Categories
мэдээ нийгэм

П.Баттөр: Үндсэн хуулиар Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй DNN.mn

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, гишүүд тангараг өргөлөө. МАН 68 суудалтай олонх болсон ч АН, Хүннамуудад Эвслийн Засгийн газар байгуулах санал тавьж, улмаар намуудын зөвшилцөл үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттөртэй ярилцлаа.


-МАНолонх болсон ч Эвслийн Засгийн газар байгуулахаар бусад намуудтай зөвшилцөж байна. Олонх болсон нам бусадтай хамтарсан Засгийн газар байгуулах эрх зүйн орчин одоогийн хуульд бий юу?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулиар олонхын суудал болох 63-аас дээш суудал авсан улс төрийн нам бие дааж Засгийн газраа байгуулах буюу олонх Засгийн газраа байгуулах эрх зүйн орчинтой. Тиймээс олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдаа УИХ-д санал болгож томилуулна. Энэ дагуу үзвэл МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулж, УИХ-аар батлуулах юм. Ерөнхий сайд бол Засгийн газар гэсэн үг. Яагаад ингэж хэлж байна гэхээр манай улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайд парламентынхаа өмнө үүрэг хүлээдэг. 1992 оны Үндсэн хуульд парламентын засаглалын үндсэн агуулгад нийцүүлж энэ зохицуулалтыг хийсэн байна

 

Гэтэл зарим хүн Эвслийн Засгийн газар байгуулж болно гэдгийг дараахь байдлаар тайлбарлаж байна. Зөвхөн Ерөнхий сайдаа л олонхоос нэр дэвшүүлж УИХ-д танилцуулан, томилоод, Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын сайд нараа АН, Хүннамаас урьж, Засгийн газартаа оруулж болно гэж тайлбарлаж байна. Үндсэн хуульд заасан парламентын олонхоос Ерөнхий сайдыг томилно гэдэг нь олонх болсон намын Засгийн газар Ерөнхий сайдаа ч томилно, Засгийн газраа ч байгуулна гэдэг Үндсэн хуулийн зарчмыг мушгин гуйвуулж байгаа хэлбэр юм. Гагцхүү Ерөнхий сайдыг парламент томилдог, бусад сайд нарыг Ерөнхий сайд томилдог. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайд бүх хариуцлагыг хүлээдэг учраас зөвхөн парламент Ерөнхий сайдыг томилох, огцруулах асуудлыг ярьдаг. Хэрвээ Ерөнхий сайд огцорвол Засгийн газар тэр чигээрээ огцордог, энэ зарчим үйлчилж байгаа учраас Ерөнхий сайдыг олонх болсон нам нэрийг нь дэвшүүлж УИХ-д оруулж ир гэж байгаа юм.

-Эвслийн Засгийн газарт томилохоор дурдагдаж байгаа нэрсийг харахаар намуудын бүлэглэлүүдийн эрх ашгийг тэнцүү оруулъя гэсэн дүр зураг харагдаад байна. Ерөнхий сайд хэн нэгний нөлөөнд автаж томилгоо хийх буюу бүлэглэлүүдийн эрх ашгийг Засгийн газарт тэнцүү хуваах зарчмаар хандаж байна уу гэх хардлага байна?

-Ерөнхий сайд Засгийн газрынхаа сайдаар хэнийг ажиллуулах вэ гэдэг нь Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Гэхдээ ард түмний олонхын дэмжлэг авсан, тэдний хүсэл сонирхол, оролцоо буюу хамгийн олон сонгогчийн хүсэл сонирхлыг шингээсэн тийм Засгийн газрыг бий болгох ёстой. Монголын ард түмэн “Ард түмний ялалт” гэдэг уриатай сонгуульд оролцсон МАН-д саналаа өгч, олонхын Засгийн газраа байгуулан дахиад дөрвөн жил ажиллаад дүнгээ тавиул гэсэн даалгавар юм. Мөн авлига, хээл хахуультай хийх тэмцлээ хэн нэгэнтэй хамтрахгүй, зөвхөн“өөрөө хийгээд дуусга” гэсэн итгэл гэж сонгуулийн дүнг харж байна. Хэрвээ намуудтай эвсэх тухай асуудал яригдаад Эвслийн Засгийн газар байгуулбал Монголын төр үүнээс өмнөх шиг буюу АН олонх болсон үед байгуулсан Эвслийн Засгийн газар шиг хэн нь намд их хандив өгсөн, намын үйл ажиллагааны санхүүжилтэд хамгийн их оролцсон компанийн захирлуудыг Засгийн газарт оруулдаг тийм бүрэлдэхүүн биш, харин Ерөнхий сайд мэдлэг боловсролд суурилсан, оюун ухаанд суурилсан, шударга ёсонд суурилсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж чадвал тэр хэрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө. Хоёрдугаарт, 2025 оны нэгдүгээр сараас эхлээд Улс төрийн намуудад санал өгсөн сонгогчийн тоогоор парламентад суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлж эхэлнэ. Энэ боломжийг ашиглаад намд хандив өгсөн, намын үйл ажиллагааны санхүүжилтэд оролцсон гэдэг шалтгаанаар их мөнгө, хандив өгсөн компаниудын захирлуудыг сайдаар томилдог буруу жишгээс татгалзах ёстой. Хуучин бол санхүүжилт хангалтгүйн улмаас намын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хэрэгцээ, шаардлага байгаа гэж үзэж хамгийн их хандив өгсөн, эсвэл том компанитай захирлуудыг Засгийн газарт оруулж байсан. Одоо бол Улс төрийн намуудын тухай хуулиар улс төрийн намууд нэг хувиас дээш сонгогчийн санал авсан л бол нийт ард түмний татварын мөнгөнөөс санхүүждэг болж байна. Энэ дагуу хэн нэгэн мөнгөтэй компанийн төлөөллийг Засгийн газарт оруулдаггүй байх хуулийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах ёстой.

-Парламентад олон намын төлөөллийг сонгогчийн саналаар орууллаа. Тиймээс парламентад суудалтай бусад намуудыг Засгийн газарт оруулаад мега төслүүдээ урагшлуулъя гэдэг тайлбар ч байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эвслийн Засгийн газар байгуулагдах хамгийн том нөхцөл нь парламентад аль ч нам олонх болоогүй бол Эвслийн Засгийн газар байгуулах асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, аль ч нам 63-аас доош суудалтай бол Эвслийн Засгийн газрын асуудлыг хөндөх юм. Өнөөгийн нөхцөлд Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй. Сөрөг хүчний намуудыг Засгийн газарт оруулж байгаад мега төслүүдийг хийдэг гэдэг бол өөрсдийнхөө хийж байгаа арга, зорилгоо зөвтгөх гэсэн өнгөц тайлбар юм. Заавал олонхыг бүрдүүлж байгаа нам парламентад суугаа сөрөг хүчнээс дэмжлэг авч байж том төслүүдээ урагшлуулна гэвэл тийм биш. Ерөнхийлөгчийн хориг болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд парламентын гишүүдийн 2/3-ын санал чухал. Үүнээс бусад бүх хуулийн төслийг 50+1 ирцээр шийдэх хүч буюу олонх МАН-д байна. Тиймээс Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй, дээрх тайлбарууд бол арга ядсан тайлбар. Монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах ёстой.

Э.ТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *