Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа, олон, практикийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөсөн юм. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн талаарх зохицуулалт, олон улсын гэрээ, хууль, практик” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан. Иймд түүнтэй зарим зүйлийг ярилцлаа.
-Хурлын үеэр юуг хэлэлцэв. Мөн иргэд заримдаа хуулийг үгүйсгэх юм. Яагаад тэгдэг юм бол?
-Хүний эрх, эрх чөлөө үндсэн хууль, тогтоомж, эрүүгийн хуульд хэрхэн сууж өгсөн талаар хэлэлцсэн. Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хуулиа баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улс НҮБ-ын батлан гаргасан хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэж орсон үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10 улсын нэгээр нэрлэгддэг. Тэгвэл олон улсын гэрээ гэж юу юм, тэнд нэгдэж орсон улсууд яагаад үүрэг хүлээдэг юм, хүлээж буй үүрэг нь одоогийн хэрэгжиж буй хуульд хэрхэн суусан, мөн практик дээр энэ нь ямар үр дагавар авчирч байгаа зэргийг хэлэлцлээ. Хууль гэдэг нь нийгэмд болж байгаа болон болохгүй байгаа зүйлсийг хүмүүсийн онцлогт тохируулан зохицуулахыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зохицуулалтын гол амин сүнс нь тухайн улс орны хөгжил, хүн ам, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, төрөл, ялын бодлого нь байдаг. Тиймээс өөр газраас хуулийг нь шууд хуулбарлаж хэрэгжүүлэхээр хүн, нийгмийн онцлогоос үүдээд эдийн засаг, эрх зүйн хөгжил нь өөрөөр нөлөөлдөг. Тухайн улс өөрсдөдөө зориулан хэрэгжүүлж буй бодлого нь манай улсад хэрэгжих гэхээр хүчилэгдээд байдаг. Яагаад гэвэл манайд тохирохгүй байгаа болохоор тэр. Үүнийг бодолцохгүйгээр хууль тогтоомжоо хэрэгжүүлэхээр ард иргэд нь эсэргүүцдэг, хэрэгжүүлэгч байгууллагуудад нь хүндрэл учирдаг юм.
-Хууль хуучирна гэж байдаг юм болов уу?
-Байлгүй яах вэ. Орчноо мэдрэхгүй олон жил нэг хуулийн зүйл заалтыг практикт хэрэглээд байхаар дэлхийн нийтийн чиг хандлага хөгжилтэй нийцэхгүй болчхоод байгаа юм. Тухайлбал европын орнууд эрх зүйгээ хөгжүүлэхийн тулд хүний эрхийг арай өөр түвшинд гаргаж ирсэн хуулийг хэрэгжүүлж байна. Харин манайх хүний эрхийн тухай яриад байгаа хэрнээ нөгөө л хуучин зүйл заалтуудтайгаа байсаар байгаа. Гэхдээ хөгжлийг дагаж байна гээд гаднын хуулийг шууд хуулбарлаж болохгүй. Үүнээс гадна хүний эрхийг дээдлэхийн тулд Монголын шүүхэд хадгалагдчихсан байгаа зарим зүйлийг үгүй хийх хэрэгтэй байна. Тухайлбал, шүүхийн байгууллага хэрэг маргааны хэрэг бүртгэлийн явцыг дахин хянаж мөрдөн байцааж, прокурорын хяналтад буцаагаад байгаагаа болих хэрэгтэй. Шүүхийн байгууллага хэргийг шүүн тасалж, гэм буруутайг тогтоох л үүрэгтэй шүү дээ. Гэтэл илүү дутуу зүйл шаардаж, хэргийг нотлох чиг үүргийг өөртөө авч, үүнийг дахин шалга, ийм баримт авчир гэхчлэнгээр хэргийг буцааж байгаа нь хүний эрхийг зөрчөөд буй. Шүүх өөрийн чиг үүргээсээ өөр давхар чиг үүргийг өөртөө авч байна. Уг нь нотлох, баримт цуглуулах чиг үүргийг цагдаа, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд хийдэг ёстой. Гэтэл шүүх өөрөө нотлох баримт бүхий чиг үүргийн зүйлийг гаргаж ирчхээд тулган шаардаад байгаа нь хохирогчид ч тэр, эрх нь хязгаарлагдаад хоригдож байгаа хүмүүст ч тэр хүндрэл учруулж буй хэрэг болж байна.
-Иргэд олон нийтийн дунд шуугиан тарьсан хэргүүдэд сэжиглэгдэж байгаа хүмүүсийг заавал хорьдог гэсэн бодолтой байх шиг байна. Үүнийг тайлбарлавал?
-Хэргийг шийдвэрлэгдэж дуустал сэжигтэнд хорих арга хэмжээ авч болдог. Энэ нь таслах сэргийлэх, цагдан хорих арга хэмжээний нэг төрөл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэснээр хамгийн багадаа нэг сарын дотор хэргийг хянан шийддэг. Хэрэв хэрэг удааширсан тохиолдолд 24 сар болж сунгагддаг. Түүнээс биш хэргийг ангилж ялган, мөрдөж байна гэсэн үг биш. Гэхдээ одоо үйлдэгдэж буй хэргийн 80 хувь орчимд нь хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглээд байна. Уг нь хэрэгт сэжиглэгдэж хорих арга хэмжээ авахуулж байгаа хүмүүс цаанаа гэр бүл, эхнэр хүүхэд, хань ижилтэй, өөрийн эрхэлсэн ажилтай байтал заавал хорих шаардлагагүй. Мөн иргэд хуулийн эрх зүйн мэдлэг дутуу байдаг нь эндээс харагдаж байгаа юм.
-Хүмүүс хуулиа мэдэхгүй байна гэсэн үг үү?
-Уг нь төрөөс олон нийтийн дунд урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны ажил явуулах ёстой. Гэвч эдгээр нь хийгдэхгүй байгаагаас үүдэн иргэд зөв, буруу нь мэдэгдэхгүй дам дамаа сонссон, мэдсэн зүйлсээсээ мэдээлэл авч байна. Гаднын орнууд хуульдаа өөрчлөлт орж, шинэчлэгдэх, шинэ хууль гарахаас 3-6 сарын өмнө олон нийтэд мэдээлэл өгч, сурталчилдаг юм. Манай улс хуулийнхаа процессийг бус гарчгийг нь сурталчилдаг. Тиймээс иргэдэд хуулийн дотор талыг нь сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй байна.
-Хэрэв хилсээр гүтгэгдэн хоригдсон бол хохирлоо хэрхэн барагдуулах вэ?
-2006 оноос хойш хоёр тэрбум орчим төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байдаг. Тухайн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалахын тулд эцсээ хүртэл явах л хэрэгтэй.
-Өнөөгийн байдлаар хуулийн байгууллагуудад юу дутагдаад байна вэ?
-Олон улсын байгууллагуудаас манай улсад өгсөн зөвлөмжүүд хууль тогтоомжид тусгагдахгүй, шүүхийн практикт хэрэглэгдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Шүүхийн байгууллага гэдэг нь шүүгч гэсэн үг. Тэнд хүн л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс зөвхөн дотоодынхоо хууль, тогтоомжийн зүйл заалтуудтайгаа зууралдана гэдэг хоцрогдсон хэрэг. Манай улс олон боломжуудыг үндэсний хууль тогтоомжоороо хязгаарлаж байна. Олон улсын гэрээ, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үгүй нь тухайн салбарынхны хэр зэрэг чадвартай вэ гэдгээс шалтгаалж буй зүйл.
-Ер нь хүний эрхийн баталгаа манай улсад хэр байна вэ?
-Манай улсад хүний эрхийн баталгаагүй гэх үндэслэл байхгүй. Хуульд хүний эрхтэй холбоотой бүхий л зүйл заалт нь бий. Тиймээс баталгаа бол байна. Гагцхүү хэрэгжилт нь хэр байна вэ гэдгийг анхаарах ёстой.
-Мөрдөн байцаах явцад хүний эрх ихээр зөрчигддөг гэх юм. Хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулдаггүйгээс эрхлээд асуудлууд гардаг бололтой?
-Угаасаа танилцуулж болохгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд тухайн хүн өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхтэй байдаг. Хэргийн материалыг мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа өмгөөлөгчид танилцуулна гэсэн заалттай. Мөн мөрдөн байцаалт болгонд өмгөөлөгч өөрөө тухайн этгээдтэй хамт оролцдог. Тэгэхээр зөрчиж байгаа бус хамгаалж буй хэрэг.
-Хуульд өөрчлөлт оруулахдаа юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
-Тухайлбал, 2002 онд батлагдсан Эрүүгийн тухай хууль 15 жил үйлчлээд сая шинэчлэгдэж байна. Тэгэхээр яагаад шинэчилсэн найруулга гээд байгаа гэдгийг хамгийн түрүүнд үүнийгээ ойлгох хэрэгтэй. Яах вэ таван жилийн ял эдэлдэг байсныг нь гурван жил болгож ялын бодлогыг зөөлрүүлснээ өөрчлөлт гэж болно л доо. Мөн үг үсгийн шинэчлэлээс гадна олон улсын зөвлөмж багтсан байх ёстой. Манай улс НҮБ-ийн гишүүн орон болохынхоо хувьд өөрөөр ямар шинэчлэл хийж болох вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Хүнийг хууль бусаар хорин эрүү шүүлт хийж, хэлмэгдүүлдэг асуудлыг дэлхий нийтээрээ ярьж байна. Хуулийн байгууллагад төр бодлогоор албадан үйлчилснээс болоод хуулийн байгууллагад хүчирхийлэгч болж байна.
З.МӨНХСУВД