–“DISCOVER MONGOLIA-2016” ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 14 ДЭХ УДААГАА БОЛЖ БАЙНА-
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн “DISCOVER MONGOLIA 2016” чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Уул уурхайн сайд Ц.Дашдорж, “Эрдэнэс Монгол” ХХК-ий Ерөнхий эдийн засагч, Гүйцэтгэх захирлын ажлын албаны захирал Ч.Отгочулуу, “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй гадаад, дотоодын уул, уурхайн салбарын мэргэжилтнүүд болоод хөрөнгө оруулагч нар оролцлоо.
Энэхүү чуулгыг албан ёсоор нээж Ерөнхийлөгч асан П.Очирбат үг хэлсэн юм.
Тэрбээр “Жил бүр уламжлал болон зохион байгуулаж буй уул, уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2016” олон улсын чуулга уулзалт 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уул уурхайн салбарын өсөлтийн хувьд бага зэрэг саарсан байна. Мөн оролцогчдын хүрээ өмнөх жилүүдийг бодвол буурч байгаа үзүүлэлт харагдаж байна. Тэглээ ч гэсэн бид чуулганыхаа сэдвийг цаг үетэйгээ холбож, сонгон авч үзэж байна. Энэ удаагийн чуулган маань“Тогтвортой байдлын төлөө” уриан дор явагдаж байгаа. Тогтвортой байдал, тогтвортой хөгжил гэдэг бол нэг улс орны эсвэл аль нэг Төрийн байгууллага, төрийн бус байгууллагын сонголтыг хэлэх биш дэлхийн нийтийн асуудал болж байна. Үүнийг НҮБ өөрийнхөө чуулганаар хэлэлцэж “Тогтвортой хөгжил-2030” хэмээх хөтөлбөрийг дэлхий нийтэд зарласан юм. Тийм учраас энэ хөтөлбөр нь энэ зууны эхний гучин жил баримтлах, хэвшүүлэх, төлөвшүүлэх журам болох юм. УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсан. Эдийн засгийн хүнд байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ эдийн засгийн нааштай болгох, хүндрэлийг даван туулах асуудлыг ярих юм. Сүүлийн 10-н жилийн хугацаанд манай улсад уул, уурхайн салбарын өсөлт эрчимжсэн. Дэлхийн хэмжээний том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хайгуулын төслүүдийг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цаашдаа энэхүү төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой билээ. Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн салбараас шууд хамааралтай байгааг бид мэднэ. Монголын экспортын орлогын 80 гаруй хувийг уул, уурхай салбар бүрдүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувийг өөртөө шингээж буй салбар бол эрдэс баялгийн салбар. Тэгэхээр бид энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдэс баялгийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудал их байна. Юуны өмнө нөөц нь тогтоогдож ашиглахад бэлэн болсон орд газруудыг ашиглахад Төрийн дэмжлэг бодлого хэрэгтэй юм. Төр шийдвэр гаргахын өмнө нийгмийн лицензийн түвшинг тогтоох, олон нийтийн санал бодлыг судалж, зөвшилцсөн, ойлголцох зарчим барих шаардлагатай байгааг өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны туршлагаас харж болно. Их сорилтын эгзэгтэй цаг үед эрдэс баялгийн салбарын төлөөллийг хуралдуулж, тогтвортой хөгжлийг хангах, гарцыг оновчтой тодорхойлохыг зорьж байгаа “Discover Mongolia” чуулга уулзалтаас гарах үр дүн, чухал санал санаачилгууд манай улсын уул, уурхайн салбар, эдийн засгийн бодлогод их хувь нэмэр оруулах учиртай юм” гэв.
Чуулганы нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж салбарын бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2015 оны байдлаар манай улсын ДНБ-ний 16.7 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 85 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 55 хувийг Уул, уурхай, эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон Уул, уурхайн салбар сүүлийн 20 гаруй жилийн турш үсрэнгүй өсөлт, бууралт аль алиныг нь туулсан. Мөн бодлого, эрх зүйн хувьд ч сайн, муутай явж ирсэн. Төр Засгаас уул, уурхайн салбарын эрх зүйн чанаргүй хууль ар араасаа батлагдсаны улмаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын харилцаа ойлгомжгүй байдалд хүрсэн билэээ. Эдийн засгийн хөдөлгөгч хүчний эх үүсвэр болох гадаадын хөрөнгө оруулчдыг татахын тулд хамгийн таатай нөхцөлийг бий болгох замаар олон улс хоорондоо өрсөлдөж байна. Бид ч энэ агуулгаараа 2007 онд ашигт малтмалын хууль баталсан боловч зарим субъектив нөлөөгөөр хийрхэлд автсаар хөрөнгө оруулагчдын таатай орчныг таагүй болтол өөрчилсөн болохыг судалгаагаар харж байна. Ирэх он жилүүдэд Уул, уурхайн салбарын бодлого, судалгаа, шинжилгээнд суурилан хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллах болно. Та бүхнийг манай яамны хүрээнд хамаарах аливаа хүсэлтийг нэгтгэж, санал бодлоо илгээхийг хүсч байна” гэлээ.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн “DISCOVER MONGOLIA 2016” чуулганы үеэр “Оюу Толгой” компани өөрийн үйл ажиллагааны нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцууллаа. Мөн экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа эрдсийн бүтээгдэхүүний эрэлт гол нийлүүлэгч БНХАУ болонАзийн зах зээлд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээлэл өглөө. Түүнчлэн уул уурхайн салбарын макро нөхцөл байдлыг дүгнэхээс гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулах орчин, санхүүжилтийн нөхцөл байдал, Монгол Улсад хэрэгжиж буй хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэх юм. Ялангуяа “Erdene Resources Development” компанийн “Алтан нар” алтны төсөл, “Эрдэнэс Таван Толгой”-ийн хуурай аргаар нүүрс боловсруулах төсөл, Литин төсөл гээд хөрөнгө оруулагчдын анхааралд байгаа хэд хэдэн төслийн талаар хэлэлцэж байна.
Энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёр өдөр явагдах юм.