НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяртай ярилцлаа.
-Ногоон автобусны дуулианаар богино хугацаанд асар олон үйл явдал болж өнгөрлөө. Нууц далд байдаг олон ноцтой зүйлийг монголчууд мэдэж авлаа. Ер нь таныхаар юу болоод өнгөрчихөв?
-Хүн намын бүлгийн хурал нийслэл дээр өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр болсон юм. Тэр үеэр оюутнуудын зорчилтыг хөнгөлөх, сард 22 удаа үнэгүй зорчиж байсныг 44 болгож жилд 5.5 тэрбум төгрөгийг нэмж нийтийн тээвэрт нөхөн олговорт өгнө гэсэн асуудал орж ирсэн. Нийтийн тээвэр чинь дампуурч байгаа салбар. Өөрөө өөрийнхөө паркыг ч шинэчилж чаддаггүй, үргэлж улсын төсвөөс зүүгдэж ирсэн. 2014 оноос хойш нэг ч удаа тасалбарын үнийг нэмж чадаагүй. Ихэнх зорчигчид нь хөнгөлөлттэй, үнэгүй явдаг болоод хувирчихсан. Нийт зардлын 20-хон хувийг олдог. 80 хувийг нь улсаас авдаг. Нийтийн тээврийн 18 аж ахуйн нэгжийн 16 нь хувийн хэвшлийнх байдаг гэдэг. Сонин байгаа биз. 80 хувь нь улсаас татаас авдаг. Тэгэхээр тэнд ямар ч ашиг олъё, сайжруулъя гэсэн сонирхол байхгүй. Машин, цаг гэж мөнгө авдаг, нөхөн олговор авдаг, бас бус татаас авдаг салбар. Энэ асуудал хөндөгдөж байхад парк шинэчлэлийн асуудал яригдсан. Ногоон автобуснуудыг худалдаж авахыг нууцад хамруулсан гэж Хотын захиргаанаас мэдэгдсэн.
Нийслэлийн иргэдээс сонгогдсон төлөөлөгч бидний хувьд энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Асууж тодруулсан.Тэгэхэд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хуулийн 3.4-д байгаа заалтыг ашигласан гэсэн. “ТЕГ-аас зөвлөмж нь ирсэн учраас шууд худалдан авалт хийчихсэн юм аа” гэсэн. Бид эсэргүүцсэн. Татвар төлөгчдийн мөнгийг нууцад хамруулж байгаад идэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Саяхан нүүрсний асуудлаар 177.5 тэрбум төгрөгийг агаарт шатаана гэж оруулж ирсэн. Гэтэл одоо бүр 318 тэрбумыг далдалж байгаад идэх нь. Энэ асуудлыг хөндсөн биднийг “Нууцад хамруулсан асуудлаар та нар ингэж ярьж эхлэх юм бол нууцыг задруулсан гэдэг зүйлээр хариуцлагад татна” гэж ч үзсэн. Нэлээд ширүүхэн маргаан болсон.
-Хамгийн гол нь яагаад нууцад авав гэдэг асуудал өнөөдөр ч яригдаж байгаа шүү дээ?
-Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 3.4-т үндэсний аюулгүй байдалтай холбоотой тусгай галт зэвсэг, багаж төхөөрөмж зэргийг худалдан авах тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй гэдэг. Тэгвэл нийтийн тээврийг яагаад төрийн нууцад авав. Ингээд судлаад үзэхээр 2017 онд хамгийн сүүлд авсан төрийн нууцын жагсаалт байдаг юм байна. Түүнийг харахаар ерөөсөө 2017 онд зам тээврийн салбарт авсан нэг нууц байгаа. Тэр нь төмөр зам. Цэргүүдээр төмөр зам бариулах асуудлыг нууцад авсан байсан. Тэр явдал өнөөдрийн автобусны схем хоёр адилхан болж эхэлсэн. Төмөр зам дээр гэхэд Улаанбаатарт 1000 төгрөгөөр зарагдаж байсан талх 20 мянган төгрөгөөр нийлүүлэгдэж байсан гэдэг.
-Хэдхэн хоногт өрнөсөн энэ үйл явдлаас бол сайд, Хотын дарга нар албан тушаалаа өгөхөд хүрлээ. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг том хот. Тэр утгаараа маш том эрх мэдэл, сонирхол байдаг болох нь батлагдаж байна, тийм үү?
-Хулгайн схем нь амь бөхтэй оршоод байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нууцад оруулж байгаад төмөр зам барих нэрийдлээр ажилласан. Өнөөдөр автобус худалдаад ав гээд Засгийн газраас төсвийг нь шийдвэрлэж өгч байхад ажлыг нь ингэж хийлээ. Энэ бол өөрсдийгөө бяртай байна, эрх мэдэл бий гэсэн буруу үзлээс л үүдэлтэй.
Эрх мэдэл бол иргэдэд, ард түмэнд байдаг. Үүнийг Линкольн хэлчихсэн. Үүнийгээ л буруу харсан. Хоёрт, хулгайн схем руу яагаад гүйгээд байна вэ. Энэ бол сонгуультай холбоотой. Сонгуулиар дахин гарч ирж эрх мэдлээ дархлаажуулахыг хүсч байгаа гэсэн үг. Төсвөөс хулгай хийдэг схемээр 30 жил зовлоо. Анх удаа автобусны асуудал дээр ингэж хөдөллөө. Үүнээс ч том хулгай, схемүүд зөндөө байгаа. Өнөөдөр Д.Сумъяабазар өөрчлөгдөж болно. Дараа нэг нь ирээд энэ хулгайг ажиллуулж эхэлнэ. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч хүний, сөрөг хүчний үүрэг маш чухал гэж харж байгаа.
Ер нь Хотын Засаг дарга гэж хэн юм бэ. Энэ бол улс төрийн үүднээс харвал хүн амын тал хувь нь Улаанбаатарт байгаа учраас маш том эрх мэдэлтэй байх нь ойлгомжтой. Нөлөө бүхий хүн байх нь гарцаагүй. Тэгэхээр чадвал Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулж байгаад болов Нийслэлийн Засаг даргыг ард түмнээсээ сонгодог болгох нь хамгийн зөв шийдлийн нэг. Арга ядлаа гэхэд Нийслэлийн иргэдийг төлөөлж суугаа 45 хүнээс Засаг даргыг санал болгодог байх ёстой юм. Гэтэл манайд нийслэлийн төлөөлөгч хүн биш гаднаас зөвхөн шүхрээр УИХ-аас бууж ирдэг хачин жишиг тогтлоо.
-Засгийн газрын өнөөдрийн /өчигдрийн/ шийдвэр ч үүний үргэлжлэл юм биш үү. УИХ, Засгийн газрын гишүүн Хотын дарга болоод ороод ирлээ шүү дээ?
-Урьд нь УИХ-ын гишүүний суудлыг орхиод ирж байсан. Одоо бол УИХ-ын гишүүн, сайдынхаа суудлыг орхиж ирж байна. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн яам гэдэг үндсэн чиглэлийн яамдын нэг. Гэтэл тэр ажлаа орхиж ирж байна.
-Ямар сонирхол байна вэ?
-Энд МАН гэдэг том эрх мэдлийн машин ажиллаж байгаагийн илрэл. Ардын нам дотроо хамгийн хүчтэй бүлэг нь яахын аргагүй Нийслэлийн намын хороо. Д.Сумъяабазар Нийслэлийн намын хороогоо алдахыг хүсэхгүй байна. Шахаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв би явсан тохиолдолд надтай адилхан Сонгинохайрхан дүүргээс гарсан миний цэрэг Х.Нямбаатарыг тавьсугай гэсэн л явдал. Эрх мэдлийн эх булгийн хувьд яах аргагүй МАН-ын нийслэлийн намын хороондоо учир нь байна.
Нийслэлийн 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ынх. Тэднийг ноомой мануухай гэж хэлэхээс өөр аргагүй. Юу ч дуугардаггүй. Бүгдийнх нь аманд албан тушаал цутгаад өгчихсөн. Энэ хүмүүс ядаж төлөөлөгчдөөсөө Хотын даргыг сонгооч гэж дуугарах ёстой. Урьд нь Э.Бат-Үүл гэж дарга байлаа. Алдаа бий, энэ хүнд. Э.Бат-Үүл өөрөө төлөөлөгч байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод АН-аа сонгуульд оруулж ялалт байгуулаад тэндээсээ өөрөө Засаг даргад нэр дэвшээд явсан. Түүнээс хойшхи нь дандаа шүхрээр буусан хүмүүс.
-Энэ хоёрын ялгаа юу юм бэ?
-Засаглалын эх сурвалжийн асуудал. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн төлөөлөгч шиг болгож чи нийслэлд очиж энэ хотыг хөгжүүл, бидний асуудлыг шийдвэрлэж өг гэж явуулсан хүн Засаг дарга болох, Сонгинохайрхан дүүргээс “Чи УИХ-д очоод хуулиа цэгцэл, улс орны хэмжээний юм ярь, Сонгонохайрхан дүүргийн асуудлыг шийд” гэж явуулсан улстөрч хоёрын ялгаа. Иргэдийн хүлээж авах байдал гэсэн үг.
Ухаандаа 45 хүнээс 34-ийг ялуулж чадна гэдэг Д.Сумъяабазарын гавьяа. Энэ бол маш том ялалт. Хэрэв НИТХ-аас Д.Сумъяабазарыг огцруулахаар өргөн барьсан бол 15 төлөөлөгчийн гарын үсэг хэрэгтэй. АН-ын найм, ХҮН намын гурав нийлээд ч 15-д хүрэхгүй. Ийм хүчтэй суурь гэсэн үг. Хэзээ ч ганхахгүй хүчтэй эрх мэдэл. Үүн рүү л шунаж байгаа хэрэг. Улсын төсөв 20 их наяд, нийслэлийн төсөв хоёр их наяд. Энэ болгон дээр өөрийнхөө хүнийг тавина, түүгээр дамжуулж тендер авна. Нийслэлийн худалдан авалтын газрын юмыг ухвал айхавтар юм гарна. Энэ эрх мэдэл рүү л улайрцгааж байна.
Үүнийг тас цохиж чадах хүн ганц л байгаа. Тэр бол Монгол Улсад иргэн та өөрөө. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар огцруулж болно, дахиад огцруулж болно. Дээр нь иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тарааж болно. Яах юм, мануухай шиг тооноор орж ирсэн хүнийг хүлээж аваад сууж байдаг. Өөрсдөө тарж болно. Ингээд сонгууль зарлаж болно. Үүн дээр иргэд өөрсдөө сонгуулиа хийх хэрэгтрэй. Улс төрийн хоёрдогч хүчин МАН биш гэдэг. Хулгай хийдэг схемийг байнга үргэлжлүүлдэг биш, эрүүлийг сонгоё. Ингээд ирвэл тас цохино. Тэр хүртэл хугацаа хэрэгтэй.
-Өнөөдөр Улаанбаатар хотод болж бүтэж байгаа зүйл тун ховор байна. Нийтийн тээвэр гэж ярьж ирсэн ч үсрэнгүй ганц ажил хийгдсэнгүй. Метротой болж чадсангүй. Ард түмэн ядуу, дорой, утаатай, түгжрэлтэй хэвээр л байсаар байна. Ийм байлгах сонирхол байдаг юм уу, эсвэл үүнээс илүүг сэтгэх оюун ухаан хүрдэггүй юм уу, бүр улс төрийн намаг балчигаасаа гарч чадахгүй шигдчихсэн үү?
-Метроны технологид Япон, Хятад хоёр л яригддаг. Хятадынх хямд, Японых үнэтэй юм билээ. Та бүхэн анзаарсан бол Зүүн Өмнөд Азид энэ хоёр улс л тулалдаж байгаа. Өмнөд Азид ч тэр. Метро, төмөр замын асуудал гараад ирэхэд олон улсын тендерүүд дээр Хятад, Японы компаниуд л орж ирдэг. Сонирхолтой нь энэ дайн Монголоос л гадна болоод байдаг. Манайх метро ч үгүй, төмөр замын үйлчилгээнд гардаггүй дэлхийн цорын ганц нийслэл хот болж хувирсан.
Манайх олон улсын систем руу орж чадаагүй байна. Үүн дээр мэдээж хөрөнгө мөнгөний дутагдал байх. Өндөр үнэтэй баригдсан метро, LRT хэзээ өөрийнхөө анхны хөрөнгө оруулалтыг нөхөх вэ, татвар төлөгчдөд хэр их дарамт болох вэ гэдэг асуудал бий. Гэхдээ Монголын эдийн засаг тэлж эхэлсэн. Урьд өмнө байгаагүйгээр нийслэлийн төсөв тэлсэн. Тэлсэн хэмжээгээр өөрсдөө хулгай хийчихлээ.
Хулгай байхгүй, засаглал нь шударга, ил тод болох, олон улсын өрсөлдөөн рүү Монгол Улс маш сайн геополитикийн тооцоотой орох хэрэгтэй. Уг нь Монголыг аль аль нь сонирхдог. Метро тавих сонирхол байгаа, санхүүгийн эх үүсвэр ч байгаа.
-Гэвч улстөрчид тас хорьчихдог байх аа?
-Яагаад тэд зогсоодог вэ гэхээр өнөөдрийн Улаанбаатар хот, хөдөө орон нутгийг оролцуулсан тойргийн систем бүгд можаритор. 50 тойрог нь Улаанбаатарын гадна байгаа. Их хэмжээний санхүүгийн эх үүсвэр хот руу татагдаж орж ирээд хөдөө орон нутаг хаягдана гэсэн айдас байгаа юм. Орон нутгийг усалдаг мөнгө нь байхгүй болно гэсэн тойргийн сэтгэлгээнд баригдчихаад байгаа юм.
Ирэх сонгуульд 126 гишүүнтэй, 48 нь тойргийн сэтгэлгээнд баригдахгүй хүмүүс орж ирнэ. Тэгэхээр энэ бодлого арай өөр орчныг авчрах байх.
2 replies on “П.Наранбаяр: Хотын даргад УИХ -аас шүхрээр бууж ирээд л байвал хулгайн схем арилахгүй DNN.mn”
МАН-мафи гэж зүгээр нэг хэлээд байгаа юм биш. МАН-ын тогтолцоо, мөн чанар, үнэт зүйлс, гишүүн хоорондын харилцаа, дарга томилох болон удирдлагын тогтолцоогоо бүрдүүлэх процесс бүгд мафийн шинжийг илтгэдэг. Мафи дүрээ хувиргаж, өөр хүн томилж байгаагаас гадна бүх хулгай, луйвар улам далд, улам нарийн, улам их цар хүрээтэй болно…
Наранбаатар таныг ухаалаг хүн гэж ойлгодог, та энэ ЗГ-н ажил хийх гээд байгаа хэсэгт нь ажил хийх боломжийг нь олгооч муу дээр муухай, улцан дээр нь юу гэдэг билээ
Удахгүй сонгууль болно тэр үед нь сумаа тавиач … юу юуны туханд хүрэлгүй улс төржөөд байвал та өөрийнхөө нэр хүндийг л унагах байх…