Эх орноосоо урвасан гэх хэргээр буруутгагдаад байсан Пакистаны Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушараф хилийн дээс алхах боломжтой болжээ. Тус улсын Синд мужийн шүүхээс пүрэв гаригт түүний Нэгдсэн Эмират Улсад амьдарч буй өвчтэй эхийгээ эргэх хүсэлтийг авч хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэрээр гадаад руу зорчихыг хориглох хүмүүсийн жагсаалтаас нэрийг нь хасахаар болжээ. 2013 оны хавар Пакистаны Гадаад хэргийн яам түүнийг уг жагсаалтад албан ёсоор оруулсан юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард П.Мушараф дээрх хүсэлтийг гаргасан ч тус улсын шүүхээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан аж. Ямартаа ч Пакистаны Засгийн газар Синд мужийн шүүхээс түүнийг хилийн чанад руу явах зөвшөөрлийг нь болиулж болох гэнэ. Тэд 15 хоногийн дотор Дээд шүүхдээ зарга мэдүүлж болох аж.
Дашрамд дурдахад, генерал П.Мушарафыг Пакистанд 2007 онд |болсон үймээний үеэр онц байдал зарлаж, Дээд шүүхийн хоёр ч шүүгчийг үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэмээн буруутгасан. Тэрээр эл үйлдлээрээ эх орноосоо урвасан гэж тус улсын шүүх үзсэн юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд ялын дээд хэмжээ эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй аж.
Д.Цэрэндолгор