“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн, Олон улс судлалын доктор П.Наранбаяртай боловсролын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
-Та саяхан боловсролын салбарт сайн багштай болохын тулд либералчилъя гэж жиргэсэн байна лээ. Энэ талаараа тодруулна уу?
-Багш бэлдэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх процессыг харьцангуй чөлөөтэй болгоё гэсэн санаа юм.
-Ер нь яаж сайн багштай болох вэ. Ямар арга зам байна?
-Багшийн цалинг хоёр сая төгрөгөөс дээш болгож байж энэ салбарт чадварлаг боловсон хүчин орж ирнэ. Үндсэн арга зам бол энэ. Түүний зэрэгцээ чадварлаг оюутантай болох, тэднийг боловсролын салбарт тогтвортой уях тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Төв суурин газартаа сайн багш чигжүү, хөдөө, зах руугаа сайн багш дутуу байгааг засах нэг арга бол сэлгүүлэн ажиллуулах явдал. Багшийн мэргэжлийн зэргийг олгохдоо хотын захын сургууль, хөдөө нутагт ажилласан байдлыг харгалзаж, багшийн “Зөвлөх” зэргийг олгох нь зүйтэй. Нэг сургуульд нэг багш таваас дээш жил ажиллаагүй заавал сэлгээнд ордог байх нь чухал. Энэ бол хөгжингүй орнуудад байдаг л тогтолцоо.
-2030 онд багшийн ноцтой дутагдалд орно гэсэн байсан. Энэ хаанаас гаргасан судалгаа вэ. Одоо манайд багш нарын хүрэлцээ хэр байдаг вэ? Дутагдалтай байгаа гэдгийн шалтгаан нь юу вэ?
-“Алсын хараа-2050” хөтөлбөрт төрөлт нэмэгдэж, сургуульд элсэн орж буй хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд 2030 он гэхэд 23 мянган багш дутагдахаар байгаа тухай дурджээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын 11 хувь 41-70 хүүхэдтэй хичээллэж байна гэсэн тоо баримт бий. Энэ тооноос багш, сургуулийн орчны хүрэлцээг та багцаалдаж болно. Дутагдалтай байгаагийн шалтгаан нь багш бэлдэж гаргах тогтолцоо хэт хөшингө, багш болох хүсэлтэй залуу үе хомс, чанартай багш бэлдэх сургуулиуд хангалтгүй байгаатай холбоотой.
-Гадаадад сургууль төгссөн залууст хялбар журмаар багшлах эрх олгоё гэж та жиргээндээ онцолсон. 2021 оны тавдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багшлах эрх олгох, хасах журмыг шинэчлэн баталсан байдаг. Та санал болгоод буй хялбар журмынхаа талаар дэлгэрүүлнэ үү?
-Багшлах эрх олгох журам өнөөгийн Боловсролын тухай хуульд нийцүүлэн гарсан гэж ойлгож байгаа. Урьд нь багшаар ажиллах эрх, багшлах эрхийг салгаж хоёр дахин олгодог түвэгтэй тогтолцоо байсныг нэг болгосон нь сайшаалтай. Миний саналын тухайд тайлбарлая. Гадаадад их сургууль төгссөн залуус чадвар харьцангуй өндөр, нэн ялангуяа байгалийн ухаан, гадаад хэлийг сайн эзэмшсэн байдаг. Боловсролд яг л ийм чадвартай хүн маш их дутагдаж байна. Тиймээс багшлах дур сонирхол, авьяас чадал, мэдлэгтэй залуусыг уг салбарт олноор нь татан оруулахад зоримог шийдвэр хэрэгтэйг хэлсэн хэрэг л дээ.
-Уг асуудлыг шийдэхэд хэр хугацаа шаардагдах бол. Хэр ач холбогдолтой вэ. Үр дүн нь ямар байх бол?
-Энэ бол ердөө л яам тамгын газруудын харилцан уялдаа холбоо, шийдвэртэй л холбоотой асуудал. Сар хүрэхгүй хугацаанд дээрх тогтолцоог бий болгох боломжтой гэж харж байна. Ач холбогдол нь алсдаа том шүү дээ. Чадвартай залуус багш болоод ирвэл сайн багш таны дэргэд ирж, сайн боловсрол, сайн сургууль гэрийн чинь дэргэд ороод ирлээ л гэсэн үг. Сайн багшаас сайн шавь. Энэ бол гол үр дүн.
-Мөн та жиргээндээ багшийн сургуулиудад богино хэмжээний дидактикийн сургалтыг зохион байгуулах тухай онцолсон байсан. Энэ нь багшлах эрх олгох сургалтыг хэлээд байна уу. 2021 онд гаргасан дээрх журамд сургалтын хөтөлбөрийг танхимын, танхимын бус зайн, цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн байсан. Энэ тухайд?
-Боловсрол өндөр, чадвар сайн, мэдлэг гүнзгий шинэ үеийн залуус багш болохоор хүсвэл мэргэжлийн хичээл гэх мэтийг давхцуулан заагаад байлгүй заах арга зүй буюу дидактикийн сургалтыг МУБИС гэх мэт багш бэлддэг сургуулиудад гурван сард багтаан заагаад багшлах эрхийн үнэмлэх олгочих хэрэгтэй. Одоо бол богиносгосон сургалт нэртэй ч нэг жил хагасаас хоёр жилийн сургалт явж байна шүү дээ. Өнөөгийн өртөг өндөр, амьжиргааны зардал ихтэй нийгэмд хэн хоёр жил дахин сурах вэ дээ.
Нэг жишээ хэлье. Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багш маш их дутагдаж байгаа. Хөгжимчин залуу байя гэж бодъё. Хөгжмийн багшийг хөгжмийн боловсролтой л хүн заана шүү дээ. Тийм хүн багшилъя гэхээр хоёр жилийн сургалтад төлбөр төлж суух хэрэгтэй болдог. Тэгэхийн оронд зуны гурван сард заах арга зүйн сургалтад хамруулчихад хангалттай юм. Дашрамд хэлэхэд, МУБИС зөвхөн багш, боловсролын ажилтнуудыг бэлддэг болмоор байна. Өөр мэргэжлээр хүн бэлдэх шаардлагагүй. Угаас багшийн дутагдалд ороод байна шүү дээ.
-Та боловсролын салбарт чамгүй хугацаанд ажилласан арвин туршлагатай хүн. Боловсролын салбарт чанартай сургалтын шинэ жишиг, стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан хүн билээ. Та нэгэн ярилцлагадаа боловсролын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаа онцолсон байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Баярлалаа. “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-аараа дамжуулан энэ зорилгынхоо төлөө зүтгэж байна. Хотын төвийн сургуулийн сайн багшийн интерактив хичээлийг бид Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийнхээ зүүн захын сургуулиудад онлайнаар хүргэж байна. Сайн сургууль гэдгийг тодорхойл гэвэл сайн багшаар дүүрэн сургуулийг л хэлнэ гэж би хариулна. Сайн багш байгаа цагт боловсрол аяндаа хөгжинө. Мөн сайн хичээлийн агуулгыг бий болгох тал дээр “ICT Group”-тэй хамтран ажиллаж байна. Энэ нь дэлхийн 160 гаруй оронд өөрийн хичээлээ хүргэдэг Хан академийнх шиг өндөр боловсруулалт, чанартай хичээлийг монгол хэлээрээ өөрсдөө бий болгоно гэсэн үг юм. Ийм хичээлүүдийг хүүхэд орон зай, цаг хугацааны дарангуйлалд орохгүйгээр үзнэ. Түүний зэрэгцээ, А.Энхбаяр багшийн “Дижитал солюшнс” компанийн Guyuk мета ертөнцтэй хамтран виртуал сургуулиа нээх зорилт тавин ажиллаж байна. Түүний зэрэгцээ голдуу залуу уншигчид зориулсан “Зүймэл” номоо хэвлүүллээ. Хаанаас нь ч уншиж болдог өвөрмөц ном. Уншигчийн оюуны ертөнцийг тэлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болоосой гэж хүсэж байна.
-Таны ойрын төлөвлөгөө юу вэ?
-“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ, Гүүдскүүл сайт, Дэкирү сургалтын төвөөрөө дамжуулан боловсролын үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар сонгогчдынхоо дуу хоолой болж, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийнхэнтэйгээ хамтдаа алхаж явахыг эрхэмлэж явна даа.