Ази тивийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө Казахстаны Астана хотод үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрхийн төлөө барилдсан юм. Тэднээс П.Орхон финалд үлдэн чөлөөт бөхийн олимпийн эрхийн найм дахь эрхийг эх орондоо авчирлаа.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа эхний эрхийг авчирсан бол удаах эрхийг П.Орхон нэмлээ. Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэй 97 кг-ын жинд Д.Хүдэртулга, эмэгтэй 75 кг-ын жинд Б.Одончимэг нар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг авсан. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргалсан.
Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг баасан гаригаас эхлүүлсэн. Бямба гаригийн байдлаар Э. Сумъяа, П.Орхон нар эх орондоо долоо, найм дахь эрхийг авчирлаа.