Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслөө өнөөдөр танилцууллаа. Төслийн хүрээнд 21 аймагт ажиллаж, амьдарч буй 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэхээр болжээ.
Энэ талаар П.Бүрэнтөгс “Сайн сайхан амьдрахын төлөө хүсэл, тэмүүлэл дүүрэн яваа залуу гэр бүлийг дэмжихийн тулд гэр өгнө. Тусгай захиалгаар хийлгэнэ. Орон нутгийн удирдлагатай хамтарч, судлаж байгаад сонгоно. Үнэхээр ийм дэмжлэг шаардлагатай эсэхийг судална.
Гэр бэлэглээд л орхичихгүй эргэх холбоотой ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө санхүүгээ гаргаад, зохицуулж ирсэн. “Бүрэн Монгол” төсөл 21 аймагт гэр бэлэглэхээс авхуулаад үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлнэ.
Нэмж хэлэхэд, ямар нэгэн сайн үйлсийн ард хардлага дагаж байдаг. “Зорилго нь юу вэ. Улс төрд орох гээд байгаа юм уу” гэж асуудаг. Би Монгол Улсын аварга цолтой хүн. Монгол түмний хайр, хүндлэл надад хангалттай. Тиймээс улс төрд орох бодол байхгүй” гэлээ.