“Өдрийн сонин”-ы цахим сонины www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочин” ярилцлагын булан нээж байна. Энэхүү шинэ булангийнхаа зочноор П.Баярхүүг урьж ярилцлаа.
-Түүхэн сэдвээр монголчууд өөрсдөө хийсэн хэдэн том кино бий. Тэдгээрийн нэг нь “Мандухай сэцэн хатан”. Төрийн соёрхолт Н.Сувд Мандухай хатны дүрийг, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг Батмөнх даян хааны нас биед хүрсэн үеийн дүрийг бүтээснийг уншигчид андахгүй. Харин та Батмөнх даян хааны бага насны дүрийг бүтээсэн байдаг. Ямар тохиолоор тэр түүхэн хүний дүрд тоглох болсон бэ?
-“Мандухай сэцэн хатан” киног 1986 оны үед улс өөрийн хөрөнгөөр хийсэн юм. Улсын хөрөнгөөр хийсэн сүүлийн кино байх. Тэгэхэд би 11 настай, тавдугаар ангийн сурагч байлаа. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байв. Дугуйландаа үдийн хойно 2:30 гээд очно. Яагаад ч юм тэр өдөр эрт очмоор санагдаад 12 гээд явсан. Тэгэхэд Баяжихын Пүрвээ гуай дугуйлан дээр ирж багшид Сүххуяг ахын зургийг үзүүлээд “Энэ залуутай адилхан хүү байна уу” гэж асууж сурсан юм билээ. Багш, манайд нэг хүү бий, үдээс хойш ирдэг юм. Тэр үед нь уулзах уу гэж л дээ. Пүрвээ гуайг яг гарч явахад нь би ирж таараад, “Өө, нөгөө хүүхэд чинь энэ. Их адилхан байгаа биз” гээд л уулзуулсан. Тэгээд намайг шууд кино үйлдвэр рүү хөтлөөд явлаа. Замдаа “За, ийм кино хийж байгаа. Чи очоод пробанд орно шүү” гэсэн. Би ч учраа мэдэхгүй, проба гэж юуг хэлснийг ч мэдэхгүй заа л гэлээ. Кино үйлдвэрт очтол монгол дээл, малгай өмсгөж байгаад нэг зураг дарчихаад л буцаав. Багш, зургийг чинь аваад л явуулчихаж байна уу, их л шалгамаар юм даа гээд гайхаад байлаа. Шалгаагүй юм чинь тэгвэл тэнцээгүй юм байна гэсхийгээд тэр тухай ор тас мартаж орхисон байв.
-Тэгээд яасан?
-Тэгсэн харин хоёр гурван сарын дараа Пүрвээ гуай ангийн хаалгаар шагайснаа багшийг дуудаж уулзлаа. Манай ангийнхан Пүрвээ гуайг харчихаад “Пөөх, нөгөө жүжигчин ах байна” гээд л шуугилдаад байв. Би дотроо ямар хэргээр явааг нь гадарлачихаад суугаад байв. Ангийн багш уулзсанаа “Заа, хүүхдүүд ээ манай ангийн Баярхүү Мандухай сэцэн хатан кинонд тоглохоор тэнцсэн байна” гэж зарлалаа, ангиар нэг шуугиан.
Шууд л хичээлээс чөлөөлөгдөөд Пүрвээ гуайтай хамт сургуулийн захирал дээр орсон доо. “Одоо энэ хүүхдийг онцгой анхаарна шүү. Хүүхдүүдтэй тоглож байгаад нүүр амандаа сорви тогтоочих вий. Гар хөлийг нь хугалчихав. Захирал та бүгдийг хариуцна шүү” гээд л Пүрвээ гуай захиж байна. Боловсролын яамнаас бичиг явууламз, одоо гэрийнхэнтэй нь очиж уулзана гэж хэлээд бид хамт явлаа. Гэрт хүрээд аавд мөн л нүүрээ шарх сорви болгочих вий, ээ дээ царай зүсийг нь анхаарна шүү. Энэ хүүхэд улсын хэмжээнд маш том кинонд тоглож байгаа шүү гэлээ. Аав минь хачин гайхаж суусан сан. Тэгээд Кино үйлдвэр орж, дээл хувцасны хэмжээ өгөөд тэр өдөр чухамхүү кино шиг өнгөрсөн дөө.
-Таны нүүр бараг “тусгай хамгаалалтад” орсон юм байна?
-Заа, бараг л тэгсэн шүү.
-Яг таны тоглосон хэсэгт Мандухай хатан алтан ургийн тасархай, өнчин хоцорсон хүүг олж ирж хаанд өргөмжлөн, өөрөө хатан нь болдог. Тэр хэсэг танд ямар санагдаж байсан бэ?
-Батмөнх даян хаан бол Монгол төрийн алтан хасбуу тамгыг 47 жил барьсан, эгэлгүй л хаан байж гэж би хувьдаа түүхэн хүн талаас нь ойлгодог юм. Яг хаан ширээнд өргөмжлөхөд Жамсранжав гуай их туг өргөн “Монголын их даян хаан” гээд уухайлдаг хэсэг гардаг даа. Тэгэхэд хоёр талаар хүмүүс эгнээд суучихсан бүгд зэрэг сөгддөг. Тэр зургийг авахуулж байхад үнэхээр сүрдсэн. “Монголын их даян хаан” гэж хэлээд бүх хүн сөгдөхөд нүсэр юм дараад ирэх шиг тийм мэдрэмж төрж байсан шүү. Урт цагаан эсгий дээгүүр алхаад есөн хөлт цагаан туганд мөргөж, сүйх тэргэнд суугаад явдаг хэсэгт “Монголын их даян хаан, Монголын их даян хаан” гэж байгаа нь үнэхээр бишрэм санагдаж байсан.
-Алтан үеийн одуудтай хамт тоглоход балчирдаж, хэцүү санагдсан үеүд байсан уу?
-Ёстой алтан үеийн бүх томчууд байсан. Б.Дамчаа гуай байна, А.Очирбат, Л.Нямсүрэн ах байна, П.Цэрэндагва гуай, Б.Цэрэнпагма эгч ямар гайхалтай жүжигчин байлаа, Д.Гүрсэд, А.Дашпэлжээ ах, Г.Мягмарнаран ах, манай Ж.Сүххуяг ах, Н.Сувд эгч гээд бүгд. Хэнтэй нь юу ярихав.
Тэгэхэд би анх удаа кинонд тоглож байгааг хэлэх үү биеэ барина, хаа хамаагүй хүнийг ах аа, аав аа гэж дуудах нь хүртэл сонин санагдаад явчихна. Тэр тусмаа уйлдаг зураг чанга. Зүгээр зогсож байгаад уйл гэхээр шууд мэлмэрчихгүй. Санаж байна уу, нөгөө бослого гаргасан ардыг цаазалдаг хэсэг байдаг даа. Мандухай хатан миний ар шилнээс атгаж ирээд цаазалж байгааг нь эргүүлж харуулдаг. Тэрэн дээр Б.Балжинням найруулагч намайг уйл гээд байдаг. Гэтэл би гүрийгээд зогсчихсон. Бас өөрийгөө хаан хүн байж уйлж болохгүй гээд бодчихсон байгаа юм. Гүрийсээр байгаад тэр хэсэгт миний уйлалгүй тоглосноор зураг авагдсан. Мөн Сувд эгчтэй хамт тоглодог хэсэгт “Танаас ээжийн минь үнэр үнэртээд байна” гэж хэлчихээд нүд тогтохгүй ийшээ тийшээ гүйгээд, наад нүдээ гээд л загнуулна. Мотор гэж хэлснээс гурав тоолоод эхлэх ёстой, би шууд эхлээд бас загнуулна. Хайчилж, кадрыг кадраар эвлүүлдэг байсан. Тэр гурван секундыг нь барьж чадахгүй, надаас болж хамт зурганд орсон хүмүүсийг торгуулна. Тэд нарын гоё хийсэн дүрсийг байхгүй болгоно. Тэгснээ сүүлд нь дуугаа оруулахад өөрийгөө харахаараа иччихнэ. Тэр агуу мундаг жүжигчид намайг төдий зэрэгтэй тоглоход харамгүй сайхан тусалсан даа.
Зураг авалтын үеэр.1986 он
-Жүжигчин Ж.Сүххуяг тэгэхэд ид сайхан залуу явсан байх. Натур дээр хамт явсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Сүххуяг ах хачин сайхан залуу байсан. Тухайн үеийн од, олон ч сайхан кинонд тоглочихсон байсан. Би сүүлд СУИС төгсөөд драмын театрт хуваарилагдаад очиход Сүххуяг ах бид хэд нэг өрөөнд байна. Дандаа сайхан инээмсэглэж явна. Уурлаж байхыг нь хараагүй. Хүнтэй муудаж байхыг нь хараагүй. Хүн хүндлэх нь хачин сайхан. Хүний дандаа сайхныг олж хардаг, мундаг жүжигчин шүү дээ. Манай Сувдаа эгч бас л гайхамшигтай гэхээс өөр үг үгүй болов уу.
“Мандухайд явж байхад Л.Нямсүрэн ах, Ж.Сүххуяг ах бид гурав нэг гэрт байна. Гурван хаан гээд. Намайг хамгийн бага нь болохоор гэрийн хоймор ор засчихна. Тэгээд хаантаан, хаантаан гээд л дуудна. Тэр нь цаагуураа намайг хаан хүүгийн дүр бүтээхэд бэлдэж байгаа юм. “Заа, хаантан дээшээ” гэхээр эхэндээ эвгүй санагдаж байснаа сүүлдээ өөрийгөө жинхэнэ хаан болчихсон юм шиг мэдрэмж төрөөд явчихсан. Тэгсэн нэг орой Мягмарнаран ах намайг явуулж өглөө. “Баярхүү чи хэддүгээр ангидаа охинд сайн болж байсан бэ, чамд ер нь сайн охин бий юу” гэж байна. “Аа, байхгүй” гэсэн чинь “Би нэгдүгээр ангидаа үерхэж үзсэн. Чи өдий болтол хүнд сайн болоогүй байдаг гээд л байхаар нь “Уг нь нэг сайн охин бий” гэчихэв. Тэгээд чи тэрэндээ захиа бичсэн үү гэж байна. Үгүй гэсэн ах нь чамд гоё захиа бичиж өгнөө гээд. Нэг их үнэтэй биш, чи кинонд тоглоод зөндөө их мөнгө олж байж гэнэ. Тэгсэн нөгөө хэд маань унтаагүй бид хоёрын яриаг чагначихсан писхийтэл инээлдээд, бүр урд гэрийнхэн хүртэл дуулчихсан “Баярхүү мөнгөөр захиа бичүүлнэ” гэсэн гээд л шоолцгоогоод.
-Ингэхэд та кинонд тоглоод цалин хэдийг авсан бэ?
-Мандухайд тоглосноос хойш орлоготой сурагч болсон ш дээ. Кинонд дуу оруулна, телевизэд бичлэгт орно гээд овоо юм олчихно. “Мандухай сэцэн хатан” кинонд тоглоод 10 мянган төгрөгийн цалин авч байлаа. Аав ээж минь надад хадгаламж нээгээд банкинд хадгалчихсан юм. Тэгээд тэрийгээ бүр хожим их сургуулиа төгсөөд авсан чинь 100 мянган төгрөг болсон байж билээ. Ер нь Батмөнх даян хааны дүрд тоглосон маань миний амьдралд бишгүй их өгөөжөө хайрласан гэж боддог.
Сансар сангийн аж ахуйд зураг авалтын үеэр. 1986 он
-Тухайн үед 13 сая төгрөгөөр хийсэн гэдэг. Социализмын үеийн 13 сая төгрөг гэхээр тоймгүй л байж таараа. Хангамж ямар байсан бэ?
-Тэр үед 5000 цэргийг Эрдэнэт, Зүүнбаян зэрэг газраас цуглуулж олны хэсэгт тоглуулсан. Одоо энд тэнд явж байхад Мандухайд цэрэг байхдаа тоглож байсан улстай зөндөө таардаг. Танихгүй ч их дотно санагдана. Зуны гурван сарын турш 5000 цэргийг хооллоно, хувцаслана гээд л их ажил байсан. Тэр олон цэргээс оргож барьсан хүн гараагүй, их л дэгтэй байсан санагдана. Тэднийг уйдаахгүйн тулд кино үзүүлнэ, жүжигчидтэй уулзалт хийнэ гээд завсраар нь янз бүрийн үйл ажиллагаа их зохион байгуулна. Нутаг усныхан болохоор өөрийнхөө морьдыг зурганд оруулна гээд аваад ирнэ, орой болгон айраг сүү тараг бариад ирнэ. Их сайхан бүтсэн кино.
-Хотын хүүхэд хөдөө олон сар гэрээ санасан байлгүй?
-Хөдөө таван сар зураг авалт хийхэд гэрээ санах чөлөө ч гараагүй. Дотор хэсгүүдийн зургийг хотод авсан юм. Дашчойлин хийдэд гэхэд л хаан ширээнд залардаг хэсгийн зургийг авсан. Хараад их бэлгэшээж явдаг шүү.
-Бага нас тань аль дүүрэгт өнгөрөв. Ямар хүүхэд байв?
-Баянгол дүүрэгт л хүүхэд нас өнгөрсөн. Зуны амралтаар Төв аймгийн Баянцагаан сум руу өвөөгийндөө очдог байв. Зунжин “хаан” байж байгаад намар хичээл эхлэхэд ангийнхан “Ералаш” ярьж байхад би чинь том том юм ярьсан амьтан ирж байлаа. (инээв)
-Аав ээж тань аль нутгийн улс вэ?
-Миний аав ээж хоёулаа цэргийн хүмүүс. Батлан хамгаалах яаманд насаараа ажилласан. Аав маань Завханы Баянхайрханы хүн. Ээж Төв аймгийнх. Аав багадаа нутгаасаа гарсан гэдэг юм. Пуужингийн инженер байсан. Буудлаганд явлаа гээд хойшоо Чита руу их явна. Социализмын үед нэг пуужин сая төгрөгийн үнэтэй байсан гээд л ярьдаг байлаа. Аав маань ер нь төөрч яваад тийм мэргэжилтэй болсон гэдэг сан. Цэрэгт байхад нь цэргийн дарга хувийн хэргийг нь үзчихээд дуудаж. Чи ийм сурлага сайтай хүүхэд энд байж болохгүй. Шалгалт өг гээд. Тэгээд шалгалт өгч тэнцээд Киевийн цэргийн академид явсан байдаг юм.
-Та аав ээжээс хэдүүлээ вэ?
-Бид ах дүү тавуул. Би айлын хоёр дахь хүү. Таван хүүтэй айл. Ах маань одоо тариалан эрхэлж байна, дүү нар маань Англи яваад нэлээд хэдэн жил болж байна.
-Танд бүсгүйчүүд дурлаж, захиа занаа хэр ирж байв?
-Яаж зүгээр байхав, авч л байсан.
-Сүүлд та “Уулын төмөр” кинонд тоглосон?
-Жүжигчин Бат-Өлзий ах нэг өдөр дуудаад, “Ах нь ийм кино хийх гээд.Сараатай ярьсан чинь чамайг л яг харагдаад байна гэх юм. Чи тоглооч” гэсэн. Тэгээд зохиолыг нь унштал шилийн сайн эрийн дүр, санаа агуулга нь таалагдаад зөвшөөрсөн юм. Жаахан дутуу болчихож гэж дараа нь харсан.
-Тухайн үедээ л сайн боллоо гээд шуугиж байгаагүй билүү?
-Сайн эрийн дүр л харагдаад байхаас үйл явдал нь жаахан дутуудаж, баяжуулах ёстой байж гэсэн нэг тийм юм бодогдоод байдаг юм.
“Шувууд буцах намар” киноны хэсэг. 1993 он
-“Шувууд буцах намар” кино чинь бас жаахан гунигтай түүхийг өгүүлдэг шүү?
– Тэр үед Өлзий компани гэж байсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ахын найруулсан “Шувууд буцах намар” Монголын хамгийн анхны видео кино байсан. Нэвтрүүлэгч Чимгээ бид хоёр гол дүрд нь тоглосон юм. Би аравдугаар ангид байв. Япон цэргүүд Монголд хоригдож байгаа тухай кино л доо. Хорихын даргын эхнэр нь Чимгээ, би хоригдож байгаа Акира гээд япон цэрэг. Бид дурлаад, эцэст нь нисэж үхсэнээр дуусдаг кино юм л даа. Тэрнийхээ дараа “BBC” телевизийн хийсэн “Чингис хаан” баримтат кинонд Жамухын дүрд тоглосон. Манай жүжигчин Оргилын тоглосон кино. Гаднынхантай хамтарч ажиллаж үзмээр санагдаад, тэгээд ч Жамухын дүр гээд тоглож байсан. Уг нь би тэр үед эмнэлэгт удаан хэвтээд турчихсан байсан болохоор жаахан дэмий ч болов уу гэж бодоод. Тэгээд намайг хоёр сар хүлээсэн болохоор нь яалтгүй л тоглосон. Түүнээс хойш ерөнхийдөө киноны ажлаас хөндийрсөн дөө.
-Яагаад?
-Жамухад тоглохын өмнө Солонгос яваад, 1997 онд. Тэнд очоод үзэл бодол нэлээд өөрчлөгдсөн гэх үү дээ.
-Манайхан Солонгос руу ид явж байх үе байж шүү?
-Тийм. Таван жил болсон. Тэнд очоод амьдралыг хардаг үзэл бодол маань эргэсэн. Солонгост сурах гэж очоод, сүүлдээ сургуулиа хаяад ажил хийгээд. Амьдрал ер нь ямар байдаг юм бэ гэдгийг тэнд очоод харсан. Өөрийгөө олж, нээсэн он жилүүд болсон.
Тэгэхэд Солонгосын эдийн засаг хямарсан үе таараад. Одоо яг манайх шиг ийм үе нь. Даавууны үйлдвэрт ажиллаад гурван сарын цалингаа авч чадахгүй, өөр нэг үйлдвэрт ороод тэр нь хаалгаа бариад, хэвлэлийн үйлдвэрт цагийн ажил хийсэн. Солонгос хэл сурах гэж өдөр нь хичээлдээ явна, орой нь ажиллана. Тэгээд ядраад нойр хүрэхээр нь даавууны чанар хамаагүй зүгээр тоог нь гүйцээх ёстой гээд цагт нь хүрэхгүй байнгуут нь дээд хурд дээр хүргээд эргүүлчихнэ. Тэгээд үйлдвэрийн даргаас цалингаа авах гэсэн чиний үйлдвэрлэсэн даавуу баранк их гарсан цалин байхгүй гэв. Тэгтэл нэг орой байрны эзэн танай үйлдвэр нүүгээд явчихсан гээд миний цүнхийг гаргаад тавьчихаж, хаачихаа мэдэхгүй боллоо. Тэгээд тэнд байдаг монголчууд дээрээ очоод. Заа тэгээд нөгөө сургууль соёл хаясан. Хэвлэлийн компанид ажиллаж мөнгө олох хэрэг байгаад байдаг. Сурна гэж бодож байсан мөрөөдөлтэй хүнд тэр бүх мөрөөдөл байхгүй болсон. Үйлдвэрүүд ар араасаа хаалгаа бариад, ажилгүй олон монголчууд нэгнийдээ шаваад л, хайгаад ажил олдохгүй. Тэр эдийн засгийн хямрал бүтэн жил үргэлжлэх ямар хэцүү байсан гээч. Өвөлжин хаваржин ажилгүй явж зунтай залгаад. Зарим монголчууд нь ирсэн онгоцоороо буцаад л. Тийм үе байсан.
Тэгээд ер нь буцах уу яах уу гэж бодлоо. Уул үзээгүй байж хормой шууна, ус үзээгүй байж гутал тайлна гэж ер нь үлдэнээ гээд үлдэж, нөгөө даавууны үйлдвэртээ буцаж очиж ажилласан даа.
-Сүүлийн үед монгол кинонууд өдрийн нэг гарч байна. Гэвч чанарын хувьд шүүмжлүүлдэг. Шүүмжлэхээр мөнгөгүй болохоор бид сайн кино хийж чадахгүй байна, улсаас дэмжихгүй байна гэсэн тайлбар хийдэг. Яг ийм шалтгаантай байдаг юмуу. Заавал улс дэмжихээр, тамтаггүй их мөнгө байхаар сайн кино хийх гээд байдаг юм уу. Та юу гэж боддог вэ?
-Би үүнээс эсрэг саналтай явдаг. Бүх юмыг мөнгө рүү чихээд байж болохгүй л дээ. Толгой л ажиллах ёстой. Сэтгэх, бодоход цаг гаргах хэрэгтэй болов уу. Богинохоон хугацаанд хуй салхи шиг юм хийгээд шиддэг болсонтой санал нийлэмгүй л байдаг.
-Эргээд нэг уран бүтээл хийх бодол бий юу?
-Ер нь кино хийх бодол бий. Гэхдээ цаг нь болоогүй байна. Аяндаа тийм цаг ирэх байх.
“Мандухай сэцэн хатан” киноны Шихэр хатны дүрд тоглосон Монголын Улсын гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма агсны хамт
МУГЖ Л.Нямсүрэн, МУГЖ Ж.Сүххуяг нарын хамт
Ц.БАЯРЖАРГАЛ