Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хоёргүй сэтгэлээр хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан П.Даш генералтай уншигч та бүхнийг уулзуулж байна. ОБЕГ-ын нэгэн өрөөнд бид ийн ярилцлаа.
-Та Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Цасан шуурга шуурч Дархан, Сэлэнгийн нутгаар зам даваа хаагдаад байна гэсэн үү?
-Урьд шөнө их хэмжээгээр цас орж, даваа гүвээ хаагдаад байна. Ард иргэд шуурганаар эсэн мэнд байгаа болов уу, энэ хэд маань хэрхэн ажиллаж байна, зөв зохион байгуулалт хийж цасанд боогдсон хүмүүст яаралтай тусламж үзүүлж байна уу гээд л хүрээд ирлээ. Ажил алба хэвийн үргэлжилж байна даа. Гэхдээ хийх ажил мундахгүй байна.
-Та говь нутгийн хүн. Таны өсч торнисон газар Өмнөговь аймгийн Ханбогд сум гэдэг байх аа?
-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Пүрэв гэдэг хүний хүүхэд. Манай аавыг Пүрэв, ээж маань ч Пүрэв гэдэг нэртэй. Их сонин юм шүү. Миний эмээ ээж Дорноговь аймгийн Алтанширээ сумаас тэр үеийн Айлбаян сум руу айлд өргөгдсөн. Манай аав Айлбаян сумаас Ханбогд сум руу мөн л айлд өргөгдсөн байдаг юм. Манай хамаатан садан Дорноговь аймагт олон бий. Хуучин засаг захиргаагаар ярих юм бол би Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны хүн дээ. Манай эмэг ээжийг өргөж авсан хүнийг Ядам занги гэдэг байсан юм билээ. Хил хамгаалах нэгжийн даргын албан тушаалтай хүн байсан гэдэг.
Ядам гэдэг үгийг төвд хэлнээс монгол руу орчуулах юм бол “дээд сэтгэлт” гэсэн утгатай үг. Хүн болгон боржигон гэдэг овогтой болчихоод болохгүй болохоор нь дээд сэтгэлт гэдэг овог авсан юм. Манайх бод малтай, олон тэмээтэй айл байсан. Хүүхэд нас маань бусдын адил малын зах дээр өнгөрсөн. Долоон настай сургуульд орж байлаа. Тэр үед байшин барилгын бараа огт харж байсангүй. Биднийг өсөж том болох үеэр байшин барилга баригдаж эхэлсэн дээ. Тэмээнээс өндөр байшин үзэж, гайхаж нүд орой дээрээ гарах шахаж байлаа. Сүүлдээ нөгөө байшиндаа дасаад дээвэр дээрээс нь үсэрч бууж тоглодог болсон доо.
-Хилийн цэрэгтэй амьдралаа хэрхэн холбож байсан бэ. Цэргийн их сургуульд явж чадалгүй үлдэж байсан гэх яриа байдаг?
-Аравдугаар ангиа 1971 онд төгсөөд их сургуулийн Геологи инженерийн ангид суралцах хуваарь авдаг юм. Тэгсэн манай нэг найз Цэргийн их сургуульд суралцах хуваарь аваад эрүүл мэндийн шалтгаанаар хасагдчихдаг юм байна. Тэгээд Цэргийн сургуульд суралцах боллоо. Ингээд сургалтад суугаад явах гэж байтал дахиж эрүүл мэндийн үзлэг хийгээд намайг хасчихсан. Таних мэдэх хүнгүй хотод ирсэн хөдөөний хүүхэд яах учраа олохгүй байлаа. Гэгээрлийн яам ороод дарга нартай нь уулзлаа. Цэргийн сургуульд нь орж чаддаггүй юм бол өөр сургуульд ормоор байгаагаа хэллээ. Тэгсэн “Өөр сургуульд оруулах ямар ч боломж байхгүй. Харин ЗХУ руу геологийн чиглэлээр хоёр жилийн ТМС-д яв” гэж байна. Геологийнх нь инженерийн сургуульд сураагүй байж тэр сургууль руу нь явахгүй гэж бодогдлоо. Тэгээд хувийн хэргээ ч авч чадахгүй нутаг руугаа буцсан. Өмнөговь аймгийн төв ганцхан арван жилийн сургуультай байсан. Тэгсэн найман жилийн сургууль шинээр нээгдээд боловсон хүчин дутмаг байснаас болоод намайг бага ангийн багшаар ажилд авсан. Хөдөө сумдад хүртэл очиж багшилж байлаа. Ингээд тэндээсээ цэрэгт татагдаад 1972 онд Хилийн цэрэгт Овоотын отръядад очсон доо. Ингэж л хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхтэй.
-Монгол, Хятадын харилцаа тааруу байх үед хилийн цэрэгт очиж байсан юм байна. Тэр үед хятадууд хил зөрчих асуудал гаргаж байсан уу?
-Хилийн цэрэг 1953 онд татан буугдсан байдаг. Ингээд 1967 онд дахин хилийн цэргийг байгуулсан. Намайг цэрэгт очих үед хилийн цэрэгт боловсон хүчингүй болчихсон. Татан буугдах үед ажиллаж байсан хүмүүсийг эргүүлж ажилд авч байлаа. Богино хугацаанд жилийн курсээр офицер бэлтгэх сургалт хийж байсан. Тэр үед Хятад, Монголын харилцаа муу байсан. Монгол Улс социалист нөхөрлөлийн орнуудын хамгийн урд хэсгийн хилийг хамгаалж байгаа улс байсан. Харин Хятад социалист системтэй улс. Манай орон маш чухал хилтэй орон байлаа, тухайн үед. ЗХУ-аас сургуульд үнэгүй сургасан. Жилд зуун хүүхэд явж байлаа, Орос руу. Зуун хүүхдээс арвыг нь дээд сургуульд, 80-ыг нь дунд сургуульд сургасан. Ингэж Орос руу хилийн цэргийн сургуульд явсан юм. Эргэж ирээд Монгол Улсын хамгийн урд цэг буюу Орвог гашууны бор толгойн заставын даргаар томилогдож очсон. Нэг зүйл санаанаас огт гардаггүй юм. 1981 оны гуравдугаар сарын 22-нд хил дээр заставын даргаар ажиллаж байв. Радио өргөн нэвтрүүлэг сонсоод л байж байлаа. Тэгсэн гэнэтхэн радио шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдэг юм байна. 1979 онд Хятад Вьетнам руу довтолж байсан. Лут том дайсан гэж яригдаж байсан юм. Дотроо дайн зарлах гэж байгаа юм байна гэсэн бодол төрсөн юм. Тэгээд хоёр орлогчтойгоо радио сонсоод хүлээгээд суучихсан. Тэгсэн “Анхаараарай. Монгол хүн сансарт нислээ” гэж хэлж байсан. Дотор бөөгнөрсөн хар юм алга болох шиг л болсон. Тэгээд “Сансарт ниссэн хүн маань эсэн мэнд ирээсэй” гэж бодож байлаа. Мөн Хятадын хилийн цэргийнхэнтэй хил гарч уулзалт хийгээд эргэж ирэхэд нутгийн минь газар зөөлхөн юм шиг санагддаг байв. Тэр үед надад хүнд төрөлхийн эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм байна гэх бодол төрж байсан даа. Хүйтэн дайны үед буюу намайг застав, отръядын даргаар ажиллаж байхад янз бүрийн зүйлс тохиолдож байсан. Урд хилийнхэн тэмээ унана. Газар нутгаа өөрөө сайн мэдэх ёстой. Цэргүүд ч газар нутгаа сайн мэдэх шаардлагатай байдаг. Нэг хилийн баганаас нөгөө багана хүрэхдээ чулуу авдаг. Авсан чулуугаа цэргүүдэд таниулга хийнэ. Энэ чулуу хэддүгээр баганаас авсан чулуу вэ. Тэр хилийн багана хүрэхэд хэдэн километр байдаг вэ. Ямар нэртэй газрын чулуу вэ гээд л таалгаж таниулдаг. Нэг орой Хятадын талаас таван машин Монголын хил рүү чиглээд ирж байна. Хэт богино долгионы станцтай болчихсон байлаа. Станцаараа хил хүргэчихээд цэргүүдээ байлдааны бэлэн байдалтай болгосон. Бүх цэрэгтээ сум, зэвсэг тарааж өгчихөөд хүлээгээд байлаа. Цувраад явж байсан машин хилийн шугам дээр дөнгөж тулах шахаад л эгнээд зогслоо. Одоо л давших нь гээд бодож байлаа. Машинаас хятад цэргүүд буугаад хоорондоо дохиж яриад байх юм. Ингээд машинтайгаа дахиад наашаа хөдөлж явснаа дугуйрч зогсож байгаад эргээд цаашаа явчихсан. Түүнээс удалгүй нэг өглөө босоод иртэл Хятадын хилийн ойролцоо цагаан байшин шиг юм босчихсон байна. Бид байшин барьчихсан байна гэж дурандаад байгаа. Хятадын том том асар шувуун нуруутай байшин шиг хийцтэй. Байшин шиг харагддаг юм билээ. Хилийн цаана хятадууд тэсэлгээ хийнэ. Тэгэхээр хилээс 30 гаруй километрийн гүнд байгаа заставын барилгын цонх хүртэл хагардаг байсан. Иймэрхүү зүйл зөндөө болдог байлаа. Тэр нь бидний сонор сэрэмжийг их дээшлүүлдэг байсан. Ах нь хилийн цэрэгт байсан хугацаагаа бодож үзсэн. Машинаар хэдэн километр явсан байна, хэдэн шөнө нойргүй хонож байсан бэ гэдгээ барагцаалсан байдлаар тооцоолж үзсэн. Тэгэхэд 1.3 сая километр машинаар явсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийг гурав тойрох хэмжээнд явсан байна лээ. Харин хоёр жил гаруйн хугацаанд нойргүй буюу нойр хагасалж хоносон гэдэг тооцоо гаргасан. Ганцаараа застав дээр ажиллаж байсан, хил дээр манаатай байснаас эхлээд олон удаа нойргүй хонож байсан байгаа юм. Хүнээс хариуцлага нэхэхийн тулд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй.
-Та генерал цолоо аваад удаагүй байхдаа хилээр хууль бусаар машин гаргадаг үйлдлийг таслан зогсоож байсан гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?
-1995 онд ХХЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнээ цуглуул гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Цуглуулчихаад зогсож байтал намайг генерал цолоор шагнаж байгаа гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэгээд л тэр шөнөдөө генерал хувцас захиалаад цол тэмдгээ авч байсан. Генерал цол авах үед машины хулгайн наймаа ид цэцэглэж байсан юм. Цадигаа алдсан зүйл болсон. Анх Европоос манайхан машин оруулж ирээд боомтоор гаргадаг байлаа. Тэгсэн хятадууд хилээрээ орж байгаа худалдаалах машины татварыг 200 дахин нэмсэн. Тэгээд боомтгүй газраас хил давуулж машинаа гаргах болсон. Машины хууль бусаар хил давуулан худалдаалах наймаа хэрээс хэтэрч хилийнхэн хүртэл оролцдог болсон. Тухайн үед хил хамгаалах байгууллага хүн хүч, машин техник тааруу байсан үе. Тэгээд УИХ-ын гишүүн байсан генерал Д.Базарсад, П.Сүндэв генералтай ярилцаж байгаад хэрхэн зогсоох талаар арга хэмжээ авахаар боллоо. Оросын хил хамгаалах урлагт хилийн операц гэдэг зүйл байсан. Үүнийг зохион байгуулж, энэ хөдөлгөөнийг зогсооё гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед Д.Базарсад генерал УИХ-ын гишүүн байсан юм. Тэгээд маш нууцаар төлөвлөгөө боловсруулсан. Прокурор, тагнуул, шүүхийг энэ ажиллагаандаа татан оролцуулах ажил хүртэл хийсэн. Маш нууц төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан. Энэ ажлыг бид гурваас гадна Ерөнхийлөгч, тагнуул, прокурорын дарга нар л мэдэж байсан. Бэлтгэлээ хангаж байхдаа даргад нь Овоотын чиглэлд ажиллана гэж хэлдэг. Тэгээд чи цэргүүддээ Завхан руу явна гэж хэлээрэй гэдэг. Ингээд бэлтгэл сайтар хангагдсан. Нисдэг тэргээр явж үзлэг хийгээд нууц ажиллагаа явуулж чадсан. 40 гаруй хил зөрчигч, 20 гаруй машин хурааж авсан. Тэгж Монголын хил хамгаалах урлагийн түүхэнд анх удаа хилийн операц гэдэг зүйл хийсэн дээ.
-ОБЕГ-ын анхны даргаар томилогдож ажилласан байдаг?
-Тийм ээ. 2003 оны есдүгээр сард Энэтхэгт курст явсан юм. Төгсөх дөхөөд байж байтал УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн над руу залгаад “Ерөнхий сайд Н.Энхбаяр таныг хүрээд ир” гэж байна гэж хэлсэн. Тэгээд шалгалт энэ тэрээ өгчихөөд ирсэн. 2004 он дөнгөж гараад байтал Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан. Харин хоёрдугаар тогтоолоор намайг даргаар нь томилсон. Тэгээд л ажлаа аваад Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалттай тэмцэх газар, Улсын нөөцийн газрыг татан буулгасан байсан. Бүх дарга нарыг ажлаас нь халчихсан байсан. Тэгэхээр нь халагдсан дарга нарыг түр тушаалаар орлогчоор томилж байгаад дахин байгуулсан. Шинэ газар байгуулж байгаа болохоор маргаантай, муудалцаантай зөндөө л юм болсон. Гэхдээ маш түргэн хугацаанд бүгдийг хийж чадсан. Гамшгаас хамгаалах хууль батлагдаад зургаан сар болж байсан. Хууль огт хэрэгжээгүй. Удалгүй сонгууль болж Онцгой байдал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх томилогдож иргэд бид хоёр гар нийлж ажилласан. У.Хүрэлбүх ч Засгийн газар, УИХ дээрх асуудлыг шийдээд явна. Дотоод асуудалд огт оролцохгүй гэж хэлсэн. Ингээд хийе гэж бодож байсан бүх зүйлээ хийж амжуулж чадсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин бүгдийг хамгаалах тухай оруулахыг хичээсэн.Гэтэл хүнээ хамгаалах талаар олигтой юм хийж чадаагүй. Ард түмнийг аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ хамгийн гол зүйл. Аврагч нарыг хүн авардаг чиглэлээр бэлтгэх гэж хичээсэн. Гэвч чадаагүй. Саад бэрхшээл даанч их байсан. Тэр үед нам хоорондын зөрчил, улс төрийн нөлөөнөөс болоод хийж чадаагүй юм.
-Таныг ОБЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Ми-8 нисдэг тэрэг осолдож, олон алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
-Тэр ослыг бодохоор маш их харамсдаг. Харамсаад ч харамсал барагддаггүй юм байна. Тухайн үед онгоц нисгэнэ гэдэг маш өндөр зардал гардаг байсан. Онгоц нисгэхгүйгээр өөр аргаар түймэр унтраах боломжийг эрэлхийлдэг байлаа. Онгоц нисгээд байх хөрөнгө санхүү ч байгаагүй. Тэр үед АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар сургалтад жилийн өмнө явах төлөвлөгөө байсан. Тэгээд явчихсан байсан. Түймрийн үед Сэлэнгийн Ерөө суманд нисдэг тэрэг явуулах талаар яригдсан байдаг. Тэр үед Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын дарга “Наашаа илүү хүч явуулаад хэрэг байхгүй. Бид эндээ унтраачихна” гэж хэлсэн байдаг. Гал түймэр хариуцаж байсан хоёр том даргыг загнаад хөдөөнөөс дөнгөж түймэр унтраагаад ирж байсан шүхэрчдийг маргааш өглөө нь яв гээд тушаал өгчихсөн байдаг. Харамсал төрөөд байдаг зүйл нь тэнд шөнөжин бороо ороод хоносон байсан. Өглөө нисэх гэж байхад нь ч бороо орж байсан. Талийгаач нарын хамгийн сүүлчийн камерын бичлэг бий. Намирсан бороон дундуур гүйгээд л онгоц руугаа орж байгаа. Бороо тэгж орж байхад явуулчихсан байсан нь илүү харамсал төрүүлдэг. Хэдийгээр өөрөө хийгээгүй ч надаас болоод ийм юм болчихсон юм шиг л хүндээр хүлээж авсан. Би АНУ руу яваагүй байсан бол яагаад ч тийм нөхцөлд явуулахгүй байсан гэж боддог. Тэгээд л осол гарсныг сонсоод эргээд ирсэн. 15 хүний эрдэнэт амь эрсэдсэн. Тэр шөнөдөө талийгаач нарын гэрээр орсон. Хамгийн хэцүү зүйл тэр байсан даа. Хэний ч буруутай шийдвэр байсан миний удирдаж байсан газарт нөхөж баршгүй гарз тохиосонд харамсдаг. Одоо ч энэ талаар бодох хэцүү.
-Та ОБЕГ-т ажиллаж байхдаа авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн. Энэ талаар ярих цаг нь болсон байх?
-Амьдралын даваа нугачааг алийг тэр гэх вэ. Бага залуу насанд алдаж онох зүйл бишгүй л байдаг. Тухайн үедээ алдсан зүйлдээ зэмлүүлээд л явдаг байсан. Онцгой байдлын газар бий болоод ажил нь жигдэрчихсэн үе. Үйл ажиллагаа нь ингэж сайн явж байгаа юм чинь үүний цаана идэж уусан зүйл байгаа байх гэсэн хардлага сэрдэлт байсан. Намайг энэ албанаас зайлуулж, дарга болох гэсэн хүмүүсийн ажил эрчимжсэн. Мөн зүгээр нэг хувь хүний биш, улс төрийн асуудал болсон. Намайг 17 зүйлээр гүтгэж, АТГ-т өгсөн. Ингээд хоёр гэрээг сугалж аваад буруутгасан. Цаг нь болж шударга шүүх бий болохоор гэм буруугүй гэдгийг минь тогтоогоод өгөх байх гэж итгэдэг. Экспортын үрийн буудайны үнийг дотоодын буудайны үнэтэй харьцуулаад зөрүү гаргадаг. Бүр чанар муутай таваарын будаатай харьцуулж зөрүү гаргасан. Ингээд улс хохирсон байна гэдэг. Нөгөөх нь шатахуун нийлүүлсэн компанийн шатахууны тооцоог өөр аргачлалаар бодоод зөрүү гаргасан. Ийм маягаар надад ял оноосон. Би эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүн. Таван жил гаруйн хугацаанд байцаагдахдаа олон зүйл мэдэж авсан. Надад инээдэмтэй зүйлээр хүчээр ял өгсөн. Хамгийн сүүлд болсон шүүх хурал хохирогч байхгүй. Гэрч байхгүй, ганцхан өмгөөлөгч бид хоёр суусан. Шүүгч нар цонх руу харж сууж байгаад л ял өгчихсөн. Үүнийг өс хонзон болгоод бодоод байдаггүй. Нэг талаасаа эхний үед амь насанд халдах гээд байна гэсэн. Нэг үе бие хамгаалагчтай хүртэл явсан. Шоронд сууж байхдаа төр миний амь насыг хамгаалж байна гэж бодсон. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Муу сүүдэртэй зүйл нь эрх чөлөөгөө хасуулж шоронд сууж байгаа юм. Гэгээтэй тал нь амь насыг хамгаалж байсан. Тэртэй тэргүй үнэн мөн нь тогтоогдох асуудал. Үүнд эмзэглэж байгаагүй. Өөрийгөө гэмт буруугүй гэдгийг мэдэж байгаа болохоор хэнээс ч айхгүй зоригтой байдаг. Тийм ч болоод мөрдөн байцаагч, прокурор нарыг мөн ч их загнаж тэрсэлдсэн. Үүний хариу ч байж мэднэ. Намайг бүр өршөөлд хамруулах шийдвэр гарч байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Та нар гэмт хэрэг хийсэн хүнийг өршөөдөг юм байгаа биз дээ. Би гэмт хэрэг үйлдээгүй, өршөөлд хамрагдахгүй гэсэн. Анхнаасаа намайг өршөөлд хамруулах гээд байсан. Би үгүй гэж хэлсэн. Шүүх хурлаар хүртэл өршөөсөн. Би тэр шийдвэрийг хүлээж аваагүй. Намайг хүмүүс зөрүүд гэдэг юм. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил. Энэ бол зөрүүд зан биш шүү дээ. Энэ бүгдээс хараад байхад хууль, шүүхийн байгууллага өөр өөрсдийн оногдсон үүргийг хуулийн дагуу гүйцэтгээд явах юм бол хэлмэгдүүлэлт гарахгүй. Гэтэл одоо хууль, хяналтын тогтолцоо ямар болчихсон бэ гэхээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тал болоод хуйвалдаанд орчихдог болж. Энэ асуудал хуулийг гажуудуулж байна. Үүнээс болоод их хэлмэгдүүлэлт явагдаж байна. Хэлмэгдүүлж байсан түүхийг судалж үзсэн. Бие биенийгээ хэлмэгдүүлж явсаар байгаад сүүлдээ хэн нь хэнийгээ хэлмэгдүүлж байгаагаа мэдэхээ больдог. Бүгд хэлмэгдүүлэлтийг эсэргүүцдэг. Энэ үед л хэлмэгдүүлэлт дуусдаг түүхтэй юм байна лээ. Хэлмэгдсэн хэлмэгдүүлсэн хоёр нэг цэгт очихоор өнөөгийн хэлмэгдүүлэлт дуусна гэж харж байна. Монголд их хэлмэгдүүлэлт дуусах дөхөж байгаа юм уу гэсэн дүр зураг харагдаад байгаа.