Коронавирусийн халдвар хамгийн анх бүртгэгдсэн БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хот аюулт өвчнийг ялан дийлснээ олон улсад тунхаглаж байна. Одоо тус хотод нөхцөл байдал ямар байгаа талаар Ухань дахь монгол оюутны холбооны дарга П.Очирпүрэвтэй ярилцлаа.
-Ухань хотын одоогийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Хэдийгээр та одоо Монгол Улсад байгаа ч цаг үеийн мэдээллийг авч байгаа болов уу?
-Монгол Улс 30 оюутнаа эргүүлэн татаж байх үед Ухань хотод цэргийн хүчээр хол хорио тогтоочихсон, гэр орноосоо гарахыг хориглочихсон байсан үе. Өдрийн 12:00-14:00 цагийн хооронд л нэг айлаас нэг хүн хүнсээ цуглуулах эрхтэй. Тэгвэл өнөөдөр бол оюутнууд байрнаасаа ойр орчимдоо гардаг болчихсон, хамаагүй хөл хорио суларсан байна. Манайх оюутнуудаа авч байх үед бусад улс орнууд ч өөрийн оюутнуудаа татаж байсан. Эх орондоо буцаж чадаагүй үлдсэн оюутнууд ч байсан. Тэднийг одоо хүртэл харьяалдаг сургуулиас нь хоол хүнсээр хангаж байгаа юм билээ. Сургуулийн кампус дотор дэлгүүрүүд ажилласаар байгаа.
-Ирэх дөрөвдүгээр сарын 8-нд Ухань хот хөл хориогоо цуцална гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ хэр үнэн бэ?
-Тийм ээ. Албан ёсоор ингэж зарлаад байгаа. Аюулт өвчнийг зогсоож чадсан гээд дөрөвдүгээр сарын 8-наас эхлээд Ухань хот хөл хориогоо бүрэн тавихаар болж байна. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээр 25-н буюу маргааш /өнөөдөр/ 00:00 цагаас Ухань хот руу орох, гарах зам тээврийн хөдөлгөөнийг нээж байна. Өнөөдрийг хүртэл хот руу орж гарах битгий хэл хот дотор явах хориотой байсан. Гэхдээ Ухань руу орж гарахдаа шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн ногоон картаа иргэд үзүүлж байж нэвтрэхээр болсон гэсэн.
-Хөл хорио цуцалж байгаа бол хотын амьдрал хэвийн үргэлжлэх нь ээ?
-Ер нь хотын амьдрал хэвийн үргэлжилнэ гэж хэлж болно. Метро явдгаараа явна. Хот руу орж, гарах нь чөлөөтэй болно. Гэхдээ сургууль, цэцэрлэгүүд хаасан хэвээр байгаа. Хэзээ орж эхлэх нь тодорхойгүй.
-Ухань хотод монгол хоёр оюутан өөрсдийн саналаар үлдсэн. Тэд сайн уу?
-Хоёр оюутнаас бусад бүх монгол оюутан эх орондоо ирсэн. Одоо Уханьд хоёр оюутан маань л байгаа. Оюутнууд сайн байгаа. Гэхдээ нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь манай 30 оюутан эх орондоо ирэх үед янз бүрийн ташаа, хар мэдээлэл их гарсан. Тиймээс оюутнуудтай холбоотой мэдээллийг нууцлахаар болсон. Мэдээж тэдний биеийн байдал маш сайн байгаа. Оюутнуудтайгаа холбогдохоос гадна сурч байгаа сургуулийнх нь багш нартай байнгын холбоотой байна. Монголд ирсэн оюутнуудын Засгийн газрын тэтгэлэг энэ өвчинтэй холбоотойгоор түр зогссон байгаа. Харин үлдсэн хоёр оюутан тэтгэлгээ авдгаараа авч байна. Мөн сургуулиас нь хоол хүнсээр одоо хүртэл хангаж, маш сайн анхаарал хандуулж байгааг сургуулийн багш нар нь хэлж байсан.
-Их, дээд сургуулиуд хичээллэх болоогүй юу?
-Уханийн их, дээд сургуулиуд оюутнууддаа онлайнаар хичээлээ маш эрчимтэй зааж байгаа учраас сургууль хичээллэх талаар одоогоор тодорхой болоогүй байна. Ялангуяа магистр, докторын ангиуд онлайн хичээлийг маш сайн орж байгаа. Диплом хамгаалалтыг ч онлайнаар хийж байна. Гадаад оюутнуудад хоцрогдол гарахаас сэргийлж өглөө бүр сургуулиас и-мэйл ирдэг. Ер нь монгол оюутнуудад багш нар маш их анхаарч байгааг энэ дашрамд онцолъё.
-Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж тусламж үзүүлэхээр болсон нь хятад ард түмний дунд томоохон сэдэв болох шиг боллоо. Таны харснаар энэ байдал ямар байв?
-Тэгэлгүй яахав. Хамгийн анх 30 оюутан Монголд ирсний дараа манай холбоо Ухань хотын төгсөгчдийн холбоотой хамтран санаачилж “Мөнхийн хөрш-энхийн тусламж” аяныг өрнүүлсэн юм. Энэ ажлыг маань Бүх Хятадын монгол оюутны холбоо, Хятадад төгсөгч нарын холбоо ч дэмжсэн. Ингээд аяны хугацаанд 22 сая төгрөг цуглуулж, 500.000 орчим амны хаалт, ариутгалын бодис зэргийг энэ айхавтар өвчинтэй хамгийн анх нүүр тулж, хүнд нөхцөлд байсан Төв Хятадын технологийн их сургуулийн эмнэлэгт хандивласан. Энэ ажлын маань талаарх мэдээлэл Монголд нэг их тархаагүй ч Хятадын радио, телевиз, мэдээ мэдээллийн Weibo, Youku суваг, олон нийтийн QQ, wechat сүлжээнд сувгаар маш их шуугьсан. Ингээд хандивын аяныг Монголоос оюутан залуус, сурагчид хүртэл үргэлжлүүлж, Ерөнхийлөгч маань Хятадад айлчлан 30.000 хониор тусламж үзүүлэхээр болсон нь үнэхээр шуугиан тарьсан. Өнөөдөр хүртэл хятад иргэдийн хамгийн их хэрэглэдэг QQ, wechat сүлжээнд Монгол Улсын рейтинг өндөр хэвээр байна. Монголын талаарх эерэг сэтгэгдлүүд ч хөвөрсөөр байгаа.
-Халдварт өвчнийг ялан дийлсэн хятад эмч нартаа хүндэтгэл үзүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж байна…
-Энэ өвчнийг эмчлэхийн тулд Хятадын дөрвөн мужаас цэрэг армийн гээд газар газрын эмч нар ирж ажиллаж байсан. Гурав хоногийн өмнөөс эхлээд тэдгээр эмч нар халдварт өвчнийг ялан дийлээд нутаг, нутаг руугаа буцаж байгаа бичлэг тэр. Хятад даяар тэдгээр эмч нарыг хүндэтгэж, эмнэлгээс нь нисэх буудал хүртэл цагдаагийн хамгаалалттайгаар хүндэтгэн үдэж байсан.
-Ийм онцгой нөхцөл байдалд Хятад улс ард иргэдийнхээ сэтгэл санааг барихад чухам ямар алхам хийж байсныг анзаарав уу?
-Уханьд өмнө нь SARS дэлгэрч байсан болохоор их хэмжээний хохирол амсаагүй гэх албан бус мэдээллийг л сонссон. Учир нь тус ардчилсан улс биш болохоор энэ төрлийн мэдээллийн хувьд хаалттай. Харин ч эсрэгээрээ хүүхэд, залуу үе, оюутнуудын дунд Ухань хот, Хятад улсаа, намынхаа төлөө эх оронч сэтгэлгээг харуулсан эссе, нийтлэлийн уралдаан зэргийг зохиож байсан. Энэ нь иргэдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгах, эх оронч сэтгэлгээг хадгалах, улам сэргээх гэсэн алхмууд болов уу.
-Өвчний дэгдэлтийн үед олон нийтийн дунд сэтгэл эмзэглэм үйл явдал гарч л байсан болов уу. Жишээ нь, коронавирусийг хамгийн анх мэдсэн эмч халдвар авч нас барсан шүү дээ?
-Өвчин ид дэгдэх үед гэр бүлийн аль нэг гишүүнд халдварын анхны шинж тэмдэг илэрвэл ямар ч тайлбаргүйгээр хүчээр авч явж байсан. Ийм бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тарж, олон мянган хүний сэтгэлийг шимшрүүлсэн. Тэр л их сэтгэл эмзэглэмээр байсан даа. Ингэж явсан хүмүүс үхэхээс өөр сонголт байхгүй. Ямар ч эмчилгээгүй, зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Эмнэлгийн бус орчинд халдвар авсан хүмүүсийг бөөнөөр нь байлгахаас өөр сонголтгүй.
-Харин одоо бол өвчнийг анагааж байгаа, олон мянган хүн эдгэрч байгаа гэсэн шүү дээ?
-Хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд Хятад улс коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан. Одоогоор олон улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Хэдий тийм ч өвчтөнүүд дээрээ туршилт хийхэд өвчний зовиур багасч эдгэрч байгаа. Тиймээс Хятад улсын хувьд вакцин гаргаж авсан гэж зарлаж байгаа юм билээ. Одоо бол Хятад улс Ухань хотдоо санаа зовох биш хилийн чанадаас хүмүүс халдвар тээж ирэх эрсдэлтэй байна гэж байсан. Ялангуяа АНУ, НАСА-гийн цэргүүд, энгийн гадаад иргэд өвчин авч орж ирэх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ. Түүнээс гадна Хятадын дөрвөн мужийн эмнэлгийн ажилтнууд өвчин дэлгэрсэн гадаад орон уу тусламж үзүүлэхээр явж эхэлсэн.
-Хятад улс өвчний тархалтыг зогсоосон хамгийн гол зүйлийг юу гэж нэрлэж байдаг юм бол?
-Хятад хүмүүс ерөөс л хөл хориог л сайн барьж чадсан. Энэ нь өвчнийг тархаахгүй барьж чадсан хамгийн гол тулгуур гэж яригдаж байна. Тиймээс монголчууддаа хэлэхэд, хөл хориог л чанд мөрдөж чадвал бид хохирол багатай даван туулах болов уу.
Б.ЭНХЗАЯА