Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяад холбогдох шүүх хурал болж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Малайз улсын дээд шүүх дээр талийгаач Ш.Алтантуяад холбогдох Иргэний шүүх хурал явагдаж байна. 2006 онд Малайзын нутаг дэвсгэрт амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний нэхэмжлэлийн анхны шүүх хурал болж байгаа юм. Өмнө нь нэг удаа шүүх хурал болсон. Тэр үед тухайн гэмт хэргийг үйлдсэн, аллагад шууд холбоотой гэсэн хоёр хүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг.
-Уг хэргийг үйлдсэн гэх хоёр этгээдийг цаазаар аваагүй байгаа гэж сонссон?
-Аллагыг гүйцэтгэсэн хоёр цагдаагийн алба хаагчдад цаазаар авах ял өгсөн. Гэвч гүйцэтгэл хийгдээгүй. Дараагийн хуулийн процесс үргэлжилсэн. Хоёр алба хаагчийн нэг нь Малайзад, нөгөө нь Австралид байгаа. Малайз улс их сонин тогтолцоотой. Эрүүгийн хэрэг шийдвэрлээд дууслаа гэхэд Хааны архивт ордог юм билээ. Хааны архиваас хэрэг буцаж гарч ирж, сэргээгдсэн тохиолдол огт байхгүй. Талийгаач Ш.Алтантуяатай холбоотой эрүүгийн хэрэг Хааны архиваас гарах зөвшөөрлийг өгч, мөрдөн байцаалтад дахин явагдсан юм билээ. Тэгэхээр Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дахин шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Гэхдээ тэр хоёр алба хаагч Иргэний хэрэг дээр ирж, мэдүүлэг өгсөн байгаа.
-Талийгаач Ш.Алтантуяад холбогдох Иргэний нэхэмжлэлтэй шүүх хурал 13 жилийн дараа болж байна гэсэн үг үү?
-Хохирогчтой холбоотой хохирлын нэхэмжлэлийн шүүх хурал анхных нь болж байна. Үндсэндээ аллага болсон өдрөөс хойш 13 жил болж байгаа юм. 13 жил орчмын дараа болж байгаа нь нэлээн эргэлт хийсэн шинжтэй шүүх хурал юм болов уу даа гэж бодогдсон. 2006 онд Малайзын төр засгийн удирдлагуудад алба хашиж байсан хүмүүс энэ хэрэгт холбоотой гэж анх мэдээлэл гарч байсан. Гүйцэтгэгч нар хуулийн байгууллагын хүмүүс байсан. Үүнээс хойш 12 жилийн хугацаанд талийгаачийн аав хохирогчоор тогтоогдож, оролцож байгаа юм.
-Шүүх хурал хэрхэн өрнөж байгаа бол?
-Хуулийн зөвлөгөө өгдөг, шүүх хурлыг төлөөлөн оролцож буй эрхий бүхий байгууллага нь Малайзын хуулийн том компани юм билээ. Аллага болсноос хойш хэрэг дээр ажиллаж байсан хуульч зам тээврийн ослын улмаас амиа алдсан. Түүний хүүхдүүд нь гэрээний дагуу үргэлжлүүлж, шүүх хурал дээр өмгөөлөгчөөр ажиллаж байна. Малайзын хуулийн систем манайхаас тэс өөр. Манайх аливаа хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурал дээр очиж, яллагч, өмгөөлөгч, шүүгч гурав байж хэргийг шийдвэрлэдэг. Малайзад болж буй шүүх хурал хоёр, гурван өдөр үргэлжлэхгүй. 1-3 сараар ч үргэлжилж болно. Мөн асуудлыг нэг шүүх л шийднэ. Мэтгэлцээний зарчим сонгодог, төгс хэлбэрээр явж байж, тухайн хүмүүсийн асуудал яригддаг. Иргэний шүүх хурал мөртлөө эрүүгийн шүүх хуралтай адил мэдүүлгүүд авагддаг юм билээ. Манай улсад бичмэл хуулийг хэрэглэдэг. Хуулийн гаргалгаа болон тухайн хүний үйлдэл ямар зүйл заалттай нийцэж байгаагаар нь хэргийг шийддэг. Малайзад хэдэн арван жилийн өмнө болсон хэргийг тодорхой бодит кейс дээр тулгуурлаж, шийдвэрээ гаргадаг юм байна. Тэгэхээр өмгөөлөгчийн баг таваас арван хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хариуцагчийн тал адилхан. Малайзын Засгийн газрыг өмгөөлж, өмгөөлөгч нар оролцож байгаа юм.
-Уг хэрэг хоёр орны Засгийн газрын хүрээнд яригдах болсон шүү дээ?
-Яагаад Засгийн газартай холбоотой асуудал яригдсан бэ гэхээр тухайн үеийн Малайзын төр засгийн удирдлагад байсан хүмүүс уг аллагатай шууд холбоотой гэж Эрүүгийн хэрэг дээр анх мэдүүлсэн байдаг. Тиймээс хохирлын нэхэмжлэлтэй шүүх хурал болж байна. 13 жилийн хугацаанд анх удаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдэх чухал шүүх хурал юм. Иймээс манай улсаас олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, хохирогч, гэрч нар гэсэн төлөөллүүд явсан. Талийгаачийн аав С.Шаарийбуу албан ёсны хохирогчоор оролцож байна. Талийгаачийн хүү явсан. 12 жилийн дараа хохирлын асуудлыг шийдэх шүүх хурал гэдэг бол их том ахиц. Мөн хуулийн болон төрт ёстой, хууль эрх зүй үйлчилдэг улс оронд цаг хугацаанаас үл хамаарч, шийдвэр гаргах, асуудлыг шийдэх зориг гарч байна гэж ажиглалаа. Үнэн, шударга ёс, хууль ёс гэж байдаг бол уг асуудал заавал шийдэгдэх ёстой.
-Талийгаачийн аав С.Шаарийбуу гуайтай танай байгууллага байнгын хамтарч ажиллаж байсан уу?
-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд С.Шаарийбуу гуайтай байнга холбоотой ажиллаж байсан. Талийгаач Ш.Алтантуяагийн хэрэг дээр ажлын хэсэг байгуулж байсан. Ажлын хэсгээр Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллүүд хоёр удаа хуралдсан. С.Шаарийбуу гуай хохирогч шүү дээ. Тэрээр хүний тэсвэр тэвчээр гэж ямар агуу зүйл вэ гэдгийг харуулж байна. Үнэн, шударга байдлын төлөө тэмцсэний эцэст ямар нэг эерэг үр дагавар заавал гарах ёстой юм. Үүнийг С.Шаарийбуу гуай хүлээж байгаа. Тэмцэгчийн хувьд яах аргагүй л үнэнч тэмцэгч. Үнэхээр тууштай. Тэрээр боловсролтой, аливаа зүйлийн төлөө тууштай тэмцдэг. Хэргийг шийдвэрлэх байдал нааштай гарах байх гэсэн итгэл хүн бүрт бий.
-Манай улсын зарим иргэн гадаадад амьдарч, ажилладаг. Тэдний аюулгүй байдлыг хангахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, манай улсаас Малайз улсад суугаа элчин сайдын яамгүй. Тэнд өргөмжит консултай. Тайландын Бангкок элчин сайдын яам Малайзыг хамардаг. Тиймээс шүүх хурал дээр Бангкокын Элчин сайдын яамны консул ирж оролцсон. Элчин сайд яамдтай, Өргөмжит консултай газарт Монгол хэмээх нэрийг авч яваа хүмүүс тэнд оршин сууж байгаа хүмүүсийнхээ эрхийг хамгаалах ёстой. Мөн тэнд оршин сууж буй иргэдэд тухайн улс орны хууль, тогтоомжийг өөрсдийнх нь үүрэг мэт ойлгуулж сурталчлах хэрэгтэй. “Усыг нь уувал, ёсыг нь дагана” гэсэн зүйр үг бий. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Иргэдийнхээ төлөө эрхийг нь хамгаалах үүрэгтэй.
-Саяхан цэрэг амиа алдсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Талийгаачийг зодуулсан байж болзошгүй гэсэн. Энэ хэрэгт хүний эрх хэрхэн зөрчигдсөн байна вэ?
-Цэвэр гэмт хэргийн асуудал юм болов уу. Цэргийн дүрмүүд гэж бий. Цэргийн сахилгын дүрмийг сайтар биелүүлэх хэрэгтэй. Тухайн хүний биед гэмтэл учирч, амиа алдсан тохиолдолд эрүүгийн хэрэг болно. Цэрэг армийн асуудалд эрүү, шүүлт, сахилгын зөрчлүүд дээр маш их нарийн ажиллагаа хийгддэг. Цэрэг, армийн байгууллага хаалттай байдаг. Бид 2006 онд шалгалт хийж байсан. Тэгэхэд анги нэгтгэлүүдийн дунд дүрмийн бус харилцаа хавтгайрсан шинжтэй байсан. Одоо янз бүрийн асуудал гардаг юм билээ. Тиймээс тухайн ангийн захирагч, удирдах албан тушаалтнууд хамгийн түрүүнд ухамсартай байхад суралцах ёстой гэж бодогддог. Хариуцлага хүлээнэ гэдгээ тэд ойлгох хэрэгтэй.
-Сүүлийн үед өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдлоо гэснээр олон хүнийг баривчилсан. Зармыг нь сулласан. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?
-Төр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж буй хүнээ төрийн хамгаалалттай байранд оруулаад байна гэсэн үг. Хамгаалалттай байранд өвдөх, үхэх, өлсөх зэрэг асуудал байж болохгүй. Үүнийг төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд, алба хаагчид хангаж ажиллах ёстой. Төрийн хамгаалалттай байранд байна гэдэг бол тухайн хүн эрхээ төрд өгчихөж байна гэсэн үг. Тиймээс нэг талаар иргэн, төр хоёрын харилцаа тэнд явж байна л даа. Төр ямар нэг байдлаар хүний эрхийг зөрчигч болчихдог. Иймээс зөрчлийг гаргуулахгүй, зөрчлөөс хамгаалахын тулд хамгаалалттай байранд оруулдаг. Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудын заалт бол төрөөс гаргаж буй хүчирхийллээс тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэний эрхийг хамгаалахын тулд зохицуулалтын механизм явагдаж байна гэсэн үг. Хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. Мөн манай байгууллага хүүхдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэлээд ажилласан.