Categories
мэдээ нийгэм

П.Дашдаваа: Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна || DNN.mn

Барилгын кран авто зам болон явган хүний зам дээр хөндлөн унасан осол өчигдөр /2022.03.29/ гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу баригдаж байсан барилгын цамхаг үүрийн 05:00 цагт унасан гэх мэдээлэл бий.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг шалгаж байгаа. Дээрх ослын улмаас хүн хохироогүй байна. Цагдаагийн харьяалалтай гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэсэн үг” гэлээ.

Энэ асуудлаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа “Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна. Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Тодруулбал,

  • Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
  • Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
  • Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
  • Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.

Аливаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд орчны аюулгүй байдлыг судалж тогтоох нь чухал. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэхүү осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байгаа юм” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал.

Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон байгаа. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн краны металл, хийц зэргийг тодорхойлох бөгөөд МХЕГ-аас үргэлжлүүлэн хяналт шалгалтыг хийж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *