“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ.
П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ.
“Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг билээ.