Categories
мэдээ цаг-үе

П.Анхжаргал: Нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүнд хил, гаалийн ногоон шугам хэрэгтэй

“Даншиг” группийн захирал П.Анхжаргалтай ярилцлаа.

-Залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт саяхан болж өндөрлөлөө. Үндэсний чуулганы талаар оролцогчийн хувьд та ямар байр суурьтай байв?

-Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган энэ удаа өвөрмөц боллоо. Би Улаанбаатар хотод төвлөрч бизнес эрхлэхээс илүүтэй, орон нутагт бизнес хөгжүүлэх ёстой гэдэг байр суурьтай байдаг хүн. Үүнийгээ дагаад орон нутагт ажлын байр бий болох ёстой. Чуулганд 300 залуус ирсэн байсан. 21 аймгаас бизнес эрхэлж байгаа залуус нэг дор цуглаж уулзсан нь авууштай зүйл байлаа.

-Ярилцсан сэдэв ч бас онцлог байсан. бизнес эрхлэгчид дотооддоо нэгдэж, бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах тухай байсан?

-Дотоодын зах зээл дээр гарах, түүнээс илүү бас экпсортод гарах нь аль ч төрлийн бизнес эрхэлж байгаа залуусын зорилго, мөрөөдөл байдаг. Гэхдээ экспортод гарна гэдэг амар зүйл биш. Мэдээж дотоод, гадаадын олон хүчин зүйлээс шалтгаална. Ялангуяа дотоодын асуудал бол төрийн тогтвротой бодлого банк санхүүгийн зээлийн хүү, чанар стандарт, хил гааль, тээврийн асуудал бий. Наад захын жишээ Монголоос экспорт гаргана гэдэг цаг хугацааны хувьд түвэгтэй. Үүнийгээ дагаад үнэ өртөг өндөр байдаг. Энэ бол нэгхэн жишээ. Хоёр дахь асуудал бол тоо хэмжээний асуудал. Жишээ нь, бид аНУ-ын “Berkley cashmere” компанитай 2017 онд гэрээ хэлцэл хийж байхад жилд 700 800 мянган ширхэг ноолууран цамц авна гэж байгаа юм. Мэдээж үүнийг нэг компани ганцаараа хангаж чадахгүй байх жишээтэй. Харин цаашдаа яах ёстой вэ гэвэл монголчууд бид аливаа нэг зүйл дээр хамтдаа хийх нь чухал юм. Үүний эхлэл болгож залуучууд тодорхой зүйлийн төлөө хамтаараа хийх тухай санаачилга гаргаж байна.

-“Даншиг” группийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай компани доороо хэд, хэдэн охин компанитай. үед хөрөнгө оруулалтын чиглэлээр түлхүү ажиллаж байна. Мөн ноолуурын зах зээл, интертаймент, уул уурхайн тоног төхөөрөмж гээд олон салбар руу орчихсон явж байна.

-“Ханбогд кашмер” танай гэр бүлийн хүний компани гэж сонссон. Ноос ноолуурын зах зээл дээр ямар маркетинг хөгжүүлж байна вэ?

-“Ханбогд кашмер”-ийг гэр бүлээрээ хөгжүүлж явна. Энэ жил бид шинэ үйлдвэр барьсан. Өмнө нь бид ноолуурын салбарт түүхий эд ханган нийлүүлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Түүнийгээ экспортод гаргаж байна. Үүн дээр удирдлагын багт менежмэнтийн барууны баг авчихсан ажиллаж байгаа. Бид тодорхой хэмжээгээр барууныхны соёлыг мэддэг, бизнесийн араншинг сайн мэддэг хүмүүстэй нь ажиллах нь илүү давуу талтай гэж үзсэн хэрэг л дээ. Монголчууд сүүлийн 30 жил бизнес хийж байна. Баруунд бол бизнесийн хөгжлийн түүх олон жилээр яригдана. Ийм зах зээл рүү ороход амар биш. Манайхаас хамгийн сайн явж байгаа нь “Говь” компани байна. Өнөөдрийн байдлаар гадаадад зургаан салбар дэлгүүр нээчихсэн байна. Монгол ноолуур их сайн явж байна.

-Монгол улс аНу-д бүтээгдэхүүн экспортлоход тун ойртож байгаа. Ноолуурын салбарынханд хүлээлт үүсгэсэн асуудал энэ болов уу?

-Мэдээж аНУ руу экспортод гарна гэдэг маш том боломж. Үүн дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Ноос, ноолуурын холбоо маш сайн ажиллаж байгаа. Энэ бол амаргүй ажил. Энэ үүд хаалга нээгдээд зах зээл рүү нь орчихвол олон давуу тал бий болох бололцоо харагдаж байна. Ямартаа ч процесс явж байгаа нь талархалтай.

-“Ханбогд кашмер” шинэ үйлдвэрлэл ашиглалтад оруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн гэлээ. Ер нь хүчин чадлын хувьд ямар хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогоор сард 15000 ширхэг эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашдаа ч хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой байна.

-Ноос ноолуурын салбарт шийдлээ хүлээж байгаа олон асуудал байдаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ядаж л нэг шат дамжлага нэмчих юмсан гэж бизнес эрхлэгчид ярьцгаадаг. Та энэ салбарын гарцыг юу гэж харж байна?

– Суурь түүхий эд гэхэд ямаагаа ярих хэрэгтэй болдог. Ямааг дагаад бэлчээрийн асуудал байна. Монголын цаг агаарын асуудал ч бий. Мэдээж монгол ямааны ноолуур дэлхийд дээгүүрт ордог уу гэвэл тийм. дараагийн нэг асуудал боловсон хүчний асуудал байдаг. Энэ салбарт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин гэдэг бол их чухал. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний загвар дизайн, экспортод гаргах гээд асуудал хөвөрч өгнө. сүүлийн үед энэ тал дээр төр засгийн зүгээс нэлээд дэмжлэгтэй ажиллаж байна. Ялангуяа Хөгжлийн банк, салбарын удирдлагууд анхаарал тавьж сайн ажиллаж байгаа. Тэгэхээр бас компаниуд өсөн дэвжихэд нэг шат ахиж байна. Хоёрт, материалын түүхий эд гаргаж байснаас аль болох нэмүү өртөг шингээх нь Монгол Улсдаа хэрэгтэй. Нэг доллар ч нэмэгдээд гарч байх нь хэрэгтэй. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа компаниуд аль болох амжилттай ажиллаасай, гадны зөвлөх үйлчилгээнүүдийг аваасай гэж боддог. Гадны зөвлөх үйлчилгээ авч байж бид сайжирна. Хувцасны салбар том салбар. Ялангуяа ноолуур үнэтэй тансаг бүтээгдэхүүн учир барууныхан ихээр сонирхож авдаг. Ямар ч дэлхийн мундаг брэндийн хажууд монгол ноолуур брэнд болчихсон шүү дээ.

-Зах зээл бол хангалттай байна гэж үү?

-Хангалттай. Гологдож байгаа зүйл бол бид загвар дизайн зэрэг л юм бий. Дээр нь Банк санхүүгийн орчин хүндрэлтэй. Барууныхан бол банк санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авдаг. Манайд эсрэгээрээ, амаргүй. Гэхдээ үүнийг амаргүй гээд хойшоо суухгүйгээр ноолуурын олон компани эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Тиймдээ ч өнөөдөр монгол ноолуур гэдэг нэршил брэнд бий болчихсон гэж хэлж болно. Яахав, бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа маш олон асуудал байдаг. Үйлдвэрлэл эрхлээд явахад объектоос авахуулаад ашиг олох зүйлээ бүгдийг нь түрээс, зээлэнд өгч байна. Үүн дээр төрийн бодлого зөв байж, ЖдҮХс маань зөв ажилламаар санагддаг. Дээр нь татвар, хил гаалийн байгууллагуудын зүгээс экспортод гаргах бүтээгдэхүүн дээр илүү дэмжлэгтэй ажиллаасай гэж боддог. Ялангуяа бизнес эрхлэгчдийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дээр татварын хөнгөлөлтүүд, хил гаалийн ногоон шугам хэрэгтэй.

-Ерөөс залуу бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа тодорхой хэдэн асуудлыг та хэлж байна. Татвар, хил гааль гэх мэт?

-Түүгээр зогсохгүй хамгийн гол зүйл нь зээлийн орчин. Хүнд сайхан идеа, санаа байгаад байдаг. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Банк юу шаарддаг вэ гэхээр бараг өөрийн чинь хийж байгаа бизнес зээл авахгүй байх хэмжээний нотолгоо шаарддаг гэхэд хилсдэхгүй. Дөнгөж бизнесээ эхэлж байгаа стартапуудад банкны шаардлагыг яаж хангах юм бэ. Тэдэнд үйл ажиллагаа явуулсан жилийн түүх байхгүй. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд залуус маань эргээд нэгэндээ хөрөнгө оруулалт хийдэг болчихож. Энэ бол эрүүл зөв систем рүүгээ явж байна. анхжаргал гэдэг хувь хүнд маш сайн бизнесийн санаа байхад Дорж, Бат гэдэг найз нөхөд, эсвэл компаниуд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болж байна. Зөвхөн гадны хөрөнгө оруулагч гэхгүй дотооддоо жижиг гэлтгүй хөрөнгө оруулалт хийдэг болжээ.

-Танайх бас уул уурхайн хүнд даацын автомашины тоног төхөөрөмж нийлүүлдэг гэсэн. Шууд гадаадаас нийлүүлдэг гэсэн үг үү?

-Манайх уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн сэлбэгүүдийг хятадуудтай хамтарч үйлдвэрлэдэг. Хүнд даацын автомашинуудын агаар шүүгч, дугуй, амартизатор гээд жижиг эд ангиас эхлээд хятадуудтай хамтарч хийж байна. Одоохондоо бол Хятадаа түшиглээд, тэнд түүхий эдийг түшиглэж үйлдвэрлэлээ хийж байгаа. Аль болох Монголдоо хийчих юмсан гэсэн сонирхол байгаа. Урьд нь Хятадын нэг компанийн хийсэн бэлэн барааг оруулж ирдэг байсан бол одоо тэдэнтэй хамтарч үйлдвэрлээд нийлүүлэлт хийгээд явж байна. Учир нь дэлхийн өөрөө худалдан авалтын хэмжээ хязгааргүй болчихлоо. Хэн сайн юм хийж чадаж байна, хэн сайн маркетинг, менежмэнт хийж чадаж байгаа нь юмаа зарж байна. Заавал бид үнэтэй оффист суухгүйгээр лабтопоор ажлаа хийчихэж байна. Үүнтэй адил хүнд үйлдвэрлэлүүд рүү бид орох цаг нь болсон. Жишээ нь, яагаад Эрдэнэтийн Гок маань эцсийн бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Энэ олон барилга байгууламжийн хоолойнуудыг яагаад зэсээр хийж болдоггүй юм бэ. Заавал зэс гэхгүйгээр төмөр хуванцраар хийж болно. дотооддоо хүнд үйлдвэрлэл хөгжих хангалттай потенциаль байна. Түүхий эд нь байна, үйлдвэрлэл нь байна. Яахав одооноос хийж эхэлж байна. Монголын бизнесийн салбар чинь сүүлийн 30 жил хөгжиж байна шүү дээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол сайн хөгжиж байна. Одоо хүнд үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн бид уул уурхай гэхээсээ илүүтэй өөр салбарт эцсийн бүтээгдэхүүн хиймээр байна. австрали улс гэхэд орон сууцнуудынхаа цэвэр усны хоолойг дандаа зэсээр хийдэг. Үүнийг бид Монголд хийж болно доо. Аливаа үйлдвэрийн хувьд түүхий эд нэгдүгээрт тавигдаж байдаг. Тиймээс бид одоохондоо БНХаУ-тай хамтарсан үйлдвэрээ байгуулаад тэндээ түүхий эдээ бараадаад яваад байна. Магадгүй гангийн үйлдвэр байх юм бол Монголд боолт, эрэг, шураг хийх бүрэн бололцоотой.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *