Categories
мэдээ цаг-үе

П.Оюунаа: Авьяас чадвараа болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тооцож мэргэжлээ сонгох хэрэгтэй

Судалгаанд оролцсон оюутнуудын 30 гаруй хувь нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулжээ. Мөн сурагчид мэргэжлээ биш эхлээд сургуулиа сонгочихоод байдаг гэнэ. Мөн оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжлээр хамаагүй сурчихъя гэх хандлага үүссэн гэдгийг багш нар хэлж байна. Энэ нь нэг талаараа дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэх шалтгаан болж байгаа аж.

Тиймээс өөрийн онцлогт тохирсон, ирээдүйд улам эрэлттэй байх, ажлын байр сайн олдох, цалин хангамж өндөртэй мэргэжлийг сонгох шаардлага нэгэнт үүсчээ. Дэлхийд 7000 гаруй мэргэжил бий хэмээн сэтгэж сайтар судлах шаардлагатай аж. Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед шинээр маш олон ажил мэргэжил урган гарсаар байгаа. Тухайлбал, веб хөгжүүлэгч, IT инженер, програмист гэх мэт.

Харин уламжлалт мэргэжлээс цэцэрлэгийн багш, бага ангийн багш, эмч, сувилагч цахилгаанчин, хүнд болон хөнгөн үйлдвэрийн нарийн техникч, аялал, жуулчлалын мэргэжилтэн, экологийн мэргэжилтэн, инженерүүд, хими, химийн технологи, эрчим хүчний салбарын мэргэжилтэн, нанотехнологчид, зар сурталчилгааны мэргэжилтэн, авто зам, барилгын инженер, гидрогеологич, гидромеханик инженер, усны нөөцийн инженер, уул, уурхайн машин техник тоног төхөөрөмжийн инженер, малын эмч, газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн мэргэжилтэн, сантехник, инженерийн байгууламж, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний инженерүүд, биотехнологич, онош зүйч, эмнэлзүйн шинжлэх ухаан судлаач зэрэг мэргэжлүүд олон улс болон Монголд ч хамгийн эрэлттэй, байгаа ажээ.

Мэргэжлээ хэрхэн сонгох талаар Ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний зөвлөх П.Оюунаатай ярилцлаа.

-Мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах шаардлагатай вэ. Яаж мэргэжлээ зөв сонгох вэ?

-Энэ асуултад хариулахаас өмнө нэг зүйлийг сануулмаар байна. Энэ бол “мэргэжил” биш “ажил мэргэжил” юм. Мэргэжил гэдэг нь тодорхой албан болон албан бус сургалтад хамрагдаж ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн байхыг хэлдэг. Гэтэл бодит байдалд зарим хүн албан эсвэл албан бус сургалтад хамрагдалгүйгээр “ажил хийх” сонголт хийдэг. Ийм учраас бид “ажил мэргэжлийн” сонголтын талаар ярих хэрэгтэй. Ажил мэргэжлээ сонгох тогтсон алхмууд байдаг. Жишээ нь, эхлээд өөрийн авьяас, чадвар, сонирхол, үнэт зүйлээ таньж мэдэх, өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлд тохирсон ажил мэргэжлийн боломжуудыг хөдөлмөрийн зах зээлээс олж мэдэх, эдгээр боломжийн талаар судалж үзэх, ажлын туршлага хуримтлуулах, судалгаа хийх, тавигдах шаардлагыг таньж мэдэх, эцэст нь ажил мэргэжлийн сонголт хийх ёстой.

Манай эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ ажил мэргэжил сонгоход цаг гаргаж, тусалж дэмжих хэрэгтэй. Жишээ нь, ЕБСийн ахлах ангийн нэг хүү ингэж ярьж байсан. Тэр хүү өөрөө архитектурч болох хүсэлтэй, үүнийгээ эцэг эхдээ хэлсэн байна. Гэтэл эцэг эх нь архитектурч юу хийдгийг бид мэдэхгүй, бас тогтвортой ажлын байртай байх боломжгүй ажил гэж хэлээд шууд хорьсон байдаг. Гэтэл аав, ээжүүд шууд ингэж няцаахын оронд хүүгээ архтиектурын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг хүнтэй уулзуулж, тодорхой хугацаанд тэр хүнийг юу хийж байгааг ажиглаж, зарим ажил үүргийн хүрээнд туршлага хуримтлуулж, ажил олгогчидтой танилцуулж, бас энэ чиглэлийн сургалтын байгууллагатай танилцаж туршлага судлах боломж олгох хэрэгтэй байгаа юм. Ингэж байж таны хүүхэд сонирхож байгаа ажил мэргэжил нь өөрт нь тохирох эсэхийг мэдэх боломжтой. Ер нь бол ажил мэргэжлийн чиг баримжааны төлөвшил тодорхой үе шаттай байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн сайн тохирсон ажил мэргэжлээ сонгоход тусалж, дэмжих хэрэгтэй.

-Хамгийн эрэлттэй, ирээдүйд өндөр цалин авах боломжтой мэргэжил юу, юу байна вэ?

-Хамгийн эрэлттэй ажил мэргэжил, ирээдүйд өндөр цалин авах тухай ярихад хамгийн сүүлийн үеийн, бодитой мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. ХНХЯ-ны судалгааны институтийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа 2017” тайланд дурдсанаар 2018 оны байдлаар барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа болон боловсруулах үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарт эрэлт ихтэй төлөв харагдаж байгаа.

Цалин хөлсний хувьд мөн энэ институтын гаргасан “Цалин хөлсний бүтцийн судалгаа 2017” тайлангаас харахад уул уурхай, мэргэжлийн шинжлэх ухаан болон техник, санхүү, даатгал, мэдээлэл холбооны салбарын ажил мэргэжил улсын дунджаас өндөр цалин хөлстэй байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлийн дээрх судалгааны таамаглалт жил нь нэг байдаг учраас гурваас цааших жилийн төлөвийг таамаглаж ярих нь бодитой бус. Хялбар биш гэж бодож байна.

-12 дугаар анги төгсөгчдийг мэргэжлээ зөв сонгоход нь хэзээнээс, яаж бэлдэх хэрэгтэй байна вэ?

-12 дугаар ангийн төгсөгчид ажил мэргэжлийн сонголт хийхтэй холбоотой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол зөвхөн 12 дугаар ангид орсон хойно нь бус бүр эртнээс хүүхдээ ямар зүйлд сонирхолтой байна, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээр нийгэм, сургууль, эцэг, эх тал талаас нь анхаарах ёстой юм. Сургууль төгсөх дөхөөд ирэхэд нь анхаарч эхэлж байгаа нь оройтож байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай ЕБС-ийн ахлах ангид суралцах хичээл, хөтөлбөрөө сонгодог болсонтой холбогдуулан ажил мэргэжлийн чиг баримжааг наймдугаар ангиас эхлэн системтэй олгох хэрэгтэй. Ахлах ангийн хичээл сонголт үндсэндээ ажил мэргэжлийн сонголтоос шалтгаалж байгаа. Энэ үед дор хаяж гурван мэргэжил сонголтын төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. 12 дугаар ангийн хүүхдүүдийн эхний сонголт бүтэхгүй бол дараа дараагийн сонголтын төлөвлөлт үргэлж бэлэн байх хэрэгтэй. Ер нь бол нийтэд нь хандаж хэлэхэд ажил мэргэжлийн төлөвлөгөөнд ажилгүй болбол яах вэ, яаж богино хугацаанд ажилтай болж болох вэ гэдэг төлөвлөлт ч бас байх ёстой юм.

-Мэргэжлийн чиг баримжаа олгох ажил манай улсад хэр явагдаж байгаа вэ?

-Аливаа улс орны хөгжил тухайн орны хүн амын хөгжлөөс шууд хамаардаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн цөм нь монгол хүн. Тэр дундаа өсвөр үе, залуучуудын хөгжил Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл нь бөгөөд тэднийг хариуцлагатай, бие, хэл, сэтгэлгээний чадамжтай, бүтээлч, өрсөлдөх чадвартай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн болгон төлөвшүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар бодлого боловсруулж, шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын салбарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, үйл ажиллагааг эхлүүлсэн явдал юм.

Дэлхийн улс орнууд ажил мэргэжлийн чиг баримжааг боловсролд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх (сургууль завсардалтыг бууруулах, сурлагын амжилтыг дээшлүүлэх гэх мэт), хөдөлмөрийн зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Эдийн засгийн хувьд чадамжтай ажилтантай байх, нийгмийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үзэж байна. Монгол Улс ч мөн энэ үзэл баримтлалын дагуу ажил мэргэжлийн чиг баримжааг хэрэгжүүлэх юм.

Ирэх хичээлийн жилээс 10-12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотой шаардлагатай гарын авлага, хэрэглэгдэхүүн бэлэн болно. Энэ оны наймдугаар сар гэхэд ЕБСийн ахлах ангийн сурагч, багш, эцэг эх болон сургуулийн удирдлагад эдгээр материал хүрнэ. Мөн 20182019 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургуулийн удирдлага, сургалтын менежер, нийгмийн ажилтан болон ахлах ангийн багш нарт шаталсан сургалт зохион байгуулагдана. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход БСШУСЯ болон ХНХЯ хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Нэгэнт ажил мэргэжлийн чиг баримжааг ЕБСийн наймдугаар ангиас эхлэн олгох болсонтой холбогдуулан багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрт тодорхой агуулгыг тусгах шаардлагатай байгаа. Эхний байдлаар МУБИС-ийн оюутны дадлагын дэвтэрт 8-9 дүгээр ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжааг яаж олгох тухай агуулгыг оруулсан.

-Ямар мэргэжил чамд тохирох вэ гэсэн сорилго тестүүд байдаг юм билээ. Монгол хүүхдийн онцлогт тохирдог уу. Сорилгоор үзээд мэргэжлээ сонгох нь хэр зөв бэ?

-Ажил мэргэжлийн сорилго, тест бүр зөв сонголт хийхэд тусалж чадахгүй. Сорилго, тест бүр өөр өөр зорилготой бас өөр өөр бүлгийн хүмүүст зориулсан байдаг. Жишээ нь, насанд хүрэгчдийн ажил мэргэжлийн сонирхол тодорхойлох сорилго ЕБС-ийн сурагчдад зориулсан сорилгоос арай өөр. Учир нь сорилгын асуултын түвшин, тавил зэрэг нь тэр болгон хүүхдэд тохирсон байж чаддаггүй. Зарим асуулт нь хүүхдэд ахадхаар байдаг. Тиймээс янз бүрийн сорилгод шууд итгэж ажил мэргэжлийн сонголт хийхээс татгалзах хэрэгтэй. Хамгийн зөв арга нь өөрийгөө таньж мэдэж, ажил мэргэжил, сургалтын боломжтойгоо уялдуулж, ажил мэргэжлийн туршлага хуримтлуулж, судалгаа хийж, хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий хандлагад баримжаалан сонголт хийх хэрэгтэй. Ер нь олон талаар өөрийгөө сорьж, тодорхой туршлага хуримтлуулж, тухайн ажил мэргэжлийн бодит нөхцөл, шаардлагыг таньж мэдэж, эртнээс төлөвлөж сонголт хийх нь хамгийн зөв шийдэл.

Монгол хүүхдийн онцлогт тохирох тухайд бол ямар ч сорилго, тестийг хэрэглэхээс өмнө түүний тохирц, найдвартай байдлыг шалгасан байх хэрэгтэй байдаг. Хэрэв энэ хоёр үзүүлэлт шаардлага хангаж байвал тухайн сорилго, тестийг ашиглаж болдог. Жишээ нь, насанд хүрэгчдэд зориулсан сорилго, тестийн хүүхдээс авах тохиолдолд түүний тохирц, найдвартай байдал заавал шалгах хэрэгтэй.

-Зарим нь сонгосон мэргэжлээрээ амжилт олдог ч зарим нь тэр мэргэжлээрээ огт ажиллаагүй байдаг. Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан юу юм бэ?

-Энэ нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, өөрт хамгийн сайн тохирсон ажил мэргэжил сонгоогүйгээс болдог. Хүүхэд залуучууд ихэнхдээ эцэг, эх эсвэл багшийн санал болгосон, найз нөхдөө дуурайсан эсвэл элсэлтийн шалгалтад амжилт үзүүлэх боломжтой хичээлээ баримжаалж ажил мэргэжлийн сонголт хийдэг. Хоёрдугаарт, үндэсний болон хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл их дутмаг байна. Эцэг эхчүүд, хүүхэд, багш нар өөрсдийнхөө мэддэг цөөн хэдэн мэргэжлийн хүрээнд сонголт хийдэг. Хөдөлмөрийн зах зээлийн шингээлт, шинээр бий болж байгаа ажил мэргэжлийн талаар ойлголт их хязгаарлагдмал байдаг нь энд их нөлөөлдөг. Энэ чиглэлийн олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, танилцуулга ч гэсэн бага байна. Өөрт хамгийн сайн тохирсон ажил мэргэжлээ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээлэл үзэж сонголт хийдэг хүмүүс ер нь цөөн. Гуравдугаарт, сонирхож буй ажил мэргэжлийн талаар судалгаа хийдэг, таньж мэддэггүйгээс болоод эзэмшсэн ажил мэргэжлээрээ ажиллаж чадахгүй болдог.

-Эдийн засагч, хуульч, сэтгүүлч гэх мэт нийгэмд илүүдэлтэй мэргэжил сонгохгүй байх нь зөв үү. Эсвэл үнэхээр тухайн мэргэжлээр амжилт гаргана гэвэл сонгох хэрэгтэй юу?

Энд шууд хариулахад хэцүү асуулт байна. Нийгэмд илүүдэх гэхээс илүүтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ханасан эсвэл технологийн хөгжлийн нөлөөгөөр аажмаар шаардлагагүй болж байгаа ажил мэргэжил энд яригдана. Хүн ажил хөдөлмөрт амжилт гаргах хамгийн том хүчин зүйл нь тухайн ажил мэргэжил өөрийнх нь чадвар, авьяас, эрхэмлэдэг үнэт зүйл, хүсэл сонирхолд хамгийн сайн тохирсон байх ёстой. Дараа нь тухайн ажил мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт чухал хүчин зүйл болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *