Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын наадамд дөрөв давсан 64 бөхийн допингийн шинжилгээний хариуны талаарх мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэгдэж дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн. Ингэхэд нэг бөхөөс допинг илэрсэн байна. Хувь тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцын шинжилгээнд хамрагдаж болно. Хамрагдах эсэхээ есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдэгдэх ёстой. Харин шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана” гэв.
Бөхийн салбар хорооны зүгээс нэг бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг онцолж байна. Тодруулбал, улсын их баяр наадмын тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн гэнэ.
Мэдээллийн дараа бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Дөрөв давсан бөхчүүдийн шинжилгээний хариу удаж ирдэг нь ямар учиртай вэ. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд хэдхэн хоногт л хариу нь ирдэг шүү дээ. Бөхчүүдийн шинжилгээний хариу 40 хоногийн дараа гарч байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа.
-Системд орсон шинжилгээний хариу, мэдээллийг солих, өөрчлөх ямар ч боломжгүй.
Допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториуд хийдэг. Тиймээс хугацааны хувьд хэд хоног гэсэн тогтсон хугацаа байхгүй. Манай Үндэсний бөхийн холбоо ч баяр наадмаас бусад спортын арга хэмжээний үеэр итгэмжлэгдсэн лабораторитой харилцаж ажилладаг. Хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна.
-Шинжилгээ авах үйл явц хөшигний ард нууц байгаа болохоор хардлага байна л даа. Үйл явцын талаар тодруулахгүй юу?
-БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос шинжилгээний хариу Допингийн эсрэг байгууллага руу ирдэг. Үүнийг нь лацдаад бидэнд хүлээлгэж өгдөг.
-БНСУ-аас ирсэн шинжилгээний хариутай сэтгүүлчид танилцаж болох уу?
-Допингийн эсрэг журмаараа хориотой зүйл. Хувь хүний нууц.
-Энэ жилийн наадмаар Булган аймгийн харьяат улсын начин цолтой бөх допингийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн. Тухайн бөхийг наадмын дараа зохион байгуулагдсан барилдаануудад бүртгэхээс татгалзаж байсан. Тэгэхлээр 63 бөх допингийн шинжилгээнд хамрагдсан гэж ойлгох уу?
-Шинжилгээ авах явцын тухайд зохих журмын дагуу 64 бөхөөс авсан. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал шууд допинг хэрэглэсэн гэж үзнэ. Дөрөв давсан бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. ТЕГ болон цагдаагийн байгууллагын хяналтад авсан. Таны тухайд хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсныг мэдэхгүй гэв.
Олны дунд улсын харцага Т.Бэгзсүрэн допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл байна.