Хууль зүйн ухааны доктор, дэд пропессор П.Амаржаргалтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээг хуулинд хэрхэн тусгаж зааж өгсөн байдаг вэ. УИХ-ын гишүүн ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүний эрх мэдэл, үүргийг заасан байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж тодорхойлсон байдаг. Үүнээс харахад, УИХ-ын гишүүний гол чиг үүрэг бол ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлнө гэж ойлгогдоно. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм л байдаг. Та бүхэн анзаарсан бол УИХ-ын гишүүн болоход тавигдах шаардлага бага байдаг. 25 нас хүрсэн байх, татварын өргүй байх гэсэн цөөхөн хэдэн шаардлага бий. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх бүхий 18 заалт бий. Гол томоохон эрх мэдэл нь хууль санаачлах, хууль батлах эрхтэй. Мөн засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн хуваарьт оруулбал засгийн газрын гишүүнийг томилох, Ерөнхий сайдад асуух асуулга тавих, мөн хянан шалгах бүрэн эрхтэй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар байдлаар хумигдсан бэ?
-Тийм. Хуучин бол УИХ-ын гишүүн өөрөө Засгийн газрын гишүүнээс нэг бүрчлэн асуулт асууж томилдог байсан. Шинэ Үндсэн хуулиар энэ эрх Ерөнхий сайдад шилжсэн. Ерөнхий сайд өөрөө засгийн газрын гишүүдийг сонгоод, УИХ-д оруулж баталдаг болсон. Өөрөөр хэлбэл, гишүүний эрх засгийн газрын хүрээнд нэлээд хумигдсан. Мөн төсөв сангийн эрх мэдлийн хувьд нэлээд хумигдсан. Хуучин хуулиар УИХ-ын гишүүн төсөв санхүүг хэлэлцэж байгаад өөрийн дурын саналаа оруулдаг байсан бол одоо зөвхөн засгийн газраас оруулж ирсэн санал дээр нэмж зарлага гаргах тухай санал оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийг төлөөлдөг ийм шинж рүү ойртож байна. Өмнө нь УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд бйгууллага гэдэг өргөн цар хүрээнд ажилладаг байсан бол одоо ард түмнийг төлөөлөх мэргэжлийн байгууллага руу ойртож байна гэсэн үг. УИХ-ын гишүүн төсөв мөнгөний эрх мэдлийн хувьд хууль санаачлахад тодорхой төсөв мөнгө байдаг.
-УИХ-ын гишүүний эрх мэдлийн цар хүрээ хумигдсан нь гишүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол?
-Гишүүдэд нөлөөлөлгүй яахав. Одоогийн шинээр сонгогдсон ихэнх гишүүдийн зарим нь үүнийг мэдэхгүй явж байгаа ч байж магад. Өмнө нь УИХ-ын гишүүд дурын Засгийн газрын гишүүнийг дуудаад тойрог дээрээ төсөв тавиулаад явдаг байсан бол энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай парламент илүү мэргэжлийн чиг хандлага руугаа явж байна гэж хуульч хүний хувьд харж байгаа. Өмнө нь бүх юм руу ордог байсан бол одоо орох хүрээ хязгаарыг хумиад өгчихлөө. Олон улсад ч мөн УИХ-ын гишүүдийн эрх ийм л байдаг. герман, Япон, англи, Франц, Солонгос улсын жишгээс харахад УИХ-ын гишүүн бол ард түмнийг л төлөөлж, хууль баталдаг болохоос төрийн өндөр албан тушаалтан биш. Иргэдийн төлөөлөгчийн ажил байдаг. Манайд бол төрийн эрх барих дээд байгууллага гэж нэрлээд яваад байгаа болохоос. Дэлхийн ихэнх орны үндсэн хуулинд парламент бол төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг. Харин шинэ Үндсэн хуулиар гишүүний эрх үүргийг гадны жишиг рүү ойртууллаа гэж харж байна.
-УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар хотын даргаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад “Биеийн амрыг бодвол би УИХ-ын гишүүн баймаар байна” гэж хариулсан. Энэ тухайд?
-УИХ-ын гишүүн гэдэг бол тийм амар ажил биш. Жишээлбэл, тойргийнхоо иргэдтэй уулзаж, намын бүлгийн хуралдаа сууна, байнгын хорооны хуралд сууна, чуулганы нэгдсэн хуралдаанд сууна гээд ажлын таван өдөр өдөр бүр завгүй хуралд суух ёстой. Даваа гаригт намын бүлгийн хуралтай, мягмар, лхагва гаригт байнгын хороо, дэд, ажлын хэсгийн хуралдаанд сууна. Пүрэв, баасан гаригт чуулганд суудаг. Ихэнхдээ хуралд суудаг ажилтай. Чуулганы хуралдаанд суухгүй өдөр тойрогтоо очиж ажиллана. Мөн тойргийнхоо сонгогчиддоо ажлаа тайлагнах гээд завгүй ажилтай байх ёстой. Шинэ хотын дарга Д.Сумъяабазар ямар учраас ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Биеийн амрыг бодвол гишүүнээ хийж баймаар байна гэдэг үгийн цаана улс төрийн өнцөг байгаа байх гэж хуульч хүний хувьд харж байна. Улс төрийн өнгө, намын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа болов уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийслэлээ удирдаж орох ёстой гэдэг ийм олон хүчин зүйлээс шалтгаалж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш УИХ-ын гишүүн байх нь хийх ажил ихтэй. УИХ-ын гишүүн байх уу, хотын дарга хийх үү гэдэг бол тэр хүний сонголт юм. Хуулинд сонголт хийх эрх нээлттэй байгаа.
-УИХ-ын гишүүн, Хотын дарга хоёрын аль нь илүү эрх мэдэлтэй, өндөр албан тушаал юм бэ. Энэ тухай хуулинд хэрхэн зааж өгсөн байдаг вэ?
-Улс төрийн өндөр албан тушаал гэдгийг аль өнцгөөс харахаасаа шалтгаална. Мэдээж төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэл гэж бий. Үүгээр авч үзвэл, УИХ-ын гишүүн нь өндөр албан тушаал. Гэхдээ хийж байгаа ажил, төсөв санхүү зарцуулах зэргээс харах юм бол Нийслэлийн Засаг даргын эрх мэдэл их. Жишээлбэл, нийт улсын төсвийн 10 хувийг нийслэлийн төсөв эзэлж байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлагдсан тэр төсвийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Энэ хүрээнд авч үзвэл, нийслэлийн оршин суугч 1,5 сая хүний татварын мөнгө, төсвийг хамаарсан тушаал шийдвэр заавар гаргах эрх бүхий албан тушаал юм. Монгол Улсын төсөв дунджаар 12 их наяд төгрөг байлаа гэхэд хотын дарга нэг их наяд төгрөгийн төсвийг зарцуулах эрхтэй гэсэн үг.
-Хотын даргын эрх, үүргийн тухайд хуулинд юу гэж заасан байдаг вэ?
-Нийслэлийн Засаг даргатай холбоотой Монгол Улсын 170 –аад хууль байна. Засаг даргын гол ажил нь аж ахуйн ажил байдаг. Тухайн нутаг дэвсгэрийнхээ төлөвлөлт, эдийн засаг, газар, байгалийн баялаг, нийгмийн хамгаалал, хууль ёс, дэг журам, аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөг хамгаалах өргөн хүрээний бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төлөөлөгчийг Засаг дарга гэж тодорхойлдог. Тэгэхээр Засаг даргын үүрэг бол төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. Харин УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөллийг хэрэгжүүлнэ. Хоёр чиг үүргийн өөр албан тушаал юм. УИХ-ын гишүүн бодлого тодорхойлно, хотын дарга аж ахуйн ажил, өдөр тутмын гал тогооны ажил ихтэй.
-Хотын даргын ажилд иргэд хэрхэн хяналтаа тавих боломжтой вэ?
-Хотын даргын ажилд иргэд Иргэдийн хурлаараа дамжуулж хяналт тавина. ИТХ нь хотын даргыг огцруулах бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, иргэд дөрвөн жилийн сонгуулийн жилээр хяналтаа тавина. гуравдугаарт, нийслэлчүүд хотын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлж болно.