ, аж ахуйгаа сайхан аваад явж ирсэн. Уламжлал технологи, арга барил, соёлтой. Одоо харин бид нүүдэлчдийн уламжлалт амьдралын энэ хэв маягаа орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ дэвшилтэй холбоод малаа олон болгоно гэхээсээ илүүтэй ашиг шимийг нь илүү үр дүнтэй болгохын тулд тооноос чанар руу шилжих ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *